Tag: Remote work

  • Гэрээсээ ажиллахын сайн, мууг сонжих нь

    Гэрээсээ ажиллахын сайн, мууг сонжих нь

     

    Ковидын үеэс хойш гэрээсээ ажиллах соёл дэлгэрч, сүүлдээ гэрээсээ ажилладгаараа хүмүүс “flex”-ддэг болжээ. Ялангуяа Gen Z үеийнхний хувьд уян хатан ажлын хуваарь нэмэлт давуу тал биш бүр үндсэн шалгуурын нэг болсон гэхэд хилсдэхгүй. Тухайлбал Microsoft-ийн “Work Trend Index” тайланд дурдсанаар Gen Z-ийн 73 хувь нь “hybrid” хэлбэрийн ажиллах зарчмыг илүүд үздэг гэжээ. Мөн Gallup-ийн 2023 оны судалгаагаар Gen Z-ийн 60 хувь нь хаанаас ажиллах нь бус ямар үнэ цэн бүтээх нь илүү чухал хэмээн хариулжээ. Гэхдээ үнэхээр гэрээсээ ажиллах нь тийм таатай нөхцөл мөн үү?

    1. Гэрээсээ ажиллахын гэгээлэг тал

    Өмнө дурдсанчлан уян хатан буюу hybrid байдлаар ажиллах нь ихэнх ажилчдын хүсэмжит ажиллах хэлбэр. Үүнийг батлах өөр нэг судалгаа бол McKinsey-ийн 2023 оны судалгаа. Тодруулбал уян хатан ажиллах нөхцөл бүхий ажлын санал авсан ажилчдын 87 хувь нь гэрээсээ ажиллахыг сонгодог байна. Түүнчлэн 18–34 насны залуусын 71 хувь нь уян хатан ажиллах нөхцөл нь тухайн ажлыг сонгох гол шалтгаан нь болдог гэсэн бол судалгаанд оролцсон хүмүүсийн 30 хувь нь хэрвээ компани нь алсаас ажиллуулах нөхцөлөө өөрчилбөл ажлаа орхиход бэлэн гэж мэдэгдсэн байгаа юм. Тэгэхээр маргаангүй гэрээсээ ажиллах нь “тренд” болжээ.

    2. Будилаантай бүтээмж

    Гэрээсээ ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлнэ хэмээн ойлгодог нь бодит байдал дээр эсрэгээрээ эргэж байх шиг. АНУ-ын Эдийн засгийн судалгааны товчооны (NBER) 2023 оны судалгаагаар, гэрээсээ ажиллах үед ажилчдын ажлын бүтээмж нь 8-19 хувиар буурсан хэмээх дүгнэлт гарчээ. Жишээлбэл Microsoft компани хоёр жилийн турш инженерүүд дээрээ ажиглал хийхэд, тэдний код бичилт, санаачилга нэмэгдсэн ч баг хоорондын харилцан уялдаа, холбоо удааширсан байна.

    IBM 2017 онд алсын ажлыг цуцалж, олон мянган ажилтныг оффис руу дуудаж байсан. Учир нь алсаас ажилласнаар шинэ санаа, инновац буурсан гэж үзжээ. Харин GitLab (бүрэн алсын компанитай, 2000+ ажилтантай) ажилчдын бүтээмжийг баримтаар хэмждэг, сайн тогтолцоотой компани юм.

    Зөвлөмж:

    Алсаас ажиллах нь бие дааж, даалгавар гүйцэтгэх суурьтай ажлуудад тохиромжтой хэв маяг (жишээ нь: бичээч, программист, өгөгдлийн шинжээч). Харин хамтарч ажиллах, олноороо санаагаа солилцдог төрлийн ажилтнуудад сул тал болох нь бий. Тиймээс та үнэхээр гэртээ байхаараа илүү бүтээмжтэй байна уу? Оффис дээрээ илүү бүтээмжтэй байна уу? гэдгээ өөрөө сайтар ажиглаарай.

    3. Алсаас ажиллах нөхцөл рүү шуурах ажлын анкетууд

    Indeed Hiring Lab 2025” тайланд, нийт ажлын байрны зөвхөн 11 хувь нь бүрэн алсаас ажиллах нөхцөлтэй байсан бол, эдгээр ажлын зарууд нийт анкетын 50 хувийг хүлээн авчээ. Тэр дундаа маркетингийн салбарт гэрээс ажиллах нөхцөлтэй ажлын зар нийтлэгдмэгц, оффисын үүрэгтэй ажилтай харьцуулахад 6 дахин их өргөдөл ирдэг байх жишээтэй. АНУ-д төвтэй Salesforce компанид 2025 оны 1-р сард өгөгдлийн шинжээчийн гэрээс ажиллах нөхцөлтэй ажлын зар 72 цагийн дотор 1,000 гаруй өргөдөл авсан бол ижил албан тушаалтай ч оффисоос ажиллах нөхцөлтэй зар 180 өргөдөл л авсан байна.

    ✅ Зөвлөмж:

    Хэрэв та олон улсын байгууллагуудад гэрээсээ ажиллах нөхцөлтэйгөөр анкетаа явуулах гэж байгаа бол дэлхий даяарх мянга мянган ажил горилогчидтой өрсөлдөх хэрэгтэй нь ойлгомжтой. Тиймээс хувь хүний онцлогийг тодотгосон CV, LinkedIn профайл, гэрээсээ ажиллах туршлагыг илтгэх ур чадвар (цагийн менежмент, бичгээр харилцах чадвар,өөр олон улсад дадлага хийж байсан туршлага) нэлээд чухал болсон.

    4. Үзэгдэхгүй бол мартагдах уу?

    Алсаас ажиллаж буй ажилтнууд ажлын байран дээр өсөж дэвших боломж эрсдэлд орох хандлагатай байж болно. Тухайлбал, MIT Sloan-ийн судалгаагаар, гэрээсээ ажилладаг хүмүүс оффисоос ажилладаг ажилчидтай ижил гүйцэтгэлтэй байсан ч тэднээс 31 хувиар бага тушаал дэвшдэг нь тогтоогдсон. Харин нөгөөтээгүүр, Automattic (WordPress-ийг эзэмшигч компани), 77 улс дахь ажилчдынхаа гүйцэтгэлийг нээлттэй, баримтжуулсан системээр дүгнэдэг.

    ✅ Зөвлөмж:
    Хэрэв та гэрээсээ ажиллахыг илүүд үздэг бол өөрийгөө сайн илэрхийлэх, ажил олгогчийн платформ дээр оролцоогоо нэмэгдүүлэх, дотоод үнэлгээний систем сайтай компанийг сонгох нь зүйтэй.

    Өргөдөлөө явуулахаас өмнө өөрөөсөө дараах асуултыг асуугаарай:

    1. Таны өргөдлөө явуулах гэж буй байгууллага бүрэн гэрээсээ ажиллах хэв маягтай юу? Аль эсвэл зүгээр л ингэж ажиллахыг “зөвшөөрдөг” газар уу? Учир нь ийм ажиллах хэв маяг бүрэн тогтоогүй газар хэдхэн хүн ингэж ажилладаг бол хоорондын мэдээлэл солилцох байдал ойлгомжгүй байж магадгүй юм.
    2. Тухайн байгууллага ажлын гүйцэтгэлийг хэрхэн үнэлдэг вэ? Тушаал дэвших боломж бий юу? Гүйцэтгэсэн ажлуудаа цаг тухайд нь та өөрөө хадгалж, баримтжуулж байгаарай.
    3. Баг хамт олон хоорондоо яаж харилцаж, санаа бодлоо солилцдог вэ?
  • Цалингаас илүү 4 өдөр ажиллах, гэрээсээ ажиллахыг эрхэмлэж байна

    Цалингаас илүү 4 өдөр ажиллах, гэрээсээ ажиллахыг эрхэмлэж байна

    Lambda.Global дээр бид саяхан сонирхолтой судалгаа явуулж, ажил горилогчид болон мэргэжилтнүүд ажилд орохдоо хамгийн их чухалчилдаг ажилчдад зориулсан хангамж болон урамшуулал (employee benefits) юу болохыг тодрууллаа.

    Бидний тавьсан асуулт бол:

    “Та доорх 4 хангамжаас алиныг нь илүүтэй үзэх вэ?”

    Нийт 4900+ хариулт ирсэн. Хариултууд дараах байдлаар байлаа:

    • Цалингаа 20%-аар нэмүүлэх

    • 7 хоногт 4 өдөр ажиллах

    • Чадварлаг удирдлагатай байх

    • Алсаас/гэрээсээ ажиллах

    Судалгааны үр дүн (LinkedIn + Facebook нийлбэрээр):

    • 7 хоногт 4 өдөр ажиллах — 36% (LinkedIn 38%, Facebook 34%)

    • Алсаас/гэрээсээ ажиллах — 30% (LinkedIn 25%, Facebook 35%)

    • Цалингаа 20%-аар нэмүүлэх — 20% (LinkedIn 18%, Facebook 22%)

    • Чадварлаг удирдлагатай болох — 14% (LinkedIn 19%, Facebook 9%)

    Гол дүгнэлт:

    Эдгээр үр дүнгээс харахад ажлын уян хатан байдал хамгийн чухал хангамж болж байна. Цалингийн нэмэгдлээс илүүтэйгээр, хүмүүс ажлын цагийн хуваарь болон ажиллах орчны уян хатан байдалд илүү анхаарч байгаа нь тодорхой байна.

    • 4 өдөр ажиллах хүсэл: Монголын залуус ажлын ба амралтын тэнцвэрийг эрхэмлэх болсон байна.

    • Алсаас ажиллах хүсэл: Гэрээсээ эсвэл дурын газраас ажиллах боломж нь ажилтнуудын хувьд маш том давуу тал болж байна.

    • Цалин: Мэдээж цалин өсөх нь чухал ч, амьдралын чанарыг сайжруулах боломжуудыг мөн өндөр үнэлж байна.

    • Удирдлагын чанар: Чадварлаг удирдагчтай хамтран ажиллах хүсэл бага хувийг эзэлсэн ч, энэ нь байгууллагын соёл болон хөгжлийн хувьд орхигдуулж болохгүй зүйл юм.

    Яагаад энэ мэдээлэл чухал вэ?

    Компаниуд хүний нөөцийн бодлогоо шинэчлэхдээ зөвхөн цалин нэмэхэд анхаарах бус, уян хатан ажлын нөхцөл бий болгох хэрэгтэй болжээ. Remote work, hybrid work, 4-day work week зэрэг загварууд Монголын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй болж эхэлж байна.

    Мөн шинэ үеийн мэргэжилтнүүдийн хувьд амьдрал-ажлын баланс, сэтгэл ханамж нь цалингийн нэмэгдлээс ч илүү чухалд тооцогдож байна.

  • Зайнаас ажиллах ажлын байранд хэрхэн бэлтгэх вэ?

    Зайнаас ажиллах ажлын байранд хэрхэн бэлтгэх вэ?

    Унших: Зайнаас Ажиллах Боломжтой Ажил Мэргэжлүүд

    Зайнаас ажиллах буюу “Remote work” нь сүүлийн жилүүдэд буюу цар тахлын дараагаас улам бүр түгээмэл болж, олон олон байгууллага өөрсдийн ажилчдын ажлын орчныг гэртээ эсвэл дуртай газарт ажиллах боломжийг олгох болжээ. Энэ нь ажил амьдралын тэнцвэрээ зөв удирдах, өөрийн хүссэн орчиндоо ажиллах зэрэг олон давуу талтай ч, энэ хэлбэрт шилжин ажиллах нь бас өөрийн  гэсэнонцлог, сорилтуудтай. Тиймээс хэрвээ та зайнаас ажиллах ажлын байранд өөрийгөө бэлтгэж байгаа бол энэ нь зөвхөн техник хэрэгслүүдтэй холбоотой асуудал биш, харин сэтгэл зүйн болон зохион байгуулалтын олон талын уялдааг ханган ажиллах чадварыг шаардах юм.

    Энд дарж lambda.global дээр нийтлэгдсэн зайнаас ажиллах боломжтой ажлын байруудтай танилцана уу.

    1. Техникийн бэлтгэл:

    Зайнаас ажиллахад шаардлагатай анхны зүйл бол өөрийн ажлын орон зайг бүрдүүлэх явдал юм. Та компьютертэй, мөн тасалдалгүй, хурдан интернет холболттой байх хэрэгтэй. Зарим байгууллагууд ажилчдынхаа хэрэгсэл, програм хангамжийг хангаж өгдөг ч, хэрэв та бие даан ажиллах бол дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

    • Компьютер болон төхөөрөмж: Жишээ нь, цахим шуудан, видео дуудлага хийх, ажлын төлөвлөгөө хийхэд зориулагдсан үйлдлийн систем, програмуудтай тохирох компьютер хэрэгтэй. Дахин хэлэхэд, хурдтай интернет холболт нь зайнаас ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
    • Програм хангамж: Хэрэгцээт программуудаа суулгах. Үүнд, видео дуудлага хийх програм (Zoom, Microsoft Teams), хувийн болон ажлын мэдээллийг хуваалцах програм (Google Drive, Dropbox, OneDrive), төслийн менежментийн програмууд (Trello, Asana, Monday.com) орно.
    • Цахим аюулгүй байдал: Зайнаас ажиллахад өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах, эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. VPN ашиглах, хоёр алхамт баталгаажуулалт (2FA) хэрэглэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.

    2. Ажиллах орчин:

    Зайнаас ажиллах нь гэртээ эсвэл өөрт тохиромжтой орчинд ажиллах боломжийг олгодог ч, зөв орчин бүрдүүлэх нь чухал. Учир нь өөрт тохирсон орчинг  цагаа бүрэн үр дүнтэй зохион байгуулж чадахгүй байх, ажилдаа төвлөрч чадахгүй байх зэрэг эрсдлүүд үүсдэг. Тиймээс:

    • Тохиромжтой орчин: Ажлын орчин тухтай байж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх ёстой. Энэ нь танд тохиромжтой ширээ, сандал, гэрэлтүүлэгтэй орчин байх шаардлагатай гэсэн үг.
    • Ажлын орон зайг тусгаарлах: Хэрэв гэртээ ажиллаж байгаа бол, ажлын орон зайг гэрийн бусад хэсгээс тусгаарлах хэрэгтэй. Энэ нь сэтгэл зүйн хувьд ч, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах болно.

    3. Цагийн менежмент:

    Зайнаас ажиллах нь өдөр тутмын амьдралын хэв маяг болон цагийн менежментэд шинэ зохион байгуулалт хийхийг танаас шаардана. Учир нь зайнаас эсвэл гэрээсээ ажиллах үед хүмүүст албан ёсны ажлын цагийн хуваарийн хяналтаас гарч, заримдаа илүү их цаг зарцуулж түүнээсээ ядарч сульдан, бүтээмж нь буурах магадлалтай байдаг. Тиймээс:

    • Ажлын цагийг барих: Өдрийн цагийн хуваарийг яг тодорхойлж, ажлын цагийнхаа эхлэл, төгсгөлийг зааж, амралт болон завсарлагын цагаа ч хуваарилах хэрэгтэй.
    • Төлөвлөгөө гаргах: Өдөр тутмын болон долоо хоногийн төлөвлөгөө гаргаж, тэргүүлэх ач холбогдол бүхий ажлуудаа эхлүүлэх нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал.

    4. Харилцаа холбоо, хамтран ажиллах:

    Зайнаас ажиллах үед ажлын байр болон ажлын хамт олны дунд үүсэх хамгийн гол өөрчлөлт нь баг хамт олонтой хамтран ажиллах үед үүсэх харилцаа болон мэдээлэл солилцоход тулгардаг асуудлууд байдаг. Тиймээс баг хоорондын харилцааг зохицуулахын тулд энгийн, шуурхай харилцааг илүүд үзэх хэрэгтэй. Тиймээс:

    • Шууд харилцаа: Ажлын явц, асуудал шийдэх, санал солилцох гэх мэт бүх зүйлд шуурхай холбоо барих шаардлага гарна. Үүний тулд цахим шуудан, мессенжер програмууд болон видео дуудлагыг ашиглаж байх нь чухал.
    • Далд харилцаа: Зайнаас ажиллахдаа хүмүүст хоорондоо “бие биетэйгээ уулзах” боломжгүй учраас харилцаа холбоо болон нэг нэгэндээ урам өгөх нь тун чухал. Энэ нь багийн бүтээмжид шууд нөлөөлдөг.

    5. Сэтгэл зүй болон өөрийгөө удирдах:

    Зайнаас ажиллах нь нэг талаараа танд хүссэн орчиндоо өөрийн таваар ажиллах боломжыг олгох давуу талатай ч, заримдаа ажлын ачаалал, цагийн менежмент, ганцаардах зэрэг сэтгэл зүйн асуудалтай тулгарч болзошгүй. Тиймээс:

    • Сэтгэл зүйгээ анхаарах: Гэрээсээ ажиллах үед сэтгэл санаа хямрах, ганцаардах магадлал их байдаг. Тиймээс өөрийнхөө сэтгэл зүйд анхаарал хандуулж, гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найзуудтайгаа харилцаж байх нь чухал.
    • Завсарлага авах: Өдөртөө завсарлага авч, биеийн болон сэтгэл зүйн амралт авах хэрэгтэй. Гадаа гарч алхах, ном унших, эсвэл хоббигоо хөөх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.

    6. Зохион байгуулалт:

    Зайнаас ажиллахын хамгийн чухал нь өөрөө өөртөө бүрэн хариуцлага хүлээж өөрийгөө зөв зохион байгуулах шаардлагатай. Учир нь таны ажлын үр дүн гүйцэтгэл нь зөвхөн таниас өөрөөс тань хамаарч эхлэх тул хувийн зохион байгуулалтыг чухалчлах хэрэгтэй.

    • Өөрийгөө хариуцлагатай байлгах: Ажлын үр дүн нь зөвхөн таны хариуцлагаар хамаарна. Хийсэн ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх, өөртөө тайлагнах, гүйцэтгэлийг үнэлэх нь тусална.
    • Тогтмол үнэлгээ хийх: Хийж байгаа ажлынхаа дүнг эргэн харж, хаана сайжруулалт хийх шаардлагатайг ойлгох нь сэтгэл ханамж, бүтээмжийг хадгалж үлдэхэд тусалдаг.

    Зайнаас ажиллах нь хүн бүрт өөрийн хүссэн орчиндоо ажиллах хэрэгцээтэй, олон боломжуудыг нээж өгч байгаа ч, энэ нь зохион байгуулалт, өөрийн хариуцлага, технологийн дэмжлэг зэрэг олон хүчин зүйлийг шаарддаг. Техник хэрэгсэл, ажлын орчин, цагийн менежмент, харилцаа холбоо, сэтгэл зүйн тэвчээр — эдгээр бүх зүйлсийг бүрэн дүүрэн бэлтгэсэн байх үед та зайнаас илүү амжилттай үр дүнтэй ажиллах болно.