Tag: Lambda.global

  • Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Та өглөө сэрээд ажилдаа явах тухай бодох төдийд ходоод тань базалж, амьсгаа давчдаж, зүрх чинь хурдан цохилдог уу? 
    Гэсэн ч  та энэ мэдрэмжийг тоохгүйгээр, “тэвч тэвч” гээд өөрийгөө хүчээр ажил руугаа чирч яваа юм биш биз?  Ихэнх хүмүүс ийм мэдрэмжийг “ажлын стресс”, “залхуурал” эсвэл “ядарсандаа болоод мэдрэмтгий болчихлоо” гэж ойлгодог. Гэвч үнэндээ энэ бол таны бие болон сэтгэл зүй хамтдаа “Туслаач” гэж дотроос тань дуудлага өгч байгаа дохио юм. Энгийнээр хэлбэл, та ажлаас халшрах хам шинжид өртжээ.
    Энэ нь сэтгэл зүйгээр биш, бие махбодоор түрүүлж илэрдэг үе ч бий. Тэгэхээр өнөөдөр бид танд ийм мэдрэмж хаанаас үүдэлтэй вэ, хэрхэн таних вэ гэдгийг хуваалцъя.

    Ажилдаа дургүй болох нь “залхуурал” огтхон ч биш.

    Ажлаа хийх хүсэлгүй болох нь сахилга бат муу, сэтгэлгээ сул гэсэн үг огтхон ч биш. Сэтгэл зүйчдийн тайлбарласнаар, ажлаас халшрах хам шинж (job aversion syndrome) нь зөвхөн сэтгэл зүйд бус, бие махбодод ч шууд илэрдэг хариу урвал гэжээ.  Хүмүүс ихэнхдээ тухайн нөхцөл байдалд сэтгэлзүйн хувьд дасан зохицохоос өмнө бие махбод аль хэдийн хариу үзүүлчихсэн байдаг гэдгийг анзаардаггүй.

     Таны биед илэрч болох түгээмэл шинж тэмдгүүд:

    • Ходоод базлах
    • Амьсгал давчдах
    • Толгой хөндүүрлэх
    • Бие сулрах, хүнд мэдрэгдэх
    • Сэрсэн ч амраагүй мэт өдөржин ядрах

    Эдгээр нь бүгд таны биеийн зүгээс ирж буй нэг төрлийн дохио юм.
    Товчхондоо: “Би энэ орчинд дахин ормооргүй байна” гэж хэлж байна гэсэн үг.

    Хүнд чулууг удаан тээгээд байвал?

    Сэтгэлдээ дарамт, зовуурийг удаан тээж явах нь хүнд чулуу тээж яваатай адил. Эхэндээ даах мэт санагдавч, нэг мэдэхэд хүч хүрэхээ больж, ядаргаа, туйлдалт, гүн уналтад хүргэдэг.

    Сэтгэл зүйн аливаа асуудлыг “жижиг зүйл” гээд үл тоомсорлох нь хожим илүү том, шийдвэрлэхэд төвөгтэй сөрөг үр дагавар авчрах магадлалтай байдаг шүүдээ.

    Яагаад эдгээр дохиог зайлшгүй анхаарах хэрэгтэй вэ?

    Халшралын анхны шинж тэмдгийг анзааралгүй удах нь дараах эрсдэлүүдийг дагуулж болзошгүй. Үүнд:

    • Сэтгэл гутрал
    • Хамт олон, гэр бүлийн харилцаанд сэв суух
    • Ажлын бүтээмж эрс буурах
    • Burnout буюу сэтгэл зүйн туйлдлын хам шинжид хүрэх

    Хэрвээ та ийм нөхцөлд орвол зөвхөн ажилдаа дургүй байхаас гадна, амьдралд ч дургүй мэт мэдрэмж төрж эхэлдэг аюултай.

     Юу хийх хэрэгтэй вэ?

    Хэрвээ таны бие ийм дохиог өгч эхэлсэн бол, дараах алхмуудыг туршиж үзэхийг танд зөвлөж байна.

    • Мэдрэмжээ хүлээн зөвшөөр
      “Би сул дорой байна” гэж өөрийгөө буруутгахын оронд, энэ бол миний биеийн хариу үйлдэл гэж ойлгож арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Шалтгааныг тунгаан бод
      Таныг энэ мэдрэмж рүү түлхэж буй хамгийн том хүчин зүйл юу вэ? Ажлын ачаалал уу, дотоод зөрчил үү, эсвэл ажлын орчин уу?
    • Өөртөө амьсгаа авч амсхийх хугацаа олго
      Жижигхэн завсарлага, өдөр тутмын өөрийгөө дэмжих дадал зуршлаас эхлээд өөрийгөө жаахан ч гэсэн амрааж, уртаар цээж дүүрэн амьсгал аваад үзээрэй.
    • Хэн нэгэнтэй мэдрэмжээ хуваалц
      Боломжтой бол сэтгэлзүйч, найз, эсвэл найдвартай хүнтэй энэ тухайгаа ярилцаж, мэдрэмжээ гадагшлуулах нь танд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчрах болно.

    Хэрвээ та сүүлийн үед ядраад, бүх зүйлээс залхаж, ажил руугаа явах тухай бодоход л бие чинь эсэргүүцээд байгаа бол…
    Санаа зоволтгүй — та ганцаараа биш юмшүү. Burnout эсвэл ажлаас халшрах мэдрэмж гэдэг олон хүнд тохиолддог зүйл. Гэхдээ хамгийн чухал нь  та үүнийг анзаарч, өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй юмшүү. Хэрвээ “надад яг юу болоод байна вэ?” гэж өөрөөсөө асууж байгаа бол Lambda танд зориулж BURN OUT  тестийн булантай болсон шүү. Танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна.

  • Ээлжийн амралтын мөнгөө хэрхэн бодуулах вэ?

    Ээлжийн амралтын мөнгөө хэрхэн бодуулах вэ?

    Амралт гэдэг бол зөвхөн амсхийх цаг биш, та бүтэн жилийн турш цаг наргүй хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр шимийг бодитоор мэдрэх өдрүүд юм. Тиймээс та хөдөлмөрийн гэрээгээр баталгаажсан ээлжийн амралтын мөнгөө хэрхэн зөв тооцуулах, гарт авах ёстой дүнгээ хэрхэн зөв тооцоолж, авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс  уншаарай.

    Ээлжийн амралтын эрх үүсэх нөхцөлөөс эхэлье.

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар:

    • Ажилд орсноос хойш 6 сарын дараа ээлжийн амралт авах эрх үүснэ
    • Үндсэн амралтын хугацаа: Ажлын 15 өдөр
    • 18 нас хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд: Ажлын 20 өдөр ажилласан бол ээжлийн амралт авах эрх үүснэ гэж заасан байдаг.

     Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн тооцох вэ?

    Ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг, тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж, ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодно. Ингээд бяцхаан тооцоолол хийцгээе. 

    Та сард 2,100,000 мянган төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Өмнөх ээлжийн амралтаас хойш 6 сарын дараа дараагийн ээлжийн амралтаа авах гэж байгаа бол:

    • Нийт цалин хөлс: 12,600,000 төгрөг (6 сар)
    • Ажилласан ажлын өдрийн тоо: 132 өдөр
    • Нэг өдрийн дундаж цалин хөлс: 12,125,000 ÷ 132 = 92,454 төгрөг
    • Ээлжийн амралтын өдрийн тоо: 15 өдөр
    • Ээлжийн амралтын мөнгө: 92,454 × 15 = 1,431,800 төгрөг

    Товчхон хэлбэл:
    Ажилласан өдрүүдийн тоо, цалингаа мэддэг байхад амралтын мөнгөө гаргахад амархан. Өдрийн дундаж цалингаа амралтын өдөртэй үржүүлэхэд л хангалттай.

    Татвар, шимтгэлүүдийн суутгал:

    Ээлжийн амралтын мөнгөнөөс дараах суутгалууд хийгдэнэ. Үүнд:

    • Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)
    • Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)

    Гарт олгох мөнгөн дүн: Ээлжийн амралтын мөнгө- (НДШ+ХХОАТ)

    Ингээд танд хэрэгтэй ерөнхий  мэдээллээс гадна хэрэг болохуйц нэмэлт мэдээллийг багцлан хүргэж байна.

    Ээлжийн амралтын нэмэгдэл:

    Ажилласан жилээс хамаарч дараах нэмэгдлийг амралтад нэмж олгодог гэдгийг та мэдэх үү?

    Ажилласан жил Хэвийн нөхцөл (өдөр) Хүнд нөхцөл (өдөр)
    6–10 жил +3 +5
    11–15 жил +5 +7
    16–20 жил +7 +9
    21–25 жил +9 +12
    26–31 жил +11 +15
    32-с дээш +14 +18

    Хэсэгчлэн амрах боломж ч бий.

    • Амралтаа хэсэгчлэн эдлэх боломжтой буюу та ээлжийн амралтын 15 хоногийг 2 хувааж амарч болно гэсэн үг.
    • Гэхдээ нэг удаагийн амралт нь ажлын 10 өдрөөс багагүй байх ёстойг битгий мартаарай.

    Ажил олгогч амралтын мөнгийг хэзээ олгох вэ?

    Ажилтан амралтад гарахаас өмнө, амралтын мөнгийг бүрэн олгох үүрэгтэй. Хэрэв олгоогүй бол та Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад гомдол гаргах эрхтэй.

    Дүгнэлт

    • Ээлжийн амралтын мөнгө нь ажилтны хууль ёсны эрх бөгөөд тухайн ажилтны ажилласан хугацаа, цалин хөлс, амралтын өдрийн тоог үндэслэн тооцогдоно.
    • Татвар, шимтгэлүүдийг суутгасны дараа ажилтанд олгогдох гарт олгох дүн тодорхойлогдоно.
    • Ээлжийн амралтын мөнгийг амралтад гарахаас өмнө олгох ёстой бөгөөд хэрэв олгоогүй тохиолдолд холбогдох байгууллагад хандах эрхтэй.

    Ээлжийн амралтаа урьдчилан төлөвлөх нь таны болон багийн ажлыг хүндрэлгүй явуулахад тустай гэдгийг бүү мартаарай. Илүү олон сонирхолтой, танд хэрэгтэй нийтлэлийг https://lambda.global/blog  -оос уншаарай.

  • Их сургуулиа төгсөөд юу хийх вэ: Монголдоо ажиллах уу, гадаадад сурах уу?

    Их сургуулиа төгсөөд юу хийх вэ: Монголдоо ажиллах уу, гадаадад сурах уу?

    Их сургуулиа төгсөх мөч бол баяр баясгалантай атлаа бага зэрэг айдастай цаг үе. “Цаашдаа яг юу хийх вэ?” гэдэг асуулт хэний ч толгойд орж ирдэг. Нэг хэсэг нь ажил хийхээр шийдэж байхад, нөгөө хэсэг нь гадаадад сурахаар төлөвлөж эхэлдэг. Аль аль нь зөв зам. Гагцхүү таны зорилго, хүсэл, боломж бололцоотой хэр нийцэж байгааг л бодолцох хэрэгтэй.

    Монголдоо ажлын гараагаа эхлэх нь

    Хэрэв та хурдан бие даасан амьдрал эхлүүлж, практик туршлага олж авахыг хүсэж байгаа бол эх орондоо ажлын гараагаа эхлэх нь маш ухаалаг алхам юм. Энэ сонголт танд зөвхөн орлого авчирахаас гадна нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, өөрийн мэргэжлийн чиглэлээ бодитоор ойлгох боломжийг олгодог.

    1. Монголын хөдөлмөрийн зах зээлийн бодит байдал

    2025 онд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд 83,700 гаруй ажиллах хүчний эрэлт байгаа нь боловсон хүчний хэрэгцээ нэмэгдсээр байгааг харуулж байна. Энэ нь таны хувьд сайн мэдээ. Зөв стратегитай хандвал Монголд том боломжууд нээлттэй хэвээр байна.

    Одоогийн хамгийн эрэлттэй салбарууд бол уул уурхай, барилга, мэдээллийн технологи, дижитал маркетинг, боловсрол, төрийн үйлчилгээ, мөн олон улсын төсөл хөтөлбөрүүд юм. Та Lambda Global платформыг идэвхтэй ашиглаж, өөрийн сонирхсон салбараа судлаарай.

    2. Эхний ажилд хэт их хүлээлт бүү тавь

    21-23 насандаа төгссөн залуучуудын хувьд ажил амьдрал дөнгөж эхэлж байгаа гэдгийг санаарай. Эхний ажил тань заавал мөрөөдлийн ажил байх албагүй. Гэхдээ ямар ч ажил таныг өөр түвшинд гаргаж, ирээдүйн карьерын суурийг тавьдаг. Гол нь туршлага хуримтлуулж, ур чадвараа хөгжүүлж байх явдал юм.

    Ажил олгогчид зөвхөн дипломыг бус, бодит ур чадварыг чухалчилдаг болсон. Англи хэл, дижитал мэдлэг(Digital Literacy), багаар ажиллах чадвар, харилцааны ур чадвар, цагийн менежмент зэрэг нь таны том давуу тал болно.

    3. Хүрээлэлтэй бол

    Монголын зах зээл харьцангуй жижиг тул зөв хүмүүстэй холбогдож чадвал карьерынхаа эхний алхамд асар их давуу тал олж авна. Семинар, уулзалт, ажил олгогчдын арга хэмжээнд оролцож, өөрийгөө танилцуулах, мэргэжлийн холбоо тогтоох боломжийг бүү алдаарай. Онлайнаар ч зөвлөгөө авах, туршлагатай хүмүүстэй холбогдох нь карьерын тань эхний жилүүдэд маш их үр нөлөөтэй.

    4. Орчин үеийн ажлын хэлбэрүүдийг туршиж үз

    Монголд ажиллана гэдэг нь зөвхөн дотоодын байгууллагуудад ажиллах ёстой гэсэн үг биш. Олон залуус өнөөдөр гадаадын компаниудад зайнаас ажиллаж, гадаад валютаар орлого олж, олон улсын туршлага хуримтлуулж байна. Upwork, Fiverr, LinkedIn зэрэг платформуудыг судалж, фрийланс ажлын боломжуудыг эрэлхийлээрэй.

    Гадаадад суралцах нь

    Хэрвээ та өөрийгөө илүү сорьж, шинэ орчинд орж, мэргэжил дээшлүүлж, судалгаа шинжилгээ хийх дуртай, мөн олон улсын түвшинд ажиллах зорилготой бол гадаадад магистрт суралцах нь хамгийн зөв сонголт байж болно.

    1. Гадаадад сурахын үнэ цэнэ

    Гадаадад сурах нь олон давуу талтай үнэ цэнтэй шийдвэр юм. Нэгдүгээрт, дэлхийн хэмжээний боловсрол эзэмших боломжтой бөгөөд энэ нь ирээдүйн ажил мэргэжлийн амжилтад томоохон нөлөө үзүүлдэг. Мөн хэлний чадвараа сайжруулж, олон улсын орчинд харилцах чадвар нэмэгдэнэ. Үүнээс гадна олон улсын ажил, тэтгэлэг, визний төрөл бүрийн боломжууд нээгдэж, карьераа олон улсын төвшинд хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Гадаадад суралцсанаар шинэ найз нөхөдтэй болж, мэргэжлийн өргөн хүрээний сүлжээ үүсгэх нь ч бас чухал давуу тал юм.

    2. Монголчуудад тохиромжтой орнууд

    • Өмнөд Солонгос – Тэтгэлэг элбэг, соёл ойр, сурангаа ажиллах боломж
    • Япон – Инженер, бизнес, технологийн чиглэлээр хүчтэй
    • Герман – Үнэгүй, чанартай боловсрол, өөр соёлд суралцах боломж
    • АНУ, Канад, Их Британи – Шилдэг боловсрол, төгсөөд ажиллах боломж
    • Австрали – Оюутнуудад ээлтэй, ажлын боломж их

    3. Ирээдүйн зорилгоо тодорхой болго

    Гадаадад суралцах нь өөртөө болон боловсролдоо хийж буй чухал хөрөнгө оруулалт. Гэвч төгссөний дараа дахин нэг том шийдвэртэй тулгарна — үлдэх үү, буцах уу?

    Урт хугацаанд гадаадад амьдарсны дараа таны үзэл бодол, амьдралын хэв маяг өөрчлөгдсөн байдаг. Хэрэв зорилгоо тодорхойлоогүй бол үлдэх, буцах хоёрын хооронд эргэлзэж, сэтгэлзүйн хувьд гацсан мэдрэмж төрж болзошгүй.

    Аль ч сонголт нь зөв байж болно. Гол нь зорилгоо тодорхой болгосноор та илүү тайван, сэтгэл хангалуун амьдарч цаг хугацаа хэмнэх боломжтой.

    Хосолсон стратеги: Хоёр замыг нэгтгэх боломж

    Хэрэв та аль замыг нь сонгохоо мэдэхгүй байгаа бол, заавал яарах хэрэггүй. Та залуу, цаг хугацаа танд бий. Эхлээд 1-2 жил Монголдоо ажиллаж, практик туршлага олж авч, санхүүгийн боломжоо бэлтгэсний дараа гадаадад суралцах замыг сонгож болно. Эсвэл гадаадад суралцах хугацаандаа ажиллан туршлагаа давхар олж авах ч боломжтой. Амжилттай хүмүүс ихэвчлэн нэг шулуун замаар явдаггүй. Тэд нөхцөл байдалдаа тохируулан уян хатан, алсыг харсан шийдвэр гаргасаар зорилгодоо хүрдэг. Гол нь өөрийн зорилго, үнэт зүйлдээ үнэнч байж, боломжуудыг эрэлхийлэх явдал.

     Эцэст нь

    Шинэ төгсөгч бүрийн зам өөр. Монголдоо үлдэх үү, гадаадад сурах уу гэдэг нь зөв буруу сонголтын асуудал биш — таны зорилго, нөхцөл байдал, үнэт зүйлээс л хамаарна.

    Хаана ч амьдрах боломж бий. Улс орнууд хөгжлөөрөө ялгаатай байж болох ч гадаадад байлаа гээд илүү жаргалтай байна гэсэн баталгаа байхгүй. Сэтгэл хангалуун байх эсэх нь таны зан чанар, ертөнцийг үзэх үзэл, тухайн орчинтой хэр нийцэхээс шалтгаална.

    Тиймээс аль ч замыг “зөв” эсвэл “буруу” гэж хэт шүүх хэрэггүй. Энэ бол таны л аялал.

    🎯 Дараагийн алхмаа тодорхойлоход тусламж хэрэгтэй байна уу?
    Lambda Global -оос та хамгийн орчин үеийн өндөр цалинтай ажлыг олох боломжтой.

  • Цалингаа хэрхэн зөв тохиролцох вэ- Remote болон дотоодын ажлын ярилцлагад зориулсан зөвлөмж

    Цалингаа хэрхэн зөв тохиролцох вэ- Remote болон дотоодын ажлын ярилцлагад зориулсан зөвлөмж

    Ажил горилогч бүрийн хүсдэг нэн чухал зүйлсийн нэг нь сэтгэлд нь хүрсэн хэмжээний цалингаа тохиролцох байдаг. Гэхдээ цалингийн тухай ажлын ярилцлагын үеэр ярих нь ихэнх хүмүүст хүндхэн санагддаг. Ялангуяа гадаадын эсвэл томоохон дотоодын компаниудтай ярилцаж байгаа үед.

    Хэрэв та гадаад, дотоодын компанид зайнаас (remote) эсвэл бүтэн цагаар оффист  ажиллахаар өргөдөл өгч байгаа бол цалингаа хэрхэн зөв, өөрт ашигтайгаар тохиролцох вэ гэдэг нь таны цаашдын орлого,  сэтгэл ханамжид ихээхэн нөлөөлнө.

    Тиймээс энэ удаад Lambda Global та бүхэндээ Монголд амьдрангаа олон улсын болон дотоодын зах зээлд ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан товч бөгөөд үр дүнтэй “цалингаа хэрхэн тохиролцох”  тухай зөвлөмжүүдийг хүргэж байна.

    1. Олон улсын & дотоодын зах зээлийн ханшийг судалж мэдэх

    Цалин тохиролцохын өмнө тухайн ажлын байрны зах зээлийн ханшийг судлах нь хамгийн чухал алхам. Хэрэв та зайнаас гадаадын компанид ажиллах гэж байгаа бол дараах платформуудаас хэрэгтэй мэдээллээ авч болно:

    • Lambda Global – Монголын бусад нэр хүндтэй ажил зуучлалын сайтууд
    • Glassdoor , LinkedIn— олон улсын цалингийн жишиг
    • Remote OK , We Work Remotely, FlexJobs гэх мэт- remote ажлын зах платформууд

    Зөвлөмж: Хэрэв анх удаа зайнаас олон улсын компанид ажиллаж байгаа бол “remote + your job title + salary” гээд компани болон бүс нутгийн дундаж цалинг хайж судалж үзэх хэрэгтэй. Өөрийн чадвар боловсрол, туршлагыг харгалзан үзэн, ижил ажлын байр Монгол, Солонгос, АНУ, Европт ямар цалинтай байгааг харьцуулж хараарай. Ингэснээр өөрийгөө хэт доогуур үнэлэхээс сэргийлнэ.

    2. Өөрийн үнэ цэнийг тодорхой илэрхийл

    Тухайн компанид ямар үнэ цэнэ авчирч байгаагаа ойлгуулж чадвал, цалин нэмэгдэх боломж өсдөг. Тухайлбал  2-3 хэлтэй,  салбартаа удаан ажилласан туршлагатай бол:

    • Гурван хэлтэй (монгол, англи, солонгос) гэх мэт
    • Remote ажлын туршлага, өөр цагийн бүсэд ажиллах чадвар
    • Бие дааж болон багаар ажиллах чадвар
    • Олон соёлтой хүмүүстэй ойлголцож ажиллах соёлын ялгааг ойлгодог байдал

    Ингэж хэлж болно:

    “Миний туршлага болон олон улсын болон дотоодын зах зээлийн мэдлэг судалгаан дээр үндэслэн энэ ажлын байрны хувьд  X₮–Y₮-ийн хооронд цалин авах боломжтой гэж бодож байна.”

    3. Цалингаа тохиролцох зөв мөчийг хүлээ

    Анхан шатны ажлын ярилцлагын үеэр шууд цалинг хөндөх нь тохиромжгүй. Эхлээд ажил олгогчдод өөрийн ур чадвар, туршлагаа харуулж ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ ажил олгогч цалингийн хүлээлтийн талаар түрүүлж асуувал:

    “Эхлээд ажлын үүрэг, хариуцлагын талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авмаар байна. Гэхдээ зах зээлийн нөхцөл байдалд үндэслэн надад төсөөлж буй цалингийн хүрээ бий.”

    Та цалин тохиролцох үед, тодорхой хариулт хэлэх гэж яарах хэрэггүй. Хэрэв, танд тухайн ажлын байрны талаар илүү мэдээлэл хэрэг болох үед тодорхой хугацаанд бодож, судалж үзэх цаг авах бүрэн эрхтэйгээ санаарай.

    4. Цалингийн хүлээлтээ шударгаар илэрхийлэх

    Монголчууд  цалин тохиролцох үед санаа зовж эвгүйцэх, эсвэл хэт даруухан байх нь элбэг. Гэвч гадаад, дотоодын олон компаниудын хувьд илэн далангүй цалин тохиролцох явдал бол зайлшгүй байх зүйл юм.

    Хэрвээ ажил олгогчийн санал таны хүлээлтээс бага байвал:

    “Санал тавьсанд баярлалаа. Миний туршлага болон ийм төрлийн “remote” ажлын зах зээлийн ханшийг харгалзан үзвэл, X₮ – Y₮ орчим цалин хүлээж байсан. Энэ талаар уян хатан байж тохиролцох боломжтой юу?” гэх мэт

    5. Цалингаас гадна бусад нөхцөлийг мөн харгалз

    Заримдаа зөвхөн өндөр цалин чухал биш. Та дараах ашигтай нөхцөлүүдийг мөн харгалзаж цалин тохиролцохдоо илүү уяан хатан хандаж болно:

    • Ээлжийн амралт болон баярын өдрүүдэд амрах боломж– Жишээ нь барууны орны компаниуд өөрийн улсын хуанлийг дагадаг тул Монголын баяраар амрах эсэх нь тодорхойгүй ч ажил амьдралын тэнцвэртэй байдал өгөхүйц хэмжээнд амрах боломжийг олгох магадлалтай.
    • Эрүүл мэндийн даатгал, бонус урамшуулал, ажлын тоног төхөөрөмжийн төсөв зэрэг нэмэлт хангамжууд маш чухал.
    • Албан тушаалын өсөлт, суралцах болон ментортой ажиллах боломж, багийн соёл ч бас анхаарах зүйлсийн нэг.

    Заримдаа бага зэрэг бага цалинтай байсан ч бүтээлч эрх чөлөө, тогтвортой байдал, уян хатан цагийн хуваарь, хөгжих боломж сайтай ажил бол илүү үнэ цэнтэй байдаг.

    6.Урьдчилж бэлдэх

    Цалингийн талаар ярих нь өөрөө нэгэн төрлийн чадвар юм — харин энэ чадвар дадлага хийх тусам улам амар болох нь ойлгомжтой. Ажлын ярилцлагад орохоосоо өмнө найзтайгаа эсвэл толины өмнө өөртэйгөө ярьж бэлтгэл хийж болно. Мөн тантай нэг салбарт ажилдаг найзууд эсвэл ментор байгаа бол, тэд цалингаа яаж тохиролцож байсан талаар асууж зөвлөгөө аваарай.

    Эцэст нь 

    Цалингаа тохиролцоно гэдэг нь зөвхөн мөнгө яриад шунахай байгаагийн илрэл биш — харин өөрийн чадвар, туршлага, үнэ цэнийг шударгаар үнэлж, ажил олгогчдод бодитой хүлээлт тавьж буйн нэг хэлбэр юм.

    Монголчуудын хувьд гадаад, дотоодын олон улсын байгууллагад ажиллах боломжууд нэмэгдэж буй энэ үед хуучин сэтгэлгээгээр ажил олгогчийн хэлсэн цалинг шууд хүлээн зөвшөөрдөг дадлыг өөрчлөх шаардлага гарч байна. Бид өөрсдийн үнэ цэнийг мэдэрч, тодорхой илэрхийлж, тохиролцож сурах нь илүү чухал болжээ.

    Тиймээс та өөрийн туршлага, чадварт итгэж, ажлын ярилцлагад сайтар бэлтгэж, эелдэг боловсон байдлаар цалингаа нээлттэй ярилцах нь зүйтэй. Энэ бол зөвхөн нэг ажилд орох тухай биш — харин Монгол мэргэжилтнүүдийн төлөөлөл болж, ирээдүйн стандарт, хандлагыг хамтдаа шинэчлэх эхлэл юм.

    Танд Lambda Global– аар AI ашиглан өөрийн чадвар, туршлагад үндэслэсэн цалин тооцоолол хийж үзэхийг зөвлөж байна.

  • Ээлжийн амралтаа хэрхэн авах вэ?

    Ээлжийн амралтаа хэрхэн авах вэ?

    Цонхоор нар мандахыг ажин, өглөөг дэрэн дээр арай удаан угтмаар үе танд байдаг уу? Хэдийгээр ажил амьдралын хэмнэл хурдтай эргэдэг ч — бид ч гэсэн хүн. Бидэнд амсхийх, эрч хүчээ нөхөх, өөрийгөө эргэн харах хугацаа хэрэгтэй. Тиймээс л ээлжийн амралт бол зүгээр нэг хуулийн заалт биш, өөрийгөө нөхөн сэргээх, амьдралаа эргэн харах, зүг чигээ засах чимээгүй зогсоол юм.

    Ээлжийн амралт гэж юу вэ? — Хуулийн үндэслэл

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын ерөнхий хууль-д ээлжийн амралтын талаар дараах байдлаар заасан байдаг:

    Ерөнхий ажилтнуудад:

    • 15 хоногийн цалинтай ээлжийн амралт жил бүр эдлэх эрхтэй.
    • Амралт эдлэх эрх нь тухайн байгууллагад 6 сараас дээш ажилласан тохиолдолд үүснэ.
    • Амралтыг ажлын жил-ээр тооцдог.

    Багш нарын тусгай зохицуулалт:

    • 33 хоногийн нэмэгдэл амралт эдлэх эрхтэй (Боловсролын тухай хууль, 13.7).
    • Ингэснээр нийт 48 хоногийн амралт багш нарт ногдоно.
    • Эдгээр хоног нь цалинтай, хууль ёсны эрх юм.

    Амралтын бусад онцлог:

    • Амралтыг хэсэгчлэн эдлэх боломжтой. Гэхдээ тасралтгүй 10 ажлын өдрөөс доошгүй байх ёстой.
    • Ээлжийн амралтын цалинг амралтад гарахаас өмнө олгох ёстой бөгөөд тухайн ажилтны ажлын жилийн дундаж цалингаар тооцогдоно.
    • Байгууллага бүрийн дотоод журам өөр байх боломжтой учраас анх ажилд орохдоо тодорхой асуугаарай.

    Хэрхэн цалингаа бодуулж авах вэ?

    1. Төлөвлө — өөртөө зориулах хугацааг товло.
      Амралтын хүсэлтээ бичгээр болон цахимаар гаргахдаа хэдий хугацаанд, хэзээ амрахаа тодорхой хэлж өгөөрэй.
    2. Хүндэтгэлтэйгээр мэдэгд — хамт олонтойгоо харилц.
      Менежер, хамт ажиллагсадтайгаа ярилцаж, ажлын ачаалалд нөлөөлөхгүй байдлаар зохицуулах нь хамтын харилцааг улам бэхжүүлдэг, ингэхдээ зөвхөн хугацаагаа тусгахаас гадна цалингаа бодуулж авна гэдэгээ заавал тусгах ёстой.
    3. Хүлээлгэж өг — ажлаа цэгцтэй үлдээгээрэй.
      Амралтын өмнө үүргээ шилжүүлж, бусдад төвөг учруулахгүй байхаа хичээгээрэй. Үүнээс таны хариуцлага болон соёл илэрдэг.

    Судалгаанаас харахад, Монгол Улсад ажилтнуудын 60% нь ээлжийн амралтаа бүрэн ашиглаж чаддаггүй байна. Үүний гол шалтгаан нь ажлын ачаалал, орлогын бууралт, байгууллагын дотоод журам зэрэгтэй холбоотой байдаг. Энэ нь ажилтны сэтгэлзүй, бүтээмжид сөргөөр нөлөөлдөг тул амралтаа зөв зохион байгуулах нь чухал юм. Амралтыг зүгээр л аялал, хэвтэх хормоор ойлгож болох ч үнэн хэрэгтээ энэ бол сэргэх, өсөх, суралцах боломж юм.

    • Өөрийгөө таньж, дахин эхлэхэд амралт хэрэгтэй.
    • Суралцахдаа хүн илүү зорилготой болдог.
    • Чөлөөтэй байхад бүтээлч байдал дэлбээлдэг.

    Хэрэв та амралтаа илүү ухаалгаар өнгөрүүлэхийг хүсэж байвал lambda.global-ийг туршаад үзээрэй.
    Энэ бол ажил мэргэжлийнхээ хүрээнд шинэ ур чадвар эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой олон улсын дижитал сургалтын орчин юм.

    lambda.global нь хүн бүрд зориулсан:

    • Онлайн сургалтууд
    • Ур чадвар хөгжүүлэлт
    • Карьер зөвлөгөө
    • Шилдэг CV бичих аргачлал гэх мэт контентуудыг санал болгодог.

    Ээлжийн амралт бол хууль ёсны эрх төдийгүй хүний хувьд өөртөө үзүүлэх анхаарал болон хүндэтгэл юм. Ажлын амьдралын дарамт дунд мартагдаж болох ч — Амралт бол өөртөө дахин итгэх, өөрийгөө шинээр харж таних боломж. Амралтаа зүгээр л ав, харин түүнийг утгатай учиртай болгох эсэх нь таны сонголт.

    Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар
    Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

  • AI-д орлогдохгүй байх арга: Ирээдүйн ур чадварууд ба боломжууд

    AI-д орлогдохгүй байх арга: Ирээдүйн ур чадварууд ба боломжууд

    Хиймэл оюун ухаан (AI) хурдацтай хөгжихийн хэрээр олон салбарт хүний оролцоо багасаж, зарим ажлын байр аль хэдийн автомат системд шилжиж эхэлсэн нь бодит үнэн болоод байна. Жишээлбэл, хэрэглэгчийн үйлчилгээ, өгөгдөл боловсруулах, оффисын туслах үүрэг зэрэгт AI ашиглах нь компанид зардал хэмнэж, ажлын үр дүнг хурдан гаргах нэг арга болжээ. Үүний улмаас дэлхийн томоохон компаниуд хүний нөөцөө цомхотгох, бүтцийн өөрчлөлт хийх алхмуудыг ч авч хэрэгжүүлж байна.

    Энэ өөрчлөлт зөвхөн ажилгүйдэл дагуулна гэсэн үг биш. AI зарим төрлийн ажлыг “орлож” байгаа болохоос, бүхэл бүтэн мэргэжлийг устгаж байгаа хэрэг биш юм. Хамгийн чухал нь — бид энэ технологийн өөрчлөлтөд хэрхэн бэлтгэж, дасан зохицох вэ гэдэгт оршиж байна.

    Ямар ажлууд AI-р орлогдох вэ?

    Хиймэл оюун ухаан нь байнга давтагддаг, тодорхой дүрэмд суурилсан, өгөгдөлтэй холбоотой(data-entry, data-heavy) ажлуудыг гүйцэтгэхэд маш тохиромжтой байдаг. Тиймээс дараах чиглэлийн ажлын байрууд, хиймэл оюун ухаанаар хийгдэж эхэлсэн:

    • Харилцагчийн үйлчилгээ – AI Чатботууд энгийн, түгээмэл тохиолдолд асуултад аль хэдийн маш сайн хариулж чаддаг болсон. Харийн одоогийн байдлаар онцгой нөхцөлүүдэд хэрэглэгчийн нарийн төвөгтэй хүсэл, хэрэгцээг хангах болон түүнд нь  сэтгэл ханамжийн баталгаа өгч чадахуйц хариуг зөвхөн “хүн” л өгч чадах хэвээр байна.
    • Нягтлан бодох, санхүү – Нягтлан бодох бүртгэлийн өдөр тутмын ажил болон өгөгдөл шинжилгээний үүргүүд автоматжиж байгаа ч, стратегийн санхүүгийн төлөвлөлт, харилцаа удирдлага, ёс зүйн хяналт зэрэг нь хүн төвтэй хэвээр байна.
    • Логистик, тээвэр – Автомат жолоодлого хөгжиж байгаа ч, зохицуулалт, дэд бүтэц, аюулгүй байдал зэрэг нь хүний хяналтыг шаардсаар байна.

    Хиймэл оюун ухаан нь зөвхөн ажлыг орлоод зогсохгүй шинэ ажлын байруудыг нэмэх аж. 2020 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумын мэдээлснээр, 2025 он гэхэд AI нь 85 сая ажлын байрыг устгах ч 97 сая шинэ ажлын байр (жишээ нь: өгөгдөл шинжилгээ, AI-хөгжүүлэлт, дижитал маркетинг, хүн-машины харилцаа гэх мэт) бий болгоно гэж тооцоолжээ.

    Өөрчлөгдөж буй салбарууд ба боломжууд

    Хиймэл оюун ухаан зарим ажлуудыг орлож эхэлсэн ч, үүний зэрэгцээ цоо шинэ салбаруудыг ч бий болгож байна. Ирээдүйд эрчимтэй өсөлттэй байх магадлалтай хэд хэдэн чиглэлүүд:

    • Хиймэл оюун ба машин сургалтын мэргэжилтнүүд: AI системүүдийг зохион бүтээх, сургалт хийх, арчлах чадвартай мэргэжилтнүүдийн эрэлт маш хурдтай өсөж байна.
    • Кибер аюулгүй байдал ба мэдээллийн нууцлал: Автоматжуулалт нэмэгдэхийн хэрээр системүүдийн аюулгүй байдлыг хангах нь урьд урьдынхаас чухал болж байна.
    • Хүн-AI харилцааны дизайнераар ажиллах: Хиймэл оюуны интерфэйсүүдийг ойлгомжтой, ёс зүйтэй, хэрэглэгчдэд ээлтэй байлгах нь нэн шаардлагатай.
    • Бүтээлч ба стратегийн чиглэлийн ажлууд: Өгүүлэмж бүтээх, брэндинг, инновац, дизайны ажлууд нь хүний онцгой мэдрэмж чадвар шаарддаг. AI нь хэрэгжилтэд туслах ч, бүтээлч байдал ба алсын хараа нь хүний оролцоог зайлшгүй шаардана.

    Хамгийн гол нь, техникийн биш мэт харагддаг ажлууд ч AI хэрэгслийн талаар мэдлэгтэй болсноор илүү давуу талтай болно. Жишээ нь, зорилтот хэрэглэгчдийг AI ашиглан тодорхойлж чаддаг маркетингийн мэргэжилтнүүд илүү өрсөлдөх чадвартай байх болно.

    Ажил хайгчид хэрхэн бэлдэх вэ?

    Тодорхой нэг ажлын байрыг “ирээдүйд баталгаатай” байлгах гэж хичээхээс илүүтэйгээр, өөрийн ур чадвар болон сэтгэлгээний хэв маягийг ирээдүйд нийцүүлэн хөгжүүлэх нь илүү ухаалаг алхам болох талтай. Үүний тулд дараах зүйлсэд анхаараарай:

    1. Хүнд төвлөрсөн ур чадваруудыг хөгжүүлэх
      Бусдыг ойлгох чадвар, харилцаа, шүүмжлэлт сэтгэлгээ(critical thinking), дасан зохицох чадвар зэрэг нь хиймэл оюун орлохoд хамгийн хүндрэлтэй чадварууд юм. Эдгээр чадварт тулгуурласан ажлууд ирээдүйд илүү бат бөх байж чадна.
    2. Дижитал мэдлэгээ нэмэгдүүлэх(Digital Literacy)
      Программист болох шаардлагагүй ч, AI хэрхэн ажилладгийг, мөн хэрхэн хиймэл оюунтай хамтран ашиглах талаар ойлголттой байх нь маш чухал. Үүний тулд Coursera, edX, LinkedIn Learning зэрэг платформууд дээрх үнэ төлбөргүй,  хямдхан сургалтуудад хамрагдаж болно
    3. Сониуч байж, тасралтгүй суралц
      Ирэх арван жилийн хамгийн үнэ цэнтэй ажилчид бол уян хатан, тасралтгүй суралцдаг хүмүүс байх болно. Ур чадвараа шинэчилж, сонирхсон шинэ чиглэлүүдийг судлахад тогтмол цаг гаргаарай.
    4. AI-г хэрэгсэл болгон ашигла
      AI-г аюултай зүйл гэж үзэхийн оронд, хэрхэн ажилд тань тусалж чадахыг судал. Жишээ нь, зохиолчид судалгаандаа, дизайнерууд visual санаа туршихад, бизнес шинжээчид том өгөгдлийг хурдан боловсруулахад AI ашиглаж болно. Эдгээр хэрэгслийг үр дүнтэй ашиглаж сурах нь чухал үр дүнд хүргэнэ.
    5. Хүрээлэл үүсгэж, хамтдаа сурч хөгжөөрэй
      AI-тэй уялдсан хөдөлмөрийн зах зээлд ажлын шилжилт хийхэд хамт олон,танил талтай байх нь илүү хялбар байх болно. Онлайн форумууд, мэргэжлийн холбоод, уулзалтууд нь мэдээлэлтэй байхад, дэмжлэг авахад, шинэ боломжуудыг олж харахад тусалдаг.

    Ирэх 5-10 жилд хиймэл оюун ухаан болон автоматжуулалт хөдөлмөрийн зах зээлд томоохон өөрчлөлт авчрах нь тодорхой. Гэвч энэ бол сүйрлийн дохио биш, харин хувьсан хөгжиж буй үйл явц юм. Зөв сэтгэлгээ, зөв хэрэгслийн тусламжтайгаар ажил хайгчид энэхүү сорилтуудыг шинэ боломж болгож, өөрийгөө дахин бүтээх, хөгжүүлэх замаа нээж чадна.

    “AI миний ажлыг булаах уу?” гэж асуухын оронд “AI-г ашиглан би яаж илүү сайн ажиллаж, шинэ үүд хаалгыг нээх вэ?” гэж өөрөөсөө асуух цаг ирсэн байна.

    Та Lambda Global Флатформоор дамжуулан хиймэл оюунд суурилсан өөрт тохирох ажлын байраа олоорой. 

     

  • Хөдөлмөрийн маргаан үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

    Хөдөлмөрийн маргаан үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

    Ажил олгогч, ажилтны итгэлцэл, бат бөх харилцаа бол аливаа байгууллагын амжилтын гол тулгуур. Гэвч энэ харилцаа ойлголцол, итгэлцэлд суурилаагүй бол хөдөлмөрийн маргаан үүсэх нь цаг хугацааны л асуудал болдог. Хөдөлмөрийн маргааныг ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн ажил олгогчид төдийгүй залуу мэргэжилтнүүд, ажил хайгчид, шинэхэн төгсөгчдөд ч маш чухал сэдэв. Энэхүү нийтлэлээр хөдөлмөрийн харилцаа, маргаанаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, танд хэрэг болох зөвлөмжүүдийг бэлтгэлээ.

    📊 Судалгааны тойм: Монгол улс

    Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны судалгаагаар:

    • Сүүлийн 2 жилийн дотор нийт ААН-үүдийн 42% нь  хөдөлмөрийн маргаантай тулгарч байсан.
    • Тэдгээрийн 60% нь цалин, урамшуулалтай холбоотой, 25% нь ажлын нөхцөл, 15% нь гэрээ, нийгмийн хамгааллын асуудал
    • Маргаан үүссэн тохиолдолд 10 ажилтны 7 нь буюу 70% нь тухайн байгууллагад ажиллах хүсэлгүй болдог гэсэн дүгнэлт гарсан.

    Олон улсын жишээнээс:

    • Gallup-ийн 2023 оны ажилтны оролцооны судалгаагаар ажилтнуудын 85% нь “тэднийг сонсдоггүй, үнэлдэггүй удирдлага”-тай газар ажиллахдаа сэтгэл ханамжгүй байгааг онцолсон.
    • Harvard Business Review-ийн судалгаагаар байгууллага доторх маргааныг цаг тухайд нь шийдвэрлэхгүй бол тухайн байгууллагын ашгийн хэмжээ 18%-аар буурч, ажилтны урсгал 35%-иар нэмэгддэг хандлага ажиглагдсан байна.

    ✅ Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх 5 зөвлөмж

    1. Гэрээ ба дүрмийг ойлгомжтой болгох

    Хөдөлмөрийн гэрээг зүгээр нэг гарын үсэг зурж баталгаажуулах бус, ажилтанд эрх, үүргээ бүрэн ойлгоход туслах энгийн ойлгомжтой  үг хэллэгээр тайлбарлах хэрэгтэй.

    Зөвлөмж:

    • Гэрээний гол заалтуудыг товч тайлбарласан гарын авлага өгөх

    • Шинэ ажилтнуудад дотоод дүрмийн талаарх сургалт явуулах

    2. Ил тод нээлттэй харилцаа, санал солилцох боломж

    Маргааныг “урьдчилан мэдэх” хамгийн сайн арга бол ажилчдын санал гомдлыг тогтмол хүлээн авч шуурхай шийдвэрлэх юм.

    Зөвлөмж:

    • Санал, гомдлын хайрцаг (физик эсвэл цахим)
    • Удирдлагын нээлттэй уулзалт
    • Дотоод санал асуулга (цахим платформууд)

    3. Цалин урамшууллыг шударгаар үнэлэх

    Цалин хөлстэй холбоотой үл ойлголцол хөдөлмөрийн маргааны хамгийн том шалтгаан болдог.
    Gallup-ийн судалгаагаар цалингийн шударга бус байдал нь ажилтны итгэлцлийг 40% хүртэл бууруулдаг байна.

    Зөвлөмж:

    • Урамшууллын шалгуурыг нийтэд ил тод болгох
    • Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний системтэй байх

    4. Ажилтан хөгжих боломжтой орчин бүрдүүлэх

    Өөрийгөө хөгжүүлэх, шинэ мэдлэг,  ур чадварыг ажлын орчноосоо авах боломж бололцоог бүрдүүлж өгөх нь маргаанаас сэргийлэх бас нэгэн арга зам юм.

    Зөвлөмж:

    • Дотоод сургалтын систем
    • Карьер өсөлтийн шатлал, төлөвлөгөө, сургалтууд
    • Шагнал урамшуулал зөвхөн удирдлагын түвшинд бус, бүх шатны ажилтанд хамаатай байх

    5. Маргааныг шуурхай, шударгаар шийдэх бүтэцтэй байх

    Дотоод гомдол, зуучлалын тогтолцоогүй байгууллагад маргаан гадагшлах, хуулийн шатанд очих эрсдэл 4 дахин өндөр байдаг.

    Унших: Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Зөвлөмж:

    • Дотоод маргаан шийдвэрлэх комисс байгуулах
    • Үнэнч байдлаар гомдлыг сонсох, шийдвэр гаргах дүрэмтэй байх

    Хөдөлмөрийн маргаан нь хүн хоорондын харилцаанаас үүсдэг учир урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.  Судалгаанаас дүгнэвэл хөдөлмөрийн маргаанаас сэргийлэх хамгийн хүчирхэг арга бол ил тод харилцаа, шударга тогтолцоо, тогтвортой хөгжилд чиглэсэн удирдлагын хандлага юм. Танд хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг Блог хэсэгт тогтмол нийтэлж байгаа тул цаг гарган орж уншаарай.

  • Freelance буюу гэрээсээ ажиллах боломж Монголд

    Freelance буюу гэрээсээ ажиллах боломж Монголд

    Сүүлийн жилүүдэд дэлхий даяар бүхий л салбарт хөдөлмөрийн зах зээл эрчимтэй өөрчлөгдөж, уламжлалт 9-18 цагийн ажлын байрыг халсан, уян хатан цагийн хуваарьтай, цахим орчинд дэлхийн хаанаас ч, хэзээ ч ажиллах боломжийг олгодог “freelance” буюу чөлөөт гэрээт ажлын байр эрчимтэй хөгжиж, Монголын хөдөлмөрийн зах зээлд ч хүчтэй нэвтэрч эхэллээ. Хэрвээ гэрээсээ ажиллах ажлын талаар бодож, судалж байгаа бол энэхүү нийтлэл танд зориулагдсан юм.

    Фриланс гэж юу вэ? 🤔

    Ямар нэг компани, ажил олгогчоос үл хамааран бие даан, чөлөөт байдлаар ажиллахыг фриланс, ингэж ажилладаг хүмүүсийг фрилансер гэж нэрлэдэг. Ихэвчлэн цахимаар ажилладаг ба гүйцэтгэлд суурилсан үнэлгээтэй, уян хатан цагийн хуваарьтай байдгаараа онцлог. Нас, хүйс үл харгалзан хэн ч фрилансер болж болно.

    Гол шаардлага бол:Мэдлэг, ур чадвар, хариуцлага.

    Хүмүүс яагаад фриланс ажилд татагдаж байна вэ? 💡

    • Уян хатан цагийн хуваарь – Өдөр, орой, шөнийн аль ч цагт ажиллах боломж. ⏰
    • Байршлын хязгаарлалтгүй – Гэрээсээ, кофе шопоос, эсвэл хөдөө орон нутаг, дэлхийн хаанаас ч ажиллаж болно. 🌍
    • Орлогын олон эх үүсвэр – Нэг байгууллагад хамаарахгүй, олон байгууллагатай зэрэг ажиллах боломж. 💸
    • Өөрийгөө цаг үргэлж хөгжүүлэх – Төсөл бүр өөр шинэ сорилт, шинэ ур чадвар эзэмших боломж. 📚 Өөр өөрийнхөө багш нь болж, өөрийгөө цаг тутамд хөгжүүлэх шаардлагатай.

    Монгол дахь фриланс ажлын бодит байдал ямар байгаа вэ?

    “Монголын Залуучуудын Холбоо”-ны 2023 оны судалгаагаар 📊 18–35 насны залуусын 32% нь фриланс ажил хийж байсан гэж хариулжээ. Энэхүү судалгаа нь  Монголд фриланс ажлын байр эрчимтэй хөгжиж байгааг илтгэж байгаа юм. Ингээд 2025 оны байдлаар Монголд хөгжиж буй хамгийн түгээмэл фриланс ажилтай танилцацгаая.

    • Дижитал маркетинг, сошиал медиа менежмент 📱
    • График дизайн, UX/UI 🎨
    • Вэб сайт, апп хөгжүүлэлт
    • Орчуулга, контент бичих
    • Онлайн сургалт, зөвлөх үйлчилгээ

    Тулгарч буй саад бэрхшээл:

    • Нийгмийн хамгаалалт дутмаг – Freelance ажилчид хөдөлмөрийн гэрээний хамгаалалт, тэтгэвэр, эмнэлгийн үйлчилгээ авах боломж компани, ямар нэгэн газрын гэрээт ажилтныг бодоход бага байдаг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг хуваариа сар бүр өөрөө төлөх ёстой гэсэн үг.
    • Орлогын тогтворгүй байдал – Ажлын тасралтгүй байдал, орлогын тогтвортой байдал нь одоо ч энэ салбарын сорилт хэвээр байна.
    • Платформын хомсдол – Гадаад сайтууд (Upwork, Fiverr гэх мэт) англи хэл шаарддаг бол Монголд энэ төрлийн платформ хараахан хангалттай хөгжөөгүй.
    • Нийгмийн буруу ойлголт – “Гэрээсээ ажилладаг” = “Ажилгүй” гэх хандлага одоо ч байдаг.

    Ирээдүй ямар байх вэ?

    • Монголд зориулсан freelance платформууд бий болсноор энэ ажлын байрны эрэлт улам нэмэгдэнэ.
    • НДШ, хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэх шаардлага бий.
    • Орон нутгийн залуусыг чиглэсэн сургалт, менторшип хөтөлбөрүүд улам нэмэгдэнэ.
    • Компаниуд freelance мэргэжилтнүүдтэй илүү нээлттэй хамтарч ажиллахад бэлэн болно.

    Freelance ажил бол зөвхөн гэрээсээ тухтай ажиллах тухай биш, харин хувь хүний бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөө, олон улсын түвшинд өрсөлдөх боломж юм. Монголд энэ чиглэл өнөөдрийн байдлаар хангалттай хөгжөөгүй байгаа ч ирээдүйд ажлын байрны нэгэн төрөл болон байр сууриа бататгах нь гарцаагүй болжээ.

    Эцэст нь хэлэхэд — фриланс бол ирээдүй биш, аль хэдийнээ эхэлчихсэн одоо цаг. Харин энэ боломжийг ашиглах эсэх нь таны гарт байна.

  • Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Анхны өдөр гэгээлэг орчин, найрсаг инээмсэглэл дунд угтан авсан шинэ ажил тань хэдхэн долоо хоногийн дараа сэтгэл зовоосон, дарамттай санагдаж эхэлсэн бол яах вэ? Хэрэв та өөрийгөө буруу газар ирчихсэн мэт мэдэрч, саяхан ажилд орсон ч хаа нэг тийш зугтмаар санагдаж байвал — асуудлыг зөвхөн өөрөөсөө бус, харин ажлын орчноосоо нэг сайн харж дүгнэх хэрэгтэй.             

    LinkedIn-ийн 2024 оны “Workplace Trends” судалгаагаар мэргэжилтнүүдийн 63% нь “red flag” буюу анхааруулах дохио мэдрэгдэх үед шинэ ажлын байр хайж эхэлдэг гэжээ.

    Таны ажиллаж буй байгууллагад дараах 7 анхааруулах дохио ажиглагдаж байна уу?

    1.  Ажлын үүрэг тодорхойгүй, байнга өөрчлөгддөг

    Анкет илгээхэд бичсэн ажил үүргээс тэс өөр зүйл хийж байвал, эсвэл өдөр бүр шинэ даалгавар өгч, хариуцлага, чиглэл нь тодорхойгүй байвал энэ нь удирдлагын менежментийн сул тал, ажилтны эрхийг үл хүндэлж буйн хамгийн том илрэл юм.

    2. Илүү цагаар ажиллуулдаг ч нөхөн олговоргүй

    Зарим үед илүү цагаар ажиллах шаардлагатай байж болно. Гэвч энэ нь тогтмол, нөхөн төлбөргүй, зохион байгуулалтгүй бол таны ажил амьдралын тэнцвэр алдагдаж байна гэсэн үг.

    3. Хов жив, дарамт, ялгаварлал давамгайлсан орчин

    Хов жив, ялгаварлал, дарамт шахалт мэдрэгддэг бол энэ нь хортой соёл тогтсоны илрэл. Ийм орчинд бүтээлч байдал, итгэлцэл, хамтын ажиллагаа хөгждөггүй.

    4.  Хүний нөөцийн бодлого сул, ажилтнаа үл ойшоодог

    Гомдол гаргах боломжгүй, санал санаачилга сонсогддоггүй, дүрэм журам ойлгомжгүй бол байгууллага таныг хүн биш “нөөц” гэж үзэж байгаагийн дохио юм.

    5. Шүүмжлэлээр удирдаж “айдас дээр суурилсан” соёл

    Хүн бүр алдаанаасаа суралцаж, илүү сайжирдаг. Алдаанаас суралцах орчин байх ёстой атал ажилтнууд буруудах вий, алдчихвий гэж айж, илүү их стресстэй ажилладаг бол энэ нь урам зориг, бүтээмжид ноцтой сөргөөр нөлөөлдөг.

    6. Байнга шинэ хүмүүс ирж, тогтвортой ажилтан байдаггүй

    Шинэ хүн ирээд удахгүй ажлаа орхидог бол энэ нь байгууллагын соёл, удирдлагын арга барилд ноцтой асуудал байгааг илтгэнэ.

    7.  Таны үнэ цэнийг үгүйсгэж, хөгжих орон зай үгүйсгэдэг

    Хичнээн сайн ажилласан ч үнэлэгддэггүй, итгэл хүлээлгэдэггүй, өсөх боломжгүй бол энэ орчинд таны ирээдүй гэрэлтэй байх магадлал багатай.

    Хэрэв дараах шинжүүдээс 2 буюу түүнээс олон нь танд танил санагдаж байвал та асуудлыг үл тоох бус, өөрийгөө хамгаалах цаг иржээ.

    Тэгвэл одоо би юу хийх хэрэгтэй вэ? 

    • Цалин, туршлагад хууртах бус бодит нөхцөл байдлаа үнэлээрэй.

    • Найдвартай хүний нөөцийн мэргэжилтэн, эсвэл итгэлтэй нэгэнтэй нээлттэй ярилц.

    • Өөрийгөө буруутгах бус, зорилгоо санаж шийдвэр гарга.

    Таныг үнэлдэггүй, байнгын стресс, дарамт үүсгэдэг орчноос холдох зоригтой байгаарай. Та найрсаг, тогтвортой, хөгжих боломжтой орчинд ажиллах боломжтой, үнэ цэнтэй мэргэжилтэн юм шүү.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

     

  • Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын зар харангуутаа “За, ийшээ шууд анкет илгээе” гэж боддог уу? Гэхдээ түр азнаарай… доорх чухал 10 асуултуудыг өөрөөсөө асуусны дараа анкет илгээвэл  илүү оновчтой, өөрт тохирсон урт хугацааны зөв сонголт хийж чадах болно шүү.

    1. Би энэ ажилд үнэхээр дуртай юу?

    • Та энэ ажлыг хийхдээ сэтгэл ханамжтай байж чадах уу?
    • Эсвэл зүгээр л орлогын хэрэгцээнээс үүдэн анкетаа илгээж байна уу? гэдгийг заавал өөрөөсөө асуугаарай.

    Судалгаагаар  дуртай ажлаа хийдэг хүмүүсийн бүтээмж 33%-иар өндөр, ажлын байрандаа тогтвор суурьшилтай байх нь 2 дахин илүү байдаг.

    2. Ажлын байрны шаардлага миний ур чадвар хэр нийцэж байна вэ?

    • Ажлын байранд дурдсан шаардлагуудтай та нийцэж байна уу?
    • Ур чадварынхаа түвшинг бодитоор дүгнэж чадсан уу?

              Санамж: Таарахгүй ажлын байранд анкет илгээх нь таны өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.

    3. Байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлтэй би нийцэж чадах уу?

    • Ямар байгууллагад анкетаа илгээж байгаагаа судалж үзсэн үү?
    • Тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс таатай санагдаж байна уу?

    Жишээ: Та бүтээлч, уян хатан орчинд ажиллах дуртай бол, хэт их шат дамжлага бүхий байгууллагад дасан зохицох хэцүү байж мэднэ.

    4. Энэхүү ажлын байр ирээдүйд карьерын өсөлт хийх боломжтой юу?

    “Ямар ч ажил байхад болно” гэж яарах биш, “энэ ажилд орсноор ирээдүйд карьерын хувьд өсөн дэвших боломжтой юу?” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зүгээр л ажилтай болохоос илүү, энэ сонголт таны кареерийн замд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тунгаах хэрэгтэй.

    5. Миний CV тухайн ажлын шаардлагад нийцэж байна уу?

    Хэт ерөнхий, эсвэл нэг загварын хэдэн жилийн турш ашиглаж байгаа CV нь HR-ийн анхаарлыг татах магадлалыг бууруулдаг. Тухайн зарын шаардлагад нийцүүлэн CV-гээ өөрчилсөн үү? ЭНД ДАРЖ тухайн ажлын байранд таны CV хэдэн хувь тохирч байгааг ганц товшилтоор мэдээрэй.

    6. Би яагаад энэ ажилд орохыг хүсэж байна вэ?

    • Яагаад энэ байгууллага?
    • Яагаад энэ албан тушаал?

    Энгийн мэт боловч энэ асуултад хариулахдаа өөртөө үнэнч хандаж, өөрийн зорилго, сонирхлыг тодорхойлж чадвал та бусдаас ялгарч чадах болно.

    7. Миний давуу ба сул тал энэ ажилд хэрхэн нөлөөлөх вэ?

    • Аль чадвараа бүрэн ашиглаж чадах вэ?
    • Ямар сул тал дээрээ анхаарах хэрэгтэй вэ?                                                                                                                                                                                                                                                                  Бие даан, бодитоор өөрийгөө дүгнэх цаг иржээ. Аль давуу талаа илүү ашиглаж, ямар сул талаа сайжруулах шаардлагатай вэ гэдгээ ойлгож байж анкет илгээх нь ажилд орох дараа дараагийн алхмуудыг илүү хөнгөвчилж өгнө.

    8. Өмнөх ажлын туршлагаасаа ямар ур чадварыг энэ ажилд ашиглаж чадах вэ?

    • Сургалт, клуб, сайн дурын ажил — бүгдийг тооцоорой.
    • Ямар чадваруудыг шууд ашиглаж болох вэ?

    Жишээ: Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан бол бичгийн болон судалгааны чадвараа тодотгох дасгал ажлуудыг хийж үзээрэй.

    9. Би энэ байгууллагад ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

    Таныг ажилд авах хамгийн том шалтгааныг өөрөөсөө асуугаарай: “Би юу хийж чадах вэ?”

    10. Анкет илгээсний дараа би юу хийх вэ?

    • Хариу хүлээгээд суух уу, эсвэл өөр ажил судлах уу ?
    • Тухайн ажлын байртай холбогдох дугаар луу залгаад өөрийгөө танилцуулж, анкет илгээснээ мэдэгдэхэд буруудах зүйл байхгүй шүү.

    Анкет бол зүгээр нэг файл биш. Энэ бол таныг танилцуулах, үнэлүүлэх, мөрөөдлийн ажилд хүрэх гүүр юм. Тиймээс анкет илгээх бүрдээ өөрөөсөө эдгээр 10 асуултыг асууж, үнэхээр таны хүсэн хүлээж буй, үнэ цэнийг тань ойлгож үнэлэх газар мөн эсэхийг шалгаарай.

    Дараагийн алхам: Та эдгээр асуултад хариулж дууссан бол, одоо CV болон анкетынхаа чанарыг ЭНД ДАРЖ сайжруулаарай.