Tag: #CVБичих

  • Ажил хайхдаа анхаарах 10 чухал зүйл

    Ажил хайхдаа анхаарах 10 чухал зүйл

    Ажил хайна гэдэг бол зүгээр нэг зарын дагуу анкет бөглөөд, хариу хүлээж суухаар хязгаарлагддаггүй үйл явц бөгөөд энэ нь амьдралын дараагийн алхмаа төлөвлөх, мэргэжлийн өсөлт хөгжил, хувийн зорилгоо биелүүлэх чухал үе шат юм. 

    Хэсэг зуур ажил эрхлэхгүй байх нь хувь хүнийг бухимдалтай, тодорхойгүй байдалд хүргэж болох ч үүнийг шинэ боломжуудыг эрэлхийлж, өөрийгөө илүү сайн таньж мэдэх сайхан боломж хэмээн харах нь зөв юм. Өөрт хамгийн сайн тохирох ажлаа олохын тулд бид анкет бөглөхөөс илүү зүйлийг хийх шаардлагатай болдог. Үүнд өөрийгөө бэлтгэх, зорилгоо тодорхойлох, зах зээлээ ойлгох, сэтгэлзүйгээ ч давхар бэлдэх зэрэг хамаарна.

    Ажил хайж буй тухайн хугацаа танд өөрийгөө нээх, юунд үнэхээр дуртай вэ гэдгээ ойлгох, мөн ирээдүйн замналаа илүү ухаалгаар төлөвлөх ховор боломжийг өгнө гэдэгт бүү эргэлзээрэй. Хэрвээ та системтэй, зорилготойгоор ажил хайж чадвал зөвхөн ажилтай болох бус харин сэтгэл ханамжтай, тогтвортой, өөрийн хөгжлийг дэмжих орчныг бий болгох бодит боломжийг олж авах юм.

    Тэгвэл юунд анхаарч, хэрхэн энэ үйл явцыг илүү үр дүнтэй, ухаалгаар давж гарах вэ? Энэхүү нийтлэлээр бид ажил хайж буй талентуудын амжилттай ажлаа олоход туслах заавал анхаарах ёстой 10 чухал зүйлийг танилцуулж байна.

    1. Өөрийгөө зөв тодорхойлох

    Ажил хайх эхний алхам бол өөрийгөө сайн таньж мэдэх юм. Та ямар чиглэлд, ямар төрлийн ажилд хамгийн тохирох вэ? Таны мэдлэг, туршлага, ур чадвар юунд илүү тохирох вэ? Энэ бүхнийг тодорхой болгоогүй байхад зөв ажилд орох магадлал тэр хэмжээгээр багасдаг. Өөрийгөө тодорхойлох нь таны ажил олох зорилгыг илүү нарийвчлан чиглүүлж өгнө.

    2. Мэргэжлийн CV бэлдэх

    CV бол таныг ажил олгогчид танилцуулах нэрийн хуудас юм. Хэт урт, эмх замбараагүй, алдаатай CV таныг ажилд авахаас татгалзах шалтгаануудын нэг болдог. CV-г нэгээс 2 хуудсанд багтаан, боловсрол, ажлын туршлага, гол амжилт, ур чадвараа тодорхой илэрхийлсэн байх хэрэгтэй. Мөн CV-гээ тухайн ажлын байр бүрийн шаардлагад нийцүүлэн тохируулж бичих нь зүйтэй.

    3. Cover Letter буюу хавсралт захидал бэлдэх

    Ихэнх ажил хайж буй хүмүүс cover letter бичдэггүй. Гэтэл энэ нь таны сонирхсон байгууллагад ажиллах хүсэл, бэлтгэлтэй байдал, өөрийгөө илэрхийлэх чадварыг харуулах хамгийн чухал бичиг болох юм. Үүнийг бичихдээ тухайн компанийн талаар судалсан гэдгээ илтгэж, яагаад уг ажилд тохирох хүн бэ гэдгээ товч бөгөөд үнэмшилтэй илэрхийлээрэй.

    4. Ажил олгогч байгууллагын талаар судалгаа хийх

    Сонирхсон ажлын байр, компанийнхаа талаар урьдчилан судалж, тэдний эрхэм зорилго, үнэт зүйл, соёлын тухай мэдэх нь таны ярианд итгэл нэмнэ. Мөн өөрийнхөө үнэт зүйлтэй хэр нийцэж байгааг ойлгох нь тухайн ажлын байранд ирээдүйд сэтгэл ханамжтай ажиллах үндэс болдог.

    5. Платформуудыг үр дүнтэй ашиглах

    Өнөө үед ажил хайх хамгийн хялбар, үр дүнтэй арга бол онлайн платформуудад бүртгүүлж, профайлаа бүрэн бөглөж, танилцуулга мэдээллээ байнга шинэчилж байх нь чухал. Мөн та зарим linkedin зэрэг платформд өөрийгөө сурталчлах агуулга, пост бичиж, харилцааны сүлжээгээ тэлж ч болно.

    Та Lambda платформд талентаар бүртгүүлээрэй. Тохирсон ажлаа амжилттай олоход тань бид тусална.  

    6. Хүрээлэл үүсгэх буюу Networking

    Зарим ажлын байр танилын хүрээгээр олддог. Найз нөхөд, өмнө хамт ажиллаж байсан хүмүүс, сургуулийн танилуудтайгаа байнга холбоотой байж, ажил хайж буйгаа мэдэгдэх нь нээлттэй үүд хаалгыг бий болгох юм.

    7. Ажлын ярилцлагад бэлтгэх

    Ажлын ярилцлага нь өөрийгөө хэрхэн илэрхийлж чадаж байгааг баталж харуулах үе юм. Түгээмэл асуултуудад хариулах бэлтгэл хийх (“Өөрийгөө танилцуулаач?”, “Таны давуу, сул тал юу вэ?”) нь амжилттай ярилцлага өгөх үндэс юм. Биеийн хэлэмж, хувцаслалт, цаг баримтлал зэргийг ч мөн мартаж болохгүй.

    8. Цагийн менежмент, тууштай байдал

    Ажил хайх үйл явц нь заримдаа хурдан үр дүн өгөхгүй тохиолдол бий. Гэхдээ та өдөрт тодорхой цагийг ажил хайхад зарцуулж, зорилгоо бичин, хяналт тавьж чадвал амжилтад хүрэхэд илүү ойртох болно. Тууштай байх нь хамгийн чухал билээ.

    9. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх

    Технологийн эрин үед өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай. Та олон улсын онлайн сургалтын платформуудаар дамжуулан шинэ ур чадвар зайнаас эзэмшиж, сертификат авснаар өөрийгөө өрсөлдөгчдөөс ялгаруулж чадна. Хэрэв ажилд ороогүй ч суралцсаар байгаа бол энэ нь ажил олгогчдод эерэг сэтгэгдэл төрүүлдэг.

    10. Сэтгэлзүйгээ бэлдэх

    Ажилд орж чадахгүй удах тохиолдолд сэтгэлээр унах нь элбэг. Гэхдээ татгалзсан хариу бүр таныг илүү зөв газар хүргэх шат болдгийг санах хэрэгтэй юм. Амралт авч, сэтгэлзүйн дархлаагаа дэмжих нь таны дараагийн алхамд илүү амжилт авчрах болно.

    Ажил хайна гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх, илүү зөв сонголт хийх боломж билээ. Та зорилгоо тодорхойлж, өөрт тохирсон ажлаа системтэйгээр хайж, дээрх алхмуудыг ухаалгаар хэрэгжүүлбэл зөвхөн ажилтай болоод зогсохгүй, урт хугацааны сэтгэл ханамжтай карьерт хөл тавих болно.

    💡 Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Төстэй нийтлэл унших: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

  • Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө

    Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө

    Их, дээд сургуулиа төгсөөд амьдралын дараагийн шат руу алхан орох мөчдөө “Одоо би яах вэ?”, “Хаанаас эхлэх вэ?” гэх зэрэг асуулт олон залуусын бодолд эргэлддэг. Туршлагагүй учир байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэсэн сэтгэл түгшилт, итгэл алдрах мэдрэмж төрөх нь гарцаагүй. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Учир нь тохиромжтой ажлаа олох нь сайн бэлтгэл, мэдээлэлтэй байх, тууштай байдал зэргээс хамаарна.

    Энэ нийтлэлдээ төгсөгчдийг анхны ажлын байр руу хөтлөх 7 алхмыг зөвлөгөө болгон хүргэж байна.

    1. Өөрийгөө таньж мэд

    Ирээдүйн карьерын суурь бол чи өөрөө. Анхны ажлаа олохын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол өөрийгөө ойлгох юм. Сэтгэлд нийцээгүй ажил хийх нь цаг хугацаа, эрч хүчний гарз болдог. Иймд:

    Ямар чиглэлд ажиллахыг хүсэж байна вэ?
    Тухайлбал: Хүний нөөцийн менежмент, маркетинг, програмист, нийгмийн ажилтан гэх мэт.

    Чи ямар чадвартай вэ?
    Сургуулийн төгсөлтийн ажил, клуб, сайн дурын ажил, дадлага зэргээ эргээд харах.

    Ажлын орчин, байгууллагын соёл чухал уу?
    Том корпораци, групп компани, дунд түвшний бизнес, эсвэл стартап гэх мэтээс аль чамд тохирох вэ?. Мэргэжлийн зан төлөвийн тестүүд (MBTI, DISC) бөглөж, өөрийгөө илүү гүнзгий ойлгож болно.

    2. CV/Resume болон Cover Letter

    Хамгийн эхний сэтгэгдэл төрүүлэх танилцуулга, хамт илгээх “би яагаад энэ ажилд тохирох вэ?” гэдгийг илэрхийлэх захидлаа маш сайн боловсруулж бичих хэрэгтэй.

    Resume бичихэд анхаарах зүйлс:

    • 1-2 хуудаст багтаах хэрэгтэй 

    • Төгссөн сургууль, мэргэжил, голлох хичээлүүдээ дурдах

    • Дадлага, төслийн ажил, сайн дурын туршлага гэх зэрэг мэдээлэл

    • Чадварууд (Excel, Photoshop, багийн ажил, илтгэх ур чадвар гэх мэт)

    Cover Letter зөв бичих тухайд:

    • Яагаад энэ байгууллагад ажиллахыг хүсэж байгаагаа тодорхой тайлбарлана.

    • Өөрийн туршлага, ур чадварыг ажлын байрны шаардлагатай холбож бичээрэй.

    3.  Ажлын заруудыг идэвхтэй хайх

    Ажил хайх платформ, мэдээллийн сувгуудыг тогтмол шалгаж, өөрт тохирсон боломжуудыг судлаарай.

    Өдөрт дор хаяж 30 минутыг зар хайхад зориулах нь зүйтэй. Lamda.global нь хиймэл оюун ухаан ашиглан таны анкетыг судлан үзээд, мэргэжлийн өсөлт хөгжилд тань тохирох карьерийн чиглэлүүдийг тогтоож, тэдгээрт хүрэхэд шаардлагатай ажлын туршлага, мэргэжлийн болон хувь хүний ур чадварууд, мөн шаардлагатай боловсрол, мэргэжлийн мэдлэгийг хэрхэн хөгжүүлэх талаар санал зөвлөмж өгнө.

    4.  Ментортой болох

    Шинэ төгсөгч та ажил, амьдралынхаа гарааг зөв эхлэхийг хүсэж байвал хамгийн түрүүнд ментортой болохыг зөвлөж байна. Туршлагатай ментор танд зөв чиглэлийг зааж, алдаанаас суралцах бус, урьдчилан сэргийлэхэд тусалж, карьерын өсөлтөд тань хурдасгуур болж өгдөг. Мөн ментортой байх нь зөвхөн мэдлэг туршлагаас гадна сэтгэлзүйн дэмжлэг, урам зориг авч, өөрийгөө хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс та өөрийн хүсэж буй салбарын туршлагатай хүмүүсээс суралцах боломжийг ашиглаарай.

    5.  Богино хугацааны ажил, дадлагаас эхэл

    Хэрвээ шууд үндсэн ажил олох амаргүй байвал багаас нь эхэлж, алсыг хараарай.

    • Дадлага 

    • Гэрээт буюу түр хугацаанд гүйцэтгэх ажил

    • Сайн дурын хөтөлбөрүүд
      зэрэг туршлага хуримтлуулах замаар эхэлж болох юм.

    6. Ажлын ярилцлага

    Ярилцлагын үеэр өөрийгөө ойлгомжтой, итгэлтэй илэрхийлэх нь ажил олгогчид хамгийн чухал зүйл. Бэлтгэлгүй хүн сонгон шалгаруулалтаас хасагдах магадлал өндөр байдаг. Харин сайн бэлтгэлтэй бол амжилт тун ойрхон гэдэгт итгээрэй.

    Асуудаг түгээмэл асуултууд:

    • “Өөрийгөө товчхон танилцуулна уу”

    • “Яагаад манай компанид ажиллахыг хүсэж байгаа вэ?”

    • “Таны сул талууд юу вэ?”

    • “Хэцүү нөхцөл байдалд хэрхэн ханддаг вэ?” гэх мэт энгийн асуултуудад бэлэн байгаарай.

    7. Тууштай бай, шантралгүй урагшил

    Ажил хайх нь тэсвэр тэвчээр, тууштай байдлыг шалгах марафон юм. Зарим хүмүүс анхны ажлаа сарын дотор олдог бол зарим нь 3-6 сар, бүр түүнээс ч удаан хайх тохиолдол байдаг. Анхны ажил бол туршлага хуримтлуулах, танилын хүрээгээ үүсгэж тэлэх, мэргэжлийн карьерын суурийг тавих чухал алхам юм. Өөртөө итгэж цаг гарган, өдөр бүр 1% ч гэсэн ахиц гаргаснаар таны хүсэл мөрөөдөл биелэхэд улам ойртсоор байх болно.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.

    Холбоотой нийтлэл унших: CV-гээрээ ялгарч, ажилд орох боломжоо нэмэгдүүл

  • CV-гээрээ ялгарч, ажилд орох боломжоо нэмэгдүүл

    CV-гээрээ ялгарч, ажилд орох боломжоо нэмэгдүүл

    Таны танилцуулгыг ажил олгогч дунджаар 30 секунд л уншдаг…

    Та ажилд орохоор хувийн танилцуулгаа илгээж байхдаа ажил олгогч таны мэдээллийг хэдэн минутын турш анхааралтай уншина гэж боддог уу? Үнэндээ бол ихэнх сонгон шалгаруулагчид 30 секунд хүрэхгүй хугацаанд л CV-гээс тань анхны сэтгэгдлээ авчихдаг.

    Тэгвэл энэ богино хугацаанд тэд таныг хэрхэн хардаг бол? Таны CV хангалттай сайн байж чадаж байгаа юу? CV бол зүгээр нэг танилцуулга төдий текстийн жагсаалт биш харин таны өөрийгөө “брэнд” болгон харуулах том боломж юм. Тиймээс мэргэжлийн, товч бөгөөд нүдэнд тусахуйц, итгэл төрүүлэхүйц байх нь хамгийн чухал.

    Curriculum Vitae нь таны боловсрол, ажлын туршлага, ур чадвар, амжилтыг дэлгэрэнгүй илэрхийлсэн албан баримт юм. Ялангуяа төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны салбарт ажиллахаар сонирхож буй хүмүүст илүү мэргэжлийн дэлгэрэнгүй танилцуулга шаардлагатай байдаг.

    Харин Resume бол CV-ийн товч, оновчтой хувилбар бөгөөд үүнийг 1-с 2 хуудсанд багтааж гол чадвар, туршлаг зэргээ онцлолж бичдэг. Ерөнхийдөө анхаарал татах зорилготой, таныг товч тодорхой танилцуулдаг хувийн сурталчилгаа гэж ойлгож болно. Resume-г ашиглан та тухайн ажлын байрны шаардлагад нийцэх ур чадваруудаа шууд тодорхой илэрхийлэх боломжтой.

    CV, Resume-д ямар мэдээллүүд байх хэрэгтэй вэ?

    1. Хувийн мэдээлэл: /Овог нэр, холбоо барих утас, и-мэйл хаяг, одоо амьдарч буй хот, сошиал аккаунт холбоос гэх зэрэг мэдээллүүд/

    2. Товч танилцуулга: /Богинохон 2–3 өгүүлбэрээр та хэн бэ, ямар ажил хайж буй зорилгоо тодорхой илэрхийлэх/

    3. Боловсрол: /Сургууль, мэргэжил, сургалт болон тэдгээрийн огноо/

    4. Ажлын туршлага: /Байгууллагын нэр, албан тушаал, ажилласан хугацаа, гүйцэтгэсэн үүрэг, амжилтууд/

    5. Ур чадварууд: /Зөөлөн чадварууд: Багийн ажил, харилцаа, манлайлал.  Мэргэжлийн чадварууд: MS Office, график дизайн, программ хангамж гэх мэт/

    6. Хэлний мэдлэг: /Англи хэл: Дунд, сайн, мэргэшсэн гэх мэт болон бусад хэлний түвшин/

    7. Гэрчилгээ, сургалт: /Хамааралтай сертификат, курсын нэр, олгосон байгууллага/

    Сайн CV-тэй болохын тулд анхаарах зарим зүйлс:

    1. Товч бөгөөд тодорхой бичээрэй. Тухайлбал, “Маркетингийн салбарт 2 жил ажилласан, сошиал медиа стратеги боловсруулах, баг удирдах туршлагатай.”

    2. Мэргэжлийн загвартай байх. Харагдах байдал чухал тул загварт нь анхаарлаа хандуулаарай.

    3. Үр дүнтэй ажлуудаа онцол. Тухайлбал, “3 сарын дотор 20%-ийн борлуулалтын өсөлт бий болгосон” гэх мэт тодорхой үр дүнгээ хуваалцаарай.

    4. Ажлын байр бүрд тохируулан бичих. Таны CV бүх ажилд ижил байх албагүй.
    5. Алдаа шалгах. Үг үсгийн алдаагаа заавал шалгах нь чухал юм.

    Харин ажил хайж буй мэргэжилтнүүдийн дунд нийтлэг гаргадаг зарим алдаануудыг дурдвал: Нэг resume-ээ олон газарт илгээх нь ихэнхдээ тохиромжгүй байдаг учраас байгууллага бүрд зориулж тодорхой хэмжээнд өөрчлөн бэлдэх хэрэгтэй юм. Дараагийх нь хэтрүүлсэн мэдээлэл буюу бүр сайн чаддаггүй зүйлээ бичих нь ярилцлагын үеэр оноо алдах нэг шалтгаан болдог. Мөн зорилго тодорхойгүй байх нь дараа дараагийн шатны сонгон шалгаруулалтад сөргөөр нөлөөлдөг тул  “Би цаашид борлуулалтын салбарт өсөн дэвших зорилготой” гэх мэтээр зорилгоо тодорхой илэрхийлээрэй. Энэ нь таныг ирээдүйд хэрхэн өсөн дэвжихээр зорьж буй хувийн зорилготой тань нийцэх ёстой юм.

    Мөн түүнчлэн ажлын зар дээрх түлхүүр чадваруудыг CV-дээ багтаагаарай. Жишээ нь “контент стратеги”, “дата анализ”, “онлайн сурталчилгаа” гэх мэтээр онцолж бичих нь мэдээллээ тодорхой илэрхийлж, цаг хугацааг ч хэмнэх давуу талтай юм.

    Нэмэлт зөвөлгөө: Онлайн орчинд оролцоо сайжруулах буюу Linkedn, Lambda зэрэг платформ дээр хувийн профайл үүсгэж, идэвхтэй оролцох нь илүү олон ажил олгогчдод таныг таних боломж олгоно.

    CV/Resume бол таныг төлөөлж өмнөөс тань ярьдаг  чухал баримт гэдгийг бүү мартаарай. Иймд өөрийгөө хамгийн сайн хувилбараар харуулсан, онцлог давуу талуудыг тань тодотгосон CV-тэй байх нь таны ирээдүйг тодорхойлоход эерэг нөлөө үзүүлэх болно.

    Энд дарж хуучин танилцуулгаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. lambda AI  технологиор таны CV/Resume-г шинэчилж, дараагийн ажлаа амжилттай олоход тань тусална. 

  • Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

    Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

    Шинэ ажил хайж буй хэн бүхэнд зориулав. 

    Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн хөдөлгөөн эрчимжиж, ажиллах хүчний шилжилт, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлага тасралтгүй өөрчлөгдөж байна. Үүний зэрэгцээ хүмүүс ажлын байр болон салбараа солих хандлагатай болж, шинэ боломж, илүү утга учиртай карьерын замналыг эрэлхийлэх нь нэмэгдсээр.

    Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлүүд нь: хэт ачаалалтай ажиллах орчин, хангалтгүй цалин, карьерын зогсонги байдал, мөн байгууллагын соёл, үнэт зүйлсийн зөрчилдөөн гэх мэт болно.

    Хүн бүр эдгээр саадтай ялгаатай байдлаар тулгарч байгаа ч, нийтлэг нэг хандлага ажиглагдаж байгаа нь тухайн нөхцөл байдалд өөрийгөө шүүмжлэх, буруутгах, оновчтой шийдвэр гаргах итгэлгүй байх явдал юм.

    📌Ажил хайх, ажлаа солих үедээ өөрийгөө хайрлаж сурах нь

    Ажил хайх эсвэл тохиромжгүй ажлаа солих нь өөрийнхөө үнэ цэнийг илрүүлж, амьдралын дараагийн шатанд бэлдэх чухал үе юм. Энэ тохиолдолд заримдаа бид өөртөө хэт хатуу хандаж, сэтгэлээр унах, өөрийгөө голох мэдрэмж төрөх нь түгээмэл. Гэвч энэ үе шат бол өсөлт, өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд та өөртөө итгэж, өөрийгөө хайрлахад суралцан, итгэлтэйгээр үргэлжлүүлэх нь амжилтын түлхүүр болдог.

    Ажлаа солих, эсвэл шинээр ажил хайх тухай шийдвэр гаргах үед “Ажил олдохгүй бол яах вэ?”, “Шинэ хамт олон намайг хүлээж авах болов уу?”, “Шинэ ажилд амжилттай ажиллаж чадах уу?” гэх мэт эргэлзээ төрж, сэтгэлийн түгшүүр бий болох нь хэвийн зүйл. Эдгээр мэдрэмж нь магадгүй одоогийн ажилдаа сэтгэл ханамжгүй байгаагийн шинж байж болох бөгөөд илүү сайхан амьдрал, карьерын өсөлтийг хүсэж байгаагийн илрэл юм. Та 5 жилийн өмнөхөөсөө эерэгээр өөрчлөгдөж, илүүг хүсэж, үнэ цэнээ ойлгож эхэлж байж ч болно.


    Ажил хайх нь өөрчлөлтийн эхлэл 

    Залуусын дунд “Ажлаасаа гарсан эсвэл сольж байгаа хүн бол бүтэлгүйтсэн хүн” гэсэн түгээмэл ойлголт олонтаа ажиглагддаг.  
    Үнэн хэрэгтээ энэ үе бол өөрийгөө эрэлхийлж, үнэ цэнээ мэдэрсэн хэн бүхний карьерийнхаа хувьд ухаалаг алхам хийж буй эерэг үйл явц юм.

    Та бүтэлгүйтээгүй, харин боломжоо хайж байна

    Сонгон шалгаруулалт амжилтгүй болсон үед “Би хангалтгүй юм байна” гэж өөрийгөө буруутгах хэрэггүй. Үүний оронд та зөв бөгөөд өөрт тохирсон боломжоо хайж байгаа гэдгээ ойлгоорой. Амжилт хүн бүрт өөр өөр цагт ирдэг бөгөөд таны амжилт ойрхон байгаа.

    Ажил солих нь айдас биш, өсөлтийн эхлэл юм

    Шинэ орчин, шинэ хамт олон, шинэ даалгавар нь эхэндээ айдас төрүүлэх мэт боловч таны дараагийн шатны өсөлтөд түлхэц өгдөг. Хэрэв одоогийн ажил таны үнэт зүйлс, эрүүл мэнд, сэтгэл зүйг золиосолж байвал өөрчлөлт хийх нь зоригтой, зөв шийдвэр юм. Харин та өөрийгөө сорьж, суралцаж, хөгжихэд бэлэн байх хэрэгтэй.

    Амжилт гэдэг зөвхөн албан тушаал биш 

    Ажлын санал хүлээж авахгүй, хүссэн ажилдаа хараахан ороогүй байх нь таны үнэ цэнийг бууруулахгүй. Та гэр бүлдээ илүү чанартай цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлж, тэвчээртэйгээр ажил хайж, олон шалгуурыг даван туулж байгаа нь ч амжилт билээ . Эдгээр өдрүүдэд өдөр бүр ажил хайж, хүсэлт илгээж буй бол таны хичээл зүтгэл, өсөлтийн илэрхийлэл гэдэгт итгээрэй.

    Өөртөө дараах үгсийг хэлж, сэтгэлзүйн дархлаагаа дэмжээрэй

    • Би хичээж байна.
    • Би үнэ цэнтэй.
    • Би боломжоо олох болно.

    Өөрийгөө хайрлаж, дэмжиж урам өгч, өдөр бүр та нэг алхам урагшилж байгаа гэдэгтээ итгээрэй.

    📝 Өөрийгөө бодитоор үнэлж CV-гээ шинэчилж илүү мэргэжлийн болго

    Мэргэшсэн туршлага, чадвараа бичихээс гадна өөрийн үнэт зүйлс, зорилгоо тусгах нь чухал.

    💻 Ажлын санал хүлээж байх хугацаандаа өөрийгөө хөгжүүл 

    Хэл сурах, онлайн курс зэрэг нь таны ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэлбэр юм.

    Өөртөө хатуу хандахаас хэрхэн сэргийлэх вэ?

    • Бусдын амжилттай өөрийгөө бүү харьцуулаарай. Таны аялал өөрийн гэсэн хурдаар өрнөж байгаа үнэ цэнтэй түүх юм.

    • CV дээрээ “би чадна” гэдгээ нотлоорой. Өмнөх ажлын амжилт, төслүүд тань дараагийн боломжийг бий болгоно.

    • Завсарлага авсан ч сэтгэлээр бүү унаарай. Энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэх боломж болгон ашигла.

    💬 Одоогийн ажлаа солих шийдвэр гаргахдаа анхаарах зүйлс

    1. Таны үнэт зүйлс байгууллагын соёлтой таарч байгаа юу?

    2. Ур чадвараа хөгжүүлэх боломж бий юу?

    3. Санхүүгийн одоогийн нөхцөл таны амьдралд эерэг нөлөө үзүүлж байна уу?

    4. Өглөө ажилдаа урамтай очиж байна уу?

    Хэрвээ та эдгээр асуултад “Үгүй” гэж хариулж байгаа бол, магадгүй шинэ ажлын талаар бодож эхлэхэд яг тохирсон цаг.

    Таны сэтгэл зүйн тогтвортой байдал бол тохиромжтой ажил олох хамгийн хүчтэй зэвсэг юм.

    • Өөрийгөө дэмждэг орчинг бүрдүүл — найз нөхөд, ментор, мэргэжлийн хүрээлэлтэй болох
    • Юу хүсэж байгаагаа тодорхойл — санхүү, амьдралын хэв маяг, карьерын зорилго гэх мэт
    • Өнөөдрөөс эхэл — нэг анкет илгээх, нэг ярилцлагад оролцох нь ч таны урагшлах алхам юм
    • Өөрийгөө гололгүй, давуу талуудаа тодорхойлоорой

    Та CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.

    💡 Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Өөртөө итгэж, урагшилцгаая!