Tag: үр дүнтэй харилцаа

  • Харилцааны ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

    Харилцааны ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

    Өдөр бүр бид нийгмийн харилцаанд оролцож, сонсож, ойлгуулж, бас бусдыг сонсож байдаг. Харин ажил дээр харилцаа зөв явагдахгүй бол санаачилга хэрэгжихгүй, багийн уур амьсгал хүйтэн, төслийн үр дүн бүрхэг болдог. Хөдөлмөрийн зах зээлд ажил олгогчдын хамгийн их үнэлдэг зөөлөн ур чадвар бол харилцаа юм. Ажлын ярилцлага, багийн хамтын ажиллагаа, харилцагчийн үйлчилгээ гээд амжилттай ажиллах бүхий л орчны үндэс нь харилцаанд оршдог.

    Харилцааны ур чадвар гэж яг юу вэ?

    Харилцаа гэдэг бол сонсох, ойлгох, хүндэтгэх, мэдрэх, илэрхийлэх олон хэлбэртэй ур чадвар юм.

    Идэвхтэй сонсох — бусдыг таслахгүй сонсож, гол санааг ойлгож, эргүүлэн бататгах

    Ойлгомжтой ярих — чухал санааг тодорхой, энгийн үгээр илэрхийлэх

    Биеийн хэлээр харилцах — нүүрний илэрхийлэл, харц, дохио зангаа

    Сэтгэл хөдлөлийн хяналт — сөрөг мэдрэмжийг зохицуулж, эерэгээр хандах

    Зөрчлийг шийдэх чадвар — уян хатан, шийдэлд чиглэсэн байдлаар хандах

    Яагаад энэ чадвар хэрэгтэй вэ?

    Харилцааны ур чадвар нь хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй чадваруудын нэг бөгөөд ажил горилогч, ажилтны хувьд карьерын амжилттай салшгүй холбоотой. Ажлын ярилцлагын үеэр өөрийгөө итгэлтэй, тодорхой илэрхийлэх нь ажил олгогчид таны чадамж, хандлагыг илүү ойлгомжтойгоор мэдрэх боломжийг олгодог. Мөн ажлын байран дээр багийн гишүүдтэйгээ зөрчил багатай, ойлголцолтой ажиллах, харилцагчийн итгэлийг олж авах, удирдлагатайгаа нээлттэй, үр дүнтэй харилцах нь ажлын бүтээмж, уур амьсгалд шууд нөлөөлдөг. Ийм эерэг, итгэлцэлтэй орчныг бүрдүүлэхэд зөвхөн юу хэлж байгаа нь бус, хэрхэн хэлж байгаа нь ч чухал. Үгний өнгө аяс, биеийн хэлэмж, сонсох чадвар зэрэг нь таны харилцааг илүү үр дүнтэй болгож, урт хугацааны мэргэжлийн харилцааг бүтээдэг.

    Харилцааны ур чадвараа хөгжүүлэх аргууд

    1. Өдөр бүр идэвхтэй сонсох дадал хэвшүүлэх

    Ямар ч харилцаа зөв сонсохоос эхэлдэг. Яриаг нь анхааралтай сонсож, дахин хэлж баталгаажуулах нь бусдыг ойлгосон гэдгийг илтгэнэ.

    2. Энгийн, ойлгомжтой, сэтгэлд хүрсэн хэлээр ярих

    Ажлын орчинд тодорхой, хэрэгцээтэй мэдээллийг цэгцтэйгээр илэрхийлэх нь цаг хэмнээд зогсохгүй  харилцан ойлголцлыг сайжруулдаг.

    3. Нүдээрээ харилцаж, эерэг дохио өгөх

    Хамгийн хүчтэй харилцаа үгээр бус, харцаар дамждаг. Нүд рүү харах, инээмсэглэх, толгой дохих зэрэг дохио нь итгэлцлийг нэмэгдүүлнэ.

    4. Илэрхийлэл, сэтгэл хөдлөлөө хянаж сурах

    Уур, бухимдал, сэтгэл хөдлөлөө шууд гаргах нь мэргэжлийн бус харагддаг. Харин тайвнаар илэрхийлэх, шүүмжийг зөв хүлээн авах нь ур чадварын илрэл юм.

    5. Зөрчилд ухаалгаар хандах

    Харилцаанд санал зөрөлдөх үе зөндөө тохиолддог. Энэ үед “Би ойлгож байна, гэхдээ…” гэх мэт зөөлөн, нээлттэй хэлбэрээр ярих нь тааламжтай орчныг бүрдүүлдэг.

    6. Ялгаатай хүмүүстэй харилцах туршлага хуримтлуул

    Нас, хүйс, албан тушаал, үзэл бодлын ялгаа нь харилцааг сорьж байдаг. Харин үүнээс суралцаж, өөрийн хандлагаа уян хатан болгох нь өсөлтийг авчирна.

    7. Цахим харилцаан анхаарах

    И-мэйл, мессеж зэрэг бичгийн харилцаанд ч эелдэг, ойлгомжтой байх нь чухал. Товч тодорхой, мэргэжлийн, албан ёсны байдлыг хадгалаарай.

    8. Өөрийгөө үнэлж, хөгжүүлэх боломжийг эрэлхийл

    Сургалт, ном, подкаст, илтгэлийн клуб зэрэгт хамрагдах нь таныг өдөр бүр өөр түвшинд хүргэх болно.

    Харилцааны ур чадвар гэдэг нь төрөлхийн биш хөдөлмөрөөр олддог чадвар юм. Таны өдөр тутмын дадал, өөрийгөө хөгжүүлэх хүсэл, бусдыг ойлгох оролдлого бүрийн цаана энэ чухал чадвар бий болдог. Аливаа ажилд таныг бусдаас ялгаруулах зүйл бол зөвхөн мэргэжлийн мэдлэг биш харин бусадтай харилцах ур чадвар байдаг юм шүү.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.