Tag: Ярилцлагын зөвлөгөө

  • Ажлын ярилцлагад тэнцдэггүй нийтлэг шалтгаанууд

    Ажлын ярилцлагад тэнцдэггүй нийтлэг шалтгаанууд

    Ажлын ярилцлагад өөрийгөө сайн илэрхийлсэн гэж бодсон ч тантай эргэж холбогдоогүй тохиолдол гарч байна уу? Яг ийм нөхцөлд хүн өөрийн эрхгүй “Юуг буруу хийчхэв?” гэж эргэцүүлж эхэлдэг.

    Гэхдээ санаа зоволтгүй энэ мэдрэмж бол ажил хайх үйл явцад олон хүнд тохиолддог хэвийн зүйл юм. Үнэндээ HR мэргэжилтнүүд олон хүчин зүйлсийн нийлбэр, байгууллагын тухайн үеийн хэрэгцээ, дотоод нөхцөл байдал зэргээс шалтгаалж тухайн шийдвэрийг гаргадаг. Харин сонгон шалгаруулалтад орсон хүмүүстээ цаад шалтгаануудыг ихэвчлэн нээлттэй бас үнэнээр нь хэлдэггүй.

    Тиймээс бид энэ нийтлэлээр хүний нөөцийн ажилтны танд хэлдэггүй ч бодитоор нөлөөлдөг 6 шалтгааныг хуваалцаж байгаа юм. Үүнийг мэдсэнээр та дараагийн боломжийг атгаж, амжилтад хүрэхэд илүү бэлтгэлтэй байх болно.

    1. Та ур чадвартай ч өөр нэг нь танаас илүү байсан

    Танд шаардлагатай туршлага, боловсрол, ур чадварууд бүгд байсан ч, тухайн ажлын байранд өөр нэг нэр дэвшигч арай илүү тохирсон гэж үзсэн байж болно. Эцсийн шийдвэрт жижигхэн ялгаа ч их зүйлийг хэлж мэднэ. Хөдөлмөрийн зах зээл бол тэр чигтээ өрсөлдөөн юм. Тиймээс бусдаас ялгарч харагдах нь чухал.

    Боломж бүрийг өөрийгөө харуулах зэвсэг болгон ухаалгаар ашиглаарай. CV resume, танилцуулга, дагалдах захидалдаа тухайн албан тушаалд яг тохирох ур чадвар, туршлагаа тодорхой, оновчтой илэрхийлж бичээрэй.

    2. Компанийн соёлд тохироогүй

    Аливаа байгууллага өөрийн гэсэн дотоод соёл, үнэт зүйлс, харилцааны хэв маягтай байдаг. Хэдийгээр таны ур чадвар сайн байсан ч энэ орчинд удаан, тогтвортой ажиллах хүн шиг санагдаагүй бол таныг тэд сонгохгүй байх магадлалтай юм. Тиймээс ярилцлагын үеэр байгууллагын үнэ цэнэ, соёлын талаар дэлгэрэнгүй асуугаарай.

    3. Таны туршлага илүү эсвэл дутуу байсан

    Зарим байгууллагууд хэт их туршлагатай хүнийг авахгүй байж болно. Яагаад гэвэл өндөр цалин шаардах, удаан үлдэхгүй байх, эсвэл байгууллагын соёлд тохирохгүй байхаас болгоомжилдог. Нөгөө талаас, та магадгүй хангалттай туршлагатай биш байж ч болно. Ийм учраас тухайн ажлын шаардлагад өөрийн туршлагаа нийцүүлж сонголтоо хийхээс гадна, ярилцлагын үеэр суралцахад бэлэн байгаагаа илэрхийлэх нь мөн чухал юм.

    4. Ярилцлагын үеэр харилцааны ур чадвар хангалтгүй байсан

    Өөрийгөө ойлгомжтой, эерэг, уян хатан байдлаар илэрхийлж чадахгүй байх нь том сул талууд болдог. Сонгон шалгаруулалтын үеэр зөвхөн таны туршлагаас гадна харилцааны ур чадварыг маш их чухалчилдаг. Ярилцлагын өмнө тодорхой хэмжээнд асуултуудад хариулах бэлтгэл хийж, найзтайгаа эсвэл ai-тай ярилцаж дадлага хийхийг зөвлөж байна.

    5. Тогтвор суурьшилгүй ажилласан түүхтэй байсан

    Хэт олон ажлаас богино хугацаанд гарч байсан бол хүний нөөц таныг удаан тогтохгүй хүн гэж бодож магадгүй юм. Үүнийг тэд эрсдэл гэж үздэг.

    Тиймээс та өмнөх ажлуудаасаа гарсан шалтгаан бүрийг эерэг байдлаар тайлбарлаж, дараагийн боломжийг илүү урт хугацаанд харж байгаа гэдгээ харуулахыг хичээгээрэй.

    6. Ярилцлагын дараа талархал илэрхийлээгүй

    Энгийн боловч маш чухал алхам бол ярилцлагын дараа илгээх талархлын и-мэйл эсвэл зурвас юм. Энэ нь таны мэргэжлийн байдал, ажилд хандах хандлагыг илэрхийлдэг үзүүлэлт билээ. Тиймээс “Ярилцлагад оролцох боломж олгосонд баярлалаа. Танай байгууллагад хувь нэмэр оруулахад бэлэн байна.” гэсэн агуулгатай и-мэйлийг 24 цагийн дотор илгээгээрэй.

    Өнөөдөр ажлын ярилцлагад тэнцээгүй нь таны ур чадвар дутагдсан гэсэн үг биш юм. Заримдаа тухайн ажлын байр танд тохиромжгүй байсан байж болно. Иймээс аливаа сөрөг хариуг хэт хүндээр хүлээж авалгүйгээр алдаанаасаа суралцаж, илүү бэлтгэлтэйгээр дараагийн боломжуудаа ашиглаарай. Үүний тулд ярилцлагын үеэр гарсан асуултууд, түүний хариултыг тэмдэглэж, мөн байгууллагаа судлан, ярилцлагадаа урьдчилж бэлдэхийг зөвлөж байна.

    Дараагийн өөрт тохирох ажлаа амжилттай олоход тань LAMBDA тусална. Мөн талент та илүү олон карьер төлөвлөлтийн зөвлөгөө, туршлагыг LAMBDA BLOG -оос уншаарай.

    Төстэй нийтлэл унших: Ажлын ярилцлагад өөрийгөө зөв илэрхийлэх нь

  • Ажлын ярилцлагад өөрийгөө зөв илэрхийлэх нь

    Ажлын ярилцлагад өөрийгөө зөв илэрхийлэх нь

    Ажлын ярилцлага гэдэг бол өөрийгөө хамгийн сайн талаас нь танилцуулах үнэ цэнтэй боломж юм. Гэхдээ заримдаа бид зөв хариулж байна гэж бодсон ч, ярилцлага авч буй хүн таны чадвар, туршлагыг бүрэн дүүрэн ойлгохгүй үлдэх үе бий. Энэ нь ихэнхдээ өөрийгөө тодорхой, нээлттэй илэрхийлж чадаагүйгээс болдог.

    Өөрийн туршлага, ур чадварыг ойлгомжтой бөгөөд итгэлтэйгээр илэрхийлэх нь таныг бусдаас ялгаруулж чадна. Тиймээс энэхүү нийтлэлээр дамжуулан ажлын ярилцлагад итгэлтэй оролцож, өөрийгөө зөв харуулахад туслах үр дүнтэй аргуудыг Lambda тантай хуваалцаж байна.

    Бэлтгэлтэй байх нь амжилтын үндэс

    Ярилцлага бол та тухайн байгууллагын үнэт зүйлтэй хэр нийцэж байгаагаа харуулах хамгийн чухал мөч байдаг. Тиймээс байгууллагын үйл ажиллагаа, соёл, нээлттэй ажлын байрны шаардлага зэргийг урьдчилан судлаарай. Мөн өөрийн туршлага, ур чадвараас жишээнүүд бэлдэж, ямар нөхцөлд, яаж асуудлыг шийдсэн талаараа бодитоор ярих нь сонгон шалгаруулах шатанд итгэл төрүүлэх давуу талтай.

    Товч, тодорхой хариулах

    Хэт урт, тойруу хариулт нь анхаарал сарниулах, гол санааг ойлгуулахгүй байх эрсдэлтэй юм. Тиймээс гол санаагаа нэгээс хоёр өгүүлбэрт багтааж, дараа нь жишээгээр дэлгэрүүлэн тайлбарлах арга барилыг хэрэглэж яриарай. Ингэснээр таны яриа ойлгомжтой, уялдаатай буюу илүү цэгцтэй сонсогддог.

    Эерэг өнгө аястай хандах

    Ямар ч асуултад хариулахдаа эерэг хандлага, шийдэлд чиглэсэн сэтгэлгээг харуулах нь чухал юм. Хүнд нөхцөл байдалд орж байсан ч тэр үед юуг сурсан, хэрхэн давсан тухайгаа онцлох нь таны мэргэжлийн хандлагыг илтгэнэ. Сөрөг туршлагыг хүртэл эерэг сургамж болгон ярьж чаддаг хүн бусдаас ялгарч чаддаг.

    Давуу талаа урам зоригтой илэрхийлэх

    Ажлын туршлага, ур чадвараа ярихдаа өөртөө бүрэн итгэлтэйгээр, урам зориг дүүрэн хэлэх нь чухал. Танд байгаа аливаа чадваруудаа зүгээр нэг сайн гэж илэрхийлэхээс гадна ямар үр дүнд хүрч байсан талаар тоо баримттай ярих нь илүү эерэг сэтгэгдэл үлдээдэг.

    Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Биеийн хэлэмж, харилцааны ур чадварыг ашиглах

    Ярилцлага зөвхөн үгээр бус, таны биеийн хэлэмж, нүүрний хувирал, харц, инээмсэглэл зэрэг олон хүчин зүйлээс бүрддэг билээ. Хэт түгдэрч, санаа зовсон, сандарсан харагдах нь сөрөг сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Тиймээс эгц харж ярих, инээмсэглэх, тайван өнгөөр ярихыг хичээгээрэй.

    “Та яагаад энэ ажилд тохирох вэ?” гэсэн асуултад бэлэн байх 

    Ярилцлага бүрийн гол асуулт бол “Бид яагаад таныг сонгох ёстой вэ?” гэсэн асуулт байдаг. Энэ асуултад хариулахдаа өөрийн ур чадвар, байгууллагын хэрэгцээтэй хэрхэн нийцэж буйг, ямар үнэ цэн авчирч чадах вэ гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Энэ бол өөрийн ур чадвар, туршлагаа борлуулах хамгийн чухал мөч юм.

    Асуух асуултуудаа бэлдэх

    Ярилцлагын төгсгөлд “Танд асуух зүйл байна уу?” гэж асуух нь түгээмэл. Харин үүнд “байхгүй ээ” гэж хариулах нь таныг идэвхгүй мэт харагдуулдаг. Тиймээс бизнесийн өсөлтийн төлөв, ажлын байрны өдөр тутмын хариуцлага, багийн соёлын талаар сонирхож асуух нь өөрийн идэвх оролцоо, сонирхлыг харуулах хамгийн сайн арга юм.

    Ажлын ярилцлага бол өөрийгөө хэн болохыг ирээдүйн хамтран ажиллах хүмүүстээ харуулах тайз л гэсэн үг. Өөртөө итгэж, бэлтгэлтэй байж, ойлгомжтой, эерэг хандлагатай ярьж чадвал таны яриа бусдад хүрч, чадвар үнэлэгдэх болно. Хамгийн гол нь өөрийгөө бодитоор, итгэлтэйгээр илэрхийлэх нь таныг амжилтад хүргэх болно.

    Талент та илүү олон карьер төлөвлөлтийн зөвлөгөө, туршлагыг LAMBDA BLOG -оос уншаарай.

    Төстэй нийтлэл унших: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

  • Ажлын Ярилцлагын Үеэр Өөрийгөө Оновчтой Илэрхийлэх Аргууд

    Ажлын Ярилцлагын Үеэр Өөрийгөө Оновчтой Илэрхийлэх Аргууд

    Унших: Ажлын ярилцлагад хэрхэн оновчтой хариулах вэ? STAR, CAR, PAR, SOAR Аргачлалуудын тухай

    Унших: Ажлын ярилцлагад түгээмэл ирдэг асуултууд болон тэдгээрт хэрхэн оновчтой хариулах вэ?

    Ажлын ярилцлага нь таны карьерын чухал шат, шинэ боломжийг нээх түлхүүр байдаг. Тиймээс, ярилцлагын үеэр өөрийгөө оновчтой илэрхийлэх нь таныг мэргэжлийн түвшинд харуулж, ярилцлагын үр дүнд эерэг нөлөө үзүүлэх боломжийг олгодог. Гэхдээ зөв илэрхийлэл нь зөвхөн таны чадвар, туршлагаас гадна таны хандлага, мэргэжлийн ёс зүй, хувийн шинж чанаруудыг ч тодорхойлдог. Тэгвэл ажлын ярилцлагын үеэр өөрийгөө хэрхэн оновчтой илэрхийлэх вэ? Дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр та ярилцлагад амжилттай оролцож, хүссэн ажлаа олох магадлалыг тань нэмэгдүүлэх болно.

    1. Өөрийнхөө чадвар, туршлагыг товч бөгөөд тодорхой илэрхийлэх

    Ажлын ярилцлагад орж байгаа үед таны мэргэжлийн ур чадвар, туршлага хамгийн чухал үүрэгтэй. Гэхдээ хэт урт эсвэл өргөн хэмжээний мэдээлэл өгөх нь ярилцлагачийн анхаарлыг сарниулж болох тул өөрийгөө товч бөгөөд тодорхой, гол зүйлсийг хөндөж илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь, “Өмнөх ажлын туршлагаараа би олон төрлийн төслийг амжилттай удирдаж, баг хамт олонтойгоо үр бүтээлтэй ажиллах чадвар эзэмшсэн” гэх мэтээр товч, дүгнэлттэй ярьж чадвал таны чадварууд илүү тодорхой харагдана.

    2. Амжилттай туршлагаа тоон дүнгээр батлах

    Ажлын ярилцлагын үеэр өөрийнхөө амжилтыг илэрхийлэхдээ тоон үзүүлэлтүүдийг ашиглах нь таны илэрхийллийг илүү бодитой, үнэмшилтэй болгодог. Та өмнөх өөрийн ажлын гүйцэтгэл ялангуяа байгууллагын орлогын өсөлт, төслийн гүйцэтгэл, багийн гүйцэтгэл зэрэг тоон үр дүнгүүдийг ашиглан өөрийн хариуцсан үүрэгт хэрхэн амжилттай ажилласан тухай хэлж болно. Жишээ нь, “Би маркетингийн багийн гишүүнээр ажиллах хугацаандаа сар бүрийн борлуулалтыг 15%-иар өсгөхөд нөлөө үзүүлэн ажилласан. Үүнд би зах зээл дээр гарч буй шинэ бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн ажлыг алхан ажиллаж байсан.” гэдэг нь таны ажилд үр дүнтэй ханддагийг харуулдаг.

    3. Өөрийнхөө сонирхол, үнэт зүйлсийг оновчтой тодорхойлох

    Ажлын ярилцлагад таны мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна, таны хувь хүн болон карьерын зорилго мөн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс өөрийнхөө сонирхол, үнэт зүйлсийг тодорхой, эерэг байдлаар илэрхийлэх нь таныг тухайн ажлын байранд тохирох хүн мөн гэж харуулахад тусална. Жишээ нь, “Би аливаа ажлыг ямагт ул суурьтай харж, мөн бусадтай хамтран ажиллаж асуудлыг шийдвэрлэхийг чухалчилдаг, мөн би инноваци, шинэ санал санаачлагыг дэмждэг орчинд өөрийгөө илүү сорьж, хөгжүүлэхийг хүсдэг” гэдэг нь таны хандлага, карьерын зорилгыг тодорхой илэрхийлнэ.

    4. Өөрийнхөө хүлээлт, төлөвлөгөөний талаар ярих

    Ярилцлагын үеэр та өөрийнхөө ажиллах хүлээлт болон ирээдүйн төлөвлөгөөний талаар ярьж, энэ ажлын байр таны карьерын хөгжилд хэрхэн туслах талаар ойлголт өгөх хэрэгтэй. Энэ нь таныг зөвхөн одоогийн шаардлагаар бус, ирээдүйд ч амжилттай ажиллах боломжтой гэдгийг харуулдаг. Жишээ нь, “Энэ ажлын байр нь миний ур чадвар, туршлагыг өргөжүүлэх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. Мөн би энэ байгууллагад удаан хугацаанд хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэх мэт.

    5. Биеийн хэлэмжийг зөв ашиглах

    Ярилцлага явагдаж байгаа үед зөв биеийн хэлэмж нь таны харилцаа, хандлагыг тодорхойлох чухал хүчин зүйл юм. Хэтэрхий их хөдөлгөөн хийх, эсвэл тохиромжгүй байрлалд суух нь ярилцлагын үеэр ажил олгогчид сөргөөр нөлөөлж буруу сэтгэгдэл төрүүлж болох тул биеийн хэлэмжийг зөв ашиглах нь чухал. Өөрийгөө итгэлтэй, эерэг байдлаар илэрхийлэхийн тулд:

    • Биеийн хэлэмжээ тайван, нээлттэй байлгах.
    • Нүдний харц, биеийн хөдөлгөөнөө тогтуун байлгах.
    • Хариулт хэлэхдээ удаан, ойлгомжтой байхад анхаарах.

    6. Ирсэн асуултуудад эерэг хариулт өгөх

    Ажил олгогчын зүгээс ярилцлагын үеэр танаас асууж буй асуулт бүрт эерэг, ойлгомжтой хариулт өгөх нь чухал. Тухайн асуултад хариулахдаа та зөвхөн өөрийн мэдлэг ур чадвараас гадна, аливаад хандах хандлагаа ч мөн давхар илэрхийлж байдгыг санах хэрэгтэй. Жишээ нь, “Хэрэв би ажил дээр маань ямар нэг асуудал тулгарвал, тухайн ажилд хамааралтай хүмүүст мэдээлэл хүргэх, мөн бусадтай хамтран ажиллах ямар арга зам байгааг хайж, хамгийн сайн шийдлийг олохыг зорьдог” гэж хэлснээр таны хариулт зөвхөн ур чадвар бус, багийн ажиллагаа, асуудал шийдвэрлэх ур чадвартай гэдгийг тань давхар харуулах болно.

    7. Алдааг хүлээн зөвшөөрч, сурсан зүйлсээ хэлэх

    Ажлын ярилцлагын үеэр ажил олгогчид хүмүүсийн амжилттай туршлагаас гадна тэдний гаргасан алдааг хэрхэн даван туулсаныг мэдэх нь чухал байдаг. Өмнөх ажил эсвэл амьдралд гаргасан алдаа байдаг бол, түүнийгээ хүлээн зөвшөөрч, хэрхэн сайжирч, суралцсан тухайгаа хэлэх нь таныг өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн болон цаашид хэр бүтээмжтэй ажиллах чадвартай гэдгийг илэрхийлдэг. Гэхдээ алдаа гаргадаггүй хүн байдаггүй боловч алхам тутамдаа алдаа гаргаж түүнийг засаж явдаг мэт сэтгэгдэлийг төрүүлэхээс зайлс хийгээрэй.

    Дүгнэлт

    Ажлын ярилцлага нь таныг хэрхэн оновчтой, итгэлтэй, харилцааны ур чадвартайгаар илэрхийлэх боломжийг олгодог чухал үе юм. Өөрийгөө зөв илэрхийлэх нь таны мэргэжлийн туршлагаас гадна таны хандлага, үнэт зүйлс, хувийн шинж чанаруудыг бас харуулдаг. Тиймээс ярилцлагын үеэр өөрийн туршлага, амжилт, зорилгоо тодорхой, эерэг байдлаар илэрхийлэх нь таныг хамгийн тохиромжтой өрсөлдөгч болгох хамгийн сайн арга юм.