Tag: Ярилцлага

  • “Цалин тохиролцоно” гэж яг юу гэсэн үг вэ?

    “Цалин тохиролцоно” гэж яг юу гэсэн үг вэ?

    Анхнаасаа ухаалгаар тохиролцох ба цаашид цалингаа нэмүүлэх арга

    Ажлын заруудын дийлэнх нь “цалин тохиролцоно” гэсэн өгүүлбэртэй байдаг. Хамгийн түгээмэл хэрнээ хамгийн бүдэг ойлголт. Анх харахад боломж нээлттэй мэт санагдаж болох ч бодит байдал дээр энэ нь ажил горилогч болон ажил олгогчийн хоорондын хүлээлт, ойлголцол зөрөх эхлэл болдог. Хэн нэг нь өндөр цалин хүлээж байхад нөгөө нь хэмнэхийг зорьдог.

    2024 онд Zangia.mn-ээс явуулсан судалгаагаар ажил хайгчдын 68% нь “ажлын зар дээр цалингийн мэдээлэл байхгүй байвал тухайн зарыг сонирхох нь багасдаг” хэмээн хариулжээ. Гэвч нийт ажлын зарын 70 гаруй хувь нь “цалин тохиролцоно” гэсэн ерөнхий үгээр орлуулсан хэвээр байна.

    Glassdoor платформын олон улсын судалгаагаар бол цалингийн мэдээлэл тодорхой байхад ажил горилогчдын 60% нь тухайн компанид итгэх итгэл нэмэгддэг гэжээ. Энэ нь Монголд ч адил, ил тод байдал нь байгууллагын нэр хүндийг өсгөдөг, илүү сонирхол татдаг чухал хүчин зүйл юм. Тиймээс “цалин тохиролцоно” гэсэн үгийн ард таныг хүлээж байгаа нь тодорхой бус хүлээлт биш, харин өөрийгөө зөв илэрхийлж, үнэ цэнээ хамгаалах боломж юм.

    Цалинг зөв тохиролцохын тулд эхлээд бэлтгэл хийх шаардлагатай. Хүмүүс заримдаа “өөрийнх нь үнэ цэнийг байгууллага үнэлнэ” гэж найддаг ч үнэн хэрэгтээ таныг хамгийн сайн мэдэх хүн бол та өөрөө. Монголд технологи, банк, уул уурхай, олон улсын байгууллагын салбарууд хамгийн өндөр цалинтайд тооцогддог. Тухайлбал, Zangia.mn-ийн тайланд дурдсанаар 2024 оны 4-р улиралд IT салбарын дундаж сарын цалин 3.8 сая төгрөг байжээ. Харин боловсролын салбарын дундаж цалин 1.5 сая төгрөгт хүрч байсан байна.

    Ярилцлагын үеэр “танай байгууллагын энэ албан тушаалд тавьж буй цалингийн хүрээ ямар байдаг вэ?” гэж эелдгээр асуух нь хүлээж буй нөхцөлөө ойлгох, бас өөрийн байр сууриа тодорхойлоход тусалдаг. Түүнчлэн, ажлын байр бүрийн цалин зөвхөн тоон дүнгээр бус, ажлын нөхцөл, урамшуулал, хөгжлийн боломж зэргээс шалтгаалж харьцуулагдах учиртай. Ажлын санал хүлээн авч, ажилд орсны дараа ч цалин нэмэгдүүлэх асуудал чимээгүй үлдэх ёсгүй. 2023 онд LinkedIn-ээс явуулсан судалгаагаар нийт ажилтнуудын 35% нь “ажилдаа сэтгэл дундуур байдаг шалтгаан нь шударга бус цалин” хэмээн дүгнэжээ. Гэвч ихэнх нь нэмэхийг хүсдэг ч хэзээ, хэрхэн ярих учраа олдоггүйд учир байгаа юм.

    Цалингаа нэмүүлэхэд та дараах гурван суурь зарчмыг баримтлах хэрэгтэй:

    1. Өөрийн ажлын үр дүнг баримтжуул (зураг, тоо баримт, тайлангаар)
      Юуны түрүүнд хийж буй ажлынхаа үр дүнг бүртгэж сурах хэрэгтэй. Ямар шинэ харилцагч авчирсан, ямар системийг сайжруулсан, ямар үр дүн гаргасан гэх мэт ажлынхаа өгөөжийг товч бөгөөд тодорхой тэмдэглэж байх нь эцэстээ цалин нэмүүлэх ярианы баттай суурь болдог. Хэрвээ байгууллагад performance review буюу ажлын гүйцэтгэлийн үнэлгээ тогтмол хийдэг бол тэр үеийг ашиглан өөрийгөө харуулах, үнэлгээний үр дүнг зөв тайлбарлаж ойлгуулах нь таны эрх.

         2.  Үнэлгээний үеэр тайван, бодитой мэдээлэл дээр үндэслэн ярилцах
    Харин цалин нэмэх хүсэлт тавих үедээ шууд тулгах биш, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа ач холбогдол, үр
    дүн, байгууллагад оруулсан хувь нэмрээ онцолсон байдлаар ярьж чадвал илүү найдвартай үр дүн авчирна. Ямар ч
    тохиолдолд уурласан, тулгасан, сэтгэлийн хөдөлгөөнөөр биш, мэргэжлийн хандлагаар илэрхийлсэн хүсэлт хүлээн
    зөвшөөрөгдөх магадлал өндөр байдаг.

         3.  Урамшуулал, шинэ үүрэг даалгаварт хариуцлагатай хандсан байдлаа онцлох
    Өөрийгөө шинэ үүрэг даалгаварт хариуцлагатай, үр дүнтэй хандаж, санаачилга гарган гүйцэтгэж чадсан байдалаа
    огцлох нь таны үнэ цэнийг баталж, цалинг нэмүүлэхэд хамгийн итгэлтэй үндэслэл болдог.

    Эцэст нь, “цалин тохиролцоно” гэдэг үгний цаана асар их нөхцөл байдал, бодлого, итгэлцэл оршдог. Цалинг зөв тохиролцох, нэмүүлэх гэдэг бол зөвхөн ярианы урлаг бус өөрийгөө хэрхэн үнэлэх, үнэ цэнээ хэрхэн илэрхийлэх гэдэг чадвар юм. Өөрийгөө бэлтгэж, үнэлж, зөв асуултаа тавьж чадвал цалин зөвхөн тоо биш, таны итгэл, боломжийн тусгал болно. Илүү мэргэжлийн түвшинд цалин тохиролцох арга барилд суралцахыг хүсвэл lambda.global таны карьерийн зөвлөх байж чадна.

  • Сонгон шалгаруулалтын процесс ба хэрхэн амжилттай давах вэ?

    Сонгон шалгаруулалтын процесс ба хэрхэн амжилттай давах вэ?

    Сонгон шалгаруулалт нь ажилд орох өргөдөл гаргагчид болон ажил олгогчдын хоорондох гол харилцааны нэг хэсэг бөгөөд энэ нь хүн бүрийн карьерийн замыг тодорхойлох чухал үе шат юм. Сонгон шалгаруулалт зөвхөн ажлын байрны шаардлагыг хангахаас гадна, ажилтны ур чадвар, туршлага, бие даан ажиллах чадвар, багтай ажиллах чадвар, сэтгэлзүй, үнэт зүйлс болон байгууллагын соёлыг хэрхэн тохирох зэрэг олон хүчин зүйлийг шалгадаг. Тиймээс энэ процессыг амжилттай давахын тулд сайн бэлтгэх, өөрийгөө зөвөөр илэрхийлэх, багаар ажиллах, мэдлэг, ур чадвараа хамгийн сайн түвшинд хүргэх шаардлагатай байдаг.

    1. Сонгон шалгаруулалтын процесс

    Сонгон шалгаруулалт гэдэг нь ажил олгогч, байгууллагуудын өргөдөл хүлээн авч, түүнийгээ шүүн тунгаан, хамгийн тохиромжтой ажилтныг сонгон шалгаруулах үйл явц юм. Энэ процесс нь дараах үе шатуудтай байж болно:

    1. Өргөдөл хүлээн авах – Өргөдөл гаргасан хүмүүсийг судалж, анкет, резюмэг шалгах.
    2. Урьдчилсан ярилцлага – Хамгийн тохиромжтой хүмүүстэй онлайн эсвэл утсаар ярилцлага хийж, тэдний ур чадвар, туршлага, сонирхлыг шалгана.
    3. Албан ёсны ярилцлага – Байгууллагын удирдлага эсвэл HR-ийн төлөөлөлтэй биечлэн ярилцлага хийж, хүнээ тодорхойлон шалгана.
    4. Шалгалт, үнэлгээ – Зарим тохиолдолд ажилтанд зарим даалгавар өгөх буюу сэтгэл зүйн эсвэл ур чадварыг үнэлэх тестүүдийг ашигладаг.
    5. Сонгон шалгаруулалт дуусгах – Хамгийн тохиромжтой хүнээ сонгон шалгаруулан ажилд авна.

    2. Сонгон шалгаруулалтад амжилттай оролцох зөвлөмжүүд

    1. Өргөдөл, CV-ээ сайжруулж, тодорхой болгох

    Сонгон шалгаруулалтын анхны шатанд таны өргөдөл болон CV чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс эдгээр бичиг баримтаа тодорхой, цэгцтэй, мэргэжлийн хандах хэрэгтэй.

    • Өргөдөл – Хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцсэн, шинэлэг, тодорхой үгсээр өргөдлөө бичих.
    • CV – Та өөрийн туршлага, ур чадвараа бүх заруудад нэг ижил биш, эсрэгээрээ тухайн ажлын байрны тодорхой шаардлагад нийцүүлэн, онцолж тавьж бичих хэрэгтэй. Үүний тулд зарим тохиолдолд CV-ээ тухайн ажлын байрны нөхцөлд тохируулан засварлах нь ашигтай.

    Унших: Хүчирхэг CV хэрхэн бичих вэ? (+CV хөрвүүлэгч AI)

    2. Сайн бэлтгэлтэй ярилцлага хийх

    Ярилцлагад оролцохын өмнө тухайн компанийн түүх, үйл ажиллагаа, соёл, зах зээл дээрх байр суурийг сайн судалж, хэрхэн ажиллах хүсэлтэй байгаагаа ойлгуулах шаардлагатай.

    • Өөрийгөө танилцуулах – Ярилцлагад тухайн компанид тохирох ур чадвар, туршлагыг яаж хэрэглэж, үр дүнд хүргэхээ ойлгуулах нь чухал.
    • Тодорхой жишээ ашиглах – Өмнөх ажлын туршлага, амжилт, асуудал шийдвэрлэх чадвараа тодорхой жишээтэйгээр хуваалцаж ярь.

    3. Эерэг хандлага болон итгэлцлийг харуулах

    Ярилцлага болон харилцаа бүхэнд эерэг хандлага, итгэлцэл чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь таны өөртөө болон ажлын орчны талаар таны санаа бодлыг илтгэнэ.

    • Өөртөө итгэх – Өөрийн чадвар, туршлагад итгэлтэй байж, чөлөөтэй ярилцах нь чухал.
    • Эерэг хандлага – Таны биеэ авч явах байдал, харилцааны хэмнэл нь эерэг хандлагыг илтгэнэ. Байгууллагад үнэнч, сэтгэл гаргаж ажиллах чадвар чухал.

    4. Ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадвар хөгжүүлэх

    Тухайн ажлын байрны ур чадваруудын жагсаалтыг сайн ойлгох нь амжилттай сонгон шалгаруулах үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс шаардлагатай ур чадварыг сайтар эзэмших, сургалтууд болон нэмэлт мэдлэг олж авах нь танд нэмэлт давуу тал болох болно.

    5. Сэтгэл зүйгээ бэлдэж, өөрийгөө сорих

    Сонгон шалгаруулалт процесс нь зарим тохиолдолд олон төрлийн шаардлагаас үүдэлтэйгээр таньд ихээхэн стресстэй нөхцөл байдлыг үүсгэж магадгүй. Тиймээс сэтгэл зүйгээ зөв байлгаж, эрсдэлтэй нөхцөлд ч тайван байх нь чухал.

    • Сэтгэл зүйгээ бэлдэж – Сайн бэлтгэх нь танд сэтгэл зүйн бэлэн байдлыг нэмэгдүүлнэ.
    • Гэрийн даалгавраа хийх – Өөрийгөө илэрхийлэх, ярилцлаганд амжилттай оролцох боломжийг нэмэгдүүлэхийн тулд өөрийнхөө болон компанийн талаарх судалгаа хийх хэрэгтэй.

    3. Амжилттай сонгон шалгаруулалтаас хойш

    Таныг сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд, цаашдын алхмууд чухал үүрэгтэй. Энэ нь таны ирээдүйн амжилтын үндсийг тавьж өгнө. Та ажилд орсон эхний өдрөөсөө эхлэн бүрэн хариуцлагатай, эерэг хандлагатай байж, баг хамт олонтойгоо хамтран ажиллах нь амжилттай үр дүнгээ өгөх болно.

    Сонгон шалгаруулалтын процесс нь зөвхөн тухайн ажлын байрны шаардлагад нийцсэн хүнийг олохоос гадна байгууллагын соёл, зорилго, амжилтад хүрэх замыг ч тодорхойлох үйл явц юм. Тиймээс энэ процессыг зөв ойлгож, ур чадвар, мэдлэг, сэтгэл зүйгээ зөв түншлэх нь таны карьерийн амжилттай холбоотой чухал хүчин зүйлс юм.

  • Ажлын байрны ярилцлагын төрлүүд

    Ажлын байрны ярилцлагын төрлүүд

    Унших: Ажлын ярилцлагад хэрхэн оновчтой хариулах вэ? STAR, CAR, PAR, SOAR Аргачлалуудын тухай

    Унших: Ажлын ярилцлагад түгээмэл ирдэг асуултууд болон тэдгээрт хэрхэн оновчтой хариулах вэ?

    Хэрвээ та өөрийн хүссэн ажилдаа амжилттай орохыг хүсэж байвал ажлын ярилцлагын үеэр тухайн ярилцлага хийх арга барил болон асуух асуултны төрөл тус бүрт  бүрэн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэрвээ та аливаа ямар нэг төрлийн асуулт, ярилцлагаас анхаарах зүйлсийг мэдэж, суралцвал амжилттай ярилцлагад орж, хүссэн ажлаа олох боломж тань илүү их өсөх болно. Учир нь ажлын ярилцлага нь ажил олгогчид болон ажил горилогчдын харилцан ойлголцлыг бий болгож, ажилд тохиромжтой хүнийг сонгоход чухал үүрэгтэй алхам юм. Гэхдээ ярилцлага бүр өөр өөрийн онцлог, тодорхой зорилго бүхий арга барилыг ашигладаг. Хэрэв та ажлын ярилцлагад орж байгаа бол эдгээр төрлийн ярилцлагуудын талаар мэдэх нь таны бэлтгэлтэй байх, ярилцлагаа амжилттай даван туулахад туслах болно.

    1. Утсан ярилцлага (Phone Interview / Phone Screen)

    Утсаар ярилцлага хийх нь ихэвчлэн анхны шатны ярилцлагын шүүлтүүрийн шатанд хэрэглэгддэг. Ажил олгогчид таны талаарх тодорхой мэдээлэл авахын тулд таны ур чадвар, туршлагын талаар ярилцаж, таны сонирхсон ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээллийг ихэвчлэн өгдөг. Утсаар ярилцлага хийхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

    • Орчны чимээ шуугианаас зайлсхийх
    • Тайлбарлаж байгаа зүйлсийг анхааралтай сонсож, ойлгож, тодруулах асуулт асуух
    • Өөрийгөө бэлэн байлгах, аливаад сатаарахгүй ажил олгогчид гүн сэтгэгдэл төрүүлэхэд анхаарах

    2. Уламжлалт ярилцлага (Traditional Interview)

    Уламжлалт ярилцлага нь хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд таныг ажилд авахаар хүсэж буй байгууллагыг төлөөлсөн сонгон шалгаруулалтын менежер эсвэл таны ажиллах хэлтэс, албаны менежертэй ганцаарчилан уулзалт хэлбэрээр нэг нэгээрээ ярилцдаг ярилцдлага юм. Энэ ярилцлага нь тухайн компанийн соёл, ажлын байрны шаардлагад нийцэу буй эсэхийг тодорхойлоход тусалдаг. Зарим тохиолдолд ялангуяа орчин үед энэ ярилцлагын үеэр виртуал платформ ашиглан уулзалт хийх нь түгээмэл болсон. Энэ ярилцлагын үеэр:

    • Хувцаслалт болон ярилцлагын бэлтгэлд анхаарах
    • Таны ур чадвар, туршлагын талаар асуулт асуухад оновчтой, жишээтэй хариулах
    • Биеийн хэлэмж болон өөртөө итгэлтэй байхад анхаарах

    3. Стресс хэмжих ярилцлага (Stress Interview)

    Стрессийн ярилцлага нь таныг хурцадмал нөхцөлд ажиллах чадварыг шалгах зорилготой. Тухайлбал, та бүх асуултанд түргэн шуурхай хариулах, эсвэл өөрийн сэтгэл санааг удирдах чадварыг үзүүлэх шаардлагатай байдаг. Асуултууд нь таныг сандаргах, сэтгэл түгшүүлэх чиглэлтэй байдаг бөгөөд хэдийгээр стрессийн ярилцлага нь орчин үеийн сонгон шалгаруулалтад ховор хэрэглэгддэг ч, хэрэв ийм төрлийн ярилцлага таарвал:

    • Сэтгэл санаагаа тайван байлгаж, хариултууддаа итгэлтэй байх
    • Нарийвчилсан хариулт шаарддаггүй асуулт асуувал, тайван хариулт өгөх

    4. Цуврал ярилцлага (Serial Interview)

    Цуврал ярилцлага нь хэд хэдэн шаттай, удаан хугацаанд үргэлжлэх ярилцлагын процесс юм. Тухайлбал, эхлээд таныг удирдлагын багийн гишүүдтэй ярилцдаг бол дараа нь тухайн багийн менежертэй болон бусад хамтран ажиллах хүмүүстэй ярилцаж болно. Энэ төрлийн ярилцлага нь ихэвчлэн менежментийн түвшний ажилд орхоор сонирхож буй хүмүүстэй хийгдэхэд тохиромжтой байдаг. Хэрэв та цуврал ярилцлагад орж байгаа бол:

    • Өөрийнхөө давуу болон сул талыг нээлттэй илэрхийлэх
    • Бусад ярилцлагаас олж авсан туршлагуудаа ашиглах
    • Анхааралтай байж, үе шат бүрт бэлтгэлтэй уялдаатай хариулт өгөхөд анхаарах

    5. Өдрийн хоолны үеэрх ярилцлага (Lunch Interview)

    Өдрийн хоолны үеийн ярилцлага нь тухайн компанийн соёлыг илүү сайн танин мэдэх, таны харилцааны ур чадварыг шалгах зорилготой байдаг. Энэ төрлийн ярилцлага нь илүү чөлөөтэй, албан бус байдлаар явагддаг бөгөөд олон хүний өмнө сэтгэл санаа, бие авч яваа байдал зэргээр хандлагыг тодорхойлох зорилготой байдаг. Энэ үед:

    • Зөв, хүндэтгэсэн зан чанар илэрхийлэх
    • Хоол сонгохдоо хэт үнэтэй хоол захиалахгүй байх
    • Ажлын байртай холбоотой асуултуудыг асууж, байгууллагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах

    6. Панел ярилцлага (Panel Interview)

    Панел ярилцлага нь ажил олгогч талаас та хэд хэдэн хүнтэй хамт ярилцлага орох ярилцлагын хэлбэр юм. Энэ төрлийн ярилцлагад нэгээс олон хүн таныг сорьж, асуулт асуух бөгөөд та хамгийн сайн хариултыг өгөхөд анхаарах хэрэгтэй. Панел ярилцлагад орж байгаа бол:

    • Өөртөө итгэлтэй байх
    • Ярилцлагын үеэр аль нэг гишүүнийг онцгойлохгүйгээр бүх асуултад дэлгэрэнгүй хариулах
    • Бүх гишүүдийн асуултад тэнцвэртэй хариулт өгөх

    7. Нөхцөл байдлын ярилцлага (Situational Interview)

    Нөхцөл байдлын ярилцлага нь таны шийдвэр гаргах чадварыг шалгах зорилгоор бодит амьдрал дээр тохиолдож болох нөхцөл байдлыг танилцуулж, таниас тухайн нөхцөл байдал хэрхэн хариу үйлдэл үзүүлэх байсан талаарх хариултыг хүсдэг. Эдгээр асуултууд нь таны ур чадвар, туршлагаас хамаарч шийдвэр гаргах чадварыг шалгадаг. Энэ төрлийн ярилцлагад:

    • Туршлага дээр суурилсан хариулт өгөх
    • Бодит жишээн дээр төвлөрч, хэрхэн шийдвэр гаргах вэ гэдгээ харуулах
    • Ийм төрлийн нөхцөл байдлыг хэрхэн удирдах талаар танилцуулж байх

    Ажлын ярилцлагын төрлүүд нь таныг ажил олгогчын зүгээс хамгийн сайнаараа таних боломжыг олгоно. Ажлын ярилцлагын төрлүүдэд тохируулан өөрийн туршлага, ур чадварыг тодорхойлох, өөрийгөө амжилттай илэрхийлэх нь амжилттай ярилцлага хийх түлхүүр юм. Тиймээс, эдгээр төрлийн ярилцлагуудад бэлтгэлтэй байж, өөрийн мэдлэг, ур чадвараа оновчтой, бүрэн илэрхийлэхэд анхаарах хэрэгтэй.