Tag: цалин тооцоолох

  • Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Өөрт тохирсон ажил хайн ажлын зар гүйлгэж байх зуур “Цалин тохиролцоно” гэсэн мөрийг олон удаа харж байсан байх. Миний бодож байгаа цалинг өгч чадах болов уу? Яг хэдэн төгрөгний цалин гэдгийг нь бичээгүй нь сэжигтэй санагдаж эргэлзээд өнгөрөх тохиолдол нэлээдгүй билээ. Энэхүү нийтлэл танд эргэлзээ болж үлдсэн асуулт болгонд хариултаа авахад туслана гэж найдаж байна. 

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг нь:

    Цалин тохиролцоно гэх үг  нь ажил олгогчийн зүгээс цалингийн тодорхой дүнг заахгүйгээр, ирээдүйн ярилцлагаар тохиролцоно гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэхүү хэллэг нь зарим үед тодорхой бус байдал, цалингийн шударга бус тогтолцоог далд хэлбэрээр хадгалсаар байх нэг шалтгаан болдог.

    “Цалин тохиролцоно” гэх үг нь ямар утга агуулдаг вэ?

    1. Ил тод бус байдал – Цалингийн мэдээлэлгүй зар нь ажил горилогчдод харьцуулалт хийх, өөрийн ур чадвартаа тохирсон боломжийг үнэлэх боломжийг хязгаарладаг.
    2. Жендэрийн ялгаа нэмэгдэх эрсдэлтэй – Судалгаагаар, эмэгтэй ажил горилогчид өөрсдийн чадвараа дутуу үнэлэх хандлагатай байдаг тул ижил ажлын байрны цалинг бага санал болгох эсвэл хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байдаг.
    3. Харилцааны тэгш бус байдал – Ажил олгогч нь мэдээллийг нууцалж, харин ажил горилогч өөрийн туршлага, шаардлагыг бүрэн илэрхийлэх ёстой болдог. Энэ нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бий болгодог.

    Яагаад зарим байгууллага цалингийн хэмжээг заадагүй вэ?

    • Шууд өрсөлдөгчиддөө байгууллагын мэдээллээ алдахаас сэргийлдэг.
    • Байгууллагын доторх цалингийн зөрүүгээ нууцлахыг хүсдэг.
    • Боломжит хамгийн бага цалинг өгөхийг илүүд үздэг байна.

    Цалингийн хэмжээг ил тод байлгах нь яагаад чухал вэ?

    • OECD (2023) оны судалгаагаар, цалингаа нууцалдаг болон “тохиролцоно” гэх хэллэг ашигладаг орнуудад эмэгтэйчүүдийн цалин ижил ажлын байранд 13–18% бага байдаг нь тогтоогдсон. Энэ нь эмэгтэйчүүд өөрсдийн цалинг илүү доогуур санал болгодог, эсвэл байгууллагууд “тохиролцох” нэрийн дор хямд үнэлдэгтэй холбоотой.
    • АНУ-ын Калифорни, Нью-Йорк, Вашингтон мужуудын хөдөлмөрийн хуульд 2023 оноос эхлэн “ажлын зар дээр цалингийн доод, дээд хязгаарыг заавал оруулах” шаардлагыг хуульчилжээ. Энэ нь ажил горилогчдын мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжсэн, Цалингийн ялгааг бууруулсан, Байгууллагуудын нэр хүндийг өсгөсөн байна.

    Цалингийн тодорхойгүй байдал нь зөвхөн байгууллагын асуудал биш юм. 

    Энэ нь хөдөлмөрийн зах зээл дэх шударга байдал, тэгш эрх, нийгмийн итгэлцэлд шууд нөлөөлдөг. Шинээр ажилд орж тухайн байгууллагатай цалин тохиролцохдоо “Та ямар хэмжээний цалин хүсэж байна вэ?” гэдэг асуултад бэлэн бай. Мөн өөрийн орохыг хүсэж буй ажлын байрны зах зээл дээрх дундаж цалинг судалж, өөрийн ур чадвар, туршлагыг харгалзан үзэж өөрийн хүсэж буй цалингийн хэмжээгээ хэлэх нь зохимжтой юм. Ингэснээр дийлэнх хүмүүсийн цалин тохиролцохдоо гаргадаг нийтлэг алдаанаас сэргийлэх боломжтой. Энгийнээр хэлэхэд цалин тохиролцох гэдэг нь байгууллага болон ажилчид хоорондын “үнэ цэнэ”-г тэнцүүлж буй хэрэг юм. https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү? 

     

     

  • Цалингаас илүү 4 өдөр ажиллах, гэрээсээ ажиллахыг эрхэмлэж байна

    Цалингаас илүү 4 өдөр ажиллах, гэрээсээ ажиллахыг эрхэмлэж байна

    Lambda.Global дээр бид саяхан сонирхолтой судалгаа явуулж, ажил горилогчид болон мэргэжилтнүүд ажилд орохдоо хамгийн их чухалчилдаг ажилчдад зориулсан хангамж болон урамшуулал (employee benefits) юу болохыг тодрууллаа.

    Бидний тавьсан асуулт бол:

    “Та доорх 4 хангамжаас алиныг нь илүүтэй үзэх вэ?”

    Нийт 4900+ хариулт ирсэн. Хариултууд дараах байдлаар байлаа:

    • Цалингаа 20%-аар нэмүүлэх

    • 7 хоногт 4 өдөр ажиллах

    • Чадварлаг удирдлагатай байх

    • Алсаас/гэрээсээ ажиллах

    Судалгааны үр дүн (LinkedIn + Facebook нийлбэрээр):

    • 7 хоногт 4 өдөр ажиллах — 36% (LinkedIn 38%, Facebook 34%)

    • Алсаас/гэрээсээ ажиллах — 30% (LinkedIn 25%, Facebook 35%)

    • Цалингаа 20%-аар нэмүүлэх — 20% (LinkedIn 18%, Facebook 22%)

    • Чадварлаг удирдлагатай болох — 14% (LinkedIn 19%, Facebook 9%)

    Гол дүгнэлт:

    Эдгээр үр дүнгээс харахад ажлын уян хатан байдал хамгийн чухал хангамж болж байна. Цалингийн нэмэгдлээс илүүтэйгээр, хүмүүс ажлын цагийн хуваарь болон ажиллах орчны уян хатан байдалд илүү анхаарч байгаа нь тодорхой байна.

    • 4 өдөр ажиллах хүсэл: Монголын залуус ажлын ба амралтын тэнцвэрийг эрхэмлэх болсон байна.

    • Алсаас ажиллах хүсэл: Гэрээсээ эсвэл дурын газраас ажиллах боломж нь ажилтнуудын хувьд маш том давуу тал болж байна.

    • Цалин: Мэдээж цалин өсөх нь чухал ч, амьдралын чанарыг сайжруулах боломжуудыг мөн өндөр үнэлж байна.

    • Удирдлагын чанар: Чадварлаг удирдагчтай хамтран ажиллах хүсэл бага хувийг эзэлсэн ч, энэ нь байгууллагын соёл болон хөгжлийн хувьд орхигдуулж болохгүй зүйл юм.

    Яагаад энэ мэдээлэл чухал вэ?

    Компаниуд хүний нөөцийн бодлогоо шинэчлэхдээ зөвхөн цалин нэмэхэд анхаарах бус, уян хатан ажлын нөхцөл бий болгох хэрэгтэй болжээ. Remote work, hybrid work, 4-day work week зэрэг загварууд Монголын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй болж эхэлж байна.

    Мөн шинэ үеийн мэргэжилтнүүдийн хувьд амьдрал-ажлын баланс, сэтгэл ханамж нь цалингийн нэмэгдлээс ч илүү чухалд тооцогдож байна.

  • Цалингаа хэрхэн бодох вэ?

    Цалингаа хэрхэн бодох вэ?

    Энэхүү нийтлэлээрээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу цалингаа хэрхэн тооцоолох талаар хуваалцах болно. Энэ мэдээлэл нь ажилчид болон ажил олгогчдод цалин хөлс, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг зөв тооцоолоход тус болох юм.

    Үндсэн цалин

    Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр тогтоодог. 2025 оны 4 сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь сарын 792,000 төгрөг байна. 

    Үндсэн цалингийн тооцоолол:

    • Хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин
    • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байх

    Нийгмийн даатгалын шимтгэл

    Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу, ажил олгогч болон ажилтан дараах шимтгэлийг төлөх үүрэгтэй:

    Ажилтны төлөх шимтгэл (нийт 11.5%):

    • Тэтгэврийн даатгал: 8.5%
    • Тэтгэмжийн даатгал: 0.8%
    • ҮОМШӨДаатгал: 0.0%
    • Ажилгүйдлийн даатгал: 0.2%
    • Эрүүл мэндийн даатгал: 2.0%

    Ажил олгогчийн төлөх шимтгэл (ангиллаас хамаарч нийт 12.5%, 13.5% эсвэл 14.5%):

    • Тэтгэврийн даатгал: 8.5%
    • Тэтгэмжийн даатгал: 1.0%
    • ҮОМШӨДаатгал: 0.5%, 1.5%, эсвэл 2.5% (ажлын нөхцөлөөс хамаарна)
    • Ажилгүйдлийн даатгал: 0.5%
    • Эрүүл мэндийн даатгал: 2.0%

    Өндөр цалинтай ажилчдын онцлог

    Хэрэв таны сарын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин их буюу 7,920,000 төгрөгөөс дээш байвал нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн 7,920,000 төгрөгөөс тооцно. Энэ тохиолдолд төлөх хамгийн их нийгмийн даатгалын шимтгэл нь 910,800 төгрөг (7,920,000 × 11.5%) байна. Энэ нь өндөр орлоготой иргэдэд хэт их татвар ноогдохоос сэргийлэх зорилготой юм.

    Хувь хүний орлогын албан татвар

    Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу цалин хөлснөөс 10%-ийн татвар төлдөг. 2020 оноос эхлэн хөнгөлөлтийн хэмжээ цалингийн хэмжээнээс хамаарч дараах байдлаар тогтоогдсон:

    ХХОАТ хөнгөлөлт 2020 он

    Д/д ОЗЦ-с НДШ 11,5% хассан дүн /төгрөгөөр/ Сарын хөнгөлөлт
    1 0-500,000 20,000
    2 500,001-1,000,000 хүртэл 18,000
    3 1,000,001-1,500,000 хүртэл 16,000
    4 1,500,001-2,000,000 хүртэл 14,000
    5 2,000,001-2,500,000 хүртэл 12,000
    6 2,500,001-3,000,000 хүртэл 10,000
    7 3000,001-3,500,000 хүртэл

    Өндөр цалинтай ажилчдын төлөх хувь

    Хэрэв таны жилийн цалин 120,000,000 төгрөгөөс дээш бол ХХОАТ-г 10 хувиар бодохгүй. 2022 оны шинэчлэн найруулсан “Хувь хүний орлогын албан татварын хууль”-ийн 21.1-д зааснаар  “…120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.” гэсэн байдаг. 

    Цалин тооцоолох жишээ

    Жишээ 1: 1,000,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтан

    1. Нийгмийн даатгалын шимтгэл: 
      • 1,000,000 × 11.5% = 115,000 төгрөг
    2. Татвар ногдох орлого: 
      • 1,000,000 – 115,000 = 885,000 төгрөг
    3. Хувь хүний орлогын албан татвар: 
      • 885,000 × 10% = 88,500 төгрөг
      • Татварын хөнгөлөлт: 18,000 төгрөг (орлого 500,001-1,000,000 төгрөг хооронд)
      • Төлөх татвар: 88,500 – 18,000 = 70,500 төгрөг
    4. Гарт олгох цалин: 
      • 1,000,000 – 115,000 – 70,500 = 814,500 төгрөг

    Жишээ 2: 2,500,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтан

    1. Нийгмийн даатгалын шимтгэл: 
      • 2,500,000 × 11.5% = 287,500 төгрөг
    2. Татвар ногдох орлого: 
      • 2,500,000 – 287,500 = 2,212,500 төгрөг
    3. Хувь хүний орлогын албан татвар: 
      • 2,212,500 × 10% = 221,250 төгрөг
      • Татварын хөнгөлөлт: 12,000 төгрөг (орлого 2,000,001-2,500,000 төгрөг хооронд)
      • Төлөх татвар: 221,250 – 12,000 = 209,250 төгрөг
    4. Гарт олгох цалин: 
      • 2,500,000 – 287,500 – 209,250 = 2,003,250 төгрөг

    Жишээ 3: 2,700,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтан

    1. Нийгмийн даатгалын шимтгэл: 
      • 2,700,000 × 11.5% = 310,500 төгрөг
    2. Татвар ногдох орлого: 
      • 2,700,000 – 310,500 = 2,389,500 төгрөг
    3. Хувь хүний орлогын албан татвар: 
      • 2,389,500 × 10% = 238,950 төгрөг
      • Татварын хөнгөлөлт: 10,000 төгрөг (орлого 2,500,001-3,000,000 төгрөг хооронд)
      • Төлөх татвар: 238,950 – 12,000 = 226,950 төгрөг
    4. Гарт олгох цалин: 
      • 2,700,000 – 310,500 – 226,950 = 2,162,550 төгрөг

    Цалин хөлсний дүнгээс

    Хөдөлмөрийн гэрээний хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хувь 24.0% (ажилтан 11.5% + ажил олгогч 12.5%) болдог бол Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээний хувьд нийт 18.8% (даатгуулагч 9.3% + ажил олгогч 9.5%) байна. Энэ нь гэрээний төрлөөс хамаарч цалингийн тооцоолол өөр байх болно.

    Нэмэлт төлбөрүүд

    Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу дараах нэмэлт төлбөрүүд байдаг:

    • Илүү цагийн хөлс: Ердийн ажлын цагаас илүү ажилласан бол ажилтанд ердийн цагийн үнэлгээг 1.5 дахин нэмэгдүүлж тооцно
    • Амралтын өдрийн хөлс: Амралтын өдөр ажилласан бол ажилтанд ердийн цагийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж тооцно
    • Шөнийн цагийн нэмэгдэл: Шөнийн цагаар (22:00-06:00) ажилласан бол ердийн цагийн үнэлгээг 40%-иар нэмэгдүүлж тооцно

    Урамшуулал ба томилолтын зардал

    • Урамшуулал: Төрөл бүрийн урамшуулал, шагналд мөн хувь хүний орлогын албан татвар ногдуулна
    • Томилолтын зардал: Албан томилолтын хоногийн зардал нь татвар ногдох орлогод тооцогдохгүй, харин зарим хэсэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогод тооцогдоно

    Дүгнэлт

    Цалин тооцоололд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зөв тооцоолох нь чухал ач холбогдолтой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны байдлаар 792,000 төгрөг байгаа бөгөөд тогтмол хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, татварын хувь хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөж болохыг анхаарах хэрэгтэй. Ажлын туршлага, боловсрол дээрээ үндэслэн та хэдэн төгрөгний цалин авах боломжтойг мэдэхийг хүсвэл ЭНД дарж цалингаа хиймэл оюун ухаанаар тооцоолуулаарай.