Tag: цагийн менежмент

  • Зөөлөн ур чадвар яагаад чухал вэ?

    Зөөлөн ур чадвар яагаад чухал вэ?

    Өнөөдрийн хурдтай өөрчлөгдөж буй хөдөлмөрийн зах зээлд зөвхөн мэргэжлийн мэдлэг, техникийн ур чадвар хангалтгүй болж, зөөлөн ур чадвар буюу soft skills нь ажил олгогчдын анхаарлын төвд орж байна. Монголын зах зээлд ч энэ өөрчлөлт улам тодорч, ажил хайж буй болон ажиллаж буй хүмүүст зөөлөн ур чадварыг эзэмших нь амжилтын түлхүүр болж байгаа юм. Тэгвэл зөөлөн ур чадвар гэж юу болох, ач холбогдол болон хөгжүүлэх аргыг нийтлэлээрээ хүргэе.

    Зөөлөн ур чадвар гэж юу вэ?

    Зөөлөн ур чадвар гэдэг нь хүний харилцаа, сэтгэлзүй, сэтгэх арга барил, зан чанар болон ажиллах арга барилтай холбоотой ур чадвар юм. Энэ нь зөвхөн мэргэжлийн чадвараас гадна тухайн ажилтанд өдөр тутмын амьдрал, багийн хамтын ажиллагаа, бүтээмжтэй ажиллахад чухал үүрэгтэй. Харилцааны ур чадвар нь бусадтай ойлголцож, санаа бодлоо илэрхийлэхэд тусалдаг. Асуудал шийдвэрлэх чадвар нь тулгарсан бэрхшээлийг ухаалгаар даван туулахад чиглэдэг. Багийн ажиллах чадвар хамт олонтой уялдаа сайтай ажиллахад чухал үүрэгтэй. Харин цагийн менежмент нь цагийг үр ашигтай зохион байгуулахад тусална.

    Мөн өөрийн сэтгэл хөдлөлөө удирдах, шийдвэр гаргах чадвар, уян хатан байдал, эерэг хандлага, шударга ёс зүй зэрэг ур чадварууд хүнийг чадварлаг, итгэлцэлтэй хамтрагч болгодог. Иймд зөөлөн ур чадвар нь амжилттай ажиллах, харилцааны орчныг сайжруулах, хувийн болон мэргэжлийн амьдралд илүү сайн үр дүн гаргахад шаардлагатай юм.

    Зөөлөн ур чадварын хэрэгцээ, ач холбогдол

    Хөдөлмөрийн зах зээлд ажил олгогчид зөөлөн ур чадварыг түлхүү үнэлж байна. Учир нь харилцаа холбоо нь амжилтын үндэс бөгөөд ажилтан хамт олонтой үр дүнтэй харилцах нь багийн бүтээмжийг нэмэгдүүлдэг. Мөн хурдацтай өөрчлөгдөж буй зах зээлд уян хатан байдал, хурдан дасан зохицох чадвар чухал болдог.

    Шийдвэр гаргах чадвартай ажилтан асуудлыг түргэн шуурхай шийдэж, багийн амжилт, компанийн өсөлтөд ихээхэн нөлөө үзүүлдэг. Түүнчлэн үр дүнтэй багийн ажиллагаа нь байгууллагын уур амьсгалыг сайжруулж, хамт олны эв нэгдлийг бэхжүүлдэг тул зөөлөн ур чадвар нь орчин үеийн ажлын байрны амин чухал элемент болж байна.

    Ажил хайх, ярилцлагад амжилттай оролцох нь зөөлөн ур чадвараас шалтгаална

    Ажил олгогчид зөөлөн ур чадвартай ажилтнуудыг илүү сонирхдог. Ярилцлагад амжилттай оролцохын тулд харилцааны чадвар, өөртөө итгэлтэй байдал, асуудал шийдвэрлэх чадвар чухал юм. Ийм хүн ажлын орчинд хурдан дасан зохицож, хамт олонтой үр бүтээлтэй ажиллах боломжтой байдаг. Шинэ орчинд багийн ажиллагаанд идэвхтэй оролцож, ажлын ачаалал, хариуцлагыг даван туулах нь зөөлөн ур чадварын давуу тал бөгөөд карьер өсөхөд хамгийн их нөлөөлдөг аж.

    Унших: Туршлага багатай хүмүүст тохирох ажлын байр 

    Зөөлөн ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

    Өөрийгөө таньж мэдэх- Давуу болон сул талуудаа ойлгож, сайжруулах шаардлагатай чадвараа тодорхойлох.

    Тогтмол суралцах- Харилцаа холбоо, багийн ажил, удирдлага зэрэг чиглэлийн сургалт, онлайн курсд оролцох.

    Практик дадлага хийх- Орчиндоо идэвхтэй харилцаж, багийн ажилд оролцож, санаачилга гаргах.

    Эерэг зан төлөвшүүлэх- Сөрөг сэтгэл хөдлөлөөс зайлсхийж, уян хатан, эерэг байх.

    Санал хүсэлт авах- Удирдлага, хамт олноос үнэлгээ авч, дүгнэлт хийх.

    Зөөлөн ур чадвар нь өнөөгийн нийгэмд амжилттай ажиллах, урт хугацаанд тогтвортой өсөж хөгжих гол чадваруудын нэг билээ. Зөөлөн ур чадвартай байснаар ажилтан харилцаа холбоо сайжирч, багийн хамтын ажиллагаа үр дүнтэй болж, ажлын орчинд итгэлцэл, уур амьсгал дээшилдэг. Мөн өөрчлөлтөд хурдан дасан зохицож, аливаа асуудлыг хурдан, оновчтой шийдвэрлэснээр компанийн бүтээмж, амжилтыг дэмжих чадамж нэмэгддэг. Ингэснээр ажилтан өөрийн хувь хүний болон мэргэжлийн өсөлтөд хувь нэмэр оруулж, байгууллагын хөгжлийг түргэсгэдэг юм.

    Ажил шинээр хайж буй хүн бүр эдгээр чадварыг эзэмшиж, карьертаа амжилт бүтээх боломжтой. Танд өөрт тохирох ажлаа олоход тань lambda тусална.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй.

    Холбоотой нийтлэл унших: CV-гээрээ ялгарч, ажилд орох боломжоо нэмэгдүүл 

  • Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

    Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

    Карьер төлөвлөлт нь амжилтын замыг тодорхойлдог чухал зүйл юм. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр бусад талентаас онцгойрон харагдахын тулд шинэ ур чадвар эзэмших зайлшгүй шаардлагатай болсон. Ажлын байрны өрсөлдөөн нэмэгдэж, ажил олгогчдын тавьж буй шаардлага улам нарийсч буй энэ үед хувь хүний хөгжлийг орхигдуулах нь дэргэдэх боломжоо алдахтай адил билээ. Та шинэ ажил хайж байна уу? Эсвэл одоо байгаа карьераа шат ахиулахыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол яг одооноос өөртэйгөө тулж ажиллаж, өөрчлөлтийг эхлүүлээрэй.

    Зорилгоо тодорхойлно гэдэг нь карьерын луужин юм

    Юу хүсэж байгаагаа мэдэхгүй үед амжилт гэдэг зүйл хүрэхэд амаргүй санагддаг. Үнэхээр ч зорилгогүйгээр зөв замаа олох хэцүү шүү дээ. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа ур чадварууд тухайлбал дижитал маркетинг, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, удирдах арга барил, хэлэлцээр харилцааны ур чадвар гэх зэрэг чиглэл рүү тодорхой зорилготойгоор тэмүүлэх нь таныг өрсөлдөөнд илүү тод ялгаруулах стратеги юм. Мөн түүнчлэн Жилийн дараа өөрийгөө ямар ажил эрхэлж байгаагаар төсөөлж байна вэ? Хэр хэмжээний орлого олохыг хүсэж байгаа вэ? Ямар байгууллагад ажилламаар байна вэ? гэсэн эдгээр асуултад өөртөө итгэлтэй, зоримог хариулт өгч, зорилгоо тодорхойлж бичихийг танд зөвлөж байна. Ингэснээр урам зориг, чиглэлээ алдахгүй байхад тань дэм болох юм.

    Тасралтгүй суралцах нь өөрийгөө үнэлүүлэх хамгийн хүчтэй арга

    Мэдээж хэрэг хөдөлмөрийн зах зээлд ур чадвар сул, шинэ зүйл сурах сонирхолгүй хүмүүсийг эерэгээр хүлээж авахгүй. Тиймээс яг одоо та өөрөөсөө дараах зорилготой асуултуудыг асуугаарай.

    • Би салбарынхаа сүүлийн үеийн чиг хандлагаас хоцорчихоогүй биз?

    • Миний анкет бусдаас ялгарах онцлогтой юу?

    • Ямар ур чадварыг нэмээд эзэмшвэл дараагийн түвшинд хүрч чадах вэ?

    Өнөө үед мэргэжлийн чиглэлээс үл хамааран дижитал эрин зуунд амжилттай өрсөлдөхийн тулд мэдлэг, ур чадвараа тасралтгүй шинэчилж байх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд Google, HubSpot, Udemy, Coursera, LinkedIn Learning зэрэг олон улсын үнэгүй болон төлбөртэй сургалтын платформууд нь хувь хүний хөгжилд хийх хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт болж чадна.

    Өнөөдрөөс эхлэн өөртөө хөрөнгө оруулалт хийж, ирээдүйнхээ төлөө мэдлэг, чадвараа тэлэх шийдвэр гаргаарай.

    Цагаа зөв удирдах буюу зорилгоо хэрэгжүүлэх

    Залуусын дунд “завгүй байна, цаг хүрэлцэхгүй байна” гэх нийтлэг хандлага түгээмэл ажиглагддаг. Гэвч үнэндээ асуудал нь цаг хугацаанд бус, харин үр дүнтэй төлөвлөлт, зөв дадал зуршилд оршдог. Карьерын өсөлтийг хурдасгах гол түлхүүр нь ухаалаг төлөвлөлт, тогтмол, зорилготой дадал юм.

    Өдөрт 30–40 минутыг CV, resume-ээ сайжруулж бичих эсвэл ажил хайх сайтуудыг шалгахад зориулахад л та нэг алхмаар урагшилж чадна. Facebook, Instagram reels, TikTok зэрэгт өнгөрөөдөг 2 цагийг 1 цаг болгон багасгаж, үлдсэн хугацааг өөрийн ур чадвар, карьерын хөгжилд зориулах бүрэн боломж танд бий.

    Өөрийн ирээдүйн боломжийг хойш нь тавилгүй, яг одооноос шийдэл хайж сурах, зорилгодоо хүрэх алхмуудаа бодитоор эхлүүлэх цаг иржээ. Та өөрийн ирээдүйн хамгийн чухал хөрөнгө оруулагч юм.

    Өөртэйгөө шударгаар харьцах

    Хэрэв та шинэ ажилд орж чадахгүй, эсвэл тушаал дэвшихгүй эсвэл нэг байрандаа удаан хугацаанд гацсан мэт мэдрэгдэж байвал нэг алхам ухарч, нөхцөл байдлаа шударгаар дүгнэх хэрэгтэй. Магадгүй танд шаардлагатай мэдлэг, ур чадвар эсвэл хамт олонтойгоо зөв, ухаалаг харилцах харилцааны чадвар, аливаад хариуцлагатай, тууштай хандах зарчим дутуу байж мэднэ. Эдгээрийг өөртөө үнэнчээр хүлээн зөвшөөрч, бодитоор дүгнэж чадвал карьерын дараагийн шат руу ахих бодит боломж үүсэх юм.

    Түүнчлэн шүүмжлэлийг эерэгээр хүлээж авах чадвар нь өөрийгөө хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Гэвч энэ чадвар залуусын дунд хамгийн их дутагдаж буй ур чадваруудын нэг хэвээр байна. Шүүмжлэлийг сайжрах боломж хэмээн хүлээн зөвшөөрч чадсан хүн л бусдаас нэг алхам түрүүлж, хүссэн амжилтдаа илүү хурдан хүрч чаддаг.

    Боломжийн төлөө тууштай бай

    Ихэнх хүмүүс ердөө хоёр, гуравхан ажилд CV-гээ илгээсний дараа хариу ирэхгүй бол “надад тохирсон ажил алга” хэмээн бууж өгөх хандлагатай байдаг. Гэвч өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд 10, бүр түүнээс олон байгууллагад материалаа илгээх нь хэвийн төдийгүй, шаардлагатай алхам болсон байна.

    Ажил хайна гэдэг нь зорилготой, төлөвлөгөөтэй хандвал амжилтад хөтлөх чухал процесс юм. Энэхүү үйл явцад таны хичээл зүтгэл, тэвчээрийн нийлбэр эцэстээ эерэг үр дүн авчрахыг мартаж болохгүй. Сайн чадвартай, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй залуус ч хэдэн сарын турш тууштай ажил хайсны эцэст хүссэн байгууллагадаа амжилттай орсон жишээ олон бий. Тиймээс та ч мөн өөртөө итгэж, тууштай байж чадвал таныг үнэлэх тэр боломж заавал ирнэ. Харин тэр боломжийн өмнө өөрийгөө бэлэн байлгах нь хамгийн чухал юм.

    Хувь хүний хөгжил, карьерын өсөлт бол нэг өдрийн дотор үр дүн нь гарах зүйл биш бөгөөд зорилго, мэдлэг, цагийн зөв менежмент, өөрийгөө бодитоор үнэлэх чадвар, тууштай байдлын үндсэн дээр тогтдог урт хугацааны замнал билээ. Хэрэв та өнөөдрөөс эхэлбэл хагас жилийн дараа гэхэд мэдэгдэхүйц өсөлт, эерэг өөрчлөлтөд хүрэх боломжтой.

    LAMBDA танд тохирсон ажлын байраа олоход тусална. Өөртөө итгээд, эхний алхмаа яг одоо хийгээрэй.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

    Унших нийтлэл: Карьер төлөвлөлтийн зөвлөгөө: Маркетингийн салбар 

  • Ажил дээрх бүтээмжээ хэрхэн сайжруулах вэ?

    Ажил дээрх бүтээмжээ хэрхэн сайжруулах вэ?

    Бүтээмжтэй ажиллах гэдэг нь цагийг ухаалгаар төлөвлөж, оновчтой ашигласнаар илүү үр дүнтэй ажиллаж, өөртөө чанартай цагийг гаргах чадвар юм. Өдөр бүр хийдэг жижиг гэлтгүй эерэг өөрчлөлтүүд нь ажлын чанарыг сайжруулж, стрессийг бууруулан, таны карьерын өсөлтийг дэмжих түлхүүр болдог. Энэхүү нийтлэлд ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх, гүйцэтгэлээ сайжруулахад туслах зарим үр дүнтэй зөвлөмжүүдийг танилцуулж байна.

    1. Өөрийн ажиллах хэв маягийг тодорхойлох

    Юуны түрүүнд 14 хоногийн турш өдөр тутмын ажлын цагийн хуваариа нарийн тэмдэглэж, ямар ажилд хэдэн минут зарцуулж байгаагаа бүртгээд үзэхийг танд зөвлөж байна. Ингэснээр цагаа хэр үр дүнтэй ашиглагдаж байгаагаа хянаж, анализ хийн улмаар цаг хэт их зарцуулж байгаа, эсвэл үр дүн багатай үүрэг даалгавруудыг олж тодорхойлох боломжтой. Мөн хүн бүр өдөрт өөр өөр цагт хамгийн бүтээлч, анхаарал төвлөрөх чадвар өндөр байдаг тул өөрийн хамгийн үр дүнтэй цагийг олж тогтоосноор тэр үедээ хамгийн чухал ажлуудаа гүйцэтгэх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг байна.

    2. Хамгийн чухлаа эхэнд нь

    Өдөр бүр хамгийн чухал 2-оос 3 ажлаа тодорхойлж, эхлээд тэдгээрийг дуусгахыг эрмэлзэх нь үр бүтээлтэй ажиллах зарчмын үндэс юм. Энэ арга нь ажлыг орхигдуулж, цаг хугацаа дутуу ашиглагдах эрсдэлээс сэргийлж, стрессийг ч бууруулдаг. Мөн ингэснээр ажилдаа илүү төвлөрөх боломжтой болдог тул өдөр тутмын үүрэг даалгавруудаа амжилттай биелүүлэхэд тустай юм.

    3. Дадал зуршил бий болгох

    Өдөр бүр ижил цагт ажилдаа орж, ижил цагт амрах зуршил бий болгох. Энэ нь тархи, биеийг идэвхтэй ажиллах горимд оруулж бүтээмжийг нэмэгдүүлнэ.

    4. Ажиллах орчныг бүрдүүлэх

    Ширээн дээрээ зөвхөн шаардлагатай зүйлсийг эмх цэгцтэй байрлуулж, хэрэгцээгүй зүйлсээс зайлсхийх нь ажлын үр бүтээмжийг нэмэгдүүлдэг. Байрлах орчноо гэрэлтэй, агаар сайтай, тав тухтай болгох нь анхаарал төвлөрүүлэхэд мөн тустай бөгөөд үүнд цонхны ойролцоо суух, жижиг ургамал тавих зэрэг энгийн шийдлүүд ч байж болно. Мөн өдөр тутам хэрэг болох бичиг хэргийн зүйлс, хэрэгслийг ойрхон байрлуулснаар цаг ашиглалт  сайжирна.

    5. Цагийн менежментийн аргуудыг турших

    Pomodoro техник: 25 минут төвлөрөн ажиллаж, дараа нь 5 минут амрах. Ингэж 4 удаа давтагдаад 15-30 минутын урт амралт авах юм.

    Time blocking: Өдөр болон ажлын тав хоногийн цагийг тодорхой блокуудад хувааж, тус бүрд нэг төрлийн ажлыг төвлөрүүлэх арга.

    Eisenhower Matrix: Ажлуудыг чухал болон чухал биш, яаралтай болон яаралтай биш гэж ангилан, дараалал тогтоох арга. Эдгээрээс өөрт ойр хамгийн тохирохыг нь туршаад үзэхийг зөвлөж байна.

    6. Цахим ачааллыг багасгах

    Цахим ачааллыг багасгахын тулд гар утас, и-мэйл, мессеж зэргийн мэдэгдлийг тодорхой цагийн хуваарьт тохируулж шалгах нь үр дүнтэй байдаг. Жишээлбэл, өглөө, өдөр, орой гэж хуваан мэдэгдлийг хянаж, бусад үед анхаарлаа сарниулахгүй байхыг хичээх хэрэгтэй.

    Мөн ажиллах явцад анхаарал төвлөрөл алдагдахаас сэргийлэн do not disturb горимыг идэвхжүүлж, дуу чимээг багасгах нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг талтай. Түүнчлэн хэрэгцээгүй, давтагдах мэдэгдлийг идэвхгүй болгож, саад болох бусад зүйлсийн чимээг багасгах нь ачааллыг үр дүнтэй зохицуулах арга юм.

    7. Сурч хөгжихөд цаг гаргах

    Шинэ ур чадвар эзэмшиж, шинэлэг ажлын арга барил сурах нь бүтээмжийг урт хугацаанд тогтвортой нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог. Өөрийгөө байнга хөгжүүлэхийн тулд онлайн сургалт, вэбинар, ном унших зэрэг олон төрлийн аргыг ашиглан мэдлэг, чадвараа тасралтгүй дээшлүүлж байх нь зүйтэй.

    8. Багийн уур амьсгал, харилцаагаа сайжруулах

    Багийн гишүүдтэйгээ илэн далангүй харилцаж, санал бодлоо чөлөөтэй солилцох нь ажлын урсгалыг эрчимжүүлж, ойлголцлыг сайжруулдаг. Тохиромжтой үед хурал уулзалтыг тогтмол хийж, тулгарч буй хүндрэл бэрхшээлийг хамтдаа хэлэлцэн шийдвэрлэх нь хамтын ажиллагааг бэхжүүлнэ. Мөн удирдлагын зүгээс багийн уур амьсгалыг дэмжиж урамшуулал олгох, амралт чөлөөт цагаар хийх сонирхолтой зүйлс зохион байгуулах нь ажилчдын урам зориг, бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болдог билээ.

    9. Эрүүл мэнд, амралтыг эрхэмлэх

    Тогтмол хөдөлгөөн хийж, булчин сунгах дасгалуудыг гүйцэтгэснээр бие махбодь сэргээд, ажлын бүтээмж нэмэгддэг. Мөн тогтсон унтах дадлыг баримталж, хангалттай хугацаанд унтаж амрах нь эрч хүчийг сэргээж, анхаарал төвлөрлийг мөн сайжруулна. Ажлын дунд үед завсарлага авч, ялангуяа нүдний ачааллыг багасгах дасгал хийх нь сэтгэл санааг сэргээж, ядрахаас сэргийлэхэд тустай юм.

    10. Өөрийгөө урамшуулах

    Тодорхой зорилгод хүрэх бүрдээ өөрийгөө жижиг зүйлээр урамшуулж, дуртай кофегоо уух, богино хугацааны амралт авах гэх мэтээр сэтгэл зүйдээ анхаарал тавьж, өөрийгөө хайрлаарай.

    Ажил дээрх бүтээмжээ илүү сайжруулахад өөрийн ажиллах хэв маягийг ойлгож, хамгийн үр дүнтэй цагуудаа ашиглах, төлөвлөгөөтэй байх, технологийг зөв ашиглах, эрүүл мэндэдэээ анхаарах зэрэг олон хүчин зүйлийг ухаалгаар зохицуулах шаардлагатай юм. Эдгээр аргуудыг тууштай хэрэгжүүлснээр таны бүтээмжтэй ажиллах чадвар нэмэгдэж, хэсэг хугацааны дараа мэдэгдэхүйц үр дүн харагдах болно гэдэгт итгээрэй.

    Төстэй нийтлэл унших: Цагийн менежмент гэж юу вэ? 

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.