Tag: сэтгэлзүйн дэмжлэг

  • Ажлын ядаргаа ба сэтгэл зүйн эрүүл мэнд

    Ажлын ядаргаа ба сэтгэл зүйн эрүүл мэнд

    Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалж, карьерын амжилтад хүрэх тухай

    Өрсөлдөөнтэй зах зээлд ажил хайж буй талентууд эсвэл ажлаасаа залхаж ядарсан мэргэжилтнүүдийн дунд сэтгэлээр унах тохиолдол цөөнгүй байдаг. Бид ихэвчлэн гадаад нөхцөл байдалд л анхаарч, өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндээ мартаж, анзаарахгүй өнгөрөх үе олонтаа. Гэвч хамгийн үнэт хөрөнгө бол таны бие махбодь, оюун ухаан, сэтгэл зүйн эрүүл мэнд юм.

    Яагаад сэтгэл зүйн эрүүл мэнд чухал вэ?

    Сэтгэл өвдвөл бие өвддөг гэдэгтэй адил бидний сэтгэл зүйн тогтвортой байдал нь бүтээмжтэй ажиллахад гол нөлөөлдөг хүчин зүйл билээ. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг нь өдөр тутмын ачааллыг ухаалгаар даван туулах, бүтээлч байдал, урам зоригийг хадгалах чадварыг хэлнэ.

    Эрүүл сэтгэл зүй нь шийдвэр гаргах чадварыг дээшлүүлж, бүтээлч сэтгэлгээг дэмждэг. Мөн харилцааны чадварыг сайжруулж, ажлын амжилт, карьерын өсөлтөд эерэгээр нөлөөлдөг тул хувийн амьдрал болон карьерт нөлөөлөх зайлшгүй чухал асуудал юм.

    Ажил хайж буй хүмүүсийн хувьд

    Ажил хайх үе бол ихэвчлэн стресс, айдас, өөртөө эргэлзэх мэдрэмж дагуулдаг учраас энэ үед сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах нь чухал билээ. Хэрвээ таны сэтгэл санаа тогтворгүй болсон мэт санагдаж байвал өдөр тутмын жижиг амжилтаа тэмдэглэж, өөртөө урам өгч байгаарай.

    Мөн ижил зорилготой хүмүүсийн бүлэгт нэгдэж, онлайн болон офлайн орчинд бусдаас дэмжлэг авах, сэтгэлзүйчээс зөвлөгөө хүсэх нь ийм үед тус болдог. Түүнчлэн эрүүл хооллолт, тогтмол дасгал, чанартай нойрыг хэвшүүлснээр бие, сэтгэлээ тэнцвэртэй байлгах нь мөн үр дүнтэй аргууд юм.

    Харин ажлын ядаргаанд орсон хүмүүсийн хувьд

    Ажлаас халшрах хам шинж буюу burnout нь удаан хугацаанд хуримтлагдсан стрессийн үр дүнд үүсдэг сэтгэл зүй болон бие махбодийн гүн ядаргаа бөгөөд энэ нь хүний өдөр тутмын амьдралд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй чухал сэдэв билээ.

    Хэрэв та байнга ядрах, эрч хүчгүй болох, хамт олон болон удирдлагатай харилцахад хүндрэл үүсэх, ажилдаа сэтгэл ханамжгүй болж сэтгэлээр унах, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх зэрэг шинж тэмдгийг мэдэрч байвал энэ нь таныг биедээ анхаар гэсэн дохио өгч буй хэрэг. Ийм үед өөртөө цаг гаргаж, амрах, сэтгэлзүйн дэмжлэг авах, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх нь зайлшгүй хэрэгтэй алхам юм.

    Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

    Ажлаас хамааралтай ядаргаанаас сэргийлэхийн тулд юуны түрүүнд ажил ба амралтын тэнцвэрийг хадгалах нь хамгийн чухал. Тодорхой хугацаанд амарч, шинэ зүйлийг туршиж өөрийгөө сэргээх боломж олгох, сонирхолтой, сэтгэл сэргээх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь сэтгэл зүйг тайвшруулж, шинэ эрч хүч өгдөг.

    Үүнээс гадна бусдын хүсэлт, шаардлагад хэт ачаалал авахгүйгээр заримдаа үгүй гэж хэлж сурах нь өөрийгөө хамгаалах, хязгаар тогтоох чухал чадвар юм. Хэрэв ингэсэн ч стрессийн түвшин өндөр байсаар байвал сэтгэл зүйн мэргэжилтэнтэй зөвлөлдөж, дэмжлэг авах нь урт хугацааны хувьд эрүүл мэнддээ хийж буй хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт болох болно.

    Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах нь карьерын амжилтын үндэс

    Нэмж хэлэхэд ажил хайх, эсвэл одоогийн ажлаа эрч хүчтэй, бүтээмжтэй хийхийн тулд сэтгэл зүйн эрүүл мэндэдээ анхаарах нь зайлшгүй чухал юм. Энэ нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, аливаа сорилтод ухаалаг, тэвчээртэй хандах, зөв шийдвэр гаргах чадварыг өгөх болно.

    Өдөр тутмын амьдралдаа сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжих зарим аргууд

    Өдрийн тэмдэглэл хөтлөх-  Өөрийн бодол, мэдрэмжээ бичих нь сэтгэлийг тайвшруулдаг.

    Тайвшруулах дасгал хийх- Амьсгалын дасгал, бясалгал, иог зэрэг нь стрессийг бууруулна.

    Чанартай нойр авах- Сайн унтаж амрах нь тархины бүтээмжид мөн чухал нөлөөтэй.

    Өөрийгөө хайрлах- Өөрийгөө шүүмжлэхгүй, хайрлах хандлага бий болгох нь чухал.

    Сэтгэл зүйн эрүүл мэнд нь таны өөртөө анхаарах хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Ядарсан эсвэл стресстэй үедээ өөртөө анхаарал тавьж, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалан дэмжих нь таны амжилттай карьер, аз жаргалтай амьдралын үндэс болно. Бие болон сэтгэлээрээ эрүүл байхын төлөө өөрийгөө хайрлаарай.

    Та ажлаас халшрах хам шинж байгаа эсэхээ Lambda Burnout AI тестээр мэдэж, өөрийн сэтгэл зүйн байдалд дүгнэлт хийгээрэй.
    Энэхүү тест нь зөвхөн өөрийнхөө ажлаас халшрах хам шинжийн түвшнийг тодорхойлох, өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ойлгож үнэлэхэд зориулагдсан юм.
    Төстэй нийтлэл унших: Миллениал үеийнхний burnout
  • Миллениал үеийнхний burnout

    Миллениал үеийнхний burnout

    Burnout буюу ажлаас халшрах хам шинжийн тухай

    Сүүлийн жилүүдэд burnout буюу ажлаас халшрах хам шинж бүр өөрөөр сэтгэлзүйн туйлдал гэж нэрлэж буй энэ үг бидний амьдралд улам ойртож, өдөр тутмын ярианд ч байнга сонсогдох болсныг та анзаарсан биз ээ. Ажлын ачаалал, нийгмийн хүлээлт, төгс байдалд хүрэх хүсэл, цахим ертөнцийн хурдтай өөрчлөлт зэрэг нь биднийг амсхийх завгүй хөдөлгөж, эцэстээ сэтгэл болон бие махбодыг зарим талаар туйлдуулах болсон нь үнэн.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) burnout-ыг “Удаан хугацаанд шийдвэрлэгдээгүй ажлын стрессээс үүдэлтэй, сэтгэлзүйн байнгын туйлдал, сэтгэл санаа болон бие махбодын ядаргаа, ажлын бүтээмж буурах байдал.” гэж тодорхойлсон байдаг.

    Энэ нь зөвхөн их ажилласнаас бус, хийж буй ажлаа утгагүй мэтээр мэдрэх, өөрийгөө дутуу үнэлэх, бусдаас үргэлж хоцорч яваа мэт санагдах, амьдралдаа эзэн биш зорилгогүй мэт мэдрэмж төрөх зэрэг гүн гүнзгий сэтгэлзүйн шалтгаануудтай холбоотой байдаг.

    Яагаад Миллениалууд хамгийн ихээр өртөж байгаа вэ?

    1981–1996 онд төрсөн хүмүүсийг миллениал үеийнхэн гэж нэрлэдэг. Тэд бол өнөөдөр дэлхийн ажиллах хүчний 60 гаруй хувийг бүрдүүлж буй хамгийн идэвхтэй, бүтээлч, дижитал сэтгэлгээтэй шинэ үеийн төлөөлөл юм. Гэхдээ энэ их эрч хүч, бүтээлч байдал нь тэднийг амжилтын эрэлд хэт гүн автуулах тохиолдол элбэг. Миллениалуудын burnout-д өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гол шалтгаануудыг дараах байдлаар харж болно.

    Төгс байдалд тэмүүлэх дарамт 

    Тэд өөрсдөдөө хэт өндөр шаардлага тавьдаг. Алдаа гаргах эрхгүй мэт сэтгэгдэлтэй амьдардаг нь стрессийг улам гүнзгийрүүлдэг байна.

    Эдийн засгийн дарамт

    Хөдөлмөрлөж буй ч хааяа амьдралын наад захын хэрэгцээг хангах цалин хөлс хүрэлцэхгүй байгаа нь сэтгэлзүйн дарамтыг улам нэмэгдүүлдэг. Монголд ч мөн залуус орон сууцны зээл, хэрэглээний зардал, санхүүгийн дарамтад орж, эдийн засгаас хараат амьдарч байна.

    Үргэлж онлайн байх шаардлага 

    Технологийн дэвшил нь харилцааг хөнгөвчилсөн ч, үр дүнд нь бид үргэлж ажилтай холбоотой амьдарч, ажлын болон хувийн амьдралын хил алдагдсаар байгаа билээ. Амралтгүй төдийгүй ихэнхдээ илүү цагаар ажиллах нь ажил амьдралын зөв тэнцвэрийг бүдэгрүүлэх шалтгаан болдог байна.

    Сошиал медиагийн нөлөө

    Бусдын амжилт, аялал, карьерын амжилтын зураг өдөр бүр сошиал медиа фийд дээр нүдэнд харагдсаар байдаг уу. Харин өөрийн тань амьдрал тэдгээрийн дэргэд дутуу мэт санагдаж, хангалтгүй байна гэсэн бодол давамгайлах мэдрэмжийг зарим хүмүүс авч байдаг.

    Hustle Culture буюу хөдөлмөрийг шүтэх хэт туйлшрал

    “Залуу байгаа дээрээ унтах завгүй ажилла”, “амжилтад хүрэхийн тулд бүхнээ зориулах ёстой” гэх мэт зарим тогтсон үзэл нь амьдралыг зөвхөн ажлаар хэмжих үзлийг тогтоож, хувь хүний амар амгалан, өөртөө зориулах, өөрийгөө хайрлах цаг, сэтгэлийн тайван байдлыг үгүй хийдэг.

    Холбоотой тоо мэдээлэл 

    2023 оны судалгаагаар/Gallup/ Миллениалуудын 59% нь “ажлын дарамтаас болж сэтгэлзүйн туйлдал мэдэрдэг” гэж хариулсан нь энэ үеийнхний дотоод тэнцвэр алдагдаж буйг илтгэж байна. Үүний зэрэгцээ Дэлхийн эдийн засгийн форумаас 2030 он гэхэд burnout буюу сэтгэлзүйн туйлдал нь дэлхийн хөдөлмөрийн бүтээмжид хамгийн том эрсдэл учруулах хүчин зүйлсийн нэг болно гэж анхааруулсан нь энэ асуудал зөвхөн хувь хүн төдийгүй нийгмийн тогтвортой хөгжилд ч сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна. Монгол Улсын хэмжээнд ч энэ хандлага ажиглагдаж байгаа бөгөөд 2024 онд ажилтай холбоотой сэтгэлзүйн зөвлөгөө авах хүсэлт өмнөх оноос 32%-аар өссөн нь залуу ажиллах хүчний дунд burnout нь улам бүр газар авч буйг илэрхийлж байгаа юм.

    Ажлаас халшрах хам шинжийн илрэх үе шатууд

    Шат дараалсан байдлаар энэ нь илрэх бөгөөд эхэн үедээ хүний сэтгэл зүй, бие махбод туйлдаж, нойргүйдэл, толгой өвдөлт, цухалдах байдал давамгайлж эхэлдэг. Үүний дараа хүн бусдаас өөрийгөө тусгаарлаж, хүмүүстэй харилцах хүсэл буурч, ажлаа утгагүй “зүгээр л хийх ёстой” зүйл мэтээр хүлээж авдаг. Эцэст нь өөрийгөө “би юу ч хийж чадахгүй”, “би хэрэггүй хүн” гэх мэт сөрөг бодолд автаж, ажлын бүтээмж мэдэгдэхүйц буурдаг байна. Эдгээр гурван шат бол сэтгэлзүйн туйлдлын хортой мөчлөгийн эхлэл хэсэг бөгөөд цаг алдалгүй анзаарч, арга хэмжээ авах шаардлагатай дохио юм.

    Үүнээс урьдчилан сэргийлэх зарим аргуудыг дурдвал:

    Ажлын хил хязгаарыг тогтоох

    Ажил зөвхөн ажлын цагтаа явагдах ёстой. Харин амрах үедээ и-мэйл, мессежид хариу өгөхөөс татгалзах дадал нь сэтгэл зүйн хувьд чухал хамгаалалт болдог.

    Өөртөө анхаарал тавих

    Сэтгэл зүйгээ анхаарч, бясалгал хийх, байгальд гарах, тогтмол нойртой байх, спортоор хичээллэх, амрах цагаа төлөвлөх зэрэг нь эрүүл мэндийн үндэс юм.

    Бусдаас дэмжлэг авах

    Найз нөхөд, гэр бүлтэйгээ нээлттэй харилцах хэрэгтэй. Тэдэнтэй сэтгэлээ хуваалцсанаар ганцаараа биш гэдгийг ойлгож, өөрийгөө уучлах, тайвшрах боломж бий болдог.

    Байгууллагын бодлого

    Удирдлагууд ажилтнуудынхаа сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарах нь зөвхөн хүний нөөцийн асуудал биш, компанийн тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг ойлгох хэрэгтэй.

    Мэргэжлийн тусламж авахаас бүү санаа зов

    Энэ талаар мэргэшсэн сэтгэл зүйчид хандах нь эмчилгээний эхлэл бөгөөд тухайн байдлаас хурдан хугацаанд гарах зоригтой шийдэл юм.

    Миллениалууд бол шинэ сэтгэлгээ, дижитал хувьсгал, нийгмийн өөрчлөлтийн түлхүүр болсон үе. Гэвч энэ амжилт, өөрчлөлтийн ард burnout нь хурдацтай тархаж байна. Өөрийгөө алдахгүй байхын тулд амжилтын төлөө тэмцэхдээ өөрийгөө мартаж болохгүйг үргэлж санаарай. 

    Амжилтаас өмнө эрүүл мэнд, өөрийн дотоод амар амгалан хамгийн чухал байдаг. Өөрөө л өөрийнхөө хамгийн үнэ цэнтэй хөрөнгө гэдгийг ухаарах нь чухал юм. Өөрийгөө хамгаалах, дэмжих, хайрлах үүрэг бидэнд л бий. Төгс байх албагүй харин зүгээр л сайн байх нь заримдаа хангалттай юм шүү.

    Илүү олон зөвлөгөө, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг LAMBDA платформоос аваарай 

    Эх сурвалж: World Health Organization, Gallup – State of the Global Workplace Report 2023, Deloitte – Millennials and Gen Z Survey 2023, World Economic Forum, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төв, UNFPA Mongolia – Залуучуудын амьдралын чанар судалгаа (2022)