Tag: Ментор

  • Карьер төлөвлөлт: Ментортой байхын давуу тал

    Карьер төлөвлөлт: Ментортой байхын давуу тал

    Мэргэжлийн замналын эхэнд, ялангуяа их дээд сургууль төгсөөд удаагүй залуусын хувьд хөдөлмөрийн зах зээлд хөл тавихад мэдээлэл дутмаг байх, туршлагагүйгээсээ болж эргэлзэх нь түгээмэл үзэгдэл юм. Шинэ орчинд дасан зохицох, байгууллагын дүрэм журам, компанийн соёл, ажил олгогчийн хүлээлт гээд олон зүйл тодорхой бус санагдаж, өөртөө итгэх итгэлийг үгүй хийх үе ч гарна. Яг л ийм үед замыг тань зааж, туршлагаасаа хуваалцан, зөв сонголт хийж, итгэлтэй урагшлахад тань менторын туслалцаа хэрэг болох юм. Ментортой байх нь тодорхой чиглэлтэйгээр өсөж хөгжих боломжийг талентуудад нээдэг. 

    Ментор гэж тухайн салбартаа туршлага хуримтлуулсан, бусдад мэдлэг, чадвараа хуваалцан, хөгжиж дэвшихэд нь тусалдаг чиглүүлэгч хүнийг хэлнэ. Тэр таны найз байж болохгүй ч, бодит зөвлөгөө өгдөг, алсын харааг тань тодорхойлж өгдөг карьерын хамтрагч байж чадна. Туршлагатай ментор таныг алдаа гаргахаас сэргийлж, зөв замаар хөгжихөд чиглүүлдэг. Мөн сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ салбарын үнэ цэнтэй холбоо сүлжээ, шинэ боломжууд руу таныг хүргэх ач холбогдолтой юм.

    Mentorship гэж юу вэ, яагаад чухал вэ? 

    Mentorship буюу менторын харилцаа нь тухайн салбартаа туршлага, мэдлэгтэй мэргэжилтэн өөрөөс нь туршлага багатай хүнд урт хугацаанд чиглэл өгч, хөгжихөд нь дэмжлэг үзүүлдэг мэргэжлийн харилцаа юм. Энэхүү харилцаа нь зөвхөн ажил мэргэжлийн зөвлөгөөгөөр хязгаарлагдахгүй, хувь хүний хөгжилд ч чухал нөлөө үзүүлдэг олон талт давуу талтай. Менторын дэмжлэгээр карьерын замыг илүү хурдан, ухаалгаар туулж, бодит туршлагад үндэслэсэн үнэт зөвлөгөөг авах боломжтой бөгөөд энэ нь мэргэжлийн сүлжээг тэлж, шинэ боломжуудыг нээхэд ч түлхэц болдог.

    Мөн менторын зүгээс өгсөн урам зориг, итгэл нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, асуудалд бүтээлч, ухаалаг хандах чадварыг хөгжүүлдэг. Нэг удаагийн уулзалт бус, харилцан итгэлцэл, хүндлэл дээр суурилсан тасралтгүй хөгжлийн энэхүү харилцаа нь шинэ төгсөгчдөд төдийгүй карьерийн дараагийн шат руу ахихыг хүссэн хэн бүхэнд амжилт руу хөтөлсөн үнэ цэнтэй замналыг бүтээхэд нэн чухал үүрэгтэй байдаг билээ.

    Ментортой байх 5 гол давуу тал

    1. Бодит туршлага дээр суурилсан зөвлөгөө авна

    Менторын зөвлөгөө номонд бичсэн ерөнхий зүйлсээс илүү амьдрал дээр туршиж үзсэн, асуудлыг хэрхэн шийдсэн бодит кейс дээр тулгуурладаг. Энэ нь танд богино хугацаанд суралцах, алдааг багасгах боломж олгоно.

    2. Хувь хүний чадваруудыг хөгжүүлнэ

    Та өөрийн харилцааны ур чадвар, шийдвэр гаргах, ажлын байрны соёлд дасан зохицох зэрэг “soft skill”-үүдийг сайжруулахад ментор тусална. Заримдаа та өөрийнхөө сул болон давуу талыг таньж ч чадахгүй байхад, ментор үүнийг тань оношилж, зөв чиглүүлж чадна.

    3. Мэргэжлийн сүлжээ буюу network-д холбогдох

    Менторууд олон байгууллага, салбарын мэргэжилтнүүдтэй холбоотой байдаг тул тэд танд танилцуулга хийж, шинэ боломжуудыг нээж өгөх гарц болж чадна.

    4. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ

    Ажил хайж явах үед татгалзсан хариу, сорилт бэрхшээл тулгардаг. Менторын урам өгсөн үгс, бодит жишээ, зөвлөгөө таны итгэлийг сэргээж, зоригжуулж чаддаг.

    5. Карьерын алсыг харж төлөвлөхөд тусална

    Ментортой харилцах нь танд зөвхөн өнөөдрийн ажлыг олоход бус, ирээдүйд хэн болж хөгжихийг тань ойлгуулахад чухал үүрэгтэй. Тэд дараагийн алхам юу байхыг асууж, таныг бодох, төлөвлөх, өсөх сэдлийг төрүүлнэ.

    Хэрхэн ментороо олох вэ?

    Та их сургууль төгсөөд ажил, карьерынхаа гарааг эхлүүлж байна уу? Эсвэл дараагийн сонголтоо хийхээр тохиромжтой ажлаа хайж байна уу? Тэгвэл зөв хандлага, зөв хүнээс суралцах нь таны хамгийн чухал алхмуудын нэг юм. Туршлагатай ментор танд зөв чиглэл зааж, алдаа гаргахгүйгээр урагшлахад тусалж, таны хувийн хөгжилд үнэтэй дэмжлэг болдог. Иймээс өөрийн сонирхож буй салбарынхандаа суралцаж, зөвлөгөө авч чадах хүнээ олох нь таны ирээдүйн амжилтад чухал нөлөө үзүүлнэ.

    Ментороо олохын тулд салбарын арга хэмжээ, мэргэжлийн уулзалтууд, networking event-үүдэд оролцож эхлээрэй. Сошиал платформыг ашиглан тухайн салбарын мэргэжилтнүүдтэй холбогдож, хүндэтгэлтэйгээр зөвлөгөө хүсэх боломж ч бий. Мөн багш, найз нөхөд, хамт олон, гэр бүлийн танилуудаасаа зөвлөх авч болох хүнийг хайж, танилын хүрээгээ өргөтгөх хэрэгтэй. Үүнээс гадна байгууллагууд болон ТББ-уудын санал болгодог менторшип хөтөлбөрүүдэд бүртгүүлж, албан ёсны сувгаар ментортой болох ч бас нэг оновчтой арга юм.

    Дүгнэлт

    Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл хурдтай, улам л өрсөлдөөнтэй болж байна. Таныг бусдаас ялгаруулах зүйл бол зөв сонголт, мэргэжлийн зөвлөгөө, тогтвортой хөгжих сэтгэлгээ зэрэг юм. Харин үүнийг зөв чиглүүлж өгөх хүн бол таны ментор байх болно.

    Хэрэв та карьераа өөртөө итгэлтэйгээр эхлүүлэхийг хүсэж байгаа бол, ганцаараа биш ментортой хамт эхлээрэй.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална. 

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

    Холбоотой нийтлэл унших: Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө

  • Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө

    Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө

    Их, дээд сургуулиа төгсөөд амьдралын дараагийн шат руу алхан орох мөчдөө “Одоо би яах вэ?”, “Хаанаас эхлэх вэ?” гэх зэрэг асуулт олон залуусын бодолд эргэлддэг. Туршлагагүй учир байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэсэн сэтгэл түгшилт, итгэл алдрах мэдрэмж төрөх нь гарцаагүй. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Учир нь тохиромжтой ажлаа олох нь сайн бэлтгэл, мэдээлэлтэй байх, тууштай байдал зэргээс хамаарна.

    Энэ нийтлэлдээ төгсөгчдийг анхны ажлын байр руу хөтлөх 7 алхмыг зөвлөгөө болгон хүргэж байна.

    1. Өөрийгөө таньж мэд

    Ирээдүйн карьерын суурь бол чи өөрөө. Анхны ажлаа олохын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол өөрийгөө ойлгох юм. Сэтгэлд нийцээгүй ажил хийх нь цаг хугацаа, эрч хүчний гарз болдог. Иймд:

    Ямар чиглэлд ажиллахыг хүсэж байна вэ?
    Тухайлбал: Хүний нөөцийн менежмент, маркетинг, програмист, нийгмийн ажилтан гэх мэт.

    Чи ямар чадвартай вэ?
    Сургуулийн төгсөлтийн ажил, клуб, сайн дурын ажил, дадлага зэргээ эргээд харах.

    Ажлын орчин, байгууллагын соёл чухал уу?
    Том корпораци, групп компани, дунд түвшний бизнес, эсвэл стартап гэх мэтээс аль чамд тохирох вэ?. Мэргэжлийн зан төлөвийн тестүүд (MBTI, DISC) бөглөж, өөрийгөө илүү гүнзгий ойлгож болно.

    2. CV/Resume болон Cover Letter

    Хамгийн эхний сэтгэгдэл төрүүлэх танилцуулга, хамт илгээх “би яагаад энэ ажилд тохирох вэ?” гэдгийг илэрхийлэх захидлаа маш сайн боловсруулж бичих хэрэгтэй.

    Resume бичихэд анхаарах зүйлс:

    • 1-2 хуудаст багтаах хэрэгтэй 

    • Төгссөн сургууль, мэргэжил, голлох хичээлүүдээ дурдах

    • Дадлага, төслийн ажил, сайн дурын туршлага гэх зэрэг мэдээлэл

    • Чадварууд (Excel, Photoshop, багийн ажил, илтгэх ур чадвар гэх мэт)

    Cover Letter зөв бичих тухайд:

    • Яагаад энэ байгууллагад ажиллахыг хүсэж байгаагаа тодорхой тайлбарлана.

    • Өөрийн туршлага, ур чадварыг ажлын байрны шаардлагатай холбож бичээрэй.

    3.  Ажлын заруудыг идэвхтэй хайх

    Ажил хайх платформ, мэдээллийн сувгуудыг тогтмол шалгаж, өөрт тохирсон боломжуудыг судлаарай.

    Өдөрт дор хаяж 30 минутыг зар хайхад зориулах нь зүйтэй. Lamda.global нь хиймэл оюун ухаан ашиглан таны анкетыг судлан үзээд, мэргэжлийн өсөлт хөгжилд тань тохирох карьерийн чиглэлүүдийг тогтоож, тэдгээрт хүрэхэд шаардлагатай ажлын туршлага, мэргэжлийн болон хувь хүний ур чадварууд, мөн шаардлагатай боловсрол, мэргэжлийн мэдлэгийг хэрхэн хөгжүүлэх талаар санал зөвлөмж өгнө.

    4.  Ментортой болох

    Шинэ төгсөгч та ажил, амьдралынхаа гарааг зөв эхлэхийг хүсэж байвал хамгийн түрүүнд ментортой болохыг зөвлөж байна. Туршлагатай ментор танд зөв чиглэлийг зааж, алдаанаас суралцах бус, урьдчилан сэргийлэхэд тусалж, карьерын өсөлтөд тань хурдасгуур болж өгдөг. Мөн ментортой байх нь зөвхөн мэдлэг туршлагаас гадна сэтгэлзүйн дэмжлэг, урам зориг авч, өөрийгөө хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс та өөрийн хүсэж буй салбарын туршлагатай хүмүүсээс суралцах боломжийг ашиглаарай.

    5.  Богино хугацааны ажил, дадлагаас эхэл

    Хэрвээ шууд үндсэн ажил олох амаргүй байвал багаас нь эхэлж, алсыг хараарай.

    • Дадлага 

    • Гэрээт буюу түр хугацаанд гүйцэтгэх ажил

    • Сайн дурын хөтөлбөрүүд
      зэрэг туршлага хуримтлуулах замаар эхэлж болох юм.

    6. Ажлын ярилцлага

    Ярилцлагын үеэр өөрийгөө ойлгомжтой, итгэлтэй илэрхийлэх нь ажил олгогчид хамгийн чухал зүйл. Бэлтгэлгүй хүн сонгон шалгаруулалтаас хасагдах магадлал өндөр байдаг. Харин сайн бэлтгэлтэй бол амжилт тун ойрхон гэдэгт итгээрэй.

    Асуудаг түгээмэл асуултууд:

    • “Өөрийгөө товчхон танилцуулна уу”

    • “Яагаад манай компанид ажиллахыг хүсэж байгаа вэ?”

    • “Таны сул талууд юу вэ?”

    • “Хэцүү нөхцөл байдалд хэрхэн ханддаг вэ?” гэх мэт энгийн асуултуудад бэлэн байгаарай.

    7. Тууштай бай, шантралгүй урагшил

    Ажил хайх нь тэсвэр тэвчээр, тууштай байдлыг шалгах марафон юм. Зарим хүмүүс анхны ажлаа сарын дотор олдог бол зарим нь 3-6 сар, бүр түүнээс ч удаан хайх тохиолдол байдаг. Анхны ажил бол туршлага хуримтлуулах, танилын хүрээгээ үүсгэж тэлэх, мэргэжлийн карьерын суурийг тавих чухал алхам юм. Өөртөө итгэж цаг гарган, өдөр бүр 1% ч гэсэн ахиц гаргаснаар таны хүсэл мөрөөдөл биелэхэд улам ойртсоор байх болно.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.

    Холбоотой нийтлэл унших: CV-гээрээ ялгарч, ажилд орох боломжоо нэмэгдүүл