Tag: Менежмент

  • Ажил сонгохдоо байгууллагын соёлыг чухалчлах нь

    Ажил сонгохдоо байгууллагын соёлыг чухалчлах нь

    Та ажиллах газраа сонгохдоо байгууллагын соёлыг нь хэр чухалчилдаг вэ? 

    Ажлын байр сонгоход зөвхөн цалингийн хэмжээ, албан тушаал биш харин тухайн байгууллагын соёл танд хэр тохирох вэ гэдэг нь маш чухал үзүүлэлт болдог. Байгууллагын соёл гэдэг нь зөвхөн дүрэм журам төдий зүйл биш, харин ажлын уур амьсгал, хүмүүс хоорондын харилцаа, удирдлагын хандлага, ажилтнуудаа хэрхэн дэмждэг тухай цогц ойлголт билээ. Тэр утгаараа тухайн байгууллагын орчинд та өөрийгөө хэр тухтайгаар мэдрэх вэ, тэнд удаан хугацаанд аз жаргалтай, үр бүтээлтэй ажиллаж чадах уу гэдгээр соёл тодорхойлогдоно.

    Хэрэв тухайн компанийн үнэт зүйлс таны бодолтой нийцэхгүй байвал, анхнаасаа л ойлголцохгүй байдал үүсэж, ажлын сэтгэл ханамж бага байх магадлалтай. Тиймээс байгууллагын соёлыг судлахдаа тэдний вэбсайт, сошиал хуудсыг үзэх, одоогийн болон өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн сэтгэгдлийг унших, магадгүй танд таньдаг хүн байвал сэтгэгдэл, туршлагыг нь асууж олж мэдэх нь зүйтэй.

    Мөн ярилцлагын үеэр та сонгон шалгаруулалт хариуцсан ажилтнаас “Танай багийн уур амьсгал ямар вэ?”, “Шинэ санаа гаргасан хүнийг хэрхэн дэмждэг вэ?” зэрэг асуултуудыг асуувал тухайн байгууллага таны хувьд тохирох эсэхийг мэдэхэд бага ч гэсэн нөлөөлөх юм. Бид ажил дээрээ амьдралынхаа ихэнх цагаа өнгөрүүлдэг учраас өөрийгөө тухтай, хөгжиж чадна гэж мэдрэх тэр орчныг сонгох нь хамгийн чухал юм шүү. Тиймээс энэ нийтлэлээрээ та бүхэнд энэ тухай мэдээллийг хүргэхээр зорьсон юм.

    Байгууллагын соёлын тухай

    Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын доторх ажиллах арга барил, үнэт зүйлс, итгэл үнэмшил, хандлага, харилцаа, зан төлөвийн тогтолцоог илэрхийлдэг ойлголт юм. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн явуулах, ажилтнууд хоорондоо болон хэрэглэгчидтэй хэрхэн харилцах, шийдвэр гаргалт болон асуудал шийдвэрлэх арга хэлбэрүүдээр тодорхойлдог байна. Энгийнээр хэлбэл, “энэ байгууллагад ажилладаг хүмүүс хэрхэн сэтгэж, шийдвэрийг хэрхэн гаргаж, яаж ажилладаг вэ?” гэдэг асуултын хариу юм.

    Байгууллагын соёлын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд:

    Үнэт зүйлс: Байгууллагын эрхэм зорилго, баримтлах зарчим. Жишээ нь: шударга байдал, хариуцлага, багийн ажиллагаа.

    Зан төлөв, хандлага : Ажилтнуудын өдөр тутмын харилцаа, ажиллах хэв маяг.

    Харилцааны хэв маяг: Дээд, дунд, доод шатны менежерүүд болон ажилтнуудын хоорондын харилцаа.

    Удирдлагын хэв маяг : Ерөнхий захирал болон менежментийн багийн манлайлал.

    Ёс зүй ба дүрэм журам: Дотоод журмууд, зан үйлтэй холбоотой хүлээлт.

    Байгууллагын соёл яагаад хэрэгтэй вэ?

    Сайн соёл нь байгууллагын амжилтын суурь болдог. Нэгдүгээрт, ажилтнууд ажлаа утга учиртай, дуртайгаар хийдэг болж, сэтгэл ханамж нэмэгддэг. Хоёрдугаарт, багийн харилцан ойлголцол, итгэлцэл сайжирснаар илүү үр дүнтэй хамтын ажиллагаа бүрддэг. Гуравдугаарт, тогтвортой, бүтээмж өндөртэй хамт олон төлөвшиж, ажилтнууд байгууллагад удаан хугацаагаар үлдэх хандлагатай болдог. Мөн үнэт зүйл, зорилго нэгтэй орчинд шийдвэр гаргалт хурдан, зөв явагддаг нь байгууллагын үр ашигт эерэгээр нөлөөлдөг давуу талтай.

    Сайн байгууллагын соёлтой компани ямар байдаг вэ?

    Нэг зорилгын төлөө нэгдсэн — Бүгд компанийн алсын хараа, үнэт зүйлсийг ойлгож, дагаж мөрддөг.

    Итгэлцэлтэй харилцаа — Менежмент болон ажилтнуудын хооронд итгэл, нээлттэй байдал ноёлдог.

    Өсөлт, хөгжлийг дэмждэг — Ажилтнуудын сурч хөгжих боломжийг бүрдүүлдэг.

    Шударга, ил тод удирдлага — Шийдвэрүүд ойлгомжтой, үндэслэлтэй.

    Шинийг эрэлхийлэгч, нээлттэй сэтгэлгээтэй — Бүтээлч санаа, шинэ санаачлагыг дэмждэг.

    Ажил, амьдралын тэнцвэрийг эрхэмлэдэг — Ажилтны сэтгэл зүй, сайн сайхныг анхаардаг.

    Дэлхийд байгууллагын соёлоороо үлгэрлэдэг компаниудыг дурдвал: Google нь ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, чөлөөт орчинг дэмждэг соёлоор алдартай. Netflix  илүү гүйцэтгэлд суурилсан, эрх чөлөө ба хариуцлагыг хослуулсан соёлыг хэрэгжүүлдэг байна. Харин Toyota компани нь “Kaizen” буюу тасралтгүй сайжруулалтад тулгуурласан соёлтой юм.

    Байгууллагын соёлыг төлөвшүүлж, тасралтгүй хөгжүүлэх нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, багийн уялдаа холбоог сайжруулахад чухал үүрэгтэй юм. Үүний үр дүнд байгууллагын зорилго, стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нэмэгдэж, шинэ ажилтнууд илүү хурдан уусаж, хүний нөөцийн тогтвортой байдал бий болно. Мөн байгууллагын соёл нь харилцагч, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлэх, байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг байна.

    Хэрэв байгууллага өөрийн өвөрмөц соёлыг бүрдүүлэхийг зорьж байгаа бол юуны түрүүнд үнэт зүйлсээ тодорхойлж, эдгээрт нийцсэн ажиллах зарчим, хандлагыг хөгжүүлэхээс эхлэх нь зүйтэй. Харин аль хэдийн төлөвшсөн соёлыг улам боловсронгуй болгохыг зорьж буй үед ажилтнуудынхаа санал бодлыг сонсож, одоогийн байгууллагын соёлыг бодитойгоор үнэлэх нь чухал байдаг. Үүний дараа сайжруулалтын төлөвлөгөөг боловсруулан, шат дараатай хэрэгжүүлэхдээ менежерүүд манлайллын үүргийг илүү хүлээж, өөрсдийн үйл ажиллагаагаараа үлгэр дуурайл үзүүлэх нь үр нөлөөг улам нэмэгдүүлдэг байна.

    Байгууллагын соёлыг үнэлэх асуултууд 

    • Ажилтнууд байгууллагын үнэт зүйлсийг мэддэг үү?

    • Менежментийн баг ажилтнууддаа итгэдэг үү?

    • Ажилтнууд илэн далангүй санал бодлоо хэлж чаддаг уу?

    • Алдааг суралцах боломж гэж үздэг үү?

    • Шинэ санаачилга гаргахад хэр их дэмжлэг үзүүлдэг вэ?

    Ерөнхийдөө байгууллагын соёл нь тухайн байгууллагын цаашдын амжилт, тогтвортой байдал, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжид асар их нөлөөтэй  ойлголт юм. Иймд байгууллагын соёлыг зарчимд суурилан зорилготойгоор бүрдүүлэх, үнэт зүйлсээр удирдах, үргэлж сайжруулах нь ажилтнуудын бүтээлч байдал, идэвх оролцоо, тогтвортой ажиллах үндэс суурь болдог.

    Бид өдөр бүр ихэнх цагаа ажлын байрандаа өнгөрүүлдэг тул тухтай, урамтай, өсөж хөгжих боломжтой орчинд ажиллах нь маш чухал. Тиймээс байгууллагын соёлыг тодорхой хэмжээнд урьдчилан судлан зөв шийдвэр гаргаж, ирээдүйд өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай ажиллах боломжоо нэмэгдүүлээрэй.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

    Холбоотой нийтлэл унших: Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

  • Хамгийн түгээмэл C-Level түвшний ажлын байрууд болон тэдгээрийн үүргүүд

    Хамгийн түгээмэл C-Level түвшний ажлын байрууд болон тэдгээрийн үүргүүд

    Байгууллагын менежментийн түвшний буюу удирдах түвшний албан тушаалууд нь компанийн үйл ажиллагааны үр ашиг, өсөлт, амжилт болоод урт хугацааны стратегийг оновчтой хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр албан тушаалууд нь тус бүрийн тодорхой үүрэг, хариуцлага, нөлөөллийг агуулдаг бөгөөд эдгээрийн хоорондын хамтын ажиллагаа нь байгууллагыг амжилтанд хөтөлдөг. Орчин үед эдгээр менежментийн түвшний албан тушаалууд улам эрэлттэй болж, стратегийн шийдвэр гаргах, инноваци нэвтрүүлэх, бизнесийн өсөлтийг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Энэхүү нийтлэлээр хамгийн түгээмэл C-level буюу удирдлагын түвшний ажлын байрууд болон тус бүрийн үүрэг, хариуцлага, тэдгээрийн үр нөлөөний талаарх дэлгэрэнгүй тайлбар болно.

    Энд дарж lambda.global дээр нийтлэгдсэн өндөр цалинтай ажлын байрны заруудтай танилцана уу.

    1. Гүйцэтгэх захирал (CEO – Chief Executive Officer)

    Үндсэн үүрэг:

    Гүйцэтгэх захирал (CEO) нь байгууллагын хамгийн өндөр удирдлагын албан тушаал бөгөөд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг, стратегийг зохион байгуулах, түүнчлэн компаний бүх төрлийн үйл ажиллагааны эцсийн үр дүнгийн хариуцлагыг хөрөнгө оруулагч болон ТУЗ өмнө хүлээдэг хариуцлагатай албан тушаал юм. CEO нь компанийн стратегийн гол чиглэл, урт хугацааны алсын хараа, зорилго, хөрөнгө оруулалт болон гадаад харилцааны стратегийг удирдаж байгууллагыг том зургаар нь зөв чиглүүлэн, ашигтай ажиллуулах үндсэн үүрэгтэй.

    Үр нөлөө:

    CEO нь компанийн бүх үйл ажиллагааг удирддаг тул гүйцэтгэх захирлын гаргаж буй бүх шийдвэрүүд компанийн амжилтанд шууд нөлөөлнө. Гүйцэтгэх захирал нь байгууллагын стратегийн өсөлт, өрсөлдөх чадварыг бататгах, шинэ зах зээлд нэвтрэх болон компанийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох гол хүчин зүйл юм. CEO-ийн төлөвлөсөн стратегийн шийдвэр нь компанийн бүх түвшинд нөлөөлж байдаг учир олон төрлийн дүн шинжилгээ хийх, удирдлага манлайллын чадварыг шаарддаг.

    Унших: Гүйцэтгэх Захирлын (CEO) Албан Тушаалд Бэлдэх Аргууд

    2. Санхүү хариуцсан захирал (CFO – Chief Financial Officer)

    Үндсэн үүрэг:

    Санхүүгийн захирал (CFO) нь байгууллагын санхүүгийн бодлого, санхүүгийн тайлан, төсвийн хяналт, зардал, орлогын менежментийг хариуцдаг. Санхүү хариуцсан захирал нь байгууллагын санхүүгийн болоод мөнгөн урсгалын гадаад болон дотоод эрсдлийг удирдах, компанийн орлогыг өсгөх, мөнгөний урсгалыг оновчтой зохицуулах, хуваарилах үүрэгтэй.

    Үр нөлөө:

    CFO нь компанийн санхүүгийн тогтвортой байдал, урт хугацааны өсөлтөд чухал нөлөөтэй. Түүний гаргасан шийдвэрүүд санхүүгийн амжилт, хөрөнгө оруулалтын үр ашиг, санхүүгийн эрсдлийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг. CFO нь компанийн санхүүгийн бүрэн хяналтыг авч, гүйцэтгэх захирлын гаргасан стратегийн шийдвэрүүдийн дагуу зохион байгуулахад тусалдаг.

    3. Үйл ажиллагаа хариуцсан захирал (COO – Chief Operating Officer)

    Үндсэн үүрэг:

    Үйл ажиллагаа хариуцсан захирал (COO) нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирддаг бөгөөд компанийн дотоод үндсэн үйл ажиллагаанууд болох үйлдвэрлэл, үйлчилгээ, процессуудыг сайжруулах үүрэгтэй. COO нь компани доторх бүх алба хэлтсүүдийн хоорондын уялдаа холбоог хангаж, өдөр тутмын ажиллагааг үр дүнтэй бөгөөд үр ашигтай зохион байгуулахтай холбоотой хариуцлагыг гүйцэтгэх захирлын өмнө хүлээдэг.

    Үр нөлөө:

    COO нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдах үүрэгтэй тул байгууллагын үйл ажиллагааны стандарт, үр ашиг, үйлдвэрлэлийн, үйлчилгээний хугацаа болон зардлыг бууруулахад шууд нөлөөлнө. Түүний шийдвэрүүд байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг оновчтой явуулахад нөлөөлж, компанийн дотоод үйл ажиллагааны эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлдэг.

    4. Хүний нөөцийн захирал (CPO – Chief People Officer)

    Үндсэн үүрэг:

    Хүний нөөцийн захирал (CPO) нь байгууллагын урт хугацааны стратегийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор оновчтой хүний нөөцийн бодлого гаргах, ажилтнуудын ур чадвар хөгжил болон тогтвортой байдлыг хариуцдаг. Хүний нөөцийн захирал нь компанийн үйл ажиллагаанд шаардлагатай орон тоо, ажилчдын сонгон шалгаруулалт, сургалт, хөгжлийн төлөвлөгөө, байгууллагын соёл, ажлын орчныг сайжруулах үндсэн үүрэгтэй.

    Үр нөлөө:

    CPO нь компанийн хүний нөөцийн стратегиудыг хэрэгжүүлснээр ажилчдын сэтгэл ханамж, бүтээмжийг нэмэгдүүлж, компанийн соёлыг сайжруулдаг. Түүний шийдвэрүүд тухайн байгууллагын ажилчдын чадвар, өсөлт, тогтвортой байдлыг шийдэж, компани дотооддоо амжилттай ажиллах боломжийг ажилчдад бүрдүүлж өгдөг.

    5. Хууль эрх зүй хариуцсан захирал (CLO – Chief Legal Officer)

    Үндсэн үүрэг:

    Хууль эрх зүйн захирал (CLO) нь байгууллагын дотоод болон гадаад түншүүдтэй хийгдэх бүхий л хууль эрх зүйн үйл ажиллагааг хариуцдаг. Тэрээр компанийн гэрээ хэлцэл, хууль зүйн асуудал, эрсдэл, аюулгүй байдал, маргаан шийдвэрлэх, хууль эрх зүйн шаардлагуудыг хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй.

    Үр нөлөө:

    CLO нь компанийн хууль эрх зүйн эрсдлийг удирдаж, хууль эрх зүйн үйл ажиллагааг үр ашигтай явуулах үүрэгтэй. Түүний шийдвэрүүд компанийн хууль эрх зүйн үйл ажиллагааг баталгаажуулж, аливаа хууль зүйн маргаан болон асуудалтай тулгарах үед эрсдлийг бууруулах, оновчтой шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг.

    6. Технологи хариуцсан захирал (CTO – Chief Technology Officer)

    Үндсэн үүрэг:

    Технологи хариуцсан захирал (CTO) нь байгууллагын үйл ажиллагаанд ашиглагдаж буй болон өөрсдийн хөгжүүлж буй технологийг компанийн урт хугацааны стратеги болон инновацитой уялдуулан удирдах чиг үүрэгтэй. Технологи эрхэлсэн захирал нь компанийн үйл ажиллагааг илүү үр ашигтай, оновчтой болгох бүхий л технологийн шинэчлэл, инноваци, програм хангамжийн хөгжүүлэлтийг удирдаж мөн компанийн хөгжүүлж буй бүтээгдэхүүн үйлчилгээнд технологийн шинэ дэвшлүүдийг нэвтрүүлэхэд голлон анхаарж ажиллана.

    Үр нөлөө:

    CTO нь компанийн технологийн дэвшил, шинэчлэлийг удирдах замаар бизнесийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг. Түүний шийдвэрүүд компанийн технологи ашиглан зах зээл дээр өрсөлдөх чадварыг бататгаж, хэрэглэгчийн хэрэгцээг хангах шинэ технологийн шийдлүүдийг нэвтрүүлдэг.

    7. Маркетинг хариуцсан захирал (CMO – Chief Marketing Officer)

    Үндсэн үүрэг:

    Маркетингийн захирал (CMO) нь компанийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд хүргэхтэй холбоотой маркетингийн стратегийг боловсруулж, хэрэгжүүлэх үүрэгтэй. Түүний үндсэн үүрэг нь компанийн урт хугацааны брендийн стратеги, зах зээлд танигдах маркетингийн кампанит ажил, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой зах зээлийн судалгаа, хэрэглэгчийн шинж чанарыг ойлгох болон хэрэглэгчтэй харилцаа тогтоох зэрэг асуудлуудыг хариуцдан ажилладаг.

    Үр нөлөө:

    CMO нь компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд таниулахын тулд оновчтой, зөв зохион байгуулалттай маркетингийн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. Түүний шийдвэрүүд хэрэглэгчийн туршлага, брэндийн байр суурийг бэхжүүлж, зах зээлд амжилттай өрсөлдөхөд чухал нөлөөтэй.

    БОНУС —– Технологийн компаниуд ихэвчлэн байдаг C-Level түвшний ажлын байрууд

    8. Мэдээллийн аюулгүй байдал хариуцсан захирал (CISO – Chief Information Security Officer)

    Үндсэн үүрэг:

    Орчин үеийн технологийн хурдацтай хөгжлийн нөлөөгөөр байгууллагууд мэдээллийн аюулгүй байдлыг маш ихээр анхаарах болсон. Мэдээллийн аюулгүй байдлын захирал (CISO) нь байгууллагын үнэт нөөцүүдийн нэг болох мэдээллийн аюулгүй байдал болон хамгаалалтыг удирддаг. Түүний үүрэг нь мэдээллийг хамгаалах бодлого, орчны аюулгүй байдлыг хангах, мэдээллийн алдагдлаас сэргийлэхэд чиглэгддэг.

    Үр нөлөө:

    CISO нь компанийн мэдээллийн аюулгүй байдлыг хариуцаж, цахим халдлага, мэдээллийн алдагдал, технологийн аюулгүй байдлыг хамгаалдаг. Түүний шийдвэрүүд байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг хангаж, хуулийн шаардлагуудыг хэрэгжүүлэхэд тусалдаг.

    9. Бүтээгдэхүүн хариуцсан захирал (CPO – Chief Product Officer)

    Тус бүрийн үүрэг:

    Бүтээгдэхүүн хариуцсан захирал (CPO) нь компанийн гол ашиг орлого олж буй бүтээгдэхүүн, үйлчилгээний үндсэн хөгжүүлэлтийг удирддаг. Түүний үүрэг нь бүтээгдэхүүний зах зээлд эзлэх стратегийг боловсруулах, хэрэглэгчдийн эрэлт, сонирхолд нийцсэн шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэн зах зээлд гаргах, шинэлэг, инновацилаг шийдлийг бүтээгдэхүүндээ шингээн хөгжүүлэхэд оршино.

    Үр нөлөө:

    CPO нь компанийн голллох бүтээгдэхүүний амжилт, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хангах үүрэгтэй. Түүний шийдвэрүүд хэрэглэгчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүнийг танилцуулж, зах зээлд амжилттай өрсөлдөх боломжийг бий болгодог.

    10. Өрсөлдөх чадвар хариуцсан захирал (CRO – Chief Revenue Officer)

    Үндсэн үүрэг:

    Өрсөлдөх чадварын захирал (CRO) нь компанийн орлогын өсөлт, борлуулалтын стратеги, маркетингийн уялдаа холбоог хариуцдаг. Тэрээр борлуулалт, маркетинг, үйл ажиллагааны хоорондын уялдааг сайжруулж, орлогын өсөлтийг хянаж байдаг.

    Үр нөлөө:

    CRO нь компани орлогын өсөлтийг хангаж, борлуулалт болон маркетингийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж, компанийн орлогын төвийг байгуулдаг. Түүний шийдвэрүүд орлогын өсөлт болон зах зээлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг.

    11. Хэрэглэгчийн туршлага хариуцсан захирал (CXO – Chief Experience Officer)

    Үндсэн үүрэг:

    Хэрэглэгчийн туршлага хариуцсан захирал (CXO) нь байгууллагын хэрэглэгчийн туршлагыг онцгойлон анхаарч, бүх үйлчлүүлэгчийн харилцаа, туршлагын чанарыг сайжруулах үүрэгтэй. CXO нь хэрэглэгчидтэй холбоо барих бүх түвшинд чанартай, эерэг туршлагыг бий болгох зорилготой ажилладаг. Түүний гол үүрэг нь хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчдийн санал хүсэлтийг боловсруулах, бүтээгдэхүүн болон үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулахад чиглэдэг.

    Үүрэг, нөлөө:
    Хэрэглэгчийн туршлага хариуцсан захирал (CXO) нь хэрэглэгчийн туршлагыг онцгойлон анхаарч, түүнийг сайжруулах үүрэгтэй. Түүний зорилго нь хэрэглэгчдэд хүрэх бүх контакт цэгүүдэд (вебсайт, утасны дуудлага, бүтээгдэхүүн үйлчилгээ) чанартай, эерэг туршлагыг бий болгох явдал юм. CXO нь хэрэглэгчийн санал хүсэлт, сэтгэл ханамжийг боловсруулах, компанийн бүтээгдэхүүн болон үйлчилгээнд хэрэглэгчдийн шаардлагад нийцсэн өөрчлөлт оруулах зорилгоор үйл ажиллагаа явуулдаг.

    Унших: Хэрхэн өндөр цалинтай ажлын байранд өөрийгөө бэлтгэх вэ?

    Эдгээр менежментийн түвшний албан тушаалууд нь компанийн стратегийн амжилт, үйл ажиллагаа, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Технологи, хэрэглэгчийн туршлага, мэдээллийн аюулгүй байдал, орлогын өсөлт, олон улсын өрсөлдөх чадвар зэрэг салбарууд нь орчин үеийн бизнесийн хамгийн эрэлттэй салбаруудын нэг болжээ. Тиймээс компаниуд эдгээр албан тушаалуудыг хариуцаж, бизнесийн бүтээлч сэтгэлгээ, шинэлэг санаануудыг хэрэгжүүлэхэд чухал байр суурь эзэлдэг.