Tag: карьер төлөвлөлт

  • Карьерын амжилтаас хойш татдаг 5 алдаа

    Карьерын амжилтаас хойш татдаг 5 алдаа

    Карьертаа дэвшил гаргахыг хүсэж байгаа ч нэг л ахицгүй мэт санагдаж байна уу?

    Ихэнх залуус боломжгүй нөхцөлд биш, харин анзаарагддаггүй жижиг боловч чухал алдаа дутагдлаас болж бүдэрсэн байх нь олон. Тиймээс юун түрүүнд ямар алдаа гаргаж байгаагаа мэдэх нь карьерын өсөлтөд нөлөөлөх хамгийн зөв алхам болдог.

    Харин тэдгээр алдааг ойлгож, өөртөө шударга хандан, засаж чадвал таны мэргэжлийн амжилтад хүрэх хурд үлэмж нэмэгдэнэ гэдэгт итгээрэй. Залуусын карьер төлөвлөлтийн хувьд гаргадаг түгээмэл алдаанууд болон тэдгээрийн шийдлүүдийг хамтдаа харцгаая.

    1. Зорилгогүй ажил хайх

    Түр зуурын орлого олох хэрэгцээ, өөрийгөө бүрэн таниагүй байх, хүлээлтийн зөрүү, нийгмийн нөхцөл байдал зэрэг нь зорилгогүйгээр ажил хайж, оновчтой бус шийдвэр гаргахад хүргэдэг. Тэр ч утгаараа зорилгогүй эхэлсэн ажлаас амархан уйдаж, таны мэргэжлийн түүх дээр тасралттай, чиглэлгүй зам үлдээнэ.

    2. CV-гээ бүх ажлын байранд ижил илгээх

    Нэг сайн анкет бичээд бүх газар явуулчихъя гэж боддог бол олдох боломжоо өөрөө хааж буй үйлдэл юм. Ажил олгогчид таны CV-г хараад “Энэ хүн яг манай ажлын байрны шаардлагыг уншсан уу?” гэж бодох вий.

    Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой.  

    3. Харилцааны ур чадвартаа анхаардаггүй

    Монголын ихэнх залуус техникийн мэдлэг, сургалтын гэрчилгээ сайтай ч soft skill буюу зөөлөн чадвараа орхигдуулдаг. Ялангуяа багийн ажиллагаа, шүүмж хүлээн авах чадвар, өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах, бусадтай хамран ажиллах чадварууд дутмаг байх нь цөөнгүй.

    4. Байгууллагаа цалингаар нь сонгох

    Өндөр цалин санал болгож байгаа байгууллагыг аз мэтээр хүлээж авдаг ч, дотоод соёл, эсвэл удирдлага нь урам хугалахад хүргэж болзошгүй. Ямар ч цалинтай байсан, өдөр бүрийн ажлын орчин таны сэтгэл зүйн тогтвортой байдал төдийгүй ажлын бүтээмжид чухал нөлөөтэй байдаг.

    5. Тууштай биш байдал

    “3 газар анкет явуулсан ч хариу ирэхгүй байна. Ажлын байр олдохгүй юм байна” гэж та бодож байсан уу? Өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд ажил хайгч талентууд  10–20 газар CV илгээх нь хэвийн үзэгдэл болсон байна. Гэхдээ илгээж буй мэдээллээ сайжруулахаа мартаж болохгүй. Та шантрах бүртээ боломжийг өөрт ойртуулж байгаа гэдгээ мартуузай.

    Ажил хайж буй танд өгөх зөвлөгөө

    Зорилгоо тодорхой болгох
    Хаашаа хүрэхээ мэдэхгүй хүн амжилтад хүрэх нь ховор. Тиймээс жилийн дараа та яг ямар ажил эрхэлж, ямар орчинд, хэр орлоготой байхаа тодорхой бичиж, өөртөө төлөвлөлт хийх зуршил бий болгоорой. Тухайн гаргасан зорилгод хүрэхийн тулд ямар ур чадвар, ажлын туршлага хэрэгтэйг жагсаах нь таныг чиглүүлэх зам болох болно.

    CV-гээ ажил бүрд тохируулж боловсруулах
    Нэг загварын CV-гээ бүх байгууллагад илгээх нь үр дүн багатай байдаг. Тиймээс ажлын зар бүрийн шаардлагад нийцүүлэн CV-гээ тохируулж сайжруулаарай. Мөн өмнөх ажлууд дээр гаргасан амжилт, үр дүнг тоон үзүүлэлттэй хамт онцолж бичих нь анхаарал татах том давуу тал болно.

    Soft skill буюу зөөлөн ур чадвараа хөгжүүлэх
    Ажилд ороход зөвхөн мэргэжлийн мэдлэг хангалтгүй байдаг. Харилцааны чадвар, илтгэл тавих чадвар, багаар ажиллах арга барил, хувь хүний хандлага зэрэг нь шийдвэр гаргахад нөлөөлдөг чухал хүчин зүйлс юм.

    Ажлын байр, байгууллагын орчныг урьдчилан судлах
    Сонгох гэж буй ажлын байр танд сайхан санагдсан ч тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс танд тохирохгүй байж болно. Тиймээс боломжтой бол танилын сүлжээгээр дамжуулан тухайн байгууллагын орчны талаар мэдээлэл аваарай. Мөн ярилцлагын үеэр байгууллагын хөгжил, сургах бодлогын талаар асууж, зөвхөн та сонгогдох бус, та ч бас байгууллагыг сонгож буйгаа мэдрүүлэх нь чухал.

    Тууштай бай, итгэлээ бүү алд
    CV илгээсэн байгууллагуудаа тэмдэглэж, хяналттай хандаарай. Хэрвээ татгалзсан бол юуг илүү сайн болгох ёстойг дүгнэж, дараагийн боломждоо илүү бэлтгэлтэй байх нь чухал. Тууштай, зорилготой хүн карьерынхаа хамгийн чухал хөрөнгө оруулагч нь байдаг юм.

    Карьерын зам бол туулж өнгөрүүлэх нэгэн аялал юм. Энэхүү аялалд гарахын өмнө эхний алхмуудаа зөв хийснээр та зөвхөн сайн ажил олох бус, өөртөө итгэх итгэлээ олж авч, зорилгодоо тууштай хүрэхэд бэлэн болно.

    Та өөрт тохирох ажлаа хайж байна уу?

    https://lambda.global/ хаягаар зочлон, платформ дээр өөрийн мэдээллийг оруулж, бүртгүүлээрэй. Lambda таны цагийг хэмнэж, амжилтад хөтөлнө. Мөн энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулах боломжтой.

  • Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

    Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

    Карьер төлөвлөлт нь амжилтын замыг тодорхойлдог чухал зүйл юм. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр бусад талентаас онцгойрон харагдахын тулд шинэ ур чадвар эзэмших зайлшгүй шаардлагатай болсон. Ажлын байрны өрсөлдөөн нэмэгдэж, ажил олгогчдын тавьж буй шаардлага улам нарийсч буй энэ үед хувь хүний хөгжлийг орхигдуулах нь дэргэдэх боломжоо алдахтай адил билээ. Та шинэ ажил хайж байна уу? Эсвэл одоо байгаа карьераа шат ахиулахыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол яг одооноос өөртэйгөө тулж ажиллаж, өөрчлөлтийг эхлүүлээрэй.

    Зорилгоо тодорхойлно гэдэг нь карьерын луужин юм

    Юу хүсэж байгаагаа мэдэхгүй үед амжилт гэдэг зүйл хүрэхэд амаргүй санагддаг. Үнэхээр ч зорилгогүйгээр зөв замаа олох хэцүү шүү дээ. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа ур чадварууд тухайлбал дижитал маркетинг, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, удирдах арга барил, хэлэлцээр харилцааны ур чадвар гэх зэрэг чиглэл рүү тодорхой зорилготойгоор тэмүүлэх нь таныг өрсөлдөөнд илүү тод ялгаруулах стратеги юм. Мөн түүнчлэн Жилийн дараа өөрийгөө ямар ажил эрхэлж байгаагаар төсөөлж байна вэ? Хэр хэмжээний орлого олохыг хүсэж байгаа вэ? Ямар байгууллагад ажилламаар байна вэ? гэсэн эдгээр асуултад өөртөө итгэлтэй, зоримог хариулт өгч, зорилгоо тодорхойлж бичихийг танд зөвлөж байна. Ингэснээр урам зориг, чиглэлээ алдахгүй байхад тань дэм болох юм.

    Тасралтгүй суралцах нь өөрийгөө үнэлүүлэх хамгийн хүчтэй арга

    Мэдээж хэрэг хөдөлмөрийн зах зээлд ур чадвар сул, шинэ зүйл сурах сонирхолгүй хүмүүсийг эерэгээр хүлээж авахгүй. Тиймээс яг одоо та өөрөөсөө дараах зорилготой асуултуудыг асуугаарай.

    • Би салбарынхаа сүүлийн үеийн чиг хандлагаас хоцорчихоогүй биз?

    • Миний анкет бусдаас ялгарах онцлогтой юу?

    • Ямар ур чадварыг нэмээд эзэмшвэл дараагийн түвшинд хүрч чадах вэ?

    Өнөө үед мэргэжлийн чиглэлээс үл хамааран дижитал эрин зуунд амжилттай өрсөлдөхийн тулд мэдлэг, ур чадвараа тасралтгүй шинэчилж байх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд Google, HubSpot, Udemy, Coursera, LinkedIn Learning зэрэг олон улсын үнэгүй болон төлбөртэй сургалтын платформууд нь хувь хүний хөгжилд хийх хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт болж чадна.

    Өнөөдрөөс эхлэн өөртөө хөрөнгө оруулалт хийж, ирээдүйнхээ төлөө мэдлэг, чадвараа тэлэх шийдвэр гаргаарай.

    Цагаа зөв удирдах буюу зорилгоо хэрэгжүүлэх

    Залуусын дунд “завгүй байна, цаг хүрэлцэхгүй байна” гэх нийтлэг хандлага түгээмэл ажиглагддаг. Гэвч үнэндээ асуудал нь цаг хугацаанд бус, харин үр дүнтэй төлөвлөлт, зөв дадал зуршилд оршдог. Карьерын өсөлтийг хурдасгах гол түлхүүр нь ухаалаг төлөвлөлт, тогтмол, зорилготой дадал юм.

    Өдөрт 30–40 минутыг CV, resume-ээ сайжруулж бичих эсвэл ажил хайх сайтуудыг шалгахад зориулахад л та нэг алхмаар урагшилж чадна. Facebook, Instagram reels, TikTok зэрэгт өнгөрөөдөг 2 цагийг 1 цаг болгон багасгаж, үлдсэн хугацааг өөрийн ур чадвар, карьерын хөгжилд зориулах бүрэн боломж танд бий.

    Өөрийн ирээдүйн боломжийг хойш нь тавилгүй, яг одооноос шийдэл хайж сурах, зорилгодоо хүрэх алхмуудаа бодитоор эхлүүлэх цаг иржээ. Та өөрийн ирээдүйн хамгийн чухал хөрөнгө оруулагч юм.

    Өөртэйгөө шударгаар харьцах

    Хэрэв та шинэ ажилд орж чадахгүй, эсвэл тушаал дэвшихгүй эсвэл нэг байрандаа удаан хугацаанд гацсан мэт мэдрэгдэж байвал нэг алхам ухарч, нөхцөл байдлаа шударгаар дүгнэх хэрэгтэй. Магадгүй танд шаардлагатай мэдлэг, ур чадвар эсвэл хамт олонтойгоо зөв, ухаалаг харилцах харилцааны чадвар, аливаад хариуцлагатай, тууштай хандах зарчим дутуу байж мэднэ. Эдгээрийг өөртөө үнэнчээр хүлээн зөвшөөрч, бодитоор дүгнэж чадвал карьерын дараагийн шат руу ахих бодит боломж үүсэх юм.

    Түүнчлэн шүүмжлэлийг эерэгээр хүлээж авах чадвар нь өөрийгөө хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Гэвч энэ чадвар залуусын дунд хамгийн их дутагдаж буй ур чадваруудын нэг хэвээр байна. Шүүмжлэлийг сайжрах боломж хэмээн хүлээн зөвшөөрч чадсан хүн л бусдаас нэг алхам түрүүлж, хүссэн амжилтдаа илүү хурдан хүрч чаддаг.

    Боломжийн төлөө тууштай бай

    Ихэнх хүмүүс ердөө хоёр, гуравхан ажилд CV-гээ илгээсний дараа хариу ирэхгүй бол “надад тохирсон ажил алга” хэмээн бууж өгөх хандлагатай байдаг. Гэвч өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд 10, бүр түүнээс олон байгууллагад материалаа илгээх нь хэвийн төдийгүй, шаардлагатай алхам болсон байна.

    Ажил хайна гэдэг нь зорилготой, төлөвлөгөөтэй хандвал амжилтад хөтлөх чухал процесс юм. Энэхүү үйл явцад таны хичээл зүтгэл, тэвчээрийн нийлбэр эцэстээ эерэг үр дүн авчрахыг мартаж болохгүй. Сайн чадвартай, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй залуус ч хэдэн сарын турш тууштай ажил хайсны эцэст хүссэн байгууллагадаа амжилттай орсон жишээ олон бий. Тиймээс та ч мөн өөртөө итгэж, тууштай байж чадвал таныг үнэлэх тэр боломж заавал ирнэ. Харин тэр боломжийн өмнө өөрийгөө бэлэн байлгах нь хамгийн чухал юм.

    Хувь хүний хөгжил, карьерын өсөлт бол нэг өдрийн дотор үр дүн нь гарах зүйл биш бөгөөд зорилго, мэдлэг, цагийн зөв менежмент, өөрийгөө бодитоор үнэлэх чадвар, тууштай байдлын үндсэн дээр тогтдог урт хугацааны замнал билээ. Хэрэв та өнөөдрөөс эхэлбэл хагас жилийн дараа гэхэд мэдэгдэхүйц өсөлт, эерэг өөрчлөлтөд хүрэх боломжтой.

    LAMBDA танд тохирсон ажлын байраа олоход тусална. Өөртөө итгээд, эхний алхмаа яг одоо хийгээрэй.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

    Унших нийтлэл: Карьер төлөвлөлтийн зөвлөгөө: Маркетингийн салбар 

  • Мэргэжлийн шилжилт: Шинэ чиглэлд амжилттай шилжих тухай

    Мэргэжлийн шилжилт: Шинэ чиглэлд амжилттай шилжих тухай

    Career transition буюу шинэ карьер эхлүүлэхэд туслах зөвлөгөө

    Хүн бүрийн амьдралд “Би зөв замаар явж байна уу?” гэж өөрөөсөө асуух мөч гардаг. Заримдаа хийж буй ажил утга учиргүй мэт санагдаж, өглөө ажилдаа явахад сэтгэл хөдөлдөггүй болчих нь бий. Ийм үед мэргэжлийн шилжилт хийх тухай бодол төрж болох юм. Career transition буюу мэргэжлээ солих нь эхэндээ айдас төрүүлж мэдэх ч үнэндээ өөрийгөө нээх, шинэ боломж руу урагшлах гайхалтай алхам болдог.

    Яагаад хүмүүс мэргэжлээ сольдог вэ?

    Хүмүүс янз бүрийн шалтгаанаар карьерын шинэ замыг сонгодог. Зарим нь илүү утга учиртай, сэтгэл ханамжтай ажил хийхийг хүсдэг бол, зарим нь уян хатан цагийн хуваарь, гэртээ ойр ажил хайдаг. Бас карьерын өсөлт зогссон мэдрэмж, орлогын шинэ эх үүсвэр хайх, эсвэл ажилгүй болох зэрэг нөхцөл ч нөлөөлж болно.

    Мэргэжлийн шилжилт гэж юу вэ? 

    Энэ нь таны өмнө нь ажиллаж байсан салбараас өөр эсвэл хэсэгчлэн холбоотой салбарт ажиллах шийдвэр гаргаж, карьераа шинэ чиглэл рүү чиглүүлэхийг хэлнэ. Зарим тохиолдолд бүр анхнаасаа шинэ мэргэжил эзэмших шаардлагатай болдог ч, олон тохиолдолд одоогийн ур чадвараа уялдуулан ашиглах боломжтой байдаг.

    Мэргэжлээ хэрхэн амжилттай өөрчлөх вэ?

    Мэргэжлийн шилжилт хийхдээ дараах алхмуудыг дагах нь амжилтад хүргэх түлхүүр болдог.

    1. Өөрийгөө таньж ойлгох

    Юу хийх илүү дуртай вэ? Ямар үед цаг хурдан өнгөрдөг вэ? Хүмүүс таныг юугаараа онцлог гэж магтдаг вэ? Эдгээр асуултад үнэнчээр хариулснаар та өөрийн шинэ чиглэлээ олж чадна.

    2. Шинэ салбараа судлах

    Хэрвээ маркетинг сонирхож байгаа бол тэр салбарын ажлын байр, ур чадвар, дундаж цалин, зах зээлийн эрэлт хэрэгцээг мэргэжлийн платформуудаас судлаарай.

    3. Ур чадвараа хөгжүүлэх

    Онлайн сургалтууд (Coursera, Udemy, Google гэх мэт) өнөө үед маш хүртээмжтэй болсон. Шинэ мэргэжлээр амжилттай ажиллахын тулд та өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх л хэрэгтэй.

    4. CV-гээ шинэчил

    Өмнө хийж байсан ажлаа шинэ чиглэлтэй хэрхэн уялдуулж харуулах вэ гэдгээ бодоорой. Туршлагаа Асуудал–Шийдэл–Үр дүн гэсэн бүтэцтэйгээр илэрхийлэх нь таны хийсэн ажлыг тодорхой, үр дүнтэй, нөлөөтэйгээр харуулах үр ашигтай арга юм. Ингэснээр та зүгээр нэг ажил хийсэн хүн биш, асуудал шийдвэрлэж чаддаг, бодит үр дүн авчирч чадсан мэргэжлийн хүн болохоо нотолж, ажил олгогчийн итгэлийг хялбархан татаж чадна.

    5. Сүлжээгээ ашиглах

    Нетворкинг бол шинэ боломжуудын үүд хаалга юм. Мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах, ментор олох, уулзалтад оролцох нь карьерын шилжилтийг хурдасгадаг.

    6. Ажлын ярилцлагад бэлдэх

    Ажлын ярилцлагад бэлдэхдээ мэргэжлээ өөрчлөх болсон шалтгаанаа итгэлтэй, тодорхой тайлбарлаж, шинэ чиглэлд хэрхэн үнэ цэн нэмэхээ харуулах нь чухал. Мөн өмнөх ажлаас сурсан ур чадвараа хэрхэн шинэ салбарт үр дүнтэй ашиглаж чадахыг уялдуулан ярьснаар шилжилт хийхэд бэлэн, чадвартай гэдгээ баталж чадна.

    Шилжилтийг боломж гэж харах нь чухал

    Шинэ салбарт таныг хүлээж байгаа хөгжих боломж, ур чадварын ахиц болон өөрийгөө дахин нээх зам бий. Мөн түүнчлэн амжилттай шилжилт хийсэн хүмүүсээс урам авахыг зөвлөж байна. 

    Тухайлбал, маркетингээс UX дизайнер болсон хүн, багшаас хүний нөөцийн чиглэлд шилжсэн мэргэжилтэн, эсвэл нягтлан бодогчоос програм хангамжийн мэргэжилтэн болсон жишээнүүд олон бий. Эдгээр өөрчлөлт бүр өөрийн гэсэн зорилго, сонирхолд тулгуурласан байдаг бөгөөд тэд зоригтой алхам хийж чадсан учраас шинэ амжилт руу урагшилж чадсан юм.

    Тиймээс мэргэжлээ өөрчлөх тухай бодож байгаа бол энэ нь эрсдэл биш харин маш том боломж юм. Энэ нь цаг хугацаа, төлөвлөлт шаардах хэдий ч хүсэл тэмүүлэлтэйгээр хандвал ирээдүйгээ өөрийн хүссэн чиглэлд залж чадах хамгийн чухал алхам болох болно. Танд байгаа мэдлэг, чадвар, туршлагаа шинэ салбарт уялдуулан, дараагийн амжилтаа бүтээх боломж яг одоо өмнө тань байна.

    Шинэ мэргэжил рүү итгэлтэй алхахад тань LAMBDA тусална.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

    Дараагийн унших нийтлэл: Карьер төлөвлөлтийн зөвлөгөө: Маркетингийн салбар