Tag: Карьер зөвлөгөө

  • Ажлын байрны уур амьсгалд яагаад анхаарах ёстой вэ?

    Ажлын байрны уур амьсгалд яагаад анхаарах ёстой вэ?

    Та өглөө ажилдаа явахдаа сэтгэл хангалуун, урам зоригтой байдаг уу? Эсвэл өдөр бүрийн эхлэл танд тухтай биш санагдаж байна уу?

    Энэ асуултын хариулт таны ажиллаж буй орчны уур амьсгалтай салшгүй холбоотой билээ. Яг л байгалийн уур амьсгал улирлаар өөрчлөгддөг шиг, ажлын орчинд ч дулаахан, ажилчдаа дэмжсэн уур амьсгалтай байж болно, эсвэл хүйтэн, дарамттай байдал ч ноёрхож болох юм.

    Ажлын уур амьсгал гэж яг юу вэ?

    Ажлын уур амьсгал гэдэг нь байгууллагын дотоод соёл, хамт олны харилцаа, удирдлагын арга барил, ажлын орчны нөхцөл зэрэг нийтлэг хүчин зүйлсийн нийлбэрийг хэлдэг. Энэ нь ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмж, ажлын байрандаа үлдэх эсэх шийдвэрт шууд нөлөөлдөг чухал ойлголт. Товчхондоо бол таны ажиллах орчны ая тух, сэтгэл ханамж юм.

    Ажлын уур амьсгалын гол бүрдэл хэсгүүд

    1. Хамт олны харилцаа – Бие биенээ хүндэлдэг, тусалдаг хамт олон ажлыг илүү бүтээмжтэй болгодог.

    2. Удирдлагын арга барил – Удирдлагын шударга хандлага, ойлгомжтой чиглэл өгөх байдал нь итгэлцэл төрүүлдэг.

    3. Ажлын орчин, тав тух – Аюулгүй, цэвэрхэн, бүтээлч уур амьсгалтай орчин төвлөрлийг нэмэгдүүлдэг.

    4. Хөдөлмөрийн үнэлэмж – Сайн ажлыг үнэлж, урамшуулдаг тогтолцоо урам өгдөг.

    5. Хувь хүний хөгжлийн боломж – Сурч хөгжих, шат ахих боломж нь карьерын өсөлтөд чухал байдаг.

    Яагаад чухал вэ?

    Ажлын таатай уур амьсгал нь сэтгэл ханамжтай ажиллах үндэс болдог. Өдөр бүр дуртай ажлаа хийх нь амьдралынхаа хагасыг баяр баясгалантай өнгөрөөж буйтай утга нэг. Ийм орчинд багийн бүтээмж эрс нэмэгдэж, ажилтнууд тогтвортой байдалтай, сэтгэлзүйн хувьд эерэг хандлагатайгаар ажилладаг нь судалгаагаар батлагдсан юм. Сайн хамт олон, ойлгож дэмждэг удирдлага нь стрессийг бууруулж, ажилтны сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих эерэг нөлөөтэй.

    Ажил хайж буй хүмүүст зориулсан зөвлөмж

    Хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны уур амьсгалыг урьдчилан мэдэхэд хүндрэлтэй байдаг ч дараах аргуудаар өөрт тохирох орчинг таньж, зөв шийдвэр гаргах боломжтой:

    Ярилцлагын үеэр зоригтой асуулт асуух
    Ажил олгогчоос “Танай хамт олны уур амьсгал ямар вэ?”, “Шинэ ажилтнууд хэрхэн дасан зохицдог вэ?” зэрэг асуултыг асууснаар тухайн байгууллагын дотоод соёл, хамт олны харилцааны талаар тодорхой ойлголт авч болно. Энэ нь зөвхөн таны сонирхлыг илтгээд зогсохгүй, байгууллагад хэр нийцтэй хүн бэ гэдгийг харуулдаг.

    Өмнөх ажилтнуудын санал бодлыг судал
    LinkedIn байгууллагын профайл, Facebook-ийн хуудас болон ажил хайдаг бүлгүүд, салбарын хүрээлэл, танил найзуудаасаа тухайн байгууллагын соёл, уур амьсгалын талаар асууж, бодит туршлагад суурилсан мэдээлэл аваарай. Бусдын туулсан туршлагаас суралцах нь эрсдэлээс сэргийлэх ухаалаг алхам болдог.

    Өөрийн үнэт зүйлтэй уялдуулах
    Таны хувьд ямар орчинд ажиллах нь хамгийн тохиромжтой вэ? Та бие даан шийдвэр гаргах боломжтой, уян хатан орчинд дуртай юу? Эсвэл багийн уур амьсгал, хамтын ажиллагаанд урам авдаг уу? Үнэт зүйлсээ тодорхойлж, тухайн байгууллагын соёлтой уялдуулах нь урт хугацаанд сэтгэл ханамжтай, тогтвортой ажиллах үндэс болдог.

    Ажлын санал хүлээн авахаасаа өмнө эдгээр зүйлсийг нягталснаар та зөвхөн ажлын байр бус, өөрт тохирсон амьдралын хэв маягийг сонгож чадна.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

  • Ажлын ярилцлагад тэнцдэггүй нийтлэг шалтгаанууд

    Ажлын ярилцлагад тэнцдэггүй нийтлэг шалтгаанууд

    Ажлын ярилцлагад өөрийгөө сайн илэрхийлсэн гэж бодсон ч тантай эргэж холбогдоогүй тохиолдол гарч байна уу? Яг ийм нөхцөлд хүн өөрийн эрхгүй “Юуг буруу хийчхэв?” гэж эргэцүүлж эхэлдэг.

    Гэхдээ санаа зоволтгүй энэ мэдрэмж бол ажил хайх үйл явцад олон хүнд тохиолддог хэвийн зүйл юм. Үнэндээ HR мэргэжилтнүүд олон хүчин зүйлсийн нийлбэр, байгууллагын тухайн үеийн хэрэгцээ, дотоод нөхцөл байдал зэргээс шалтгаалж тухайн шийдвэрийг гаргадаг. Харин сонгон шалгаруулалтад орсон хүмүүстээ цаад шалтгаануудыг ихэвчлэн нээлттэй бас үнэнээр нь хэлдэггүй.

    Тиймээс бид энэ нийтлэлээр хүний нөөцийн ажилтны танд хэлдэггүй ч бодитоор нөлөөлдөг 6 шалтгааныг хуваалцаж байгаа юм. Үүнийг мэдсэнээр та дараагийн боломжийг атгаж, амжилтад хүрэхэд илүү бэлтгэлтэй байх болно.

    1. Та ур чадвартай ч өөр нэг нь танаас илүү байсан

    Танд шаардлагатай туршлага, боловсрол, ур чадварууд бүгд байсан ч, тухайн ажлын байранд өөр нэг нэр дэвшигч арай илүү тохирсон гэж үзсэн байж болно. Эцсийн шийдвэрт жижигхэн ялгаа ч их зүйлийг хэлж мэднэ. Хөдөлмөрийн зах зээл бол тэр чигтээ өрсөлдөөн юм. Тиймээс бусдаас ялгарч харагдах нь чухал.

    Боломж бүрийг өөрийгөө харуулах зэвсэг болгон ухаалгаар ашиглаарай. CV resume, танилцуулга, дагалдах захидалдаа тухайн албан тушаалд яг тохирох ур чадвар, туршлагаа тодорхой, оновчтой илэрхийлж бичээрэй.

    2. Компанийн соёлд тохироогүй

    Аливаа байгууллага өөрийн гэсэн дотоод соёл, үнэт зүйлс, харилцааны хэв маягтай байдаг. Хэдийгээр таны ур чадвар сайн байсан ч энэ орчинд удаан, тогтвортой ажиллах хүн шиг санагдаагүй бол таныг тэд сонгохгүй байх магадлалтай юм. Тиймээс ярилцлагын үеэр байгууллагын үнэ цэнэ, соёлын талаар дэлгэрэнгүй асуугаарай.

    3. Таны туршлага илүү эсвэл дутуу байсан

    Зарим байгууллагууд хэт их туршлагатай хүнийг авахгүй байж болно. Яагаад гэвэл өндөр цалин шаардах, удаан үлдэхгүй байх, эсвэл байгууллагын соёлд тохирохгүй байхаас болгоомжилдог. Нөгөө талаас, та магадгүй хангалттай туршлагатай биш байж ч болно. Ийм учраас тухайн ажлын шаардлагад өөрийн туршлагаа нийцүүлж сонголтоо хийхээс гадна, ярилцлагын үеэр суралцахад бэлэн байгаагаа илэрхийлэх нь мөн чухал юм.

    4. Ярилцлагын үеэр харилцааны ур чадвар хангалтгүй байсан

    Өөрийгөө ойлгомжтой, эерэг, уян хатан байдлаар илэрхийлж чадахгүй байх нь том сул талууд болдог. Сонгон шалгаруулалтын үеэр зөвхөн таны туршлагаас гадна харилцааны ур чадварыг маш их чухалчилдаг. Ярилцлагын өмнө тодорхой хэмжээнд асуултуудад хариулах бэлтгэл хийж, найзтайгаа эсвэл ai-тай ярилцаж дадлага хийхийг зөвлөж байна.

    5. Тогтвор суурьшилгүй ажилласан түүхтэй байсан

    Хэт олон ажлаас богино хугацаанд гарч байсан бол хүний нөөц таныг удаан тогтохгүй хүн гэж бодож магадгүй юм. Үүнийг тэд эрсдэл гэж үздэг.

    Тиймээс та өмнөх ажлуудаасаа гарсан шалтгаан бүрийг эерэг байдлаар тайлбарлаж, дараагийн боломжийг илүү урт хугацаанд харж байгаа гэдгээ харуулахыг хичээгээрэй.

    6. Ярилцлагын дараа талархал илэрхийлээгүй

    Энгийн боловч маш чухал алхам бол ярилцлагын дараа илгээх талархлын и-мэйл эсвэл зурвас юм. Энэ нь таны мэргэжлийн байдал, ажилд хандах хандлагыг илэрхийлдэг үзүүлэлт билээ. Тиймээс “Ярилцлагад оролцох боломж олгосонд баярлалаа. Танай байгууллагад хувь нэмэр оруулахад бэлэн байна.” гэсэн агуулгатай и-мэйлийг 24 цагийн дотор илгээгээрэй.

    Өнөөдөр ажлын ярилцлагад тэнцээгүй нь таны ур чадвар дутагдсан гэсэн үг биш юм. Заримдаа тухайн ажлын байр танд тохиромжгүй байсан байж болно. Иймээс аливаа сөрөг хариуг хэт хүндээр хүлээж авалгүйгээр алдаанаасаа суралцаж, илүү бэлтгэлтэйгээр дараагийн боломжуудаа ашиглаарай. Үүний тулд ярилцлагын үеэр гарсан асуултууд, түүний хариултыг тэмдэглэж, мөн байгууллагаа судлан, ярилцлагадаа урьдчилж бэлдэхийг зөвлөж байна.

    Дараагийн өөрт тохирох ажлаа амжилттай олоход тань LAMBDA тусална. Мөн талент та илүү олон карьер төлөвлөлтийн зөвлөгөө, туршлагыг LAMBDA BLOG -оос уншаарай.

    Төстэй нийтлэл унших: Ажлын ярилцлагад өөрийгөө зөв илэрхийлэх нь

  • Карьерийн өсөлтөд networking (сүлжээ) ямар чухал нөлөөтэй вэ?

    Карьерийн өсөлтөд networking (сүлжээ) ямар чухал нөлөөтэй вэ?

    Карьерын замнал гэдэг дан ганц диплом, туршлагаар хэмжигдэхээ больсон цаг. Орчин үеийн хөдөлмөрийн зах зээлд хүмүүстэй хэрхэн харилцаж, сүлжээ үүсгэж, өөрийгөө хэрхэн зөвөөр илэрхийлж байна вэ гэдэг нь карьерын хөгжилд онцгой нөлөө үзүүлдэг болсон.

    Үүнтэй уялдан мэргэжлийн хүрээнд түгээмэл хэрэглэгддэг нэг арга бол “coffee chat” буюу албан бус уулзалт юм.
    Энэ нь танилтайгаа кофе уухтай адил биш, харин мэргэжлийн түвшинд шинэ харилцаа үүсгэж, ойлголт, боломжоо тэлэх зорилготой уулзалт юм. Зөв зохион байгуулж чадвал coffee chat нь таны карьерын замд шинэ хаалга нээж, ирээдүйд эргэлт гаргах ч хүчин зүйл болж чадна.

    Coffee chat гэж юу вэ?

    Coffee chat гэдэг нь ихэвчлэн 1:1 уулзалт хэлбэртэй, албан ёсны ярилцлага гэхээсээ илүү чөлөөтэй, найрсаг уур амьсгалд явагддаг мэргэжлийн уулзалт юм. Энэ нь тухайн хүний ажилладаг салбар, байгууллагын соёл, карьерын туршлагын талаар бодит мэдээлэл авч, танилын хүрээгээ тэлэх зорилготой байдаг.

    Жишээлбэл, та тодорхой нэг компанийн сонирхсон албан тушаалд өргөдөл өгөхөөр зэхэж байгаа бол, тус байгууллагад ажилладаг хүнийг coffee chat-д урих замаар дотоод соёл, ажлын орчин, багийн уур амьсгал, карьер өсөлтийн чиг хандлага зэрэг мэдээллийг илүү шууд, амьд байдлаар олж мэдэх боломжтой.

    Яагаад карьерт тань чухал нөлөөтэй вэ?

    Өнөө үед ажил олгогчид зөвхөн CV дээрх бичигдсэн туршлагаас гадна тухайн хүний харилцааны чадвар, салбарын ойлголт, сүлжээний чанар-ыг ч хардаг болсон.

    Иймд coffee chat хийх нь:
    1. Шинэ сүлжээ бий болгоно- Тухайн салбарын туршлагатай хүмүүсээс шууд мэдлэг, зөвлөгөө авах боломж
    2. Карьерын боломж тэлнэ-  Зарим ажлын байр албан ёсоор бидний мэдэх ажлын байр зарладаг сайтууд дээр зарлагддаггүй (hidden job market) — харин сүлжээгээр дамжуулан мэдэх боломжтой
    3. Бодит мэдээлэл авна- Компанийн бодит орчин, зах зээлийн чиг хандлага, ямар ур чадвар өндөр үнэлэгдэж байгаа талаар ойлголттой болно
    4. Өөрийгөө танилцуулах боломж- Таныг албан бус нөхцөлд харах, ирээдүйн хамтын ажиллагаанд тань сонирхол үүсгэх суурь тавигдана

    Тэгвэл яаж үр дүнтэй coffee chat хийх вэ?

    • Зорилгоо тодорхой болгох– Зүгээр л “уулзъя” гэхээс илүү ямар мэдээлэл авахыг хүсэж байна вэ гэдгээ урьдчилан тодорхойлох. Буруу арга ашигласнаас болоод нөгөө хүндээ таагүй сэтгэгдэл  төрүүлэх вий.
    • Бэлтгэлтэй очих– Уулзах хүнийхээ суурь боловсрол, ажлын туршлагыг (background) -ийг судалж, асуух асуултаа цэгцтэй бэлдэж очих
    • Харилцааны соёлыг баримтлах– Уулзалтын цагтаа хоцрохгүй байж цагт нь дуусгах, талархал илэрхийлэх, дараа нь follow-up мэйл илгээх
    • Үргэлжлүүлэн эргэх холбоотой байх– Зөвхөн нэг удаагийн уулзалтаар зогсолгүй, холбоогоо хадгалж, сонирхсон салбартаа идэвхтэй networking хийх

    Төгсгөлд нь coffee chat бол өдгөө хөдөлмөрийн зах зээлд карьерын өсөлт, хөгжлийн салшгүй хэсэг болсон тул зөв хандаж үр шимийг нь хүртэж чадвал та зөвхөн шинэ танилуудтай болохоос гадна бодит карьерын боломжууд-ыг нээх, өөрийгөө илүү сайн танилцуулах маш том давуу тал болж өгдөг.

    Хэрэв та одооноос карьериййн холбооныхоо (career network)  дараагийн алхмыг төлөвлөж эхэлмээр байвал lambda.global-ийн Career Path хуудас-аар орж, өөрт тохирсон чиглэлээ тодорхойлоод, networking-ээ төлөвлөж эхэлээрэй.