Tag: КарьерХөгжил

  • Амжилттай дасан зохицох стратеги

    Амжилттай дасан зохицох стратеги

    Ажлын эхний өдөр хүн бүр догдлол, сэтгэл хөдлөлөөс гадна тодорхой хэмжээний стрессийг мэдэрдэг.  Энэ үед та өөрийн ур чадвар, туршлагаа харуулж, шинэ хамт олонтой танилцан, байгууллагын соёлд дасан зохицох зэрэг олон чухал сорилттой тулгарна.

    Гэвч эдгээр сорилтыг ухаалгаар даван туулж чадвал та богино хугацаанд шинэ орчиндоо амжилттай уусаж, карьераа дараагийн түвшинд ахиулах хүчтэй эхлэлийг тавих болно гэдэгт итгээрэй. Та бүхэндээ шинэ ажлын туршилтын хугацаагаа амжилттай давах дараах зөвлөмжийг хүргэж байна.

    Эерэг сэтгэлгээтэй байх

    Шинэ ажлын эхний өдрүүд бол шинэ орчинд дасах, суралцах үйл явц юм. Хамгийн чухал нь суралцаж байгаа гэдгээ ойлгож, өөртөө зөөлөн хандаарай. Тиймээс мэдэхгүй зүйлээ бусдаас асуухаасаа бүү санаа зов, харин ч энэ нь таны сурах хүсэл, идэвхтэй хандлагыг харуулах болно. Удирдлага, хамт олон тань хичээл зүтгэлийг анзаарч, дэмжих болно. Харин та өөртөө итгэж, урагш алхах зоригтой байгаарай.

    Байгууллагын соёлыг ойлгох

    Компанийн соёл гэдэг нь зөвхөн дотоод дүрэм, журмаар хязгаарлагддаггүй. Энэ нь хүмүүсийн хоорондын харилцаа, уур амьсгал, шийдвэрүүд хэрхэн гардаг, багийн хурал хэрхэн явагддаг, ажил хэргийн бичиг баримт, и-мэйл, чат зэрэг харилцаа ямар өнгө аяс, хэв маягтай байдаг тухай маш олон талтай ойлголт юм. Тиймээс эхний өдрүүдэд эдгээрийг анзаарч, ажиглах нь тун чухал.

    Удирдлагатайгаа идэвхтэй харилц

    Ажлын эхний долоо хоногтоо өөрийн шууд удирдлагатайгаа уулзалт хийж, таниас юу хүлээж байгаа талаар тодорхой ойлголт аваарай. Ингэх нь таныг зорилго, ажиллах чиглэл, дэмжлэг хэрэгтэй зүйлсээ ойлгоход тусална.
    Асуух боломжтой асуултууд:

    • Миний ажлын гол зорилго юу вэ?

    • Аль төслүүд дээр илүү анхаарах вэ?

    • Амжилтыг хэрхэн хэмждэг вэ? Эдгээр асуултуудыг асууж харилцан ярилцаж, мөн өөрийн санал бодлоо хуваалцаарай.

    Цаг баримтлах ба хариуцлага

    Шинэ ажилтан байх үед хүмүүс таны хандлага, ажилдаа хэрхэн ханддагийг анхааралтай ажиглаж байдаг. Хамгийн түрүүнд итгэл төрүүлдэг, энгийн мэт боловч чухал зүйлс буюу цаг баримтлах, амласнаа биелүүлэх зэрэг юм. Эдгээр нь таныг хэр хариуцлагатай, найдвартай хүн болохыг илтгэнэ. Тиймээс өдөр бүр хийх ажлын төлөвлөгөөгөө гаргаж, уулзалтаа цагтаа санаж оролцох, хийсэн ажлынхаа талаар товч мэдээлэл илгээх зуршлыг эхнээс нь төлөвшүүлэх нь тун хэрэгтэй. Ингэснээр зөвхөн ажлаа сайн хийж байгаагаа харуулаад зогсохгүй, хамт олныхоо итгэлийг олох боломжтой болно.

    Багийн харилцаанд идэвхтэй оролцох

    Хамт олны уур амьсгалд хурдан уусах хамгийн үр дүнтэй арга бол хамтарч ажиллах, бусдыг анхааралтай сонсох, хэрэгтэй үед нь туслах юм. Шинэ ажилтан бүрд эхэндээ бага зэрэг болгоомжлол байдаг ч хэт даруухан байх эсвэл хэт мэдэмхийрэх аль аль нь танилын хүрээлэл үүсгэхэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Тиймээс тэнцвэртэй, эерэг хандлагатай байх нь чухал. Тухайлбал, багийн хурал дээр жижиг ч байсан санаа нэмэрлэх, хэн нэгэнд тусламж хэрэгтэй байвал дэмжих санал гаргах, албан бус уулзалт, өдрийн хоол зэрэгт идэвхтэй оролцох нь таныг хамт олон дундаа хурдан танигдахад тусална. Энгийн боловч чин сэтгэлийн оролцоо хамгийн сайн сэтгэгдэл төрүүлдэг.

    Ажлын үр дүнг хэмжиж, баримтжуулах

    Та хийж буй ажлаа баримтжуулж, өөрийн ахиц дэвшлийг харагдахуйц байдлаар тэмдэглэж байх нь маш чухал. Энэ нь зөвхөн өөртөө итгэлтэй байхад туслах биш, цаашдын performance review буюу гүйцэтгэлийн үнэлгээнд бодит үндэслэлтэй дэмжлэг болж өгдөг. Тиймээс долоо хоног бүрийн ажлын тайлан, task log хөтөлж хэвших, хийсэн ажлынхаа үр дүнг тоон үзүүлэлтээр илэрхийлэхийг хичээж байгаарай. Мөн жижигхэн ч байсан шинэ санаа, санаачилгаа тэмдэглэж үлдээх нь таны идэвхтэй, санаачлагатай байдлыг харуулах сайхан боломж юм. Хэн ч таны ажлыг тан шиг сайн мэдэхгүй, харин та өөрөө л өөрийнхөө ахиц дэвшлийг хамгийн сайн гэрчилж чадах хүн нь билээ.

    Суралцахад цаг гаргах

    Шинэ ажил гэдэг нь ур чадвар эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх маш том боломж юм. Байгууллагын дотоод сургалтын платформууд, багийн сургалт, практик даалгаврууд, удирдлагаас санал болгож буй хөгжлийн төлөвлөгөө зэрэг нь бүгд таны өсөлтийг дэмжих хэрэгслүүд байдаг. Эдгээрийг идэвхтэй ашиглан, тасралтгүй суралцах хандлагатай байж, өөрийгөө улам илүү мэргэжлийн, чадвартай ажилтан болгон хөгжүүлэхэд анхаараарай.

    Нээлттэй харилцааг бий болгох

    Харилцааны уян хатан байдал, хамтран ажиллагсдаа хүндэтгэх хандлага зэрэг нь таны бусдад төрүүлэх анхны сэтгэгдэлд шууд нөлөөлдөг чухал хүчин зүйлс юм. Мэндлэх, талархах, анхаарал хандуулах зэрэг энгийн боловч үнэ цэнтэй харилцааны хэв маягийг үргэлж санаж байгаарай. Мөн саналаа хэлэх эсвэл ихүлээн авахдаа уян хатан хандаж, нээлттэй байж, харилцан хөгжих боломжийг бүрдүүлэх нь чухал байдаг.

    Өөрийн онцлог, давуу талуудыг илэрхийлэх

    Таны өмнөх ажлын туршлага, ур чадварууд дараагийн байгууллагад шинэ энерги, шинэ шийдэл авчирч чадна. Гэхдээ эдгээрийг хуваалцахдаа зөв цаг, зөв өнгө аясыг сонгох нь хамгийн чухал. Жишээлбэл, “Өмнөх байгууллагад ийм шийдэл хэрэгжүүлж байсан, энэ багт ч бас туршиж үзэх үү?” гэх мэт хүндэтгэлтэй, хамтын ажиллагаанд уриалсан байдлаар санаачилга гаргах нь илүү үр дүнтэй. Мөн та өөрийн сайн мэддэг ур чадваруудаа багт санал болгож, бусдад дэм болох боломжуудыг олж хараарай. Ухаалгаар илэрхийлсэн санаа бүр хамт олны итгэлийг нэмэгдүүлж, таныг үнэ цэнтэй гишүүн болгон харуулах болно.

    Өөртөө итгэлтэй байгаарай

    Шинэ ажилтны хувьд эхний сар байр сууриндаа эргэлзэх, өөртөө итгэлгүй байх үе гарах нь хэвийн зүйл. Гэхдээ та тухайн ажлын саналыг авах хүртлээ олон шалгуурыг амжилттай давсан мэргэжилтэн учраас энэ нь чадвар, мэргэжлийн ур чадварыг баталж байгаа хамгийн чухал баталгаа юм. Тиймээс өөртөө итгэлтэй байж, “Би энд хэрэгтэй хүн” гэдгээ мартаж болохгүй. Таныг энэ багт урьсан нь таны үнэлэгдэж, хүлээн зөвшөөрөгдсөний илрэл гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Шинэ сорилт, боломж бүр таны өсөн дэвших алхам болно.

    Ямар ч хүн шинэ ажлаа 100% төгс мэддэггүй. Гэхдээ та дасан зохицох чадвар, хүсэл эрмэлзэл, харилцааны эерэг хандлагаараа хамт олондоо хүлээн зөвшөөрөгдөх болно гэдэгтээ итгэлтэй байгаарай. Анхны 30 хоногийг зөв төлөвлөж, дээрх стратегиудыг ухаалгаар хэрэгжүүлснээр та өөрийн карьерыг дараагийн шат руу хөтөлж чадах болно.

    Та өөрт тохирох ажлаа хайж байна уу?

    https://lambda.global/ хаягаар зочлон, платформ дээр өөрийн мэдээллийг оруулж, бүртгүүлээрэй. Lambda таны цагийг хэмнэж, амжилтад хөтөлнө. Мөн энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулах боломжтой.

    Төстэй нийтлэл: Шинэ ажилтны сэтгэл зүй: Дасан зохицох үйл явц

  • Ажил хайхдаа анхаарах 10 чухал зүйл

    Ажил хайхдаа анхаарах 10 чухал зүйл

    Ажил хайна гэдэг бол зүгээр нэг зарын дагуу анкет бөглөөд, хариу хүлээж суухаар хязгаарлагддаггүй үйл явц бөгөөд энэ нь амьдралын дараагийн алхмаа төлөвлөх, мэргэжлийн өсөлт хөгжил, хувийн зорилгоо биелүүлэх чухал үе шат юм. 

    Хэсэг зуур ажил эрхлэхгүй байх нь хувь хүнийг бухимдалтай, тодорхойгүй байдалд хүргэж болох ч үүнийг шинэ боломжуудыг эрэлхийлж, өөрийгөө илүү сайн таньж мэдэх сайхан боломж хэмээн харах нь зөв юм. Өөрт хамгийн сайн тохирох ажлаа олохын тулд бид анкет бөглөхөөс илүү зүйлийг хийх шаардлагатай болдог. Үүнд өөрийгөө бэлтгэх, зорилгоо тодорхойлох, зах зээлээ ойлгох, сэтгэлзүйгээ ч давхар бэлдэх зэрэг хамаарна.

    Ажил хайж буй тухайн хугацаа танд өөрийгөө нээх, юунд үнэхээр дуртай вэ гэдгээ ойлгох, мөн ирээдүйн замналаа илүү ухаалгаар төлөвлөх ховор боломжийг өгнө гэдэгт бүү эргэлзээрэй. Хэрвээ та системтэй, зорилготойгоор ажил хайж чадвал зөвхөн ажилтай болох бус харин сэтгэл ханамжтай, тогтвортой, өөрийн хөгжлийг дэмжих орчныг бий болгох бодит боломжийг олж авах юм.

    Тэгвэл юунд анхаарч, хэрхэн энэ үйл явцыг илүү үр дүнтэй, ухаалгаар давж гарах вэ? Энэхүү нийтлэлээр бид ажил хайж буй талентуудын амжилттай ажлаа олоход туслах заавал анхаарах ёстой 10 чухал зүйлийг танилцуулж байна.

    1. Өөрийгөө зөв тодорхойлох

    Ажил хайх эхний алхам бол өөрийгөө сайн таньж мэдэх юм. Та ямар чиглэлд, ямар төрлийн ажилд хамгийн тохирох вэ? Таны мэдлэг, туршлага, ур чадвар юунд илүү тохирох вэ? Энэ бүхнийг тодорхой болгоогүй байхад зөв ажилд орох магадлал тэр хэмжээгээр багасдаг. Өөрийгөө тодорхойлох нь таны ажил олох зорилгыг илүү нарийвчлан чиглүүлж өгнө.

    2. Мэргэжлийн CV бэлдэх

    CV бол таныг ажил олгогчид танилцуулах нэрийн хуудас юм. Хэт урт, эмх замбараагүй, алдаатай CV таныг ажилд авахаас татгалзах шалтгаануудын нэг болдог. CV-г нэгээс 2 хуудсанд багтаан, боловсрол, ажлын туршлага, гол амжилт, ур чадвараа тодорхой илэрхийлсэн байх хэрэгтэй. Мөн CV-гээ тухайн ажлын байр бүрийн шаардлагад нийцүүлэн тохируулж бичих нь зүйтэй.

    3. Cover Letter буюу хавсралт захидал бэлдэх

    Ихэнх ажил хайж буй хүмүүс cover letter бичдэггүй. Гэтэл энэ нь таны сонирхсон байгууллагад ажиллах хүсэл, бэлтгэлтэй байдал, өөрийгөө илэрхийлэх чадварыг харуулах хамгийн чухал бичиг болох юм. Үүнийг бичихдээ тухайн компанийн талаар судалсан гэдгээ илтгэж, яагаад уг ажилд тохирох хүн бэ гэдгээ товч бөгөөд үнэмшилтэй илэрхийлээрэй.

    4. Ажил олгогч байгууллагын талаар судалгаа хийх

    Сонирхсон ажлын байр, компанийнхаа талаар урьдчилан судалж, тэдний эрхэм зорилго, үнэт зүйл, соёлын тухай мэдэх нь таны ярианд итгэл нэмнэ. Мөн өөрийнхөө үнэт зүйлтэй хэр нийцэж байгааг ойлгох нь тухайн ажлын байранд ирээдүйд сэтгэл ханамжтай ажиллах үндэс болдог.

    5. Платформуудыг үр дүнтэй ашиглах

    Өнөө үед ажил хайх хамгийн хялбар, үр дүнтэй арга бол онлайн платформуудад бүртгүүлж, профайлаа бүрэн бөглөж, танилцуулга мэдээллээ байнга шинэчилж байх нь чухал. Мөн та зарим linkedin зэрэг платформд өөрийгөө сурталчлах агуулга, пост бичиж, харилцааны сүлжээгээ тэлж ч болно.

    Та Lambda платформд талентаар бүртгүүлээрэй. Тохирсон ажлаа амжилттай олоход тань бид тусална.  

    6. Хүрээлэл үүсгэх буюу Networking

    Зарим ажлын байр танилын хүрээгээр олддог. Найз нөхөд, өмнө хамт ажиллаж байсан хүмүүс, сургуулийн танилуудтайгаа байнга холбоотой байж, ажил хайж буйгаа мэдэгдэх нь нээлттэй үүд хаалгыг бий болгох юм.

    7. Ажлын ярилцлагад бэлтгэх

    Ажлын ярилцлага нь өөрийгөө хэрхэн илэрхийлж чадаж байгааг баталж харуулах үе юм. Түгээмэл асуултуудад хариулах бэлтгэл хийх (“Өөрийгөө танилцуулаач?”, “Таны давуу, сул тал юу вэ?”) нь амжилттай ярилцлага өгөх үндэс юм. Биеийн хэлэмж, хувцаслалт, цаг баримтлал зэргийг ч мөн мартаж болохгүй.

    8. Цагийн менежмент, тууштай байдал

    Ажил хайх үйл явц нь заримдаа хурдан үр дүн өгөхгүй тохиолдол бий. Гэхдээ та өдөрт тодорхой цагийг ажил хайхад зарцуулж, зорилгоо бичин, хяналт тавьж чадвал амжилтад хүрэхэд илүү ойртох болно. Тууштай байх нь хамгийн чухал билээ.

    9. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх

    Технологийн эрин үед өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай. Та олон улсын онлайн сургалтын платформуудаар дамжуулан шинэ ур чадвар зайнаас эзэмшиж, сертификат авснаар өөрийгөө өрсөлдөгчдөөс ялгаруулж чадна. Хэрэв ажилд ороогүй ч суралцсаар байгаа бол энэ нь ажил олгогчдод эерэг сэтгэгдэл төрүүлдэг.

    10. Сэтгэлзүйгээ бэлдэх

    Ажилд орж чадахгүй удах тохиолдолд сэтгэлээр унах нь элбэг. Гэхдээ татгалзсан хариу бүр таныг илүү зөв газар хүргэх шат болдгийг санах хэрэгтэй юм. Амралт авч, сэтгэлзүйн дархлаагаа дэмжих нь таны дараагийн алхамд илүү амжилт авчрах болно.

    Ажил хайна гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх, илүү зөв сонголт хийх боломж билээ. Та зорилгоо тодорхойлж, өөрт тохирсон ажлаа системтэйгээр хайж, дээрх алхмуудыг ухаалгаар хэрэгжүүлбэл зөвхөн ажилтай болоод зогсохгүй, урт хугацааны сэтгэл ханамжтай карьерт хөл тавих болно.

    💡 Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Төстэй нийтлэл унших: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

  • Өрсөлдөөнд ялгарах CV хэрхэн бичих вэ?

    Өрсөлдөөнд ялгарах CV хэрхэн бичих вэ?

    Та ойрын үед ажил идэвхтэй хайж байгаа юу? Эсвэл өөрийгөө илүү сорьж, илүү боломж руу алхмаар санагдаж байна уу? Хэрвээ тийм бол таныг илэрхийлэх мэргэжлийн танилцуулга нь дараагийн том боломжийн үүдийг нээж өгч чадах хамгийн чухал зүйл гэдийг хэлье.

    CV таныг хэн бэ гэдгийг илэрхийлнэ

    Ажил хайж буй талент таны тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтантай уулзахаас өмнө та хэн бэ, юу хийж чаддаг вэ, юунд дуртай вэ, ямар үнэ цэн бүтээдэг вэ гэдгийг харуулах буюу өөрийгөө урьдчилан танилцуулах боломж бол CV/Resume юм.

    CV бол таны брэнд

    Цөөнгүй хүмүүс CV-гээ амжаад гялс нэг юм хийчихье гэдэг байдлаар бичдэг. Интернэтээс загвар татаж аваад, өмнөх ажлуудаа хуулж тавьдаг. Гэхдээ ингэх нь өөрийнхөө тухай чухал мэдээллийг сонирхолгүй, нэг өнгө хэмнэлээр, бүтээлч бусаар илэрхийлж байгаа хэрэг юм.

    CV бол яг үнэндээ таны карьерын маркетингийн хэрэгсэл билээ. Та өөрийгөө хөдөлмөрийн зах зээл дээр хэрхэн сурталчилж байгаа, өөрөөр хэлбэл бусдад хэр чадвөртай, онцлогтой, мэргэшсэн хүн гэдгээ илэрхийлж буй арга юм. Иймд бид хамтдаа үүнийг илүү амьд, илүү үнэмшилтэй, илүү өөрийгөө харуулсан байдлаар шинэчилж чадна.

    Карьерын түүх

    Таны CV зөвхөн ажил, он сар, байгууллагын нэрсийн жагсаалтаар хязгаарлагдахгүй харин таны амжилтын замналын түүх бичигдсэн байх хэрэгтэй. Та өөрийгөө мэргэжлийн зүгээс “би чаддаг, бүтээдэг, хөгжиж ахисан” гэдгээ гүн гүнзгий ойлгомжтойгоор харуулах боломжоо бүрэн ашиглаарай. Харин тэрхүү түүхийг сонирхолтой, цэгцтэй, хүний анхаарал татахуйц хэлбэрт оруулах нь танаас ихээхэн шалтгаалах юм. Тэгэхийн тулд судалгаа мэдээлэл, цаг зав, хичээл зүтгэл бүхнээ зориулах шаардлагатай.

    CV-гээ сайжруулж, сайн танилцуулгатай болно гэдэг зүгээр нэг бичиг цаасны ажил биш, харин өөрийгөө дахин харж, үнэлэх, тухайн салбарынхаа чадвартай хүн гэж өөртөө итгэлтэйгээр хэлэх, улмаар илүү боломж руу хөтлөх хаалгыг нээх эхний чухал алхам юм. Ингэхийн тулд танд дараах зөвлөгөөг өгье.

    Өөрийгөө товч бөгөөд тодорхой танилцуулаарай

    CV-ний хамгийн эхэнд хэн бэ гэдгээ хялбар ойлгогдохоор бичээрэй. Энэ хэсэг таныг илтгэх буюу мэргэжил, туршлага, давуу талуудын товч тодорхойлолт байх юм. Мөн дээр нь сэтгэл хөдлөл, хүсэл эрмэлзэлээ шингээвэл ажил олгогч танд итгэх, эерэг сэтгэгдэл төрүүлэх алхам болох болно.

    Зөвхөн хэрэгтэй бас хамааралтай мэдээлэл

    CV дээрээ бүх зүйлээ бичих шаардлагагүй. Харин тухайн ажлын байранд тохирсон хамгийн чухал мэдээллийг онцлоорой. Тухайлбал: Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан гэж бичихийн оронд “3 удаа 200+ хүнтэй эвент зохион байгуулж, арга хэмжээнд оролцогчдийн сэтгэл ханамж нэмэгдүүлэхийн тулд идэвхжүүлэлт хийсэн” гэх мэтээр бичвэл илүү анхаарал татна.

    Туршлагаа ажлын жагсаалтаас илүү үр дүнгээр илэрхийлэх

    Ажлын туршлагаа зүгээр л юу хийснээ жагсааж бичих биш, ямар үр дүн гаргасан, ямар нөлөө үзүүлсэн гэдгийг мөн нэмж оруулаарай. Жишээ нь “Компанийн Facebook хуудсыг 6 сарын хугацаанд 10,000 дагагчтай болгож, органик хандалтыг 3 дахин өсгөсөн. Энэ нь таныг зорилготой, санаачилгатай, үнэ цэн бүтээдэг хүн гэдгээ харуулж байгаа нэг илэрхийлэл болно.

    Ойлгомжтой бичих

    Хэтэрхий албаны хэллэгээр дүүрэн CV-г унших хэцүү байдаг. Харин энгийн үгээр, ойлгомжтой бичсэн бол хэн ч уншихад амар байх бөгөөд өөрийгөө хэрхэн хамгийн тодорхой илэрхийлэх яриа мэт бичвэрээр харуулахыг эрмэлзээрэй.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчлээрэй.  

    Загварыг цэгцтэй, нүдэнд эвтэйхэн болгох

    Ажил олгогч 10 секунд л таны CV-г эхний удаа хардаг гээд төсөөлөх хэрэгтэй. Тэгэхээр хараад л ойлгогдохуйц, уншихад хялбар бүтэцтэй байвал, мэдрэмжтэй загвартай байхыг сонгоорой.

    Чадвараа хэмжигдэхүйц илэрхийлэх

    “Би багаар ажилладаг, хүмүүстэй сайн харилцдаг” гэх нь мэдээж хэрэгтэй ч яг юу хийж, ямар түвшинд гэдгээ тодорхой болгоорой. Мөн хэлний мэдлэгээ бичихдээ, Англи хэл – Upper Intermediate (B2 – Бичгийн болон ярианы чадвартай) гэх мэтээр тодорхой бичих хэрэгтэй юм.

    Reference буюу танилцуулах хүнийг бодож сонго

    Ажил олгогч таны тухай бусдаас сонсохыг хүсдэг. Тиймээс өмнөх удирдлага, хамтран ажиллагч зэрэг итгэл даах хүний мэдээллийг анхааралтай сонгож бичээрэй.

    Зурагаа сонгохдоо анхааралтай сонгох

    Хэрвээ та зураг оруулах бол цэвэрхэн, албан ёсны зураг байгаарай. Селфи, гэрэл зурагны цаадах арын фон бүдэг, анхаарал сарниулсан байвал сэтгэгдлийг бууруулдаг.

    Англи хувилбараар танилцуулгаа бэлдэх

    Өнөө үед олон байгууллага англи хэл дээр CV авах шаардлага тавьдаг. Тиймээс нэг удаа чанартай орчуулсан хувилбараа хадгалаад аваарай. Ажил олгогчийн итгэлийг англи дээр ч авч чаддаг бол танд боломж үргэлж нээлттэй байх болно.

    CV-гээ тогтмол шинэчлэх хэрэгтэй

    CV нь нэг удаа бичээд мартдаг биш таны хөгжлийн түүх байх ёстой учраас жил бүр, бүр улирал бүр шинэ зүйл нэмэгдэж байх нь зөв юм.

    Сонгон шалгаруулалтын ажилтан анх таны CV-г нээж харах тэр мөчид та ирээдүйн багийн боломжит гишүүн гэж харагдах ёстой. CV бол таныг талаарх анхны сэтгэгдлийг эхлүүлдэг, харин ярилцлага бол таныг баталдаг үе шат гэдгийг санаарай. 

    Lambda-гын AI таны CV-г хөгжилтэйгээр шүүмжлэн, хошигнол хосолсон зөвлөгөөг өгөх болно

    Та Lambda-д талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.