Tag: багийн уур амьсгал

  • Ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх эерэг ажлын орчин

    Ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх эерэг ажлын орчин

    Орчин үеийн байгууллагууд ажилтнуудын сэтгэл ханамж, урам зоригийг дэмжсэн эерэг, таатай ажлын орчинг бүрдүүлэх шаардлагатай болсон. Эерэг ажлын орчин гэдэг нь тав тухтай, тохижилт сайтай оффис биш, эрүүл харилцаа, ойлголцол, сэтгэл зүйн дэмжлэг, хүндлэл, мөн хамтын уур амьсгал зэрэг олон хүчин зүйлийн нэгдэл юм.

    Эерэг ажлын орчны гол бүрэлдэхүүн хэсгүүд

    1. Нээлттэй харилцаа, итгэлцлийг бий болгох

    Ажилтнууд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчин нь эерэг ажлын уур амьсгалын үндэс суурь болдог. Энэ нь харилцааг сайжруулах төдийгүй хамтын оролцоо, итгэлцлийг бэхжүүлдэг. Байгууллага нь тогтмол уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ажилтнуудын дуу хоолойг сонсож, санал асуулга авч, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх замаар итгэлцлийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

    2. Тохилог, цэвэрхэн орчин

    Цэвэр цэмцгэр, гэрэл гэгээтэй, агааржуулалт сайтай орчин нь ажиллахад таатай, төвлөрөхөд дэмжлэг болдог. Амрах булан, цайны өрөө зэрэг ажилтны тав тухыг хангах байгууламжтай байх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг юм. Мөн эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн, амралтын арга хэмжээ хэрэгжүүлэх нь бие бялдар, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлнэ.

    3. Ажилчдын хөгжлийг дэмжих

    Ажилтан бүрийн ур чадвар, мэдлэг байнга хөгжиж байх нь хувь хүний өсөлт төдийгүй байгууллагын амжилтын үндэс юм. Тогтмол сургалт, мэргэшүүлэх боломж, хувь хүний хэрэгцээнд нийцсэн хөгжлийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Амжилтыг үнэлж, шагнал урамшуулал олгох, олон нийтийн өмнө алдаршуулах нь ажилтны урам зоригийг нэмэгдүүлдэг.

    4. Ажил ба амьдралын тэнцвэрийг хангах

    Ажлын цагийг уян хатан зохицуулж, гэрээс ажиллах боломж олгох, амралт чөлөөг нь дэмжих нь ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Мөн стресс тайлах хөтөлбөрүүд хэрэгжүүлж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь урт хугацааны тогтвортой байдлыг хангахад тустай.

    Яагаад эерэг ажлын орчин чухал вэ?

    Сэтгэл хангалуун, тайван ажлын орчин нь ажилтны бүтээмжийг нэмэгдүүлж, төвлөрөл, бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлдэг. Ийм орчинд ажиллахад ажилтнууд илүү тогтвортой болж, ажлаа орхих магадлал багассанаар хүний нөөцийн зардал буурдаг байна. Мөн итгэлцэл, хүндлэлд суурилсан уур амьсгал нь багийн хамтын ажиллагаа, багаар ажиллах соёлыг хөгжүүлж, ажлын стресс, ядаргааг бууруулдаг бөгөөд сэтгэл зүйн дэмжлэгтэй орчин нь сэтгэл санааг тайвшруулж, ажилтны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг.

    Эерэг ажлын орчныг бий болгох зөвлөмжүүд

    Нээлттэй, ойлгомжтой харилцааг дэмжих
    Удирдлага болон хамт олон хооронд харилцааг ил тод, шуурхай байлгаж, тогтмол уулзалт, санал асуулга явуулах төдийгүй тухайн сэдвийн хүрээнд өдөрлөг зохион байгуулах.

    Ажилтнуудын хувь нэмрийг үнэлэх
    Хийсэн ажлыг нь талархан үнэлж, “Сарын шилдэг ажилтан” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтийн өмнө амжилтыг нь алдаршуулах.

    Ажлын орчны нөхцөлийг сайжруулах
    Гэрэлтүүлэг, агааржуулалт, тав тухтай сууц, чимээ багатай орчин бий болгох.

    Ажил, амралтын тэнцвэрийг хангах
    Ачааллыг зохистой хуваарилж, уян хатан цагийн хуваарь, амралтын өдрүүд, ажлын дараах хөнгөн арга хэмжээг дэмжих.

    Өсөлт, хөгжлийн боломж олгох
    Дотоод сургалт, семинар, урамшууллын тогтолцоо бий болгож, ажилтнуудыг үргэлж хөгжих боломжтой байлгах.

    Эерэг ажлын орчин нь байгууллагын амжилтын гол хүчин зүйл бөгөөд энэ нь зөвхөн удирдлагын биш, хамт олны бүх гишүүдийн хамтын оролцоогоор бүтдэг. Хамтдаа харилцан хүндлэл, сэтгэл зүйн аюулгүй байдал, урам зориг дүүрэн орчинг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгох хэрэгтэй юм.

    Унших: Цалингаа нуух уу, ил тод байлгах уу?

    https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тусална.

  • Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Бид ажил дээрээ хоногийн 24 цагийнхаа дор хаяж 8 цаг, хамгийн ихдээ 12 цагийг зарцуулдаг. Ийм ч учраас хэнтэй ажиллаж байгаа, удирдагч нь ямар хүн болох гээд эдгээр зүйлсүүд хамгийн их ажил сонголтод нөлөөлдөг. Таны шинэ ажил сонгохдоо хамгийн түрүүнд тавьдаг шаардлага юу вэ?
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны судалгаагаар, ажилтнуудын 64% нь ажлын байраа солих шийдвэр гаргахдаа цалингаас илүүгээр удирдлагын харилцаабайгууллагын соёл зэрэг орчны хүчин зүйлсийг илүү чухалчилдаг хандлага илэрсэн байна.

    Соёлтой байгууллага ямар байдаг вэ?

    • Итгэлцэлтэй удирдлага: Асуулт асуухад дарамт биш, боломж мэт хүлээж авдаг
    • Урам өгдөг хамт олон: Алдааг шүүмжлэх биш, сурч хөгжих боломж болгодог
    • Зорилгоо хамтдаа ойлгодог баг: “Чиний үүрэг” биш, “Бидний зорилго” гэсэн хандлагатай

    Харин эсрэгээрээ:

    • Хэт захиран тушаах удирдлага
    • Өрсөлдөөнт, эрс шүүмжлэлтэй орчин
    • Харилцаа дутмаг, багийн дэмжлэггүй орчин

    Эдгээр нь ажилтны бие сэтгэлд стресс үүсгэж, ажлын үр дүн буурахад болон цаашлаад ажлаас халшрах хам шинжид хүрэхэд нөлөөлдөг

    Ажил сонгохдоо өөрөөсөө асуух 3 асуулт:

    1. Энэ орчинд би санаа зовохгүйгээр өөрийгөө илэрхийлж чадах уу?
    2. Би зөвхөн ажлаа гүйцэтгэгч биш, багийн нэгэн гишүүн мэт мэдрэмж авах уу?
    3. Энд би зөвхөн ажиллах биш, хөгжих боломжтой юу?

    Одоо харин дээрх асуултууд таны компаний хараа зорилго, хувь хүний үнэ цэнтэй таарч байна уу шалгаад үзэцгээе.

    Байгууллагын соёлоо хэрхэн сайжруулах вэ?

    1. Үнэ цэн, зорилгоо тодорхой болго
    “Манай байгууллага юуны төлөө оршдог вэ?” гэдэг асуултанд ажилтан бүр нэг ижил хариулт өгч чадах уу?

    • Компанийн үнэт зүйл, эрхэм зорилго ханан дээр биш өдөр тутмын шийдвэрт тусгагдсан байх хэрэгтэй.
    • Үнэт зүйлсийг ажилтан бүртэй хуваалцдаг 15–30 минутын шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөр (onboiarding) хийх.

    2. Удирдлагын харилцаа соёлыг тодорхойлдог
    Удирдлагын ганц удаагийн “сайн ажиллалаа” гэдэг үг бүх багийн уур амьсгалыг өөрчилдөг.

    • Ажилтнуудын ажилд хэт хяналт тавихгүйгээр (micromanage) итгэл үзүүлэх
    • Шүүмжлэхээсээ өмнө сонсдог байдалыг тогтоох.

    3. Сонсоод өнгөрөх бус — сонсоод хэрэгжүүлдэг байх
    Ажилтнуудын саналын хайрцагтай ч хэн ч уншдаггүй бол соёлд сөрөг нөлөө үзүүлдэг.

    • Ажилтны санал асуулгын хариу арга хэмжээг нийтэд ил тод хуваалцах
    • “Саналын дагуу хийсэн өөрчлөлтүүд” гэх булан бий болгох

    4. Зөв хүн — Зөв орчин
    Соёл гэдэг бол зөв хүнээс эхэлдэг. Чадвараас гадна зан төлөв, багт тохирох байдал маш чухал.

    • Шинэ ажилтны сонгон шалгаруулалтанд зөөлөн чадвар-т (soft skill) суурилсан зан төлөвт суурилсан ярилцлага нэмэх. Энэ нь ажилтны өмнөх туршлагуудлыг таньж мэдэх болон танай байгууллагын соёлд хэр нийцтэйг шалгах зорилготой.

    5. Баяр хөөртэй амьд уур амьсгал
    Соёл гэдэг бол зөвхөн дүрэм, процесс биш. Хүмүүсийн баяр баясал, хоорондын холбоо юм.

    • Тэмдэглэлт өдрүүдийг албан ёсны байдлаар биш, багаар тэмдэглэх боломж олго
    • Ажилтныг таньж хүлээн зөвшөөрдөг дотоод “талархлын соёл” бий болго

    Эцэст нь..
    Байгууллагын соёл бол бичигдсэн уриа биш, өдөр бүр ажилтнуудын мэдэрдэг орчин юм. Итгэлцэл, харилцаа, дэмжлэгтэй уур амьсгал нь хүмүүсийг үлдээж, хөгжүүлдэг. Харин захиран тушаах, үл ойшоох хандлага нь байгууллагын үнэ цэнийг бууруулдаг.
    Соёлыг сайжруулахын тулд том өөрчлөлт биш — жижиг бөгөөд бодит алхмууд тогтмол шаардлагатай.

    Lambda.Global бол зөв хүн, зөв орчин, зөв соёлыг холбох гүүр юм.

    Зөв орчин — илүү бүтээмж — илүү тогтвортой хамт олон бий болдог.

    .