Tag: Ажлын ярилцлага

  • Харилцааны ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

    Харилцааны ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

    Өдөр бүр бид нийгмийн харилцаанд оролцож, сонсож, ойлгуулж, бас бусдыг сонсож байдаг. Харин ажил дээр харилцаа зөв явагдахгүй бол санаачилга хэрэгжихгүй, багийн уур амьсгал хүйтэн, төслийн үр дүн бүрхэг болдог. Хөдөлмөрийн зах зээлд ажил олгогчдын хамгийн их үнэлдэг зөөлөн ур чадвар бол харилцаа юм. Ажлын ярилцлага, багийн хамтын ажиллагаа, харилцагчийн үйлчилгээ гээд амжилттай ажиллах бүхий л орчны үндэс нь харилцаанд оршдог.

    Харилцааны ур чадвар гэж яг юу вэ?

    Харилцаа гэдэг бол сонсох, ойлгох, хүндэтгэх, мэдрэх, илэрхийлэх олон хэлбэртэй ур чадвар юм.

    Идэвхтэй сонсох — бусдыг таслахгүй сонсож, гол санааг ойлгож, эргүүлэн бататгах

    Ойлгомжтой ярих — чухал санааг тодорхой, энгийн үгээр илэрхийлэх

    Биеийн хэлээр харилцах — нүүрний илэрхийлэл, харц, дохио зангаа

    Сэтгэл хөдлөлийн хяналт — сөрөг мэдрэмжийг зохицуулж, эерэгээр хандах

    Зөрчлийг шийдэх чадвар — уян хатан, шийдэлд чиглэсэн байдлаар хандах

    Яагаад энэ чадвар хэрэгтэй вэ?

    Харилцааны ур чадвар нь хөдөлмөрийн зах зээлд хамгийн эрэлттэй чадваруудын нэг бөгөөд ажил горилогч, ажилтны хувьд карьерын амжилттай салшгүй холбоотой. Ажлын ярилцлагын үеэр өөрийгөө итгэлтэй, тодорхой илэрхийлэх нь ажил олгогчид таны чадамж, хандлагыг илүү ойлгомжтойгоор мэдрэх боломжийг олгодог. Мөн ажлын байран дээр багийн гишүүдтэйгээ зөрчил багатай, ойлголцолтой ажиллах, харилцагчийн итгэлийг олж авах, удирдлагатайгаа нээлттэй, үр дүнтэй харилцах нь ажлын бүтээмж, уур амьсгалд шууд нөлөөлдөг. Ийм эерэг, итгэлцэлтэй орчныг бүрдүүлэхэд зөвхөн юу хэлж байгаа нь бус, хэрхэн хэлж байгаа нь ч чухал. Үгний өнгө аяс, биеийн хэлэмж, сонсох чадвар зэрэг нь таны харилцааг илүү үр дүнтэй болгож, урт хугацааны мэргэжлийн харилцааг бүтээдэг.

    Харилцааны ур чадвараа хөгжүүлэх аргууд

    1. Өдөр бүр идэвхтэй сонсох дадал хэвшүүлэх

    Ямар ч харилцаа зөв сонсохоос эхэлдэг. Яриаг нь анхааралтай сонсож, дахин хэлж баталгаажуулах нь бусдыг ойлгосон гэдгийг илтгэнэ.

    2. Энгийн, ойлгомжтой, сэтгэлд хүрсэн хэлээр ярих

    Ажлын орчинд тодорхой, хэрэгцээтэй мэдээллийг цэгцтэйгээр илэрхийлэх нь цаг хэмнээд зогсохгүй  харилцан ойлголцлыг сайжруулдаг.

    3. Нүдээрээ харилцаж, эерэг дохио өгөх

    Хамгийн хүчтэй харилцаа үгээр бус, харцаар дамждаг. Нүд рүү харах, инээмсэглэх, толгой дохих зэрэг дохио нь итгэлцлийг нэмэгдүүлнэ.

    4. Илэрхийлэл, сэтгэл хөдлөлөө хянаж сурах

    Уур, бухимдал, сэтгэл хөдлөлөө шууд гаргах нь мэргэжлийн бус харагддаг. Харин тайвнаар илэрхийлэх, шүүмжийг зөв хүлээн авах нь ур чадварын илрэл юм.

    5. Зөрчилд ухаалгаар хандах

    Харилцаанд санал зөрөлдөх үе зөндөө тохиолддог. Энэ үед “Би ойлгож байна, гэхдээ…” гэх мэт зөөлөн, нээлттэй хэлбэрээр ярих нь тааламжтай орчныг бүрдүүлдэг.

    6. Ялгаатай хүмүүстэй харилцах туршлага хуримтлуул

    Нас, хүйс, албан тушаал, үзэл бодлын ялгаа нь харилцааг сорьж байдаг. Харин үүнээс суралцаж, өөрийн хандлагаа уян хатан болгох нь өсөлтийг авчирна.

    7. Цахим харилцаан анхаарах

    И-мэйл, мессеж зэрэг бичгийн харилцаанд ч эелдэг, ойлгомжтой байх нь чухал. Товч тодорхой, мэргэжлийн, албан ёсны байдлыг хадгалаарай.

    8. Өөрийгөө үнэлж, хөгжүүлэх боломжийг эрэлхийл

    Сургалт, ном, подкаст, илтгэлийн клуб зэрэгт хамрагдах нь таныг өдөр бүр өөр түвшинд хүргэх болно.

    Харилцааны ур чадвар гэдэг нь төрөлхийн биш хөдөлмөрөөр олддог чадвар юм. Таны өдөр тутмын дадал, өөрийгөө хөгжүүлэх хүсэл, бусдыг ойлгох оролдлого бүрийн цаана энэ чухал чадвар бий болдог. Аливаа ажилд таныг бусдаас ялгаруулах зүйл бол зөвхөн мэргэжлийн мэдлэг биш харин бусадтай харилцах ур чадвар байдаг юм шүү.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

  • Ажлын ярилцлагад тэнцдэггүй нийтлэг шалтгаанууд

    Ажлын ярилцлагад тэнцдэггүй нийтлэг шалтгаанууд

    Ажлын ярилцлагад өөрийгөө сайн илэрхийлсэн гэж бодсон ч тантай эргэж холбогдоогүй тохиолдол гарч байна уу? Яг ийм нөхцөлд хүн өөрийн эрхгүй “Юуг буруу хийчхэв?” гэж эргэцүүлж эхэлдэг.

    Гэхдээ санаа зоволтгүй энэ мэдрэмж бол ажил хайх үйл явцад олон хүнд тохиолддог хэвийн зүйл юм. Үнэндээ HR мэргэжилтнүүд олон хүчин зүйлсийн нийлбэр, байгууллагын тухайн үеийн хэрэгцээ, дотоод нөхцөл байдал зэргээс шалтгаалж тухайн шийдвэрийг гаргадаг. Харин сонгон шалгаруулалтад орсон хүмүүстээ цаад шалтгаануудыг ихэвчлэн нээлттэй бас үнэнээр нь хэлдэггүй.

    Тиймээс бид энэ нийтлэлээр хүний нөөцийн ажилтны танд хэлдэггүй ч бодитоор нөлөөлдөг 6 шалтгааныг хуваалцаж байгаа юм. Үүнийг мэдсэнээр та дараагийн боломжийг атгаж, амжилтад хүрэхэд илүү бэлтгэлтэй байх болно.

    1. Та ур чадвартай ч өөр нэг нь танаас илүү байсан

    Танд шаардлагатай туршлага, боловсрол, ур чадварууд бүгд байсан ч, тухайн ажлын байранд өөр нэг нэр дэвшигч арай илүү тохирсон гэж үзсэн байж болно. Эцсийн шийдвэрт жижигхэн ялгаа ч их зүйлийг хэлж мэднэ. Хөдөлмөрийн зах зээл бол тэр чигтээ өрсөлдөөн юм. Тиймээс бусдаас ялгарч харагдах нь чухал.

    Боломж бүрийг өөрийгөө харуулах зэвсэг болгон ухаалгаар ашиглаарай. CV resume, танилцуулга, дагалдах захидалдаа тухайн албан тушаалд яг тохирох ур чадвар, туршлагаа тодорхой, оновчтой илэрхийлж бичээрэй.

    2. Компанийн соёлд тохироогүй

    Аливаа байгууллага өөрийн гэсэн дотоод соёл, үнэт зүйлс, харилцааны хэв маягтай байдаг. Хэдийгээр таны ур чадвар сайн байсан ч энэ орчинд удаан, тогтвортой ажиллах хүн шиг санагдаагүй бол таныг тэд сонгохгүй байх магадлалтай юм. Тиймээс ярилцлагын үеэр байгууллагын үнэ цэнэ, соёлын талаар дэлгэрэнгүй асуугаарай.

    3. Таны туршлага илүү эсвэл дутуу байсан

    Зарим байгууллагууд хэт их туршлагатай хүнийг авахгүй байж болно. Яагаад гэвэл өндөр цалин шаардах, удаан үлдэхгүй байх, эсвэл байгууллагын соёлд тохирохгүй байхаас болгоомжилдог. Нөгөө талаас, та магадгүй хангалттай туршлагатай биш байж ч болно. Ийм учраас тухайн ажлын шаардлагад өөрийн туршлагаа нийцүүлж сонголтоо хийхээс гадна, ярилцлагын үеэр суралцахад бэлэн байгаагаа илэрхийлэх нь мөн чухал юм.

    4. Ярилцлагын үеэр харилцааны ур чадвар хангалтгүй байсан

    Өөрийгөө ойлгомжтой, эерэг, уян хатан байдлаар илэрхийлж чадахгүй байх нь том сул талууд болдог. Сонгон шалгаруулалтын үеэр зөвхөн таны туршлагаас гадна харилцааны ур чадварыг маш их чухалчилдаг. Ярилцлагын өмнө тодорхой хэмжээнд асуултуудад хариулах бэлтгэл хийж, найзтайгаа эсвэл ai-тай ярилцаж дадлага хийхийг зөвлөж байна.

    5. Тогтвор суурьшилгүй ажилласан түүхтэй байсан

    Хэт олон ажлаас богино хугацаанд гарч байсан бол хүний нөөц таныг удаан тогтохгүй хүн гэж бодож магадгүй юм. Үүнийг тэд эрсдэл гэж үздэг.

    Тиймээс та өмнөх ажлуудаасаа гарсан шалтгаан бүрийг эерэг байдлаар тайлбарлаж, дараагийн боломжийг илүү урт хугацаанд харж байгаа гэдгээ харуулахыг хичээгээрэй.

    6. Ярилцлагын дараа талархал илэрхийлээгүй

    Энгийн боловч маш чухал алхам бол ярилцлагын дараа илгээх талархлын и-мэйл эсвэл зурвас юм. Энэ нь таны мэргэжлийн байдал, ажилд хандах хандлагыг илэрхийлдэг үзүүлэлт билээ. Тиймээс “Ярилцлагад оролцох боломж олгосонд баярлалаа. Танай байгууллагад хувь нэмэр оруулахад бэлэн байна.” гэсэн агуулгатай и-мэйлийг 24 цагийн дотор илгээгээрэй.

    Өнөөдөр ажлын ярилцлагад тэнцээгүй нь таны ур чадвар дутагдсан гэсэн үг биш юм. Заримдаа тухайн ажлын байр танд тохиромжгүй байсан байж болно. Иймээс аливаа сөрөг хариуг хэт хүндээр хүлээж авалгүйгээр алдаанаасаа суралцаж, илүү бэлтгэлтэйгээр дараагийн боломжуудаа ашиглаарай. Үүний тулд ярилцлагын үеэр гарсан асуултууд, түүний хариултыг тэмдэглэж, мөн байгууллагаа судлан, ярилцлагадаа урьдчилж бэлдэхийг зөвлөж байна.

    Дараагийн өөрт тохирох ажлаа амжилттай олоход тань LAMBDA тусална. Мөн талент та илүү олон карьер төлөвлөлтийн зөвлөгөө, туршлагыг LAMBDA BLOG -оос уншаарай.

    Төстэй нийтлэл унших: Ажлын ярилцлагад өөрийгөө зөв илэрхийлэх нь

  • Ажлын ярилцлагад өөрийгөө зөв илэрхийлэх нь

    Ажлын ярилцлагад өөрийгөө зөв илэрхийлэх нь

    Ажлын ярилцлага гэдэг бол өөрийгөө хамгийн сайн талаас нь танилцуулах үнэ цэнтэй боломж юм. Гэхдээ заримдаа бид зөв хариулж байна гэж бодсон ч, ярилцлага авч буй хүн таны чадвар, туршлагыг бүрэн дүүрэн ойлгохгүй үлдэх үе бий. Энэ нь ихэнхдээ өөрийгөө тодорхой, нээлттэй илэрхийлж чадаагүйгээс болдог.

    Өөрийн туршлага, ур чадварыг ойлгомжтой бөгөөд итгэлтэйгээр илэрхийлэх нь таныг бусдаас ялгаруулж чадна. Тиймээс энэхүү нийтлэлээр дамжуулан ажлын ярилцлагад итгэлтэй оролцож, өөрийгөө зөв харуулахад туслах үр дүнтэй аргуудыг Lambda тантай хуваалцаж байна.

    Бэлтгэлтэй байх нь амжилтын үндэс

    Ярилцлага бол та тухайн байгууллагын үнэт зүйлтэй хэр нийцэж байгаагаа харуулах хамгийн чухал мөч байдаг. Тиймээс байгууллагын үйл ажиллагаа, соёл, нээлттэй ажлын байрны шаардлага зэргийг урьдчилан судлаарай. Мөн өөрийн туршлага, ур чадвараас жишээнүүд бэлдэж, ямар нөхцөлд, яаж асуудлыг шийдсэн талаараа бодитоор ярих нь сонгон шалгаруулах шатанд итгэл төрүүлэх давуу талтай.

    Товч, тодорхой хариулах

    Хэт урт, тойруу хариулт нь анхаарал сарниулах, гол санааг ойлгуулахгүй байх эрсдэлтэй юм. Тиймээс гол санаагаа нэгээс хоёр өгүүлбэрт багтааж, дараа нь жишээгээр дэлгэрүүлэн тайлбарлах арга барилыг хэрэглэж яриарай. Ингэснээр таны яриа ойлгомжтой, уялдаатай буюу илүү цэгцтэй сонсогддог.

    Эерэг өнгө аястай хандах

    Ямар ч асуултад хариулахдаа эерэг хандлага, шийдэлд чиглэсэн сэтгэлгээг харуулах нь чухал юм. Хүнд нөхцөл байдалд орж байсан ч тэр үед юуг сурсан, хэрхэн давсан тухайгаа онцлох нь таны мэргэжлийн хандлагыг илтгэнэ. Сөрөг туршлагыг хүртэл эерэг сургамж болгон ярьж чаддаг хүн бусдаас ялгарч чаддаг.

    Давуу талаа урам зоригтой илэрхийлэх

    Ажлын туршлага, ур чадвараа ярихдаа өөртөө бүрэн итгэлтэйгээр, урам зориг дүүрэн хэлэх нь чухал. Танд байгаа аливаа чадваруудаа зүгээр нэг сайн гэж илэрхийлэхээс гадна ямар үр дүнд хүрч байсан талаар тоо баримттай ярих нь илүү эерэг сэтгэгдэл үлдээдэг.

    Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Биеийн хэлэмж, харилцааны ур чадварыг ашиглах

    Ярилцлага зөвхөн үгээр бус, таны биеийн хэлэмж, нүүрний хувирал, харц, инээмсэглэл зэрэг олон хүчин зүйлээс бүрддэг билээ. Хэт түгдэрч, санаа зовсон, сандарсан харагдах нь сөрөг сэтгэгдэл төрүүлж болзошгүй. Тиймээс эгц харж ярих, инээмсэглэх, тайван өнгөөр ярихыг хичээгээрэй.

    “Та яагаад энэ ажилд тохирох вэ?” гэсэн асуултад бэлэн байх 

    Ярилцлага бүрийн гол асуулт бол “Бид яагаад таныг сонгох ёстой вэ?” гэсэн асуулт байдаг. Энэ асуултад хариулахдаа өөрийн ур чадвар, байгууллагын хэрэгцээтэй хэрхэн нийцэж буйг, ямар үнэ цэн авчирч чадах вэ гэдгийг тодорхой хэлэх хэрэгтэй. Энэ бол өөрийн ур чадвар, туршлагаа борлуулах хамгийн чухал мөч юм.

    Асуух асуултуудаа бэлдэх

    Ярилцлагын төгсгөлд “Танд асуух зүйл байна уу?” гэж асуух нь түгээмэл. Харин үүнд “байхгүй ээ” гэж хариулах нь таныг идэвхгүй мэт харагдуулдаг. Тиймээс бизнесийн өсөлтийн төлөв, ажлын байрны өдөр тутмын хариуцлага, багийн соёлын талаар сонирхож асуух нь өөрийн идэвх оролцоо, сонирхлыг харуулах хамгийн сайн арга юм.

    Ажлын ярилцлага бол өөрийгөө хэн болохыг ирээдүйн хамтран ажиллах хүмүүстээ харуулах тайз л гэсэн үг. Өөртөө итгэж, бэлтгэлтэй байж, ойлгомжтой, эерэг хандлагатай ярьж чадвал таны яриа бусдад хүрч, чадвар үнэлэгдэх болно. Хамгийн гол нь өөрийгөө бодитоор, итгэлтэйгээр илэрхийлэх нь таныг амжилтад хүргэх болно.

    Талент та илүү олон карьер төлөвлөлтийн зөвлөгөө, туршлагыг LAMBDA BLOG -оос уншаарай.

    Төстэй нийтлэл унших: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

  • Цалингаа хэрхэн зөв тохиролцох вэ- Remote болон дотоодын ажлын ярилцлагад зориулсан зөвлөмж

    Цалингаа хэрхэн зөв тохиролцох вэ- Remote болон дотоодын ажлын ярилцлагад зориулсан зөвлөмж

    Ажил горилогч бүрийн хүсдэг нэн чухал зүйлсийн нэг нь сэтгэлд нь хүрсэн хэмжээний цалингаа тохиролцох байдаг. Гэхдээ цалингийн тухай ажлын ярилцлагын үеэр ярих нь ихэнх хүмүүст хүндхэн санагддаг. Ялангуяа гадаадын эсвэл томоохон дотоодын компаниудтай ярилцаж байгаа үед.

    Хэрэв та гадаад, дотоодын компанид зайнаас (remote) эсвэл бүтэн цагаар оффист  ажиллахаар өргөдөл өгч байгаа бол цалингаа хэрхэн зөв, өөрт ашигтайгаар тохиролцох вэ гэдэг нь таны цаашдын орлого,  сэтгэл ханамжид ихээхэн нөлөөлнө.

    Тиймээс энэ удаад Lambda Global та бүхэндээ Монголд амьдрангаа олон улсын болон дотоодын зах зээлд ажиллаж буй мэргэжилтнүүдэд зориулсан товч бөгөөд үр дүнтэй “цалингаа хэрхэн тохиролцох”  тухай зөвлөмжүүдийг хүргэж байна.

    1. Олон улсын & дотоодын зах зээлийн ханшийг судалж мэдэх

    Цалин тохиролцохын өмнө тухайн ажлын байрны зах зээлийн ханшийг судлах нь хамгийн чухал алхам. Хэрэв та зайнаас гадаадын компанид ажиллах гэж байгаа бол дараах платформуудаас хэрэгтэй мэдээллээ авч болно:

    • Lambda Global – Монголын бусад нэр хүндтэй ажил зуучлалын сайтууд
    • Glassdoor , LinkedIn— олон улсын цалингийн жишиг
    • Remote OK , We Work Remotely, FlexJobs гэх мэт- remote ажлын зах платформууд

    Зөвлөмж: Хэрэв анх удаа зайнаас олон улсын компанид ажиллаж байгаа бол “remote + your job title + salary” гээд компани болон бүс нутгийн дундаж цалинг хайж судалж үзэх хэрэгтэй. Өөрийн чадвар боловсрол, туршлагыг харгалзан үзэн, ижил ажлын байр Монгол, Солонгос, АНУ, Европт ямар цалинтай байгааг харьцуулж хараарай. Ингэснээр өөрийгөө хэт доогуур үнэлэхээс сэргийлнэ.

    2. Өөрийн үнэ цэнийг тодорхой илэрхийл

    Тухайн компанид ямар үнэ цэнэ авчирч байгаагаа ойлгуулж чадвал, цалин нэмэгдэх боломж өсдөг. Тухайлбал  2-3 хэлтэй,  салбартаа удаан ажилласан туршлагатай бол:

    • Гурван хэлтэй (монгол, англи, солонгос) гэх мэт
    • Remote ажлын туршлага, өөр цагийн бүсэд ажиллах чадвар
    • Бие дааж болон багаар ажиллах чадвар
    • Олон соёлтой хүмүүстэй ойлголцож ажиллах соёлын ялгааг ойлгодог байдал

    Ингэж хэлж болно:

    “Миний туршлага болон олон улсын болон дотоодын зах зээлийн мэдлэг судалгаан дээр үндэслэн энэ ажлын байрны хувьд  X₮–Y₮-ийн хооронд цалин авах боломжтой гэж бодож байна.”

    3. Цалингаа тохиролцох зөв мөчийг хүлээ

    Анхан шатны ажлын ярилцлагын үеэр шууд цалинг хөндөх нь тохиромжгүй. Эхлээд ажил олгогчдод өөрийн ур чадвар, туршлагаа харуулж ойлгуулах хэрэгтэй. Хэрвээ ажил олгогч цалингийн хүлээлтийн талаар түрүүлж асуувал:

    “Эхлээд ажлын үүрэг, хариуцлагын талаар илүү дэлгэрэнгүй мэдэж авмаар байна. Гэхдээ зах зээлийн нөхцөл байдалд үндэслэн надад төсөөлж буй цалингийн хүрээ бий.”

    Та цалин тохиролцох үед, тодорхой хариулт хэлэх гэж яарах хэрэггүй. Хэрэв, танд тухайн ажлын байрны талаар илүү мэдээлэл хэрэг болох үед тодорхой хугацаанд бодож, судалж үзэх цаг авах бүрэн эрхтэйгээ санаарай.

    4. Цалингийн хүлээлтээ шударгаар илэрхийлэх

    Монголчууд  цалин тохиролцох үед санаа зовж эвгүйцэх, эсвэл хэт даруухан байх нь элбэг. Гэвч гадаад, дотоодын олон компаниудын хувьд илэн далангүй цалин тохиролцох явдал бол зайлшгүй байх зүйл юм.

    Хэрвээ ажил олгогчийн санал таны хүлээлтээс бага байвал:

    “Санал тавьсанд баярлалаа. Миний туршлага болон ийм төрлийн “remote” ажлын зах зээлийн ханшийг харгалзан үзвэл, X₮ – Y₮ орчим цалин хүлээж байсан. Энэ талаар уян хатан байж тохиролцох боломжтой юу?” гэх мэт

    5. Цалингаас гадна бусад нөхцөлийг мөн харгалз

    Заримдаа зөвхөн өндөр цалин чухал биш. Та дараах ашигтай нөхцөлүүдийг мөн харгалзаж цалин тохиролцохдоо илүү уяан хатан хандаж болно:

    • Ээлжийн амралт болон баярын өдрүүдэд амрах боломж– Жишээ нь барууны орны компаниуд өөрийн улсын хуанлийг дагадаг тул Монголын баяраар амрах эсэх нь тодорхойгүй ч ажил амьдралын тэнцвэртэй байдал өгөхүйц хэмжээнд амрах боломжийг олгох магадлалтай.
    • Эрүүл мэндийн даатгал, бонус урамшуулал, ажлын тоног төхөөрөмжийн төсөв зэрэг нэмэлт хангамжууд маш чухал.
    • Албан тушаалын өсөлт, суралцах болон ментортой ажиллах боломж, багийн соёл ч бас анхаарах зүйлсийн нэг.

    Заримдаа бага зэрэг бага цалинтай байсан ч бүтээлч эрх чөлөө, тогтвортой байдал, уян хатан цагийн хуваарь, хөгжих боломж сайтай ажил бол илүү үнэ цэнтэй байдаг.

    6.Урьдчилж бэлдэх

    Цалингийн талаар ярих нь өөрөө нэгэн төрлийн чадвар юм — харин энэ чадвар дадлага хийх тусам улам амар болох нь ойлгомжтой. Ажлын ярилцлагад орохоосоо өмнө найзтайгаа эсвэл толины өмнө өөртэйгөө ярьж бэлтгэл хийж болно. Мөн тантай нэг салбарт ажилдаг найзууд эсвэл ментор байгаа бол, тэд цалингаа яаж тохиролцож байсан талаар асууж зөвлөгөө аваарай.

    Эцэст нь 

    Цалингаа тохиролцоно гэдэг нь зөвхөн мөнгө яриад шунахай байгаагийн илрэл биш — харин өөрийн чадвар, туршлага, үнэ цэнийг шударгаар үнэлж, ажил олгогчдод бодитой хүлээлт тавьж буйн нэг хэлбэр юм.

    Монголчуудын хувьд гадаад, дотоодын олон улсын байгууллагад ажиллах боломжууд нэмэгдэж буй энэ үед хуучин сэтгэлгээгээр ажил олгогчийн хэлсэн цалинг шууд хүлээн зөвшөөрдөг дадлыг өөрчлөх шаардлага гарч байна. Бид өөрсдийн үнэ цэнийг мэдэрч, тодорхой илэрхийлж, тохиролцож сурах нь илүү чухал болжээ.

    Тиймээс та өөрийн туршлага, чадварт итгэж, ажлын ярилцлагад сайтар бэлтгэж, эелдэг боловсон байдлаар цалингаа нээлттэй ярилцах нь зүйтэй. Энэ бол зөвхөн нэг ажилд орох тухай биш — харин Монгол мэргэжилтнүүдийн төлөөлөл болж, ирээдүйн стандарт, хандлагыг хамтдаа шинэчлэх эхлэл юм.

    Танд Lambda Global– аар AI ашиглан өөрийн чадвар, туршлагад үндэслэсэн цалин тооцоолол хийж үзэхийг зөвлөж байна.

  • Ажлын ярилцлагын асуултын төрлүүд

    Ажлын ярилцлагын асуултын төрлүүд

    Унших: Ажлын ярилцлагад түгээмэл ирдэг асуултууд болон тэдгээрт хэрхэн оновчтой хариулах вэ?

    Хэрвээ та ажил орох хүсэлтээ илгээн ажил олгогчоос ажлын ярилцлагад оролцох санал авсан бол түүний дараагаас эхлэн ажлын ярилцлагад амжилттай оролцохын тулд ярилцлагын асуултуудын төрөл бүрийн онцлогийг мэдэх нь чухал. Энэ нь таныг зөв бэлтгэх, өөрийгөө хамгийн сайн байдлаар илэрхийлэхэд туслах болно. Доорхи асуултын төрлүүд нь ажлын ярилцлагадаа өргөн ашигладдаг асуултын төрлүүд бөгөөд та эдгээрийг мэдэж, бэлтгэлтэй байснаар ажлын байрны ярилцлагад амжилттай оролцож ажлын санал авах боломж нэмэгдэх юм.

    1. Нээлттэй асуултууд (Open-ended Questions)

    Эдгээр төрлийн асуултууд нь таныг олон талаас нь таньж мэдэхийг зорьж, чөлөөтэй ярилцах боломж олгодог. Нээлттэй асуулт нь танд амжилттай ярилцлага хийхэд шаардлагатай мэдээллийг илүү тодорхой болгож өгдөг. Жишээ нь:

    • Таны хамгийн хүчтэй давуу тал юу вэ?
    • Өмнөх ажлынхаа туршлагаас хамгийн их сургамж авсан зүйл юу байсан бэ?
    • Таны бодлоор энэ ажлын байранд амжилттай ажиллахад юу хамгийн чухал вэ?

    Зөвлөмж: Энэ төрлийн асуултад хариулахдаа өөрийн ур чадвар, туршлага, амжилттай хийсэн ажлуудыг онцлох хэрэгтэй. Ингэснээр ажил олгогч таны хариултаас таны ур чадвар, мэдлэг туршлагыг олж харах боломжтой юм.


    2. Нөхцөл байдлын асуултууд (Situational / Hypothetical Questions)

    Энэ төрлийн асуултаар таныг бодит амьдралд тохиолдож болох нөхцөл байдалд хэрхэн хариу үйлдэл хийхийг шалгадаг. Асуулт нь таны шийдвэр гаргах чадвар, асуудал шийдвэрлэх арга барилыг тодорхойлох зорилготой. Жишээ нь:

    • Танай багийн гишүүд хоорондоо санал зөрөлдсөн үед та хэрхэн асуудлыг шийдэх вэ?
    • Хэрвээ таны хийж байгаа ажилд тань гэнэтийн саад тотгор гарвал, та хэрхэн шийдвэрлэх вэ?

    Зөвлөмж: Хэрэв та өмнө ийм нөхцөл байдалд орж байгаагүй бол, хэрхэн шийдвэрлэх талаар өөрийн бодож байгаа бодлоо чөлөөтэй хуваалцаж болно. Хэрвээ өмнө нь энэ асуудлуудтай тулгарч байсан бол өмнөх туршлагаа ашиглан хариулах нь оновчтой.


    3. Зан төлөвийн асуултууд (Behavioral Questions)

    Эдгээр асуултууд нь таны өнгөрсөн ажлын болон бусад туршлагаас үндэслэн асуугддаг. Энэ төрлийн асуултаар таныг тодорхой үйлдлүүдийг хэрхэн хийсэн талаар тодорхой жишээгээр харуулж өгөхийг хүсдэг. “Нэг удаа…” эсвэл “Ямар нэгэн нөхцөлд…” гэх мэт хариулт шаардсан асуултууд их байдаг. Жишээ нь:

    • Танд ямар нэгэн хүнд шийдвэр гаргах шаардлага тулгарсан уу? Хэрхэн түүнийгээ шийдвэрлэсэн бэ?
    • Танай багийн гишүүн таны өмнө ямар асуудал гаргасан тохиолдолд та ямар хариу үйлдэл үзүүлэх бэ?
    • Таны амжилттай дуусгасан хамгийн том төсөл юу байсан бэ?

    Зөвлөмж: STAR (Situation, Task, Action, Result) аргачлалаар хариулт өгөх нь үр дүнтэй. Тодорхой жишээ, үйл явц, үр дүнг нарийвчилсан тайлбарлаж өгөөрэй.

    Унших: Ажлын ярилцлагад хэрхэн оновчтой хариулах вэ? STAR, CAR, PAR, SOAR Аргачлалуудын тухай


    4. Техникийн болон мэдлэгийн асуултууд (Technical Questions)

    Эдгээр асуултууд нь таны мэргэжлийн мэдлэг, ур чадвар, шаардлагатай программ хангамж болон системийн талаар асуудаг. Ярилцлага авагч таны мэдлэгийн түвшинг шалгах зорилготой. Жишээ нь:

    • Та ямар програм хангамж ашигладаг вэ?
    • Өмнө нь SQL ашиглаж байсан уу?
    • Та энэ технологийг хэр сайн мэдэх вэ?

    Зөвлөмж: Хэрэв та мэдэхгүй зүйл асуувал, хариулахдаа өөрийнхөө өмнө нь хийж байсан төслийг, үүнтэй холбоотой мэдлэг, чадвараа харуулж болно. Мөн шинэ зүйлсийг хурдан сурах чадвартай гэдгээ онцлох нь зөв.

    Унших: Ажлын Ярилцлагын Үеэр Өөрийгөө Оновчтой Илэрхийлэх Аргууд


    5. Харилцааны асуултууд (Communication Questions)

    Энэ төрлийн асуултууд таны бусадтай харилцах чадварыг шалгадаг. Тухайлбал, та олон хүнтэй хэрхэн зөв зохион байгуулалттай харилцаж ажиллах, сөрөг нөхцөлд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх зэрэг чадваруудыг шалгана. Жишээ нь:

    • Та сөрөг хариу авсан тохиолдолд хэрхэн хариу үйлдэл хийдэг вэ?
    • Багийн гишүүдтэйгээ хэрхэн хамтран ажилладаг вэ?
    • Хэрвээ ажил дээрээ сэтгэл санаа тавгүй байвал та хэрхэн асуудлыг шийддэг вэ?

    Зөвлөмж: Харилцааны ур чадварыг тодорхой жишээн дээр харуулж, асуудал шийдвэрлэх, баг хамт олонтой хамтран ажиллах чадвараа илэрхийлэх нь чухал.


    6. Бүтээлч асуултууд (Trick / Out-of-the-Box Questions)

    Эдгээр асуултууд нь таны сэтгэн бодох чадварыг шалгах зорилготой. Эдгээр асуултууд ихэвчлэн гэнэтийн, амьдралтай шууд холбоогүй байдаг. Тухайлбал:

    • Хэрэв та ямар ч супер хүч чадвартай байвал, ямар хүчтэй байхыг хүсэх вэ?
    • Хэрэв та цаг хугацаагаар аялж чаддаг байсан бол, ямар цаг үед очих байсан вэ?
    • Таныг юу хамгийн их сэтгэлийг тань татдаг вэ?

    Зөвлөмж: Эдгээр асуултанд зөв эсвэл буруу хариулт байдаггүй бөгөөд таны сэтгэн бодох, бүтээлч байдал, өөрийгөө илэрхийлэх чадварыг шалгадаг. Эдгээр асуултанд хариулахдаа санаа зоволтгүй, өөрийн бодлоос хуваалцаж болно.


    Ажлын ярилцлагын асуултууд нь танд олон талт ур чадварыг шалгах боломж олгодог. Тиймээс бэлтгэлтэй байх, өөрийн туршлага, мэдлэг, ур чадваруудаа зөв илэрхийлэх нь таны амжилттай ярилцлага хийх үндэс болно.

  • Ажлын байрны тодорхойлолт гэж юу вэ?

    Ажлын байрны тодорхойлолт гэж юу вэ?

    Ажлын байрны тодорхойлолт нь тухайн байгууллагын ажилтанд гүйцэтгэх үүрэг, хариуцлагыг, шаардлагатай ур чадвар, мэдлэг, туршлага, ажиллах нөхцөлийг тодорхойлон бичсэн албан ёсны баримт бичиг юм. Энэ нь ажил олгогч болон ажилтны хооронд үүрэг хариуцлагыг харилцан ойлгох, ажлын байрны шаардлага, дүрэм журам, ажлын нөхцлийг ойлгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Ажлын байрны тодорхойлолт нь байгууллагын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, ажилтнуудын хоорондын харилцаа, ажлын хариуцлагын хуваарилалтыг шийдвэрлэхэд гол үүрэгтэй байдаг.

    Унших: Ажлын ярилцлагад хэрхэн оновчтой хариулах вэ? STAR, CAR, PAR, SOAR Аргачлалуудын тухай

    1. Ажлын байрны тодорхойлолтын ач холбогдол

    Ажлын байрны тодорхойлолт нь байгууллагад олон талын ач холбогдолтой. Үүнд:

    • Ажилтны үүрэг, хариуцлагыг тодорхойлох: Тухайн ажилтны хийх үүрэг, хариуцлагыг нарийвчлан зааж өгдөг. Энэ нь ямар ажил хийх, хэнийг удирдах, ямар үйл явцыг удирдах, хэзээ ямар ажлыг гүйцэтгэх гэх мэт үүргийг тодорхойлох болно.
    • Туршлага, ур чадвар шаардлага: Ажлын байрны тодорхойлолт нь ажилд орох болон ажлыг гүйцэтгэхэд шаардлагатай ур чадвар, туршлага, боловсролын түвшинг тодорхойлно. Энэ нь зөв хүнээ олоход тусалдаг.
    • Төлөвлөсөн ажлын нөхцөл: Ажлын байрны тодорхойлолт нь ажилтны ажлын нөхцөл, цагийн хуваарь, цалин, урамшуулал болон бусад нөхцлүүдийг тодорхой зааж өгөх тул ажил горилогчид өөрт тохирох эсэхийг мэдэхэд хялбар болдог.
    • Байгууллагын бүтэц, удирдлагын хариуцлага: Ажлын байрны тодорхойлолт нь байгууллагын бүтэц, ажлын үйл явц, хариуцлагын хуваарилалтыг ойлгоход чухал мэдээллийг өгдөг. Энэ нь багийн ажиллагаа, удирдлагын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад тусалдаг.
    • Томилолт, урамшууллын боломж: Ажлын байрны тодорхойлолт нь тухайн ажилтанд хэрхэн карьерын өсөлт хийх, шинэ үүрэг хариуцлага хүлээх боломжтой талаар мэдээлэл өгдөг.

    2. Ажлын байрны тодорхойлолт хэрхэн зохиох вэ?

    Ажлын байрны тодорхойлолтыг зохиохдоо дараах үндсэн хэсгүүдийг тусгах хэрэгтэй:

    • Ажлын байрны нэр (Ажлын байрны тодорхойлолтын эхлэл): Ажлын байрны нэр нь тухайн ажилтны гүйцэтгэх үүрэгтэй холбоотой тодорхой, ойлгомжтой байх ёстой. Жишээ нь, “Маркетингийн менежер”, “Програм хөгжүүлэгч”, “Багш” гэх мэт.
    • Гүйцэтгэх үүрэг, хариуцлага: Тухайн ажилтанд хүлээх үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлно. Энэ нь ажлын байранд юу хийх, ямар зорилготой байх, тухайн ажилд оролцох бүх үйл ажиллагаа ямар байх зэргийг агуулна.
    • Шаардлагатай ур чадвар, мэдлэг, туршлага: Ажлын байрны тодорхойлолтод ажилтнаас шаардах ур чадвар, мэдлэг, туршлага, боловсролын түвшинг тодорхойлно. Энэ нь ажил горилогчид ямар мэргэжилтэй, ямар ур чадвар эзэмшсэн байх шаардлагатайг ойлгоход тусална.
    • Ажлын нөхцөл: Ажлын цаг, ажлын байрны байрлал, ажлын орчны талаар тодорхой мэдээлэл өгнө. Хэрэв шаардлагатай бол тодорхой томилолтууд, гадаадад ажиллах бололцоог ч дурьддаг.
    • Цалин болон урамшуулал: Зарим тохиолдолд ажлын байрны тодорхойлолтод цалин, урамшууллын нөхцөл, тусламж үйлчилгээ (жишээ нь, эрүүл мэндийн даатгал, амралтын өдрүүд гэх мэт) гэх мэт мэдээллийг багтааж өгнө.
    • Байгууллагын бүтэц: Ажлын байрны тодорхойлолтод тухайн ажлын байр байгууллагын бүтэц дотор хаана байрлах, хэнтэй хамтран ажиллах, хэний удирдлага дор ажиллах гэх мэт мэдээллийг оруулна.
    • Хамтран ажиллах талууд: Тухайн ажлын байр нь бусад албан тушаалтай хэрхэн холбогдох, хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх шаардлагатай.

    3. Ажлын байрны тодорхойлолт болон ажил горилогчийн харилцаа:

    Ажлын байрны тодорхойлолт нь ажил горилогчийн анхааралд хамгийн эхэнд хүрч, түүний сонирхсон ажлын байрны шаардлагатай ур чадвар, хариуцлагыг мэдэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүний үр дүнд:

    • Ажилд орох хүсэлтэй хүний сонголт: Хүмүүс тухайн ажилд орохоосоо өмнө тухайн ажилд тохирох эсэхээ сайн шалгах хэрэгтэй. Ажлын байрны тодорхойлолт нь тухайн ажилтанд ямар үүрэг хариуцлага хүлээхийг сайн ойлгуулдаг тул энэ нь тэдэнд хүлээх ёстой зорилт, үүргийн талаар ойлголт өгөхөд тусална.
    • Тохиромжтой ажилтан олж авах: Ажлын байрны тодорхойлолт нь ажил олгогчид тухайн ажилд хамгийн тохиромжтой, чадвартай ажилтныг сонгон шалгаруулахад тусалдаг.
    • Цаг хугацаа, нөөцийн хэмнэлт: Тухайн ажилд тохирох ажилтан хайж олох нь байгууллагын цаг хугацаа, нөөцийг хэмнэхэд чухал үүрэгтэй. Хэрэв ажил горилогч тодорхойлолтыг сайтар уншиж, шаардлагын дагуу хариуцлага хүлээх чадвартай бол, ажил олгогчид зөв сонголт хийх боломжтой болно.

    4. Ажлын байрны тодорхойлолт хийхдээ анхаарах зүйлс:

    • Тодорхой, ойлгомжтой байх: Ажлын байрны тодорхойлолт нь ойлгомжтой, тодорхой байж, ажил горилогчид ямар үүрэг хүлээхийг шууд харуулсан байх ёстой. Хэрэв тодорхойлолт тодорхойгүй бол ажил горилогчид ямар үүрэг хүлээхээ ойлгоход хэцүү байдаг.
    • Шаардлага хангах: Ажлын байрны тодорхойлолт нь зөвхөн тухайн ажлын шаардлагыг хангаад зогсохгүй, байгууллагын соёл, үнэт зүйлсийг тусгах нь чухал.
    • Шинэчлэлт хийх: Байгууллагын хэрэгцээ, шаардлага өөрчлөгдөхөд тус ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн, түүнд тохируулан ажил горилогчид болон ажилтнуудын хүлээлтийг зохицуулах хэрэгтэй.

    Дүгнэлт:

    Ажлын байрны тодорхойлолт нь байгууллагын амжилттай үйл ажиллагааг дэмжих, ажилтнуудын хариуцлага, үүргийг тодорхойлох, зөв хүнээ сонгон шалгаруулахад чухал баримт бичиг юм. Ажилтнуудын шаардлагын дагуу үүрэг хариуцлага, ур чадвар, ажлын нөхцлийг нарийвчлан зааж өгдөг нь зөв хүний сонголтыг хийх, байгууллагын бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй.

  • Ажлын Ярилцлагын Үеэр Өөрийгөө Оновчтой Илэрхийлэх Аргууд

    Ажлын Ярилцлагын Үеэр Өөрийгөө Оновчтой Илэрхийлэх Аргууд

    Унших: Ажлын ярилцлагад хэрхэн оновчтой хариулах вэ? STAR, CAR, PAR, SOAR Аргачлалуудын тухай

    Унших: Ажлын ярилцлагад түгээмэл ирдэг асуултууд болон тэдгээрт хэрхэн оновчтой хариулах вэ?

    Ажлын ярилцлага нь таны карьерын чухал шат, шинэ боломжийг нээх түлхүүр байдаг. Тиймээс, ярилцлагын үеэр өөрийгөө оновчтой илэрхийлэх нь таныг мэргэжлийн түвшинд харуулж, ярилцлагын үр дүнд эерэг нөлөө үзүүлэх боломжийг олгодог. Гэхдээ зөв илэрхийлэл нь зөвхөн таны чадвар, туршлагаас гадна таны хандлага, мэргэжлийн ёс зүй, хувийн шинж чанаруудыг ч тодорхойлдог. Тэгвэл ажлын ярилцлагын үеэр өөрийгөө хэрхэн оновчтой илэрхийлэх вэ? Дараах зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр та ярилцлагад амжилттай оролцож, хүссэн ажлаа олох магадлалыг тань нэмэгдүүлэх болно.

    1. Өөрийнхөө чадвар, туршлагыг товч бөгөөд тодорхой илэрхийлэх

    Ажлын ярилцлагад орж байгаа үед таны мэргэжлийн ур чадвар, туршлага хамгийн чухал үүрэгтэй. Гэхдээ хэт урт эсвэл өргөн хэмжээний мэдээлэл өгөх нь ярилцлагачийн анхаарлыг сарниулж болох тул өөрийгөө товч бөгөөд тодорхой, гол зүйлсийг хөндөж илэрхийлэх хэрэгтэй. Жишээ нь, “Өмнөх ажлын туршлагаараа би олон төрлийн төслийг амжилттай удирдаж, баг хамт олонтойгоо үр бүтээлтэй ажиллах чадвар эзэмшсэн” гэх мэтээр товч, дүгнэлттэй ярьж чадвал таны чадварууд илүү тодорхой харагдана.

    2. Амжилттай туршлагаа тоон дүнгээр батлах

    Ажлын ярилцлагын үеэр өөрийнхөө амжилтыг илэрхийлэхдээ тоон үзүүлэлтүүдийг ашиглах нь таны илэрхийллийг илүү бодитой, үнэмшилтэй болгодог. Та өмнөх өөрийн ажлын гүйцэтгэл ялангуяа байгууллагын орлогын өсөлт, төслийн гүйцэтгэл, багийн гүйцэтгэл зэрэг тоон үр дүнгүүдийг ашиглан өөрийн хариуцсан үүрэгт хэрхэн амжилттай ажилласан тухай хэлж болно. Жишээ нь, “Би маркетингийн багийн гишүүнээр ажиллах хугацаандаа сар бүрийн борлуулалтыг 15%-иар өсгөхөд нөлөө үзүүлэн ажилласан. Үүнд би зах зээл дээр гарч буй шинэ бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн ажлыг алхан ажиллаж байсан.” гэдэг нь таны ажилд үр дүнтэй ханддагийг харуулдаг.

    3. Өөрийнхөө сонирхол, үнэт зүйлсийг оновчтой тодорхойлох

    Ажлын ярилцлагад таны мэргэжлийн ур чадвар, туршлагаас гадна, таны хувь хүн болон карьерын зорилго мөн чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс өөрийнхөө сонирхол, үнэт зүйлсийг тодорхой, эерэг байдлаар илэрхийлэх нь таныг тухайн ажлын байранд тохирох хүн мөн гэж харуулахад тусална. Жишээ нь, “Би аливаа ажлыг ямагт ул суурьтай харж, мөн бусадтай хамтран ажиллаж асуудлыг шийдвэрлэхийг чухалчилдаг, мөн би инноваци, шинэ санал санаачлагыг дэмждэг орчинд өөрийгөө илүү сорьж, хөгжүүлэхийг хүсдэг” гэдэг нь таны хандлага, карьерын зорилгыг тодорхой илэрхийлнэ.

    4. Өөрийнхөө хүлээлт, төлөвлөгөөний талаар ярих

    Ярилцлагын үеэр та өөрийнхөө ажиллах хүлээлт болон ирээдүйн төлөвлөгөөний талаар ярьж, энэ ажлын байр таны карьерын хөгжилд хэрхэн туслах талаар ойлголт өгөх хэрэгтэй. Энэ нь таныг зөвхөн одоогийн шаардлагаар бус, ирээдүйд ч амжилттай ажиллах боломжтой гэдгийг харуулдаг. Жишээ нь, “Энэ ажлын байр нь миний ур чадвар, туршлагыг өргөжүүлэх боломжийг олгоно гэдэгт итгэлтэй байна. Мөн би энэ байгууллагад удаан хугацаанд хувь нэмрээ оруулахыг хүсч байна” гэх мэт.

    5. Биеийн хэлэмжийг зөв ашиглах

    Ярилцлага явагдаж байгаа үед зөв биеийн хэлэмж нь таны харилцаа, хандлагыг тодорхойлох чухал хүчин зүйл юм. Хэтэрхий их хөдөлгөөн хийх, эсвэл тохиромжгүй байрлалд суух нь ярилцлагын үеэр ажил олгогчид сөргөөр нөлөөлж буруу сэтгэгдэл төрүүлж болох тул биеийн хэлэмжийг зөв ашиглах нь чухал. Өөрийгөө итгэлтэй, эерэг байдлаар илэрхийлэхийн тулд:

    • Биеийн хэлэмжээ тайван, нээлттэй байлгах.
    • Нүдний харц, биеийн хөдөлгөөнөө тогтуун байлгах.
    • Хариулт хэлэхдээ удаан, ойлгомжтой байхад анхаарах.

    6. Ирсэн асуултуудад эерэг хариулт өгөх

    Ажил олгогчын зүгээс ярилцлагын үеэр танаас асууж буй асуулт бүрт эерэг, ойлгомжтой хариулт өгөх нь чухал. Тухайн асуултад хариулахдаа та зөвхөн өөрийн мэдлэг ур чадвараас гадна, аливаад хандах хандлагаа ч мөн давхар илэрхийлж байдгыг санах хэрэгтэй. Жишээ нь, “Хэрэв би ажил дээр маань ямар нэг асуудал тулгарвал, тухайн ажилд хамааралтай хүмүүст мэдээлэл хүргэх, мөн бусадтай хамтран ажиллах ямар арга зам байгааг хайж, хамгийн сайн шийдлийг олохыг зорьдог” гэж хэлснээр таны хариулт зөвхөн ур чадвар бус, багийн ажиллагаа, асуудал шийдвэрлэх ур чадвартай гэдгийг тань давхар харуулах болно.

    7. Алдааг хүлээн зөвшөөрч, сурсан зүйлсээ хэлэх

    Ажлын ярилцлагын үеэр ажил олгогчид хүмүүсийн амжилттай туршлагаас гадна тэдний гаргасан алдааг хэрхэн даван туулсаныг мэдэх нь чухал байдаг. Өмнөх ажил эсвэл амьдралд гаргасан алдаа байдаг бол, түүнийгээ хүлээн зөвшөөрч, хэрхэн сайжирч, суралцсан тухайгаа хэлэх нь таныг өөрийгөө хэрхэн хөгжүүлсэн болон цаашид хэр бүтээмжтэй ажиллах чадвартай гэдгийг илэрхийлдэг. Гэхдээ алдаа гаргадаггүй хүн байдаггүй боловч алхам тутамдаа алдаа гаргаж түүнийг засаж явдаг мэт сэтгэгдэлийг төрүүлэхээс зайлс хийгээрэй.

    Дүгнэлт

    Ажлын ярилцлага нь таныг хэрхэн оновчтой, итгэлтэй, харилцааны ур чадвартайгаар илэрхийлэх боломжийг олгодог чухал үе юм. Өөрийгөө зөв илэрхийлэх нь таны мэргэжлийн туршлагаас гадна таны хандлага, үнэт зүйлс, хувийн шинж чанаруудыг бас харуулдаг. Тиймээс ярилцлагын үеэр өөрийн туршлага, амжилт, зорилгоо тодорхой, эерэг байдлаар илэрхийлэх нь таныг хамгийн тохиромжтой өрсөлдөгч болгох хамгийн сайн арга юм.