Tag: ажлын стресс

  • Ажлын байрны сөрөг уур амьсгалыг таних тухай

    Ажлын байрны сөрөг уур амьсгалыг таних тухай

    Ажилдаа явахдаа сэтгэл түгшиж байна уу?  Хэрэв тийм бол таны ажиллаж буй орчинд сөрөг уур амьсгал байж болохыг илтгэж байна. Ажил мэргэжил зөв сонголт байсан ч байгууллагын ажиллах орчны уур амьсгал тааруухан байвал таны эрч хүч, ур чадварыг сааруулж, ажлын үр дүнг бууруулах магадлалтай байдаг билээ.

    Өнөө үед байгууллагын соёл, хамт олны харилцаа, ажилтны сэтгэл зүйд үзүүлэх нөлөөлөл зэргийг улам бүр чухалчилж байна. Иймээс ажил хайж буй эсвэл шинэ ажилд орохоор бэлдэж буй танд сөрөг уур амьсгалыг хэрхэн таних, түүнтэй хэрхэн харьцах талаар мэдлэгтэй байх хэрэгтэй юм.

    Сөрөг уур амьсгалыг таних түгээмэл шинж

    Хэт их стресс, дарамт мэдрэгдэнэ
    Ажлын өдрүүд ямагт яаруу, амсхийх завгүй мэт санагдаж, түүнчлэн амралтын өдрүүдэд бүрэн амарч, эрч хүчээ авч чадахгүй байгаа мэдрэмжтэй байж болно.

    Хамт олны хооронд итгэлцэл, дотно байдал үгүйлэгдэнэ
    Хамтран ажиллагчид бие биенээсээ зайгаа барьж, багийн уур амьсгал хүйтэн, албаны шинжтэй болдог.

    Удирдлага ажилтны санаа бодлыг үл тооно
    Санал хүсэлт гаргасан ч хариу ирдэггүй, эсвэл ажилтнуудын санаачилгыг үл ойшоох хандлага давамгайлдаг.

    Хов жив, сөрөг яриа давамгайлна
    Ажлын орчинд эерэг уур амьсгал бүрдэхийн оронд бусдыг шүүмжилсэн, үл ойлголцол үүсгэх яриа давамгайлж эхэлдэг.

    Ажилтнууд тогтворгүй ажиллана, байнга солигдоно
    Шинэ хүмүүс байнга ирж, туршлагажихаас өмнө ажлаас гардаг нь байгууллагын соёлд асуудал байгааг илтгэдэг.

    Сэтгэл ханамжгүй, урамгүй хүмүүс олон байна
    Ажилтнуудын царайнаас ядарсан, залхсан байдал илт харагдаж, ямар ч урам зориггүй ажлаа хийж буй нь мэдэгддэг.

    Амжилтыг үнэлдэггүй, талархал үг ховор сонсогдоно
    Хичээл зүтгэлийг үнэлэхгүй байснаар ажилтнуудын идэвх буурч, илүү сайн ажиллах хүсэл төрөхөө больдог.

    Эдгээр шинжүүдийг анзаарахад тань туслах нэг дохио бол ажилдаа явах хүсэлгүй болох юм. Өглөө бүр сэрээд л сэтгэлд хүнд бодол төрж, ажилдаа очихоос илүү зайлсхиймээр санагдаж байвал энэ нь орчны сөрөг уур амьсгалын илрэл байх магадлалтай.

    Сөрөг уур амьсгалыг өөрчлөх боломжтой юу?

    Мэдээж боломжтой. Доорх алхмуудыг өөрөөсөө эхлүүлснээр та зөвхөн өөрийн ажлын туршлагыг сайжруулаад зогсохгүй, хамт олондоо эерэг өөрчлөлт авчрах боломжтой.

    Юуны түрүүнд, эерэг харилцааг өөрөөсөө эхлүүл. Өдөр бүр хамт олондоо найрсаг хандаж, талархлын үг хэлж, бусдад тусалснаар эрүүл уур амьсгал бий болох үндэс тавигддаг. Түүнчлэн, сэтгэлзүйн хүлээлтээ хянаж сурах хэрэгтэй. Аливаа зөрчил, ойлголцолгүй байдалд хэт сэтгэлээр унахгүй байж, хүлээцтэй хандаснаар өөрийгөө хамгаалж чадна.

    Мөн, итгэлтэйгээр асуудлаа хуваалцах нь чухал. Удирдлагатайгаа ярилцаж, ажилтнуудын санал бодлыг нэгтгэх байдлаар асуудал дэвшүүлж болно. Үүний тулд баримттай, тайван хандлагатай байх хэрэгтэй.

    Үүнээс гадна, амралтаа зөв зохион байгуулах нь чухал. Хэт ачаалалтай үед богино ч гэсэн завсарлага авч, бие сэтгэлээ тайвшруулах нь уур амьсгалыг өөрчлөх эхний алхам болдог. Мөн хамгийн гол нь, хувь хүний хил хязгаараа тогтоо. Хувийн амьдралаа хамгаалж, хэт их ажилдаа дарагдахаас сэргийлж, өөртөө цаг гаргах нь ажлын бүтээмжийг хадгалахад чухал байдаг.

    Уншигч танд өгөх урам зориг, зөвлөмж

    Ажил бол бидний өдөр тутмын амьдралын томоохон хэсэг бөгөөд таны сэтгэл зүй, бие махбодь, амьдралын чанарт шууд нөлөөлдөг хүчин зүйл юм. Тиймээс сөрөг уур амьсгалтай орчинд удаан ажиллах нь стресс, ядаргаа, сэтгэл гутралд хүргэж, амьдралын бусад талбарт ч сөрөг нөлөө үзүүлдэг тул энэ асуудалд анхааралтай хандах хэрэгтэй.

    Өөрчлөлтийг гаднаас бус өөрийн дотоод сэтгэлээс эхлүүлж, эерэг өөрчлөлтөд тууштай хандах нь таны ажлын амьдралыг илүү аз жаргалтай, бүтээлч болгох хамгийн сайн арга зам болно. Хэрэв та дотоод мэдрэмжиндээ анхаарч, дээр дурдсан зөвлөмжүүдийг тууштай хэрэгжүүлбэл ажилдаа дахин дурлах, бүтээмжээ нэмэгдүүлэх, өөрийгөө илүү эрч хүчтэй, үнэ цэнтэй мэдрэх боломжтой болно. Мөн стрессээ илүү сайн удирдаж, хамт олонтойгоо эерэг харилцаа тогтоох, удирдлагатай илэн далангүй харилцах чадвар ч дээшилнэ.

    Гэсэн хэдий ч, хэрэв нөхцөл байдал сайжрахгүй, таны эрүүл мэнд, сэтгэл зүйд сөргөөр нөлөөлсөөр байвал шинэ боломж эрж хайж, өөрт тохирсон, үнэлэгддэг, эерэг уур амьсгалтай байгууллагад ажиллах нь таны эрхэм үүрэг юм. Амьдралд өөрчлөлт хийхээс бүү ай, зоригтой алхам хийснээр таны карьер, амьдрал илүү гэрэлтэж, аз жаргалтай болно.

    Сүүлд нь сануулахад, ажил бол таны амьдрал тэр чигтээ биш, харин аз жаргалтай амьдралын нэг хэсэг гэдгийг бүү мартаарай. Тиймээс өөрийн сэтгэл, эрүүл мэндээ хамгийн түрүүнд тавихыг зөвлөж байна.

    Төстэй нийтлэл унших: Миллениал үеийнхний burnout

    Та ажлаас халшрах хам шинж байгаа эсэхээ Lambda Burnout AI тестээр мэдэж, өөрийн сэтгэл зүйн байдалд дүгнэлт хийгээрэй.

    Энэхүү тест нь зөвхөн өөрийнхөө ажлаас халшрах хам шинжийн түвшнийг тодорхойлох, өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ойлгож үнэлэхэд зориулагдсан юм.

  • Ажлын ядаргаа ба сэтгэл зүйн эрүүл мэнд

    Ажлын ядаргаа ба сэтгэл зүйн эрүүл мэнд

    Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалж, карьерын амжилтад хүрэх тухай

    Өрсөлдөөнтэй зах зээлд ажил хайж буй талентууд эсвэл ажлаасаа залхаж ядарсан мэргэжилтнүүдийн дунд сэтгэлээр унах тохиолдол цөөнгүй байдаг. Бид ихэвчлэн гадаад нөхцөл байдалд л анхаарч, өөрийн сэтгэл зүйн эрүүл мэндээ мартаж, анзаарахгүй өнгөрөх үе олонтаа. Гэвч хамгийн үнэт хөрөнгө бол таны бие махбодь, оюун ухаан, сэтгэл зүйн эрүүл мэнд юм.

    Яагаад сэтгэл зүйн эрүүл мэнд чухал вэ?

    Сэтгэл өвдвөл бие өвддөг гэдэгтэй адил бидний сэтгэл зүйн тогтвортой байдал нь бүтээмжтэй ажиллахад гол нөлөөлдөг хүчин зүйл билээ. Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг нь өдөр тутмын ачааллыг ухаалгаар даван туулах, бүтээлч байдал, урам зоригийг хадгалах чадварыг хэлнэ.

    Эрүүл сэтгэл зүй нь шийдвэр гаргах чадварыг дээшлүүлж, бүтээлч сэтгэлгээг дэмждэг. Мөн харилцааны чадварыг сайжруулж, ажлын амжилт, карьерын өсөлтөд эерэгээр нөлөөлдөг тул хувийн амьдрал болон карьерт нөлөөлөх зайлшгүй чухал асуудал юм.

    Ажил хайж буй хүмүүсийн хувьд

    Ажил хайх үе бол ихэвчлэн стресс, айдас, өөртөө эргэлзэх мэдрэмж дагуулдаг учраас энэ үед сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах нь чухал билээ. Хэрвээ таны сэтгэл санаа тогтворгүй болсон мэт санагдаж байвал өдөр тутмын жижиг амжилтаа тэмдэглэж, өөртөө урам өгч байгаарай.

    Мөн ижил зорилготой хүмүүсийн бүлэгт нэгдэж, онлайн болон офлайн орчинд бусдаас дэмжлэг авах, сэтгэлзүйчээс зөвлөгөө хүсэх нь ийм үед тус болдог. Түүнчлэн эрүүл хооллолт, тогтмол дасгал, чанартай нойрыг хэвшүүлснээр бие, сэтгэлээ тэнцвэртэй байлгах нь мөн үр дүнтэй аргууд юм.

    Харин ажлын ядаргаанд орсон хүмүүсийн хувьд

    Ажлаас халшрах хам шинж буюу burnout нь удаан хугацаанд хуримтлагдсан стрессийн үр дүнд үүсдэг сэтгэл зүй болон бие махбодийн гүн ядаргаа бөгөөд энэ нь хүний өдөр тутмын амьдралд ноцтой нөлөө үзүүлж болзошгүй чухал сэдэв билээ.

    Хэрэв та байнга ядрах, эрч хүчгүй болох, хамт олон болон удирдлагатай харилцахад хүндрэл үүсэх, ажилдаа сэтгэл ханамжгүй болж сэтгэлээр унах, анхаарлаа төвлөрүүлж чадахгүй байх зэрэг шинж тэмдгийг мэдэрч байвал энэ нь таныг биедээ анхаар гэсэн дохио өгч буй хэрэг. Ийм үед өөртөө цаг гаргаж, амрах, сэтгэлзүйн дэмжлэг авах, эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэх нь зайлшгүй хэрэгтэй алхам юм.

    Тэгвэл үүнээс хэрхэн сэргийлэх вэ?

    Ажлаас хамааралтай ядаргаанаас сэргийлэхийн тулд юуны түрүүнд ажил ба амралтын тэнцвэрийг хадгалах нь хамгийн чухал. Тодорхой хугацаанд амарч, шинэ зүйлийг туршиж өөрийгөө сэргээх боломж олгох, сонирхолтой, сэтгэл сэргээх үйл ажиллагаанд идэвхтэй оролцох нь сэтгэл зүйг тайвшруулж, шинэ эрч хүч өгдөг.

    Үүнээс гадна бусдын хүсэлт, шаардлагад хэт ачаалал авахгүйгээр заримдаа үгүй гэж хэлж сурах нь өөрийгөө хамгаалах, хязгаар тогтоох чухал чадвар юм. Хэрэв ингэсэн ч стрессийн түвшин өндөр байсаар байвал сэтгэл зүйн мэргэжилтэнтэй зөвлөлдөж, дэмжлэг авах нь урт хугацааны хувьд эрүүл мэнддээ хийж буй хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт болох болно.

    Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах нь карьерын амжилтын үндэс

    Нэмж хэлэхэд ажил хайх, эсвэл одоогийн ажлаа эрч хүчтэй, бүтээмжтэй хийхийн тулд сэтгэл зүйн эрүүл мэндэдээ анхаарах нь зайлшгүй чухал юм. Энэ нь таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, аливаа сорилтод ухаалаг, тэвчээртэй хандах, зөв шийдвэр гаргах чадварыг өгөх болно.

    Өдөр тутмын амьдралдаа сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжих зарим аргууд

    Өдрийн тэмдэглэл хөтлөх-  Өөрийн бодол, мэдрэмжээ бичих нь сэтгэлийг тайвшруулдаг.

    Тайвшруулах дасгал хийх- Амьсгалын дасгал, бясалгал, иог зэрэг нь стрессийг бууруулна.

    Чанартай нойр авах- Сайн унтаж амрах нь тархины бүтээмжид мөн чухал нөлөөтэй.

    Өөрийгөө хайрлах- Өөрийгөө шүүмжлэхгүй, хайрлах хандлага бий болгох нь чухал.

    Сэтгэл зүйн эрүүл мэнд нь таны өөртөө анхаарах хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Ядарсан эсвэл стресстэй үедээ өөртөө анхаарал тавьж, сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалан дэмжих нь таны амжилттай карьер, аз жаргалтай амьдралын үндэс болно. Бие болон сэтгэлээрээ эрүүл байхын төлөө өөрийгөө хайрлаарай.

    Та ажлаас халшрах хам шинж байгаа эсэхээ Lambda Burnout AI тестээр мэдэж, өөрийн сэтгэл зүйн байдалд дүгнэлт хийгээрэй.
    Энэхүү тест нь зөвхөн өөрийнхөө ажлаас халшрах хам шинжийн түвшнийг тодорхойлох, өөрийн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө ойлгож үнэлэхэд зориулагдсан юм.
    Төстэй нийтлэл унших: Миллениал үеийнхний burnout
  • Ажил амьдралын тэнцвэр: Амжилтаас илүү үнэ цэнтэй зүйлс

    Ажил амьдралын тэнцвэр: Амжилтаас илүү үнэ цэнтэй зүйлс

    Орчин үеийн амьдралын хурдтай хэмнэл, үүрэг хариуцлагын дунд бид үргэлж урагш тэмүүлж, амжилт, зорилгодоо төвлөрсөөр байна. Гэвч хамгийн үнэ цэнтэй зүйлс бол өөртөө болон хайртай хүмүүсээ, гэр бүлдээ зориулах цаг юм. Заримдаа ажлын ачаалал, олон үүрэг даалгавар дунд нэг орой хамтдаа хооллох, дотнын хүмүүстэйгээ уулзах нэг цаг ч үнэтэй, ховордсон мэт санагдах үе олонтаа тохиолддог. Бид нэгэнтэйгээ таархаараа хамгийн түрүүнд Амьдрал сайн уу? биш харин Ажил сайн уу? гэж асуудаг.

    Гэвч бодож үзвэл, амьдралын жинхэнэ утга учир нь албан тушаал, цалин хөлсөөс илүүтэй биднийг ойлгож, дэмжиж, хайрлаж буй хүмүүсийн дэргэд байдаг. Тиймээс амьдралын хэмнэлээ зөөллөн, гэр бүлдээ, өөртөө илүү цаг зарцуулахыг хичээнэ гэдэг нь зүгээр нэг чөлөө авах биш, харин өөрийгөө дахин олж, сэтгэлээ амар амгалан болгож, жинхэнэ аз жаргалыг бүтээх урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Эцсийн эцэст амьдралын үнэ цэнэ бол бидний хажууд үргэлж байдаг хүмүүсийн анхаарал халамж, дулаан харцанд оршдог гэдгийг мартаж болохгүй билээ.

    Цагийн менежмент буюу бүх зүйл төлөвлөлтөөс эхэлнэ 

    Өдөр тутмын ажлаа ухаалгаар төлөвлөж, тэнцвэртэй хуваарилж сурах нь амьдралыг хөнгөвчилж, стрессийг бууруулахад чухал нөлөөтэй. Өдрийг тодорхой төлөвлөгөөтэй угтсанаар юу хийх вэ хэмээн санаа зовохгүйгээр үр дүнтэй эхлүүлж чадна. Мөн гэр бүлдээ зориулах цагийг тогтмол гаргах нь амьдралд дулаан уур амьсгал нэмнэ. Тухайлбал, оройн 7-9 цагийг утсаа хол тавиад, зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх гэр бүлийн цаг болгоорой.

    Харин амралтын өдрүүдийг бүр ажлаас ангид байлгаж, ажилдаа санаа зовж, и-мэйлээ шалгахын оронд байгальд зугаалах, гэр бүлийн хамт ямар үйл ажиллагаа төлөвлөн жинхэнэ утгаар нь амрахыг хичээх хэрэгтэй юм.

    Өөрийгөө марталгүй хайрлаж байх нь бас чухал

    Өөрийгөө анхаарч, сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах нь бүх зүйлд эерэгээр нөлөөлдөг. Ингэхийн тулд та дараах бяцхан зөвлөгөөтэй танилцаарай.

    • Өдөрт хамгийн багадаа 30 минутыг зөвхөн өөртөө зориулах: Ном унших, кофе ууж суух, дуртай дуугаа сонсох гэх мэт.

    • Энгийн мэт боловч эрүүл амьдралын үндэс нь чанартай нойр авах, эрүүл хооллох зуршлууд байдаг.

    • Хобби, сонирхлоо хөгжүүлэх замаар стрессээ бууруулж, сэтгэл санаагаа сэргээгээрэй.

    Харилцан ойлголцол болон дэмжлэг 

    Гэр бүл гэдэг хамтын аялал бөгөөд энэ замд учрах ачаалал, урам хугаралт, баяр баяслыг хамтдаа туулж, хуваалцаж чадвал харилцаа улам бат бөх болдог. Хариуцлагыг тэнцвэртэй хуваах, жишээлбэл хоол хийх, хүүхэд асрах, санхүүгийн шийдвэр гаргах зэрэгт хамтдаа оролцох нь бие биенээ ойлгож, дэмжих сэтгэлийг нэмэгдүүлдэг. Мөн нээлттэй ярилцаж сурах нь сэтгэлээ хуваалцах үндэс болдог учиртай.

    “Юу мэдэрч байна?”, “Яаж туслах вэ?” гэх энгийн асуултууд ч тухайн хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чухал түлхүүр байж чадна. Үүнээс гадна өдөр тутмын амьдралд “баярлалаа” гэх талархлын үгийг байнга хэрэглэж хэвших нь жижиг зүйлсийг ч үнэ цэнтэй болгож, хайр, хүндлэлийг улам бэхжүүлдэг.

    Танд амралтаас илүү өөрчлөлт хэрэгтэй

    Сүүлийн үед ажил тань урамгүй санагдаж, өглөө сэрэхэд ч таатай биш санагдаж байна уу? Тэгвэл энэ нь “burnout” буюу ажлаас халшрах хам шинж/мэргэжлийн ядаргааны нэг дохио байж магадгүй.

    Burnout нь зөвхөн биеийн ядаргаа төдий биш бөгөөд сэтгэл зүй, оюун санааны ядаргаа юм. Burnout-ын үед хүн бие махбодь туйлдаж, хийж буй бүхэн утгагүй мэт санагдан, сэтгэл санаа тогтворгүй болж, бүтээлч байдал нь буурч мөн хүмүүстэй харилцахаас зайлсхийдэг. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилвэл сэтгэл гутрал, нойрны хэм алдагдах, тогтворгүй сэтгэл зүй, цаашлаад бие махбодын өвчлөл ч бий болох аюултай юм.

    Тэгвэл яах хэрэгтэй вэ? 

    1. Түр зуур ажлаа хойш тавь. 1-2 хоног өөрийгөө тусгаарлаж, юу ч хийхгүй байхыг өөртөө зөвшөөр.

    2. Хуваалц, бүү дотроо хадгал. Найз нөхөд, гэр бүлдээ мэдрэмжээ ярь. Ядарч байгаагаа хэлж илэрхийлэх нь заримдаа өөрчлөлтийн эхлэл болдог.

    3. Шинэ хобби эхлүүлэх, буюу өөр ур чадварууд сурах нь сэтгэл санааг сэргээнэ.

    4. Иог, алхалт, амьсгалын дасгал зэрэг нь бие махбодоор дамжуулж сэтгэл зүйг мөн тайвшруулдаг.

    5. Шинэ замналыг тунгаах мөч. Заримдаа ажлаас халшрах хам шинж нь амьдралын дараагийн шат руу шилжих цаг болжээ гэсэн дохио байдаг. Ажлаа солих, чиглэлээ өөрчлөх, эсвэл түр завсарлага авах нь зугтах биш өөрийгөө хайрлах төдийгүй эерэг өөрчлөлт хийх алхам болохыг үгүйсгэхгүй юм.

    Монголын залуусын дунд “burnout” нэмэгдсээр байна. Сэтгэл зүйн эрүүл мэндээ тэнцвэртэй байлгахын тулд түр ч гэсэн амсхийж, өөртөө анхаарах нь сул дорой байдал биш харин ч ухаалаг, зоримог шийдвэр байх болно. Амрах эрх, өөрийгөө эргэн таних боломж, амьдралынхаа утга учрыг шинээр тодорхойлох боломжийг өөртөө олгоорой.

    Ажил амьдралын тэнцвэр гэдэг нь зөвхөн карьерт амжилт гаргах биш, эрүүл бие, тогтвортой сэтгэл зүй, аз жаргалтай амьдралын үндэс билээ.

     LAMBDA Burnout-ын тест    та өөрийгөө шалгаж үзээд, одоогийн мэдрэмждээ дүгнэлт хийгээрэй.