Tag: ажлын орчин

  • Ажлын сэтгэл ханамжийг тодорхойлох үзүүлэлтүүд

    Ажлын сэтгэл ханамжийг тодорхойлох үзүүлэлтүүд

    Ажилдаа сэтгэл ханамжтай байх нь зөвхөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлөөд зогсохгүй, ажилтны сэтгэл зүй, амьдралын чанарт эерэг өөрчлөлт авчирдаг. Ажилдаа дуртай хүн илүү санаачилгатай, бүтээлч байдаг бөгөөд энэ нь багийн уур амьсгал, байгууллагын нийт үр дүнд эергээр нөлөөлдөг. Тиймээс ажилтнуудын сэтгэл ханамжийг тогтмол хэмжих, үнэлэх нь байгууллагын амжилтын түлхүүр юм. Энэ нь зөвхөн хүний нөөцийн бодлого боловсруулахад төдийгүй, удирдлагын стратегийн шийдвэр гаргалтад чухал суурь болж өгдөг.

    Ажлын сэтгэл ханамжийн тухай

    Ажлын сэтгэл ханамж гэдэг нь ажилтан өөрийн ажлыг хэрхэн мэдэрч, түүндээ хэр таатай, үнэ цэнтэй, урам зоригтой байгааг илэрхийлэх сэтгэлзүйн төлөв юм. Энэ мэдрэмж нь зөвхөн тухайн хүний хувийн үнэлэмж бус, байгууллагын дотоод орчин, удирдлагын арга барил, байгууллагын соёл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Үүнд:

    • Цалин, урамшууллын шударга ил тод байдал,

    • Ажлын байрны орчин,

    • Ажлын ачаалал ба хувийн амьдралын тэнцвэр,

    • Удирдлагын харилцаа ба дэмжлэг,

    • Ажлын агуулга, зорилгын ач холбогдол,

    • Хамт олны уур амьсгал ба хамтын ажиллагаа зэрэг багтана.

    Эдгээр хүчин зүйлс нь цогцоороо ажилтны сэтгэл ханамжид нөлөөлж, улмаар түүний урам зориг, байгууллагад үлдэх хүсэл, ажлын бүтээмж болон байгууллагын амжилтад хувь нэмэр оруулах хандлагыг илэрхийлдэг.

    Сэтгэл ханамжийг тодорхойлох вэ?

    Ажилтны сэтгэл ханамжийг хэмжихдээ нийтлэгээр судалгаа, асуулга ашиглан тэдний ажлын орчин, харилцаа, цалин урамшуулал, ажил үүргийн тодорхой байдал, хөгжих боломж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Үүнээс гадна ажилтны сэтгэл ханамжид нөлөөлдөг гол хүчин зүйлс нь цалин хөлс, удирдлага болон хамт олонтой харилцах харилцаа, ажлын утга учир, карьерын хөгжил, ажлын ба амьдралын тэнцвэр зэрэг багтдаг. Эдгээр хүчин зүйлийг тогтмол үнэлж, сайжруулснаар ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлэх боломжтой юм.

    Асуулгын судалгаа

    Ажилтнуудын дунд нарийн боловсруулсан асуулга судалгаа авч, тэдний ажлаасаа авдаг сэтгэл ханамжийг хэмжих боломжтой.

    Бие даасан үнэлгээ

    Ажилтан өөрөөсөө дараах асуултыг асуух:

    • Ажлын өдөр дуусахад би сэтгэл хангалуун байдаг уу?

    • Миний хийж буй ажил надад утга учиртай санагддаг уу?

    • Би ажлын орчиндоо тайван, нээлттэй харилцаатай байдаг уу?

    Гүйцэтгэлийн үнэлгээтэй харьцуулах

    Сэтгэл ханамж өндөртэй ажилтнууд ихэвчлэн ажлын гүйцэтгэлээрээ бусдыг хөтөлдөг. Ажлын үр дүнгээс тэдний урам зоригийг тодорхойлж болдог.

    Ажилтны сэтгэл ханамжид нөлөөлдөг гол хүчин зүйлс

    Сэтгэл ханамжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

    Ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд ажил олгогчдын зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

    Ажилтны санал хүсэлтийг тогтмол сонсож, үнэлдэг ил тод тогтолцоо нь хамтын ажиллагааг сайжруулж, итгэлийг нэмэгдүүлдэг. Мөн шударга, зах зээлийн түвшинд нийцсэн цалин урамшууллын бодлого баримтлах нь ажилтны үнэлэгдэж буй мэдрэмжийг төрүүлдэг. Ажилтны ур чадвар, мэргэжлийн өсөлтийг дэмжих сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг бол харин аюулгүй, эрүүл орчинд ажиллах боломж нь тэдний тав тух, ажлын үр бүтээмжид шууд нөлөөлдөг байна.

    Харин ажилтнууд өөрсдөө ч сэтгэл ханамжтай, идэвхтэй оролцоотой ажиллахын тулд хувь хүний зүгээс тодорхой алхам хийх хэрэгтэй. 

    Хувийн зорилгоо байгууллагын зорилготой уялдуулж, ажлын утга учрыг ойлгосноор өөрийн ажилдаа илүү үнэ цэнтэйгээр хандах боломжтой. Мөн шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшихэд анхаарч, тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх нь сэтгэл ханамжийг дэмждэг. Ажлын байрны стрессийг зөв зохицуулах арга барил эзэмших, багаар ажиллах харилцаагаа сайжруулах нь зөвхөн өөрийнх нь төдийгүй хамт олны уур амьсгалд эерэг нөлөө үзүүлдэг.

    Ийм байдлаар ажил олгогч болон ажилтан хоёулаа харилцан оролцоотой байснаар ажлын сэтгэл ханамжийг тогтвортой нэмэгдүүлэх боломжтой юм.

    Ажилтны сэтгэл ханамж нь байгууллагын тогтвортой өсөлт, ажлын уур амьсгалын үндэс суурь болдог. Үүнийг тодорхойлж, улмаар тогтмол сайжруулан, хамтын оролцоотой, хөгжлийг эрхэмлэсэн бодлого хэрэгжүүлснээр ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэж, бүтээмж өсөх юм.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

  • Цалин ба байгууллагын соёлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

    Цалин ба байгууллагын соёлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

    Санхүүгийн баталгаа ба сэтгэл ханамжийн тэнцвэр

    Өөрт тохирсон ажлын байраа олох үйл явц нь зөвхөн ирээдүйн амьдралын хэв маяг, сэтгэл ханамжид төдийгүй карьерын өсөлт, хөгжлийг тодорхойлох чухал шийдвэр гаргах үе шат юм. Тиймээс таны хувьд цалин өндөр байхад л бүх зүйл сайхан байх уу? Эсвэл найрсаг, урам зоригтой хамт олон, дэмждэг удирдлага чухал уу? гэдгийг эргэцүүлэх нь зүйтэй. Учир нь ажлын амжилт, сэтгэл ханамж нь зөвхөн орлогоос бус, орчин, хүмүүс хоорондын харилцаанаас ч мөн ихээхэн хамаардаг.

    Амьдралын баталгаа ба санхүүгийн эрх чөлөө

    Цалин орлого бол өдөр тутмын амьдрал, ирээдүйн төлөвлөгөө болон санхүүгийн баталгааг хангахад чухал үүрэгтэй билээ. Тогтмол, тогтвортой орлого нь таны гэр бүл, амьдралын хэв маягт тав тухыг авчирдаг. Мөн боловсрол, аялал зэрэг ирээдүйд хийх хөрөнгө оруулалтыг дэмжиж, түүнчлэн санхүүгийн хүндрэлийг даван туулахад ч тусалдаг.

    Гэвч өндөр цалинтай ч ажлын орчин дарамттай, стресс ихтэй бол тухайн ажилтны сэтгэл ханамж буурч, эрүүл мэнд болон бүтээмжид сөргөөр нөлөөлж болно. Тиймээс зөвхөн цалинг чухалчлахаас гадна ажлын орчны талаар ч анхаарах хэрэгтэй юм.

    Байгууллагын соёл ба ажлын сэтгэл ханамж

    Байгууллагын соёл гэдэг нь тухайн компанийн үнэт зүйлс, хамт олны харилцаа, дотоод уур амьсгал, удирдлагын хандлагаас бүрддэг ойлголт юм. Сайн соёлтой байгууллагад ажиллах нь таныг өглөө бүр урам зоригтой, аз жаргалтай ажилдаа очих нөхцлийг бүрдүүлнэ.

    Мөн ийм орчинд та өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах боломжтой. Итгэлцэлтэй баг хамт олон, эерэг уур амьсгал нь урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгодог. Гэхдээ заримдаа найрсаг уур амьсгалтай ч цалин бага, карьерын боломж хязгаарлагдмал байх магадлалтайг анхаараарай.

    Ямар үед хэрхэн эрэмбэлэх вэ?

    Дээрх ойлголтуудын тэнцвэрийг хадгалахад тухайн хүний амьдралын нөхцөл байдал, зорилго, урт болон богино хугацааны төлөвлөгөө зэрэг нь нөлөөлдөг.

    Хэрэв таныг санхүүгийн дарамт нухалж байвал хамгийн түрүүнд тогтмол өндөр цалин, урамшуулал, эрүүл мэндийн даатгал зэрэг эдийн засгийн баталгааг хангасан ажлыг сонгох нь зүйтэй. Харин таны ажил мэргэжилтэй холбоотой стресс өндөр байвал хамт олны уур амьсгал, байгууллагын соёл, сэтгэлзүйн дэмжлэг чухал болдог. Мөн хэрвээ та ур чадвараа хөгжүүлж, шат ахих хүсэлтэй бол сургалт, менторшип, дэвших боломжийг санал болгодог байгууллагыг эрэлхийлэх хэрэгтэй. Түүнчлэн гэр бүлийн нөхцөл байдал, хүүхэд асрах шаардлагатай бол уян хатан ажлын цаг, алсын зайн ажил, ойлгомжтой, дэмжигч удирдлага бүхий орчинг сонгох нь ухаалаг алхам болно.

    Ийм учраас та яг одоо юунд хамгийн их ач холбогдол өгч байгаагаа тодорхойлж, “Надад одоохондоо тогтмол орлого чухал уу, эсвэл мэргэжлийн өсөлт үү?” гэж өөрөөсөө асуугаад хариултад нь үндэслэн сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ хувийн болон ажил мэргэжлийн амьдралынхаа тэнцвэрийг олохын тулд энэхүү эрэмбэ байнга өөрчлөгдөж болохыг анхаараарай. Нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр таны хэрэгцээ, зорилго, эрэмбэлэлт ч мөн адил шинэчлэгдэх нь хэвийн зүйл юм.

    Ажлын байр сонгохдоо анхаарах зөвлөмжүүд

    • Өөрийн үнэт зүйл, зорилгоо тодорхойлоорой

    • Одоогийн хамгийн чухал шаардлага тань цалин уу, тайван орчин уу, эсвэл карьер уу?

    • Компанийн талаар сошиал сувгууд дээрх сэтгэгдэл, өмнөх эсвэл одоо байгаа ажилчдаас мэдээлэл цуглуулах

    • Ярилцлагын үеэр “Танай байгууллагын багийн уур амьсгал ямар вэ?”, “Ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ?”, “Карьерын өсөлтийн боломжууд юу вэ?” гэж асуугаарай.

    Өөрийн үнэ цэнэ, амьдралын зорилгод нийцсэн цалин, байгууллагын соёлын тэнцвэрийг олох нь хамгийн зөв шийдвэр болно.

    Таны шийдвэр ирээдүйг тодорхойлно

    Цалин ба байгууллагын соёл хоёулаа чухал хэдий ч таны амьдралын үе шат, зорилгоос хамааран аль нэгийг илүү чухалчлах шаардлагатай болж магадгүй юм. Хэрэв санхүүгийн баталгаа илүү чухал байвал цалин дээр төвлөрч, харин хувь хүний өсөлт, сэтгэл ханамжийг эрхэмлэх үед байгууллагын соёлыг илүү анхаараарай.

    Өөрийн үнэт зүйлс, зорилгоо тодорхой ойлгож, түр зуурын ашиг сонирхол бус урт хугацааны тогтвортой өсөлт, урам зоригтой ажиллах тэр аз жаргалыг эрхэмлэх нь амжилтын эхлэл болох юм.

    Таны одоогийн авч буй цалин хэр шударга вэ?

    LAMBDA AI цалин тооцоологч Бид таны ур чадвар, боловсрол, ажлын туршлага, амжилт ололт дээр суурилан тооцоолол хийж ямар мэргэжлээр, хэдэн төгрөгний цалинтай ажиллавал зохимжтойг тооцоолно.

    Унших нийтлэл: Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

  • Компаниуд яагаад амлалтдаа хүрдэггүй вэ?

    Компаниуд яагаад амлалтдаа хүрдэггүй вэ?

    Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажил хайж эхэлсэн залуу мэргэжилтний анхаарлыг ажлын зар дээр тавигдсан “Цалин өндөр, ажлын орчин таатай, өсөн дэвжих боломжтой” гэсэн мэдээлэл илүүтэй татжээ. Танилцуулгаа илгээн улмаар ярилцлага ч амжилттай болж, хүний нөөцийн ажилтан нь: “Манайд залуу хүмүүсийн карьер хурдан өсдөг,  уян хатан цагийн хуваарьтай. Бид 6 сарын дараа цалинг чинь нэмнэ” гэж анх хэлжээ. Гэвч гурван сар хүрэхэд л урам хугарч, сэтгэлээр унаж эхэлсэн бөгөөд хагас жил болоод цалин нэмэгдээгүйгээр барахгүй илүү цагаар ажиллах нь хэвийн зүйл мэт байв. Мөн ажлын орчин нь мөн хэл ам, дарамт ихтэй байлаа. Ажилд орох үед амласан бүхэн алга болчихсон мэт л. Танил дүр зураг биш гэж үү? 

    Ажил горилогчийн хувьд найдвартай байдал, шударга харилцаа, бодит боломж хамгийн чухал байдаг. Гэвч амлалтад нь итгээд ажилд орсон олон хүн үүний дараа бодит байдалтай тулгарч, сэтгэл гонсгор үлддэг нь нууц биш. Ер нь “Анх бол тэгж амлаагүй дээ…” гэж хэлдэг газрууд цөөнгүй. Энэ мэтчилэн зарим байгууллагууд ажилтан татахын тулд амлалт өгдөг ч, түүнийгээ бодит байдалд хэрэгжүүлэхэд бэлэн биш байдгийн учир юу вэ?

    Амлалт өгсөн ч хэрэгжүүлдэггүй зарим шалтгаанууд: 

    1. Хэт гоё сурталчилгаатай зар 

    Ажлын байрны зар заримдаа “хөөрөгдөж” бичигддэг. “Уян хатан цагийн хуваарь, найрсаг хамт олон, карьер өсөлт” гэх мэт уриа үгс үнэнд нийцэхгүй байж болно.

    2. Дунд шатны удирдлагын үл ойлголцол

    Хүний нөөцийн амлалт бодит амьдралд хэрэгжихгүй байх нь олонтоо. Шууд удирдлага амлалтыг дэмжихгүй тохиолдол байдаг учраас ажилтнууд сэтгэл дундуур болдог.

    3. Тодорхой бус ажлын зар

    “Идэвхтэй хүн хайж байна” гэхээс илүүтэй, тодорхой ажлын цар хүрээ, нарийн шаардлагууд, зорилго, KPI зэрэг мэдээлэлтэй зар илүү шударга, ойлгомжтой байдаг.

    4. Түр зуурын хэрэгцээ, тогтворгүй бодлого

    Зарим байгууллага яаралтай ажилтан авах шаардлага үүссэн үедээ сайхан амлалт өгч, дараа нь мартдаг. “Түр л ингэж ажиллаарай” гэдэг үгс цаашдаа тогтмол ачаалал болоход хүргэнэ.

    5. Ажил горилогчийн зүгээс хэт өндөр хүлээлт

    Хувь хүний хүлээлт хэтэрхий өөдрөг байх тохиолдол ч бий. Заримдаа “карьер өснө” гэдэг нь шууд өсөж дэвшинэ гэсэн үг биш. Ярилцлагын үеийн үгсийг бодитоор ойлгох хэрэгтэй болдог.

    Та дараах асуултуудыг юун түрүүнд байгууллагаас асуугаарай

    • Амласан зүйлс бичгээр баталгаажих уу?

    • Цалин, урамшуулал ямар шалгуураар, хэдийд нэмэгддэг вэ?

    • Тухайн албан тушаалд өмнө нь ажиллаж байсан хүн яагаад гарсан бэ?

    • KPI болон амжилтыг хэрхэн хэмждэг вэ?

    Мэдээлэлтэй бай

    Google, Facebook, LinkedIn зэрэг платформ дээр тухайн байгууллагын талаарх мэдээлэл үнэлгээ, сэтгэгдлийг унших буюу аль болох ажлын орчин, хамт олны хандлага, бодит байдлыг урьдчилан олж мэдэхийг хичээгээрэй. Хэрвээ бүр боломжтой бол тухайн байгууллагад ажиллаж буй хүнээс сэтгэгдэл, туршлагыг нь сонс.

    Цалин, урамшуулал, карьерийн өсөлтийн талаар бичгээр баталгаажуулах нь таны эрх бөгөөд компанийг төлөөлсөн ажилтны хэлж буй үгнээс илүү хэрэгжүүлж буй үйлдэл нь бодит үнэлгээ болно. Ажлын байраа сонгохдоо сэтгэл хөдлөл, сайхан амлалтад бус, бодит мэдээлэлд тулгуурлаж шийдвэр гаргах нь хамгийн ухаалаг алхам юм.

    Тиймээс LAMBDA танд бодит мэдээлэлтэй, итгэл даах байгууллагын ажлын заруудыг нэг дороос санал болгож, өөрийн эрх ашгаа хамгаалж, үнэ цэнтэй сонголт хийхэд тань тусална.