Tag: Ажлын байр

  • Lambda-гийн AI туслахыг танилцуулж байна

    Lambda-гийн AI туслахыг танилцуулж байна

    LAMBDA.global нь хиймэл оюун ухаанд суурилсан дэвшилтэт технологиор дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг талентуудыг элсүүлж, ажил олгогчид болон төсөл хөтөлбөрүүдтэй холбох зорилготой платформ юм. Өндөр ур чадвартай, туршлагатай талентуудыг зөвхөн LAMBDA платформоос олох боломжтой бөгөөд ажил хайж буй хүмүүст зориулан дараах үр дүнтэй, ухаалаг шийдлүүдийг бид санал болгож байна. Үүнд:

    • Өөрийн ур чадвар, туршлагад нийцсэн ажлын саналуудыг и-мэйл болон push notification хэлбэрээр цаг алдалгүй хүлээн авах.

    • Хиймэл оюун ухаанд суурилсан AI туслах-аар дамжуулан ажил хайх процессыг хялбарчлах, зөвлөгөө авах.

    • Карьерын өсөлт, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэсэн нийтлэл, зөвлөгөө бүхий контентуудыг унших.

    Ажил хайх үйл явц танд хэтэрхий цаг хугацаа, эрч хүч шаардсан, стресстэй санагдаж байна уу? Тэгвэл бидний бүтээсэн AI туслах таны ухаалаг зөвлөгч, үнэнч хамтрагч байх болно.

    Lambda-гийн AI туслах

    Та манай платформд талентаар бүртгүүлээд, цаг хэмнэсэн ухаалаг технологийн үйлчилгээг нэг дороос аваарай.

    AI ЦАЛИН ТООЦООЛОГЧ

    Таны одоогийн авч буй цалин хэр шударга вэ?

    Бид таны ур чадвар, боловсрол, ажлын туршлага болон амжилт ололтын үндсэн дээр тооцоолол хийж, ямар мэргэжлээр ямар дүнтэй цалин авах боломжтойг тодорхойлж өгнө.

    AI КАРЬЕР ТӨЛӨВЛӨГЧ

    Өөрийн карьерын замнал, ирээдүйн төлөвлөгөөг тодорхойлоорой. Таны бодож, төлөвлөж байгаатай хэр нийцэх бол?
    Хиймэл оюун ухаан таны анкетыг нарийвчлан судалж, мэргэжлийн өсөлт, хөгжлийн хувьд тохиромжтой чиглэлүүдийг санал болгоно. Мөн тэдгээрт хүрэхийн тулд шаардлагатай ажлын туршлага, мэргэжлийн болон хувь хүний ур чадвар, боловсролыг хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөмж өгнө.

    AI CV ХӨРВҮҮЛЭГЧ

    Хуучин CV-гээ оруулаад 10 секундын дотор орчин үеийн, мэргэжлийн форматын CV-гээ хүлээн аваарай.
    Бид таны CV-г шүүмжилж, хөгжилтэй, эерэг хошигнолтой зөвлөгөө өгч, таныг илүү сайн танилцуулахад тусална.

    CV-гээ мэргэжлийн түвшинд үнэлүүлж, сайжруулахад бэлэн үү?
    Бид таны CV-г шүүмжилж, хөгжилтэй бөгөөд хошигнол хосолсон зөвлөгөө өгнө. Үүний дараа та карьерын төлөвлөгөөндаа анализ хийгээрэй.

    AI АЖЛААС ХАЛШРАХ ТЕСТ

    Ажлаас халшрах шинж тэмдгийн түвшинг тодорхойлох сорил.
    Энэхүү тест нь таны сэтгэл хөдлөл, ажлын стрессийн түвшинг ойлгоход тусална. Гэхдээ албан ёсны сэтгэлзүйн оношилгоо биш болохыг анхаарна уу.

    AI АЖЛААС ГАРАХ ӨРГӨДӨЛ

    Та ажлаасаа гарахаар шийдсэн бол 30 хоногийн өмнөөс захирал эсвэл холбогдох менежертээ албан ёсоор бичгээр мэдэгдэх үүрэгтэй байдаг. Энэхүү AI туслахыг ашиглаад захиагаа бичүүлэх боломжтой. Бид танд мэргэжлийн хэллэгээр, найрсаг, талархал агуулсан ажлаас гарах өргөдлийг одоогийн ажил олгогчид зориулан CV дээр чинь суурилан гаргаж өгөх болно.

    Монголын шилмэл талентуудын цуглардаг #1 платформ LAMBDA

    LAMBDA нь ажил олгогч болон ажил хайгчдын үнэт цаг хугацаа болон зардлыг 2–оос 3 дахин хэмнэж, үр ашигтай шийдлүүдийг санал болгож байна. Өнөөдрийн байдлаарбидэнтэй 30,000+ шилдэг монгол талент нэгдэж, улмаар бид ажлын байруудыг 95% оновчтой тохирох ажил горилогчдод автоматаар хүргэх боломжийг бүрдүүлжээ. Мөн ирүүлсэн CV бүрийг 20 гаруй шалгуур үзүүлэлтээр нарийвчлан шүүж, баталгаажуулдаг болсноор чанартай сонгон шалгаруулалтын нөхцлийг бүрдүүлж байгаа юм. Өдөр бүр 5,000+ идэвхтэй талент платформд оролцож буй нь Монголын хүний нөөцийн салбарт шинэ шатны үр дүнг авчирч байна.

    Хөдөлмөрийн зах зээлд хиймэл оюун ухааныг бүх түвшинд амжилттай нэвтрүүлж, таны карьерын дараагийн алхмыг илүү ухаалгаар төлөвлөхөд LAMBDA үргэлж таны дэргэд байх байж, тохирсон ажлын байраа олоход тусална. Өөртөө итгээд, эхний алхмаа яг одоо хийгээрэй.

  • Хэрхэн Монголд амьдрангаа дэлхийн түвшний мэргэжилтэн болох вэ?

    Хэрхэн Монголд амьдрангаа дэлхийн түвшний мэргэжилтэн болох вэ?

    Өнөөдөр дэлхийн хэмжээнд ажиллах боломж заавал гадаадад амьдрах, гадаадад боловсрол эзэмшихтэй  холбоотой байх албагүй. Та Монголдоо суугаа ч дэлхийн томоохон компанид ажиллаж, олон улсын төсөл дээр туршлага хуримтлуулж, дэлхийтэй холбогдсон мэргэжилтэн болж чадна. Гол нь зөв чиглэл, тууштай чадвар хөгжүүлэлт, зөв платформыг ашиглах л юм.

    Монголд амьдарч буй олон залуус зайнаас ажиллах боломжийг ашиглан гадаад зах зээлд өөрийгөө таниулж, өндөр цалин, уян хатан ажлын орчин, олон улсын багт хамтран ажиллаж байна. Энэ бол боломж төдийгүй шинэ үеийн мэргэжилтнүүдийн сонголт болжээ.

    Монголдоо байнгаа  дэлхийн хэмжээнд ЯМАР АЖИЛ хийж болох вэ?

    Оршин сууж буй газар тань биш, харин ур чадвар, харилцааны соёл, зохион байгуулалт, дижитал хэрэгсэл ашиглах чадамж тань гадаад, дотоодын ажил олгогчдын хувьд хамгийн чухал шалгуур болжээ. Зайнаас ажиллахын тулд заавал IT мэргэжилтэн байх шаардлагагүй бөгөөд таны англи хэлний мэдлэг, оффисын үндсэн программ ашиглах чадвар байхад хангалттай ажлын чиглэл олон байна.

    Тухайлбал, харилцагчийн үйлчилгээний ажилтан (Customer Support) нь хэрэглэгчийн асуултад онлайн орчинд шуурхай, мэргэжлийн түвшинд хариу өгөх чадвартай байхыг л шаарддаг. Орчуулга болон бичгийн редактор нь хэлний мэдлэгээ ашиглан чанартай бичвэр, албан бичиг боловсруулахад чиглэдэг бол виртуал туслах буюу Virtual Assistant нь уулзалт товлох, e-mail хариулах, тайлан гаргах гэх мэт өдөр тутмын менежментийн ажлуудыг хариуцдаг. Эдгээр ажлуудыг та ч бас Монголдоо байнгаа хийж болно.

    Мөн график дизайны чадвараа сайжруулж визуал контент бүтээх, сошиал медиа менежерээр ажиллан бизнесүүдийн цахим орчинд харагдах байдлыг хариуцах, судалгаа болон дата оруулалтын ажилд оролцох, дижитал маркетинг, e-mail кампанит ажлыг удирдах, SEO стратеги боловсруулах зэрэг карьерын чиглэлүүд танд нээлттэй байна.

    Эдгээрийн ихэнх нь англи хэлтэй, интернэттэй, үндсэн оффисын хэрэгсэл, дижитал платформуудыг ашиглаж чаддаг хэн бүхэнд боломжийн хаалгыг нээж өгдөг. Тиймээс таныг дэлхийтэй холбох дараагийн шат хаанаас ч эхэлж болно.

    Дижитал чадвараа шат ахиул

    Интернэт холболттой хэн бүхэн дэлхийтэй холбогдож чаддаг болсон энэ үед дижитал ур чадвар бол суурь хэрэгцээ. Excel, Google Docs, Notion зэрэг оффисын хэрэгслүүдээс эхлээд, Canva, ChatGPT болон бусад бүх AI сайт, Trello, Slack зэрэг ажлын хэрэгслүүдийг эзэмшсэн байхад та хаана ч ажлын орчинд бэлэн байна гэсэн үг.

    Суралцахад туслах эх сурвалжууд:

    Зайнаас ажиллах боломжуудыг хаанаас олох вэ?

    Англи хэлтэй, үндсэн дижитал чадвартай хэн бүхэн дараах сайтуудаас олон улсын болон зайнаас ажиллах боломжуудыг олох боломжтой:

    Зайнаас ажил олгодог гол платформууд:

    • LinkedIn Jobs – Remote гэсэн шүүлтүүрээр олон ажлын байр гардаг.
    • We Work Remotely – Бүх ажлууд нь зайнаас хийх боломжтой.
    • Remote OK – Remote ангилал бүхий tech болон non-tech ажлууд.
    • Upwork, Fiverr – Жижиг, том төслөөр ажиллах фриланс платформууд.
    • Jobspresso – Хөгжүүлэгч, маркетер, бичгийн мэргэжилтнүүдэд зориулсан.
    • AngelList Talent – Startup болон remote ажилд төвлөрсөн платформ.

    Lambda Global зөвлөмж: хайлтаа хийхдээ “remote”, “freelance”, “work from home”, “virtual assistant” гэх мэт түлхүүр үгсийг ашиглаарай.

    Интернэт орчинд ӨӨРИЙГӨӨ ТАНИУЛАХ

    Та интернэтэд өөрийгөө “харагдахуйц”, “олдохуйц” байлгавал танд ажлын санал аяндаа орж ирэх өндөр магадлалтай. Ажил олгогчид таныг Google хайлт хийж шалгах нь энгийн үзэгдэл болсон тул өөрийгөө оновчтой, итгэл төрүүлэх байдлаар танилцуулах хэрэгтэй.

    LinkedIn бол таны хамгийн гол суурийн нэг. Зураг, товч танилцуулга, туршлага, ур чадварууд англи хэл дээр, мэргэжлийн түвшинд бүрэн бөглөгдсөн байх нь ажил хайх болон олон улсын зах зээлд хандахад онцгой чухал.

    Portfolio эсвэл Notion танилцуулга нь таны хийж байсан ажлууд, төслүүдийг хялбар, ойлгомжтой байдлаар харуулах хэрэгсэл. Ялангуяа дизайнер, орчуулагч, зохиолч,  Web хөгжүүлэгчдэд хэрэгтэй.

    Бичвэр ба контент ч мөн хүчтэй хэрэгсэл. WordPress, Medium, LinkedIn дээр өөрийн салбарын тухай хуваалцах, санал бодлоо илэрхийлэх нь таныг бодлоготой, мэргэжлийн хандлагатай хүн гэдгийг илтгэнэ.

    Харин уран бүтээлч, visual контент бүтээгч талдаа хүн бол Instagram, YouTube, TikTok зэрэг платформ дээр өөрийн ур чадвар, процесс, бүтээлийг хуваалцах нь ихээхэн анхаарал татах боломжийг олгодог. Контент бүтээх нь зөвхөн дагагч нэмэх биш, ажил олгогчдод бодитоор өөрийгөө “харуулах” хэрэгсэл болдог.

    Мэдлэгээ тогтмол шинэчил, СУРАЛЦ

    Та онлайн сургалтуудаар дамжуулан мэдлэгээ тогтмол шинэчилж чадна. Жишээлбэл YoutubeLinkedIn Learning, Google Career Certificates, HubSpot Academy зэрэг платформууд олон улсын чанартай, үнэ төлбөргүй эсвэл боломжийн үнэтэй сургалтууд санал болгодог.

    Мөн олон улсын webinar, workshop-т оролцох, өөрийн салбарын Discord болон Slack community-д гишүүнчлэлтэй байх нь шинэ чиг хандлага, технологи, сэтгэлгээтэй танилцах сайхан боломж болно. Glassdoor, Indeed зэрэг сайтаар дамжуулан гадаадын компаниудын соёл, ажлын байрны нөхцөл, цалингийн мэдээллийг судалж, өөрт тохирох орчныг илүү мэдрэх боломжтой.

    Сүүлийн үед Google, Meta, IBM зэрэг технологийн аварга компаниуд олон улсын чанартай онлайн сургалтуудыг гаргаж, төгсөгчдөдөө албан ёсны сертификат олгож эхэлсэн. EdX, Coursera, Udemy зэрэг платформууд дээрээс та “Google IT Support”, “Meta Social Media Marketing”, “UX Design” зэрэг хөтөлбөрүүдийг авч болно.

    Эцэст нь хэлэхэд хаана амьдарч, ямар гарал үүсэлтэй байх чинь биш, хэрхэн ажиллаж, хөгжиж байгаа чинь дэлхийн түвшний мэргэжилтэн болохыг тодорхойлдог. Олон улсын орчинд ажиллах хүсэлтэй бол, хаанаас ч, хэзээ ч эхэлж болно. Гол нь амбиц, суралцах хүсэл, нээлттэй сэтгэлгээ, хэлний чадвар хэрэгтэй.

    Монголдоо ажиллах нь ч олон үнэ цэнтэй чадварыг хөгжүүлдэг. Үндэсний соёлдоо суурилсан давуу тал, уян хатан байдал, шийдэл олох ур чадвар гээд гадаадад ч хэрэгтэй чанарууд ч Монголд их бий. Үүний тулд та Lambda Global -тай үргэлж цуг байгаарай. 

    Гадаад валютаар цалинжих, олон улсын туршлага хүсэж байвал, тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлсээр байх нь чухал. Монголд байнгаа ч дэлхийн түвшинд ажиллах боломж бий — гол нь зөв хандлага, зөв бэлтгэл юм. 

  • Компаниуд яагаад амлалтдаа хүрдэггүй вэ?

    Компаниуд яагаад амлалтдаа хүрдэггүй вэ?

    Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажил хайж эхэлсэн залуу мэргэжилтний анхаарлыг ажлын зар дээр тавигдсан “Цалин өндөр, ажлын орчин таатай, өсөн дэвжих боломжтой” гэсэн мэдээлэл илүүтэй татжээ. Танилцуулгаа илгээн улмаар ярилцлага ч амжилттай болж, хүний нөөцийн ажилтан нь: “Манайд залуу хүмүүсийн карьер хурдан өсдөг,  уян хатан цагийн хуваарьтай. Бид 6 сарын дараа цалинг чинь нэмнэ” гэж анх хэлжээ. Гэвч гурван сар хүрэхэд л урам хугарч, сэтгэлээр унаж эхэлсэн бөгөөд хагас жил болоод цалин нэмэгдээгүйгээр барахгүй илүү цагаар ажиллах нь хэвийн зүйл мэт байв. Мөн ажлын орчин нь мөн хэл ам, дарамт ихтэй байлаа. Ажилд орох үед амласан бүхэн алга болчихсон мэт л. Танил дүр зураг биш гэж үү? 

    Ажил горилогчийн хувьд найдвартай байдал, шударга харилцаа, бодит боломж хамгийн чухал байдаг. Гэвч амлалтад нь итгээд ажилд орсон олон хүн үүний дараа бодит байдалтай тулгарч, сэтгэл гонсгор үлддэг нь нууц биш. Ер нь “Анх бол тэгж амлаагүй дээ…” гэж хэлдэг газрууд цөөнгүй. Энэ мэтчилэн зарим байгууллагууд ажилтан татахын тулд амлалт өгдөг ч, түүнийгээ бодит байдалд хэрэгжүүлэхэд бэлэн биш байдгийн учир юу вэ?

    Амлалт өгсөн ч хэрэгжүүлдэггүй зарим шалтгаанууд: 

    1. Хэт гоё сурталчилгаатай зар 

    Ажлын байрны зар заримдаа “хөөрөгдөж” бичигддэг. “Уян хатан цагийн хуваарь, найрсаг хамт олон, карьер өсөлт” гэх мэт уриа үгс үнэнд нийцэхгүй байж болно.

    2. Дунд шатны удирдлагын үл ойлголцол

    Хүний нөөцийн амлалт бодит амьдралд хэрэгжихгүй байх нь олонтоо. Шууд удирдлага амлалтыг дэмжихгүй тохиолдол байдаг учраас ажилтнууд сэтгэл дундуур болдог.

    3. Тодорхой бус ажлын зар

    “Идэвхтэй хүн хайж байна” гэхээс илүүтэй, тодорхой ажлын цар хүрээ, нарийн шаардлагууд, зорилго, KPI зэрэг мэдээлэлтэй зар илүү шударга, ойлгомжтой байдаг.

    4. Түр зуурын хэрэгцээ, тогтворгүй бодлого

    Зарим байгууллага яаралтай ажилтан авах шаардлага үүссэн үедээ сайхан амлалт өгч, дараа нь мартдаг. “Түр л ингэж ажиллаарай” гэдэг үгс цаашдаа тогтмол ачаалал болоход хүргэнэ.

    5. Ажил горилогчийн зүгээс хэт өндөр хүлээлт

    Хувь хүний хүлээлт хэтэрхий өөдрөг байх тохиолдол ч бий. Заримдаа “карьер өснө” гэдэг нь шууд өсөж дэвшинэ гэсэн үг биш. Ярилцлагын үеийн үгсийг бодитоор ойлгох хэрэгтэй болдог.

    Та дараах асуултуудыг юун түрүүнд байгууллагаас асуугаарай

    • Амласан зүйлс бичгээр баталгаажих уу?

    • Цалин, урамшуулал ямар шалгуураар, хэдийд нэмэгддэг вэ?

    • Тухайн албан тушаалд өмнө нь ажиллаж байсан хүн яагаад гарсан бэ?

    • KPI болон амжилтыг хэрхэн хэмждэг вэ?

    Мэдээлэлтэй бай

    Google, Facebook, LinkedIn зэрэг платформ дээр тухайн байгууллагын талаарх мэдээлэл үнэлгээ, сэтгэгдлийг унших буюу аль болох ажлын орчин, хамт олны хандлага, бодит байдлыг урьдчилан олж мэдэхийг хичээгээрэй. Хэрвээ бүр боломжтой бол тухайн байгууллагад ажиллаж буй хүнээс сэтгэгдэл, туршлагыг нь сонс.

    Цалин, урамшуулал, карьерийн өсөлтийн талаар бичгээр баталгаажуулах нь таны эрх бөгөөд компанийг төлөөлсөн ажилтны хэлж буй үгнээс илүү хэрэгжүүлж буй үйлдэл нь бодит үнэлгээ болно. Ажлын байраа сонгохдоо сэтгэл хөдлөл, сайхан амлалтад бус, бодит мэдээлэлд тулгуурлаж шийдвэр гаргах нь хамгийн ухаалаг алхам юм.

    Тиймээс LAMBDA танд бодит мэдээлэлтэй, итгэл даах байгууллагын ажлын заруудыг нэг дороос санал болгож, өөрийн эрх ашгаа хамгаалж, үнэ цэнтэй сонголт хийхэд тань тусална.

  • Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Та өглөө сэрээд ажилдаа явах тухай бодох төдийд ходоод тань базалж, амьсгаа давчдаж, зүрх чинь хурдан цохилдог уу? 
    Гэсэн ч  та энэ мэдрэмжийг тоохгүйгээр, “тэвч тэвч” гээд өөрийгөө хүчээр ажил руугаа чирч яваа юм биш биз?  Ихэнх хүмүүс ийм мэдрэмжийг “ажлын стресс”, “залхуурал” эсвэл “ядарсандаа болоод мэдрэмтгий болчихлоо” гэж ойлгодог. Гэвч үнэндээ энэ бол таны бие болон сэтгэл зүй хамтдаа “Туслаач” гэж дотроос тань дуудлага өгч байгаа дохио юм. Энгийнээр хэлбэл, та ажлаас халшрах хам шинжид өртжээ.
    Энэ нь сэтгэл зүйгээр биш, бие махбодоор түрүүлж илэрдэг үе ч бий. Тэгэхээр өнөөдөр бид танд ийм мэдрэмж хаанаас үүдэлтэй вэ, хэрхэн таних вэ гэдгийг хуваалцъя.

    Ажилдаа дургүй болох нь “залхуурал” огтхон ч биш.

    Ажлаа хийх хүсэлгүй болох нь сахилга бат муу, сэтгэлгээ сул гэсэн үг огтхон ч биш. Сэтгэл зүйчдийн тайлбарласнаар, ажлаас халшрах хам шинж (job aversion syndrome) нь зөвхөн сэтгэл зүйд бус, бие махбодод ч шууд илэрдэг хариу урвал гэжээ.  Хүмүүс ихэнхдээ тухайн нөхцөл байдалд сэтгэлзүйн хувьд дасан зохицохоос өмнө бие махбод аль хэдийн хариу үзүүлчихсэн байдаг гэдгийг анзаардаггүй.

     Таны биед илэрч болох түгээмэл шинж тэмдгүүд:

    • Ходоод базлах
    • Амьсгал давчдах
    • Толгой хөндүүрлэх
    • Бие сулрах, хүнд мэдрэгдэх
    • Сэрсэн ч амраагүй мэт өдөржин ядрах

    Эдгээр нь бүгд таны биеийн зүгээс ирж буй нэг төрлийн дохио юм.
    Товчхондоо: “Би энэ орчинд дахин ормооргүй байна” гэж хэлж байна гэсэн үг.

    Хүнд чулууг удаан тээгээд байвал?

    Сэтгэлдээ дарамт, зовуурийг удаан тээж явах нь хүнд чулуу тээж яваатай адил. Эхэндээ даах мэт санагдавч, нэг мэдэхэд хүч хүрэхээ больж, ядаргаа, туйлдалт, гүн уналтад хүргэдэг.

    Сэтгэл зүйн аливаа асуудлыг “жижиг зүйл” гээд үл тоомсорлох нь хожим илүү том, шийдвэрлэхэд төвөгтэй сөрөг үр дагавар авчрах магадлалтай байдаг шүүдээ.

    Яагаад эдгээр дохиог зайлшгүй анхаарах хэрэгтэй вэ?

    Халшралын анхны шинж тэмдгийг анзааралгүй удах нь дараах эрсдэлүүдийг дагуулж болзошгүй. Үүнд:

    • Сэтгэл гутрал
    • Хамт олон, гэр бүлийн харилцаанд сэв суух
    • Ажлын бүтээмж эрс буурах
    • Burnout буюу сэтгэл зүйн туйлдлын хам шинжид хүрэх

    Хэрвээ та ийм нөхцөлд орвол зөвхөн ажилдаа дургүй байхаас гадна, амьдралд ч дургүй мэт мэдрэмж төрж эхэлдэг аюултай.

     Юу хийх хэрэгтэй вэ?

    Хэрвээ таны бие ийм дохиог өгч эхэлсэн бол, дараах алхмуудыг туршиж үзэхийг танд зөвлөж байна.

    • Мэдрэмжээ хүлээн зөвшөөр
      “Би сул дорой байна” гэж өөрийгөө буруутгахын оронд, энэ бол миний биеийн хариу үйлдэл гэж ойлгож арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Шалтгааныг тунгаан бод
      Таныг энэ мэдрэмж рүү түлхэж буй хамгийн том хүчин зүйл юу вэ? Ажлын ачаалал уу, дотоод зөрчил үү, эсвэл ажлын орчин уу?
    • Өөртөө амьсгаа авч амсхийх хугацаа олго
      Жижигхэн завсарлага, өдөр тутмын өөрийгөө дэмжих дадал зуршлаас эхлээд өөрийгөө жаахан ч гэсэн амрааж, уртаар цээж дүүрэн амьсгал аваад үзээрэй.
    • Хэн нэгэнтэй мэдрэмжээ хуваалц
      Боломжтой бол сэтгэлзүйч, найз, эсвэл найдвартай хүнтэй энэ тухайгаа ярилцаж, мэдрэмжээ гадагшлуулах нь танд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчрах болно.

    Хэрвээ та сүүлийн үед ядраад, бүх зүйлээс залхаж, ажил руугаа явах тухай бодоход л бие чинь эсэргүүцээд байгаа бол…
    Санаа зоволтгүй — та ганцаараа биш юмшүү. Burnout эсвэл ажлаас халшрах мэдрэмж гэдэг олон хүнд тохиолддог зүйл. Гэхдээ хамгийн чухал нь  та үүнийг анзаарч, өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй юмшүү. Хэрвээ “надад яг юу болоод байна вэ?” гэж өөрөөсөө асууж байгаа бол Lambda танд зориулж BURN OUT  тестийн булантай болсон шүү. Танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна.

  • Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Анхны өдөр гэгээлэг орчин, найрсаг инээмсэглэл дунд угтан авсан шинэ ажил тань хэдхэн долоо хоногийн дараа сэтгэл зовоосон, дарамттай санагдаж эхэлсэн бол яах вэ? Хэрэв та өөрийгөө буруу газар ирчихсэн мэт мэдэрч, саяхан ажилд орсон ч хаа нэг тийш зугтмаар санагдаж байвал — асуудлыг зөвхөн өөрөөсөө бус, харин ажлын орчноосоо нэг сайн харж дүгнэх хэрэгтэй.             

    LinkedIn-ийн 2024 оны “Workplace Trends” судалгаагаар мэргэжилтнүүдийн 63% нь “red flag” буюу анхааруулах дохио мэдрэгдэх үед шинэ ажлын байр хайж эхэлдэг гэжээ.

    Таны ажиллаж буй байгууллагад дараах 7 анхааруулах дохио ажиглагдаж байна уу?

    1.  Ажлын үүрэг тодорхойгүй, байнга өөрчлөгддөг

    Анкет илгээхэд бичсэн ажил үүргээс тэс өөр зүйл хийж байвал, эсвэл өдөр бүр шинэ даалгавар өгч, хариуцлага, чиглэл нь тодорхойгүй байвал энэ нь удирдлагын менежментийн сул тал, ажилтны эрхийг үл хүндэлж буйн хамгийн том илрэл юм.

    2. Илүү цагаар ажиллуулдаг ч нөхөн олговоргүй

    Зарим үед илүү цагаар ажиллах шаардлагатай байж болно. Гэвч энэ нь тогтмол, нөхөн төлбөргүй, зохион байгуулалтгүй бол таны ажил амьдралын тэнцвэр алдагдаж байна гэсэн үг.

    3. Хов жив, дарамт, ялгаварлал давамгайлсан орчин

    Хов жив, ялгаварлал, дарамт шахалт мэдрэгддэг бол энэ нь хортой соёл тогтсоны илрэл. Ийм орчинд бүтээлч байдал, итгэлцэл, хамтын ажиллагаа хөгждөггүй.

    4.  Хүний нөөцийн бодлого сул, ажилтнаа үл ойшоодог

    Гомдол гаргах боломжгүй, санал санаачилга сонсогддоггүй, дүрэм журам ойлгомжгүй бол байгууллага таныг хүн биш “нөөц” гэж үзэж байгаагийн дохио юм.

    5. Шүүмжлэлээр удирдаж “айдас дээр суурилсан” соёл

    Хүн бүр алдаанаасаа суралцаж, илүү сайжирдаг. Алдаанаас суралцах орчин байх ёстой атал ажилтнууд буруудах вий, алдчихвий гэж айж, илүү их стресстэй ажилладаг бол энэ нь урам зориг, бүтээмжид ноцтой сөргөөр нөлөөлдөг.

    6. Байнга шинэ хүмүүс ирж, тогтвортой ажилтан байдаггүй

    Шинэ хүн ирээд удахгүй ажлаа орхидог бол энэ нь байгууллагын соёл, удирдлагын арга барилд ноцтой асуудал байгааг илтгэнэ.

    7.  Таны үнэ цэнийг үгүйсгэж, хөгжих орон зай үгүйсгэдэг

    Хичнээн сайн ажилласан ч үнэлэгддэггүй, итгэл хүлээлгэдэггүй, өсөх боломжгүй бол энэ орчинд таны ирээдүй гэрэлтэй байх магадлал багатай.

    Хэрэв дараах шинжүүдээс 2 буюу түүнээс олон нь танд танил санагдаж байвал та асуудлыг үл тоох бус, өөрийгөө хамгаалах цаг иржээ.

    Тэгвэл одоо би юу хийх хэрэгтэй вэ? 

    • Цалин, туршлагад хууртах бус бодит нөхцөл байдлаа үнэлээрэй.

    • Найдвартай хүний нөөцийн мэргэжилтэн, эсвэл итгэлтэй нэгэнтэй нээлттэй ярилц.

    • Өөрийгөө буруутгах бус, зорилгоо санаж шийдвэр гарга.

    Таныг үнэлдэггүй, байнгын стресс, дарамт үүсгэдэг орчноос холдох зоригтой байгаарай. Та найрсаг, тогтвортой, хөгжих боломжтой орчинд ажиллах боломжтой, үнэ цэнтэй мэргэжилтэн юм шүү.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

     

  • Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын зар харангуутаа “За, ийшээ шууд анкет илгээе” гэж боддог уу? Гэхдээ түр азнаарай… доорх чухал 10 асуултуудыг өөрөөсөө асуусны дараа анкет илгээвэл  илүү оновчтой, өөрт тохирсон урт хугацааны зөв сонголт хийж чадах болно шүү.

    1. Би энэ ажилд үнэхээр дуртай юу?

    • Та энэ ажлыг хийхдээ сэтгэл ханамжтай байж чадах уу?
    • Эсвэл зүгээр л орлогын хэрэгцээнээс үүдэн анкетаа илгээж байна уу? гэдгийг заавал өөрөөсөө асуугаарай.

    Судалгаагаар  дуртай ажлаа хийдэг хүмүүсийн бүтээмж 33%-иар өндөр, ажлын байрандаа тогтвор суурьшилтай байх нь 2 дахин илүү байдаг.

    2. Ажлын байрны шаардлага миний ур чадвар хэр нийцэж байна вэ?

    • Ажлын байранд дурдсан шаардлагуудтай та нийцэж байна уу?
    • Ур чадварынхаа түвшинг бодитоор дүгнэж чадсан уу?

              Санамж: Таарахгүй ажлын байранд анкет илгээх нь таны өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.

    3. Байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлтэй би нийцэж чадах уу?

    • Ямар байгууллагад анкетаа илгээж байгаагаа судалж үзсэн үү?
    • Тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс таатай санагдаж байна уу?

    Жишээ: Та бүтээлч, уян хатан орчинд ажиллах дуртай бол, хэт их шат дамжлага бүхий байгууллагад дасан зохицох хэцүү байж мэднэ.

    4. Энэхүү ажлын байр ирээдүйд карьерын өсөлт хийх боломжтой юу?

    “Ямар ч ажил байхад болно” гэж яарах биш, “энэ ажилд орсноор ирээдүйд карьерын хувьд өсөн дэвших боломжтой юу?” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зүгээр л ажилтай болохоос илүү, энэ сонголт таны кареерийн замд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тунгаах хэрэгтэй.

    5. Миний CV тухайн ажлын шаардлагад нийцэж байна уу?

    Хэт ерөнхий, эсвэл нэг загварын хэдэн жилийн турш ашиглаж байгаа CV нь HR-ийн анхаарлыг татах магадлалыг бууруулдаг. Тухайн зарын шаардлагад нийцүүлэн CV-гээ өөрчилсөн үү? ЭНД ДАРЖ тухайн ажлын байранд таны CV хэдэн хувь тохирч байгааг ганц товшилтоор мэдээрэй.

    6. Би яагаад энэ ажилд орохыг хүсэж байна вэ?

    • Яагаад энэ байгууллага?
    • Яагаад энэ албан тушаал?

    Энгийн мэт боловч энэ асуултад хариулахдаа өөртөө үнэнч хандаж, өөрийн зорилго, сонирхлыг тодорхойлж чадвал та бусдаас ялгарч чадах болно.

    7. Миний давуу ба сул тал энэ ажилд хэрхэн нөлөөлөх вэ?

    • Аль чадвараа бүрэн ашиглаж чадах вэ?
    • Ямар сул тал дээрээ анхаарах хэрэгтэй вэ?                                                                                                                                                                                                                                                                  Бие даан, бодитоор өөрийгөө дүгнэх цаг иржээ. Аль давуу талаа илүү ашиглаж, ямар сул талаа сайжруулах шаардлагатай вэ гэдгээ ойлгож байж анкет илгээх нь ажилд орох дараа дараагийн алхмуудыг илүү хөнгөвчилж өгнө.

    8. Өмнөх ажлын туршлагаасаа ямар ур чадварыг энэ ажилд ашиглаж чадах вэ?

    • Сургалт, клуб, сайн дурын ажил — бүгдийг тооцоорой.
    • Ямар чадваруудыг шууд ашиглаж болох вэ?

    Жишээ: Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан бол бичгийн болон судалгааны чадвараа тодотгох дасгал ажлуудыг хийж үзээрэй.

    9. Би энэ байгууллагад ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

    Таныг ажилд авах хамгийн том шалтгааныг өөрөөсөө асуугаарай: “Би юу хийж чадах вэ?”

    10. Анкет илгээсний дараа би юу хийх вэ?

    • Хариу хүлээгээд суух уу, эсвэл өөр ажил судлах уу ?
    • Тухайн ажлын байртай холбогдох дугаар луу залгаад өөрийгөө танилцуулж, анкет илгээснээ мэдэгдэхэд буруудах зүйл байхгүй шүү.

    Анкет бол зүгээр нэг файл биш. Энэ бол таныг танилцуулах, үнэлүүлэх, мөрөөдлийн ажилд хүрэх гүүр юм. Тиймээс анкет илгээх бүрдээ өөрөөсөө эдгээр 10 асуултыг асууж, үнэхээр таны хүсэн хүлээж буй, үнэ цэнийг тань ойлгож үнэлэх газар мөн эсэхийг шалгаарай.

    Дараагийн алхам: Та эдгээр асуултад хариулж дууссан бол, одоо CV болон анкетынхаа чанарыг ЭНД ДАРЖ сайжруулаарай.

  • Хэрхэн өөрт тохирсон утга учиртай ажлыг олох вэ?

    Хэрхэн өөрт тохирсон утга учиртай ажлыг олох вэ?

    Өндөр цалин, тогтвортой ажлын байр чухал ч, ихэнх хүмүүс өөрт тохирсон,  зөв зүйл хийж байгаа мэт мэдрэмжийг өгөх, утга учир, хүсэл тэмүүллийг нь өдөөх ажлыг  илүүд үздэг. Гэхдээ яг яаж өөрт тохирсон, утга учиртай санагдах ажил олох вэ?

    Юуны түрүүнд дотоод дуудлага, үнэт зүйл, хүсэл тэмүүллээ ойлгох нь чухал бас түүндээ тулгуурлан ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс өөрийн хүсэл тэмүүллээ тодорхой хэмжээнд анзаардаг боловч бодит байдал дээр нөхцөл байдал, цалин хөлс, цаг үеийн тренд зэрэг гадаад хүчин зүйлсээс хамаарч ажлаа сонгодог тул утга учир, хүсэл тэмүүллийг ажлаасаа мэдэрдэггүй. Тэгэхээр өөрт тохирсон, утга учиртай санагдах ажлыг олохын тулд доорх энгийн хэдэн асуултуудын хариултыг өөрөөсөө асууж мэдээд- тухайн хариултуудтай  нийцэх ажил, байгууллагыг хайж олоорой. 

    Юу танд хамгийн чухал вэ гэдгийг мэдэх

    Өөрийн үнэт зүйлсийг ойлгохын тулд  дараах асуултыг өөрөөсөө асуугаарай:

       Би ажил, амьдралдаа юунд хамгийн их үнэ цэн өгдөг вэ?

    Жишээ нь:

    • Эрх чөлөө ба уян хатан байдал
    • Бүтээлч байдал ба өсөн дэвших боломж
    • Тогтвортой байдал, аюулгүй байдал
    • Бусдад туслах, нийгэмд  хувь нэмэр оруулах

    Өөрт хамгийн чухал хүчин зүйлсээ тодорхой мэдэж авснаар цаашид  тохирох ажлаа олох таны “чиглүүлэгч”  болно.

    Хүсэл тэмүүлэл, дотоод дуудлагаа ойлгох

    Хүсэл тэмүүлэл(Passion)-ээ дагах гэдэг нь  үргэлж догдлолтой, амар зүйлийг хийх биш байдаг. Заримдаа, зөвхөн таны хувьд л гүн утга учиртай зүйлийг хэцүү байсан ч хамаагүй хийхийг хэлдэг. 

    Өөрөөсөө дараах асуултуудыг  асуугаарай:

    • Би ямар төрлийн асуудлыг шийдэх дуртай вэ?
    • Ямар ажлыг хийхэд цаг хугацаа нисэн одох мэт санагддаг вэ?
    • Хүүхэд байхдаа хэн ч зааж, зөвлөөгүй байхад юу хийх дуртай байсан бэ?

    Таны хүсэл тэмүүлэл тань анир чимээгүйн дунд өөрийн дотоод хүнээ сонсох үед ирэх болно. Та юуг сайн хийж чаддаг, юунд амжилт гаргаж байгаагаас тань ирэхгүй байж болно. Мэдээж таны чадвар маш чухал ч энэ нь таны хүсэл тэмүүллийг бий болгож ч болно, үгүй ч байж болно. Мөн хүсэл тэмүүлэл гэдэг заавал “нэр үгээр” тодорхойлогдох ажил, зорилго байх ёсгүй ба таны амьдрал, ажилдаа хандах “хандлага” эсвэл “утга учир” өгдөг өдөр тутмын жижиг “үйлдэл” ч байж болно. 

    Байгууллага, ажлын байрыг үнэт зүйл, хүсэлт тэмүүлэлтэй холбох

    Дотоод хүсэл тэмүүллээ ойлгож байгаа бол та ажил хайхдаа өөрөөсөө дараах зүйлсийг асуугаарай:

    •    Энэ байгууллага миний үнэт зүйлсийг дэмжих үү?
    •    Энэ ажил намайг урам зоригтой байлгаж чадах уу?

    Ажил хайж байхдаа, зөвхөн ажлын байрны тодорхойлолтыг бүү хараарай. Тухайн байгууллагын соёл, дотоод уур амьсгал зэргийг ярилцлагын үеэр болон тухайн газарт ажилладаг хүмүүсээс асууж судал. Зөвхөн өндөр цалинд хөтлөгдөлгүй, өөрийн дотоод “хөдөлгөгч хүч”-ийг сонсоорой. 

    Өөрийгөө үнэн бодитоор илэрхийлэх

    Өөрийн түүхийг үнэн бодитоор илэрхийлсэн CV , Сover Letter-тэй байх. Яагаад тэр ажлыг хийхийг хүсэж байгаагаа чинь үнэнээр нь өөрийн үгээр өгүүлэх хэрэгтэй. 

    • Юу таны хөдөлгөх хүч болдог талаар
    • Ямар төрлийн ажил танд амьдарч байгаа мэт мэдрэмж өгдөг талаар
    • Яагаад тухайн байгууллага, ажлын байр танд утга учиртай санагдаж буй талаар

    Ажил олгогчид жинхэнэ “хүсэл тэмүүлэл”-ийг таньж үнэлж чаддаг.

    Эцэст нь:

    Зөв ажил олоход бүх зүйлийг бүрэн ойлгосон байх шаардлагагүй.Өөрийгөө таньж мэдэх, дотоод дуудлагаа сонсох нь цахим ертөнцөөс хэт хамааралтай өнөө үед амаргүй  тул хичээл зүтгэл, цаг хугацаа шаарддаг.

    Олон төрлийн ажлыг туршиж үзэн, өөрийгөө бага багаар таньж мэд. Бүх зүйл тодорхой байх албагүй — гол нь энгийнээр бодож, сэтгэл зүйн хувьд бэлэн, нээлттэй байх нь л чухал.

  • Хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ?

    Хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ?

    Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулагдсан, тэдний харилцан эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон эрх зүйн баримт бичиг юм. Энэхүү гэрээ нь ажилтан тухайн байгууллагад орж ажиллах, ажил олгогч түүнийг ажиллуулах үндсэн нөхцөлийг тусгаж, хөдөлмөрийн харилцааны хууль ёсны үндэс болдог. Хөдөлмөрийн гэрээ нь талуудыг хамгаалах, тэдний эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх гол хэрэгсэл юм.

    1. Хөдөлмөрийн гэрээний ач холбогдол

    Хөдөлмөрийн гэрээ нь дараах чухал ач холбогдолтой:

    Хууль эрх зүйн баталгаа: Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, ажил олгогчийн хооронд хууль ёсны харилцаа тогтоож, тэдний эрх, үүргийг баталгаажуулдаг. Энэ нь хөдөлмөрийн маргааны үед нотлох баримт болж үйлчилнэ.

    Ажлын нөхцөл, цалин хөлс: Гэрээнд ажилтны гүйцэтгэх ажил, ажлын цаг, цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, ажлын байрны тодорхойлолт зэргийг нарийвчлан тусгадаг нь талуудын харилцан ойлголцлыг дэмждэг.

    Эрх, үүрэг, хариуцлага: Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтны үүрэг, хариуцлагыг тодорхой заасан байдаг нь ажилтны хүлээх ёстой үүрэг, ажил олгогчийн хүлээх үүргийг талууд сайтар ойлгоход тусалдаг.

    Хөдөлмөрийн харилцааны тогтвортой байдал: Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч, ажилтны хооронд итгэлцэл бий болгож, ажлын байрны тогтвортой байдлыг хангахад тусална.

    Ажилтны эрхийн хамгаалалт: Хөдөлмөрийн гэрээ нь ажилтны эрхийг хамгаалж, хууль бус ажлын нөхцөл, ажлаас үндэслэлгүй халахаас сэргийлдэг.

    2. Хөдөлмөрийн гэрээний үндсэн агуулга

    Хөдөлмөрийн гэрээнд дараах үндсэн хэсгүүдийг тусгадаг:

    Талуудын мэдээлэл: Ажил олгогч болон ажилтны нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, ажил олгогчийн регистрийн дугаар, ажилтны регистрийн дугаар зэрэг суурь мэдээллийг тусгадаг.

    Ажлын байрны тодорхойлолт: Ажилтны гүйцэтгэх ажил үүргийн тодорхойлолт, албан тушаал, ажлын байрны нэр, үндсэн үүрэг, хариуцлагыг тусгасан байна.

    Цалин хөлс, урамшуулал: Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшуулал, шагнал, бусад төлбөрүүдийн нөхцөл, төлөх хугацаа зэргийг тодорхой тусгадаг.

    Ажлын цаг: Ажлын цагийн горим, өдөр, долоо хоногийн ажлын цаг, илүү цагаар ажиллах нөхцөл, амралтын хуваарь, ээлжийн амралтын нөхцөл зэргийг тусгадаг.

    Ажиллах нөхцөл, байршил: Ажлын байрны байршил, ажлын нөхцөл, аюулгүй байдлын баталгаа, эрүүл ахуйн орчин зэргийг тусгана.

    Гэрээний хугацаа: Хөдөлмөрийн гэрээ хэдий хугацаагаар үйлчлэх, хэзээнээс эхлэх, хэрэв хугацаатай бол хэзээ дуусах, гэрээг сунгах нөхцөл зэргийг тусгадаг.

    Гэрээг цуцлах нөхцөл: Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл, нөхцөл, мэдэгдэх хугацаа, хариуцлага зэргийг тусгана.

    Хууль эрх зүйн нөхцөл: Хөдөлмөрийн хууль, дүрэм журам, байгууллагын дотоод журам, бусад хууль эрх зүйн баримт бичгүүдийг дагаж мөрдөх тухай заалтууд байдаг.

    3. Хөдөлмөрийн гэрээний төрлүүд

    Хөдөлмөрийн гэрээ нь дараах төрлүүдтэй байж болно:

    Хугацаагүй гэрээ: Тодорхой хугацаа заагаагүй, урт хугацааны хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг. Энэ нь ажилтанд илүү баталгаа, тогтвортой байдлыг хангадаг бөгөөд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол ажил олгогч талаас дангаар цуцлах боломж хязгаарлагдмал байдаг.

    Хугацаатай гэрээ: Тодорхой хугацаагаар байгуулагдах бөгөөд энэ нь улирлын чанартай, түр хугацааны ажил, төсөл, тодорхой үйл ажиллагаанд хэрэглэгддэг. Хугацаа дуусмагц гэрээ дуусгавар болох боловч зарим нөхцөлд сунгаж болно.

    Туршилтын хугацаатай гэрээ: Ажилтанг тухайн ажлын байранд тохирох эсэхийг тодорхойлохын тулд туршилтын хугацаа бүхий гэрээ байгуулдаг. Энэ хугацаанд ажилтанг үнэлж, гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.

    Цагийн гэрээ: Ажилтан тогтмол бус, цагаар ажиллах нөхцөлтэй гэрээ бөгөөд цагийн хөлс, ажиллах нөхцөлийг тусгадаг.

    Зайнаас ажиллах гэрээ: Ажилтан байгууллагын албан газраас гадуур, өөрийн байршлаас ажиллах нөхцөлтэй гэрээ бөгөөд тодорхой ажлын цаг, хяналт, технологийн шаардлагыг тусгадаг.

    4. Хөдөлмөрийн гэрээ байгуулахад анхаарах зүйлс

    Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

    Хуулийн шаардлага хангах: Хөдөлмөрийн гэрээ нь үндэсний хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Монгол Улсын хөдөлмөрийн хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан байх шаардлагатай.

    Тодорхой, ойлгомжтой байх: Хөдөлмөрийн гэрээний заалтууд нь тодорхой, ойлгомжтой, дэлгэрэнгүй байх ёстой. Ерөнхий, тодорхойгүй заалтууд нь ирээдүйд маргаан үүсгэх эрсдэлтэй.

    Харилцан зөвшөөрөл: Хөдөлмөрийн гэрээ нь талуудын харилцан зөвшөөрлөөр байгуулагдах ёстой. Аль нэг талыг албадах, шахалт үзүүлэх нь гэрээг хүчингүй болгох үндэслэл болно.

    Гэрээний мөрдөлт: Гэрээний заалтуудыг талууд хэрхэн мөрдөх, хэрхэн хянах, хэрэв зөрчигдвөл ямар арга хэмжээ авах талаар тодорхой тусгах шаардлагатай.

    Нууцлал: Ажил олгогчийн мэдээллийн нууцлал, ажилтны хувийн мэдээллийн хамгаалалтыг хангах заалтууд байх шаардлагатай.

    5. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах

    Хөдөлмөрийн гэрээг дараах нөхцөлд дуусгавар болгож болно:

    Харилцан зөвшөөрлөөр: Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан зөвшөөрч цуцалж болно. Энэ тохиолдолд ямар нэг талд хохирол учруулахгүйгээр гэрээг цуцлах хамгийн зөв арга юм.

    Хугацаа дуусах: Хугацаатай гэрээний хувьд заасан хугацаа дуусмагц гэрээ дуусгавар болно. Хэрэв гэрээг сунгахгүй бол ажил олгогч ажилтанд хугацаа дуусахаас өмнө мэдэгдэх ёстой.

    Ажил олгогчийн санаачлагаар: Ажил олгогч ажилтныг халах эрхтэй боловч энэ нь хууль ёсны үндэслэлтэй байх ёстой. Жишээлбэл, ажлын байр хасагдах, ажилтан үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан зэрэг шалтгаанаар халж болно.

    Ажилтны санаачлагаар: Ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарах эрхтэй. Энэ тохиолдолд гэрээнд заасан хугацаанд ажил олгогчид мэдэгдэх ёстой.

    Бусад нөхцөл: Талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал (давагдашгүй хүчин зүйл, байгууллага татан буугдах, ажилтны эрүүл мэндийн байдал муудах) гэх мэт шалтгаануудаар гэрээ дуусгавар болж болно.

    Дүгнэлт

    Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдах чухал эрх зүйн баримт бичиг бөгөөд талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, хөдөлмөрийн харилцааны үндсийг тавьдаг. Зөв, оновчтой боловсруулсан хөдөлмөрийн гэрээ нь ажилтны эрхийг хамгаалах, ажил олгогчийн хууль ёсны эрх ашгийг хангах, маргааныг шийдвэрлэх, хөдөлмөрийн харилцааны тогтвортой байдлыг хангах гол хэрэгсэл юм. Иймд хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн, тодорхой, дэлгэрэнгүй, талуудын харилцан зөвшөөрлөөр байгуулах нь чухал юм.

    Унших: Өөрийн ур чадвараа байгууллагадаа хэрхэн өндөрөөр үнэлүүлэх вэ?


    Ламбда бол байгууллагуудад шилмэл талентуудыг амжилттай, хурдан, үр дүнтэй сонгоход туслах ухаалаг шийдэл юм. Хэрэв та байгууллагадаа зөв хүн сонгохыг хүсч, цаг хугацаа, нөөцөө хэмнэхийг зорьж байгаа бол Ламбда нь таны хамгийн сайн түнш болох болно. Шилмэл талентуудыг сонгох, тэдний ур чадварыг хурдан баталгаажуулахад Ламбда танд туслах болно.

  • Зайнаас ажиллахад хамгийн эрэлттэй ур чадварууд

    Зайнаас ажиллахад хамгийн эрэлттэй ур чадварууд

    Цаг үе өөрчлөгдөж, технологийн хурдацтай хөгжилтэй холбоотойгоор хүмүүс улам бүр зайнаас ажиллах хэлбэрийг сонгох болсон. Үүнийг дагаад remote буюу зайнаас ажиллах боломжтой ажлуудын тоо нэмэгдэж, энэ чиглэлийн ажил горилогчдоос шаардагдах ур чадварууд онцгой ач холбогдолтой болж байна. Хэрэв та зайнаас ажиллах ажлын боломжийг хайж байгаа бол дараах ур чадваруудыг эзэмшсэн эсэхээ шалгаарай.

    ЭНД ДАРЖ зайнаас ажиллах боломжтой ажлын заруудтай танилцаарай.

    1. Харилцааны ур чадвар (Communication skills)

    Зайнаас ажиллах үед нүүр нүүрээ харж уулзах боломж хомс тул цахим харилцаа маш чухал. Ажлын чат, имэйл, видео уулзалтаар өөрийн санаа, үүрэг хариуцлагаа тодорхой илэрхийлэх, бусдын мэдээллийг зөв ойлгох чадвар зайлшгүй шаардлагатай.

    📌 Зөвлөмж:

    • И-мэйл, Slack, Zoom зэргээр мэргэжлийн түвшинд харилцаж сурах
    • Тодорхой, ойлгомжтой байдлаар бичих, хариу өгөх
    • Цаг баримтлах, уулзалтууддаа идэвхтэй оролцох

    2. Өөрийгөө удирдах чадвар (Self-management)

    Remote ажилтнууд ихэнхдээ удирдлагаас хамааралгүйгээр өөрөө зохион байгуулалттай ажиллах шаардлагатай байдаг. Цагийн менежмент, ажлын төлөвлөлт, хариуцлага хүлээх чадвар нь таныг ажлын байран дээр амжилттай байхад тусална.

    📌 Зөвлөмж:

    • Ажлаа урьдчилан төлөвлөж сурах
    • Хийж буй ажлаа цаг хугацаанд нь дуусгах
    • Asana, Trello, Notion зэрэг хэрэгслүүдийг ашиглан ажлаа удирдах

    3. Дижитал ур чадварууд (Digital literacy)

    Зайнаас ажиллахад технологийг бүрэн ашиглаж чадах чадвар маш чухал. Ялангуяа оффисын програмууд, онлайн хамтын ажиллагааны платформууд дээр ажиллах чадвар шаардлагатай.

    📌 Эрэлттэй дижитал ур чадварууд:

    • Microsoft Office, Google Workspace
    • Zoom, Slack, Teams
    • Trello, Notion, ClickUp

    4. Багаар ажиллах чадвар (Team collaboration)

    Хэдий та гэрээсээ ажиллаж байсан ч багаараа хамтран ажиллах чадвар нэн чухал хэвээр байна. Ажлаа бусадтай уялдуулах, хамтран шийдвэр гаргах, санал бодлоо солилцох зэрэг нь төслийн үр дүнд шууд нөлөөлдөг.

    📌 Зөвлөмж:

    • Дижитал хамтын ажиллагааны хэрэгслүүдэд (Google Docs, Miro гэх мэт) сайн ажиллаж сурах
    • Ажлын үр дүн, явцыг тогтмол мэдээллэх
    • Ажлын уулзалтуудад идэвхтэй оролцох

    5. Англи хэлний чадвар

    Олон улсын компаниуд ихэнхдээ зайнаас ажиллах ажлууд санал болгодог. Тиймээс англи хэлний яриа болон бичгийн чадвар нэн шаардлагатай. Сайн англи хэлтэй байснаар та олон ажлын санал хүлээж авах юм.

    📌 Зөвлөмж:

    • CV, портфолио, LinkedIn профайлаа англи хэл дээр бэлдэх
    • Англи хэл дээр мэргэжлийн контент унших, сонсох дадалтай болох
    • Ярилцлагын асуултуудыг англи хэл дээр бэлдэж үзэх

    ЭНД ДАРЖ бүртгэлээ үүсгээд мэргэжлийн CV-тэй болоорой.

    Зайнаас ажиллах нь цаг хугацаа, газарзүйн хувьд уян хатан байхын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх том боломж болдог. Гэхдээ энэ хэлбэрийн ажилд өөрийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, шинэ технологид дасан зохицох нь чухал. Дээр дурдсан ур чадваруудыг эзэмшсэн байснаар та олон улсын болон дотоодын remote ажлын байрнуудын хамгийн шилдэг кандидат болж чадна.