Tag: ажлынорчин

  • Ажил сонгохдоо байгууллагын соёлыг чухалчлах нь

    Ажил сонгохдоо байгууллагын соёлыг чухалчлах нь

    Та ажиллах газраа сонгохдоо байгууллагын соёлыг нь хэр чухалчилдаг вэ? 

    Ажлын байр сонгоход зөвхөн цалингийн хэмжээ, албан тушаал биш харин тухайн байгууллагын соёл танд хэр тохирох вэ гэдэг нь маш чухал үзүүлэлт болдог. Байгууллагын соёл гэдэг нь зөвхөн дүрэм журам төдий зүйл биш, харин ажлын уур амьсгал, хүмүүс хоорондын харилцаа, удирдлагын хандлага, ажилтнуудаа хэрхэн дэмждэг тухай цогц ойлголт билээ. Тэр утгаараа тухайн байгууллагын орчинд та өөрийгөө хэр тухтайгаар мэдрэх вэ, тэнд удаан хугацаанд аз жаргалтай, үр бүтээлтэй ажиллаж чадах уу гэдгээр соёл тодорхойлогдоно.

    Хэрэв тухайн компанийн үнэт зүйлс таны бодолтой нийцэхгүй байвал, анхнаасаа л ойлголцохгүй байдал үүсэж, ажлын сэтгэл ханамж бага байх магадлалтай. Тиймээс байгууллагын соёлыг судлахдаа тэдний вэбсайт, сошиал хуудсыг үзэх, одоогийн болон өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн сэтгэгдлийг унших, магадгүй танд таньдаг хүн байвал сэтгэгдэл, туршлагыг нь асууж олж мэдэх нь зүйтэй.

    Мөн ярилцлагын үеэр та сонгон шалгаруулалт хариуцсан ажилтнаас “Танай багийн уур амьсгал ямар вэ?”, “Шинэ санаа гаргасан хүнийг хэрхэн дэмждэг вэ?” зэрэг асуултуудыг асуувал тухайн байгууллага таны хувьд тохирох эсэхийг мэдэхэд бага ч гэсэн нөлөөлөх юм. Бид ажил дээрээ амьдралынхаа ихэнх цагаа өнгөрүүлдэг учраас өөрийгөө тухтай, хөгжиж чадна гэж мэдрэх тэр орчныг сонгох нь хамгийн чухал юм шүү. Тиймээс энэ нийтлэлээрээ та бүхэнд энэ тухай мэдээллийг хүргэхээр зорьсон юм.

    Байгууллагын соёлын тухай

    Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын доторх ажиллах арга барил, үнэт зүйлс, итгэл үнэмшил, хандлага, харилцаа, зан төлөвийн тогтолцоог илэрхийлдэг ойлголт юм. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн явуулах, ажилтнууд хоорондоо болон хэрэглэгчидтэй хэрхэн харилцах, шийдвэр гаргалт болон асуудал шийдвэрлэх арга хэлбэрүүдээр тодорхойлдог байна. Энгийнээр хэлбэл, “энэ байгууллагад ажилладаг хүмүүс хэрхэн сэтгэж, шийдвэрийг хэрхэн гаргаж, яаж ажилладаг вэ?” гэдэг асуултын хариу юм.

    Байгууллагын соёлын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд:

    Үнэт зүйлс: Байгууллагын эрхэм зорилго, баримтлах зарчим. Жишээ нь: шударга байдал, хариуцлага, багийн ажиллагаа.

    Зан төлөв, хандлага : Ажилтнуудын өдөр тутмын харилцаа, ажиллах хэв маяг.

    Харилцааны хэв маяг: Дээд, дунд, доод шатны менежерүүд болон ажилтнуудын хоорондын харилцаа.

    Удирдлагын хэв маяг : Ерөнхий захирал болон менежментийн багийн манлайлал.

    Ёс зүй ба дүрэм журам: Дотоод журмууд, зан үйлтэй холбоотой хүлээлт.

    Байгууллагын соёл яагаад хэрэгтэй вэ?

    Сайн соёл нь байгууллагын амжилтын суурь болдог. Нэгдүгээрт, ажилтнууд ажлаа утга учиртай, дуртайгаар хийдэг болж, сэтгэл ханамж нэмэгддэг. Хоёрдугаарт, багийн харилцан ойлголцол, итгэлцэл сайжирснаар илүү үр дүнтэй хамтын ажиллагаа бүрддэг. Гуравдугаарт, тогтвортой, бүтээмж өндөртэй хамт олон төлөвшиж, ажилтнууд байгууллагад удаан хугацаагаар үлдэх хандлагатай болдог. Мөн үнэт зүйл, зорилго нэгтэй орчинд шийдвэр гаргалт хурдан, зөв явагддаг нь байгууллагын үр ашигт эерэгээр нөлөөлдөг давуу талтай.

    Сайн байгууллагын соёлтой компани ямар байдаг вэ?

    Нэг зорилгын төлөө нэгдсэн — Бүгд компанийн алсын хараа, үнэт зүйлсийг ойлгож, дагаж мөрддөг.

    Итгэлцэлтэй харилцаа — Менежмент болон ажилтнуудын хооронд итгэл, нээлттэй байдал ноёлдог.

    Өсөлт, хөгжлийг дэмждэг — Ажилтнуудын сурч хөгжих боломжийг бүрдүүлдэг.

    Шударга, ил тод удирдлага — Шийдвэрүүд ойлгомжтой, үндэслэлтэй.

    Шинийг эрэлхийлэгч, нээлттэй сэтгэлгээтэй — Бүтээлч санаа, шинэ санаачлагыг дэмждэг.

    Ажил, амьдралын тэнцвэрийг эрхэмлэдэг — Ажилтны сэтгэл зүй, сайн сайхныг анхаардаг.

    Дэлхийд байгууллагын соёлоороо үлгэрлэдэг компаниудыг дурдвал: Google нь ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, чөлөөт орчинг дэмждэг соёлоор алдартай. Netflix  илүү гүйцэтгэлд суурилсан, эрх чөлөө ба хариуцлагыг хослуулсан соёлыг хэрэгжүүлдэг байна. Харин Toyota компани нь “Kaizen” буюу тасралтгүй сайжруулалтад тулгуурласан соёлтой юм.

    Байгууллагын соёлыг төлөвшүүлж, тасралтгүй хөгжүүлэх нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, багийн уялдаа холбоог сайжруулахад чухал үүрэгтэй юм. Үүний үр дүнд байгууллагын зорилго, стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нэмэгдэж, шинэ ажилтнууд илүү хурдан уусаж, хүний нөөцийн тогтвортой байдал бий болно. Мөн байгууллагын соёл нь харилцагч, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлэх, байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг байна.

    Хэрэв байгууллага өөрийн өвөрмөц соёлыг бүрдүүлэхийг зорьж байгаа бол юуны түрүүнд үнэт зүйлсээ тодорхойлж, эдгээрт нийцсэн ажиллах зарчим, хандлагыг хөгжүүлэхээс эхлэх нь зүйтэй. Харин аль хэдийн төлөвшсөн соёлыг улам боловсронгуй болгохыг зорьж буй үед ажилтнуудынхаа санал бодлыг сонсож, одоогийн байгууллагын соёлыг бодитойгоор үнэлэх нь чухал байдаг. Үүний дараа сайжруулалтын төлөвлөгөөг боловсруулан, шат дараатай хэрэгжүүлэхдээ менежерүүд манлайллын үүргийг илүү хүлээж, өөрсдийн үйл ажиллагаагаараа үлгэр дуурайл үзүүлэх нь үр нөлөөг улам нэмэгдүүлдэг байна.

    Байгууллагын соёлыг үнэлэх асуултууд 

    • Ажилтнууд байгууллагын үнэт зүйлсийг мэддэг үү?

    • Менежментийн баг ажилтнууддаа итгэдэг үү?

    • Ажилтнууд илэн далангүй санал бодлоо хэлж чаддаг уу?

    • Алдааг суралцах боломж гэж үздэг үү?

    • Шинэ санаачилга гаргахад хэр их дэмжлэг үзүүлдэг вэ?

    Ерөнхийдөө байгууллагын соёл нь тухайн байгууллагын цаашдын амжилт, тогтвортой байдал, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжид асар их нөлөөтэй  ойлголт юм. Иймд байгууллагын соёлыг зарчимд суурилан зорилготойгоор бүрдүүлэх, үнэт зүйлсээр удирдах, үргэлж сайжруулах нь ажилтнуудын бүтээлч байдал, идэвх оролцоо, тогтвортой ажиллах үндэс суурь болдог.

    Бид өдөр бүр ихэнх цагаа ажлын байрандаа өнгөрүүлдэг тул тухтай, урамтай, өсөж хөгжих боломжтой орчинд ажиллах нь маш чухал. Тиймээс байгууллагын соёлыг тодорхой хэмжээнд урьдчилан судлан зөв шийдвэр гаргаж, ирээдүйд өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай ажиллах боломжоо нэмэгдүүлээрэй.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

    Холбоотой нийтлэл унших: Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

  • Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

    Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

    Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг сонгох нь амжилтын эхлэл

    Ажиллах арга барилаа таньж, өөрт тохирсон ажлыг сонгох нь урт хугацаанд сэтгэл ханамжтай, амжилттай байх үндэс болдог. Өнөөдөр олон хүн цалин, албан тушаал, байгууллагын нэр хүндийг гол шалгуураа болгодог ч хамгийн чухал зүйл бол өөрийн зан төлөвт нийцэх орчин, ажиллах хэв маягтай ажлын байрыг сонгох явдал юм. Эцсийн эцэст бид ажлын орчиндоо амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг шүү дээ.

    Тохирсон ажил гэдэг нь бусдад таалагдах сонголт биш, харин өөрийн зан төлөв, үнэт зүйлстэй нийцэх эсэхийг бодолцох тухай чухал ойлголт бөгөөд тэгж чадвал тэрхүү сонголт таныг урт хугацаанд амжилтад хүргэж, сэтгэл ханамжтай байх эхлэл байх болно.

    MBTI гэж юу вэ?

    Myers-Briggs Type Indicator (MBTI) нь хүмүүсийн сэтгэлзүй, зан төлөв, шийдвэр гаргах хэв маягийг тодорхойлдог 16 төрлийн хувь хүний хэв шинжийн загвар. 

    Энэ тестээр:

    • Та хэрхэн сэтгэдэг

    • Хэрхэн шийдвэр гаргадаг

    • Бусадтай яаж харилцдаг

    • Ямар орчинд үр дүнтэй ажилладаг гэсэн чухал мэдээллүүдийг олж авах боломжтой.

    MBTI үр дүнг ашиглах хэрэгтэй 4 шалтгаан

    1. Өөрийгөө таних тухай

    • Давуу тал

    • Ажилд хандах хандлага

    • Харилцааны хэв маяг

    Эдгээрийг ойлгосноор өөрт тохирсон ажлын орчин, хамт олон, чиглэлийг сонгох боломжтой.

    2. Зохицох мэргэжил

    Төрөл тус бүр таны хандлага ямар төрлийн ажилд илүү тохирохыг хэлж өгдөг.

    Жишээ:

    • INTJ – Стратегич зохион байгуулагч
      Логиктой, хараат бус, зорилготой
      Тохирох ажил: Програм хангамж хөгжүүлэгч, аналитик, судлаач
      Орчин: Бие даасан, бүтэцтэй орчин

    • ENFJ – Удирдагч урам өгөгч
      Харилцааны өндөр мэдрэмжтэй, алсын хараатай
      Тохирох ажил: Удирдах ажилтан, сургалтын зохион байгуулагч
      Орчин: Хамтын ажиллагаа, дэмжлэгтэй орчин

    3. Багаар ажиллах чадвар

    • Стрессийг хэрхэн даван туулдаг

    • Багийн үүрэг хариуцлага

    • Бие даах эсвэл хамтран ажиллах хэв маяг

    MBTI таны багийн тоглогч уу, эсвэл бие даагч уу гэдгийг тодорхойлно.

    4. Хувийн хөгжил ба карьерын төлөвлөгөө

    MBTI нь зөвхөн ажил олоход бус, дараах зүйлсэд ч тусална:

    • Сул талаа тодорхойлж хөгжүүлэх

    • Шинэ ур чадвар эзэмших арга

    • Шинэ орчинд дасан зохицох хэв маяг

    • Удирдах түвшинд хүрэх стратеги боловсруулах


    Тэгвэл MBTI-г ажил хайхад хэрхэн ашиглах вэ?

    CV ба Cover Letter-д ашиглах
    Та өөрийн танилцуулгадаа ашиглахдаа: “Би бол INFP төрлийн ажил горилогч бөгөөд бүтээлч, хүний мэдрэмжийг ойлгодог, шинэ санаачилгад идэвхтэй оролцдог нэгэн.” гэх мэтээр давуу талаа илэрхийлж болно.

    Ярилцлагад өөрийгөө тайлбарлахад
    Тухайлбал: “Би ESTJ төрлийн хүн тул тогтсон бүтэцтэй орчинд, үр дүн төвтэй багтай хамтран ажиллахдаа хамгийн өндөр бүтээмжтэй байдаг.”  гэж өөрийнхөө тухай илүү тодорхой танилцуулах.

    Ажлын байр сонгоход ашиглах
    MBTI-ийн үр дүнг ашиглан тухайн байгууллагын ажлын орчин танд тохирч байгаа эсэхийг харьцуулж болно. Хэрвээ та ажил хайж байгаа бол Lambda сайтын ажлын байр хэсгээс өөрт тохирох ажлын байрны мэдээллийг хараарай.

    Ирээдүйн карьерын төлөвлөгөө гаргах, ур чадвараа хөгжүүлэх, шинэ орчинд дасан зохицох чадвараа тодорхойлох, мөн хувь хүний онцлогоо зөв танин ойлгох нь амжилтад хүрэхэд хамгийн чухал алхмуудын нэг.

    Үүний тулд та дараах чухал үзүүлэлтүүдээ илүү сайн мэдэж аваарай:
    – Удирдах түвшинд хүрэх арга барил
    – Суралцах, хөгжих хэв маяг
    – Өөрчлөлтөд дасан зохицох чадвар

    Өөрийгөө хэн бэ гэдгээ танин мэдэх нь зөв ажил олох, амжилттай карьер бүтээх эхлэл болдог. Монголын хөдөлмөрийн зах зээлд ажлын байр олон байгаа ч өөрийн зан төлөвт нийцсэн, сэтгэлд хүрсэн ажлыг олох нь бодит сорилт хэвээр байна. Тиймээс өөрийгөө ойлгож, илүү ухаалгаар сонголт хийх нь таны карьерын амжилтын гол түлхүүр болох юм.

    Та CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар яг одоо бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.

    Мөн асуултад хариулаад MBTI үр дүнгээ олж мэдээрэй. Монгол хэл дээр байгаа нь бүр ч таатай.

    Холбоотой нийтлэл: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй