Tag: #АжлынЗар

  • Олон компанид нэгэн зэрэг өргөдөл өгөхдөө юуг анхаарах вэ?

    Олон компанид нэгэн зэрэг өргөдөл өгөхдөө юуг анхаарах вэ?

    Ажил хайх гэдэг бол ихэвчлэн тэвчээр, төлөвлөгөө, мэдрэмж шаардсан үйл явц байдаг. Өнөөдөр ажлын зах зээл маш өрсөлдөөнтэй болсон учраас ганц компанид хүсэлт илгээж хариу хүлээгээд суух нь хангалтгүй алхам болжээ. Харин эсрэгээрээ олон байгууллагад зэрэг өргөдөл илгээж, боломжийн хүрээгээ тэлэх нь илүү ухаалаг арга болсон.

    Ингэхдээ тодорхой зүйлсэд анхаарахгүй бол эсрэгээрээ сөрөг үр дагавар үүсэх магадлалтай байдаг. Тиймээс олон компанид зэрэг өргөдөл өгөхдөө юуг заавал анхаарч, хэрхэн мэргэжлийн түвшинд хандах талаар энэхүү нийтлэлээр зөвлөмж бэлдлээ.

    1. Хувьчилсан CV ба cover letter-ийн ач холбогдол

    Олон хүнд нэг загварын CV болон cover letter бэлдээд бүгдэд нь хуулж илгээх нь түгээмэл алдаа байдаг. Гэвч аливаа байгууллага бүрийн соёл, шаардлага, үнэлдэг чадвар өөр байдаг тул өөрийн материалыг тухайн байгууллагад зориулж бэлдэх хэрэгтэй.

    Санамж:

    • Ажлын зарын онцлогийг сайтар уншиж, шаардлагад нийцсэн чадвараа онцлох
    • Тухайн компанийн салбар, үнэт зүйлсийг судлах
    • Cover letter-ийг тухайн байгууллагад зориулагдсан байдлаар бичих (хэт ерөнхий байдлаас зайлсхийх)

    2. Ажлын байрны шаардлагыг сайн унших

    Өнөөдрийн ажил хайх орчинд боломжууд олон харагдах ч, тэр бүр бодлогогүйгээр өргөдөл илгээх нь зөв санаа биш юм. Зарим хүмүүс шаардлага хангахгүй ажлын зар руу автоматаар олон өргөдөл явуулах нь элбэг тохиолддог. Ингэх нь тухайн компанийн хүний нөөцөд “анхааралгүй, зорилгогүй хүн” мэтээр сөрөг сэтгэгдэл төрүүлэхээс гадна, таны ч гэсэн үнэт цаг хугацаа, эрч хүчийг дэмий үрэхэд хүргэнэ. Түүнчлэн ирээдүйд тухайн байгууллагад дахин өргөдөл өгөх үед ч өмнөх хийсэн “тоомжиргүй” оролдлого сөргөөр нөлөөлж болохыг мартаж болохгүй. Иймээс аливаа ажлын зар дээр та нухацтай хандаж, шаардлагыг анхааралтай унших хэрэгтэй.

    Юунд анхаарах вэ?

    • Шаардлагад нийцэх эсэхээ үнэн зөвөөр үнэлэх
    • Өөрийн туршлага, ур чадвар, боловсролын түвшин тухайн ажлын байрны шаардлагад хэрхэн нийцэж буйг бодитоор дүгнэх.
    • Хэрэв тухайн ажлын байранд дутуу зүйл байгаа бол хөгжүүлэх шаардлагатай ур чадварыг урьдчилан тодорхойлох
    • Шаардлагатай тохиолдолд сургалтад хамрагдах, нэмэлт судалгаа хийх, ур чадвараа ахиулах төлөвлөгөө гаргах.

    Хэрвээ та өөрийн одоогийн ур чадвар, ирээдүйн карьерын чиглэл дээрээ тодорхой бус байвал lambda.global-ийн Career Path хуудас-аар орж үзэхийг зөвлөж байна. Тэндээс та өөрийн сонирхол, ур чадварт тохирсон чиглэл, шаардлагатай чадварууд, хөгжих боломжууд-ын талаар тодорхой мэдээлэл авах боломжтой. Ингэснээр зөв ажлын байр сонгох, карьерын зорилгоо илүү ухаалагаар төлөвлөх алхам хийхэд тус болно.

    3. Application tracking буюу өргөдлийн явцыг хянах

    Олон газар зэрэг өргөдөл илгээж эхлэхэд аль компанид ямар шатанд явж байгаа, хэзээ өргөдөл илгээсэн, хариу ирсэн эсэх зэргийг мартчихдаг нь ажил хайгчдын дунд түгээмэл тохиолддог. Эхэндээ нэг, хоёр компанид өргөдөл өгч байхад амархан санагдавч, тоо нь нэмэгдэхийн хэрээр мэдээллээ хянахад хүндрэлтэй болж эхэлнэ. Иймээс системтэйгээр өргөдлийн явцыг бүртгэж, хянах зуршил суулгах нь ажил хайх үйл явцыг илүү мэргэжлийн түвшинд авч үзэж буйг харуулна. Мөн ингэснээр та аливаа компанийн хариуг хүлээлгүй өнгөрөөх, эсвэл давхар ярилцлагын тов давхцахаас сэргийлэх боломжтой болно.

    Шийдэл: Excel эсвэл Notion ашиглан дараах мэдээллийг хөтлөх:

    • Компанийн нэр, ажиллах албан тушаал
    • Өргөдөл өгсөн огноо
    • Хариу хүлээн авсан эсэх
    • Ярилцлагын шат, товлосон огноо
    • Дараагийн үйлдэл (follow-up хийх үү, хариу илгээх үү гэх мэт)

    4. Хариу авах үед мэргэжлийн түвшинд хандах

    Олон компанид зэрэг өргөдөл илгээсэн тохиолдолд ярилцлагын урилга нэгэн зэрэг ирэх, тов давхцах магадлал ихэсдэг. Яг ийм үед ажил хайгч хүнээс зохион байгуулалттай байдал, мэргэжлийн харилцаа илүү их шаардагддаг. Хэрэв та хуваарийг урьдчилан сайн төлөвлөөгүй бол ярилцлага хооронд давхцал үүсэх, товоо буруу ойлгож орхих, эсвэл нэг компанид хэт удаан хариу өгч сөрөг сэтгэгдэл төрүүлэх эрсдэлтэй.

    Иймд ярилцлагын урилга хүлээн авмагц:

    • Товыг тэмдэглэлийн дэвтэр, онлайн календарьт заавал бүртгэж, бусад товтойгоо давхцуулахгүйгээр оновчтой төлөвлөх
    • Хариуг шуурхай бөгөөд соёлтой байдлаар өгөх
    • Хэрэв нэг компанид саналаа хүлээн авсан тохиолдолд бусад компанид талархсан, мэргэжлийн хандлагатайгаар мэдэгдэж татгалзах

    Ийм байдлаар харилцаагаа мэргэжлийн түвшинд барьж чадвал, та зөвхөн ажлын байр олох бус, урт хугацааны харилцааны сайн сэтгэгдэл үлдээж чадна.

    Дүгнэж хэлэхэд олон компанид зэрэг өргөдөл өгөх нь өнөө цагийн ажил хайлтын хамгийн зөв стратегийн нэг болжээ. Гэхдээ энэ үйл явцыг ухаалаг, төлөвлөгөөтэй гүйцэтгэснээр та зөвхөн сайн ажил олоод зогсохгүй, өөрийгөө мэргэжлийн түвшинд харуулах боломжтой. Өөртөө итгэлтэйгээр алхаж, хүссэн ажлынхаа зүг итгэлтэйгээр хөдөл!

    Амжилт хүсье!

  • Туршлага багатай хүмүүст тохирох ажлын байр

    Туршлага багатай хүмүүст тохирох ажлын байр

    Өнөөдөр ажил хайж буй залуус, ялангуяа их сургуулиа төгсөөд удаагүй байгаа шинэ төгсөгчид, гадаадад амьдарч байгаад ирсэн хүмүүс, хэсэг хугацаанд албан ажлаас завсарлага авсан залуус, эсвэл хүүхдээ асраад карьер төлөвлөлтөө түр хойшлуулсан эмэгтэйчүүдийн хувьд хамгийн түгээмэл тулгардаг асуудал бол ажлын туршлага дутмаг байх явдал байдаг. Ажил олгогчид туршлагатай хүн хайж байхад өөрийгөө хангалттай биш мэт мэдрэх буюу “Би яг юу хийж чадах вэ?”, “Надад боломж байгаа юу?” гэсэн эргэлзээ, түгшүүр олон хүний сэтгэл дотор төрөх нь бий.

    Гэвч энэ бүхэн таныг зогсоох ёсгүй бөгөөд туршлагагүй байлаа гээд ажилтай болж чадахгүй гэсэн үг огтхон ч биш юм. Харин ч эсрэгээрээ өөрийгөө хөгжүүлж, суралцаж, ажлын ертөнцөд хөл тавих, боломжоо нээх хэрэгтэй билээ. Хамгийн гол нь өөрт тохирсон түвшний ажлын байрыг олж харах, түүнийгээ зоригтойгоор сонгож, өөрийгөө сорих урам зоригтой байх нь чухал.

    Ажил гэдэг бол зөвхөн туршлага дээр тулгуурладаг зүйл биш. Тэр ч утгаараа хувь хүний хандлага, хичээл зүтгэл, сурах хүсэл зэрэг нь ажил олгогчдын хамгийн үнэлдэг чанаруудын нэг болсоор байна. Тиймээс өөртөө итгэж, ажлын байраа олоход чинь туслах боломжуудыг эрэлхийлэх нь таны карьерын зөв зам байж чадна. Туршлага тэр бүр шаарддаггүй зарим боломжит ажлын байруудыг та бүхэнд танилцуулъя:

    Туршлага шаарддаггүй ажлын байрнууд

    1. Худалдааны зөвлөх (касс, дэлгүүрийн ажилтан гэх мэт)

    Энэ төрлийн ажлууд нь хүнтэй харьцах чадвар, хариуцлага, түргэн сэтгэх чадвар шаардах бөгөөд өмнөх ажлын туршлага заавал шаарддаггүй. Ихэнх дэлгүүр, супермаркет, барааны дэлгүүрүүд анхан шатны сургалт чиглүүлэг өгдөг тул оюутан, шинэ төгсөгчдөд ч мөн тохиромжтой. Мөн цаг нь уян хатан, ээлжээр ч ажиллах боломжууд зарим газар олгодог.

    2. Оффисын туслах ажилтан

    Зарим байгууллагууд баримт бүрдүүлэх, бичиг цаасны ажил хийх туслах ажилтнуудыг ажилд авахдаа ажлын туршлага шаардахгүй, зөвхөн бага зэргийн компьютерийн мэдлэгтэй, хурдан шуурхай байхыг хүсдэг. Энэ бол оффисын орчинд дадлагажих маш сайн боломж юм.

    3. Харилцагчийн үйлчилгээний ажилтан (call center)

    Утас, мессеж, и-мэйлээр хэрэглэгчдэд мэдээлэл өгөх, гомдол хүлээн авах зэрэг ажлууд туршлагагүй хүмүүст зориулсан анхан шатны түвшний ажилд ордог. Сайн сонсох чадвар, эелдэг харилцаа, сэргэлэн бөгөөд идэвхтэй байх зэрэг нь энэ төрлийн ажлын гол шалгуур билээ.

    4. Жолооч, хүргэлтийн ажилтан

    Хэрвээ та жолооны үнэмлэхтэй бол хүргэлтийн үйлчилгээ, таксины жолооч, бараа тээвэрлэгч зэрэг ажлууд руу орж болно. Туршлагагүй байсан ч жолооны ур чадварт тулгуурлан орлоготой болж чадна. Үүнд замаа сайн мэддэг, харилцааны чадвартай, машин техникийн суурь мэдлэгтэй байх нь бүтээмжийг илүү нэмэгдүүлэх юм.

    5. Үйлчлэгч, цэвэрлэгээний ажилтан

    Энэ бол тогтмол орлоготой, тогтвортой ажлуудын нэг. Гэр цэвэрлэх, оффис цэвэрлэх, зочид буудал, үйлчилгээний байгууллагад үйлчлэгчээр ажиллахад ихэнх тохиолдолд ажлын туршлага шаардахгүй.

    6. Хэвлэл мэдээлэл, сошиал медиа туслах

    Тренд мэдэрдэг, контент бүтээх дуртай хүмүүс Facebook, TikTok, Instagram хуудсуудад контент бэлтгэх, сториг зохиох зэрэг ажлыг албан байгууллагууд танд фриланс хэлбэрээр санал болгож болно. Туршлагагүй байсан ч сонирхолд тулгуурлах учир өөрийн сошиал хуудсаараа дамжуулан ажлаа харуулах боломжтой.

    7. Бариста, кофе шоп-н ажилтан

    Богино хугацааны сургалтад хамрагдаж, заавар чиглүүлэг авахад энэ ажлыг хэрвээ та сонирхож байвал заавал удаан хугацааны туршлагыг танаас шаардахгүй. Ингэхдээ харин харилцааны чадвартай, хариуцлагатай байх нь чухал юм.

    8. Цэцэг, бэлэг дурсгалын дэлгүүрт ажиллах

    Мөн энэ төрлийн ажил нь сонирхолтой бөгөөд та хэрэглэгчдэдээ өдөр тутам аз жаргалыг бэлэглэж, баярын дурсамжийг нь хуваалцах гэгээлэг ажил юм. Та төрөл бүрийн бэлэг боох, савлах, цэцгийн баглаа бэлдэхэд тодорхой хэмжээний заавар зөвлөгөөг бусдаас авч болно эсвэл интернэт орчноос дүрс бичлэг үзээд дуурайгаад сурах ч боломжтой.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална. 

    Ажлын ярилцлагад бэлдэхэд анхаарах зүйлс

    • CV/анкет сайн бичих: Хэдийгээр туршлагагүй ч хичээл сурлагын амжилт, сайн дурын ажил, хувь хүний зөөлөн ур чадвар болон хандлагаа тодорхой бичих.

    • Ур чадвараа онцлох: Компьютер дээр ажиллах чадвар, хэлний мэдлэг, зохион байгуулах чадвар зэрэг нь давуу тал болно.

    • Идэвхтэй, суралцах хүсэлтэй гэдгээ харуулах: Туршлагаас илүүтэйгээр ажилд эзэмших эрмэлзэл чухал.

    Ажилд орохын тулд заавал олон жилийн туршлагатай байх шаардлагагүй. Хамгийн чухал нь зорилготой, тууштай, суралцах хүсэлтэй байх явдал юм. Монголын хөдөлмөрийн зах зээлд туршлагагүй болон туршлага багатай хүмүүст тохирох олон боломжууд нээлттэй байдаг тул өөрт тохирсон ажлыг хайж, эхний алхмаа зоригтой хийгээрэй.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

    Холбоотой нийтлэл унших: Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө

  • Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

    Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

    Шинэ ажил хайж буй хэн бүхэнд зориулав. 

    Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн хөдөлгөөн эрчимжиж, ажиллах хүчний шилжилт, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлага тасралтгүй өөрчлөгдөж байна. Үүний зэрэгцээ хүмүүс ажлын байр болон салбараа солих хандлагатай болж, шинэ боломж, илүү утга учиртай карьерын замналыг эрэлхийлэх нь нэмэгдсээр.

    Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлүүд нь: хэт ачаалалтай ажиллах орчин, хангалтгүй цалин, карьерын зогсонги байдал, мөн байгууллагын соёл, үнэт зүйлсийн зөрчилдөөн гэх мэт болно.

    Хүн бүр эдгээр саадтай ялгаатай байдлаар тулгарч байгаа ч, нийтлэг нэг хандлага ажиглагдаж байгаа нь тухайн нөхцөл байдалд өөрийгөө шүүмжлэх, буруутгах, оновчтой шийдвэр гаргах итгэлгүй байх явдал юм.

    📌Ажил хайх, ажлаа солих үедээ өөрийгөө хайрлаж сурах нь

    Ажил хайх эсвэл тохиромжгүй ажлаа солих нь өөрийнхөө үнэ цэнийг илрүүлж, амьдралын дараагийн шатанд бэлдэх чухал үе юм. Энэ тохиолдолд заримдаа бид өөртөө хэт хатуу хандаж, сэтгэлээр унах, өөрийгөө голох мэдрэмж төрөх нь түгээмэл. Гэвч энэ үе шат бол өсөлт, өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд та өөртөө итгэж, өөрийгөө хайрлахад суралцан, итгэлтэйгээр үргэлжлүүлэх нь амжилтын түлхүүр болдог.

    Ажлаа солих, эсвэл шинээр ажил хайх тухай шийдвэр гаргах үед “Ажил олдохгүй бол яах вэ?”, “Шинэ хамт олон намайг хүлээж авах болов уу?”, “Шинэ ажилд амжилттай ажиллаж чадах уу?” гэх мэт эргэлзээ төрж, сэтгэлийн түгшүүр бий болох нь хэвийн зүйл. Эдгээр мэдрэмж нь магадгүй одоогийн ажилдаа сэтгэл ханамжгүй байгаагийн шинж байж болох бөгөөд илүү сайхан амьдрал, карьерын өсөлтийг хүсэж байгаагийн илрэл юм. Та 5 жилийн өмнөхөөсөө эерэгээр өөрчлөгдөж, илүүг хүсэж, үнэ цэнээ ойлгож эхэлж байж ч болно.


    Ажил хайх нь өөрчлөлтийн эхлэл 

    Залуусын дунд “Ажлаасаа гарсан эсвэл сольж байгаа хүн бол бүтэлгүйтсэн хүн” гэсэн түгээмэл ойлголт олонтаа ажиглагддаг.  
    Үнэн хэрэгтээ энэ үе бол өөрийгөө эрэлхийлж, үнэ цэнээ мэдэрсэн хэн бүхний карьерийнхаа хувьд ухаалаг алхам хийж буй эерэг үйл явц юм.

    Та бүтэлгүйтээгүй, харин боломжоо хайж байна

    Сонгон шалгаруулалт амжилтгүй болсон үед “Би хангалтгүй юм байна” гэж өөрийгөө буруутгах хэрэггүй. Үүний оронд та зөв бөгөөд өөрт тохирсон боломжоо хайж байгаа гэдгээ ойлгоорой. Амжилт хүн бүрт өөр өөр цагт ирдэг бөгөөд таны амжилт ойрхон байгаа.

    Ажил солих нь айдас биш, өсөлтийн эхлэл юм

    Шинэ орчин, шинэ хамт олон, шинэ даалгавар нь эхэндээ айдас төрүүлэх мэт боловч таны дараагийн шатны өсөлтөд түлхэц өгдөг. Хэрэв одоогийн ажил таны үнэт зүйлс, эрүүл мэнд, сэтгэл зүйг золиосолж байвал өөрчлөлт хийх нь зоригтой, зөв шийдвэр юм. Харин та өөрийгөө сорьж, суралцаж, хөгжихэд бэлэн байх хэрэгтэй.

    Амжилт гэдэг зөвхөн албан тушаал биш 

    Ажлын санал хүлээж авахгүй, хүссэн ажилдаа хараахан ороогүй байх нь таны үнэ цэнийг бууруулахгүй. Та гэр бүлдээ илүү чанартай цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлж, тэвчээртэйгээр ажил хайж, олон шалгуурыг даван туулж байгаа нь ч амжилт билээ . Эдгээр өдрүүдэд өдөр бүр ажил хайж, хүсэлт илгээж буй бол таны хичээл зүтгэл, өсөлтийн илэрхийлэл гэдэгт итгээрэй.

    Өөртөө дараах үгсийг хэлж, сэтгэлзүйн дархлаагаа дэмжээрэй

    • Би хичээж байна.
    • Би үнэ цэнтэй.
    • Би боломжоо олох болно.

    Өөрийгөө хайрлаж, дэмжиж урам өгч, өдөр бүр та нэг алхам урагшилж байгаа гэдэгтээ итгээрэй.

    📝 Өөрийгөө бодитоор үнэлж CV-гээ шинэчилж илүү мэргэжлийн болго

    Мэргэшсэн туршлага, чадвараа бичихээс гадна өөрийн үнэт зүйлс, зорилгоо тусгах нь чухал.

    💻 Ажлын санал хүлээж байх хугацаандаа өөрийгөө хөгжүүл 

    Хэл сурах, онлайн курс зэрэг нь таны ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэлбэр юм.

    Өөртөө хатуу хандахаас хэрхэн сэргийлэх вэ?

    • Бусдын амжилттай өөрийгөө бүү харьцуулаарай. Таны аялал өөрийн гэсэн хурдаар өрнөж байгаа үнэ цэнтэй түүх юм.

    • CV дээрээ “би чадна” гэдгээ нотлоорой. Өмнөх ажлын амжилт, төслүүд тань дараагийн боломжийг бий болгоно.

    • Завсарлага авсан ч сэтгэлээр бүү унаарай. Энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэх боломж болгон ашигла.

    💬 Одоогийн ажлаа солих шийдвэр гаргахдаа анхаарах зүйлс

    1. Таны үнэт зүйлс байгууллагын соёлтой таарч байгаа юу?

    2. Ур чадвараа хөгжүүлэх боломж бий юу?

    3. Санхүүгийн одоогийн нөхцөл таны амьдралд эерэг нөлөө үзүүлж байна уу?

    4. Өглөө ажилдаа урамтай очиж байна уу?

    Хэрвээ та эдгээр асуултад “Үгүй” гэж хариулж байгаа бол, магадгүй шинэ ажлын талаар бодож эхлэхэд яг тохирсон цаг.

    Таны сэтгэл зүйн тогтвортой байдал бол тохиромжтой ажил олох хамгийн хүчтэй зэвсэг юм.

    • Өөрийгөө дэмждэг орчинг бүрдүүл — найз нөхөд, ментор, мэргэжлийн хүрээлэлтэй болох
    • Юу хүсэж байгаагаа тодорхойл — санхүү, амьдралын хэв маяг, карьерын зорилго гэх мэт
    • Өнөөдрөөс эхэл — нэг анкет илгээх, нэг ярилцлагад оролцох нь ч таны урагшлах алхам юм
    • Өөрийгөө гололгүй, давуу талуудаа тодорхойлоорой

    Та CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.

    💡 Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Өөртөө итгэж, урагшилцгаая!