Tag: ажлынбүтээмж

  • Эерэг ажлын орчинг хэрхэн бүтээх вэ?

    Эерэг ажлын орчинг хэрхэн бүтээх вэ?

    Ажлын өдөр бүр бидний амьдралын ихэнх цагийг эзэлдэг учир, ажиллах орчин маань бидний сэтгэл ханамж, бүтээмжид шууд нөлөөлдөг зүйл юм. Тиймээс эерэг, дэмжлэгтэй, сэтгэл ханамжтай ажлын орчин бий болгох нь зөвхөн байгууллага төдийгүй ажилтан бүрийн хувьд чухал байдаг.

    Эерэг ажлын орчин гэж юу вэ?

    Эерэг ажлын орчин гэдэг нь тухайн газар ажиллахад хүн бүр өөрийгөө тав тухтай, дэмжигдэж байгаа мэдрэх, хамт олноосоо урам зориг авах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх нөхцөл боломж бүхий орчинг хэлдэг. Ийм орчинд стресс багатай, харилцаа сайтай, багийн уур амьсгал эерэг байна. Харин тухайн ажилтан ажлынхаа эргэн тойронд тав тухтай, сэтгэл хангалуун байх нь түүний бүтээмжийг нэмэгдүүлдэг.

    Ажлын орчинг таны амжилтын тулгуур гэж хэлж болно. Учир нь:

    Сэтгэл ханамжтай ажиллах: Хүн аз жаргалтай байж л өөрийн ажлын онцлогт бүрэн төвлөрч, илүү сайн үр дүнд хүрдэг.

    Стресс багасгана: Стресс ихтэй газар ажиллах нь сэтгэл санаа, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Эерэг орчин стрессийг бууруулж, эрүүл мэндийг хамгаална.

    Бүтээмж нэмэгдэнэ: Хүний сэтгэл санаа сайжрах тусам ажлын бүтээмж сайжирдаг.

    Багийн уур амьсгал сайжирна: Хамт олноороо нягт холбоотой ажиллахад байгууллагын амжилт нэмэгддэг.

    Ажилтан хадгалах: Ажилтнууд сэтгэл хангалуун байвал байгууллагад удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллана.

    Шинэ ажил хайж буй хүн тухайн байгууллагын ажлын уур амьсгал, орчны талаар урьдчилан бүрэн ойлголттой болох нь үргэлж амаргүй байдаг. Гэсэн хэдий ч дараах зүйлсэд анхаарснаар илүү бодит төсөөлөлтэй болж чадна.

    Юуны өмнө тухайн компанийн соёл, үнэт зүйлсийг сайтар судлахдаа байгууллагын вебсайт, нийгмийн сүлжээ, ажилчдын сэтгэгдэл, танил талаас авах мэдээлэл нь чухал. Мөн ажил горилох үеийн ярилцлага нь орчны талаар мэдээлэл олж авах сайхан боломж юм. Хамт олон, менежерүүдийн харилцах байдал, оффисын уур амьсгалыг та анзаараарай.

    Үүнээс гадна ажлын байрны физик орчин ч мөн анхаарах хүчин зүйл. Байрлал, тав тух, цэвэр байдал, гэрэлтүүлэг, агааржуулалт зэргийг ажиглах нь зүйтэй. Түүнчлэн ажлын цагийн уян хатан байдал нь ажил амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах, стресс бууруулахад чухал үүрэгтэй тул энэ талаар тодруулах нь зүйтэй юм. Ийнхүү нарийн ажигч, судалгаатай хандлага нь зөв байгууллагаа сонгоход тусална.

    Эерэг ажлын орчинг бий болгох нь

    Эрүүл, тав тухтай, дэмжлэгтэй ажлын орчин нь зөвхөн тохижилт, тоног төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй бөгөөд байгууллагын соёл, удирдлагын хандлага, ажилтны сэтгэл зүйг бүх талаар дэмжих шаардлагатай. Нээлттэй харилцаа, итгэлцлийг бий болгосноор ажилтнууд өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болж, эерэг уур амьсгал бүрдэнэ. Мөн ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, тохижилт нь ажилтны сэтгэлзүй, бүтээмжид шууд нөлөөлнө. Үүнтэй адил, ажилтнуудын ур чадвар, хувь хүний хөгжлийг дэмжих нь байгууллагын өсөлт хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг. Түүнчлэн ажил ба амьдралын тэнцвэрийг хадгалах нь ажилтны сэтгэл ханамж, сэтгэлзүйн тогтвортой байдлыг хангах үндэс болдог юм.

    Эерэг ажлын орчин гэдэг нь зөвхөн тухайн байгууллагын хөгжил төдийгүй, ажилтан хүн бүрийн сэтгэл ханамж, эрүүл мэнд, бүтээмжийн суурь болдог. Хөдөлмөрийн зах зээлд ажил хайж буй хүн бүр өөрийн тав тухтай, дэмжлэгтэй орчинг эрэлхийлж, ажлын байрны сонголт хийхдээ эдгээр чухал хүчин зүйлсийг анхаарах нь зүйтэй юм.

    Харин байгууллагууд ажилчдынхаа дуу хоолойг сонсож, зөв харилцаа үүсгэж, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж, хувь хүний хөгжилд хөрөнгө оруулалт хийснээр илүү бүтээмжтэй, тогтвортой хөгжлийн замд гарах боломжтой билээ. Тиймээс эерэг ажлын орчныг бий болгох нь бүгдэд ашигтай бөгөөд хамтын амжилтын түлхүүр юм.

    Төстэй нийтлэл унших: Ажлын байрны уур амьсгалд яагаад анхаарах ёстой вэ?

    Ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг LAMBDA блогоос уншаарай.  

  • Ажилтнаа үнэлдэггүй байгууллагын нийтлэг шинж

    Ажилтнаа үнэлдэггүй байгууллагын нийтлэг шинж

    Бүтээмжтэй ажиллана гэдэг тухайн ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг. Тэгэхээр ажил хайж буй талентуудын хувьд хамгийн чухал асуулт бол “Би энэ газар үнэлэгдэх үү?” гэдэг асуулт байх ёстой юм. Харин хэрхэн үнэлэгдэх тухайд цалин цорын ганц шалгуур нь биш бөгөөд Миний чадвар, оролцоо үнэлэгдэж байна уу? Би сонсогдож байна уу? Намайг хүндэлж байна уу? гэдэг л бодит байдалд ажилтны сэтгэл ханамжийг тодорхойлдог билээ.

    Харамсалтай нь, зарим байгууллага эдгээр асуултад эерэгээр хариулж чадахгүй хэвээр байна.Тиймээс та дараах шинжүүдийг анзаарч, ирээдүйн ажил олгогчоо ухаалгаар зөв сонгоорой.

    Ажлын зар нь бүдэг бадаг, мэдээлэл дутмаг байдаг

    Та “Цалин тохиролцоно” гэдэг үгтэй байнга таардаг уу? “Карьер өсөлттэй” гэж биччихээд яг юу гэсэн үг болохыг нь танд тайлбарлахгүй байна уу? Энэ бол тухайн байгууллагын ил тод байдал сул, ажилтнаа татах биш, зүгээр л цоорхой нөхөх ажилтан хайж буй дохио гэдгийг санаарай.

    Ярилцлагад орох үед та хүндлэгдэж байгаа эсэх?

    Та цагтаа очсон ч тэд 20 минут хүлээлгэдэг үү? Таны ур чадварыг сонирхохоос илүү, өмнөх ажлаасаа яагаад гарсныг, хувийн амьдрал, илүү цагаар ажиллах боломжтой эсэх төдийгүй цалингийн түүхийг чинь илүү асууж байна уу? Хэрвээ ярилцлагын эхний 10 минутад танд таатай мэдрэмж төрөөгүй бол энэ бол ирээдүйн харилцааны эхлэл л гэсэн үг.

    Цалингийн мэдээлэл тодорхой бус, өндөр амлалттай

    “Хөдөлмөрийг тань үнэлнэ ээ, даанч эхлээд үр дүн үзүүлээрэй, өөрийгөө харуулаарай” гэж байна уу?”, “Цалин бага ч гэсэн баг гайхалтай” гэж тайвшруулж байна уу? Хэрвээ амлалт нь бодит баримтаар баталгаажаагүй, харин үгээр аргадсан мэт бол цаана нь тогтсон үнэлгээний тогтолцоо байхгүй гэж ойлгоход буруудахгүй.

    Илүү цаг бол дүрэм, харин урамшуулал бол аз 

    Хааяа та ажлын байрнаасаа 21:00 цагт гарч, зарим өдөр үдийн цай ч уух завгүй байдаг уу? Илүү цагаа бүртгүүлж, мөн хуулийн дагуу нэмэгдэл хөлсөө тогтмол авч чаддаггүй юу? Энэ бол ажилтны цаг хугацааг хүндэтгэхгүй байгаагийн шууд илрэл юм. Ажил гэдэг бол амьдралын нэг хэсэг болохоос бүхэлдээ биш билээ.

    Багийн уур амьсгал хүйтэн бас урам зориггүй

    Ажлын эхний өдөртөө хүмүүсийн харцнаас та “Бүү найдаарай” гэж байгаа мэт дохио уншиж байсан уу? Асуух зүйлээ асуухаар очиход “надаас л биш шүү” гэж байгаа мэт мэдрэмж өгдөг үү? Удирдлага нь хэт төвлөрсөн, ажилтнууд хоорондоо үл ойлголцсон байдалтай, байгууллагын соёл байхгүй бол тогтвортой карьерын хөрс биш байх нь. 

    Карьер өсөлт зөвхөн “захиралдаа таалагдвал” гэдэг нөхцөлтэй

    Сургалт, мэргэжлийн хөгжлийн тухай яриа тэр бүр гардаггүй, шинэ санаа гаргасан ч “наадхыг чинь захирал л шийдэх байх” гээд зогсдог уу? Ур чадварын хөгжил, мэргэжлийн өсөлт нь жинхэнэ сайн ажил олгогчийн хариуцлага байдаг. Харин нэг хүний дураар карьер тогтоогдож байвал та ирээдүйд өсөж чадахгүй билээ.

    Ажилтнууд тогтдоггүй, байнга солигддог 

    Ажлын зар сар бүр харагддаг уу? Та хамт олонтойгоо анх танилцах үеэр “өнгөрсөн сард л ирсэн” гэсэн хүмүүс их байсан уу? Энэ нь тухайн байгууллагын ажилтны тогтвор суурьшлын бодлого тааруу, ажлын нөхцөл хүнд эсвэл уур амьсгал ”токсик”, сөрөг хандлагаараа ажилчдаа түлхдэгийг илтгэж байгаа юм.

    Та ийм орчинд ажиллаж байна уу?

    Эсвэл ийм газрыг сонгох гэж байгаа юм биш биз? Ирээдүйгээ үнэлдэг бол өөрийнхөө төлөө эдгээрээс зайлсхийгээрэй.

    Таны хөдөлмөр болон цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй зүйл.

    Харин та өөрийгөө хэрхэн үнэлж байна вэ?

    Бид бүгд л тогтмол орлоготой, сурсан зүйлтэй, эрч хүчтэй, идэвхтэй бас жаргалтай амьдрахын тулд өдөр бүр ажилладаг. Ийм учраас ажил нь таныг мохоох биш, харин дэмжиж, урам зориг өгдөг газар байх ёстой. Хэрвээ таны ирээдүйн болон одоогийн ажлын байранд эдгээр шинжүүд давамгайлж байгаа бол дахин бодоорой. Хүндлэлгүй газар хөдөлмөр цэцэглэдэггүй. Тиймээс та л өөрийгөө хайрлаж чадвал эргэн тойрны дотнын хүмүүс тань ч илүү жаргалтай байх болно.  

    Ийм учраас талент та ажлын ярилцлагын өмнө тухайн байгууллагын сошиал хуудсыг шалгаж, ажилтны сэтгэгдлийг Facebook пост, группуудээс боломжоороо хайх хэрэгтэй. Ярилцлагын үеэр “Компанийн карьер хөгжлийн бодлого юу вэ?” гэх мэт асуух асуултуудыг урьдчилан бэлдэхийг мөн зөвлөж байна.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай! 

    Холбоотой нийтлэл унших бол: Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?