Tag: #ажил_амьдралын_тэнцвэр

  • Миллениал үеийнхний burnout

    Миллениал үеийнхний burnout

    Burnout буюу ажлаас халшрах хам шинжийн тухай

    Сүүлийн жилүүдэд burnout буюу ажлаас халшрах хам шинж бүр өөрөөр сэтгэлзүйн туйлдал гэж нэрлэж буй энэ үг бидний амьдралд улам ойртож, өдөр тутмын ярианд ч байнга сонсогдох болсныг та анзаарсан биз ээ. Ажлын ачаалал, нийгмийн хүлээлт, төгс байдалд хүрэх хүсэл, цахим ертөнцийн хурдтай өөрчлөлт зэрэг нь биднийг амсхийх завгүй хөдөлгөж, эцэстээ сэтгэл болон бие махбодыг зарим талаар туйлдуулах болсон нь үнэн.

    Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (WHO) burnout-ыг “Удаан хугацаанд шийдвэрлэгдээгүй ажлын стрессээс үүдэлтэй, сэтгэлзүйн байнгын туйлдал, сэтгэл санаа болон бие махбодын ядаргаа, ажлын бүтээмж буурах байдал.” гэж тодорхойлсон байдаг.

    Энэ нь зөвхөн их ажилласнаас бус, хийж буй ажлаа утгагүй мэтээр мэдрэх, өөрийгөө дутуу үнэлэх, бусдаас үргэлж хоцорч яваа мэт санагдах, амьдралдаа эзэн биш зорилгогүй мэт мэдрэмж төрөх зэрэг гүн гүнзгий сэтгэлзүйн шалтгаануудтай холбоотой байдаг.

    Яагаад Миллениалууд хамгийн ихээр өртөж байгаа вэ?

    1981–1996 онд төрсөн хүмүүсийг миллениал үеийнхэн гэж нэрлэдэг. Тэд бол өнөөдөр дэлхийн ажиллах хүчний 60 гаруй хувийг бүрдүүлж буй хамгийн идэвхтэй, бүтээлч, дижитал сэтгэлгээтэй шинэ үеийн төлөөлөл юм. Гэхдээ энэ их эрч хүч, бүтээлч байдал нь тэднийг амжилтын эрэлд хэт гүн автуулах тохиолдол элбэг. Миллениалуудын burnout-д өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг гол шалтгаануудыг дараах байдлаар харж болно.

    Төгс байдалд тэмүүлэх дарамт 

    Тэд өөрсдөдөө хэт өндөр шаардлага тавьдаг. Алдаа гаргах эрхгүй мэт сэтгэгдэлтэй амьдардаг нь стрессийг улам гүнзгийрүүлдэг байна.

    Эдийн засгийн дарамт

    Хөдөлмөрлөж буй ч хааяа амьдралын наад захын хэрэгцээг хангах цалин хөлс хүрэлцэхгүй байгаа нь сэтгэлзүйн дарамтыг улам нэмэгдүүлдэг. Монголд ч мөн залуус орон сууцны зээл, хэрэглээний зардал, санхүүгийн дарамтад орж, эдийн засгаас хараат амьдарч байна.

    Үргэлж онлайн байх шаардлага 

    Технологийн дэвшил нь харилцааг хөнгөвчилсөн ч, үр дүнд нь бид үргэлж ажилтай холбоотой амьдарч, ажлын болон хувийн амьдралын хил алдагдсаар байгаа билээ. Амралтгүй төдийгүй ихэнхдээ илүү цагаар ажиллах нь ажил амьдралын зөв тэнцвэрийг бүдэгрүүлэх шалтгаан болдог байна.

    Сошиал медиагийн нөлөө

    Бусдын амжилт, аялал, карьерын амжилтын зураг өдөр бүр сошиал медиа фийд дээр нүдэнд харагдсаар байдаг уу. Харин өөрийн тань амьдрал тэдгээрийн дэргэд дутуу мэт санагдаж, хангалтгүй байна гэсэн бодол давамгайлах мэдрэмжийг зарим хүмүүс авч байдаг.

    Hustle Culture буюу хөдөлмөрийг шүтэх хэт туйлшрал

    “Залуу байгаа дээрээ унтах завгүй ажилла”, “амжилтад хүрэхийн тулд бүхнээ зориулах ёстой” гэх мэт зарим тогтсон үзэл нь амьдралыг зөвхөн ажлаар хэмжих үзлийг тогтоож, хувь хүний амар амгалан, өөртөө зориулах, өөрийгөө хайрлах цаг, сэтгэлийн тайван байдлыг үгүй хийдэг.

    Холбоотой тоо мэдээлэл 

    2023 оны судалгаагаар/Gallup/ Миллениалуудын 59% нь “ажлын дарамтаас болж сэтгэлзүйн туйлдал мэдэрдэг” гэж хариулсан нь энэ үеийнхний дотоод тэнцвэр алдагдаж буйг илтгэж байна. Үүний зэрэгцээ Дэлхийн эдийн засгийн форумаас 2030 он гэхэд burnout буюу сэтгэлзүйн туйлдал нь дэлхийн хөдөлмөрийн бүтээмжид хамгийн том эрсдэл учруулах хүчин зүйлсийн нэг болно гэж анхааруулсан нь энэ асуудал зөвхөн хувь хүн төдийгүй нийгмийн тогтвортой хөгжилд ч сөргөөр нөлөөлж байгааг харуулж байна. Монгол Улсын хэмжээнд ч энэ хандлага ажиглагдаж байгаа бөгөөд 2024 онд ажилтай холбоотой сэтгэлзүйн зөвлөгөө авах хүсэлт өмнөх оноос 32%-аар өссөн нь залуу ажиллах хүчний дунд burnout нь улам бүр газар авч буйг илэрхийлж байгаа юм.

    Ажлаас халшрах хам шинжийн илрэх үе шатууд

    Шат дараалсан байдлаар энэ нь илрэх бөгөөд эхэн үедээ хүний сэтгэл зүй, бие махбод туйлдаж, нойргүйдэл, толгой өвдөлт, цухалдах байдал давамгайлж эхэлдэг. Үүний дараа хүн бусдаас өөрийгөө тусгаарлаж, хүмүүстэй харилцах хүсэл буурч, ажлаа утгагүй “зүгээр л хийх ёстой” зүйл мэтээр хүлээж авдаг. Эцэст нь өөрийгөө “би юу ч хийж чадахгүй”, “би хэрэггүй хүн” гэх мэт сөрөг бодолд автаж, ажлын бүтээмж мэдэгдэхүйц буурдаг байна. Эдгээр гурван шат бол сэтгэлзүйн туйлдлын хортой мөчлөгийн эхлэл хэсэг бөгөөд цаг алдалгүй анзаарч, арга хэмжээ авах шаардлагатай дохио юм.

    Үүнээс урьдчилан сэргийлэх зарим аргуудыг дурдвал:

    Ажлын хил хязгаарыг тогтоох

    Ажил зөвхөн ажлын цагтаа явагдах ёстой. Харин амрах үедээ и-мэйл, мессежид хариу өгөхөөс татгалзах дадал нь сэтгэл зүйн хувьд чухал хамгаалалт болдог.

    Өөртөө анхаарал тавих

    Сэтгэл зүйгээ анхаарч, бясалгал хийх, байгальд гарах, тогтмол нойртой байх, спортоор хичээллэх, амрах цагаа төлөвлөх зэрэг нь эрүүл мэндийн үндэс юм.

    Бусдаас дэмжлэг авах

    Найз нөхөд, гэр бүлтэйгээ нээлттэй харилцах хэрэгтэй. Тэдэнтэй сэтгэлээ хуваалцсанаар ганцаараа биш гэдгийг ойлгож, өөрийгөө уучлах, тайвшрах боломж бий болдог.

    Байгууллагын бодлого

    Удирдлагууд ажилтнуудынхаа сэтгэлзүйн эрүүл мэндэд анхаарах нь зөвхөн хүний нөөцийн асуудал биш, компанийн тогтвортой хөгжлийн үндэс гэдгийг ойлгох хэрэгтэй.

    Мэргэжлийн тусламж авахаас бүү санаа зов

    Энэ талаар мэргэшсэн сэтгэл зүйчид хандах нь эмчилгээний эхлэл бөгөөд тухайн байдлаас хурдан хугацаанд гарах зоригтой шийдэл юм.

    Миллениалууд бол шинэ сэтгэлгээ, дижитал хувьсгал, нийгмийн өөрчлөлтийн түлхүүр болсон үе. Гэвч энэ амжилт, өөрчлөлтийн ард burnout нь хурдацтай тархаж байна. Өөрийгөө алдахгүй байхын тулд амжилтын төлөө тэмцэхдээ өөрийгөө мартаж болохгүйг үргэлж санаарай. 

    Амжилтаас өмнө эрүүл мэнд, өөрийн дотоод амар амгалан хамгийн чухал байдаг. Өөрөө л өөрийнхөө хамгийн үнэ цэнтэй хөрөнгө гэдгийг ухаарах нь чухал юм. Өөрийгөө хамгаалах, дэмжих, хайрлах үүрэг бидэнд л бий. Төгс байх албагүй харин зүгээр л сайн байх нь заримдаа хангалттай юм шүү.

    Илүү олон зөвлөгөө, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг LAMBDA платформоос аваарай 

    Эх сурвалж: World Health Organization, Gallup – State of the Global Workplace Report 2023, Deloitte – Millennials and Gen Z Survey 2023, World Economic Forum, Монголын Сэтгэцийн Эрүүл Мэндийн Төв, UNFPA Mongolia – Залуучуудын амьдралын чанар судалгаа (2022)

  • Ажилд орох боломжоо бүү алдаарай: Ярилцлагад ингэж бэлд

    Ажилд орох боломжоо бүү алдаарай: Ярилцлагад ингэж бэлд

    Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөдөлмөрийн зах зээлийн уян хатан байдал нэмэгдэж, ажлын шинэ боломжууд төрөл бүрээр үүсч байна. Монголын Статистикийн Хорооноос гаргасан 2025 оны тайланд дурдсанаар, нийт ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн оноос 12.7%-иар өссөн бол, хөдөлмөр эрхлэлтийн идэвхтэй байдал өндөр хэвээр хадгалагдаж буйг онцолсон байна. Энэ нь нэг талаас хөдөлмөрийн зах зээл өргөжиж, нөгөө талаас ажил горилогчдын хувьд өрсөлдөөн ихэсч байгааг харуулж байгаа юм.

    Тиймээс, ажил горилогч бүр зөвхөн CV, анкетаа илгээхээс гадна, ярилцлагын шатанд өөрийгөө хэрхэн үр дүнтэй, мэргэжлийн түвшинд харуулах нь карьерийн амжилтад чухал нөлөө үзүүлж байна. Ажлын ярилцлага бол таныг зөвхөн мэргэжлийн чадвараар биш, харилцааны ур чадвар, хувь хүний хандлага, байгууллагад хэрхэн нийцэх талаас үнэлдэг үе шат гэдгийг ойлгох хэрэгтэй.

    Хамгийн түрүүнд компанийнхаа талаар судалгаа хийх нь ажлын ярилцлагад бэлтгэх хамгийн чухал алхам болдог. Тухайн байгууллагын эрхэм зорилго, хөгжлийн чиглэл, бизнесийн салбар дахь байр суурь, сүүлийн үеийн төсөл хөтөлбөрүүдийг мэдэж байснаар та илүү бодит, оновчтой хариулт өгөх боломжтой болно. Үүнийг хийхдээ:

    • компанийн албан ёсны вэбсайт
    • сүүлийн үеийн хэвлэл мэдээллийн нийтлэлүүд,
    • LinkedIn зэрэг мэргэжлийн платформ дахь мэдээллийг ашиглах хэрэгтэй.

    Харин дараа нь ярилцлагадаа бэлтгэхдээ хамгийн түгээмэл асуугддаг асуултуудыг урьдчилан бодож, өөрийн хариултыг бэлдэх нь таныг ажилдаа хичнээн хариуцлага болоод сэтгэл гаргасаныг илтгэнэ. Жишээлбэл:

    • Өөрийгөө товчхон танилцуулна уу.
    • Яагаад энэ ажлыг хийхийг хүсч байна вэ?
    • Өмнө нь ажиллаж байсан туршлагаасаа хуваалцана уу.
    • Таны давуу тал болон сайжруулах шаардлагатай тал юу вэ?
    • Өөрийгөө ирээдүйд хэрхэн хөгжүүлнэ гэж харж байна вэ?

    Мөн итгэлтэй байдал, мэргэжлийн хандлага ажлын ярилцлагад маш өндөр үнэлэгддэг хүчин зүйлсийн нэг. Ажил олгогчдын дунд явуулсан судалгаагаар (Glassdoor Hiring Insights Report 2024) ажил горилогчийн өөрийгөө итгэлтэй илэрхийлж буй байдал, харилцааны чадвар нийт үнэлгээний 40%-ийг бүрдүүлдэг гэсэн үр дүн гарчээ. Иймд ярилцлагын өдөр цагтаа ирэх, мэргэжлийн хувцаслалтыг сонгох, хариултаа эерэг өнгө аястай хүргэх зэрэг нь жижиг мэт боловч томоохон сэтгэгдэл төрүүлдэг.

    Ярилцлагын үеэр ажил олгогч таны мэргэжлийн ур чадвар төдийгүй хэрхэн өөрийгөө илэрхийлдэг, хамт олны дунд зохицон ажиллах чадварыг өндөр үнэлдэг. Иймд lambda.global-ийн боловсруулсан зөвлөмж, сургалтууд таныг илүү үр дүнтэй бэлтгэхэд тусалж чадна. Хэрэв та ирэх ярилцлагадаа илүү итгэлтэй, сайн бэлтгэгдсэн байхын хүсч байвал манай сургалт, контентуудтай танилцаарай.

    Ярилцлагын төгсгөлд ажил олгогч “Танд асуух зүйл бий юу?” гэж асуух нь элбэг. Энэ үед тухайн ажлын байрны өдөр тутмын үйл ажиллагаа, багийн соёл, мэргэжлийн хөгжлийн боломжууд гэх мэт бодлоготой асуулт тавих нь таныг тухайн ажилд үнэхээр сонирхож буйг харуулна.

    Эцэст нь хэлэхэд, ярилцлага амжилттай болсон ч, болоогүй ч гэсэн тухайн туршлагаа эргэн харж дүгнэлт хийх нь зүйтэй. Ямар асуултад сайн хариулсан, юуг сайжруулах хэрэгтэй байсныг тэмдэглэн, дараагийн ярилцлагад илүү бэлтгэлтэй, туршлагатай оролцох боломжийг өөртөө бий болгоорой.

    Ажлын ярилцлага гэдэг бол зүгээр нэг даваа биш — таны карьерийн замыг нээх үнэтэй боломж юм. Зөв бэлтгэл, итгэлтэй хандлага таныг амжилт руу илүү ойртуулна гэдэгт итгээрэй.

    P.S. Энэхүү зөвлөгөөг lambda.global баг боловсруулав. Бид таны мэргэжлийн хөгжлийн замд хамтдаа урагшилж байх болно.

  • Төрсний дараах сэтгэлзүй ба ажил эрхлэлт

    Төрсний дараах сэтгэлзүй ба ажил эрхлэлт

    Төрсний дараах сэтгэлзүй ба ажил эрхлэлт

    Хүүхэд төрсний дараа эмэгтэйчүүд зөвхөн бие махбодийн төдийгүй сэтгэл зүйн хувьд ч томоохон сорилтуудтай тулгарч эхэлдэг. Энэ шинэ амьдралтай зэрэгцэн төрсний дараах сэтгэл зүйн хямрал, гэр бүлийн дэмжлэг, санхүүгийн байдал, хүүхдийн эрүүл мэнд, ажил эрхлэлт, тогтмол орлого тасалдах гэх мэт нь сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг билээ.

    Төрсний дараах сэтгэл зүйн хямрал гэж юу вэ? 

    Төрсний дараах сэтгэл зүйн хямрал нь хүүхэд төрсний дараа эмэгтэйчүүдэд тохиолддог сэтгэл зүйн эмгэгийн нэг төрөл юм. Гол шинжүүд: гуниглах, сэтгэлээр унах, нойргүйдэл эсвэл хэт их унтах, хоолны дуршил алдагдах, ядрах, өөрийгөө буруутгах мэдрэмж төрөх, анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байх, уйлах, сэтгэл түгших зэрэг багтана.

    Энэ хямралын гол шалтгаан нь:

    • Гормоны эрс өөрчлөлт

    • Нойргүйдэл, ядаргаа

    • Орлогогүй байдал

    • Хүүхэд асрах зардлын нэмэгдэл

    • Өөртөө итгэлгүй байдал

    • Нийгмийн шүүмжлэл, ганцаардал

    Тухайлбал, ганц бие болон бага орлоготой эхчүүд сэтгэлзүйн хямралд өртөх магадлал өндөртэй байдаг.

    Ээжүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг дурдвал:

    Хүүхдээ харах хүнгүй байх
    Цэцэрлэг, ясли хүрэлцээгүй, эсвэл хувийн асаргааны төлбөр өндөр байх.

    Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах
    Карьер, ажил мэргэжлээс хоцорч байгаа мэт мэдрэмж төрөх.

    Уян хатан бус ажлын цагийн хуваарь
    09:00–18:00 ажлын цаг нь бага насны хүүхэдтэй ээжүүдэд тохиромжгүй байдаг.

    Нийгмийн хандлага, шүүмжлэл
    Хүүхдээ орхиод ажилд явахдаа гэмших мэдрэмж төрөх.

    Мөн түүнчлэн ээжүүдэд нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмж төрөх нь элбэг бөгөөд ядаргаа, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шинж тэмдгүүд нь ажлын бүтээмжийг бууруулдаг талтай. Зарим эхчүүд хүүхдээ гэртээ орхиод ажил дээрээ байх хугацаандаа хүүхдэдээ санаа зовж улмаар энэ нь сэтгэл зүйн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлдэг.

    Ээжүүд энэ байдлыг хэрхэн даван туулж болох вэ?

    Юуны түрүүнд гэр бүлийн бусад гишүүд болон найз нөхөдтэйгээ нээлттэй ярилцах, боломжтой бол мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө авах нь сэтгэл заслын хувьд болон зөв шийдвэр гаргахад чухал алхам болох юм. Мөн гэрээсээ уян хатан цагийн хуваарьтай ажил хийх боломжууд (график дизайн, контент бүтээх, онлайн багш, онлайн худалдаа, орчуулга зэрэг) нь эхчүүдэд сэтгэлзүйн тайвшрал, тодорхой хэмжээний орлого олох боломжийг олгох юм.

    Гэр бүлийн дэмжлэг нь ээжүүдийн хамгийн чухал тулгуур

    Гэр бүлийн дэмжлэг нь хүүхэд асрах цагийг хуваах, туслах хүн хөлслөх, ажил эхлэхээс өмнө үүрэг хариуцлагаа ойлголцох зэргээр ажлын болон гэр бүлийн амьдралын тэнцвэрийг хадгалахад тустай. Мөн богино хугацааны онлайн сургалтууд, хэлний курс, фриланс платформ ашиглалт зэргээр мэдлэг чадвар, мэргэжлээ сэргээж, дээшлүүлснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, цалин болон ажлын нөхцөлөө илүү үр дүнтэйгээр хэлэлцэх боломжтой болдог.

    Төрсний дараах сэтгэлзүйн хямрал бол нийтлэг тулгардаг асуудал бөгөөд ажилдаа эргэн орох шийдвэр нь ээж бүрээс зориг, итгэл, эргэн тойрны хүмүүсийн дэмжлэг зэргийг шаарддаг. Сүүлийн жилүүдэд уян хатан ажлын байрууд нэмэгдэж, олон ээж онлайн орлого олох боломжуудыг ашиглаж эхэлж байна. Та өөртөө итгэлтэйгээр шинэ алхам хийж, сэтгэлзүй, санхүүгийн тэнцвэрийг бий болгож чадна.

    Та ажил хайж байна уу?

    https://lambda.global/ хаягаар зочлон, Talent платформ дээр өөрийн мэдээллийг бүртгүүлээрэй. Танд тохирсон уян хатан ажлын байруудыг хайж, гэрээсээ ажиллах боломж бүрдүүлээрэй. Lambda таны цагийг хэмнэж, урам зориг өгнө.

    Төстэй нийтлэл: 

    Хүүхдээ харж буй ээжүүдэд: Орлого олох боломж

  • Хүүхэд төрүүлсний дараа ажилдаа хэзээ эргэн орох вэ?

    Хүүхэд төрүүлсний дараа ажилдаа хэзээ эргэн орох вэ?

    Хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүн бүрийн амьдралд тохиох хамгийн гайхамшигтай, үнэ цэнтэй мөчүүдийн нэг билээ. Гэвч энэ шинэ амьдралын хэмнэлийн хажуугаар ажил мэргэжлээ хадгалах, орлого олох, өөрийн гэсэн орон зайгаа эргүүлэн олох хүсэл бүгдэд нь байдаг. 

    Тэгвэл хүүхдээ төрүүлсний дараа яг хэзээ ажилдаа эргэн орох нь хамгийн оновчтой шийдвэр байх вэ? Хэт эрт ажил хөдөлмөр эрхэлбэл хүүхдээ асрах асуудалд хүндрэх үүсэх эрсдэлтэй, харин хэт оройтвол санхүү болон карьерын хувьд боломжоо алдах эрсдэл үүснэ. Тэр утгаараа энэ нь зүгээр ч нэг ажилдаа эргэн орно гэдэг бодлоор хязгаарлагдахгүй бөгөөд өөрийн эрүүл мэнд, сэтгэл зүйн бэлэн байдал, гэр бүл, хүүхэд, санхүүгийн боломж, цаашдын карьер гээд олон хүчин зүйлийг зэрэг тооцоолсон чухал шийдвэр болох учиртай.

    “Хэзээ ажилдаа буцаж орвол зүгээр бол?”, “Хүүхдээ хэнээр харуулах уу?”, “Өмнөх ажлаасаа татгалзаж, өөр шинэ боломж эрэлхийлэх үү?” зэрэг асуултууд олон ээжүүдийн толгойд өдөр бүр эргэлдэж, шөнө орондоо хөрвөөн боддог бодит асуудлууд гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

    Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, эрүүл мэндэд нь анхаарал тавих нь ээж, аавуудын хувьд хамгийн том хариуцлага. Гэхдээ орлогоо нөхөх, мэргэжлийн ур чадвараа мартахгүй байх, ирээдүйн карьераа тасалдуулахгүй байх нь ч мөн адил чухал. Тиймээс та ажилдаа эргэн орох шийдвэрийг гаргахдаа өөрийн амьдралын нөхцөл байдал, дотоод мэдрэмж, ирээдүйн зорилгоо ухаалгаар нягтлан үзэж, өөрт хамгийн зөв хувилбарыг сонгох нь хамгаас чухал гэдгийг онцолмоор байна.


    Ээж бүр өөр, шийдвэр ч ялгаатай

    Та яг одоо юу мэдэрч байна? Хүүхдээ хараад баяр жаргалаар дүүрэн ч заримдаа өөрийгөө бага зэрэг орхигдуулж эхэлж байна уу? Эдгээр нь яг л тантай адил бусад ээжүүдийн ч мэдэрдэг мэдрэмж юм. Та ганцаараа биш шүү.

    1. Та сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндийн хувьд ажлын ачааллыг даахад бэлэн үү?

    2. Таны хүүхдийг хэн харж, асрах боломжтой вэ?

    3. Гэр бүлийн санхүүгийн бодит байдал, нэмэлт орлого хэрэгтэй байна уу?

    4. Өмнөх ажлын байр таныг буцаан хүлээж авах уу?

    Эдгээр асуултад хариулахад та өөртөө хамгийн зөв хугацааг тодорхойлох боломжтой болох юм.

    Тэгэхээр Хэзээ ажилдаа эргэж орох вэ? гэдэг бол цаг хугацааны асуудал гэхээс илүү таны бэлэн байдал, амьдралын нөхцөл, зорилгын тухай асуулт байх нь.


     Хамгийн түгээмэл хугацаа: 6 сар – 1.5 жил

    Монголд олон ээжүүд дунджаар хүүхдээ 6–аас 12 сар хүрэхэд ажилдаа эргэн ордог.

    6 сар: Зарим ээжүүд энэ үеэс ажилдаа эргэн ордог. Хүүхэд нэмэлт хоол идэж эхэлдэг.

    12 сар: Энэ үеэс ихэвчлэн хүүхдээ цэцэрлэгт өгч эхэлдэг учраас гэрээсээ буюу зайнаас ажил хийх боломж хайж, зарим нь бүтэн цагаар ч ажиллах боломжтой болдог.

    1.5 жил: Ээжүүдийн ихэнх нь энэ үед карьертаа эргэн анхаарах хэрэгтэй болдог. Санхүүгийн хувьд тогтмол орлого хэрэгтэй болж ирнэ.


    Ажлын байранд бэлтгэх 5 алхамыг танд хүргэе

    1. CV танилцуулгаа шинэчлэх

    – Хүүхдээ асарч байх хугацаанд эзэмшсэн зарим чухал чадвар (төлөвлөлт, тэвчээр, цагийн менежмент) эдгээр нь ажлын чухал soft skill болох давуу талтай.

    2. Ажил хайх стратегиа тодорхойлох

    – Уян хатан цагийн хуваарьтай ажил
    – Хагас цагаар ажиллах боломж
    – Гэрээс ажиллах (remote job)
    – Цахимаар хийгддэг freelancing ажлууд

    3. Хэрвээ ажил хийвэл хүүхдээ хэнтэй үлдээх вэ?

    – Хамгийн том асуулт. Эмээ, өвөө, асрагч, ойр цэцэрлэг гээд бүгдийг эртнээс судалж, сэтгэл амар байхаар зохицуулаарай.

    4. Өөрийгөө бэлтгэх чухал мөч

    – Цагийн менежментээ шинэ нөхцөлд тааруулан сайжруулах
    – Сэтгэл зүйн хувьд ажилдаа эргэн ороход бэлдэх, дасах
    – Сургалт, семинар, хэлний хичээлүүдэд хамрагдаж мэдлэгээ сэргээх

    Ажилд орсон ч, хэрэгтэй чадварууд эзэмшиж орвол илүү амжилттай байх болно.

    5. Цаг үеэ зөв үнэлэх

    – Тухайн үеийн хөдөлмөрийн зах зээлд таны мэргэжлийн эрэлт байгаа эсэхийг судлах
    Ажил хайх вэбсайтад тогтмол хандаж, шинэ ажлын байруудаас хайлт хийх


    Хаанаас тохиромжтой ажил олох вэ?

    Та өөрийн боловсрол, ажлын туршлага, сонирхсон чиглэлийн тухай мэдээллээ lambda -д оруулахад л хангалттай. LAMBDA хиймэл оюун ухаан буюу AI технологиор таны мэдээллийг нарийн уншиж, CV-г ухаалгаар шинэчлэн, хамгийн тохирох ажлын заруудыг танд санал болгох болно.

    Ажилдаа эргэн орох шийдвэр нь бүх эмэгтэйчүүдэд ижил байдаггүй. Хамгийн гол нь өөрийн бие махбод, сэтгэл санаа, гэр бүлийн нөхцөл байдал, мөн ажлын орчиндоо тулгуурлан хамгийн зөв цагийг олж шийдвэр гаргах хэрэгтэй юм. Таны болон гэр бүлийн нөхцөл байдал, сэтгэлзүй, зорилгоос хамаарах билээ. Гэсэн хэдий ч та:

    • Өөртөө итгэж, алхам алхмаар урагшлан

    • Хүүхэдтэйгээ өнгөрөөх цагийг зөв зохицуулаарай

    Хүүхдээ хайрлаж халамжлахын зэрэгцээ өөрийн орон зайг хадгалах, орлогоо нэмэгдүүлэх нь хоёрын аль нэгийг золиослох ёстой гэсэн үг биш. Та аль алиныг нь тэнцвэртэйгээр авч явах боломжтой төдийгүй өөрийн болон хүүхдийнхээ сайн сайхны төлөө ухаалаг шийдвэр гаргаарай.

    Өнөөдөр ажил хайж буй ээж байж болох ч маргааш амжилттай карьертэй мэргэжилтэн болж чадна. LAMBDA таныг хэзээд дэмжинэ. Өөрт тохирсон ажлаа эндээс сонгоорой.


    Төстэй нийтлэл унших: Хүүхдээ харж буй ээжүүдэд: Орлого олох боломж