Tag: Ажил амьдралын тэнцвэр

  • Ажлын стрессээ багасгах энгийн зуршлууд

    Ажлын стрессээ багасгах энгийн зуршлууд

    Зарим өдрүүд яг л бидний эрч хүчийг дусал дуслаар нь сорж буй мэт санагддаг. Нүд нээхээс эхлээд л сэтгэл чинь ядраад, орой болоход ердөө л “амьд гарсан” мэдрэмж л үлддэг… Та ч бас энэ мэдрэмжийг мэдэрч байна уу?

    Орчин үеийн залуусын дийлэнх нь сэтгэлзүйн ядаргаа, ажлын стресс хоёрын заагийг мэдрэх завгүй ажиллаж байна. 2023 онд Statista-аас гаргасан судалгаагаар дэлхий даяар оффисын ажилчдын 48% нь “ажлын стрессээс болж нойргүйддэг” гэж хариулжээ. Харин 2022 оны American Psychological Association-ийн тайланд залуу ажилчдын 59% нь “ажлын ачаалал сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна” гэжээ. Монголын хувьд ч ялгаагүй хотын түгжрэл, цахим мэдээллийн урсгал, карьерын дарамт зэрэг нь биднийг ядаргаанд оруулдаг. Энэ нь зөвхөн ядрал биш, цаашлаад сэтгэл гутрал, мэргэжлээс халих шалтгаан ч болох боломжтой. Та энэ бүхнийг мэдэрч байвал ажлаас халшрах (burnout) эхний шинж тэмдэг илэрч байж мэднэ.

    Тиймээс өөрийнхөө төлөө 2-хон минут зарцуулж, халшралтын түвшингөө үнэлээд үзээрэй. Ажлаас халшрах тест бөглөх  Тестийн үр дүнд тулгуурлан та өөрийгөө илүү сайн ойлгож, ямар алхам дараа нь хэрэгтэй байгааг мэдэх боломжтой. Өөрийгөө хайрлах эхний алхам нь өөрийнхөө нөхцөл байдлыг ойлгохоос эхэлнэ.

    Гэхдээ сайн мэдээ ч бас бий. Ажлын стрессийг багасгах жижиг бөгөөд энгийн зуршлуудыг бид амьдралдаа хэрэгжүүлж болно.

    Өдөрт 10 минут “өөртөө амралт” өг

    Ажлын гол урсгалаас тасрах хэдхэн минутын завсарлага тархийг “дахин ачааллах” шиг л нөлөөтэй.

    • Гар утсаа хол тавиад зүгээр л гадаа алх. Цонхоор харах ч болно.
    • Юу ч бодохгүй 3 минут чимээгүй суух нь ч тархины амралт юм.

    Эдгээр нь жижиг мэт санагдавч, өдөрт хуримтлагддаг сэтгэлзүйн дарамтыг задлах анхны түлхүүр.

    Бүгдийг амжуулах гэж өөрийгөө шахахаа боль

    Тасралтгүй гүйж байгаа хүн хурдан алдардаг. Харин хэмнэлтэй урагшилдаг хүн тогтвортой амжилтад хүрдэг.

    • Ажлаа “заавал өнөөдөр хийх” vs. “дараа амжуулах” гэж хоёр ангил.
    • Том зорилтоо жижиг алхмуудад хуваа — ингэснээр толгой цэгцтэй, стресс багатай болно.

    “Үгүй” гэж хэлэх нь өөрийгөө хамгаалж буй үйлдэл

    Өөртөө шаардлагагүй ачааг үүрснээр чи сайн хүн болдоггүй, харин өөрийгөө мартаж эхэлдэг.

    • Дэмий шахалт, нэмэлт үүрэгт шууд “тийм” гэж хэлэхээс өмнө “надад боломж бий юу?” гэж бод.
    • Заримдаа “үгүй” гэж хэлснээр илүү чухал зүйлдээ “тийм” гэж хэлэх боломж гардаг.

    Ажлын стрессээс салах ганц том хариулт гэж байхгүй. Харин өдрийн турш өөрийгөө бага багаар дэмждэг зуршлууд л биднийг хамгаалж, хүчтэй байлгадаг. Чиний дараагийн алхам юу вэ? Хэрвээ яг хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа бол lambda.global руу орж, өөрт тохирсон боломжуудаа судлаарай. Энэ бол чиний өөртөө зориулах эхний алхам байж ч магадгүй.


  • Зуны Амралт ба Дижитал Детокс: Харилцаагаа Сэргээх Цаг

    Зуны Амралт ба Дижитал Детокс: Харилцаагаа Сэргээх Цаг

    Зуны улирал бол бидний хувьд зүгээр нэг амралт биш. Энэ бол өөрийгөө дахин таньж, сэтгэл зүйгээ тэнцвэржүүлж, хүний суурь чадваруудаа (human skills) сэргээх онцгой боломж юм. Гэхдээ бид үнэхээр энэ боломжийг ухаалгаар ашиглаж чаддаг уу?

    Ихэнх хүмүүс амралтаа ч гэсэн гар утсаа шалгаж, сошиал мэдээлэлд дарагдаж өнгөрөөдөг. Энэ нь сэтгэлээ амраах бус харин улам ядрааж, ажилдаа эрч хүчгүй буцаж ороход хүргэдэг. Тиймээс энэ зун бид амрахын зэрэгцээ дижитал детокс хийж, жинхэнэ харилцаа, өөрийгөө сонсох дадлыг эргэн олж авахыг уриалж байна.

    ЗУНЫ АМРАЛТ: Харилцаагаа сэргээх мөч

    Монголын зун бол бидний дотоод ертөнцийг тайтгаруулж, байгальтайгаа болон бусадтайгаа эргэн холбогдох хамгийн натурал, хүчтэй боломж юм. Ийнхүү түр завсарлага авах нь бидний мэдрэлийн системийг илүү тэнцвэржүүлэн тайвшруулж цаашлаад ажил амьдралын тэнцвэртэй байдлын гол суурь болдог. Хөдөө гадаа, байгалийн дунд өнгөрүүлэх цаг хугацаа нь хүний амьд харилцааг сэргээж, дараах суурь чадваруудыг хөгжүүлдэг:

    1. Сонсох Чадвар — Итгэлцлийн Эхлэл

    Чин сэтгэлээсээ сонсох нь харилцааны хамгийн хүчтэй суурь. Утасгүй уулзалт, хүний нүд рүү харан ярилцах нь бидэнд дахин итгэж, ойлгож, уялдаа холбоо үүсгэж сурах боломжийг олгодог.

    2. Асуулт Тавих, Ярианы Ухаан

    Сонсохын хажуугаар, цөөн үгээр оновчтой асуулт тавьж, хүнийг өөрийгөө илэрхийлэхэд урамшуулах нь даруухан боловч хүчтэй манлайллын нэг хэлбэр юм. Энэ нь өдөр тутмын яриаг гүнзгий ойлголцол руу хөтөлдөг.

    3. Empathy буюу Ойлгохыг Хичээх Сэтгэл

    Ялангуяа хөдөө өөр орчинд, өөр соёл, үзэл бодолтой хүмүүстэй уулзах нь биднийг хүлээцтэй байж сурахад, бусдыг шүүмжлэхийн оронд ойлгох гэж оролдох дадалтай болгодог. Энэ бол хувь хүний төлөвшилд маш чухал үнэт зүйл юм.

    ДИЖИТАЛ ДЕТОКС гэж юу вэ, яагаад хэрэгтэй вэ?

    Дижитал детокс гэдэг нь цахим төхөөрөмж, сошиал медиа, имэйл болон мессеж зэрэг мэдээллийн сувгуудаас ухамсартайгаар түр холдож, мэдээллийн хэт ачааллаас ангижрах завсарлага авахыг хэлнэ. Энэ нь таныг мэдээллээс хоцроох зорилготой биш, харин оюун санаагаа цэгцлэх, тархи сэтгэл зүйгээ амраах, стрессээ бууруулах, төвлөрөх чадвараа сайжруулах, шинэ санаа, бүтээлч эрч хүчээ сэргээх чухал орон зайг бий болгодог.

    Үнэн хэрэгтээ завсарлага авах нь зогсож байна гэсэн үг биш. Харин ч энэ нь дотоод сэргэлт хийж, илүү тэнцвэртэй, ухаалаг шийдвэр гаргах сэтгэлгээний үндэс суурийг тавих алхам болдог.

    Зуны амралт + Дижитал детокс = ӨӨРИЙГӨӨ СОНСОХ МӨЧ

    Монголын зун бол зүгээр нэг баяр наадам, хөдөө гадаа гарах үе бус— хүнд тайтгарал авчирч, дотоод ертөнц рүүгээ өнгийж, амьдралын хэмнэлээ эргэн харах онцгой цаг мөч юм. Ээлжийн амралтаа аваагүй ч ихэнх албан байгууллагууд тодорхой хэмжээгээр амарч таардаг тул энэ үеийг ашиглан та өөртөө илүү анхаарч болно. Хамгийн энгийнээр, өдөрт хэдхэн минутыг өөрийн бодол, мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд л хангалттай. Тухайн өдрийн сэтгэгдэл, уулзалт, санаанд орсон зүйлсээ тэмдэглэх нь таны оюун ухааныг цэгцэлж, сэтгэлээ тайвшруулж, бүтээлч сэтгэлгээг сэргээдэг.

    Энэ мэт амралтын энгийн дадлууд нь зөвхөн тайвшрал өгөөд зогсохгүй — сонсох, ойлгох, төвлөрөх зэрэг human skill-үүдийг ч хөгжүүлдэг. Харин эдгээр чадварууд нь ажил, харилцаа, карьерын өсөлтөд бодитоор нөлөөлдөг үнэ цэнтэй суурь болдог. Тиймээс зуны амралтыг зөвхөн амарч өнгөрүүлэх бус, өөртэйгөө холбогдох, дараагийн алхмын хүчээ нөхөх ховор боломж гэж харах нь зүйтэй.

    Эцэст нь хэлэхэд дижитал детокс,  зуны амралт, байгальтай ойрхон байх, бичих дадал зэрэг нь биднийг өөртэйгөө илүү гүн холбоо тогтоож, сэтгэл зүйгээ тэнцвэржүүлж, ухаалаг харилцаа, бүтээлч бодлыг сэргээхэд тусалдаг.

    Эдгээр нь амьдралд урам өгөөд зогсохгүй, ажлын бүтээмж, харилцааны чадвар, манлайллын чанарыг ч сайжруулдаг. Өнөөдрийн хурдтай, цахим нийгэмд бодит харилцаа, анхаарал төвлөрөл, ухаалаг сэтгэлгээ улам үнэд орж буй энэ цаг үед зуны амралтаа зөв ашиглах нь таны карьерт ч гэсэн урт хугацааны үнэ цэнийг бий болгоно.

    Тиймээс энэ зун — зүгээр нэг амралт биш, өөртөө хандах ухаалаг хөрөнгө оруулалт хийгээрэй. Ирээдүйн та, энэ өдрүүдэд өөрийгөө анхаарсан, амьд харилцаанд дахин орсон, сэтгэл оюуны хувьд сэргэсэн өөрөөрөө бахархах болно.

  • Хэрхэн Монголд амьдрангаа дэлхийн түвшний мэргэжилтэн болох вэ?

    Хэрхэн Монголд амьдрангаа дэлхийн түвшний мэргэжилтэн болох вэ?

    Өнөөдөр дэлхийн хэмжээнд ажиллах боломж заавал гадаадад амьдрах, гадаадад боловсрол эзэмшихтэй  холбоотой байх албагүй. Та Монголдоо суугаа ч дэлхийн томоохон компанид ажиллаж, олон улсын төсөл дээр туршлага хуримтлуулж, дэлхийтэй холбогдсон мэргэжилтэн болж чадна. Гол нь зөв чиглэл, тууштай чадвар хөгжүүлэлт, зөв платформыг ашиглах л юм.

    Монголд амьдарч буй олон залуус зайнаас ажиллах боломжийг ашиглан гадаад зах зээлд өөрийгөө таниулж, өндөр цалин, уян хатан ажлын орчин, олон улсын багт хамтран ажиллаж байна. Энэ бол боломж төдийгүй шинэ үеийн мэргэжилтнүүдийн сонголт болжээ.

    Монголдоо байнгаа  дэлхийн хэмжээнд ЯМАР АЖИЛ хийж болох вэ?

    Оршин сууж буй газар тань биш, харин ур чадвар, харилцааны соёл, зохион байгуулалт, дижитал хэрэгсэл ашиглах чадамж тань гадаад, дотоодын ажил олгогчдын хувьд хамгийн чухал шалгуур болжээ. Зайнаас ажиллахын тулд заавал IT мэргэжилтэн байх шаардлагагүй бөгөөд таны англи хэлний мэдлэг, оффисын үндсэн программ ашиглах чадвар байхад хангалттай ажлын чиглэл олон байна.

    Тухайлбал, харилцагчийн үйлчилгээний ажилтан (Customer Support) нь хэрэглэгчийн асуултад онлайн орчинд шуурхай, мэргэжлийн түвшинд хариу өгөх чадвартай байхыг л шаарддаг. Орчуулга болон бичгийн редактор нь хэлний мэдлэгээ ашиглан чанартай бичвэр, албан бичиг боловсруулахад чиглэдэг бол виртуал туслах буюу Virtual Assistant нь уулзалт товлох, e-mail хариулах, тайлан гаргах гэх мэт өдөр тутмын менежментийн ажлуудыг хариуцдаг. Эдгээр ажлуудыг та ч бас Монголдоо байнгаа хийж болно.

    Мөн график дизайны чадвараа сайжруулж визуал контент бүтээх, сошиал медиа менежерээр ажиллан бизнесүүдийн цахим орчинд харагдах байдлыг хариуцах, судалгаа болон дата оруулалтын ажилд оролцох, дижитал маркетинг, e-mail кампанит ажлыг удирдах, SEO стратеги боловсруулах зэрэг карьерын чиглэлүүд танд нээлттэй байна.

    Эдгээрийн ихэнх нь англи хэлтэй, интернэттэй, үндсэн оффисын хэрэгсэл, дижитал платформуудыг ашиглаж чаддаг хэн бүхэнд боломжийн хаалгыг нээж өгдөг. Тиймээс таныг дэлхийтэй холбох дараагийн шат хаанаас ч эхэлж болно.

    Дижитал чадвараа шат ахиул

    Интернэт холболттой хэн бүхэн дэлхийтэй холбогдож чаддаг болсон энэ үед дижитал ур чадвар бол суурь хэрэгцээ. Excel, Google Docs, Notion зэрэг оффисын хэрэгслүүдээс эхлээд, Canva, ChatGPT болон бусад бүх AI сайт, Trello, Slack зэрэг ажлын хэрэгслүүдийг эзэмшсэн байхад та хаана ч ажлын орчинд бэлэн байна гэсэн үг.

    Суралцахад туслах эх сурвалжууд:

    Зайнаас ажиллах боломжуудыг хаанаас олох вэ?

    Англи хэлтэй, үндсэн дижитал чадвартай хэн бүхэн дараах сайтуудаас олон улсын болон зайнаас ажиллах боломжуудыг олох боломжтой:

    Зайнаас ажил олгодог гол платформууд:

    • LinkedIn Jobs – Remote гэсэн шүүлтүүрээр олон ажлын байр гардаг.
    • We Work Remotely – Бүх ажлууд нь зайнаас хийх боломжтой.
    • Remote OK – Remote ангилал бүхий tech болон non-tech ажлууд.
    • Upwork, Fiverr – Жижиг, том төслөөр ажиллах фриланс платформууд.
    • Jobspresso – Хөгжүүлэгч, маркетер, бичгийн мэргэжилтнүүдэд зориулсан.
    • AngelList Talent – Startup болон remote ажилд төвлөрсөн платформ.

    Lambda Global зөвлөмж: хайлтаа хийхдээ “remote”, “freelance”, “work from home”, “virtual assistant” гэх мэт түлхүүр үгсийг ашиглаарай.

    Интернэт орчинд ӨӨРИЙГӨӨ ТАНИУЛАХ

    Та интернэтэд өөрийгөө “харагдахуйц”, “олдохуйц” байлгавал танд ажлын санал аяндаа орж ирэх өндөр магадлалтай. Ажил олгогчид таныг Google хайлт хийж шалгах нь энгийн үзэгдэл болсон тул өөрийгөө оновчтой, итгэл төрүүлэх байдлаар танилцуулах хэрэгтэй.

    LinkedIn бол таны хамгийн гол суурийн нэг. Зураг, товч танилцуулга, туршлага, ур чадварууд англи хэл дээр, мэргэжлийн түвшинд бүрэн бөглөгдсөн байх нь ажил хайх болон олон улсын зах зээлд хандахад онцгой чухал.

    Portfolio эсвэл Notion танилцуулга нь таны хийж байсан ажлууд, төслүүдийг хялбар, ойлгомжтой байдлаар харуулах хэрэгсэл. Ялангуяа дизайнер, орчуулагч, зохиолч,  Web хөгжүүлэгчдэд хэрэгтэй.

    Бичвэр ба контент ч мөн хүчтэй хэрэгсэл. WordPress, Medium, LinkedIn дээр өөрийн салбарын тухай хуваалцах, санал бодлоо илэрхийлэх нь таныг бодлоготой, мэргэжлийн хандлагатай хүн гэдгийг илтгэнэ.

    Харин уран бүтээлч, visual контент бүтээгч талдаа хүн бол Instagram, YouTube, TikTok зэрэг платформ дээр өөрийн ур чадвар, процесс, бүтээлийг хуваалцах нь ихээхэн анхаарал татах боломжийг олгодог. Контент бүтээх нь зөвхөн дагагч нэмэх биш, ажил олгогчдод бодитоор өөрийгөө “харуулах” хэрэгсэл болдог.

    Мэдлэгээ тогтмол шинэчил, СУРАЛЦ

    Та онлайн сургалтуудаар дамжуулан мэдлэгээ тогтмол шинэчилж чадна. Жишээлбэл YoutubeLinkedIn Learning, Google Career Certificates, HubSpot Academy зэрэг платформууд олон улсын чанартай, үнэ төлбөргүй эсвэл боломжийн үнэтэй сургалтууд санал болгодог.

    Мөн олон улсын webinar, workshop-т оролцох, өөрийн салбарын Discord болон Slack community-д гишүүнчлэлтэй байх нь шинэ чиг хандлага, технологи, сэтгэлгээтэй танилцах сайхан боломж болно. Glassdoor, Indeed зэрэг сайтаар дамжуулан гадаадын компаниудын соёл, ажлын байрны нөхцөл, цалингийн мэдээллийг судалж, өөрт тохирох орчныг илүү мэдрэх боломжтой.

    Сүүлийн үед Google, Meta, IBM зэрэг технологийн аварга компаниуд олон улсын чанартай онлайн сургалтуудыг гаргаж, төгсөгчдөдөө албан ёсны сертификат олгож эхэлсэн. EdX, Coursera, Udemy зэрэг платформууд дээрээс та “Google IT Support”, “Meta Social Media Marketing”, “UX Design” зэрэг хөтөлбөрүүдийг авч болно.

    Эцэст нь хэлэхэд хаана амьдарч, ямар гарал үүсэлтэй байх чинь биш, хэрхэн ажиллаж, хөгжиж байгаа чинь дэлхийн түвшний мэргэжилтэн болохыг тодорхойлдог. Олон улсын орчинд ажиллах хүсэлтэй бол, хаанаас ч, хэзээ ч эхэлж болно. Гол нь амбиц, суралцах хүсэл, нээлттэй сэтгэлгээ, хэлний чадвар хэрэгтэй.

    Монголдоо ажиллах нь ч олон үнэ цэнтэй чадварыг хөгжүүлдэг. Үндэсний соёлдоо суурилсан давуу тал, уян хатан байдал, шийдэл олох ур чадвар гээд гадаадад ч хэрэгтэй чанарууд ч Монголд их бий. Үүний тулд та Lambda Global -тай үргэлж цуг байгаарай. 

    Гадаад валютаар цалинжих, олон улсын туршлага хүсэж байвал, тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлсээр байх нь чухал. Монголд байнгаа ч дэлхийн түвшинд ажиллах боломж бий — гол нь зөв хандлага, зөв бэлтгэл юм. 

  • Жирэмсний амралт: Зогсонги үе биш, шинэ боломжийн эхлэл

    Жирэмсний амралт: Зогсонги үе биш, шинэ боломжийн эхлэл

    Жирэмсний амралт гэдэг нь ердөө нэг “амралт” биш юм. Энэ бол амьдралын хамгийн эмзэг, хариуцлагатай, цаг хугацаа шаардсан, бэрхшээлтэй ажлын нэг. Ээж байна гэдэг бол 24/7 ажил – өглөөнөөс орой хүртэл, заримдаа шөнөжин ч үргэлжлэх бүтэн цагийн, зүрх сэтгэлээсээ хийдэг ажил юм. Энэ хугацаанд олон эмэгтэй “ажил хийхгүй байна” гэх буруу ойлголтоор өөрийгөө голох, үнэ цэнээ бууруулж харах тохиолдол цөөнгүй байдаг.

    Үнэн хэрэгтээ, энэ үе бол таны хувьд хамгийн их хүч зарцуулж, хамгийн их үнэ цэнэ бүтээж байгаа мөчүүдийн нэг юм. Та нэгэн зэрэг асран хамгаалагч, сэтгэл зүйч, хоолны мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан, зохион байгуулагч, төсөв зохицуулагч, багш, найз, хамтрагчийн үүргийг гүйцэтгэж байна гэсэн үг. 

    ӨӨРИЙГӨӨ АЛДАХГҮЙ БАЙХ 

    Эмэгтэйчүүд хүүхдэдээ бүхнээ зориулан байхдаа өөрсдийгөө “түр азнасан” мэт, “түр хойш тавигдсан” мэт мэдрэх нь түгээмэл. Харин ч энэ үедээ та өөртөө өмнөхөөсөө илүү анхаарал тавих ёстой. Учир нь бие махбод, сэтгэл санаа, дааврын хувьд та маш их өөрчлөлтөд ордог үе тул, өөрийгөө маш сайн анхаарах хэрэгтэй. 

    Өөрийгөө гээхгүй байх гэдэг нь заавал карьер хөөх, бүтээлч үр дүн гаргаж, сертификат цуглуулах тухай биш. Энэ бол “доторх хүнтэйгээ холбоотой хэвээр үлдэх” тухай юм.

    • Өглөө бүр өөрөөсөө “Би өнөөдөр ямар мэдрэмжтэй байна вэ?” гэж асуух
    • Хэдэн минут ч болов ганцаараа юу ч хийхгүй суух
    • Багахан ч гэсэн сонирхол, мэдлэгийн шинэ сэдвээр тархиа сэргээх
    • Сардаа нэг удаа өөрийн нэр дээр төлөвлөгөө гаргах гэх мэт…

    Ээжүүдийн өдөр тутмын амьдралд нуугдсан ЧАДВАРУУД

    Хүүхдээ өсгөж, гэр бүлээ удирдаж явахын зэрэгцээ та олон чиглэлд зэрэг ажиллаж чаддагаа өдөр бүр баталж байдаг. Энэ бүхэн хэзээ ч хөнгөн байдлаар “гэрийн ажил” гэж нэрлэгдэх зүйл биш. Харин ч эсрэгээрээ — асуудлыг хурдан шийдвэрлэх, сэтгэл хөдлөлийг тэнцвэртэй удирдах, цагийн менежмент хийх, стратеги төлөвлөх зэрэг өндөр ур чадваруудыг хөгжүүлж буй мэргэжлийн практик юм. Та хүүхдийн хоол тэжээлээс эхлээд хуваарийн нарийн зохион байгуулалт, сэтгэл зүйн дэмжлэг, сургалтын эхлэл хүртэл олон үүргийг давхар гүйцэтгэж байна. Энэ бүхэн таны амьдралд хуримтлагдаж буй бодит туршлага бөгөөд ажлын ертөнцөд ч үнэ цэнтэйгээр тооцогддог чадварууд юм.

    Жирэмсний амралтын үеийг ШИНЭ БОЛОМЖ болгон хувиргах нь

    Ажлын орчноос түр хөндийрөх нь анхандаа тодорхойгүй байдал, эргэлзээ төрүүлдэг ч үүнийг стратегийн давуу тал болгон хувиргах боломж үргэлж бий. Ирээдүйн мэргэжлийн чиглэлээ дахин тунгаах, шинэ чадвар эзэмших, хувийн төсөл эхлүүлэх зэрэг нь энэ үеийг үнэ цэнтэй өсөн дэвжих цаг болгоход тохиромжтой. Та өдөр тутамдаа гаргаж чадах 30–60 минутын дотор урт хугацаандаа үр дүн авчрах хүчтэй суурь  чадварт суралцаж чадна.

    Дижитал чадвар (Digital Literacy) — орчин цагийн суурь чадварыг илүү өндөр түвшинд эзэмших боломж

    Хувийн хөгжилд чиглэсэн хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалтын нэг бол дижитал цахим орчны ур чадварууд юм. Эдгээрийг эзэмшихэд заавал өндөр өртөг шаардлагагүй бөгөөд зөвхөн интернэт холболт, гар утас эсвэл компьютер байхад хангалттай. Slack, Microsoft team, Google Workspace ашиглан ажлын үр дүнтэй харилцаа зохион байгуулах, Canva дээр контент бүтээх, WordPress эсвэл Notion дээр блог, мэдээллийн платформ хөтлөх, Glassdoor, LinkedIn-ээр мэргэжлийн танилуудаа нэмэгдүүлэх зэрэг нь карьерын хувьд маш хэрэгцээтэй суурь чадварууд юм.  Хүсвэл AI ашиглан  Youtube Video хүртэл хийж болно. Та хэр удаан хөдөлмөрийн орчноос хол байх нь ер хамаагүй, гол нь танд компьютер, интернэт байхад л та ирээдүйд ямар ч ажилд ороход хэрэг болох суурь ур чадвараа хувийн блог, хувийн төслүүд хийнгээ суралцаад авах бүрэн боломжтой. Орчин үеийн ажилд хэрэглэгддэг бүх, платформ, хэрэгслүүдийг та бараг бүгдийг нь үнэгүй хэлбэрээр ашиглах боломжтой байгааг санаарай. 

    Хүүхдээ харангаа орлого олох боломжуудын талаар та энд дарж илүү дэлгэрэнгүй мэдээлэл, санаануудыг Lambda Global – с олж уншиж болно.

    ЖИРЭМСНИЙ АМРАЛТ — Маргаашийн өөртөө итгэх итгэлийн эхлэл

    Жирэмсний амралт бол зогсонги үе биш — харин таны дотоод хүчийг нээж, ирээдүйн өөрийгөө илүү ухаалгаар бүтээж, төлөвлөх үе. Хүүхдээ харахын зэрэгцээ та өдөр бүр үнэт туршлага, амьдралд хэрэгтэй чадваруудыг бодитоор хуримтлуулж байгаа.

    Энэ хугацаанд өөрийгөө мартах бус, илүү сайн хувилбараа бэлтгэхийн төлөө зорилготой, ухаалаг алхмуудыг хийгээрэй. Өнөөдрийн энгийн мэт санагдах хүчин чармайлт таны маргаашийн өөртөө итгэлтэй, бүтээлч, сэтгэл хангалуун амьдралын суурь болно.

  • Ээлжийн амралтаа хэзээ авах нь оновчтой вэ? Зун vs Өвөл – Амралтаа зөв төлөвлөх нь

    Ээлжийн амралтаа хэзээ авах нь оновчтой вэ? Зун vs Өвөл – Амралтаа зөв төлөвлөх нь

    Ажил, амьдралын эрчтэй хэмнэл дунд зөвхөн тайлан, төсөв, бүтээмжтэй байх бус, өөрийн бие махбод, сэтгэл санаагаа сэргээх цаг хугацааг ухаалгаар сонгох нь чухал болсон. Монгол орны улирлын онцлогийг харгалзан үзэхэд, “Хэзээ амрах вэ?” гэхээс илүү “Амралтаа хэрхэн зөв төлөвлөж, илүү үр дүнтэй ашиглах вэ?” гэдэг асуулт илүү чухал болдог.

    Lambda Global-ийн хувьд бид амралтыг зөв төлөвлөж чадвал ажлын бүтээмж эргэн сэргэж, илүү тогтвортой амжилт руу хөтөлдөг гэж үздэг. Ингээд зуны болон өвлийн амралт тус бүр ямар үр нөлөөтэй байж болохыг хамтдаа авч үзье.

    ЗУНЫ АМРАЛТ: Эрч хүчээ нөхөх, шинэ санаа олох үе

    Зуны богинохон хугацаа нь монголчуудын хувьд байгальд ойр байж, хотын стрессээс хэсэг хугацаанд холдох хамгийн таатай боломж юм. Нарны гэрэл, ногоон байгаль хүний сэтгэл зүйд эергээр нөлөөлж, бүтээлч сэтгэлгээ сэргэдэг.

    Хамт олонтойгоо цэвэр агаарт арга хэмжээ зохион байгуулах, харилцаагаа бэхжүүлэх, мөн байгалийн үзэсгэлэнт газарт дижитал амьдралаас түр холдох нь таныг амралтын дараа илүү эрч хүчтэйгээр ажлаа эхлүүлэхэд тусална.

    Харин нэг зүйлийг анхаарах хэрэгтэй – зуны улиралд аялал жуулчлалын оргил үе учраас үнэ ханш өсөж, зарим газруудад захиалга дүүрсэн байх нь элбэг. Иймээс хэрвээ зун амрах төлөвлөгөөтэй бол 3-4 сарын өмнө захиалгаа хийж, ажлынхаа хуваарийг сайн тохиролцох нь зүйтэй.

    ӨВЛИЙН АМРАЛТ: Тайвшрах, эргэцүүлэх боломж

    Өвөл бол гадагшаа гарах боломж харьцангуй бага байдаг ч, дотоод сэтгэлдээ төвлөрч, өөрийгөө хөгжүүлэхэд тохиромжтой үе юм. Хөдөлгөөн бага, аниргүй орчинд шинэ мэдлэг авах, төлөвлөгөө боловсруулах, ирэх жилийн зорилгоо тодорхойлох зэрэг оюуны төвлөрөл шаардсан зүйлсийг хийхэд хамгийн тохиромжтой.

    Мөн энэ үед аяллын зардал харьцангуй хямд байдаг бөгөөд агаарын бохирдол ихэсдэгтэй холбогдуулан, түр хугацаанд цэвэр агаартай бүс рүү явах, эсвэл эрүүл мэндийн амралтын хөтөлбөрт хамрагдах нь эрүүл мэнддээ анхаарал хандуулах сайн арга юм.

    Ээлжийн амралтаа хэрхэн зөв төлөвлөх вэ?

    Зуныг сонговол тохиромжтой шалтгаанууд:

    • Та шинэ санаа, урам зориг авах хэрэгцээтэй байгаа бол
    • Хамт олонтойгоо харилцаагаа сайжруулах шаардлагатай бол
    • Өвлийн улиралд ажил ихтэй байдаг бол

    Өвлийг сонговол тохиромжтой шалтгаанууд:

    • Та төлөвлөгөө, сургалт зэрэг дотоод төвлөрөл шаардсан ажил эрхэлдэг бол
    • Зардлаа хянахыг хүсэж байвал
    • Агаарын бохирдлоос түр хугацаанд холдохыг хүсэж байвал

    Хосолсон хувилбар (туршлагатай хүмүүст):
    Зарим хүмүүс өвөл богино хугацаанд тайван орчинд амарч, зуныг илүү идэвхтэй аяллаар өнгөрөөж хоёр өөр төрлийн амралтыг уялдуулан хэрэглэдэг. Энэ нь жилийн турш эрч хүчээ тэнцвэртэй хадгалах боломжийг бүрдүүлдэг.

    Хэзээ, яаж амрахаа хэрхэн сонгох вэ?

    1. Өөрийн байдалд үнэлгээ хий: Сүүлийн үед танд юу дутагдаж байна вэ – эрч хүч үү, төвлөрөл үү?
    2. Ажлын хуваариа хар: Ямар үед ажил бага, ачаалал бага байдаг вэ?
    3. Амралтаас юу хүлээж байгаагаа тодорхойл: Тухайн хугацааны дараа таныг юугаар сэргэж, шинэчлэгдсэн байлгахыг хүсэж байна вэ?

    Амралт бол зүгээр нэг завсарлага биш

    Ээлжийн амралтаа зөв төлөвлөж, өөрийн амьдралын хэмнэлд уялдуулан ашиглах нь урт хугацааны амжилт, бүтээмж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чухал түлхүүр болдог. Монгол орны улирлын онцлогийг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн ухаалгаар ашиглах нь л гол нь юм.

    Lambda Global нь танд зөвхөн ажлын бүтээмжээ сайжруулах төдийгүй амьдрал, ажил хоёрыг уялдуулах илүү ухаалаг шийдлүүдийг санал болгодог. Хэрэв та өөрт тохирсон амралтын стратеги, урт хугацааны бүтээмжээ дэмжих арга зам хайж байгаа бол — бидэнтэй цуг байгаарай.

     

  • Ажил амьдралын тэнцвэр: Амжилтаас илүү үнэ цэнтэй зүйлс

    Ажил амьдралын тэнцвэр: Амжилтаас илүү үнэ цэнтэй зүйлс

    Орчин үеийн амьдралын хурдтай хэмнэл, үүрэг хариуцлагын дунд бид үргэлж урагш тэмүүлж, амжилт, зорилгодоо төвлөрсөөр байна. Гэвч хамгийн үнэ цэнтэй зүйлс бол өөртөө болон хайртай хүмүүсээ, гэр бүлдээ зориулах цаг юм. Заримдаа ажлын ачаалал, олон үүрэг даалгавар дунд нэг орой хамтдаа хооллох, дотнын хүмүүстэйгээ уулзах нэг цаг ч үнэтэй, ховордсон мэт санагдах үе олонтаа тохиолддог. Бид нэгэнтэйгээ таархаараа хамгийн түрүүнд Амьдрал сайн уу? биш харин Ажил сайн уу? гэж асуудаг.

    Гэвч бодож үзвэл, амьдралын жинхэнэ утга учир нь албан тушаал, цалин хөлсөөс илүүтэй биднийг ойлгож, дэмжиж, хайрлаж буй хүмүүсийн дэргэд байдаг. Тиймээс амьдралын хэмнэлээ зөөллөн, гэр бүлдээ, өөртөө илүү цаг зарцуулахыг хичээнэ гэдэг нь зүгээр нэг чөлөө авах биш, харин өөрийгөө дахин олж, сэтгэлээ амар амгалан болгож, жинхэнэ аз жаргалыг бүтээх урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Эцсийн эцэст амьдралын үнэ цэнэ бол бидний хажууд үргэлж байдаг хүмүүсийн анхаарал халамж, дулаан харцанд оршдог гэдгийг мартаж болохгүй билээ.

    Цагийн менежмент буюу бүх зүйл төлөвлөлтөөс эхэлнэ 

    Өдөр тутмын ажлаа ухаалгаар төлөвлөж, тэнцвэртэй хуваарилж сурах нь амьдралыг хөнгөвчилж, стрессийг бууруулахад чухал нөлөөтэй. Өдрийг тодорхой төлөвлөгөөтэй угтсанаар юу хийх вэ хэмээн санаа зовохгүйгээр үр дүнтэй эхлүүлж чадна. Мөн гэр бүлдээ зориулах цагийг тогтмол гаргах нь амьдралд дулаан уур амьсгал нэмнэ. Тухайлбал, оройн 7-9 цагийг утсаа хол тавиад, зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх гэр бүлийн цаг болгоорой.

    Харин амралтын өдрүүдийг бүр ажлаас ангид байлгаж, ажилдаа санаа зовж, и-мэйлээ шалгахын оронд байгальд зугаалах, гэр бүлийн хамт ямар үйл ажиллагаа төлөвлөн жинхэнэ утгаар нь амрахыг хичээх хэрэгтэй юм.

    Өөрийгөө марталгүй хайрлаж байх нь бас чухал

    Өөрийгөө анхаарч, сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах нь бүх зүйлд эерэгээр нөлөөлдөг. Ингэхийн тулд та дараах бяцхан зөвлөгөөтэй танилцаарай.

    • Өдөрт хамгийн багадаа 30 минутыг зөвхөн өөртөө зориулах: Ном унших, кофе ууж суух, дуртай дуугаа сонсох гэх мэт.

    • Энгийн мэт боловч эрүүл амьдралын үндэс нь чанартай нойр авах, эрүүл хооллох зуршлууд байдаг.

    • Хобби, сонирхлоо хөгжүүлэх замаар стрессээ бууруулж, сэтгэл санаагаа сэргээгээрэй.

    Харилцан ойлголцол болон дэмжлэг 

    Гэр бүл гэдэг хамтын аялал бөгөөд энэ замд учрах ачаалал, урам хугаралт, баяр баяслыг хамтдаа туулж, хуваалцаж чадвал харилцаа улам бат бөх болдог. Хариуцлагыг тэнцвэртэй хуваах, жишээлбэл хоол хийх, хүүхэд асрах, санхүүгийн шийдвэр гаргах зэрэгт хамтдаа оролцох нь бие биенээ ойлгож, дэмжих сэтгэлийг нэмэгдүүлдэг. Мөн нээлттэй ярилцаж сурах нь сэтгэлээ хуваалцах үндэс болдог учиртай.

    “Юу мэдэрч байна?”, “Яаж туслах вэ?” гэх энгийн асуултууд ч тухайн хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чухал түлхүүр байж чадна. Үүнээс гадна өдөр тутмын амьдралд “баярлалаа” гэх талархлын үгийг байнга хэрэглэж хэвших нь жижиг зүйлсийг ч үнэ цэнтэй болгож, хайр, хүндлэлийг улам бэхжүүлдэг.

    Танд амралтаас илүү өөрчлөлт хэрэгтэй

    Сүүлийн үед ажил тань урамгүй санагдаж, өглөө сэрэхэд ч таатай биш санагдаж байна уу? Тэгвэл энэ нь “burnout” буюу ажлаас халшрах хам шинж/мэргэжлийн ядаргааны нэг дохио байж магадгүй.

    Burnout нь зөвхөн биеийн ядаргаа төдий биш бөгөөд сэтгэл зүй, оюун санааны ядаргаа юм. Burnout-ын үед хүн бие махбодь туйлдаж, хийж буй бүхэн утгагүй мэт санагдан, сэтгэл санаа тогтворгүй болж, бүтээлч байдал нь буурч мөн хүмүүстэй харилцахаас зайлсхийдэг. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилвэл сэтгэл гутрал, нойрны хэм алдагдах, тогтворгүй сэтгэл зүй, цаашлаад бие махбодын өвчлөл ч бий болох аюултай юм.

    Тэгвэл яах хэрэгтэй вэ? 

    1. Түр зуур ажлаа хойш тавь. 1-2 хоног өөрийгөө тусгаарлаж, юу ч хийхгүй байхыг өөртөө зөвшөөр.

    2. Хуваалц, бүү дотроо хадгал. Найз нөхөд, гэр бүлдээ мэдрэмжээ ярь. Ядарч байгаагаа хэлж илэрхийлэх нь заримдаа өөрчлөлтийн эхлэл болдог.

    3. Шинэ хобби эхлүүлэх, буюу өөр ур чадварууд сурах нь сэтгэл санааг сэргээнэ.

    4. Иог, алхалт, амьсгалын дасгал зэрэг нь бие махбодоор дамжуулж сэтгэл зүйг мөн тайвшруулдаг.

    5. Шинэ замналыг тунгаах мөч. Заримдаа ажлаас халшрах хам шинж нь амьдралын дараагийн шат руу шилжих цаг болжээ гэсэн дохио байдаг. Ажлаа солих, чиглэлээ өөрчлөх, эсвэл түр завсарлага авах нь зугтах биш өөрийгөө хайрлах төдийгүй эерэг өөрчлөлт хийх алхам болохыг үгүйсгэхгүй юм.

    Монголын залуусын дунд “burnout” нэмэгдсээр байна. Сэтгэл зүйн эрүүл мэндээ тэнцвэртэй байлгахын тулд түр ч гэсэн амсхийж, өөртөө анхаарах нь сул дорой байдал биш харин ч ухаалаг, зоримог шийдвэр байх болно. Амрах эрх, өөрийгөө эргэн таних боломж, амьдралынхаа утга учрыг шинээр тодорхойлох боломжийг өөртөө олгоорой.

    Ажил амьдралын тэнцвэр гэдэг нь зөвхөн карьерт амжилт гаргах биш, эрүүл бие, тогтвортой сэтгэл зүй, аз жаргалтай амьдралын үндэс билээ.

     LAMBDA Burnout-ын тест    та өөрийгөө шалгаж үзээд, одоогийн мэдрэмждээ дүгнэлт хийгээрэй. 

  • Зайнаас ажиллах ажлын байранд хэрхэн бэлтгэх вэ?

    Зайнаас ажиллах ажлын байранд хэрхэн бэлтгэх вэ?

    Унших: Зайнаас Ажиллах Боломжтой Ажил Мэргэжлүүд

    Зайнаас ажиллах буюу “Remote work” нь сүүлийн жилүүдэд буюу цар тахлын дараагаас улам бүр түгээмэл болж, олон олон байгууллага өөрсдийн ажилчдын ажлын орчныг гэртээ эсвэл дуртай газарт ажиллах боломжийг олгох болжээ. Энэ нь ажил амьдралын тэнцвэрээ зөв удирдах, өөрийн хүссэн орчиндоо ажиллах зэрэг олон давуу талтай ч, энэ хэлбэрт шилжин ажиллах нь бас өөрийн  гэсэнонцлог, сорилтуудтай. Тиймээс хэрвээ та зайнаас ажиллах ажлын байранд өөрийгөө бэлтгэж байгаа бол энэ нь зөвхөн техник хэрэгслүүдтэй холбоотой асуудал биш, харин сэтгэл зүйн болон зохион байгуулалтын олон талын уялдааг ханган ажиллах чадварыг шаардах юм.

    Энд дарж lambda.global дээр нийтлэгдсэн зайнаас ажиллах боломжтой ажлын байруудтай танилцана уу.

    1. Техникийн бэлтгэл:

    Зайнаас ажиллахад шаардлагатай анхны зүйл бол өөрийн ажлын орон зайг бүрдүүлэх явдал юм. Та компьютертэй, мөн тасалдалгүй, хурдан интернет холболттой байх хэрэгтэй. Зарим байгууллагууд ажилчдынхаа хэрэгсэл, програм хангамжийг хангаж өгдөг ч, хэрэв та бие даан ажиллах бол дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

    • Компьютер болон төхөөрөмж: Жишээ нь, цахим шуудан, видео дуудлага хийх, ажлын төлөвлөгөө хийхэд зориулагдсан үйлдлийн систем, програмуудтай тохирох компьютер хэрэгтэй. Дахин хэлэхэд, хурдтай интернет холболт нь зайнаас ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
    • Програм хангамж: Хэрэгцээт программуудаа суулгах. Үүнд, видео дуудлага хийх програм (Zoom, Microsoft Teams), хувийн болон ажлын мэдээллийг хуваалцах програм (Google Drive, Dropbox, OneDrive), төслийн менежментийн програмууд (Trello, Asana, Monday.com) орно.
    • Цахим аюулгүй байдал: Зайнаас ажиллахад өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах, эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. VPN ашиглах, хоёр алхамт баталгаажуулалт (2FA) хэрэглэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.

    2. Ажиллах орчин:

    Зайнаас ажиллах нь гэртээ эсвэл өөрт тохиромжтой орчинд ажиллах боломжийг олгодог ч, зөв орчин бүрдүүлэх нь чухал. Учир нь өөрт тохирсон орчинг  цагаа бүрэн үр дүнтэй зохион байгуулж чадахгүй байх, ажилдаа төвлөрч чадахгүй байх зэрэг эрсдлүүд үүсдэг. Тиймээс:

    • Тохиромжтой орчин: Ажлын орчин тухтай байж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх ёстой. Энэ нь танд тохиромжтой ширээ, сандал, гэрэлтүүлэгтэй орчин байх шаардлагатай гэсэн үг.
    • Ажлын орон зайг тусгаарлах: Хэрэв гэртээ ажиллаж байгаа бол, ажлын орон зайг гэрийн бусад хэсгээс тусгаарлах хэрэгтэй. Энэ нь сэтгэл зүйн хувьд ч, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах болно.

    3. Цагийн менежмент:

    Зайнаас ажиллах нь өдөр тутмын амьдралын хэв маяг болон цагийн менежментэд шинэ зохион байгуулалт хийхийг танаас шаардана. Учир нь зайнаас эсвэл гэрээсээ ажиллах үед хүмүүст албан ёсны ажлын цагийн хуваарийн хяналтаас гарч, заримдаа илүү их цаг зарцуулж түүнээсээ ядарч сульдан, бүтээмж нь буурах магадлалтай байдаг. Тиймээс:

    • Ажлын цагийг барих: Өдрийн цагийн хуваарийг яг тодорхойлж, ажлын цагийнхаа эхлэл, төгсгөлийг зааж, амралт болон завсарлагын цагаа ч хуваарилах хэрэгтэй.
    • Төлөвлөгөө гаргах: Өдөр тутмын болон долоо хоногийн төлөвлөгөө гаргаж, тэргүүлэх ач холбогдол бүхий ажлуудаа эхлүүлэх нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал.

    4. Харилцаа холбоо, хамтран ажиллах:

    Зайнаас ажиллах үед ажлын байр болон ажлын хамт олны дунд үүсэх хамгийн гол өөрчлөлт нь баг хамт олонтой хамтран ажиллах үед үүсэх харилцаа болон мэдээлэл солилцоход тулгардаг асуудлууд байдаг. Тиймээс баг хоорондын харилцааг зохицуулахын тулд энгийн, шуурхай харилцааг илүүд үзэх хэрэгтэй. Тиймээс:

    • Шууд харилцаа: Ажлын явц, асуудал шийдэх, санал солилцох гэх мэт бүх зүйлд шуурхай холбоо барих шаардлага гарна. Үүний тулд цахим шуудан, мессенжер програмууд болон видео дуудлагыг ашиглаж байх нь чухал.
    • Далд харилцаа: Зайнаас ажиллахдаа хүмүүст хоорондоо “бие биетэйгээ уулзах” боломжгүй учраас харилцаа холбоо болон нэг нэгэндээ урам өгөх нь тун чухал. Энэ нь багийн бүтээмжид шууд нөлөөлдөг.

    5. Сэтгэл зүй болон өөрийгөө удирдах:

    Зайнаас ажиллах нь нэг талаараа танд хүссэн орчиндоо өөрийн таваар ажиллах боломжыг олгох давуу талатай ч, заримдаа ажлын ачаалал, цагийн менежмент, ганцаардах зэрэг сэтгэл зүйн асуудалтай тулгарч болзошгүй. Тиймээс:

    • Сэтгэл зүйгээ анхаарах: Гэрээсээ ажиллах үед сэтгэл санаа хямрах, ганцаардах магадлал их байдаг. Тиймээс өөрийнхөө сэтгэл зүйд анхаарал хандуулж, гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найзуудтайгаа харилцаж байх нь чухал.
    • Завсарлага авах: Өдөртөө завсарлага авч, биеийн болон сэтгэл зүйн амралт авах хэрэгтэй. Гадаа гарч алхах, ном унших, эсвэл хоббигоо хөөх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.

    6. Зохион байгуулалт:

    Зайнаас ажиллахын хамгийн чухал нь өөрөө өөртөө бүрэн хариуцлага хүлээж өөрийгөө зөв зохион байгуулах шаардлагатай. Учир нь таны ажлын үр дүн гүйцэтгэл нь зөвхөн таниас өөрөөс тань хамаарч эхлэх тул хувийн зохион байгуулалтыг чухалчлах хэрэгтэй.

    • Өөрийгөө хариуцлагатай байлгах: Ажлын үр дүн нь зөвхөн таны хариуцлагаар хамаарна. Хийсэн ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх, өөртөө тайлагнах, гүйцэтгэлийг үнэлэх нь тусална.
    • Тогтмол үнэлгээ хийх: Хийж байгаа ажлынхаа дүнг эргэн харж, хаана сайжруулалт хийх шаардлагатайг ойлгох нь сэтгэл ханамж, бүтээмжийг хадгалж үлдэхэд тусалдаг.

    Зайнаас ажиллах нь хүн бүрт өөрийн хүссэн орчиндоо ажиллах хэрэгцээтэй, олон боломжуудыг нээж өгч байгаа ч, энэ нь зохион байгуулалт, өөрийн хариуцлага, технологийн дэмжлэг зэрэг олон хүчин зүйлийг шаарддаг. Техник хэрэгсэл, ажлын орчин, цагийн менежмент, харилцаа холбоо, сэтгэл зүйн тэвчээр — эдгээр бүх зүйлсийг бүрэн дүүрэн бэлтгэсэн байх үед та зайнаас илүү амжилттай үр дүнтэй ажиллах болно.