Tag: ажилхайх

  • Ажил хайхдаа анхаарах 10 чухал зүйл

    Ажил хайхдаа анхаарах 10 чухал зүйл

    Ажил хайна гэдэг бол зүгээр нэг зарын дагуу анкет бөглөөд, хариу хүлээж суухаар хязгаарлагддаггүй үйл явц бөгөөд энэ нь амьдралын дараагийн алхмаа төлөвлөх, мэргэжлийн өсөлт хөгжил, хувийн зорилгоо биелүүлэх чухал үе шат юм. 

    Хэсэг зуур ажил эрхлэхгүй байх нь хувь хүнийг бухимдалтай, тодорхойгүй байдалд хүргэж болох ч үүнийг шинэ боломжуудыг эрэлхийлж, өөрийгөө илүү сайн таньж мэдэх сайхан боломж хэмээн харах нь зөв юм. Өөрт хамгийн сайн тохирох ажлаа олохын тулд бид анкет бөглөхөөс илүү зүйлийг хийх шаардлагатай болдог. Үүнд өөрийгөө бэлтгэх, зорилгоо тодорхойлох, зах зээлээ ойлгох, сэтгэлзүйгээ ч давхар бэлдэх зэрэг хамаарна.

    Ажил хайж буй тухайн хугацаа танд өөрийгөө нээх, юунд үнэхээр дуртай вэ гэдгээ ойлгох, мөн ирээдүйн замналаа илүү ухаалгаар төлөвлөх ховор боломжийг өгнө гэдэгт бүү эргэлзээрэй. Хэрвээ та системтэй, зорилготойгоор ажил хайж чадвал зөвхөн ажилтай болох бус харин сэтгэл ханамжтай, тогтвортой, өөрийн хөгжлийг дэмжих орчныг бий болгох бодит боломжийг олж авах юм.

    Тэгвэл юунд анхаарч, хэрхэн энэ үйл явцыг илүү үр дүнтэй, ухаалгаар давж гарах вэ? Энэхүү нийтлэлээр бид ажил хайж буй талентуудын амжилттай ажлаа олоход туслах заавал анхаарах ёстой 10 чухал зүйлийг танилцуулж байна.

    1. Өөрийгөө зөв тодорхойлох

    Ажил хайх эхний алхам бол өөрийгөө сайн таньж мэдэх юм. Та ямар чиглэлд, ямар төрлийн ажилд хамгийн тохирох вэ? Таны мэдлэг, туршлага, ур чадвар юунд илүү тохирох вэ? Энэ бүхнийг тодорхой болгоогүй байхад зөв ажилд орох магадлал тэр хэмжээгээр багасдаг. Өөрийгөө тодорхойлох нь таны ажил олох зорилгыг илүү нарийвчлан чиглүүлж өгнө.

    2. Мэргэжлийн CV бэлдэх

    CV бол таныг ажил олгогчид танилцуулах нэрийн хуудас юм. Хэт урт, эмх замбараагүй, алдаатай CV таныг ажилд авахаас татгалзах шалтгаануудын нэг болдог. CV-г нэгээс 2 хуудсанд багтаан, боловсрол, ажлын туршлага, гол амжилт, ур чадвараа тодорхой илэрхийлсэн байх хэрэгтэй. Мөн CV-гээ тухайн ажлын байр бүрийн шаардлагад нийцүүлэн тохируулж бичих нь зүйтэй.

    3. Cover Letter буюу хавсралт захидал бэлдэх

    Ихэнх ажил хайж буй хүмүүс cover letter бичдэггүй. Гэтэл энэ нь таны сонирхсон байгууллагад ажиллах хүсэл, бэлтгэлтэй байдал, өөрийгөө илэрхийлэх чадварыг харуулах хамгийн чухал бичиг болох юм. Үүнийг бичихдээ тухайн компанийн талаар судалсан гэдгээ илтгэж, яагаад уг ажилд тохирох хүн бэ гэдгээ товч бөгөөд үнэмшилтэй илэрхийлээрэй.

    4. Ажил олгогч байгууллагын талаар судалгаа хийх

    Сонирхсон ажлын байр, компанийнхаа талаар урьдчилан судалж, тэдний эрхэм зорилго, үнэт зүйл, соёлын тухай мэдэх нь таны ярианд итгэл нэмнэ. Мөн өөрийнхөө үнэт зүйлтэй хэр нийцэж байгааг ойлгох нь тухайн ажлын байранд ирээдүйд сэтгэл ханамжтай ажиллах үндэс болдог.

    5. Платформуудыг үр дүнтэй ашиглах

    Өнөө үед ажил хайх хамгийн хялбар, үр дүнтэй арга бол онлайн платформуудад бүртгүүлж, профайлаа бүрэн бөглөж, танилцуулга мэдээллээ байнга шинэчилж байх нь чухал. Мөн та зарим linkedin зэрэг платформд өөрийгөө сурталчлах агуулга, пост бичиж, харилцааны сүлжээгээ тэлж ч болно.

    Та Lambda платформд талентаар бүртгүүлээрэй. Тохирсон ажлаа амжилттай олоход тань бид тусална.  

    6. Хүрээлэл үүсгэх буюу Networking

    Зарим ажлын байр танилын хүрээгээр олддог. Найз нөхөд, өмнө хамт ажиллаж байсан хүмүүс, сургуулийн танилуудтайгаа байнга холбоотой байж, ажил хайж буйгаа мэдэгдэх нь нээлттэй үүд хаалгыг бий болгох юм.

    7. Ажлын ярилцлагад бэлтгэх

    Ажлын ярилцлага нь өөрийгөө хэрхэн илэрхийлж чадаж байгааг баталж харуулах үе юм. Түгээмэл асуултуудад хариулах бэлтгэл хийх (“Өөрийгөө танилцуулаач?”, “Таны давуу, сул тал юу вэ?”) нь амжилттай ярилцлага өгөх үндэс юм. Биеийн хэлэмж, хувцаслалт, цаг баримтлал зэргийг ч мөн мартаж болохгүй.

    8. Цагийн менежмент, тууштай байдал

    Ажил хайх үйл явц нь заримдаа хурдан үр дүн өгөхгүй тохиолдол бий. Гэхдээ та өдөрт тодорхой цагийг ажил хайхад зарцуулж, зорилгоо бичин, хяналт тавьж чадвал амжилтад хүрэхэд илүү ойртох болно. Тууштай байх нь хамгийн чухал билээ.

    9. Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх

    Технологийн эрин үед өөрийгөө тасралтгүй хөгжүүлж байх шаардлагатай. Та олон улсын онлайн сургалтын платформуудаар дамжуулан шинэ ур чадвар зайнаас эзэмшиж, сертификат авснаар өөрийгөө өрсөлдөгчдөөс ялгаруулж чадна. Хэрэв ажилд ороогүй ч суралцсаар байгаа бол энэ нь ажил олгогчдод эерэг сэтгэгдэл төрүүлдэг.

    10. Сэтгэлзүйгээ бэлдэх

    Ажилд орж чадахгүй удах тохиолдолд сэтгэлээр унах нь элбэг. Гэхдээ татгалзсан хариу бүр таныг илүү зөв газар хүргэх шат болдгийг санах хэрэгтэй юм. Амралт авч, сэтгэлзүйн дархлаагаа дэмжих нь таны дараагийн алхамд илүү амжилт авчрах болно.

    Ажил хайна гэдэг нь өөрийгөө хөгжүүлэх, илүү зөв сонголт хийх боломж билээ. Та зорилгоо тодорхойлж, өөрт тохирсон ажлаа системтэйгээр хайж, дээрх алхмуудыг ухаалгаар хэрэгжүүлбэл зөвхөн ажилтай болоод зогсохгүй, урт хугацааны сэтгэл ханамжтай карьерт хөл тавих болно.

    💡 Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Төстэй нийтлэл унших: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

  • Өрсөлдөөнд ялгарах CV хэрхэн бичих вэ?

    Өрсөлдөөнд ялгарах CV хэрхэн бичих вэ?

    Та ойрын үед ажил идэвхтэй хайж байгаа юу? Эсвэл өөрийгөө илүү сорьж, илүү боломж руу алхмаар санагдаж байна уу? Хэрвээ тийм бол таныг илэрхийлэх мэргэжлийн танилцуулга нь дараагийн том боломжийн үүдийг нээж өгч чадах хамгийн чухал зүйл гэдийг хэлье.

    CV таныг хэн бэ гэдгийг илэрхийлнэ

    Ажил хайж буй талент таны тухайн байгууллагын хүний нөөцийн ажилтантай уулзахаас өмнө та хэн бэ, юу хийж чаддаг вэ, юунд дуртай вэ, ямар үнэ цэн бүтээдэг вэ гэдгийг харуулах буюу өөрийгөө урьдчилан танилцуулах боломж бол CV/Resume юм.

    CV бол таны брэнд

    Цөөнгүй хүмүүс CV-гээ амжаад гялс нэг юм хийчихье гэдэг байдлаар бичдэг. Интернэтээс загвар татаж аваад, өмнөх ажлуудаа хуулж тавьдаг. Гэхдээ ингэх нь өөрийнхөө тухай чухал мэдээллийг сонирхолгүй, нэг өнгө хэмнэлээр, бүтээлч бусаар илэрхийлж байгаа хэрэг юм.

    CV бол яг үнэндээ таны карьерын маркетингийн хэрэгсэл билээ. Та өөрийгөө хөдөлмөрийн зах зээл дээр хэрхэн сурталчилж байгаа, өөрөөр хэлбэл бусдад хэр чадвөртай, онцлогтой, мэргэшсэн хүн гэдгээ илэрхийлж буй арга юм. Иймд бид хамтдаа үүнийг илүү амьд, илүү үнэмшилтэй, илүү өөрийгөө харуулсан байдлаар шинэчилж чадна.

    Карьерын түүх

    Таны CV зөвхөн ажил, он сар, байгууллагын нэрсийн жагсаалтаар хязгаарлагдахгүй харин таны амжилтын замналын түүх бичигдсэн байх хэрэгтэй. Та өөрийгөө мэргэжлийн зүгээс “би чаддаг, бүтээдэг, хөгжиж ахисан” гэдгээ гүн гүнзгий ойлгомжтойгоор харуулах боломжоо бүрэн ашиглаарай. Харин тэрхүү түүхийг сонирхолтой, цэгцтэй, хүний анхаарал татахуйц хэлбэрт оруулах нь танаас ихээхэн шалтгаалах юм. Тэгэхийн тулд судалгаа мэдээлэл, цаг зав, хичээл зүтгэл бүхнээ зориулах шаардлагатай.

    CV-гээ сайжруулж, сайн танилцуулгатай болно гэдэг зүгээр нэг бичиг цаасны ажил биш, харин өөрийгөө дахин харж, үнэлэх, тухайн салбарынхаа чадвартай хүн гэж өөртөө итгэлтэйгээр хэлэх, улмаар илүү боломж руу хөтлөх хаалгыг нээх эхний чухал алхам юм. Ингэхийн тулд танд дараах зөвлөгөөг өгье.

    Өөрийгөө товч бөгөөд тодорхой танилцуулаарай

    CV-ний хамгийн эхэнд хэн бэ гэдгээ хялбар ойлгогдохоор бичээрэй. Энэ хэсэг таныг илтгэх буюу мэргэжил, туршлага, давуу талуудын товч тодорхойлолт байх юм. Мөн дээр нь сэтгэл хөдлөл, хүсэл эрмэлзэлээ шингээвэл ажил олгогч танд итгэх, эерэг сэтгэгдэл төрүүлэх алхам болох болно.

    Зөвхөн хэрэгтэй бас хамааралтай мэдээлэл

    CV дээрээ бүх зүйлээ бичих шаардлагагүй. Харин тухайн ажлын байранд тохирсон хамгийн чухал мэдээллийг онцлоорой. Тухайлбал: Олон нийтийн арга хэмжээ зохион байгуулсан гэж бичихийн оронд “3 удаа 200+ хүнтэй эвент зохион байгуулж, арга хэмжээнд оролцогчдийн сэтгэл ханамж нэмэгдүүлэхийн тулд идэвхжүүлэлт хийсэн” гэх мэтээр бичвэл илүү анхаарал татна.

    Туршлагаа ажлын жагсаалтаас илүү үр дүнгээр илэрхийлэх

    Ажлын туршлагаа зүгээр л юу хийснээ жагсааж бичих биш, ямар үр дүн гаргасан, ямар нөлөө үзүүлсэн гэдгийг мөн нэмж оруулаарай. Жишээ нь “Компанийн Facebook хуудсыг 6 сарын хугацаанд 10,000 дагагчтай болгож, органик хандалтыг 3 дахин өсгөсөн. Энэ нь таныг зорилготой, санаачилгатай, үнэ цэн бүтээдэг хүн гэдгээ харуулж байгаа нэг илэрхийлэл болно.

    Ойлгомжтой бичих

    Хэтэрхий албаны хэллэгээр дүүрэн CV-г унших хэцүү байдаг. Харин энгийн үгээр, ойлгомжтой бичсэн бол хэн ч уншихад амар байх бөгөөд өөрийгөө хэрхэн хамгийн тодорхой илэрхийлэх яриа мэт бичвэрээр харуулахыг эрмэлзээрэй.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчлээрэй.  

    Загварыг цэгцтэй, нүдэнд эвтэйхэн болгох

    Ажил олгогч 10 секунд л таны CV-г эхний удаа хардаг гээд төсөөлөх хэрэгтэй. Тэгэхээр хараад л ойлгогдохуйц, уншихад хялбар бүтэцтэй байвал, мэдрэмжтэй загвартай байхыг сонгоорой.

    Чадвараа хэмжигдэхүйц илэрхийлэх

    “Би багаар ажилладаг, хүмүүстэй сайн харилцдаг” гэх нь мэдээж хэрэгтэй ч яг юу хийж, ямар түвшинд гэдгээ тодорхой болгоорой. Мөн хэлний мэдлэгээ бичихдээ, Англи хэл – Upper Intermediate (B2 – Бичгийн болон ярианы чадвартай) гэх мэтээр тодорхой бичих хэрэгтэй юм.

    Reference буюу танилцуулах хүнийг бодож сонго

    Ажил олгогч таны тухай бусдаас сонсохыг хүсдэг. Тиймээс өмнөх удирдлага, хамтран ажиллагч зэрэг итгэл даах хүний мэдээллийг анхааралтай сонгож бичээрэй.

    Зурагаа сонгохдоо анхааралтай сонгох

    Хэрвээ та зураг оруулах бол цэвэрхэн, албан ёсны зураг байгаарай. Селфи, гэрэл зурагны цаадах арын фон бүдэг, анхаарал сарниулсан байвал сэтгэгдлийг бууруулдаг.

    Англи хувилбараар танилцуулгаа бэлдэх

    Өнөө үед олон байгууллага англи хэл дээр CV авах шаардлага тавьдаг. Тиймээс нэг удаа чанартай орчуулсан хувилбараа хадгалаад аваарай. Ажил олгогчийн итгэлийг англи дээр ч авч чаддаг бол танд боломж үргэлж нээлттэй байх болно.

    CV-гээ тогтмол шинэчлэх хэрэгтэй

    CV нь нэг удаа бичээд мартдаг биш таны хөгжлийн түүх байх ёстой учраас жил бүр, бүр улирал бүр шинэ зүйл нэмэгдэж байх нь зөв юм.

    Сонгон шалгаруулалтын ажилтан анх таны CV-г нээж харах тэр мөчид та ирээдүйн багийн боломжит гишүүн гэж харагдах ёстой. CV бол таныг талаарх анхны сэтгэгдлийг эхлүүлдэг, харин ярилцлага бол таныг баталдаг үе шат гэдгийг санаарай. 

    Lambda-гын AI таны CV-г хөгжилтэйгээр шүүмжлэн, хошигнол хосолсон зөвлөгөөг өгөх болно

    Та Lambda-д талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.  

  • Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө

    Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө

    Их, дээд сургуулиа төгсөөд амьдралын дараагийн шат руу алхан орох мөчдөө “Одоо би яах вэ?”, “Хаанаас эхлэх вэ?” гэх зэрэг асуулт олон залуусын бодолд эргэлддэг. Туршлагагүй учир байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэсэн сэтгэл түгшилт, итгэл алдрах мэдрэмж төрөх нь гарцаагүй. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Учир нь тохиромжтой ажлаа олох нь сайн бэлтгэл, мэдээлэлтэй байх, тууштай байдал зэргээс хамаарна.

    Энэ нийтлэлдээ төгсөгчдийг анхны ажлын байр руу хөтлөх 7 алхмыг зөвлөгөө болгон хүргэж байна.

    1. Өөрийгөө таньж мэд

    Ирээдүйн карьерын суурь бол чи өөрөө. Анхны ажлаа олохын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол өөрийгөө ойлгох юм. Сэтгэлд нийцээгүй ажил хийх нь цаг хугацаа, эрч хүчний гарз болдог. Иймд:

    Ямар чиглэлд ажиллахыг хүсэж байна вэ?
    Тухайлбал: Хүний нөөцийн менежмент, маркетинг, програмист, нийгмийн ажилтан гэх мэт.

    Чи ямар чадвартай вэ?
    Сургуулийн төгсөлтийн ажил, клуб, сайн дурын ажил, дадлага зэргээ эргээд харах.

    Ажлын орчин, байгууллагын соёл чухал уу?
    Том корпораци, групп компани, дунд түвшний бизнес, эсвэл стартап гэх мэтээс аль чамд тохирох вэ?. Мэргэжлийн зан төлөвийн тестүүд (MBTI, DISC) бөглөж, өөрийгөө илүү гүнзгий ойлгож болно.

    2. CV/Resume болон Cover Letter

    Хамгийн эхний сэтгэгдэл төрүүлэх танилцуулга, хамт илгээх “би яагаад энэ ажилд тохирох вэ?” гэдгийг илэрхийлэх захидлаа маш сайн боловсруулж бичих хэрэгтэй.

    Resume бичихэд анхаарах зүйлс:

    • 1-2 хуудаст багтаах хэрэгтэй 

    • Төгссөн сургууль, мэргэжил, голлох хичээлүүдээ дурдах

    • Дадлага, төслийн ажил, сайн дурын туршлага гэх зэрэг мэдээлэл

    • Чадварууд (Excel, Photoshop, багийн ажил, илтгэх ур чадвар гэх мэт)

    Cover Letter зөв бичих тухайд:

    • Яагаад энэ байгууллагад ажиллахыг хүсэж байгаагаа тодорхой тайлбарлана.

    • Өөрийн туршлага, ур чадварыг ажлын байрны шаардлагатай холбож бичээрэй.

    3.  Ажлын заруудыг идэвхтэй хайх

    Ажил хайх платформ, мэдээллийн сувгуудыг тогтмол шалгаж, өөрт тохирсон боломжуудыг судлаарай.

    Өдөрт дор хаяж 30 минутыг зар хайхад зориулах нь зүйтэй. Lamda.global нь хиймэл оюун ухаан ашиглан таны анкетыг судлан үзээд, мэргэжлийн өсөлт хөгжилд тань тохирох карьерийн чиглэлүүдийг тогтоож, тэдгээрт хүрэхэд шаардлагатай ажлын туршлага, мэргэжлийн болон хувь хүний ур чадварууд, мөн шаардлагатай боловсрол, мэргэжлийн мэдлэгийг хэрхэн хөгжүүлэх талаар санал зөвлөмж өгнө.

    4.  Ментортой болох

    Шинэ төгсөгч та ажил, амьдралынхаа гарааг зөв эхлэхийг хүсэж байвал хамгийн түрүүнд ментортой болохыг зөвлөж байна. Туршлагатай ментор танд зөв чиглэлийг зааж, алдаанаас суралцах бус, урьдчилан сэргийлэхэд тусалж, карьерын өсөлтөд тань хурдасгуур болж өгдөг. Мөн ментортой байх нь зөвхөн мэдлэг туршлагаас гадна сэтгэлзүйн дэмжлэг, урам зориг авч, өөрийгөө хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс та өөрийн хүсэж буй салбарын туршлагатай хүмүүсээс суралцах боломжийг ашиглаарай.

    5.  Богино хугацааны ажил, дадлагаас эхэл

    Хэрвээ шууд үндсэн ажил олох амаргүй байвал багаас нь эхэлж, алсыг хараарай.

    • Дадлага 

    • Гэрээт буюу түр хугацаанд гүйцэтгэх ажил

    • Сайн дурын хөтөлбөрүүд
      зэрэг туршлага хуримтлуулах замаар эхэлж болох юм.

    6. Ажлын ярилцлага

    Ярилцлагын үеэр өөрийгөө ойлгомжтой, итгэлтэй илэрхийлэх нь ажил олгогчид хамгийн чухал зүйл. Бэлтгэлгүй хүн сонгон шалгаруулалтаас хасагдах магадлал өндөр байдаг. Харин сайн бэлтгэлтэй бол амжилт тун ойрхон гэдэгт итгээрэй.

    Асуудаг түгээмэл асуултууд:

    • “Өөрийгөө товчхон танилцуулна уу”

    • “Яагаад манай компанид ажиллахыг хүсэж байгаа вэ?”

    • “Таны сул талууд юу вэ?”

    • “Хэцүү нөхцөл байдалд хэрхэн ханддаг вэ?” гэх мэт энгийн асуултуудад бэлэн байгаарай.

    7. Тууштай бай, шантралгүй урагшил

    Ажил хайх нь тэсвэр тэвчээр, тууштай байдлыг шалгах марафон юм. Зарим хүмүүс анхны ажлаа сарын дотор олдог бол зарим нь 3-6 сар, бүр түүнээс ч удаан хайх тохиолдол байдаг. Анхны ажил бол туршлага хуримтлуулах, танилын хүрээгээ үүсгэж тэлэх, мэргэжлийн карьерын суурийг тавих чухал алхам юм. Өөртөө итгэж цаг гарган, өдөр бүр 1% ч гэсэн ахиц гаргаснаар таны хүсэл мөрөөдөл биелэхэд улам ойртсоор байх болно.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.

    Холбоотой нийтлэл унших: CV-гээрээ ялгарч, ажилд орох боломжоо нэмэгдүүл

  • Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

    Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

    Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг сонгох нь амжилтын эхлэл

    Ажиллах арга барилаа таньж, өөрт тохирсон ажлыг сонгох нь урт хугацаанд сэтгэл ханамжтай, амжилттай байх үндэс болдог. Өнөөдөр олон хүн цалин, албан тушаал, байгууллагын нэр хүндийг гол шалгуураа болгодог ч хамгийн чухал зүйл бол өөрийн зан төлөвт нийцэх орчин, ажиллах хэв маягтай ажлын байрыг сонгох явдал юм. Эцсийн эцэст бид ажлын орчиндоо амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлдэг шүү дээ.

    Тохирсон ажил гэдэг нь бусдад таалагдах сонголт биш, харин өөрийн зан төлөв, үнэт зүйлстэй нийцэх эсэхийг бодолцох тухай чухал ойлголт бөгөөд тэгж чадвал тэрхүү сонголт таныг урт хугацаанд амжилтад хүргэж, сэтгэл ханамжтай байх эхлэл байх болно.

    MBTI гэж юу вэ?

    Myers-Briggs Type Indicator (MBTI) нь хүмүүсийн сэтгэлзүй, зан төлөв, шийдвэр гаргах хэв маягийг тодорхойлдог 16 төрлийн хувь хүний хэв шинжийн загвар. 

    Энэ тестээр:

    • Та хэрхэн сэтгэдэг

    • Хэрхэн шийдвэр гаргадаг

    • Бусадтай яаж харилцдаг

    • Ямар орчинд үр дүнтэй ажилладаг гэсэн чухал мэдээллүүдийг олж авах боломжтой.

    MBTI үр дүнг ашиглах хэрэгтэй 4 шалтгаан

    1. Өөрийгөө таних тухай

    • Давуу тал

    • Ажилд хандах хандлага

    • Харилцааны хэв маяг

    Эдгээрийг ойлгосноор өөрт тохирсон ажлын орчин, хамт олон, чиглэлийг сонгох боломжтой.

    2. Зохицох мэргэжил

    Төрөл тус бүр таны хандлага ямар төрлийн ажилд илүү тохирохыг хэлж өгдөг.

    Жишээ:

    • INTJ – Стратегич зохион байгуулагч
      Логиктой, хараат бус, зорилготой
      Тохирох ажил: Програм хангамж хөгжүүлэгч, аналитик, судлаач
      Орчин: Бие даасан, бүтэцтэй орчин

    • ENFJ – Удирдагч урам өгөгч
      Харилцааны өндөр мэдрэмжтэй, алсын хараатай
      Тохирох ажил: Удирдах ажилтан, сургалтын зохион байгуулагч
      Орчин: Хамтын ажиллагаа, дэмжлэгтэй орчин

    3. Багаар ажиллах чадвар

    • Стрессийг хэрхэн даван туулдаг

    • Багийн үүрэг хариуцлага

    • Бие даах эсвэл хамтран ажиллах хэв маяг

    MBTI таны багийн тоглогч уу, эсвэл бие даагч уу гэдгийг тодорхойлно.

    4. Хувийн хөгжил ба карьерын төлөвлөгөө

    MBTI нь зөвхөн ажил олоход бус, дараах зүйлсэд ч тусална:

    • Сул талаа тодорхойлж хөгжүүлэх

    • Шинэ ур чадвар эзэмших арга

    • Шинэ орчинд дасан зохицох хэв маяг

    • Удирдах түвшинд хүрэх стратеги боловсруулах


    Тэгвэл MBTI-г ажил хайхад хэрхэн ашиглах вэ?

    CV ба Cover Letter-д ашиглах
    Та өөрийн танилцуулгадаа ашиглахдаа: “Би бол INFP төрлийн ажил горилогч бөгөөд бүтээлч, хүний мэдрэмжийг ойлгодог, шинэ санаачилгад идэвхтэй оролцдог нэгэн.” гэх мэтээр давуу талаа илэрхийлж болно.

    Ярилцлагад өөрийгөө тайлбарлахад
    Тухайлбал: “Би ESTJ төрлийн хүн тул тогтсон бүтэцтэй орчинд, үр дүн төвтэй багтай хамтран ажиллахдаа хамгийн өндөр бүтээмжтэй байдаг.”  гэж өөрийнхөө тухай илүү тодорхой танилцуулах.

    Ажлын байр сонгоход ашиглах
    MBTI-ийн үр дүнг ашиглан тухайн байгууллагын ажлын орчин танд тохирч байгаа эсэхийг харьцуулж болно. Хэрвээ та ажил хайж байгаа бол Lambda сайтын ажлын байр хэсгээс өөрт тохирох ажлын байрны мэдээллийг хараарай.

    Ирээдүйн карьерын төлөвлөгөө гаргах, ур чадвараа хөгжүүлэх, шинэ орчинд дасан зохицох чадвараа тодорхойлох, мөн хувь хүний онцлогоо зөв танин ойлгох нь амжилтад хүрэхэд хамгийн чухал алхмуудын нэг.

    Үүний тулд та дараах чухал үзүүлэлтүүдээ илүү сайн мэдэж аваарай:
    – Удирдах түвшинд хүрэх арга барил
    – Суралцах, хөгжих хэв маяг
    – Өөрчлөлтөд дасан зохицох чадвар

    Өөрийгөө хэн бэ гэдгээ танин мэдэх нь зөв ажил олох, амжилттай карьер бүтээх эхлэл болдог. Монголын хөдөлмөрийн зах зээлд ажлын байр олон байгаа ч өөрийн зан төлөвт нийцсэн, сэтгэлд хүрсэн ажлыг олох нь бодит сорилт хэвээр байна. Тиймээс өөрийгөө ойлгож, илүү ухаалгаар сонголт хийх нь таны карьерын амжилтын гол түлхүүр болох юм.

    Та CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар яг одоо бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.

    Мөн асуултад хариулаад MBTI үр дүнгээ олж мэдээрэй. Монгол хэл дээр байгаа нь бүр ч таатай.

    Холбоотой нийтлэл: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

  • Ажил хийх үү, хүүхдээ өсгөх үү?

    Ажил хийх үү, хүүхдээ өсгөх үү?

    Монголын олон мянган эмэгтэйчүүд бусдын адилаар ээж болж хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн амьдралдаа санхүүгийн хариуцлагыг ч мөн үүрдэг. Хүүхдээ асарч халамжлан, хүмүүжүүлэх гэдэг бол цаг хугацаа, анхаарал, хичээл зүтгэл шаардсан бүтэн цагийн ажил юм. Гэсэн ч амьжиргааны өртөг нэмэгдсэн энэ үед “ажил хийх үү, эсвэл хүүхдээ гэртээ харах уу?” гэсэн асуулт бүхий л ээжүүдийн өмнө тулгарч байна. Мэдээж мөн хүүхдээ асрангаа ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ авч яваа олон аавууд бий. Тэдний зарим нь эхнэрийнхээ ажиллах боломжийг дэмжиж, гэртээ үлдэн хүүхдээ хардаг бол зарим нь уян хатан цагийн ажил эсвэл гэрээсээ ажиллах боломжийг ашиглаж байгаа ч тохиолдол байна.

    Хүүхдээ нялх байхад нь гэрт нь харж, анхны үг, анхны алхам бүрийг нь мэдрэхийг хүсдэггүй эх хүн гэж үгүй. Гэвч өнөө цагийн амьдралын эрч, эдийн засгийн нөхцөл байдал олон эхийг “зүгээр сууж болохгүй” гэж бодоход хүргэж байна. Цэцэрлэг хүрэлцээгүй, хүүхэд харах хүнгүй, эсвэл ажилдаа эргэж ороогүйгээс болоод туршлагатай болох, тушаал дэвших боломжуудаа алддаг зэргээр олон хүн хоёрын аль нэгийг сонгох болдог.

    Яагаад ээжүүд ажил хийхийг хүсдэг вэ?

    Ээжүүд ажил хийхийг хүсдэг олон шалтгаан бий. Тэдгээрээс хамгийн нийтлэг, чухал шалтгаануудыг дурдвал:

    Санхүүгийн хараат бус байдал
    Ээжүүд өөрийн орлоготой болсноор амьдралынхаа зарим шийдвэрийг өөрөө гаргах, хүүхдээ илүү сайн халамжлах, санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралгүй байх боломжтой болдог.

    Гэр бүлийн амьжиргаанд дэмжлэг болох
    Нэмэлт орлого нь өрхийн санхүүд эерэг нөлөө үзүүлж, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, өдөр тутмын хэрэгцээг хангахад тус болно.

    Хувь хүний үнэ цэнэ, өсөлт хөгжил
    Ажил хөдөлмөр нь зөвхөн орлого мөнгөний эх үүсвэр биш өөрийгөө хөгжүүлэх, чадвараа ашиглах, бусдад хэрэгтэй гэдгээ мэдрэх боломж болдог.

    Хүүхдэдээ үлгэр дууриал үзүүлэх
    Хөдөлмөрч, хичээнгүй, өөртөө итгэлтэй ээж бол хүүхдийн хувьд хүчирхэг үлгэр дууриал болдог. Ингэснээр хүүхэд ч ирээдүйдээ амьдралын төлөө хичээх урам зориг авах юм.

    Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох
    Зарим ээжүүд зөвхөн гэрийн хүрээнд биш, олон нийтийн амьдралд оролцох, хамт олон, найз нөхөдтэй болох, харилцаагаа өргөжүүлэхийг хүсдэг.

    Сэтгэл зүйн эрүүл мэндийн тэнцвэрийг хадгалах
    Ажил хийх нь сэтгэл гутрал, түгшүүр зэргээс сэргийлэх, өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр болж өгдөг.

    Товчоор хэлбэл, ээжүүд амьдралын чанараа сайжруулах, өөрийн үнэ цэнийг мэдрэх, гэр бүлдээ илүү их хувь нэмэр оруулахын тулд тогтсон ажилтай, тодорхой амжилтад хүрэхийг зорьдог байна.

    Ажил хийхийн үнэ цэнэ

    Ажил хийнэ гэдэг зөвхөн орлого олох бус, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмтэй холбогдсон байх, ирээдүйд хүүхдийнхээ төлөө илүү боломж бүрдүүлэх чухал алхам юм. Зарим ээжүүд ажлаа орхиод хэдэн жил болсон ч эргэж ажилд орохдоо амаргүй нөхцөлтэй тулгардаг билээ. Энэ нь зөвхөн мэргэжлийн асуудал биш, бас өөртөө итгэх итгэлтэй ч мөн холбоотой байдаг.

    Хүүхдээ гэртээ өсгөхийн үнэ цэнэ

    Нөгөө талаар хүүхдээ өөрөө өсгөнө гэдэг амьдралын хамгийн үнэ цэнтэй, хэзээ ч дахин давтагдахгүй мөчүүдийг бүрэн мэдрэх боломж юм. Хүүхдийнхээ анхны инээмсэглэл, “ээжээ” гэж хэлэх мөчид хажууд нь байна гэдэг юугаар ч үнэлэхийн аргагүй баяр жаргал билээ. Гэхдээ гэртээ олон жил байх тусам олон эхчүүд сэтгэл зүйн хямралд орж, ганцаардал мэдэрч, нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмжтэй болдог нь үнэн.

    Хөдөлмөрийн зах зээл дэх боломжууд

    Өмнө нь ажил олоход “ажлын туршлага”, “ажлын цаг” зэрэг хязгаарлалт тулгардаг байсан бол өнөөдөр цахим шилжилт, ажлын байрны нөхцөл, орчин, зайнаас ажиллах хэлбэр зэрэг хүчин зүйлсийн ачаар тохирсон ажил олох боломж тасралтгүй нэмэгдсээр байна. Тухайлбал,

    • Гэрээсээ ажиллах боломжтой ажлын байр: орчуулагч, чат оператор, онлайн багш, редактор

    • Цагийн ажил: хагас цагаар оффист ажиллах, богино хугацааны төслүүд

    • Онлайн орлого олох сувгууд: сошиал хуудас хөтлөх, TikTok, Instagram контент бүтээгч, YouTube суваг нээх гэх мэт

    Бага насны хүүхэдтэй ээжүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүд:

    • Хүүхэд харах хүнгүй байх

    • Ажлын цаг уян хатан биш байх

    • Нийгмийн хандлага – “гэртээ хүүхдээ харах ёстой” гэх хүлээлт

    • Өөртөө итгэх итгэл сул байх – ур чадвараа дутуу үнэлэх

    Эдгээр асуудлыг шийдэхэд нийгмийн бодлого, гэр бүлийн ойлголцол, хувь хүний зорилго, хүсэл, мэргэжлийн чадвар туршлага мөн уян хатан ажлын байр зэрэг нь чухал нөлөөтэй юм.

    Хүүхдээ өсгөхийн зэрэгцээ орлого олох тухай

    Өнөөгийн нийгэмд өөрийн үнэ цэнийг илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэх, чадваржуулах улмаар өндөр цалин орлоготой болох хүсэлтэй хүчтэй эмэгтэйчүүд маш олон байна. Хэрвээ та ажил хайж байгаа бол өөрийн чадвар, сонирхол, нөхцөл байдалдаа тохирсон ажил олж чадна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.

    Эцэст нь энэхүү нийтлэлд хөндсөн хоёр сонголтын аль аль нь буруу биш юм. Харин боломжит ажил, амьдралын тэнцвэрийг олох нь хамгийн чухал алхам билээ. Хүүхдээ сургуульд орох хүртэлх хугацаанд цагийн ажил, гэрээсээ ажиллах боломж, онлайн орлого олох замаар эхчүүд хүүхдээ ч өсгөж, ажил ч хийж чадна.

    Ерөнхийдөө “ажил хийх үү, хүүхдээ өсгөх үү?” гэдэг асуултанд зөвхөн танд тохирсон хариулт л хамгийн зөв. Нийгэм, сошиал медиа, хамаатнууд юу гэж хэлэхээс илүүтэй, өөрийнхөө амьдралын хэв маяг, хүүхдийнхээ хэрэгцээ, ирээдүйн зорилго дээрээ тулгуурлан шийдвэр гаргах нь ухаалаг сонголт болох юм.

    Санал болгох нийтлэл: Хэрхэн ажлын байрны зараас өөрт тохирсон эсэхийг таньж мэдэх вэ?

  • Хүүхдээ харж буй ээжүүдэд: Орлого олох боломж

    Хүүхдээ харж буй ээжүүдэд: Орлого олох боломж

    Эмэгтэй та гэртээ хүүхдүүдээ асарч, хүмүүжүүлэн, тэдний эрүүл мэнд, боловсролд нь анхаарал тавьж, хайр халамжаа харамгүй зориулж суугаа нэгэн эрхэм ээж бол энэ хариуцлагатай үүргийг биелүүлэхийн зэрэгцээ өөртөө цаг гаргаж, тогтмол нэмэлт орлоготой болохыг хүсэх нь мэдээж. 

    “Гэртээ хүүхдээ харж байгаа болохоор ажиллах боломжгүй” гэж өөрийгөө хязгаарлах шаардлагагүй болсон цаг үе хэдийн иржээ. Орчин үеийн технологи, дижитал шилжилт ээжүүдэд гэрээсээ, уян хатан цагаар ажиллах, орлого олох боломжийг бодитоор нээж өгч байна. Монголд ч энэ боломж сүүлийн жилүүдэд улам бүр нээлттэй болж байгаа юм. Гэсэн хэдий ч зарим ээжүүдэд орлого олох боломжийн тухай мэдээлэл дутмаг, арга замаа хараахан олоогүй байх, хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байх тохиолдол байна. 

    Баримт ба нөхцөл байдал: 0–5 настай хүүхдээ харж буй эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь албан ёсны хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа бий. 2024–2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 264,818 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан бөгөөд ээжүүд гэрийн ажил болон хүүхдээ асрахад эрэгтэйчүүдээс хоёр дахин их хугацаа зарцуулж байна. Тиймээс энэхүү нөхцөл байдал нь хөдөлмөрийн зах зээлийн оролцоо болон орлого олох боломжийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа юм. 

    Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулж буй гол хүчин зүйлс: 

    • Хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж: Цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал
    • Нийгмийн хандлага: Эмэгтэйчүүдийг гэртээ хүүхдээ асрах үүрэгтэй гэж үзэх уламжлалт хандлага нь хөдөлмөр эрхлэлтийг бууруулах нэг шалтгаан болж байна
    • Ажлын байрны уян хатан бус нөхцөл: Хүүхэдтэй эмэгтэйчүүдэд зориулсан уян хатан ажлын цаг, алсын зайнаас ажиллах боломж хомс

    Гэхдээ өнөөдөр энэ нөхцөл байдал зарим талаар өөрчлөгдөж эхэлжээ. Хамгийн гол нь боломж бий гэдгийг мэдэх, түүнийгээ хэрхэн ашиглах арга замыг олох нь чухал юм. Тиймээс энэхүү нийтлэлээрээ ээжүүддээ гэртээ хүүхдээ харж байхдаа орлого олох боломжууд, тэдгээрийг хэрхэн эхлүүлж болох тухай мэдээллийг хуваалцаж байгаа юм. 


    1. Ээж бүрийн шинэ “супер чадвар” – Уян хатан цагаар ажиллах 👩‍👧

    Хүүхдээ унтаж, тоглож байхад эсвэл цэцэрлэг дээрээ байх тэр цөөхөн хэдэн цагийг ашиглан бага багаар тогтмол бүтээмжтэй ажиллах боломж ээж бүрд бий. Та өдөрт ердөө 1–2 цагийг өөртөө зориулаад эхэлбэл, 3 сарын дараа тогтмол орлоготой болох суурь тавигдана. Тиймээс бага багаар бүтээлч, үр дүнтэй ажиллах нь ямар ч ээжийн хийж чадах зүйл юм.

    Тухайлбал, өдөрт 2 цагийг орчуулга хийхэд зарцуулбал, сард 200,000–500,000 төгрөгийн нэмэлт орлого олох бүрэн боломжтой. Энэ нь гэр бүлдээ нэмэр болоод зогсохгүй, таны өөрийгөө хөгжүүлэх, амьдралын хэтийн зорилгоо шинэчлэн тодорхойлоход дэмжлэг болох болно. 

    2. Гэрээсээ ажиллах боломжтой ажлууд санал болгоё

    /Мэдээж эдгээрийн зарим нь таны сонирхол, мэргэжил, чадвараас хамаарна/

    • Хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан – Чат, утасны дуудлага, цахим шуудангаар хэрэглэгчдэд мэдээлэл өгөх
    • Сошиал медиа хуудас хөтлөх – Жижиг бизнесүүдийн Facebook, Instagram гэх мэт хаяг хөтлөх
    • Гэрээт орчуулагч, редактор 
    • Контент бүтээгч (блог, видео, подкаст гэх мэт)
    • График дизайнер
    • Програм хангамж хөгжүүлэлтийн ажил
    • Онлайнаар хичээл заах (гадаад хэл, математикийн сургалт гэх мэт)
    • Дижитал маркетинг гэх зэрэг ажлууд байж болох юм. 

    3.  Хаанаас эхлэх вэ? 🌐

    Ажил бол зөвхөн орлого олох хэрэгсэл төдий биш таны өөрийгөө илэрхийлэх, хөгжих, бусдад үлгэрлэх хүч билээ. Хүүхдээ асарч, гэр бүлээ дэмжингээ, өөрийгөө орхигдуулалгүй амжилттай ажиллах боломж хүн бүрд бий. Та өөрийн боловсрол, ажлын туршлага, сонирхсон чиглэлийн тухай мэдээллээ lambda -д оруулахад л хангалттай. LAMBDA хиймэл оюун ухаан буюу AI технологиор таны мэдээллийг нарийн уншиж, CV-г ухаалгаар шинэчлэн, хамгийн тохирох ажлын заруудыг танд санал болгох болно.

    Хүүхдээ халамжилж байхдаа ч өөрийгөө хаяж болохгүй. Учир нь ээж байгаад зогсохгүй, хүссэн л бол боломжоо та өөрөө бүтээж чадна. Ингэхийн тулд мэдээлэлтэй, зоригтой, тууштай байхад л хангалттай юм.

    Өөртөө итгэж, өөртөө цаг гарга. Харин LAMBDA таныг дэмжинэ. 

    4. “Би чадна” гэдэг хамгийн чухал алхам

    Аливаа өөрчлөлт, шинэ зүйлийг эхлүүлэхэд эргэлзээ төрж, өөртөө итгэхгүй байх нь хэвийн мэдрэмж юм. Гэхдээ хамгийн чухал нь та өөрийн орлого, карьер өсөлтийн төлөө эерэг алхам хийж буй ээж гэдгээ санаарай. Эхний орлого, талархсан хэрэглэгч, сэтгэл ханамжтай сурагч – энэ бүхэн таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.

    5. Ирээдүйгээ өөрөө бүтээх боломжийг ашигла 

    Хүүхдээ асарч байх хугацаа бол зөвхөн “гэрт түгжигдэх” үе биш, харин шинэ чадвар эзэмших боломж юм. Түүнчлэн та цахим орчинд бүтээмжтэй ажиллах дадалтай болсноор, хүүхэд тань цэцэрлэг, сургуульд явах тэр үед бүтэн цагаар ажиллах таатай ажлын санал хүлээн авах карьерын шинэ зам нээгдэнэ гэдэгт итгээрэй.

    🟣  Хамгийн үнэ цэнтэй хөрөнгө бол таны ур чадвар, зориг, итгэл юм.


    Онлайн орчинд төвлөрч ажиллах, захиалагчтай зайнаас цахимаар харилцах, ажлынхаа цагийг өөрөө зохицуулдаг ажлууд нь хүүхэдтэйгээ хамт байх төдийгүй гэр бүлдээ гаргах чанартай цагаа хэвээр хадгалах боломжийг танд олгох билээ. 

     Харин “бяцхан төлөвлөгөө” гаргахдаа дараах зүйлсийг анхаараарай:

    • Хүүхэд тань ямар насных вэ? (Хөхүүл, мөлхдөг, тоглодог гээд наснаас хамаарна)
    • Таны мэргэжил, ур чадвар юу вэ?
    • Хүүхдээ харангаа ажиллах үед танд дэмжлэг (гэр бүлийн бусад гишүүдийн туслалцаа) байна уу? гэдгийг харгалзан үзээрэй. 

    Эцэст нь өнөө цагийн ээжүүд зөвхөн гэртээ хүүхдээ харж суух биш, амьдралаа өөрчлөх боломжтой болсон шинэ үе ирсэн байна. Гэрээсээ ажиллах, орлого олох, хувь хүний хөгжлөө дэмжих ухаалаг аргуудыг туршиж эхэлснээр ирээдүйгээ бүтээлчээр өөрчлөх алхамыг та тавьж чадна. Яг одооноос эхэлж, боломжоо эрэлхийлээрэй. 

    Та ажил хайж байгаа бол https://lambda.global/ хаягаар зочлон, талентаар бүртгүүлээд, өөрт тохирох ажлыг олоорой. lambda таны цаг хэмнэн, урам зориг өгөх болно.

    Унших: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

    Зарим мэдээллийн сурвалж: 

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт – Хөдөлмөрийн зах зээлийн тойм 2024

    Боловсрол, шинжлэх ухааны яам – Сургуулийн өмнөх боловсролын 2024–2025 оны хичээлийн жилийн статистик тайлан

    mfcc.mn,   cge.gov.mn