Tag: ажилтны сэтгэл ханамж

  • Ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс

    Ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс

    Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд байгууллагууд ашигт ажиллагаа, өндөр гүйцэтгэлд анхаарахаас гадна ажилтны сэтгэл ханамж, урам зориг, ажлын орчны эерэг уур амьсгал зэрэг хүний нөөцийн зөөлөн хүчин зүйлсэд анхаарч байна. Учир нь илүү тогтвортой, бүтээлч хандлагатай, үр дүн өндөртэй байхын тулд ажилчид сэтгэл хангалуун байх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийг дор жагсаавал:

    1. Харилцаа, итгэлцэлтэй удирдлага

    Ажилтан өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүнийг нь дээд шатны удирдлагууд түүнийг сонсож, үнэлдэг бол тухайн ажилтны ажлын сэтгэл ханамж мэдэгдэхүйц нэмэгддэг. Нээлттэй харилцаа бол хамт олны дунд итгэлцлийг бий болгож, ажлыг урамтай хийх нөхцөлийг бүрдүүлдэг.

    2. Шударга, ойлгомжтой цалин урамшуулал

    Хөдөлмөрийн үнэлэмж тодорхой, шударга байдал хангагдсан тохиолдолд ажилтны сэтгэл ханамж өндөр байдаг. 
    Тодорхой урамшууллын систем, зорилтот нэмэгдэл, шинэ санаачилгыг үнэлэх бодлого нь ажилтны идэвхийг дэмждэг юм.

    3. Ажлын ачаалал ба уян хатан байдал

    Ажил амьдралын тэнцвэрийг дэмжсэн уян хатан цагийн хуваарь, зайнаас ажиллах боломж, илүү цагаар ажиллах шаардлагагүй байдал нь ажилтны стрессийг бууруулж, ажлаа удаан хугацаанд үр дүнтэй хийх боломжийг олгодог. Зарим байгууллагууд хугацаанд суурилсан гүйцэтгэлийн систем нэвтрүүлснээр энэ тал дээр ахиц гарч байна.

    4. Хувь хүний хөгжил, дэмжлэг

    Ажилтныг мэргэжлийн болон хувийн түвшинд хөгжих боломжоор тогтмол хангаж буй байгууллагуудын ажилтнууд илүү удаан хугацаанд тогтвортой ажиллах хандлагатай байдаг. Үүнд дотоод сургалт, менторшип хөтөлбөрүүд, гадаад сургалтад хамруулах боломж, албан тушаалын өсөлтийн тодорхой зам зэрэг нь ажилтны ур чадварыг сайжруулж, байгууллагад үнэ цэнээ мэдрэхэд түлхэц өгдөг байна.

    5. Танигдах, үнэлэгдэх мэдрэмж

    Аливаа ажлыг сайн хийсэн хүнийг цаг тухайд нь магтаж урамшуулах нь маш чухал. Ажилтан өөрийгөө үнэлэгдэж, байгууллагад үнэ цэнтэй гишүүн гэж мэдэрвэл тэр илүү их хүчин чармайлт гаргах болно. Үүний тулд  тухайн сарын шилдэг ажилтан, нийтэд талархал илэрхийлэх үйл ажиллагаа, урамшууллын хуудас зэргйиг хэрэгжүүлэх нь энгийн хэдий ч үр нөлөө өндөртэй байдаг.

    6. Тайван, эерэг ажлын орчин

    Ажлын байрны физик болон сэтгэлзүйн орчин ажилтны сэтгэл ханамжид ихээхэн нөлөөлдөг. Гэрэлтэй, цэвэрхэн, дуу чимээ багатай орчинд ажиллах, мөн хамт олны уур амьсгал эерэг байх нь ажлын бүтээмжийг дээшлүүлэх үндэс болох юм.

    Сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд байгууллага дараах зүйлсэд анхаарах шаардлагатай:

    Ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд байгууллага нь эерэг ажлын орчин бүрдүүлж, шударга, нээлттэй удирдлагын соёлыг төлөвшүүлэх шаардлагатай. Итгэлцэлтэй харилцаа, урамшуулал хүлээн зөвшөөрөлт, бодит ачаалалтай ажлын нөхцөл, уян хатан хуваарь зэрэг нь ажилтны сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг. Үүнээс гадна мэргэжлийн хөгжил, карьер ахих боломжийг хангах нь урт хугацаанд ажилтны үнэнч байдал, бүтээмжийг дэмжих сайн талтай.

    Мөн ажилтны хийж буй ажлын утга учир, байгууллагын зорилго, үнэт зүйлтэй уялдаа холбоотой байх нь тэдний урам зоригийг нэмэгдүүлдэг. Тиймээс байгууллагууд зөвхөн гүйцэтгэлд анхаарахаас гадна ажилтнуудын сэтгэл зүйн хэрэгцээ, нийгмийн үнэлэмжийг ойлгож, бүтээлч, дэмжлэгтэй соёлыг бий болгох нь чухал юм.

    Ажилтны сэтгэл ханамж нь зөвхөн цалин, ажлын байрны нэр хүндээр хязгаарлагдахгүй. Харин ч илүү өргөн хүрээтэй удирдлагын харилцаа, орчны уур амьсгал, хувь хүний хөгжлийн дэмжлэг гэх мэт олон талт хүчин зүйлээс хамаардаг. Сэтгэл ханамжтай ажилтнуудын тогтвор суурьшил өндөр, бүтээмж сайтай, хамт олны уур амьсгал ч эерэг байдаг нь олон судалгаагаар батлагдсан байдаг.

    Мөн түүнчлэн ажилтнуудын сэтгэл ханамж нь байгууллагын тогтвортой өсөлт, бүтээмжтэй шууд холбоотой. Харилцан ойлголцол, шударга урамшуулал, уян хатан байдал, хөгжлийн боломж зэргийг зохистой хослуулсан орчинд ажилтнууд хамгийн сайн үр дүн гаргадаг.

    https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тусална.

    Унших: Ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх эерэг ажлын орчин

  • Ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх эерэг ажлын орчин

    Ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх эерэг ажлын орчин

    Орчин үеийн байгууллагууд ажилтнуудын сэтгэл ханамж, урам зоригийг дэмжсэн эерэг, таатай ажлын орчинг бүрдүүлэх шаардлагатай болсон. Эерэг ажлын орчин гэдэг нь тав тухтай, тохижилт сайтай оффис биш, эрүүл харилцаа, ойлголцол, сэтгэл зүйн дэмжлэг, хүндлэл, мөн хамтын уур амьсгал зэрэг олон хүчин зүйлийн нэгдэл юм.

    Эерэг ажлын орчны гол бүрэлдэхүүн хэсгүүд

    1. Нээлттэй харилцаа, итгэлцлийг бий болгох

    Ажилтнууд санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчин нь эерэг ажлын уур амьсгалын үндэс суурь болдог. Энэ нь харилцааг сайжруулах төдийгүй хамтын оролцоо, итгэлцлийг бэхжүүлдэг. Байгууллага нь тогтмол уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж ажилтнуудын дуу хоолойг сонсож, санал асуулга авч, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх замаар итгэлцлийг нэмэгдүүлэх хэрэгтэй.

    2. Тохилог, цэвэрхэн орчин

    Цэвэр цэмцгэр, гэрэл гэгээтэй, агааржуулалт сайтай орчин нь ажиллахад таатай, төвлөрөхөд дэмжлэг болдог. Амрах булан, цайны өрөө зэрэг ажилтны тав тухыг хангах байгууламжтай байх нь бүтээмжийг нэмэгдүүлдэг юм. Мөн эрүүл мэндийг дэмжих хөдөлгөөн, амралтын арга хэмжээ хэрэгжүүлэх нь бие бялдар, сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлнэ.

    3. Ажилчдын хөгжлийг дэмжих

    Ажилтан бүрийн ур чадвар, мэдлэг байнга хөгжиж байх нь хувь хүний өсөлт төдийгүй байгууллагын амжилтын үндэс юм. Тогтмол сургалт, мэргэшүүлэх боломж, хувь хүний хэрэгцээнд нийцсэн хөгжлийн төлөвлөгөөтэй байх хэрэгтэй. Амжилтыг үнэлж, шагнал урамшуулал олгох, олон нийтийн өмнө алдаршуулах нь ажилтны урам зоригийг нэмэгдүүлдэг.

    4. Ажил ба амьдралын тэнцвэрийг хангах

    Ажлын цагийг уян хатан зохицуулж, гэрээс ажиллах боломж олгох, амралт чөлөөг нь дэмжих нь ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Мөн стресс тайлах хөтөлбөрүүд хэрэгжүүлж, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх нь урт хугацааны тогтвортой байдлыг хангахад тустай.

    Яагаад эерэг ажлын орчин чухал вэ?

    Сэтгэл хангалуун, тайван ажлын орчин нь ажилтны бүтээмжийг нэмэгдүүлж, төвлөрөл, бүтээлч сэтгэлгээг идэвхжүүлдэг. Ийм орчинд ажиллахад ажилтнууд илүү тогтвортой болж, ажлаа орхих магадлал багассанаар хүний нөөцийн зардал буурдаг байна. Мөн итгэлцэл, хүндлэлд суурилсан уур амьсгал нь багийн хамтын ажиллагаа, багаар ажиллах соёлыг хөгжүүлж, ажлын стресс, ядаргааг бууруулдаг бөгөөд сэтгэл зүйн дэмжлэгтэй орчин нь сэтгэл санааг тайвшруулж, ажилтны эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг.

    Эерэг ажлын орчныг бий болгох зөвлөмжүүд

    Нээлттэй, ойлгомжтой харилцааг дэмжих
    Удирдлага болон хамт олон хооронд харилцааг ил тод, шуурхай байлгаж, тогтмол уулзалт, санал асуулга явуулах төдийгүй тухайн сэдвийн хүрээнд өдөрлөг зохион байгуулах.

    Ажилтнуудын хувь нэмрийг үнэлэх
    Хийсэн ажлыг нь талархан үнэлж, “Сарын шилдэг ажилтан” зэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх, олон нийтийн өмнө амжилтыг нь алдаршуулах.

    Ажлын орчны нөхцөлийг сайжруулах
    Гэрэлтүүлэг, агааржуулалт, тав тухтай сууц, чимээ багатай орчин бий болгох.

    Ажил, амралтын тэнцвэрийг хангах
    Ачааллыг зохистой хуваарилж, уян хатан цагийн хуваарь, амралтын өдрүүд, ажлын дараах хөнгөн арга хэмжээг дэмжих.

    Өсөлт, хөгжлийн боломж олгох
    Дотоод сургалт, семинар, урамшууллын тогтолцоо бий болгож, ажилтнуудыг үргэлж хөгжих боломжтой байлгах.

    Эерэг ажлын орчин нь байгууллагын амжилтын гол хүчин зүйл бөгөөд энэ нь зөвхөн удирдлагын биш, хамт олны бүх гишүүдийн хамтын оролцоогоор бүтдэг. Хамтдаа харилцан хүндлэл, сэтгэл зүйн аюулгүй байдал, урам зориг дүүрэн орчинг бүрдүүлэхийг эрхэм зорилгоо болгох хэрэгтэй юм.

    Унших: Цалингаа нуух уу, ил тод байлгах уу?

    https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тусална.

  • Ажлын байрны уур амьсгалд яагаад анхаарах ёстой вэ?

    Ажлын байрны уур амьсгалд яагаад анхаарах ёстой вэ?

    Та өглөө ажилдаа явахдаа сэтгэл хангалуун, урам зоригтой байдаг уу? Эсвэл өдөр бүрийн эхлэл танд тухтай биш санагдаж байна уу?

    Энэ асуултын хариулт таны ажиллаж буй орчны уур амьсгалтай салшгүй холбоотой билээ. Яг л байгалийн уур амьсгал улирлаар өөрчлөгддөг шиг, ажлын орчинд ч дулаахан, ажилчдаа дэмжсэн уур амьсгалтай байж болно, эсвэл хүйтэн, дарамттай байдал ч ноёрхож болох юм.

    Ажлын уур амьсгал гэж яг юу вэ?

    Ажлын уур амьсгал гэдэг нь байгууллагын дотоод соёл, хамт олны харилцаа, удирдлагын арга барил, ажлын орчны нөхцөл зэрэг нийтлэг хүчин зүйлсийн нийлбэрийг хэлдэг. Энэ нь ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмж, ажлын байрандаа үлдэх эсэх шийдвэрт шууд нөлөөлдөг чухал ойлголт. Товчхондоо бол таны ажиллах орчны ая тух, сэтгэл ханамж юм.

    Ажлын уур амьсгалын гол бүрдэл хэсгүүд

    1. Хамт олны харилцаа – Бие биенээ хүндэлдэг, тусалдаг хамт олон ажлыг илүү бүтээмжтэй болгодог.

    2. Удирдлагын арга барил – Удирдлагын шударга хандлага, ойлгомжтой чиглэл өгөх байдал нь итгэлцэл төрүүлдэг.

    3. Ажлын орчин, тав тух – Аюулгүй, цэвэрхэн, бүтээлч уур амьсгалтай орчин төвлөрлийг нэмэгдүүлдэг.

    4. Хөдөлмөрийн үнэлэмж – Сайн ажлыг үнэлж, урамшуулдаг тогтолцоо урам өгдөг.

    5. Хувь хүний хөгжлийн боломж – Сурч хөгжих, шат ахих боломж нь карьерын өсөлтөд чухал байдаг.

    Яагаад чухал вэ?

    Ажлын таатай уур амьсгал нь сэтгэл ханамжтай ажиллах үндэс болдог. Өдөр бүр дуртай ажлаа хийх нь амьдралынхаа хагасыг баяр баясгалантай өнгөрөөж буйтай утга нэг. Ийм орчинд багийн бүтээмж эрс нэмэгдэж, ажилтнууд тогтвортой байдалтай, сэтгэлзүйн хувьд эерэг хандлагатайгаар ажилладаг нь судалгаагаар батлагдсан юм. Сайн хамт олон, ойлгож дэмждэг удирдлага нь стрессийг бууруулж, ажилтны сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих эерэг нөлөөтэй.

    Ажил хайж буй хүмүүст зориулсан зөвлөмж

    Хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны уур амьсгалыг урьдчилан мэдэхэд хүндрэлтэй байдаг ч дараах аргуудаар өөрт тохирох орчинг таньж, зөв шийдвэр гаргах боломжтой:

    Ярилцлагын үеэр зоригтой асуулт асуух
    Ажил олгогчоос “Танай хамт олны уур амьсгал ямар вэ?”, “Шинэ ажилтнууд хэрхэн дасан зохицдог вэ?” зэрэг асуултыг асууснаар тухайн байгууллагын дотоод соёл, хамт олны харилцааны талаар тодорхой ойлголт авч болно. Энэ нь зөвхөн таны сонирхлыг илтгээд зогсохгүй, байгууллагад хэр нийцтэй хүн бэ гэдгийг харуулдаг.

    Өмнөх ажилтнуудын санал бодлыг судал
    LinkedIn байгууллагын профайл, Facebook-ийн хуудас болон ажил хайдаг бүлгүүд, салбарын хүрээлэл, танил найзуудаасаа тухайн байгууллагын соёл, уур амьсгалын талаар асууж, бодит туршлагад суурилсан мэдээлэл аваарай. Бусдын туулсан туршлагаас суралцах нь эрсдэлээс сэргийлэх ухаалаг алхам болдог.

    Өөрийн үнэт зүйлтэй уялдуулах
    Таны хувьд ямар орчинд ажиллах нь хамгийн тохиромжтой вэ? Та бие даан шийдвэр гаргах боломжтой, уян хатан орчинд дуртай юу? Эсвэл багийн уур амьсгал, хамтын ажиллагаанд урам авдаг уу? Үнэт зүйлсээ тодорхойлж, тухайн байгууллагын соёлтой уялдуулах нь урт хугацаанд сэтгэл ханамжтай, тогтвортой ажиллах үндэс болдог.

    Ажлын санал хүлээн авахаасаа өмнө эдгээр зүйлсийг нягталснаар та зөвхөн ажлын байр бус, өөрт тохирсон амьдралын хэв маягийг сонгож чадна.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

  • Ажилтнаа үнэлдэггүй байгууллагын нийтлэг шинж

    Ажилтнаа үнэлдэггүй байгууллагын нийтлэг шинж

    Бүтээмжтэй ажиллана гэдэг тухайн ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг. Тэгэхээр ажил хайж буй талентуудын хувьд хамгийн чухал асуулт бол “Би энэ газар үнэлэгдэх үү?” гэдэг асуулт байх ёстой юм. Харин хэрхэн үнэлэгдэх тухайд цалин цорын ганц шалгуур нь биш бөгөөд Миний чадвар, оролцоо үнэлэгдэж байна уу? Би сонсогдож байна уу? Намайг хүндэлж байна уу? гэдэг л бодит байдалд ажилтны сэтгэл ханамжийг тодорхойлдог билээ.

    Харамсалтай нь, зарим байгууллага эдгээр асуултад эерэгээр хариулж чадахгүй хэвээр байна.Тиймээс та дараах шинжүүдийг анзаарч, ирээдүйн ажил олгогчоо ухаалгаар зөв сонгоорой.

    Ажлын зар нь бүдэг бадаг, мэдээлэл дутмаг байдаг

    Та “Цалин тохиролцоно” гэдэг үгтэй байнга таардаг уу? “Карьер өсөлттэй” гэж биччихээд яг юу гэсэн үг болохыг нь танд тайлбарлахгүй байна уу? Энэ бол тухайн байгууллагын ил тод байдал сул, ажилтнаа татах биш, зүгээр л цоорхой нөхөх ажилтан хайж буй дохио гэдгийг санаарай.

    Ярилцлагад орох үед та хүндлэгдэж байгаа эсэх?

    Та цагтаа очсон ч тэд 20 минут хүлээлгэдэг үү? Таны ур чадварыг сонирхохоос илүү, өмнөх ажлаасаа яагаад гарсныг, хувийн амьдрал, илүү цагаар ажиллах боломжтой эсэх төдийгүй цалингийн түүхийг чинь илүү асууж байна уу? Хэрвээ ярилцлагын эхний 10 минутад танд таатай мэдрэмж төрөөгүй бол энэ бол ирээдүйн харилцааны эхлэл л гэсэн үг.

    Цалингийн мэдээлэл тодорхой бус, өндөр амлалттай

    “Хөдөлмөрийг тань үнэлнэ ээ, даанч эхлээд үр дүн үзүүлээрэй, өөрийгөө харуулаарай” гэж байна уу?”, “Цалин бага ч гэсэн баг гайхалтай” гэж тайвшруулж байна уу? Хэрвээ амлалт нь бодит баримтаар баталгаажаагүй, харин үгээр аргадсан мэт бол цаана нь тогтсон үнэлгээний тогтолцоо байхгүй гэж ойлгоход буруудахгүй.

    Илүү цаг бол дүрэм, харин урамшуулал бол аз 

    Хааяа та ажлын байрнаасаа 21:00 цагт гарч, зарим өдөр үдийн цай ч уух завгүй байдаг уу? Илүү цагаа бүртгүүлж, мөн хуулийн дагуу нэмэгдэл хөлсөө тогтмол авч чаддаггүй юу? Энэ бол ажилтны цаг хугацааг хүндэтгэхгүй байгаагийн шууд илрэл юм. Ажил гэдэг бол амьдралын нэг хэсэг болохоос бүхэлдээ биш билээ.

    Багийн уур амьсгал хүйтэн бас урам зориггүй

    Ажлын эхний өдөртөө хүмүүсийн харцнаас та “Бүү найдаарай” гэж байгаа мэт дохио уншиж байсан уу? Асуух зүйлээ асуухаар очиход “надаас л биш шүү” гэж байгаа мэт мэдрэмж өгдөг үү? Удирдлага нь хэт төвлөрсөн, ажилтнууд хоорондоо үл ойлголцсон байдалтай, байгууллагын соёл байхгүй бол тогтвортой карьерын хөрс биш байх нь. 

    Карьер өсөлт зөвхөн “захиралдаа таалагдвал” гэдэг нөхцөлтэй

    Сургалт, мэргэжлийн хөгжлийн тухай яриа тэр бүр гардаггүй, шинэ санаа гаргасан ч “наадхыг чинь захирал л шийдэх байх” гээд зогсдог уу? Ур чадварын хөгжил, мэргэжлийн өсөлт нь жинхэнэ сайн ажил олгогчийн хариуцлага байдаг. Харин нэг хүний дураар карьер тогтоогдож байвал та ирээдүйд өсөж чадахгүй билээ.

    Ажилтнууд тогтдоггүй, байнга солигддог 

    Ажлын зар сар бүр харагддаг уу? Та хамт олонтойгоо анх танилцах үеэр “өнгөрсөн сард л ирсэн” гэсэн хүмүүс их байсан уу? Энэ нь тухайн байгууллагын ажилтны тогтвор суурьшлын бодлого тааруу, ажлын нөхцөл хүнд эсвэл уур амьсгал ”токсик”, сөрөг хандлагаараа ажилчдаа түлхдэгийг илтгэж байгаа юм.

    Та ийм орчинд ажиллаж байна уу?

    Эсвэл ийм газрыг сонгох гэж байгаа юм биш биз? Ирээдүйгээ үнэлдэг бол өөрийнхөө төлөө эдгээрээс зайлсхийгээрэй.

    Таны хөдөлмөр болон цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй зүйл.

    Харин та өөрийгөө хэрхэн үнэлж байна вэ?

    Бид бүгд л тогтмол орлоготой, сурсан зүйлтэй, эрч хүчтэй, идэвхтэй бас жаргалтай амьдрахын тулд өдөр бүр ажилладаг. Ийм учраас ажил нь таныг мохоох биш, харин дэмжиж, урам зориг өгдөг газар байх ёстой. Хэрвээ таны ирээдүйн болон одоогийн ажлын байранд эдгээр шинжүүд давамгайлж байгаа бол дахин бодоорой. Хүндлэлгүй газар хөдөлмөр цэцэглэдэггүй. Тиймээс та л өөрийгөө хайрлаж чадвал эргэн тойрны дотнын хүмүүс тань ч илүү жаргалтай байх болно.  

    Ийм учраас талент та ажлын ярилцлагын өмнө тухайн байгууллагын сошиал хуудсыг шалгаж, ажилтны сэтгэгдлийг Facebook пост, группуудээс боломжоороо хайх хэрэгтэй. Ярилцлагын үеэр “Компанийн карьер хөгжлийн бодлого юу вэ?” гэх мэт асуух асуултуудыг урьдчилан бэлдэхийг мөн зөвлөж байна.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай! 

    Холбоотой нийтлэл унших бол: Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

  • Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Бид ажил дээрээ хоногийн 24 цагийнхаа дор хаяж 8 цаг, хамгийн ихдээ 12 цагийг зарцуулдаг. Ийм ч учраас хэнтэй ажиллаж байгаа, удирдагч нь ямар хүн болох гээд эдгээр зүйлсүүд хамгийн их ажил сонголтод нөлөөлдөг. Таны шинэ ажил сонгохдоо хамгийн түрүүнд тавьдаг шаардлага юу вэ?
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны судалгаагаар, ажилтнуудын 64% нь ажлын байраа солих шийдвэр гаргахдаа цалингаас илүүгээр удирдлагын харилцаабайгууллагын соёл зэрэг орчны хүчин зүйлсийг илүү чухалчилдаг хандлага илэрсэн байна.

    Соёлтой байгууллага ямар байдаг вэ?

    • Итгэлцэлтэй удирдлага: Асуулт асуухад дарамт биш, боломж мэт хүлээж авдаг
    • Урам өгдөг хамт олон: Алдааг шүүмжлэх биш, сурч хөгжих боломж болгодог
    • Зорилгоо хамтдаа ойлгодог баг: “Чиний үүрэг” биш, “Бидний зорилго” гэсэн хандлагатай

    Харин эсрэгээрээ:

    • Хэт захиран тушаах удирдлага
    • Өрсөлдөөнт, эрс шүүмжлэлтэй орчин
    • Харилцаа дутмаг, багийн дэмжлэггүй орчин

    Эдгээр нь ажилтны бие сэтгэлд стресс үүсгэж, ажлын үр дүн буурахад болон цаашлаад ажлаас халшрах хам шинжид хүрэхэд нөлөөлдөг

    Ажил сонгохдоо өөрөөсөө асуух 3 асуулт:

    1. Энэ орчинд би санаа зовохгүйгээр өөрийгөө илэрхийлж чадах уу?
    2. Би зөвхөн ажлаа гүйцэтгэгч биш, багийн нэгэн гишүүн мэт мэдрэмж авах уу?
    3. Энд би зөвхөн ажиллах биш, хөгжих боломжтой юу?

    Одоо харин дээрх асуултууд таны компаний хараа зорилго, хувь хүний үнэ цэнтэй таарч байна уу шалгаад үзэцгээе.

    Байгууллагын соёлоо хэрхэн сайжруулах вэ?

    1. Үнэ цэн, зорилгоо тодорхой болго
    “Манай байгууллага юуны төлөө оршдог вэ?” гэдэг асуултанд ажилтан бүр нэг ижил хариулт өгч чадах уу?

    • Компанийн үнэт зүйл, эрхэм зорилго ханан дээр биш өдөр тутмын шийдвэрт тусгагдсан байх хэрэгтэй.
    • Үнэт зүйлсийг ажилтан бүртэй хуваалцдаг 15–30 минутын шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөр (onboiarding) хийх.

    2. Удирдлагын харилцаа соёлыг тодорхойлдог
    Удирдлагын ганц удаагийн “сайн ажиллалаа” гэдэг үг бүх багийн уур амьсгалыг өөрчилдөг.

    • Ажилтнуудын ажилд хэт хяналт тавихгүйгээр (micromanage) итгэл үзүүлэх
    • Шүүмжлэхээсээ өмнө сонсдог байдалыг тогтоох.

    3. Сонсоод өнгөрөх бус — сонсоод хэрэгжүүлдэг байх
    Ажилтнуудын саналын хайрцагтай ч хэн ч уншдаггүй бол соёлд сөрөг нөлөө үзүүлдэг.

    • Ажилтны санал асуулгын хариу арга хэмжээг нийтэд ил тод хуваалцах
    • “Саналын дагуу хийсэн өөрчлөлтүүд” гэх булан бий болгох

    4. Зөв хүн — Зөв орчин
    Соёл гэдэг бол зөв хүнээс эхэлдэг. Чадвараас гадна зан төлөв, багт тохирох байдал маш чухал.

    • Шинэ ажилтны сонгон шалгаруулалтанд зөөлөн чадвар-т (soft skill) суурилсан зан төлөвт суурилсан ярилцлага нэмэх. Энэ нь ажилтны өмнөх туршлагуудлыг таньж мэдэх болон танай байгууллагын соёлд хэр нийцтэйг шалгах зорилготой.

    5. Баяр хөөртэй амьд уур амьсгал
    Соёл гэдэг бол зөвхөн дүрэм, процесс биш. Хүмүүсийн баяр баясал, хоорондын холбоо юм.

    • Тэмдэглэлт өдрүүдийг албан ёсны байдлаар биш, багаар тэмдэглэх боломж олго
    • Ажилтныг таньж хүлээн зөвшөөрдөг дотоод “талархлын соёл” бий болго

    Эцэст нь..
    Байгууллагын соёл бол бичигдсэн уриа биш, өдөр бүр ажилтнуудын мэдэрдэг орчин юм. Итгэлцэл, харилцаа, дэмжлэгтэй уур амьсгал нь хүмүүсийг үлдээж, хөгжүүлдэг. Харин захиран тушаах, үл ойшоох хандлага нь байгууллагын үнэ цэнийг бууруулдаг.
    Соёлыг сайжруулахын тулд том өөрчлөлт биш — жижиг бөгөөд бодит алхмууд тогтмол шаардлагатай.

    Lambda.Global бол зөв хүн, зөв орчин, зөв соёлыг холбох гүүр юм.

    Зөв орчин — илүү бүтээмж — илүү тогтвортой хамт олон бий болдог.

    .