Tag: Ажиллах орчин

  • Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Өглөө бүр өнөөх л нэгэн хэвийн уйтгартай, залхсан янзаар ажилдаа арай гэж очиж, өдрийг ямар ч үр бүтээмжгүй өнгөрүүлж байгаа юм биш биз? Бүтэн цагийн ажилтай, орлоготой ч нэг л зүйл болж өгөхгүй, цаанаасаа л ядраад, урам зориг үгүйлэгдээд сэтгэл дундуур байна уу?  

    Хэрвээ та энэ мэдрэмжтэй өдөр бүр нүүр тулж байгаа бол дараах нийтлэлийг анхааралтай уншаарай. Танд хэрэгтэй үнэт зөвлөгөөнүүд энд байна.

    Gallup-ийн 2023 оны олон улсын судалгаагаар дэлхийн хэмжээнд ажилтнуудын зөвхөн 23% нь ажлын байрандаа бүрэн сэтгэл хангалуун байдаг гэж хариулжээ. Харин үлдсэн 77% нь “зүгээр л цалингаа аваад ажиллаж байна” эсвэл бүр “сөрөг сэтгэлтэй ажиллаж байна” гэжээ. 

    ❓ Яагаад ажилдаа сэтгэл ханамжгүй болдог вэ?

    1. Өсөлтгүй орчин

    Нэгэн хэвийн, давтагддаг ажил нь таны бүтээлч сэтгэлгээг бууруулж, улмаар өсөн дэвших боломжгүй мэт мэдрэмж төрүүлдэг.

    2. Удирдлагын арга барил

    Таны гаргасан шинэ санаа, шийдлийг байнга үгүйсгэх, хийж бүтээж байгаа ажлыг тань үнэлдэггүй удирдлагатай бол сэтгэл ханамж буурдаг байна.

    3. Ажлын ачаалал ба цалин

    Хэт их үүрэг хариуцлагатай, олон цаг ажиллаж байгаа ч цалингийн үнэлгээ бага бол сэтгэл ханамжийг үгүй хийдэг.

    4. Зорилгын зөрүү

    Та өөрийн хүсэл, үнэт зүйл, чадварт нийцэхгүй ажил хийж яваа бол ажилдаа ямар ч сэтгэл ханамжгүй, гацсан мэдрэмжтэй, эрч хүчгүй болдог.

    Энэ байдлаас хэрхэн гарах вэ?

    1.  Өөрөөсөө асуу

    • Энэ ажлын юу нь надад таалагддаггүй вэ?
    • Юуг өөрчилбөл илүү сэтгэл ханамжтай байж чадах вэ?

    2. Ажлын орчноо анхааралтай ажигла

    Асуудал ганц танд биш байж мэднэ. Багийн уур амьсгал, удирдлагын хандлага, ажлын зохион байгуулалтыг нэг сайн ажигла.

    3.  Бага багаар өөрчлөлт хий

    Шинэ ур чадвар эзэмших, өөр салбарт судалгаа хийх, эсвэл дотоод шилжилтэд оролцох зэрэг алхамууд таны урам зоригийг сэргээж чадна.

    4. Мэргэжлийн зөвлөгөө аваарай

    Карьер коуч эсвэл HR мэргэжилтэнтэй ярилц. Тэд танд шинэ өнцөг, гарц харуулж чадна.

    5. Гарах шийдвэрийг айдсаар биш, зорилгоор удирдуулах

    Заримдаа ажил солих нь таны эрүүл мэнд, урам зориг, цаашдын амьдралын чанарт хамгийн зөв шийдвэр байх тохиолдол бий.

    Ажилдаа сэтгэл хангалуун байх гэдэг нь цалин, албан тушаалын тухай биш. Энэ нь:

    • Хувь хүний хөгжил
    • Үнэлэмж
    • Харилцаа
    • Орчин
    • Зорилготой ажиллах мэдрэмж гэсэн олон хүчин зүйлтэй гүн холбоотой.

    Хэрэв та  ажилдаа сэтгэл хангалуун бус байвал энэ бол таны сул тал биш харин өөрчлөлтийн цаг ирснийг илтгэх дохио байж мэднэ. Ирээдүйнхээ төлөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт болох өөрийгөө нээж, өөрчлөлт хийх чухал аяллаа  lambda.global-тай хамт эхлүүлээрэй.

  • Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Бид ажил дээрээ хоногийн 24 цагийнхаа дор хаяж 8 цаг, хамгийн ихдээ 12 цагийг зарцуулдаг. Ийм ч учраас хэнтэй ажиллаж байгаа, удирдагч нь ямар хүн болох гээд эдгээр зүйлсүүд хамгийн их ажил сонголтод нөлөөлдөг. Таны шинэ ажил сонгохдоо хамгийн түрүүнд тавьдаг шаардлага юу вэ?
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны судалгаагаар, ажилтнуудын 64% нь ажлын байраа солих шийдвэр гаргахдаа цалингаас илүүгээр удирдлагын харилцаабайгууллагын соёл зэрэг орчны хүчин зүйлсийг илүү чухалчилдаг хандлага илэрсэн байна.

    Соёлтой байгууллага ямар байдаг вэ?

    • Итгэлцэлтэй удирдлага: Асуулт асуухад дарамт биш, боломж мэт хүлээж авдаг
    • Урам өгдөг хамт олон: Алдааг шүүмжлэх биш, сурч хөгжих боломж болгодог
    • Зорилгоо хамтдаа ойлгодог баг: “Чиний үүрэг” биш, “Бидний зорилго” гэсэн хандлагатай

    Харин эсрэгээрээ:

    • Хэт захиран тушаах удирдлага
    • Өрсөлдөөнт, эрс шүүмжлэлтэй орчин
    • Харилцаа дутмаг, багийн дэмжлэггүй орчин

    Эдгээр нь ажилтны бие сэтгэлд стресс үүсгэж, ажлын үр дүн буурахад болон цаашлаад ажлаас халшрах хам шинжид хүрэхэд нөлөөлдөг

    Ажил сонгохдоо өөрөөсөө асуух 3 асуулт:

    1. Энэ орчинд би санаа зовохгүйгээр өөрийгөө илэрхийлж чадах уу?
    2. Би зөвхөн ажлаа гүйцэтгэгч биш, багийн нэгэн гишүүн мэт мэдрэмж авах уу?
    3. Энд би зөвхөн ажиллах биш, хөгжих боломжтой юу?

    Одоо харин дээрх асуултууд таны компаний хараа зорилго, хувь хүний үнэ цэнтэй таарч байна уу шалгаад үзэцгээе.

    Байгууллагын соёлоо хэрхэн сайжруулах вэ?

    1. Үнэ цэн, зорилгоо тодорхой болго
    “Манай байгууллага юуны төлөө оршдог вэ?” гэдэг асуултанд ажилтан бүр нэг ижил хариулт өгч чадах уу?

    • Компанийн үнэт зүйл, эрхэм зорилго ханан дээр биш өдөр тутмын шийдвэрт тусгагдсан байх хэрэгтэй.
    • Үнэт зүйлсийг ажилтан бүртэй хуваалцдаг 15–30 минутын шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөр (onboiarding) хийх.

    2. Удирдлагын харилцаа соёлыг тодорхойлдог
    Удирдлагын ганц удаагийн “сайн ажиллалаа” гэдэг үг бүх багийн уур амьсгалыг өөрчилдөг.

    • Ажилтнуудын ажилд хэт хяналт тавихгүйгээр (micromanage) итгэл үзүүлэх
    • Шүүмжлэхээсээ өмнө сонсдог байдалыг тогтоох.

    3. Сонсоод өнгөрөх бус — сонсоод хэрэгжүүлдэг байх
    Ажилтнуудын саналын хайрцагтай ч хэн ч уншдаггүй бол соёлд сөрөг нөлөө үзүүлдэг.

    • Ажилтны санал асуулгын хариу арга хэмжээг нийтэд ил тод хуваалцах
    • “Саналын дагуу хийсэн өөрчлөлтүүд” гэх булан бий болгох

    4. Зөв хүн — Зөв орчин
    Соёл гэдэг бол зөв хүнээс эхэлдэг. Чадвараас гадна зан төлөв, багт тохирох байдал маш чухал.

    • Шинэ ажилтны сонгон шалгаруулалтанд зөөлөн чадвар-т (soft skill) суурилсан зан төлөвт суурилсан ярилцлага нэмэх. Энэ нь ажилтны өмнөх туршлагуудлыг таньж мэдэх болон танай байгууллагын соёлд хэр нийцтэйг шалгах зорилготой.

    5. Баяр хөөртэй амьд уур амьсгал
    Соёл гэдэг бол зөвхөн дүрэм, процесс биш. Хүмүүсийн баяр баясал, хоорондын холбоо юм.

    • Тэмдэглэлт өдрүүдийг албан ёсны байдлаар биш, багаар тэмдэглэх боломж олго
    • Ажилтныг таньж хүлээн зөвшөөрдөг дотоод “талархлын соёл” бий болго

    Эцэст нь..
    Байгууллагын соёл бол бичигдсэн уриа биш, өдөр бүр ажилтнуудын мэдэрдэг орчин юм. Итгэлцэл, харилцаа, дэмжлэгтэй уур амьсгал нь хүмүүсийг үлдээж, хөгжүүлдэг. Харин захиран тушаах, үл ойшоох хандлага нь байгууллагын үнэ цэнийг бууруулдаг.
    Соёлыг сайжруулахын тулд том өөрчлөлт биш — жижиг бөгөөд бодит алхмууд тогтмол шаардлагатай.

    Lambda.Global бол зөв хүн, зөв орчин, зөв соёлыг холбох гүүр юм.

    Зөв орчин — илүү бүтээмж — илүү тогтвортой хамт олон бий болдог.

    .

  • Зайнаас ажиллах ажлын байранд хэрхэн бэлтгэх вэ?

    Зайнаас ажиллах ажлын байранд хэрхэн бэлтгэх вэ?

    Унших: Зайнаас Ажиллах Боломжтой Ажил Мэргэжлүүд

    Зайнаас ажиллах буюу “Remote work” нь сүүлийн жилүүдэд буюу цар тахлын дараагаас улам бүр түгээмэл болж, олон олон байгууллага өөрсдийн ажилчдын ажлын орчныг гэртээ эсвэл дуртай газарт ажиллах боломжийг олгох болжээ. Энэ нь ажил амьдралын тэнцвэрээ зөв удирдах, өөрийн хүссэн орчиндоо ажиллах зэрэг олон давуу талтай ч, энэ хэлбэрт шилжин ажиллах нь бас өөрийн  гэсэнонцлог, сорилтуудтай. Тиймээс хэрвээ та зайнаас ажиллах ажлын байранд өөрийгөө бэлтгэж байгаа бол энэ нь зөвхөн техник хэрэгслүүдтэй холбоотой асуудал биш, харин сэтгэл зүйн болон зохион байгуулалтын олон талын уялдааг ханган ажиллах чадварыг шаардах юм.

    Энд дарж lambda.global дээр нийтлэгдсэн зайнаас ажиллах боломжтой ажлын байруудтай танилцана уу.

    1. Техникийн бэлтгэл:

    Зайнаас ажиллахад шаардлагатай анхны зүйл бол өөрийн ажлын орон зайг бүрдүүлэх явдал юм. Та компьютертэй, мөн тасалдалгүй, хурдан интернет холболттой байх хэрэгтэй. Зарим байгууллагууд ажилчдынхаа хэрэгсэл, програм хангамжийг хангаж өгдөг ч, хэрэв та бие даан ажиллах бол дараах зүйлийг анхаарах хэрэгтэй.

    • Компьютер болон төхөөрөмж: Жишээ нь, цахим шуудан, видео дуудлага хийх, ажлын төлөвлөгөө хийхэд зориулагдсан үйлдлийн систем, програмуудтай тохирох компьютер хэрэгтэй. Дахин хэлэхэд, хурдтай интернет холболт нь зайнаас ажиллахад чухал үүрэг гүйцэтгэнэ.
    • Програм хангамж: Хэрэгцээт программуудаа суулгах. Үүнд, видео дуудлага хийх програм (Zoom, Microsoft Teams), хувийн болон ажлын мэдээллийг хуваалцах програм (Google Drive, Dropbox, OneDrive), төслийн менежментийн програмууд (Trello, Asana, Monday.com) орно.
    • Цахим аюулгүй байдал: Зайнаас ажиллахад өөрийн мэдээллийн аюулгүй байдлаа хангах, эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй. VPN ашиглах, хоёр алхамт баталгаажуулалт (2FA) хэрэглэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатай.

    2. Ажиллах орчин:

    Зайнаас ажиллах нь гэртээ эсвэл өөрт тохиромжтой орчинд ажиллах боломжийг олгодог ч, зөв орчин бүрдүүлэх нь чухал. Учир нь өөрт тохирсон орчинг  цагаа бүрэн үр дүнтэй зохион байгуулж чадахгүй байх, ажилдаа төвлөрч чадахгүй байх зэрэг эрсдлүүд үүсдэг. Тиймээс:

    • Тохиромжтой орчин: Ажлын орчин тухтай байж, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх ёстой. Энэ нь танд тохиромжтой ширээ, сандал, гэрэлтүүлэгтэй орчин байх шаардлагатай гэсэн үг.
    • Ажлын орон зайг тусгаарлах: Хэрэв гэртээ ажиллаж байгаа бол, ажлын орон зайг гэрийн бусад хэсгээс тусгаарлах хэрэгтэй. Энэ нь сэтгэл зүйн хувьд ч, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд туслах болно.

    3. Цагийн менежмент:

    Зайнаас ажиллах нь өдөр тутмын амьдралын хэв маяг болон цагийн менежментэд шинэ зохион байгуулалт хийхийг танаас шаардана. Учир нь зайнаас эсвэл гэрээсээ ажиллах үед хүмүүст албан ёсны ажлын цагийн хуваарийн хяналтаас гарч, заримдаа илүү их цаг зарцуулж түүнээсээ ядарч сульдан, бүтээмж нь буурах магадлалтай байдаг. Тиймээс:

    • Ажлын цагийг барих: Өдрийн цагийн хуваарийг яг тодорхойлж, ажлын цагийнхаа эхлэл, төгсгөлийг зааж, амралт болон завсарлагын цагаа ч хуваарилах хэрэгтэй.
    • Төлөвлөгөө гаргах: Өдөр тутмын болон долоо хоногийн төлөвлөгөө гаргаж, тэргүүлэх ач холбогдол бүхий ажлуудаа эхлүүлэх нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал.

    4. Харилцаа холбоо, хамтран ажиллах:

    Зайнаас ажиллах үед ажлын байр болон ажлын хамт олны дунд үүсэх хамгийн гол өөрчлөлт нь баг хамт олонтой хамтран ажиллах үед үүсэх харилцаа болон мэдээлэл солилцоход тулгардаг асуудлууд байдаг. Тиймээс баг хоорондын харилцааг зохицуулахын тулд энгийн, шуурхай харилцааг илүүд үзэх хэрэгтэй. Тиймээс:

    • Шууд харилцаа: Ажлын явц, асуудал шийдэх, санал солилцох гэх мэт бүх зүйлд шуурхай холбоо барих шаардлага гарна. Үүний тулд цахим шуудан, мессенжер програмууд болон видео дуудлагыг ашиглаж байх нь чухал.
    • Далд харилцаа: Зайнаас ажиллахдаа хүмүүст хоорондоо “бие биетэйгээ уулзах” боломжгүй учраас харилцаа холбоо болон нэг нэгэндээ урам өгөх нь тун чухал. Энэ нь багийн бүтээмжид шууд нөлөөлдөг.

    5. Сэтгэл зүй болон өөрийгөө удирдах:

    Зайнаас ажиллах нь нэг талаараа танд хүссэн орчиндоо өөрийн таваар ажиллах боломжыг олгох давуу талатай ч, заримдаа ажлын ачаалал, цагийн менежмент, ганцаардах зэрэг сэтгэл зүйн асуудалтай тулгарч болзошгүй. Тиймээс:

    • Сэтгэл зүйгээ анхаарах: Гэрээсээ ажиллах үед сэтгэл санаа хямрах, ганцаардах магадлал их байдаг. Тиймээс өөрийнхөө сэтгэл зүйд анхаарал хандуулж, гэр бүлийнхэнтэйгээ эсвэл найзуудтайгаа харилцаж байх нь чухал.
    • Завсарлага авах: Өдөртөө завсарлага авч, биеийн болон сэтгэл зүйн амралт авах хэрэгтэй. Гадаа гарч алхах, ном унших, эсвэл хоббигоо хөөх нь ажлын бүтээмжийг нэмэгдүүлдэг.

    6. Зохион байгуулалт:

    Зайнаас ажиллахын хамгийн чухал нь өөрөө өөртөө бүрэн хариуцлага хүлээж өөрийгөө зөв зохион байгуулах шаардлагатай. Учир нь таны ажлын үр дүн гүйцэтгэл нь зөвхөн таниас өөрөөс тань хамаарч эхлэх тул хувийн зохион байгуулалтыг чухалчлах хэрэгтэй.

    • Өөрийгөө хариуцлагатай байлгах: Ажлын үр дүн нь зөвхөн таны хариуцлагаар хамаарна. Хийсэн ажлаа цаг тухайд нь гүйцэтгэх, өөртөө тайлагнах, гүйцэтгэлийг үнэлэх нь тусална.
    • Тогтмол үнэлгээ хийх: Хийж байгаа ажлынхаа дүнг эргэн харж, хаана сайжруулалт хийх шаардлагатайг ойлгох нь сэтгэл ханамж, бүтээмжийг хадгалж үлдэхэд тусалдаг.

    Зайнаас ажиллах нь хүн бүрт өөрийн хүссэн орчиндоо ажиллах хэрэгцээтэй, олон боломжуудыг нээж өгч байгаа ч, энэ нь зохион байгуулалт, өөрийн хариуцлага, технологийн дэмжлэг зэрэг олон хүчин зүйлийг шаарддаг. Техник хэрэгсэл, ажлын орчин, цагийн менежмент, харилцаа холбоо, сэтгэл зүйн тэвчээр — эдгээр бүх зүйлсийг бүрэн дүүрэн бэлтгэсэн байх үед та зайнаас илүү амжилттай үр дүнтэй ажиллах болно.