Tag: Ажиллах орчин

  • Хөдөлмөрийн хууль: Таны эрхийг хамгаалах мэдлэгийн үндэс

    Хөдөлмөрийн хууль: Таны эрхийг хамгаалах мэдлэгийн үндэс

    Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцаа улам бүр олон талтай, төвөгтэй болж байна. Энэ орчинд хувь хүн өөрийн эрх ашгаа хамгаалж, шударгаар ажиллахын тулд хөдөлмөрийн хуулийг зайлшгүй мэддэг байх шаардлагатай. Хөдөлмөрийн тухай хууль бол ажилтны эрхийг хамгаалах, хөдөлмөрийн шударга харилцааг хангах үндсэн суурь баримт бичиг юм.

    Яагаад хөдөлмөрийн хуулийг унших зайлшгүй хэрэгтэй вэ?

    1. Эрхээ мэдэх нь хамгаалах эхлэл

    Ажилтан бүр дараах эрхтэй байдгийг мэдэх үү?

    • Ажлын байрны аюулгүй, эрүүл орчинд ажиллах
    • Цалин хөлсөө хугацаанд нь бүрэн авах
    • Илүү цагаар ажилласан бол зохих нөхөн олговор авах
    • Амралт, тэтгэвэрт гарах эрхээ эдлэх

    Хэрэв та эдгээр эрхүүдийн аль нэгийг нь мэдэхгүй байвал, ажил олгогч хууль зөрчиж байгааг ч анзаарахгүй өнгөрөх эрсдэлтэй.
    Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалингийн нөхцөл тохирох, ажлаас чөлөөлөх гэх мэт бүх процесс хуульд үндэслэн явах ёстой. Ажил олгогч хууль зөрчиж, таныг үндэслэлгүй ажлаас халсан тохиолдолд та өөрийгөө хамгаалах мэдлэгтэй байх хэрэгтэй.

    2. Ажилд орохоос эхлээд гарах хүртэл хууль хэрэгтэй

    Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалинг тохирох, ажлаас чөлөөлөх зэрэг бүхий л үйл явц хуулийн дагуу явагдах ёстой. Хэрэв ажил олгогч үндэслэлгүйгээр таныг ажлаас халсан бол та өөрийгөө хамгаалах мэдлэгтэй байх хэрэгтэй.

    3. Хууль мэдэхгүйгээс болж хохирох эрсдэл өндөр

    Хөдөлмөрийн маргааны олонх нь ажилтнуудын хууль мэдэхгүйгээс үүдэлтэй байдаг. Жишээлбэл, халагдах үедээ нөхөн олговор авах эрхтэй гэдгээ мэдэхгүй өнгөрөх, амралтын мөнгө бодитоор бодогдсон эсэхийг нэхэмжлэхгүй байх зэрэг тохиолдол цөөнгүй.

    4. Эрхээ мэддэг ажилтан бол итгэлтэй, үнэ цэнтэй ажилтан

    Та хөдөлмөрийн хууль мэддэг бол ажил олгогч тань таныг илүү хүндэтгэх, хууль зөрчихгүй байхыг анхаардаг. Мөн та өөрийн эрхийг эвдүүлэхгүйгээр ажиллах ухаалаг, ухамсартай нэгэн гэдгээ харуулна.

    5.Цахим нөөц, гарын авлага олширсон тул сурахад амархан болсон

    Өнөө үед хөдөлмөрийн хуулийн тайлбар, гарын авлага, сургалтын бичлэгүүд цахим орчинд олноор бий. Мэргэжлийн байгууллагууд үнэгүй сургалт, зөвлөгөө өгөх нь ч бий. Хуулийг ойлгох нь одоо тийм ч хэцүү зүйл биш боллоо.

    Мэдлэг бол хамгаалалт

    Хөдөлмөрийн харилцаанд та өөрийн мэдлэг, эрх мэдэл дээрээ тулгуурлан оролцох ёстой. Ажил олгогчийн хэлсэн бүхнийг дагаж мөрдөх биш, харин хуульд нийцэж байгаа эсэхийг мэддэг байх нь танд хүч өгнө. Иймээс өнөөдрөөс эхлэн хөдөлмөрийн хуулийг уншиж эхлэх нь таны ирээдүйн амьдралд том хөрөнгө оруулалт болох юм.
    Хөдөлмөрийн хуулийг мэдэхгүй байх нь ажилчдын эрх зөрчигдөх, хөдөлмөрийн нөхцөл муудах, хууль бус үйлдлүүдийг тэвчих зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Дэлхий дахинд болон Монгол Улсад энэ асуудал хэрхэн илэрч байгааг дараах судалгаа, баримтуудаар харуулж болно.

    Судалгаа, баримтаар нотлогдсон үр дагавар

    Монгол Улс дахь нөхцөл байдал

    Монголд:

    • Хөдөлмөрийн гэрээгүй ажиллах
    • Цалинг хугацаанд нь авахгүй байх
    • Илүү цагийн нөхөн олговоргүй байх зэрэг зөрчил олонтаа. Энэ нь хөдөлмөрийн хуулийн талаарх мэдлэг дутмагтай холбоотой.

    Олон улсын жишээ:

    • Бангладеш: Ажилчдын эрхийн мэдлэг дутмагаас болж хөдөлмөрийн хуулийн зөрчил 70%-д хүрдэг. (Advocacy Unified Network)

    • Япон: Хөдөлмөрийн хууль сайн мэддэг оюутнууд ажлын нөхцөлөө сайжруулах чадвартай байдаг.

    • АНУ: 2019 онд хөдөлмөрийн яам 8,500 ажил олгогчийн 287 сая ам.долларын цалин хулгай илрүүлсэн.

    • Олон улсын хөдөлмөрийн байгууллага: Жил бүр 2.78 сая хүн хөдөлмөрийн осол, өвчлөлөөс болж нас бардаг нь аюулгүй ажиллагааны мэдлэг дутмаг байгааг харуулдаг.

    Дүгнээд харахад: 

    Хөдөлмөрийн хуулийг мэддэг байх нь таны амьдралын баталгаа, эрхийн хамгаалалт юм. Ажил олгогч таны эрхийг зөрчихөөс сэргийлэхийн тулд:

    • Хуулиа унших
    •  Сургалтад хамрагдах
    • Эрхээ хэрэгжүүлэх
    • Мэдлэгээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү. 

     

  • Сайн менежмент ба тогтвортой ажлын байр

    Сайн менежмент ба тогтвортой ажлын байр

    Сүүлийн үед хөдөлмөрийн зах зээл дээр ажил идэвхтэй хайж буй залуучууд зөвхөн цалин, албан тушаалаар бус, тухайн байгууллагын ажиллах орчин, карьерийн өсөлтийн боломж, удирдлагын хандлага зэрэгт илүү их анхаарал хандуулдаг болжээ. Энэхүү өөрчлөлт нь ажил олгогчдод өөрсдийн компанийн ажлын орчны чанарыг дахин нэг удаа эргэцүүлэн харж, сайжруулах шаардлагыг бий болгож байна. Учир нь эдгээр хүчин зүйлс нь ажилтан тухайн байгууллагад удаан хугацаанд тогтвортой ажиллах эсэхэд хамгийн гол нөлөө үзүүлдэг болсон юм.

    Ажлын орчны уур амьсгал яагаад чухал вэ?

    Ажил хайж эхлэх үед “Ямар ажлын байр вэ?”, “Цалин нь хэд бол?” гэж асуудаг ч бүгд л тухтай уур амьсгал, харилцан ойлголцол, өсөж хөгжих боломжийг чухалчилдаг билээ. Энэ нь зөвхөн ажилтны хичээл зүтгэлээр бус, компанийн удирдлага, менежментийн соёлоос шууд хамаардаг.

    Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд мэдрэгддэг зүйл бол шууд удирдлагын хандлага байдаг. Таны удирдлага танд итгэдэг үү? Алдаа гаргавал уурлахын оронд чиглүүлж чадаж байна уу? Сайн ажилласныг тань сэтгэлээсээ үнэлж хэлдэг үү? Хэрэв эдгээр асуултын хариулт “тийм” бол та сэтгэл хангалуун ажиллах орчинд байна гэсэн үг. Харин “үгүй” бол яаж ч хичээгээд нэг л дутуу, сэтгэл дундуур мэдрэмж авсаар яваандаа урам зориггүй болдог.

    Сайн менежментийн гол шинжүүд

    Сайн менежмент гэдэг нь зөвхөн ажлыг төлөвлөх чадвар төдий биш харин итгэлцэл бий болгож, тухайн хүнээ ойлгож, хүндэтгэх ур чадвар юм. Ил тод, шударга байдал, ойлгомжтой үүрэг даалгавар өгөх, асуудал тулгарвал буруутгах бус хамтдаа шийдвэрлэх, ажилтныг “ажилтан” гэхээс илүү хүн талаас нь хүндэтгэх хандлага зэрэг нь сайн менежментийн үндэс суурь болдог. Ийм орчинд ажиллаж байгаа хүн өглөө сэрээд “Өнөөдөр бас л ажил…” гэж бухимдах бус, “Өнөөдөр нэг шинэ зүйл сурна даа” хэмээн урам зоригтойгоор өдрийг эхлүүлдэг байна.

    Ажлын уур амьсгал ч бас чухал

    Зарим хүн өндөр цалинтай ч ажлаа дургүй, стресстэй хийдэг бол, зарим нь арай бага цалинтай ч сэтгэл хангалуун, урам зоригтой бүтээмжтэй ажилладаг. Үүний үндсэн шалтгаан нь ажлын орчны уур амьсгалтай шууд холбоотой юм. Та ажил дээрээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг уу? Алдаа гаргавал буруутгах бус, хамтдаа засч залруулдаг уу? Өөрийнхөөрөө байж, тайван тогтвортой сэтгэл зүйтэйгээр ажиллах боломж танд бий юу? Иймээс ажлын уур амьсгал хамгийн үнэ цэнтэй зүйл байж мэднэ.

    Ажилтны тогтвортой байдалд дараах зүйлс нөлөөлдөг 

    Сайн менежменттэй байгууллага
    Ажилтнууд удирдлагын хандлагыг хамгийн их үнэлдэг. Ил тод, шударга, дэмждэг удирдлага нь ажилтанд өөрийгөө үнэлэгдэж байна гэж мэдрүүлдэг. Энэ мэдрэмж нь ажлаа удаан хугацаанд хийхэд чухал нөлөөтэй.

    Карьер хөгжлийн бодит боломж
    Хүмүүс урт хугацаанд ажиллахдаа ур чадвараа хөгжүүлж, тушаал дэвшихийг хүсдэг. Энэ нь зөвхөн сургалт семинартай хязгаарлагдахгүй. Дотоод шат ахих боломж, менторшип, дасан зохицох хөтөлбөр гэх мэт олон хэлбэртэй байж болно.

    Тав тухтай, уян хатан ажлын нөхцөл
    Орчин үеийн ажилтнууд уян хатан цагийн хуваарь, алсын зайнаас ажиллах боломж, эрүүл аюулгүй орчин зэрэгт илүү ач холбогдол өгдөг болсон. Энэ нь ажил, амьдралын тэнцвэрийг хадгалахад чухал нөлөөтэй.

    Карьер хөгжил бол тухайн ажилтны үндсэн хэрэгцээ

    Илүү ихийг хийж чадна гэсэн дуу хоолой хүн бүрийн дотор бий. Байгууллага энэ дотоод итгэлд итгэж, хөгжих боломж олговол Би энд үнэлэгдэж байна, өсөж дэвшинэ гэж бодогддог. Харин тийм мэдрэмж төрүүлэхгүй бол ямар ч өндөр цалинтай байлаа ч хүн удаан тогтохгүй байх магадлалтай.

    Ажил хайгчдад зориулсан зөвлөмж: Ажлаа зөв сонгох асуултууд

    Ажил хайж байх үед та дараах асуултыг өөрөөсөө асууж үзээрэй. – Шууд удирдлага ямар хүн бэ? Ажлын уур амьсгал таалагдаж байна уу? Өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой юу? мөн энэ байгууллагад ажиллахдаа өөрийгөө үнэ цэнтэй, үнэлэгдэж буй мэт мэдэрч чадах уу?.  Эдгээр асуултын хариулт бол таны ажлын сэтгэл ханамж, урт хугацаанд тогтвортой ажиллах шийдвэрт шууд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлс юм. Цалин хангамж бол түр хугацааны урамшуулал байж болох ч, тухайн орчинд өөрийгөө хөгжүүлж, үнэлэгдэж, итгэлтэйгээр ажиллах мэдрэмж нь илүү удаан хугацааны үнэ цэнэ бий болгодог.

    Ажилтнууд яагаад ажлаасаа гардаг вэ?

    Хүнийн нөөцийн зарим судалгаанаас харахад, ажилтнуудын 70%-иас дээш хувь нь удирдлагатай холбоотой асуудлаас болж ажлаасаа гарах шийдвэр гаргадаг байна. Хэт их ачаалал, тодорхойгүй үүрэг даалгавар, байнгын дарамт, хувь хүний хөгжлийг үл тоомсорлох, харилцааны доголдол зэрэг нь ажилтны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Харин эсрэгээрээ, сайн менежменттэй байгууллагууд ил тод, шударга харилцаж, ажлыг зөв хуваарилж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхээс гадна амжилтыг хамтдаа тэмдэглэж, алдааг шийтгэх бус, хамтдаа засах хандлагатай байдаг. Ийм орчинд ажиллаж буй хүн өөрийгөө үнэлэгдэж, ойлгогдож байгаа мэт мэдэрч, ажлын байрандаа сэтгэл ханамжтайгаар, урт хугацаанд үлдэх хүсэл төрдөг. Ажлын орчны уур амьсгал зөвхөн ажлын бүтээмжид биш, хүний сэтгэл зүй, өдөр тутмын амьдралд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгох нь чухал юм.

    Төгсгөлд нь хэлэхэд сайн менежмент гэдэг нь хамтдаа шийдэл хайдаг, амжилтыг хамтдаа хуваалцдаг хандлага юм. Ийм орчинд ажиллаж байгаа хүмүүс өглөө бүрийг урамтай эхлүүлдэг. Ажил бол бидний амьдралын ихэнх цагаа өнгөрүүлдэг газар. Тиймээс зөвхөн байгууллагын нэр хүнд, цалин хангамжаас гадна “Би энэ газар урам зоригтой ажиллаж чадах уу?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.

    Хэрвээ та ажил хайж байгаа бол өөрийн үнэ цэнийг мэдэрч, таныг дэмжих менежменттэй байгууллагыг олох болно гэдэгт итгэж байна. Өөрт тохирсон ажлаа эндээс сонгоорой.

    Харин та ажил олгогч бол сайн ажилтныг тогтоон барих хамгийн том нууц бол сайн менежмент гэдгийг санаарай.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай. 

  • Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Та өглөө сэрээд ажилдаа явах тухай бодох төдийд ходоод тань базалж, амьсгаа давчдаж, зүрх чинь хурдан цохилдог уу? 
    Гэсэн ч  та энэ мэдрэмжийг тоохгүйгээр, “тэвч тэвч” гээд өөрийгөө хүчээр ажил руугаа чирч яваа юм биш биз?  Ихэнх хүмүүс ийм мэдрэмжийг “ажлын стресс”, “залхуурал” эсвэл “ядарсандаа болоод мэдрэмтгий болчихлоо” гэж ойлгодог. Гэвч үнэндээ энэ бол таны бие болон сэтгэл зүй хамтдаа “Туслаач” гэж дотроос тань дуудлага өгч байгаа дохио юм. Энгийнээр хэлбэл, та ажлаас халшрах хам шинжид өртжээ.
    Энэ нь сэтгэл зүйгээр биш, бие махбодоор түрүүлж илэрдэг үе ч бий. Тэгэхээр өнөөдөр бид танд ийм мэдрэмж хаанаас үүдэлтэй вэ, хэрхэн таних вэ гэдгийг хуваалцъя.

    Ажилдаа дургүй болох нь “залхуурал” огтхон ч биш.

    Ажлаа хийх хүсэлгүй болох нь сахилга бат муу, сэтгэлгээ сул гэсэн үг огтхон ч биш. Сэтгэл зүйчдийн тайлбарласнаар, ажлаас халшрах хам шинж (job aversion syndrome) нь зөвхөн сэтгэл зүйд бус, бие махбодод ч шууд илэрдэг хариу урвал гэжээ.  Хүмүүс ихэнхдээ тухайн нөхцөл байдалд сэтгэлзүйн хувьд дасан зохицохоос өмнө бие махбод аль хэдийн хариу үзүүлчихсэн байдаг гэдгийг анзаардаггүй.

     Таны биед илэрч болох түгээмэл шинж тэмдгүүд:

    • Ходоод базлах
    • Амьсгал давчдах
    • Толгой хөндүүрлэх
    • Бие сулрах, хүнд мэдрэгдэх
    • Сэрсэн ч амраагүй мэт өдөржин ядрах

    Эдгээр нь бүгд таны биеийн зүгээс ирж буй нэг төрлийн дохио юм.
    Товчхондоо: “Би энэ орчинд дахин ормооргүй байна” гэж хэлж байна гэсэн үг.

    Хүнд чулууг удаан тээгээд байвал?

    Сэтгэлдээ дарамт, зовуурийг удаан тээж явах нь хүнд чулуу тээж яваатай адил. Эхэндээ даах мэт санагдавч, нэг мэдэхэд хүч хүрэхээ больж, ядаргаа, туйлдалт, гүн уналтад хүргэдэг.

    Сэтгэл зүйн аливаа асуудлыг “жижиг зүйл” гээд үл тоомсорлох нь хожим илүү том, шийдвэрлэхэд төвөгтэй сөрөг үр дагавар авчрах магадлалтай байдаг шүүдээ.

    Яагаад эдгээр дохиог зайлшгүй анхаарах хэрэгтэй вэ?

    Халшралын анхны шинж тэмдгийг анзааралгүй удах нь дараах эрсдэлүүдийг дагуулж болзошгүй. Үүнд:

    • Сэтгэл гутрал
    • Хамт олон, гэр бүлийн харилцаанд сэв суух
    • Ажлын бүтээмж эрс буурах
    • Burnout буюу сэтгэл зүйн туйлдлын хам шинжид хүрэх

    Хэрвээ та ийм нөхцөлд орвол зөвхөн ажилдаа дургүй байхаас гадна, амьдралд ч дургүй мэт мэдрэмж төрж эхэлдэг аюултай.

     Юу хийх хэрэгтэй вэ?

    Хэрвээ таны бие ийм дохиог өгч эхэлсэн бол, дараах алхмуудыг туршиж үзэхийг танд зөвлөж байна.

    • Мэдрэмжээ хүлээн зөвшөөр
      “Би сул дорой байна” гэж өөрийгөө буруутгахын оронд, энэ бол миний биеийн хариу үйлдэл гэж ойлгож арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Шалтгааныг тунгаан бод
      Таныг энэ мэдрэмж рүү түлхэж буй хамгийн том хүчин зүйл юу вэ? Ажлын ачаалал уу, дотоод зөрчил үү, эсвэл ажлын орчин уу?
    • Өөртөө амьсгаа авч амсхийх хугацаа олго
      Жижигхэн завсарлага, өдөр тутмын өөрийгөө дэмжих дадал зуршлаас эхлээд өөрийгөө жаахан ч гэсэн амрааж, уртаар цээж дүүрэн амьсгал аваад үзээрэй.
    • Хэн нэгэнтэй мэдрэмжээ хуваалц
      Боломжтой бол сэтгэлзүйч, найз, эсвэл найдвартай хүнтэй энэ тухайгаа ярилцаж, мэдрэмжээ гадагшлуулах нь танд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчрах болно.

    Хэрвээ та сүүлийн үед ядраад, бүх зүйлээс залхаж, ажил руугаа явах тухай бодоход л бие чинь эсэргүүцээд байгаа бол…
    Санаа зоволтгүй — та ганцаараа биш юмшүү. Burnout эсвэл ажлаас халшрах мэдрэмж гэдэг олон хүнд тохиолддог зүйл. Гэхдээ хамгийн чухал нь  та үүнийг анзаарч, өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй юмшүү. Хэрвээ “надад яг юу болоод байна вэ?” гэж өөрөөсөө асууж байгаа бол Lambda танд зориулж BURN OUT  тестийн булантай болсон шүү. Танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна.

  • Ээлжийн амралтын мөнгөө хэрхэн бодуулах вэ?

    Ээлжийн амралтын мөнгөө хэрхэн бодуулах вэ?

    Амралт гэдэг бол зөвхөн амсхийх цаг биш, та бүтэн жилийн турш цаг наргүй хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр шимийг бодитоор мэдрэх өдрүүд юм. Тиймээс та хөдөлмөрийн гэрээгээр баталгаажсан ээлжийн амралтын мөнгөө хэрхэн зөв тооцуулах, гарт авах ёстой дүнгээ хэрхэн зөв тооцоолж, авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс  уншаарай.

    Ээлжийн амралтын эрх үүсэх нөхцөлөөс эхэлье.

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар:

    • Ажилд орсноос хойш 6 сарын дараа ээлжийн амралт авах эрх үүснэ
    • Үндсэн амралтын хугацаа: Ажлын 15 өдөр
    • 18 нас хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд: Ажлын 20 өдөр ажилласан бол ээжлийн амралт авах эрх үүснэ гэж заасан байдаг.

     Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн тооцох вэ?

    Ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг, тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж, ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодно. Ингээд бяцхаан тооцоолол хийцгээе. 

    Та сард 2,100,000 мянган төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Өмнөх ээлжийн амралтаас хойш 6 сарын дараа дараагийн ээлжийн амралтаа авах гэж байгаа бол:

    • Нийт цалин хөлс: 12,600,000 төгрөг (6 сар)
    • Ажилласан ажлын өдрийн тоо: 132 өдөр
    • Нэг өдрийн дундаж цалин хөлс: 12,125,000 ÷ 132 = 92,454 төгрөг
    • Ээлжийн амралтын өдрийн тоо: 15 өдөр
    • Ээлжийн амралтын мөнгө: 92,454 × 15 = 1,431,800 төгрөг

    Товчхон хэлбэл:
    Ажилласан өдрүүдийн тоо, цалингаа мэддэг байхад амралтын мөнгөө гаргахад амархан. Өдрийн дундаж цалингаа амралтын өдөртэй үржүүлэхэд л хангалттай.

    Татвар, шимтгэлүүдийн суутгал:

    Ээлжийн амралтын мөнгөнөөс дараах суутгалууд хийгдэнэ. Үүнд:

    • Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)
    • Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)

    Гарт олгох мөнгөн дүн: Ээлжийн амралтын мөнгө- (НДШ+ХХОАТ)

    Ингээд танд хэрэгтэй ерөнхий  мэдээллээс гадна хэрэг болохуйц нэмэлт мэдээллийг багцлан хүргэж байна.

    Ээлжийн амралтын нэмэгдэл:

    Ажилласан жилээс хамаарч дараах нэмэгдлийг амралтад нэмж олгодог гэдгийг та мэдэх үү?

    Ажилласан жил Хэвийн нөхцөл (өдөр) Хүнд нөхцөл (өдөр)
    6–10 жил +3 +5
    11–15 жил +5 +7
    16–20 жил +7 +9
    21–25 жил +9 +12
    26–31 жил +11 +15
    32-с дээш +14 +18

    Хэсэгчлэн амрах боломж ч бий.

    • Амралтаа хэсэгчлэн эдлэх боломжтой буюу та ээлжийн амралтын 15 хоногийг 2 хувааж амарч болно гэсэн үг.
    • Гэхдээ нэг удаагийн амралт нь ажлын 10 өдрөөс багагүй байх ёстойг битгий мартаарай.

    Ажил олгогч амралтын мөнгийг хэзээ олгох вэ?

    Ажилтан амралтад гарахаас өмнө, амралтын мөнгийг бүрэн олгох үүрэгтэй. Хэрэв олгоогүй бол та Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад гомдол гаргах эрхтэй.

    Дүгнэлт

    • Ээлжийн амралтын мөнгө нь ажилтны хууль ёсны эрх бөгөөд тухайн ажилтны ажилласан хугацаа, цалин хөлс, амралтын өдрийн тоог үндэслэн тооцогдоно.
    • Татвар, шимтгэлүүдийг суутгасны дараа ажилтанд олгогдох гарт олгох дүн тодорхойлогдоно.
    • Ээлжийн амралтын мөнгийг амралтад гарахаас өмнө олгох ёстой бөгөөд хэрэв олгоогүй тохиолдолд холбогдох байгууллагад хандах эрхтэй.

    Ээлжийн амралтаа урьдчилан төлөвлөх нь таны болон багийн ажлыг хүндрэлгүй явуулахад тустай гэдгийг бүү мартаарай. Илүү олон сонирхолтой, танд хэрэгтэй нийтлэлийг https://lambda.global/blog  -оос уншаарай.

  • Хөдөлмөрийн маргаан үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

    Хөдөлмөрийн маргаан үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

    Ажил олгогч, ажилтны итгэлцэл, бат бөх харилцаа бол аливаа байгууллагын амжилтын гол тулгуур. Гэвч энэ харилцаа ойлголцол, итгэлцэлд суурилаагүй бол хөдөлмөрийн маргаан үүсэх нь цаг хугацааны л асуудал болдог. Хөдөлмөрийн маргааныг ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн ажил олгогчид төдийгүй залуу мэргэжилтнүүд, ажил хайгчид, шинэхэн төгсөгчдөд ч маш чухал сэдэв. Энэхүү нийтлэлээр хөдөлмөрийн харилцаа, маргаанаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, танд хэрэг болох зөвлөмжүүдийг бэлтгэлээ.

    📊 Судалгааны тойм: Монгол улс

    Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны судалгаагаар:

    • Сүүлийн 2 жилийн дотор нийт ААН-үүдийн 42% нь  хөдөлмөрийн маргаантай тулгарч байсан.
    • Тэдгээрийн 60% нь цалин, урамшуулалтай холбоотой, 25% нь ажлын нөхцөл, 15% нь гэрээ, нийгмийн хамгааллын асуудал
    • Маргаан үүссэн тохиолдолд 10 ажилтны 7 нь буюу 70% нь тухайн байгууллагад ажиллах хүсэлгүй болдог гэсэн дүгнэлт гарсан.

    Олон улсын жишээнээс:

    • Gallup-ийн 2023 оны ажилтны оролцооны судалгаагаар ажилтнуудын 85% нь “тэднийг сонсдоггүй, үнэлдэггүй удирдлага”-тай газар ажиллахдаа сэтгэл ханамжгүй байгааг онцолсон.
    • Harvard Business Review-ийн судалгаагаар байгууллага доторх маргааныг цаг тухайд нь шийдвэрлэхгүй бол тухайн байгууллагын ашгийн хэмжээ 18%-аар буурч, ажилтны урсгал 35%-иар нэмэгддэг хандлага ажиглагдсан байна.

    ✅ Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх 5 зөвлөмж

    1. Гэрээ ба дүрмийг ойлгомжтой болгох

    Хөдөлмөрийн гэрээг зүгээр нэг гарын үсэг зурж баталгаажуулах бус, ажилтанд эрх, үүргээ бүрэн ойлгоход туслах энгийн ойлгомжтой  үг хэллэгээр тайлбарлах хэрэгтэй.

    Зөвлөмж:

    • Гэрээний гол заалтуудыг товч тайлбарласан гарын авлага өгөх

    • Шинэ ажилтнуудад дотоод дүрмийн талаарх сургалт явуулах

    2. Ил тод нээлттэй харилцаа, санал солилцох боломж

    Маргааныг “урьдчилан мэдэх” хамгийн сайн арга бол ажилчдын санал гомдлыг тогтмол хүлээн авч шуурхай шийдвэрлэх юм.

    Зөвлөмж:

    • Санал, гомдлын хайрцаг (физик эсвэл цахим)
    • Удирдлагын нээлттэй уулзалт
    • Дотоод санал асуулга (цахим платформууд)

    3. Цалин урамшууллыг шударгаар үнэлэх

    Цалин хөлстэй холбоотой үл ойлголцол хөдөлмөрийн маргааны хамгийн том шалтгаан болдог.
    Gallup-ийн судалгаагаар цалингийн шударга бус байдал нь ажилтны итгэлцлийг 40% хүртэл бууруулдаг байна.

    Зөвлөмж:

    • Урамшууллын шалгуурыг нийтэд ил тод болгох
    • Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний системтэй байх

    4. Ажилтан хөгжих боломжтой орчин бүрдүүлэх

    Өөрийгөө хөгжүүлэх, шинэ мэдлэг,  ур чадварыг ажлын орчноосоо авах боломж бололцоог бүрдүүлж өгөх нь маргаанаас сэргийлэх бас нэгэн арга зам юм.

    Зөвлөмж:

    • Дотоод сургалтын систем
    • Карьер өсөлтийн шатлал, төлөвлөгөө, сургалтууд
    • Шагнал урамшуулал зөвхөн удирдлагын түвшинд бус, бүх шатны ажилтанд хамаатай байх

    5. Маргааныг шуурхай, шударгаар шийдэх бүтэцтэй байх

    Дотоод гомдол, зуучлалын тогтолцоогүй байгууллагад маргаан гадагшлах, хуулийн шатанд очих эрсдэл 4 дахин өндөр байдаг.

    Унших: Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Зөвлөмж:

    • Дотоод маргаан шийдвэрлэх комисс байгуулах
    • Үнэнч байдлаар гомдлыг сонсох, шийдвэр гаргах дүрэмтэй байх

    Хөдөлмөрийн маргаан нь хүн хоорондын харилцаанаас үүсдэг учир урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.  Судалгаанаас дүгнэвэл хөдөлмөрийн маргаанаас сэргийлэх хамгийн хүчирхэг арга бол ил тод харилцаа, шударга тогтолцоо, тогтвортой хөгжилд чиглэсэн удирдлагын хандлага юм. Танд хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг Блог хэсэгт тогтмол нийтэлж байгаа тул цаг гарган орж уншаарай.

  • Freelance буюу гэрээсээ ажиллах боломж Монголд

    Freelance буюу гэрээсээ ажиллах боломж Монголд

    Сүүлийн жилүүдэд дэлхий даяар бүхий л салбарт хөдөлмөрийн зах зээл эрчимтэй өөрчлөгдөж, уламжлалт 9-18 цагийн ажлын байрыг халсан, уян хатан цагийн хуваарьтай, цахим орчинд дэлхийн хаанаас ч, хэзээ ч ажиллах боломжийг олгодог “freelance” буюу чөлөөт гэрээт ажлын байр эрчимтэй хөгжиж, Монголын хөдөлмөрийн зах зээлд ч хүчтэй нэвтэрч эхэллээ. Хэрвээ гэрээсээ ажиллах ажлын талаар бодож, судалж байгаа бол энэхүү нийтлэл танд зориулагдсан юм.

    Фриланс гэж юу вэ? 🤔

    Ямар нэг компани, ажил олгогчоос үл хамааран бие даан, чөлөөт байдлаар ажиллахыг фриланс, ингэж ажилладаг хүмүүсийг фрилансер гэж нэрлэдэг. Ихэвчлэн цахимаар ажилладаг ба гүйцэтгэлд суурилсан үнэлгээтэй, уян хатан цагийн хуваарьтай байдгаараа онцлог. Нас, хүйс үл харгалзан хэн ч фрилансер болж болно.

    Гол шаардлага бол:Мэдлэг, ур чадвар, хариуцлага.

    Хүмүүс яагаад фриланс ажилд татагдаж байна вэ? 💡

    • Уян хатан цагийн хуваарь – Өдөр, орой, шөнийн аль ч цагт ажиллах боломж. ⏰
    • Байршлын хязгаарлалтгүй – Гэрээсээ, кофе шопоос, эсвэл хөдөө орон нутаг, дэлхийн хаанаас ч ажиллаж болно. 🌍
    • Орлогын олон эх үүсвэр – Нэг байгууллагад хамаарахгүй, олон байгууллагатай зэрэг ажиллах боломж. 💸
    • Өөрийгөө цаг үргэлж хөгжүүлэх – Төсөл бүр өөр шинэ сорилт, шинэ ур чадвар эзэмших боломж. 📚 Өөр өөрийнхөө багш нь болж, өөрийгөө цаг тутамд хөгжүүлэх шаардлагатай.

    Монгол дахь фриланс ажлын бодит байдал ямар байгаа вэ?

    “Монголын Залуучуудын Холбоо”-ны 2023 оны судалгаагаар 📊 18–35 насны залуусын 32% нь фриланс ажил хийж байсан гэж хариулжээ. Энэхүү судалгаа нь  Монголд фриланс ажлын байр эрчимтэй хөгжиж байгааг илтгэж байгаа юм. Ингээд 2025 оны байдлаар Монголд хөгжиж буй хамгийн түгээмэл фриланс ажилтай танилцацгаая.

    • Дижитал маркетинг, сошиал медиа менежмент 📱
    • График дизайн, UX/UI 🎨
    • Вэб сайт, апп хөгжүүлэлт
    • Орчуулга, контент бичих
    • Онлайн сургалт, зөвлөх үйлчилгээ

    Тулгарч буй саад бэрхшээл:

    • Нийгмийн хамгаалалт дутмаг – Freelance ажилчид хөдөлмөрийн гэрээний хамгаалалт, тэтгэвэр, эмнэлгийн үйлчилгээ авах боломж компани, ямар нэгэн газрын гэрээт ажилтныг бодоход бага байдаг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг хуваариа сар бүр өөрөө төлөх ёстой гэсэн үг.
    • Орлогын тогтворгүй байдал – Ажлын тасралтгүй байдал, орлогын тогтвортой байдал нь одоо ч энэ салбарын сорилт хэвээр байна.
    • Платформын хомсдол – Гадаад сайтууд (Upwork, Fiverr гэх мэт) англи хэл шаарддаг бол Монголд энэ төрлийн платформ хараахан хангалттай хөгжөөгүй.
    • Нийгмийн буруу ойлголт – “Гэрээсээ ажилладаг” = “Ажилгүй” гэх хандлага одоо ч байдаг.

    Ирээдүй ямар байх вэ?

    • Монголд зориулсан freelance платформууд бий болсноор энэ ажлын байрны эрэлт улам нэмэгдэнэ.
    • НДШ, хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэх шаардлага бий.
    • Орон нутгийн залуусыг чиглэсэн сургалт, менторшип хөтөлбөрүүд улам нэмэгдэнэ.
    • Компаниуд freelance мэргэжилтнүүдтэй илүү нээлттэй хамтарч ажиллахад бэлэн болно.

    Freelance ажил бол зөвхөн гэрээсээ тухтай ажиллах тухай биш, харин хувь хүний бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөө, олон улсын түвшинд өрсөлдөх боломж юм. Монголд энэ чиглэл өнөөдрийн байдлаар хангалттай хөгжөөгүй байгаа ч ирээдүйд ажлын байрны нэгэн төрөл болон байр сууриа бататгах нь гарцаагүй болжээ.

    Эцэст нь хэлэхэд — фриланс бол ирээдүй биш, аль хэдийнээ эхэлчихсэн одоо цаг. Харин энэ боломжийг ашиглах эсэх нь таны гарт байна.

  • Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Анхны өдөр гэгээлэг орчин, найрсаг инээмсэглэл дунд угтан авсан шинэ ажил тань хэдхэн долоо хоногийн дараа сэтгэл зовоосон, дарамттай санагдаж эхэлсэн бол яах вэ? Хэрэв та өөрийгөө буруу газар ирчихсэн мэт мэдэрч, саяхан ажилд орсон ч хаа нэг тийш зугтмаар санагдаж байвал — асуудлыг зөвхөн өөрөөсөө бус, харин ажлын орчноосоо нэг сайн харж дүгнэх хэрэгтэй.             

    LinkedIn-ийн 2024 оны “Workplace Trends” судалгаагаар мэргэжилтнүүдийн 63% нь “red flag” буюу анхааруулах дохио мэдрэгдэх үед шинэ ажлын байр хайж эхэлдэг гэжээ.

    Таны ажиллаж буй байгууллагад дараах 7 анхааруулах дохио ажиглагдаж байна уу?

    1.  Ажлын үүрэг тодорхойгүй, байнга өөрчлөгддөг

    Анкет илгээхэд бичсэн ажил үүргээс тэс өөр зүйл хийж байвал, эсвэл өдөр бүр шинэ даалгавар өгч, хариуцлага, чиглэл нь тодорхойгүй байвал энэ нь удирдлагын менежментийн сул тал, ажилтны эрхийг үл хүндэлж буйн хамгийн том илрэл юм.

    2. Илүү цагаар ажиллуулдаг ч нөхөн олговоргүй

    Зарим үед илүү цагаар ажиллах шаардлагатай байж болно. Гэвч энэ нь тогтмол, нөхөн төлбөргүй, зохион байгуулалтгүй бол таны ажил амьдралын тэнцвэр алдагдаж байна гэсэн үг.

    3. Хов жив, дарамт, ялгаварлал давамгайлсан орчин

    Хов жив, ялгаварлал, дарамт шахалт мэдрэгддэг бол энэ нь хортой соёл тогтсоны илрэл. Ийм орчинд бүтээлч байдал, итгэлцэл, хамтын ажиллагаа хөгждөггүй.

    4.  Хүний нөөцийн бодлого сул, ажилтнаа үл ойшоодог

    Гомдол гаргах боломжгүй, санал санаачилга сонсогддоггүй, дүрэм журам ойлгомжгүй бол байгууллага таныг хүн биш “нөөц” гэж үзэж байгаагийн дохио юм.

    5. Шүүмжлэлээр удирдаж “айдас дээр суурилсан” соёл

    Хүн бүр алдаанаасаа суралцаж, илүү сайжирдаг. Алдаанаас суралцах орчин байх ёстой атал ажилтнууд буруудах вий, алдчихвий гэж айж, илүү их стресстэй ажилладаг бол энэ нь урам зориг, бүтээмжид ноцтой сөргөөр нөлөөлдөг.

    6. Байнга шинэ хүмүүс ирж, тогтвортой ажилтан байдаггүй

    Шинэ хүн ирээд удахгүй ажлаа орхидог бол энэ нь байгууллагын соёл, удирдлагын арга барилд ноцтой асуудал байгааг илтгэнэ.

    7.  Таны үнэ цэнийг үгүйсгэж, хөгжих орон зай үгүйсгэдэг

    Хичнээн сайн ажилласан ч үнэлэгддэггүй, итгэл хүлээлгэдэггүй, өсөх боломжгүй бол энэ орчинд таны ирээдүй гэрэлтэй байх магадлал багатай.

    Хэрэв дараах шинжүүдээс 2 буюу түүнээс олон нь танд танил санагдаж байвал та асуудлыг үл тоох бус, өөрийгөө хамгаалах цаг иржээ.

    Тэгвэл одоо би юу хийх хэрэгтэй вэ? 

    • Цалин, туршлагад хууртах бус бодит нөхцөл байдлаа үнэлээрэй.

    • Найдвартай хүний нөөцийн мэргэжилтэн, эсвэл итгэлтэй нэгэнтэй нээлттэй ярилц.

    • Өөрийгөө буруутгах бус, зорилгоо санаж шийдвэр гарга.

    Таныг үнэлдэггүй, байнгын стресс, дарамт үүсгэдэг орчноос холдох зоригтой байгаарай. Та найрсаг, тогтвортой, хөгжих боломжтой орчинд ажиллах боломжтой, үнэ цэнтэй мэргэжилтэн юм шүү.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

     

  • Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын зар харангуутаа “За, ийшээ шууд анкет илгээе” гэж боддог уу? Гэхдээ түр азнаарай… доорх чухал 10 асуултуудыг өөрөөсөө асуусны дараа анкет илгээвэл  илүү оновчтой, өөрт тохирсон урт хугацааны зөв сонголт хийж чадах болно шүү.

    1. Би энэ ажилд үнэхээр дуртай юу?

    • Та энэ ажлыг хийхдээ сэтгэл ханамжтай байж чадах уу?
    • Эсвэл зүгээр л орлогын хэрэгцээнээс үүдэн анкетаа илгээж байна уу? гэдгийг заавал өөрөөсөө асуугаарай.

    Судалгаагаар  дуртай ажлаа хийдэг хүмүүсийн бүтээмж 33%-иар өндөр, ажлын байрандаа тогтвор суурьшилтай байх нь 2 дахин илүү байдаг.

    2. Ажлын байрны шаардлага миний ур чадвар хэр нийцэж байна вэ?

    • Ажлын байранд дурдсан шаардлагуудтай та нийцэж байна уу?
    • Ур чадварынхаа түвшинг бодитоор дүгнэж чадсан уу?

              Санамж: Таарахгүй ажлын байранд анкет илгээх нь таны өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.

    3. Байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлтэй би нийцэж чадах уу?

    • Ямар байгууллагад анкетаа илгээж байгаагаа судалж үзсэн үү?
    • Тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс таатай санагдаж байна уу?

    Жишээ: Та бүтээлч, уян хатан орчинд ажиллах дуртай бол, хэт их шат дамжлага бүхий байгууллагад дасан зохицох хэцүү байж мэднэ.

    4. Энэхүү ажлын байр ирээдүйд карьерын өсөлт хийх боломжтой юу?

    “Ямар ч ажил байхад болно” гэж яарах биш, “энэ ажилд орсноор ирээдүйд карьерын хувьд өсөн дэвших боломжтой юу?” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зүгээр л ажилтай болохоос илүү, энэ сонголт таны кареерийн замд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тунгаах хэрэгтэй.

    5. Миний CV тухайн ажлын шаардлагад нийцэж байна уу?

    Хэт ерөнхий, эсвэл нэг загварын хэдэн жилийн турш ашиглаж байгаа CV нь HR-ийн анхаарлыг татах магадлалыг бууруулдаг. Тухайн зарын шаардлагад нийцүүлэн CV-гээ өөрчилсөн үү? ЭНД ДАРЖ тухайн ажлын байранд таны CV хэдэн хувь тохирч байгааг ганц товшилтоор мэдээрэй.

    6. Би яагаад энэ ажилд орохыг хүсэж байна вэ?

    • Яагаад энэ байгууллага?
    • Яагаад энэ албан тушаал?

    Энгийн мэт боловч энэ асуултад хариулахдаа өөртөө үнэнч хандаж, өөрийн зорилго, сонирхлыг тодорхойлж чадвал та бусдаас ялгарч чадах болно.

    7. Миний давуу ба сул тал энэ ажилд хэрхэн нөлөөлөх вэ?

    • Аль чадвараа бүрэн ашиглаж чадах вэ?
    • Ямар сул тал дээрээ анхаарах хэрэгтэй вэ?                                                                                                                                                                                                                                                                  Бие даан, бодитоор өөрийгөө дүгнэх цаг иржээ. Аль давуу талаа илүү ашиглаж, ямар сул талаа сайжруулах шаардлагатай вэ гэдгээ ойлгож байж анкет илгээх нь ажилд орох дараа дараагийн алхмуудыг илүү хөнгөвчилж өгнө.

    8. Өмнөх ажлын туршлагаасаа ямар ур чадварыг энэ ажилд ашиглаж чадах вэ?

    • Сургалт, клуб, сайн дурын ажил — бүгдийг тооцоорой.
    • Ямар чадваруудыг шууд ашиглаж болох вэ?

    Жишээ: Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан бол бичгийн болон судалгааны чадвараа тодотгох дасгал ажлуудыг хийж үзээрэй.

    9. Би энэ байгууллагад ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

    Таныг ажилд авах хамгийн том шалтгааныг өөрөөсөө асуугаарай: “Би юу хийж чадах вэ?”

    10. Анкет илгээсний дараа би юу хийх вэ?

    • Хариу хүлээгээд суух уу, эсвэл өөр ажил судлах уу ?
    • Тухайн ажлын байртай холбогдох дугаар луу залгаад өөрийгөө танилцуулж, анкет илгээснээ мэдэгдэхэд буруудах зүйл байхгүй шүү.

    Анкет бол зүгээр нэг файл биш. Энэ бол таныг танилцуулах, үнэлүүлэх, мөрөөдлийн ажилд хүрэх гүүр юм. Тиймээс анкет илгээх бүрдээ өөрөөсөө эдгээр 10 асуултыг асууж, үнэхээр таны хүсэн хүлээж буй, үнэ цэнийг тань ойлгож үнэлэх газар мөн эсэхийг шалгаарай.

    Дараагийн алхам: Та эдгээр асуултад хариулж дууссан бол, одоо CV болон анкетынхаа чанарыг ЭНД ДАРЖ сайжруулаарай.

  • Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадад олон жил ажиллаж, сурч, амьдарч байгаад Монголдоо буцаж ирэхэд олон төрлийн мэдрэмж төрдөг. Зарим зүйлс танил санагдах ч, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн орчин тийм ч их тодорхой, ойлгомжтой санагдахгүй байж мэднэ.

    Гадаадад хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эх орондоо хэрэгжүүлнэ гэсэн хүсэлтэй эргэн ирж буй хүмүүс олон бий. Гэвч Монголын өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хэрхэн дахин нэвтрэх вэ гэдэг нь тодорхой бус байдаг. Хэрэв та яг одоо ийм асуудалтай тулсан байгаа бол дараах хэрэгцээт, бодит зөвлөмжүүд танд тус болно.

     1. Боловсрол, туршлагаа зөв “илэрхийлж” ойлгуулах 

    Гадаадад сурсан, ажилласан туршлагынхаа үнэ цэнийг харуулахын тулд тэдгээрийг Монголын нөхцөлд тохируулан тайлбарлах хэрэгтэй.

    🎓 Хэрэв та гадаадад сурсан бол:

    Мэргэжлээ Монголын ямар салбаруудад хэрхэн ашиглаж болохыг товч тодорхой тайлбарла. Дипломын ажил, судалгаа, төслүүдээс практик жишээ оруул. Сурсан программ, ур чадваруудаа тодорхой бичиж болно.

    💼 Хэрэв та гадаадад ажилласан бол:

    Албан тушаал, үүргээ Монголын байгууллагуудад ойлгомжтой хэлбэрээр тайлбарла. Үр дүнгээ тодорхой  илэрхийл (ж. “Хэрэглэгчийн гомдлыг 40%-ар бууруулсан”). Ажилласан аргачлал, системүүдээ (CRM, Agile, Notion гэх мэт) дурдаад, хэт их гадаад үг хэллэг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

    Зөвлөмж: Гадаадад байсан гэж өөрийгөө хэт үнэлэхээс илүү, ямар асуудлыг хэрхэн шийдсэнээ ойлгомжтойгоор илэрхийлж чадвал таны туршлага илүү үнэлэгдэнэ.

    2. Одоогийн хөдөлмөрийн зах зээлийг судал

    Магадгүй, та сүүлд Монголд ажилласнаас хойш олон зүйл өөрчлөгдсөн байж мэднэ. Старт-ап орчин илүү идэвхтэй хөгжиж, гадаадын компаниуд илүү олон Монгол ажилтантай болж, олон улсын жишгийг даган дижитал ур чадвар эрэлттэй болсон. Гэвч ажил олох нь одоог хүртэл танил талаараа шийдэгддэг байдал хэвээр байх магадлал өндөр гэдгийг ойлгох нь чухал.

    Зөвлөмж: Lambda Global, Zangia,Worki, LinkedIn зэрэг платформоос ажлын зар харахтай зэрэгцэн тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй холбогдоорой. Найз нөхөд, хуучин хамтран ажиллагсадтайгаа холбогдох нь мөн чухал.

     3. Танилын хүрээгээ дахин босгох(networking)

    Хэрэв та олон жил гадаадад байсан бол таны хуучин танилууд өөр салбар луу орсон, эсвэл бүр холбоо тасарсан байх магадлалтай. Тэглээ гээд та санаа зовох хэрэггүй. Жаахан цаг орох ч, шинээр танилын хүрээгээ бий болгоход л болно. Арван жил, их сургуулийн ангийнхан, хамтран ажиллаж байсан хүмүүс, багш нар зэрэг ойрын хүрээллээсээ эхлээрэй. Тухайн салбарын арга хэмжээнд оролцож, сургалт, сайн дурын ажилд нэгдэх боломжуудыг ашиглаарай.

    Зөвлөмж: Танил талаараа ажил хайхыг буруугаар бодох хэрэггүй. Монгол гэлтгүй, дэлхийн хаана ч “networking”- хийнгээ ажил хайх нь хэвийн зүйл байдаг. Танилын хүрээгээ тэлж, олон нийтийн дунд байж чадвал боломж өөрөө ирэх магадлалтай.

     4. “Reserve Culture Shock” -д орох магадлалтайг санах

    Мэргэжлийн орчны Монгол соёлд дахин дасан зохицох хэрэгтэйг та сайн ойлгож байсан ч, сэтгэлзүйн хувьд хүнд сорилтуудтай тулгарч мэднэ. Удирдлагын хэв маяг, удаан шийдвэр гаргалт, эсвэл хэт илэн далангүй шүүмжлэл гэх мэт зүйлс танд бухимдал төрүүлэхээр санагдаж болох талтай. Эхэндээ танд эх орондоо эргэн ирсэн ч гадны хүн мэт мэдрэмж төрөх болно. 

    Зөвлөмж: Монголд эргэн ирэх энэ үеэ шинэ соёлд дасан зохицох үйл явц мэтээр хүлээж аваарай. Монголын бодит нөхцөл байдлыг хэт их шүүмжлэлтэй хүлээн авалгүй, өөртөө дасан зохицох хугацааг харамгүй өгөөрэй. 

    5. Гадаадын туршлагаа даруугаар ашиглах

    Та зөвхөн гадаадад эзэмшсэн боловсрол, туршлагаасаа гадна, гадаад хэлний өндөр мэдлэг, олон улсын орчинд ажиллах арга барил, асуудлыг шийдвэрлэх уян хатан байдал, ёс зүйн арай өөр ойлголтыг ч авч ирж буй юм. Энэ бол асар их давуу тал. Гэхдээ эдгээр давуу талаа зөв цагт, зөв байдлаар хуваалцах хэрэгтэй.

    Дотоодын байгууллагын хэв маягийг хэт их шүүмжилж, “гадаадад ингэдэг” гэж яривал бусдын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Харин “Бид ийм асуудалтай тулгарч байхад тэгж шийдэж байсан, Монголд ингэж туршиж үзэж болох болов уу?” гэх байдлаар хандвал илүү үр дүнтэй.

    Эцэст нь:

    Эх орондоо эргэн ирж байгааг “бүхнийг тэгээс эхэлж байна” гэж хэт хүндээр хүлээн авах хэрэггүй. Та амьдралынхаа нэлээд том бэрхшээл, дамжлагыг туулж, өөрийгөө хөгжүүлээд ирж байгаа. Хамгийн чухал нь энэхүү туршлагаа Монголын нөхцөлд ухаалгаар, уян хатан байдлаар хэрэгжүүлэх явдал юм.

    Lambda Global таныг дэмжихэд бэлэн байна. Бид гадаадад амьдарч, ажиллаж байгаад эх орондоо ирсэн олон залуустай хамтарч ажилладаг. Хэрвээ та одоо энэ замыг туулж яваа бол ганцаараа биш гэдгээ санаарай. Монголд таны туршлага, таны дуу хоолой, таны хувь нэмэр хамгийн их хэрэгтэй.

  • Яагаад цалингаас илүү карьерын өсөлт чухал вэ?

    Яагаад цалингаас илүү карьерын өсөлт чухал вэ?

           Шинэ ажлын зар харангуутаа хүмүүс хамгийн түрүүнд “Цалин хэд вэ?” гэж асуудаг. Мэдээж орлого бол амьдралын чухал хэсэг. Гэхдээ цалин өндөр байна гэдэг нь урт хугацаанд сэтгэл ханамжтай ажиллах баталгаа болж чаддаггүй байна.

    Gallup-ийн 2023 оны судалгаагаар, тасралтгүй хөгжих боломжгүй орчинд ажиллаж буй хүмүүсийн ажлын сэтгэл ханамж 63%-иар буурдаг бөгөөд тэд илүү хурдан ядарч, бүтээмж багатай болдог байна. Энэхүү нийтлэлээр яагаад  цалингаас илүү кареьрын өсөлт  чухал болохыг товч бөгөөд тодорхой хүүрнэлээ. 

    1. Цалин бол өнөөдөр, карьер бол ирээдүй

    Сар бүрийн орлого түр зуур таныг сэтгэл хангалуун байлгаж мэднэ. Гэхдээ нэг байрандаа удаан “гацаад” байвал хэдэн жилийн дараа:

    • Өөрийгөө хөгжүүлээгүй
    • Цалин өсөөгүй
    • Шинэ боломжууд хаалттай болох эрсдэлтэй.

    Харин карьерын өсөлттэй ажил гэдэг нь:

    • Албан тушаалын шат ахих боломжоор дүүрэн
    • Илүү хариуцлагатай, үнэ цэнтэй үүрэг гүйцэтгэх
    • Өөртөө итгэлтэй, бие даасан мэргэжилтэн болох боломжийг өгдөг.
    1. Карьерын өсөлт таныг тасралтгүй хөгжүүлдэг гэдгийг санах хэрэгтэй.

    Тасралтгүй сурч, шинэ ур чадвар эзэмших нь цалингаа нэмэх хамгийн ухаалаг зам.
    Харин карьертаа өсөлт хийх боломжгүй ажлын байранд:

    • Сурах зүйл хязгаарлагдмар
    • Бүтээлч байдал унтардаг
    • Ажлаасаа уйдах хандлага үүсдэг
    1. Ирээдүйд юу бүтээх вэ гэдэг хамгийн чухал

    Өнөөдрөөс 5 жилийн дараа өөрийгөө хэрхэн харж байна вэ?

    • Удирдах албан тушаал?
    • Мэргэжлийн эксперт?
    • Хувийн брэнд, хүндлэл?

    Эдгээрийг бодож сонголтоо хийхгүй бол цалин сайн ч гэлээ “орлого-зарлага”-ын мөчлөгөөс хэзээ ч гарч чадахгүй.

    1. Карьер өссөнөөр цалин аяндаа дагаад өсдөг

    Хамгийн амжилттай явж байгаа хүмүүс бүгд анхны ажлаа “цалингийн хэмжээгээр” бус, суралцах орчин, өсөлтийн замнараал нь сонгосон байдаг.
    Тэд дараагийн шатанд очих тусам:

    • Цалин дагаад өсдөг
    • Сонголтууд нэмэгддэг
    • Зах зээл дээр үнэ цэн нь өндөр болдог

     Эцэст нь:

    Цалин таныг 1 сарын турш урамшуулдаг бол карьерын өсөлт таныг амьдралын турш урамшуулдаг.  Тиймээс дараагийн ажлаа сонгохдоо “Эндээс би юу сурч, хэрхэн өсөн дэвжих вэ?” гэж өөрөөсөө асуугаарай.
    Магадгүй цалин бага байж болох ч, энэ сонголт таны мөрөөдлийн карьерт хүрэх эхлэл байж ч мэднэ шүү. Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.