Tag: ажилд орох

  • Ажлын ярилцлагад тэнцдэггүй нийтлэг шалтгаанууд

    Ажлын ярилцлагад тэнцдэггүй нийтлэг шалтгаанууд

    Ажлын ярилцлагад өөрийгөө сайн илэрхийлсэн гэж бодсон ч тантай эргэж холбогдоогүй тохиолдол гарч байна уу? Яг ийм нөхцөлд хүн өөрийн эрхгүй “Юуг буруу хийчхэв?” гэж эргэцүүлж эхэлдэг.

    Гэхдээ санаа зоволтгүй энэ мэдрэмж бол ажил хайх үйл явцад олон хүнд тохиолддог хэвийн зүйл юм. Үнэндээ HR мэргэжилтнүүд олон хүчин зүйлсийн нийлбэр, байгууллагын тухайн үеийн хэрэгцээ, дотоод нөхцөл байдал зэргээс шалтгаалж тухайн шийдвэрийг гаргадаг. Харин сонгон шалгаруулалтад орсон хүмүүстээ цаад шалтгаануудыг ихэвчлэн нээлттэй бас үнэнээр нь хэлдэггүй.

    Тиймээс бид энэ нийтлэлээр хүний нөөцийн ажилтны танд хэлдэггүй ч бодитоор нөлөөлдөг 6 шалтгааныг хуваалцаж байгаа юм. Үүнийг мэдсэнээр та дараагийн боломжийг атгаж, амжилтад хүрэхэд илүү бэлтгэлтэй байх болно.

    1. Та ур чадвартай ч өөр нэг нь танаас илүү байсан

    Танд шаардлагатай туршлага, боловсрол, ур чадварууд бүгд байсан ч, тухайн ажлын байранд өөр нэг нэр дэвшигч арай илүү тохирсон гэж үзсэн байж болно. Эцсийн шийдвэрт жижигхэн ялгаа ч их зүйлийг хэлж мэднэ. Хөдөлмөрийн зах зээл бол тэр чигтээ өрсөлдөөн юм. Тиймээс бусдаас ялгарч харагдах нь чухал.

    Боломж бүрийг өөрийгөө харуулах зэвсэг болгон ухаалгаар ашиглаарай. CV resume, танилцуулга, дагалдах захидалдаа тухайн албан тушаалд яг тохирох ур чадвар, туршлагаа тодорхой, оновчтой илэрхийлж бичээрэй.

    2. Компанийн соёлд тохироогүй

    Аливаа байгууллага өөрийн гэсэн дотоод соёл, үнэт зүйлс, харилцааны хэв маягтай байдаг. Хэдийгээр таны ур чадвар сайн байсан ч энэ орчинд удаан, тогтвортой ажиллах хүн шиг санагдаагүй бол таныг тэд сонгохгүй байх магадлалтай юм. Тиймээс ярилцлагын үеэр байгууллагын үнэ цэнэ, соёлын талаар дэлгэрэнгүй асуугаарай.

    3. Таны туршлага илүү эсвэл дутуу байсан

    Зарим байгууллагууд хэт их туршлагатай хүнийг авахгүй байж болно. Яагаад гэвэл өндөр цалин шаардах, удаан үлдэхгүй байх, эсвэл байгууллагын соёлд тохирохгүй байхаас болгоомжилдог. Нөгөө талаас, та магадгүй хангалттай туршлагатай биш байж ч болно. Ийм учраас тухайн ажлын шаардлагад өөрийн туршлагаа нийцүүлж сонголтоо хийхээс гадна, ярилцлагын үеэр суралцахад бэлэн байгаагаа илэрхийлэх нь мөн чухал юм.

    4. Ярилцлагын үеэр харилцааны ур чадвар хангалтгүй байсан

    Өөрийгөө ойлгомжтой, эерэг, уян хатан байдлаар илэрхийлж чадахгүй байх нь том сул талууд болдог. Сонгон шалгаруулалтын үеэр зөвхөн таны туршлагаас гадна харилцааны ур чадварыг маш их чухалчилдаг. Ярилцлагын өмнө тодорхой хэмжээнд асуултуудад хариулах бэлтгэл хийж, найзтайгаа эсвэл ai-тай ярилцаж дадлага хийхийг зөвлөж байна.

    5. Тогтвор суурьшилгүй ажилласан түүхтэй байсан

    Хэт олон ажлаас богино хугацаанд гарч байсан бол хүний нөөц таныг удаан тогтохгүй хүн гэж бодож магадгүй юм. Үүнийг тэд эрсдэл гэж үздэг.

    Тиймээс та өмнөх ажлуудаасаа гарсан шалтгаан бүрийг эерэг байдлаар тайлбарлаж, дараагийн боломжийг илүү урт хугацаанд харж байгаа гэдгээ харуулахыг хичээгээрэй.

    6. Ярилцлагын дараа талархал илэрхийлээгүй

    Энгийн боловч маш чухал алхам бол ярилцлагын дараа илгээх талархлын и-мэйл эсвэл зурвас юм. Энэ нь таны мэргэжлийн байдал, ажилд хандах хандлагыг илэрхийлдэг үзүүлэлт билээ. Тиймээс “Ярилцлагад оролцох боломж олгосонд баярлалаа. Танай байгууллагад хувь нэмэр оруулахад бэлэн байна.” гэсэн агуулгатай и-мэйлийг 24 цагийн дотор илгээгээрэй.

    Өнөөдөр ажлын ярилцлагад тэнцээгүй нь таны ур чадвар дутагдсан гэсэн үг биш юм. Заримдаа тухайн ажлын байр танд тохиромжгүй байсан байж болно. Иймээс аливаа сөрөг хариуг хэт хүндээр хүлээж авалгүйгээр алдаанаасаа суралцаж, илүү бэлтгэлтэйгээр дараагийн боломжуудаа ашиглаарай. Үүний тулд ярилцлагын үеэр гарсан асуултууд, түүний хариултыг тэмдэглэж, мөн байгууллагаа судлан, ярилцлагадаа урьдчилж бэлдэхийг зөвлөж байна.

    Дараагийн өөрт тохирох ажлаа амжилттай олоход тань LAMBDA тусална. Мөн талент та илүү олон карьер төлөвлөлтийн зөвлөгөө, туршлагыг LAMBDA BLOG -оос уншаарай.

    Төстэй нийтлэл унших: Ажлын ярилцлагад өөрийгөө зөв илэрхийлэх нь

  • Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө

    Төгсөгчдөд зориулсан анхны ажлаа олох зөвлөгөө

    Их, дээд сургуулиа төгсөөд амьдралын дараагийн шат руу алхан орох мөчдөө “Одоо би яах вэ?”, “Хаанаас эхлэх вэ?” гэх зэрэг асуулт олон залуусын бодолд эргэлддэг. Туршлагагүй учир байгууллагуудад хүлээн зөвшөөрөгдөхгүй байх вий гэсэн сэтгэл түгшилт, итгэл алдрах мэдрэмж төрөх нь гарцаагүй. Гэхдээ санаа зовох хэрэггүй. Учир нь тохиромжтой ажлаа олох нь сайн бэлтгэл, мэдээлэлтэй байх, тууштай байдал зэргээс хамаарна.

    Энэ нийтлэлдээ төгсөгчдийг анхны ажлын байр руу хөтлөх 7 алхмыг зөвлөгөө болгон хүргэж байна.

    1. Өөрийгөө таньж мэд

    Ирээдүйн карьерын суурь бол чи өөрөө. Анхны ажлаа олохын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол өөрийгөө ойлгох юм. Сэтгэлд нийцээгүй ажил хийх нь цаг хугацаа, эрч хүчний гарз болдог. Иймд:

    Ямар чиглэлд ажиллахыг хүсэж байна вэ?
    Тухайлбал: Хүний нөөцийн менежмент, маркетинг, програмист, нийгмийн ажилтан гэх мэт.

    Чи ямар чадвартай вэ?
    Сургуулийн төгсөлтийн ажил, клуб, сайн дурын ажил, дадлага зэргээ эргээд харах.

    Ажлын орчин, байгууллагын соёл чухал уу?
    Том корпораци, групп компани, дунд түвшний бизнес, эсвэл стартап гэх мэтээс аль чамд тохирох вэ?. Мэргэжлийн зан төлөвийн тестүүд (MBTI, DISC) бөглөж, өөрийгөө илүү гүнзгий ойлгож болно.

    2. CV/Resume болон Cover Letter

    Хамгийн эхний сэтгэгдэл төрүүлэх танилцуулга, хамт илгээх “би яагаад энэ ажилд тохирох вэ?” гэдгийг илэрхийлэх захидлаа маш сайн боловсруулж бичих хэрэгтэй.

    Resume бичихэд анхаарах зүйлс:

    • 1-2 хуудаст багтаах хэрэгтэй 

    • Төгссөн сургууль, мэргэжил, голлох хичээлүүдээ дурдах

    • Дадлага, төслийн ажил, сайн дурын туршлага гэх зэрэг мэдээлэл

    • Чадварууд (Excel, Photoshop, багийн ажил, илтгэх ур чадвар гэх мэт)

    Cover Letter зөв бичих тухайд:

    • Яагаад энэ байгууллагад ажиллахыг хүсэж байгаагаа тодорхой тайлбарлана.

    • Өөрийн туршлага, ур чадварыг ажлын байрны шаардлагатай холбож бичээрэй.

    3.  Ажлын заруудыг идэвхтэй хайх

    Ажил хайх платформ, мэдээллийн сувгуудыг тогтмол шалгаж, өөрт тохирсон боломжуудыг судлаарай.

    Өдөрт дор хаяж 30 минутыг зар хайхад зориулах нь зүйтэй. Lamda.global нь хиймэл оюун ухаан ашиглан таны анкетыг судлан үзээд, мэргэжлийн өсөлт хөгжилд тань тохирох карьерийн чиглэлүүдийг тогтоож, тэдгээрт хүрэхэд шаардлагатай ажлын туршлага, мэргэжлийн болон хувь хүний ур чадварууд, мөн шаардлагатай боловсрол, мэргэжлийн мэдлэгийг хэрхэн хөгжүүлэх талаар санал зөвлөмж өгнө.

    4.  Ментортой болох

    Шинэ төгсөгч та ажил, амьдралынхаа гарааг зөв эхлэхийг хүсэж байвал хамгийн түрүүнд ментортой болохыг зөвлөж байна. Туршлагатай ментор танд зөв чиглэлийг зааж, алдаанаас суралцах бус, урьдчилан сэргийлэхэд тусалж, карьерын өсөлтөд тань хурдасгуур болж өгдөг. Мөн ментортой байх нь зөвхөн мэдлэг туршлагаас гадна сэтгэлзүйн дэмжлэг, урам зориг авч, өөрийгөө хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс та өөрийн хүсэж буй салбарын туршлагатай хүмүүсээс суралцах боломжийг ашиглаарай.

    5.  Богино хугацааны ажил, дадлагаас эхэл

    Хэрвээ шууд үндсэн ажил олох амаргүй байвал багаас нь эхэлж, алсыг хараарай.

    • Дадлага 

    • Гэрээт буюу түр хугацаанд гүйцэтгэх ажил

    • Сайн дурын хөтөлбөрүүд
      зэрэг туршлага хуримтлуулах замаар эхэлж болох юм.

    6. Ажлын ярилцлага

    Ярилцлагын үеэр өөрийгөө ойлгомжтой, итгэлтэй илэрхийлэх нь ажил олгогчид хамгийн чухал зүйл. Бэлтгэлгүй хүн сонгон шалгаруулалтаас хасагдах магадлал өндөр байдаг. Харин сайн бэлтгэлтэй бол амжилт тун ойрхон гэдэгт итгээрэй.

    Асуудаг түгээмэл асуултууд:

    • “Өөрийгөө товчхон танилцуулна уу”

    • “Яагаад манай компанид ажиллахыг хүсэж байгаа вэ?”

    • “Таны сул талууд юу вэ?”

    • “Хэцүү нөхцөл байдалд хэрхэн ханддаг вэ?” гэх мэт энгийн асуултуудад бэлэн байгаарай.

    7. Тууштай бай, шантралгүй урагшил

    Ажил хайх нь тэсвэр тэвчээр, тууштай байдлыг шалгах марафон юм. Зарим хүмүүс анхны ажлаа сарын дотор олдог бол зарим нь 3-6 сар, бүр түүнээс ч удаан хайх тохиолдол байдаг. Анхны ажил бол туршлага хуримтлуулах, танилын хүрээгээ үүсгэж тэлэх, мэргэжлийн карьерын суурийг тавих чухал алхам юм. Өөртөө итгэж цаг гарган, өдөр бүр 1% ч гэсэн ахиц гаргаснаар таны хүсэл мөрөөдөл биелэхэд улам ойртсоор байх болно.

    CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.

    Холбоотой нийтлэл унших: CV-гээрээ ялгарч, ажилд орох боломжоо нэмэгдүүл

  • Компаниуд яагаад амлалтдаа хүрдэггүй вэ?

    Компаниуд яагаад амлалтдаа хүрдэггүй вэ?

    Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажил хайж эхэлсэн залуу мэргэжилтний анхаарлыг ажлын зар дээр тавигдсан “Цалин өндөр, ажлын орчин таатай, өсөн дэвжих боломжтой” гэсэн мэдээлэл илүүтэй татжээ. Танилцуулгаа илгээн улмаар ярилцлага ч амжилттай болж, хүний нөөцийн ажилтан нь: “Манайд залуу хүмүүсийн карьер хурдан өсдөг,  уян хатан цагийн хуваарьтай. Бид 6 сарын дараа цалинг чинь нэмнэ” гэж анх хэлжээ. Гэвч гурван сар хүрэхэд л урам хугарч, сэтгэлээр унаж эхэлсэн бөгөөд хагас жил болоод цалин нэмэгдээгүйгээр барахгүй илүү цагаар ажиллах нь хэвийн зүйл мэт байв. Мөн ажлын орчин нь мөн хэл ам, дарамт ихтэй байлаа. Ажилд орох үед амласан бүхэн алга болчихсон мэт л. Танил дүр зураг биш гэж үү? 

    Ажил горилогчийн хувьд найдвартай байдал, шударга харилцаа, бодит боломж хамгийн чухал байдаг. Гэвч амлалтад нь итгээд ажилд орсон олон хүн үүний дараа бодит байдалтай тулгарч, сэтгэл гонсгор үлддэг нь нууц биш. Ер нь “Анх бол тэгж амлаагүй дээ…” гэж хэлдэг газрууд цөөнгүй. Энэ мэтчилэн зарим байгууллагууд ажилтан татахын тулд амлалт өгдөг ч, түүнийгээ бодит байдалд хэрэгжүүлэхэд бэлэн биш байдгийн учир юу вэ?

    Амлалт өгсөн ч хэрэгжүүлдэггүй зарим шалтгаанууд: 

    1. Хэт гоё сурталчилгаатай зар 

    Ажлын байрны зар заримдаа “хөөрөгдөж” бичигддэг. “Уян хатан цагийн хуваарь, найрсаг хамт олон, карьер өсөлт” гэх мэт уриа үгс үнэнд нийцэхгүй байж болно.

    2. Дунд шатны удирдлагын үл ойлголцол

    Хүний нөөцийн амлалт бодит амьдралд хэрэгжихгүй байх нь олонтоо. Шууд удирдлага амлалтыг дэмжихгүй тохиолдол байдаг учраас ажилтнууд сэтгэл дундуур болдог.

    3. Тодорхой бус ажлын зар

    “Идэвхтэй хүн хайж байна” гэхээс илүүтэй, тодорхой ажлын цар хүрээ, нарийн шаардлагууд, зорилго, KPI зэрэг мэдээлэлтэй зар илүү шударга, ойлгомжтой байдаг.

    4. Түр зуурын хэрэгцээ, тогтворгүй бодлого

    Зарим байгууллага яаралтай ажилтан авах шаардлага үүссэн үедээ сайхан амлалт өгч, дараа нь мартдаг. “Түр л ингэж ажиллаарай” гэдэг үгс цаашдаа тогтмол ачаалал болоход хүргэнэ.

    5. Ажил горилогчийн зүгээс хэт өндөр хүлээлт

    Хувь хүний хүлээлт хэтэрхий өөдрөг байх тохиолдол ч бий. Заримдаа “карьер өснө” гэдэг нь шууд өсөж дэвшинэ гэсэн үг биш. Ярилцлагын үеийн үгсийг бодитоор ойлгох хэрэгтэй болдог.

    Та дараах асуултуудыг юун түрүүнд байгууллагаас асуугаарай

    • Амласан зүйлс бичгээр баталгаажих уу?

    • Цалин, урамшуулал ямар шалгуураар, хэдийд нэмэгддэг вэ?

    • Тухайн албан тушаалд өмнө нь ажиллаж байсан хүн яагаад гарсан бэ?

    • KPI болон амжилтыг хэрхэн хэмждэг вэ?

    Мэдээлэлтэй бай

    Google, Facebook, LinkedIn зэрэг платформ дээр тухайн байгууллагын талаарх мэдээлэл үнэлгээ, сэтгэгдлийг унших буюу аль болох ажлын орчин, хамт олны хандлага, бодит байдлыг урьдчилан олж мэдэхийг хичээгээрэй. Хэрвээ бүр боломжтой бол тухайн байгууллагад ажиллаж буй хүнээс сэтгэгдэл, туршлагыг нь сонс.

    Цалин, урамшуулал, карьерийн өсөлтийн талаар бичгээр баталгаажуулах нь таны эрх бөгөөд компанийг төлөөлсөн ажилтны хэлж буй үгнээс илүү хэрэгжүүлж буй үйлдэл нь бодит үнэлгээ болно. Ажлын байраа сонгохдоо сэтгэл хөдлөл, сайхан амлалтад бус, бодит мэдээлэлд тулгуурлаж шийдвэр гаргах нь хамгийн ухаалаг алхам юм.

    Тиймээс LAMBDA танд бодит мэдээлэлтэй, итгэл даах байгууллагын ажлын заруудыг нэг дороос санал болгож, өөрийн эрх ашгаа хамгаалж, үнэ цэнтэй сонголт хийхэд тань тусална.

  • Хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ?

    Хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ?

    Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулагдсан, тэдний харилцан эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон эрх зүйн баримт бичиг юм. Энэхүү гэрээ нь ажилтан тухайн байгууллагад орж ажиллах, ажил олгогч түүнийг ажиллуулах үндсэн нөхцөлийг тусгаж, хөдөлмөрийн харилцааны хууль ёсны үндэс болдог. Хөдөлмөрийн гэрээ нь талуудыг хамгаалах, тэдний эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх гол хэрэгсэл юм.

    1. Хөдөлмөрийн гэрээний ач холбогдол

    Хөдөлмөрийн гэрээ нь дараах чухал ач холбогдолтой:

    Хууль эрх зүйн баталгаа: Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, ажил олгогчийн хооронд хууль ёсны харилцаа тогтоож, тэдний эрх, үүргийг баталгаажуулдаг. Энэ нь хөдөлмөрийн маргааны үед нотлох баримт болж үйлчилнэ.

    Ажлын нөхцөл, цалин хөлс: Гэрээнд ажилтны гүйцэтгэх ажил, ажлын цаг, цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, ажлын байрны тодорхойлолт зэргийг нарийвчлан тусгадаг нь талуудын харилцан ойлголцлыг дэмждэг.

    Эрх, үүрэг, хариуцлага: Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтны үүрэг, хариуцлагыг тодорхой заасан байдаг нь ажилтны хүлээх ёстой үүрэг, ажил олгогчийн хүлээх үүргийг талууд сайтар ойлгоход тусалдаг.

    Хөдөлмөрийн харилцааны тогтвортой байдал: Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч, ажилтны хооронд итгэлцэл бий болгож, ажлын байрны тогтвортой байдлыг хангахад тусална.

    Ажилтны эрхийн хамгаалалт: Хөдөлмөрийн гэрээ нь ажилтны эрхийг хамгаалж, хууль бус ажлын нөхцөл, ажлаас үндэслэлгүй халахаас сэргийлдэг.

    2. Хөдөлмөрийн гэрээний үндсэн агуулга

    Хөдөлмөрийн гэрээнд дараах үндсэн хэсгүүдийг тусгадаг:

    Талуудын мэдээлэл: Ажил олгогч болон ажилтны нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, ажил олгогчийн регистрийн дугаар, ажилтны регистрийн дугаар зэрэг суурь мэдээллийг тусгадаг.

    Ажлын байрны тодорхойлолт: Ажилтны гүйцэтгэх ажил үүргийн тодорхойлолт, албан тушаал, ажлын байрны нэр, үндсэн үүрэг, хариуцлагыг тусгасан байна.

    Цалин хөлс, урамшуулал: Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшуулал, шагнал, бусад төлбөрүүдийн нөхцөл, төлөх хугацаа зэргийг тодорхой тусгадаг.

    Ажлын цаг: Ажлын цагийн горим, өдөр, долоо хоногийн ажлын цаг, илүү цагаар ажиллах нөхцөл, амралтын хуваарь, ээлжийн амралтын нөхцөл зэргийг тусгадаг.

    Ажиллах нөхцөл, байршил: Ажлын байрны байршил, ажлын нөхцөл, аюулгүй байдлын баталгаа, эрүүл ахуйн орчин зэргийг тусгана.

    Гэрээний хугацаа: Хөдөлмөрийн гэрээ хэдий хугацаагаар үйлчлэх, хэзээнээс эхлэх, хэрэв хугацаатай бол хэзээ дуусах, гэрээг сунгах нөхцөл зэргийг тусгадаг.

    Гэрээг цуцлах нөхцөл: Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл, нөхцөл, мэдэгдэх хугацаа, хариуцлага зэргийг тусгана.

    Хууль эрх зүйн нөхцөл: Хөдөлмөрийн хууль, дүрэм журам, байгууллагын дотоод журам, бусад хууль эрх зүйн баримт бичгүүдийг дагаж мөрдөх тухай заалтууд байдаг.

    3. Хөдөлмөрийн гэрээний төрлүүд

    Хөдөлмөрийн гэрээ нь дараах төрлүүдтэй байж болно:

    Хугацаагүй гэрээ: Тодорхой хугацаа заагаагүй, урт хугацааны хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг. Энэ нь ажилтанд илүү баталгаа, тогтвортой байдлыг хангадаг бөгөөд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол ажил олгогч талаас дангаар цуцлах боломж хязгаарлагдмал байдаг.

    Хугацаатай гэрээ: Тодорхой хугацаагаар байгуулагдах бөгөөд энэ нь улирлын чанартай, түр хугацааны ажил, төсөл, тодорхой үйл ажиллагаанд хэрэглэгддэг. Хугацаа дуусмагц гэрээ дуусгавар болох боловч зарим нөхцөлд сунгаж болно.

    Туршилтын хугацаатай гэрээ: Ажилтанг тухайн ажлын байранд тохирох эсэхийг тодорхойлохын тулд туршилтын хугацаа бүхий гэрээ байгуулдаг. Энэ хугацаанд ажилтанг үнэлж, гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.

    Цагийн гэрээ: Ажилтан тогтмол бус, цагаар ажиллах нөхцөлтэй гэрээ бөгөөд цагийн хөлс, ажиллах нөхцөлийг тусгадаг.

    Зайнаас ажиллах гэрээ: Ажилтан байгууллагын албан газраас гадуур, өөрийн байршлаас ажиллах нөхцөлтэй гэрээ бөгөөд тодорхой ажлын цаг, хяналт, технологийн шаардлагыг тусгадаг.

    4. Хөдөлмөрийн гэрээ байгуулахад анхаарах зүйлс

    Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

    Хуулийн шаардлага хангах: Хөдөлмөрийн гэрээ нь үндэсний хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Монгол Улсын хөдөлмөрийн хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан байх шаардлагатай.

    Тодорхой, ойлгомжтой байх: Хөдөлмөрийн гэрээний заалтууд нь тодорхой, ойлгомжтой, дэлгэрэнгүй байх ёстой. Ерөнхий, тодорхойгүй заалтууд нь ирээдүйд маргаан үүсгэх эрсдэлтэй.

    Харилцан зөвшөөрөл: Хөдөлмөрийн гэрээ нь талуудын харилцан зөвшөөрлөөр байгуулагдах ёстой. Аль нэг талыг албадах, шахалт үзүүлэх нь гэрээг хүчингүй болгох үндэслэл болно.

    Гэрээний мөрдөлт: Гэрээний заалтуудыг талууд хэрхэн мөрдөх, хэрхэн хянах, хэрэв зөрчигдвөл ямар арга хэмжээ авах талаар тодорхой тусгах шаардлагатай.

    Нууцлал: Ажил олгогчийн мэдээллийн нууцлал, ажилтны хувийн мэдээллийн хамгаалалтыг хангах заалтууд байх шаардлагатай.

    5. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах

    Хөдөлмөрийн гэрээг дараах нөхцөлд дуусгавар болгож болно:

    Харилцан зөвшөөрлөөр: Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан зөвшөөрч цуцалж болно. Энэ тохиолдолд ямар нэг талд хохирол учруулахгүйгээр гэрээг цуцлах хамгийн зөв арга юм.

    Хугацаа дуусах: Хугацаатай гэрээний хувьд заасан хугацаа дуусмагц гэрээ дуусгавар болно. Хэрэв гэрээг сунгахгүй бол ажил олгогч ажилтанд хугацаа дуусахаас өмнө мэдэгдэх ёстой.

    Ажил олгогчийн санаачлагаар: Ажил олгогч ажилтныг халах эрхтэй боловч энэ нь хууль ёсны үндэслэлтэй байх ёстой. Жишээлбэл, ажлын байр хасагдах, ажилтан үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан зэрэг шалтгаанаар халж болно.

    Ажилтны санаачлагаар: Ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарах эрхтэй. Энэ тохиолдолд гэрээнд заасан хугацаанд ажил олгогчид мэдэгдэх ёстой.

    Бусад нөхцөл: Талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал (давагдашгүй хүчин зүйл, байгууллага татан буугдах, ажилтны эрүүл мэндийн байдал муудах) гэх мэт шалтгаануудаар гэрээ дуусгавар болж болно.

    Дүгнэлт

    Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдах чухал эрх зүйн баримт бичиг бөгөөд талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, хөдөлмөрийн харилцааны үндсийг тавьдаг. Зөв, оновчтой боловсруулсан хөдөлмөрийн гэрээ нь ажилтны эрхийг хамгаалах, ажил олгогчийн хууль ёсны эрх ашгийг хангах, маргааныг шийдвэрлэх, хөдөлмөрийн харилцааны тогтвортой байдлыг хангах гол хэрэгсэл юм. Иймд хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн, тодорхой, дэлгэрэнгүй, талуудын харилцан зөвшөөрлөөр байгуулах нь чухал юм.

    Унших: Өөрийн ур чадвараа байгууллагадаа хэрхэн өндөрөөр үнэлүүлэх вэ?


    Ламбда бол байгууллагуудад шилмэл талентуудыг амжилттай, хурдан, үр дүнтэй сонгоход туслах ухаалаг шийдэл юм. Хэрэв та байгууллагадаа зөв хүн сонгохыг хүсч, цаг хугацаа, нөөцөө хэмнэхийг зорьж байгаа бол Ламбда нь таны хамгийн сайн түнш болох болно. Шилмэл талентуудыг сонгох, тэдний ур чадварыг хурдан баталгаажуулахад Ламбда танд туслах болно.