Tag: ажиламьдралынтэнцвэр

  • Эерэг ажлын орчинг хэрхэн бүтээх вэ?

    Эерэг ажлын орчинг хэрхэн бүтээх вэ?

    Ажлын өдөр бүр бидний амьдралын ихэнх цагийг эзэлдэг учир, ажиллах орчин маань бидний сэтгэл ханамж, бүтээмжид шууд нөлөөлдөг зүйл юм. Тиймээс эерэг, дэмжлэгтэй, сэтгэл ханамжтай ажлын орчин бий болгох нь зөвхөн байгууллага төдийгүй ажилтан бүрийн хувьд чухал байдаг.

    Эерэг ажлын орчин гэж юу вэ?

    Эерэг ажлын орчин гэдэг нь тухайн газар ажиллахад хүн бүр өөрийгөө тав тухтай, дэмжигдэж байгаа мэдрэх, хамт олноосоо урам зориг авах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх нөхцөл боломж бүхий орчинг хэлдэг. Ийм орчинд стресс багатай, харилцаа сайтай, багийн уур амьсгал эерэг байна. Харин тухайн ажилтан ажлынхаа эргэн тойронд тав тухтай, сэтгэл хангалуун байх нь түүний бүтээмжийг нэмэгдүүлдэг.

    Ажлын орчинг таны амжилтын тулгуур гэж хэлж болно. Учир нь:

    Сэтгэл ханамжтай ажиллах: Хүн аз жаргалтай байж л өөрийн ажлын онцлогт бүрэн төвлөрч, илүү сайн үр дүнд хүрдэг.

    Стресс багасгана: Стресс ихтэй газар ажиллах нь сэтгэл санаа, эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг. Эерэг орчин стрессийг бууруулж, эрүүл мэндийг хамгаална.

    Бүтээмж нэмэгдэнэ: Хүний сэтгэл санаа сайжрах тусам ажлын бүтээмж сайжирдаг.

    Багийн уур амьсгал сайжирна: Хамт олноороо нягт холбоотой ажиллахад байгууллагын амжилт нэмэгддэг.

    Ажилтан хадгалах: Ажилтнууд сэтгэл хангалуун байвал байгууллагад удаан хугацаанд тогтвор суурьшилтай ажиллана.

    Шинэ ажил хайж буй хүн тухайн байгууллагын ажлын уур амьсгал, орчны талаар урьдчилан бүрэн ойлголттой болох нь үргэлж амаргүй байдаг. Гэсэн хэдий ч дараах зүйлсэд анхаарснаар илүү бодит төсөөлөлтэй болж чадна.

    Юуны өмнө тухайн компанийн соёл, үнэт зүйлсийг сайтар судлахдаа байгууллагын вебсайт, нийгмийн сүлжээ, ажилчдын сэтгэгдэл, танил талаас авах мэдээлэл нь чухал. Мөн ажил горилох үеийн ярилцлага нь орчны талаар мэдээлэл олж авах сайхан боломж юм. Хамт олон, менежерүүдийн харилцах байдал, оффисын уур амьсгалыг та анзаараарай.

    Үүнээс гадна ажлын байрны физик орчин ч мөн анхаарах хүчин зүйл. Байрлал, тав тух, цэвэр байдал, гэрэлтүүлэг, агааржуулалт зэргийг ажиглах нь зүйтэй. Түүнчлэн ажлын цагийн уян хатан байдал нь ажил амьдралын тэнцвэрт байдлыг хадгалах, стресс бууруулахад чухал үүрэгтэй тул энэ талаар тодруулах нь зүйтэй юм. Ийнхүү нарийн ажигч, судалгаатай хандлага нь зөв байгууллагаа сонгоход тусална.

    Эерэг ажлын орчинг бий болгох нь

    Эрүүл, тав тухтай, дэмжлэгтэй ажлын орчин нь зөвхөн тохижилт, тоног төхөөрөмжөөр хязгаарлагдахгүй бөгөөд байгууллагын соёл, удирдлагын хандлага, ажилтны сэтгэл зүйг бүх талаар дэмжих шаардлагатай. Нээлттэй харилцаа, итгэлцлийг бий болгосноор ажилтнууд өөрсдийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой болж, эерэг уур амьсгал бүрдэнэ. Мөн ажлын байрны эрүүл ахуйн нөхцөл, тохижилт нь ажилтны сэтгэлзүй, бүтээмжид шууд нөлөөлнө. Үүнтэй адил, ажилтнуудын ур чадвар, хувь хүний хөгжлийг дэмжих нь байгууллагын өсөлт хөгжилд томоохон хувь нэмэр оруулдаг. Түүнчлэн ажил ба амьдралын тэнцвэрийг хадгалах нь ажилтны сэтгэл ханамж, сэтгэлзүйн тогтвортой байдлыг хангах үндэс болдог юм.

    Эерэг ажлын орчин гэдэг нь зөвхөн тухайн байгууллагын хөгжил төдийгүй, ажилтан хүн бүрийн сэтгэл ханамж, эрүүл мэнд, бүтээмжийн суурь болдог. Хөдөлмөрийн зах зээлд ажил хайж буй хүн бүр өөрийн тав тухтай, дэмжлэгтэй орчинг эрэлхийлж, ажлын байрны сонголт хийхдээ эдгээр чухал хүчин зүйлсийг анхаарах нь зүйтэй юм.

    Харин байгууллагууд ажилчдынхаа дуу хоолойг сонсож, зөв харилцаа үүсгэж, эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангаж, хувь хүний хөгжилд хөрөнгө оруулалт хийснээр илүү бүтээмжтэй, тогтвортой хөгжлийн замд гарах боломжтой билээ. Тиймээс эерэг ажлын орчныг бий болгох нь бүгдэд ашигтай бөгөөд хамтын амжилтын түлхүүр юм.

    Төстэй нийтлэл унших: Ажлын байрны уур амьсгалд яагаад анхаарах ёстой вэ?

    Ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг LAMBDA блогоос уншаарай.  

  • Ээлжийн амралтаа сэтгэл ханамжтай өнгөрүүлэх зөвлөмж

    Ээлжийн амралтаа сэтгэл ханамжтай өнгөрүүлэх зөвлөмж

    Амралтаа үр дүнтэй, сэтгэл ханамжтай өнгөрүүлэх зөвлөмж

    Ажил амьдралын хэмнэл дунд бид амралтаа зөв төлөвлөн, бие болон сэтгэлээ сэргээж чадвал илүү эрч хүчтэй, бүтээлч нэгэн болж чадна. Тэр тусмаа зуны улирал бол өөртөө болон хайртай хүмүүстээ цаг гаргах, амьдралын хэмнэлээ эргэн харж, урам зориг авах хамгийн тохиромжтой мөч юм. Монголчууд бидний хувьд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дараалан олон хоног нийтээр амардаг болохоор ээлжийн амралтаа энэ үетэй давхцуулан авах нь түгээмэл. Зарим нь энэ хугацааг зүгээр л гэртээ амарч өнгөрөөдөг бол, харин нөгөө хэсэг нь энэ боломжийг ашиглан өөрийгөө цэнэглэж, амьдралаа шинэ өнцгөөс харах урам зориг авч чаддаг.

    Тэр ч утгаараа ажлын ачаалал, стресс, амралтгүй удаан ажиллах зэрэг нь сэтгэл зүй болоод бие махбодод ч тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг тул амралтаа зөв өнгөрүүлэх нь чухал юм. Хэрвээ ойрын үед амрахаар төлөвлөж байгаа бол танд дараах бяцхан зөвлөгөөг хүргэе.

    Амралтаа төлөвлөх нь сэтгэл ханамжийн үндэс 

    Ерөнхийдөө амралт эхлэхээс өмнө товчхон төлөвлөгөө гаргавал тайван, санаа зовох зүйлгүй, жинхэнэ утгаар нь амарч чадна. Хэрвээ та гадаад улс руу аялах гэж байгаа бол зочид буудал, нислэгийн тийз, үзвэр үйлчилгээний тасалбаруудаа урьдчилан захиалах нь зүйтэй /мөн энэ нь зардлыг хэмнэх давуу талтай/. Харин дотоодын аяллыг сонирхож, хөдөө явахаар бодож байгаа бол маршрут, замын нөхцөл, цаг агаарын мэдээллийг шалгаж, гэр бүл, найзуудтайгаа хамт төлөвлөх нь илүү дурсамжтай аялал болох болно.

    Байгальтай ойр амралтаа өнгөрүүлээрэй 

    Байгальтай ойр цагаа өнгөрүүлэх нь бидний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг. Голын эрэг, ой мод, эсвэл рашаан сувиллын тайван орчинд хэдхэн хоногийг өнгөрүүлснээр стресс тайлагдаж, сэтгэл зүй амар тайван болох болно. Зуслангын байшинд байрлах, ууланд алхаж, цэвэр агаар амьсгалах зэргээр бие сэтгэлээ тайвшруулах тэр аяллыг сонгоорой.

    Өөрийгөө хөгжүүлэхээ бүү мартаарай

    Амралт гэдэг зөвхөн унтах, амрах бус өөрийгөө хөгжүүлэх гайхалтай боломж юм. Хэрвээ таны амралт урт хугацаагаар үргэлжлэх бол богино хугацааны онлайн сургалтад хамрагдах, гадаад хэл, санхүү, маркетинг зэрэг өөрт хэрэгтэй чадваруудаа ахиулах, мэргэжлийн сертификатаа нэмэхэд тухайн цагаа бүтээлчээр ашиглаж болох юм. Мөн сошиал медиа, карьер профайлаа шинэчилж, Lambda-р CV-гээ сайжруулж өөрийгөө цоо шинэ өнцгөөс харах боломжийг бүү алдаарай.

    Гэр бүлтэйгээ чанартай цагийг өнгөрүүл

    Заримдаа бид ажлын ачааллаас болоод хайртай хүмүүстээ тэр бүр хангалттай цаг гаргаж чаддаггүй билээ. Харин амралт бол энэ орон зайг нөхөх сайхан боломж юм. Хүүхдүүдтэйгээ аялал төлөвлөх, гэр бүлээрээ кино үзэх, хамтдаа тоглох, ярилцах, хоол хийх зэрэг энгийн мөртлөө үнэ цэнтэй мөчүүдийг хамтдаа өнгөрүүлэхээр төлөвлөөрэй.

    Ажлаасаа түр холдож, жинхнээсээ амрах

    Амралт авсан ч ажлаа бодоод, и-мэйлээ шалгаад байвал амралтын утга учир алдагдана. Иймд ажлын и-мэйл, мэдэгдлүүдээ түр хааж, гар утас төхөөрөмжөөс холдон өөртөө болон хайртай хүмүүстээ бүрэн анхаарал хандуулахыг хичээгээрэй.

    Санхүүгээ ухаалгаар төлөвлөх нь мөн чухал

    Сэтгэл ханамжтай амралтын нэг үндэс бол санхүүгийн зөв төлөвлөлт юм. Урьдчилан төсөв гаргаж, зардлаа хянах нь таны сэтгэл амар аялж амрахад тусална. Мөн хөнгөлөлт, хямдралтай аялал, амралтын багцуудаас судалж, ухаалаг сонголт хийхийг зөвлөж байна.

    Амралтаа дурсамж болго

    Энгийн зүйлсээс аз жаргалыг мэдрэх нь амралтын бас нэг чухал хэсэг юм. Тухайлбал ном унших, тэмдэглэл хөтлөх, зураг дарж, дүрс бичлэг хийж дурсамж бүтээх, шинээр хоббитой болох зэрэг нь таны сэтгэл ханамжийг илүү нэмэгдүүлэх болно.

    Амралт бол зүгээр л түр амсхийх цаг биш, харин өөрийгөө шинээр нээх гайхалтай боломж юм.
    Зуны өдрүүдийг урам зориг, аз жаргалаар дүүрэн, сэтгэл ханамжтай өнгөрүүлцгээе. Тэгвэл та амралтаа дуусгаад, ажилдаа эрч хүчтэй, бүтээлч байдлаар эргэн орох болно.

  • Ажил хийх үү, хүүхдээ өсгөх үү?

    Ажил хийх үү, хүүхдээ өсгөх үү?

    Монголын олон мянган эмэгтэйчүүд бусдын адилаар ээж болж хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн амьдралдаа санхүүгийн хариуцлагыг ч мөн үүрдэг. Хүүхдээ асарч халамжлан, хүмүүжүүлэх гэдэг бол цаг хугацаа, анхаарал, хичээл зүтгэл шаардсан бүтэн цагийн ажил юм. Гэсэн ч амьжиргааны өртөг нэмэгдсэн энэ үед “ажил хийх үү, эсвэл хүүхдээ гэртээ харах уу?” гэсэн асуулт бүхий л ээжүүдийн өмнө тулгарч байна. Мэдээж мөн хүүхдээ асрангаа ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ авч яваа олон аавууд бий. Тэдний зарим нь эхнэрийнхээ ажиллах боломжийг дэмжиж, гэртээ үлдэн хүүхдээ хардаг бол зарим нь уян хатан цагийн ажил эсвэл гэрээсээ ажиллах боломжийг ашиглаж байгаа ч тохиолдол байна.

    Хүүхдээ нялх байхад нь гэрт нь харж, анхны үг, анхны алхам бүрийг нь мэдрэхийг хүсдэггүй эх хүн гэж үгүй. Гэвч өнөө цагийн амьдралын эрч, эдийн засгийн нөхцөл байдал олон эхийг “зүгээр сууж болохгүй” гэж бодоход хүргэж байна. Цэцэрлэг хүрэлцээгүй, хүүхэд харах хүнгүй, эсвэл ажилдаа эргэж ороогүйгээс болоод туршлагатай болох, тушаал дэвших боломжуудаа алддаг зэргээр олон хүн хоёрын аль нэгийг сонгох болдог.

    Яагаад ээжүүд ажил хийхийг хүсдэг вэ?

    Ээжүүд ажил хийхийг хүсдэг олон шалтгаан бий. Тэдгээрээс хамгийн нийтлэг, чухал шалтгаануудыг дурдвал:

    Санхүүгийн хараат бус байдал
    Ээжүүд өөрийн орлоготой болсноор амьдралынхаа зарим шийдвэрийг өөрөө гаргах, хүүхдээ илүү сайн халамжлах, санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралгүй байх боломжтой болдог.

    Гэр бүлийн амьжиргаанд дэмжлэг болох
    Нэмэлт орлого нь өрхийн санхүүд эерэг нөлөө үзүүлж, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, өдөр тутмын хэрэгцээг хангахад тус болно.

    Хувь хүний үнэ цэнэ, өсөлт хөгжил
    Ажил хөдөлмөр нь зөвхөн орлого мөнгөний эх үүсвэр биш өөрийгөө хөгжүүлэх, чадвараа ашиглах, бусдад хэрэгтэй гэдгээ мэдрэх боломж болдог.

    Хүүхдэдээ үлгэр дууриал үзүүлэх
    Хөдөлмөрч, хичээнгүй, өөртөө итгэлтэй ээж бол хүүхдийн хувьд хүчирхэг үлгэр дууриал болдог. Ингэснээр хүүхэд ч ирээдүйдээ амьдралын төлөө хичээх урам зориг авах юм.

    Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох
    Зарим ээжүүд зөвхөн гэрийн хүрээнд биш, олон нийтийн амьдралд оролцох, хамт олон, найз нөхөдтэй болох, харилцаагаа өргөжүүлэхийг хүсдэг.

    Сэтгэл зүйн эрүүл мэндийн тэнцвэрийг хадгалах
    Ажил хийх нь сэтгэл гутрал, түгшүүр зэргээс сэргийлэх, өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр болж өгдөг.

    Товчоор хэлбэл, ээжүүд амьдралын чанараа сайжруулах, өөрийн үнэ цэнийг мэдрэх, гэр бүлдээ илүү их хувь нэмэр оруулахын тулд тогтсон ажилтай, тодорхой амжилтад хүрэхийг зорьдог байна.

    Ажил хийхийн үнэ цэнэ

    Ажил хийнэ гэдэг зөвхөн орлого олох бус, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмтэй холбогдсон байх, ирээдүйд хүүхдийнхээ төлөө илүү боломж бүрдүүлэх чухал алхам юм. Зарим ээжүүд ажлаа орхиод хэдэн жил болсон ч эргэж ажилд орохдоо амаргүй нөхцөлтэй тулгардаг билээ. Энэ нь зөвхөн мэргэжлийн асуудал биш, бас өөртөө итгэх итгэлтэй ч мөн холбоотой байдаг.

    Хүүхдээ гэртээ өсгөхийн үнэ цэнэ

    Нөгөө талаар хүүхдээ өөрөө өсгөнө гэдэг амьдралын хамгийн үнэ цэнтэй, хэзээ ч дахин давтагдахгүй мөчүүдийг бүрэн мэдрэх боломж юм. Хүүхдийнхээ анхны инээмсэглэл, “ээжээ” гэж хэлэх мөчид хажууд нь байна гэдэг юугаар ч үнэлэхийн аргагүй баяр жаргал билээ. Гэхдээ гэртээ олон жил байх тусам олон эхчүүд сэтгэл зүйн хямралд орж, ганцаардал мэдэрч, нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмжтэй болдог нь үнэн.

    Хөдөлмөрийн зах зээл дэх боломжууд

    Өмнө нь ажил олоход “ажлын туршлага”, “ажлын цаг” зэрэг хязгаарлалт тулгардаг байсан бол өнөөдөр цахим шилжилт, ажлын байрны нөхцөл, орчин, зайнаас ажиллах хэлбэр зэрэг хүчин зүйлсийн ачаар тохирсон ажил олох боломж тасралтгүй нэмэгдсээр байна. Тухайлбал,

    • Гэрээсээ ажиллах боломжтой ажлын байр: орчуулагч, чат оператор, онлайн багш, редактор

    • Цагийн ажил: хагас цагаар оффист ажиллах, богино хугацааны төслүүд

    • Онлайн орлого олох сувгууд: сошиал хуудас хөтлөх, TikTok, Instagram контент бүтээгч, YouTube суваг нээх гэх мэт

    Бага насны хүүхэдтэй ээжүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүд:

    • Хүүхэд харах хүнгүй байх

    • Ажлын цаг уян хатан биш байх

    • Нийгмийн хандлага – “гэртээ хүүхдээ харах ёстой” гэх хүлээлт

    • Өөртөө итгэх итгэл сул байх – ур чадвараа дутуу үнэлэх

    Эдгээр асуудлыг шийдэхэд нийгмийн бодлого, гэр бүлийн ойлголцол, хувь хүний зорилго, хүсэл, мэргэжлийн чадвар туршлага мөн уян хатан ажлын байр зэрэг нь чухал нөлөөтэй юм.

    Хүүхдээ өсгөхийн зэрэгцээ орлого олох тухай

    Өнөөгийн нийгэмд өөрийн үнэ цэнийг илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэх, чадваржуулах улмаар өндөр цалин орлоготой болох хүсэлтэй хүчтэй эмэгтэйчүүд маш олон байна. Хэрвээ та ажил хайж байгаа бол өөрийн чадвар, сонирхол, нөхцөл байдалдаа тохирсон ажил олж чадна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.

    Эцэст нь энэхүү нийтлэлд хөндсөн хоёр сонголтын аль аль нь буруу биш юм. Харин боломжит ажил, амьдралын тэнцвэрийг олох нь хамгийн чухал алхам билээ. Хүүхдээ сургуульд орох хүртэлх хугацаанд цагийн ажил, гэрээсээ ажиллах боломж, онлайн орлого олох замаар эхчүүд хүүхдээ ч өсгөж, ажил ч хийж чадна.

    Ерөнхийдөө “ажил хийх үү, хүүхдээ өсгөх үү?” гэдэг асуултанд зөвхөн танд тохирсон хариулт л хамгийн зөв. Нийгэм, сошиал медиа, хамаатнууд юу гэж хэлэхээс илүүтэй, өөрийнхөө амьдралын хэв маяг, хүүхдийнхээ хэрэгцээ, ирээдүйн зорилго дээрээ тулгуурлан шийдвэр гаргах нь ухаалаг сонголт болох юм.

    Санал болгох нийтлэл: Хэрхэн ажлын байрны зараас өөрт тохирсон эсэхийг таньж мэдэх вэ?