Category: Цалин Хөлс

  • Хамгийн өндөр цалинтай ажлын байр юу вэ?

    Хамгийн өндөр цалинтай ажлын байр юу вэ?

    Бид ямар шалгуураар мэргэжлээ сонгодог вэ? Энэ асуултад хариулахын тулд юуны түрүүнд өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй технологийн хөгжил, нийгмийн хандлагыг харж ойлгох хэрэгтэй. Технологи хурдацтай ахиж, олон ажлын байрыг автоматжуулж байгаа нь биднээс байнга шинэ ур чадвар эзэмшихийг шаардаж байна. Мөн цахим ертөнц, фриланс, онлайн зах зээл хүчтэй хөгжсөнөөр нэг л мэргэжил эзэмшээд өөр олон чиглэлд хөндлөн шилжих боломж улам бүр нээгдэж байгаа. Өмнө нь нэг мэргэжлээр насан турш ажиллана гэж боддог байсан бол өнөөдөр энэ хандлага эрс өөрчлөгдөж, хүмүүс илүү уян хатан, олон сонголттой замыг эрэлхийлэх болжээ.

    Тэгвэл ийм үед хамгийн эрэлттэй, өндөр цалинтай ажлын байрууд ямар салбарт төвлөрч байна вэ?

    Сүүлийн үеийн хамгийн эрэлттэй, өндөр цалинтай ажлын байрууд

    1. Программ хангамж ба мэдээллийн технологи

    Программ хөгжүүлэгчид (web, mobile) нь вэб сайт, мобайл аппликейшн болон төрөл бүрийн программ хангамж зохиож бүтээдэг бөгөөд энэ нь өнөө үед дэлхий даяар хамгийн эрэлттэй, өндөр цалинтай мэргэжлүүдийн нэг болж, Монголд ч гадаад зах зээл рүү шууд холбогдож ажиллах томоохон боломжийг олгож байна. Түүнчлэн хиймэл оюун (AI) ухаан, дата аналитик, машин сургалтын инженерүүд асар их хэмжээний өгөгдөл дээр ажиллаж, ухаалаг шийдэл, автомат системүүдийг бий болгодог тул компаниуд шийдвэрээ илүү шинжлэх ухаанч үндэслэлтэй гаргахын тулд эдгээр мэргэжилтнүүдийг өндөр цалингаар ажилд авах сонирхолтой байдаг. Үүний зэрэгцээ кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд (Cybersecurity) байгууллагуудын мэдээлэл, сүлжээ, системийг цахим халдлагаас хамгаалж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд цахим орчинд тулгуурласан үйлчилгээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ үед тэдний үнэ цэнэ улам бүр нэмэгдэж, өндөр орлоготой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

    2. Санхүү ба хөрөнгө оруулалт

    Санхүү ба хөрөнгө оруулалтын салбар нь өнөө үед эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчдийн нэг болж байгаа бөгөөд энэ чиглэлд ажилладаг санхүүгийн шинжээчид, хөрөнгө удирдах мэргэжилтнүүд, аудит болон олон улсын татварын зөвлөхүүд нь байгууллагын санхүүгийн урсгалыг нарийвчлан судалж, ирээдүйн эрсдэлийг тооцоолж, тогтвортой өсөлтийг хангахын тулд тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, стратегийн төлөвлөгөө боловсруулдаг онцгой чухал үүрэгтэй хүмүүс юм. Энэ салбарын онцлог нь зөвхөн санхүүгийн тайлан тооцоо гаргахаас илүүтэй, хөрөнгө оруулалтыг хэрхэн зөв чиглүүлэх, зардал болон ашигт ажиллагааны харьцааг сайжруулах, зах зээлийн хандлагыг урьдчилан таамаглах зэрэг өндөр түвшний аналитик болон шийдвэр гаргах чадварыг шаарддагт оршдог.
    Иймд компанийн урт хугацааны амжилтыг баталгаажуулахын тулд тус мэргэжилтнүүдийн оруулж буй оюуны хөрөнгө оруулалт маш өндөр үнэлэгддэг бөгөөд үүнтэй уялдан энэ чиглэлийн ажлын байрууд дэлхий даяар тогтмол өндөр цалин хөлстэйд тооцогдож, Монголд ч мөн олон улсын байгууллагууд болон банк, санхүүгийн томоохон тоглогчид энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд өрсөлдөөнтэй нөхцөл санал болгож байна.

    3. Эрүүл мэнд ба гоо заслын салбар

    Эрүүл мэнд ба гоо заслын салбар нь хүний хамгийн үнэт баялаг болох эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл ханамжийг хамгаалж, сайжруулах онцгой үүрэгтэй учраас үргэлж өндөр эрэлттэй байсаар ирсэн бөгөөд энэ салбарт ажилладаг мэс заслын эмч, шүдний эмч, арьс гоо заслын эмч нар нь хүний биеийн эрүүл үйл ажиллагааг сэргээх, өвчнийг оношилж эмчлэх, мөн гоо сайхны жижиг мэс засал, арьсны эмчилгээ зэргээр дамжуулан хүмүүсийн гадаад төрх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Энэ төрлийн ажил мэргэжил нь хүний амь нас, сэтгэлзүйн байдалтай шууд холбоотой, өндөр хариуцлага шаарддаг учраас зөвхөн мэргэжлийн мэдлэг, ур чадвар төдийгүй тэвчээр, хүнлэг сэтгэл, сэтгэл зүйн тогтвортой байдлыг ч шаарддаг онцлогтой. Иймээс эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд дэлхий даяар хамгийн тогтвортой, өндөр цалинтайд тооцогдож, Монголд ч эмнэлэг, хувийн клиник, гоо заслын төвүүдийн өргөжин тэлж байгаа энэ үед ур чадвартай, туршлагатай эмч нарыг өндөр цалин хөлс, сайн нөхцөлөөр урьж ажиллуулах нь улам бүр түгээмэл болж байна.

    4. Уул уурхай ба инженерийн салбар

    Уул уурхай ба инженерийн салбар нь Монголын эдийн засгийн хамгийн том тулгуур багана хэвээр байгаа бөгөөд улсын нийт экспортын орлогын ихэнхийг бүрдүүлдэг онцгой ач холбогдолтой учраас энэ чиглэлд ажиллаж буй уул уурхайн инженер, геологич, техникийн хяналтын зөвлөхүүд үргэлж хамгийн өндөр цалинтайд тооцогддог.
    Эдгээр мэргэжилтнүүд нь газрын хэвлий дэх ашигт малтмалыг илрүүлж, олборлох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, аюулгүй, үр ашигтай зохион байгуулахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хянах, бууруулах чухал үүргийг хүлээдэг. Түүнчлэн энэ салбар нь асар их хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаа шаарддаг онцлогтой тул инженерүүд, техникийн зөвлөхүүд нь зөвхөн өндөр мэргэжлийн чадвараар зогсохгүй олон улсын стандартыг мөрдөх, технологийн шинэчлэлд түрүүлж хөл нийлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд ингэснээр тэдний хөдөлмөрийн үнэ цэнэ нэмэгдэж, өндөр цалин, давуу нөхцлөөр үнэлэгдэх шалтгаан болдог.

    5. Гадаад хэл дээр тулгуурласан ажил

    Гадаад хэлний өндөр мэдлэг шаардсан ажил мэргэжлүүд нь өнөө үед олон улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед онцгой үнэ цэнтэйд тооцогдох болсон бөгөөд хэлний багш, орчуулагч, төслийн гадаад менежер, олон улсын худалдаа хариуцсан ажилтнууд нь хоёр орны хоорондын бизнес, боловсрол, соёлын солилцоог үр дүнтэй гүүрээр холбож өгдөг маш чухал үүрэгтэй хүмүүс юм. Англи, солонгос, япон, хятад хэл зэрэг олон улсад түгээмэл хэрэглэгддэг хэлнүүдийг өндөр төвшинд эзэмшсэнээр та зөвхөн эх орондоо төдийгүй, гадаадын байгууллагуудад ажиллаж, цалин хөлс, карьераа үлэмж ахиулах илүү их боломжийг өөртөө нээж өгдөг. Мөн олон улсын төслүүд дээр ажиллах, гадаад түншүүдтэй шууд харилцаж гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажлууд нь хэлний чадвартай мэргэжилтнүүдэд илүү тогтвортой, өндөр орлого олох боломжийг байнга бий болгож байдаг.

    Иимээс мэргэжил сонгоно гэдэг бол зүгээр нэг өнөөдрийн хэрэгцээнд тулгуурлах бус, ирээдүйд өөрийгөө хаана, ямар түвшинд, хэрхэн ажиллаж байхыг төсөөлөн урт хугацааны зорилгоо тодорхойлох хамгийн том алхам билээ.
    Өнөөдөр дэлхий даяар болон Монголд өндөр цалинтайд тооцогддог чиглэлүүд бүгд ирээдүйд ч үнэ цэнээ алдахгүй, өсөн нэмэгдэх хандлагатай учраас ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг санаарай. Хэрэв та яг одоо өөртөө тохирсон, илүү өндөр орлого, илүү том боломжуудыг хайж байгаа бол олон улсын болон дотоодын шилдэг ажлын байр, карьер хөгжүүлэх саналуудыг нэг дороос харах боломжийг lambda.global-оос хайгаарай. Тэнд таны ирээдүй нээлттэй байх ч юм билүү!

  • Цалингийн хүрэлцээ ба санхүүгийн эрх чөлөөний нууц

    Цалингийн хүрэлцээ ба санхүүгийн эрх чөлөөний нууц

    Санхүүгийн мэдлэг нь зөвхөн бизнес эрхлэгчид, удирдлагууд эзэмших ёстой мэдлэг биш юм. Өнөө үед санхүүгийн мэдлэг нь хувь хүний амьдралд төдийгүй бүх нийгэмд чухал ач холбогдолтой болж байна. Хүний амьдралд санхүүгийн мэдлэг хэрэгтэй хэд хэдэн шалтгаан бий. Ингээд энэхүү нийтлэлд танд тус болохуйц санхүүгийн мэдлэгийн талаарх баримтуудыг бэлтгэлээ. 

    Санхүүгийн мэдлэг гэж юу вэ?

     Орлогоо ухаалагаар зарцуулах, санхүүгийн шийдвэр гаргах чадвар юм. Жишээлбэл, төсөв бүрдүүлэх, зээл, хадгаламж, хөрөнгө оруулалт, даатгал болон татвар зэрэг санхүүгийн ойлголтуудыг ойлгож, өдөр тутмын амьдралд амжилттай хэрэгжүүлэх ур чадварыг хэлдэг. Энэ мэдлэг нь мөнгийг зөв удирдах, ирээдүйн санхүүгийн зорилгод хүрэх үндэс болдог. Энгийн дадлаас ирээдүй рүү гэдэг үг санхүүгийн мэдлэгт бодитоор оршдог байхнээ.

    Санхүүгийн мэдлэгтэй хүмүүсийн давуу талууд:

    Судалгаанаас үзэхэд, санхүүгийн мэдлэгтэй хүмүүс орлогоо зохицуулах чадвартай, мөн тэд санхүүгийн асуудлыг хурдан шийдэх боломжтой байдаг. Энэ нь эргээд ирээдүйн эрсдэлээс хамгаалах, шаардлагатай хуримтлал үүсгэх, зардлаа хянах зэрэгт тусалдаг. Хүний амьдралд санхүүгийн мэдлэг хэрэгтэй хэд хэдэн шалтгаан бий: 

    Баримт судалгаа: 

    • 2018 оны OECD-ийн тайланд дурдсанаар, санхүүгийн мэдлэгтэй хүмүүс өндөр үр ашигтай санхүүгийн шийдвэрүүдийг гаргадаг. Түүнчлэн, тэдний сэтгэл зүй нь тогтвортой, стресс багатай байдаг. 
    • 2021 оны Finra Foundation судалгаагаар, санхүүгийн мэдлэгтэй хүмүүс 1.7 дахин илүү хуримтлал үүсгэдэг бөгөөд зээлээ эрсдэл багатайгаар зохицуулж, амьдралынхаа хэв маягийг хянах нь тэдэнд илүү хялбар байдаг гэж үзжээ. 
    • Global Financial Literacy Survey (2018)-ийн дүгнэлтээр, дэлхийн 140 орноос зөвхөн 33%-иас нь илүү хүмүүс санхүүгийн мэдлэгтэй байгаагийн улмаас амьдралынхаа зардал, орлогоо зөв зохицуулж чадаж байна гэж үзжээ. 

    Цалингийн хүрэлцээ нь хувь хүний амьдралын чанар, сэтгэл зүйд шууд нөлөөлдөг. Хэрвээ цалин хангалтгүй бол, энэ нь санхүүгийн стресс, сэтгэл зүйн дарамт, эрүүл мэндийн асуудал үүсгэдэг. Тиймээс орлогоо зохицуулах, илүү өндөр цалинтай ажилд орох, зардлаа хянах нь цалингийн хүрэлцээг сайжруулах хамгийн чухал алхмуудын нэг юм. 

    Цалингийн хүрэлцээг сайжруулах практик аргуудаас: 

    Мэргэжлийн ур чадварыг сайжруулах: Цалингийн хүрэлцээг сайжруулах гол арга нь хөдөлмөрийн зах зээл дээр өндөр үнэлэгдэх ур чадваруудыг эзэмших юм. Техникийн ур чадвар, гадаад хэл сурах, менежментийн ур чадварууд нь илүү өндөр цалинтай ажлын байртай болгох боломжийг олгодог. 

    Өөр боломжийг бүтээх: Хэрэв таны цалин хангалтгүй байгаа бол, тодорхой цаг хугацааны дараа ажил хийн гадаадад амьдрах, фриланс хийх гэх мэт олон хувилбараар орлогыг нэмэгдүүлэх боломжтой. 

    Санхүүгийн мэдлэг ба цалингийн хүрэлцээ нь хувь хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал Санхүүгийн мэдлэгтэй хүмүүс амьдралынхаа мөнгөн хэрэгцээг зөв зохицуулж, зардлаа хянаж, хуримтлал үүсгэх чадвартай байдаг. Цалингийн хүрэлцээ нь сэтгэл зүйн амар тайван байдал, эрүүл мэндэд шууд нөлөөлдөг. Мөн санхүүгийн мэдлэгийг эзэмших нь санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн эхлэл ч байж  болох юм 

    https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг шүү.

  • Туршилтын хугацаанд ажилтны эрх ямар байдаг вэ?

    Туршилтын хугацаанд ажилтны эрх ямар байдаг вэ?

    Ажилд шинээр орсон хүн бүр тодорхой хугацаанд “туршилтын хугацаанд” ажиллах нөхцөлтэй тулгардаг. Гэвч энэ хугацаа нь ажил олгогчийн хувьд ажилтныг “аль болох амархан халж болох” үе биш бөгөөд, хууль ёсны хүрээнд тодорхой эрх, хамгаалалттай үе гэдгийг олон хүн мэддэггүй. Зарим байгууллага энэ ойлголтыг буруугаар ашиглаж, ажилтанд шударга бус хандлага, хөдөлмөрийн нөхцөлийн зөрчил гаргах нь ч бий.

    Тиймээс “туршилтын хугацаа” гэж чухам юу болох, энэ үед ажилтны ямар эрх зүйн хамгаалалт үйлчилдэг талаар мэдэж байх нь тун чухал юм.

    Туршилтын хугацаа гэж юу вэ?

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу:

    Туршилтын хугацаа нь 3 сар хүртэл үргэлжилж болох бөгөөд тухайн хугацаанд ажил олгогч ажилтны мэргэжлийн ур чадвар, хандлагыг үнэлж, тохиромжтой эсэхийг дүгнэдэг үе юм.

    Гэхдээ энэ нь ажилтныг “цаанаасаа сул эрхтэй, ямар ч хамгаалалтгүй” гэсэн үг биш. Туршилтын хугацаа ч гэсэн норм дүрмийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулсан тохиолдол тул, ажилтанд дараах үндсэн эрх үйлчилдэг:

    Туршилтын хугацаанд ажилтны эдлэх эрхүүд

    • Цалин, шимтгэл, ажлын цагийн хувьд бусад ажилтантай адил эрхтэй
      – Ялгаварлан гадуурхах, цалинг багасгах, илүү ачаалал өгөх ёсгүй
    • Нийгмийн даатгалд бүртгэгдэнэ
      – Нэг өдрөөс эхлэн ажилласан бол НДШ, ЭМД хуулиар зохицуулагддаг
    • Гэнэтийн халалт хууль бус
      – Ажил олгогч ямар нэгэн шалтгаангүйгээр ажилтныг ажлаас халж болохгүй.
      – Хэрэв та ажиллах нөхцөл, ажлын байрны тодорхойлолтгүй байсан бол буруутай тал нь ажил олгогч байж болдог
    •  Гэрээ цуцлах бол 3 хоногийн өмнө мэдэгдэх ёстой
      – Хуулиар аль аль тал 3 өдрийн өмнө мэдэгдэж, гэрээг цуцалж болно

    Анхаарах зүйлс

    Зарим ажил олгогч “туршилтын хугацаа шүү дээ” хэмээн:

    • Цалин өгөхгүй удах
    • Дур мэдэн ажлын ачаалал нэмэх
    • Амралт, өвчтэй үед цалин хасах
      гэх мэт хууль зөрчсөн үйлдэл гаргах нь байдаг. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, цалингийн тогтоол зэргийг шаардаж үзэх нь таны эрх юм.

    Туршилтын хугацааг өөрийн давуу тал болгох нь

    Ихэнх байгууллагын хувьд туршилтын хугацаа 1–3 сарын хооронд үргэлжилдэг бөгөөд энэ хугацаа нь ажилтны ур чадвар, хандлагыг илүү өргөн хүрээнд харуулах чухал үе болдог.
    Тиймээс энэ хугацааг зөв төлөвлөж ашиглавал, ажилд тогтмол үлдэх боломжоо бататгахаас гадна өөрийгөө хөгжүүлэх чухал шат болгож болно.

    Зөвлөгөө:
    Туршилтын хугацааг үр дүнтэй даван туулахын тулд хамгийн түрүүнд хийх ёстой зүйл бол ажлын байрны тодорхойлолтоо сайтар унших юм. Ямар ажлыг яг ямар аргаар, хэнтэй хамтран гүйцэтгэх ёстой вэ гэдгээ ойлгосноор байгууллагын хүлээлтийг илүү бодитой удирдаж чадна. Мөн тодорхойгүй зүйл гарсан үед асуулт асуухаас бүү санаа зов. Суралцах хандлага, мэдэхийг хүссэн идэвхтэй байдал нь ихэнх тохиолдолд туршилтын хугацаанд эерэг оноо нэмдэг.

    Цаашлаад энэхүү богино хугацааг төлөвлөлттэй өнгөрөөх нь чухал. Жишээлбэл, долоо хоног бүр өөрийгөө үнэлж, юунд ахиц гаргасан, ямар тал дээр ажиллах хэрэгтэй вэ гэдгээ богино тэмдэглэлээр хөтлөн тэмдэглээрэй. Энэ нь таны өөрийгөө удирдах чадварыг илтгэхээс гадна хөгжлийн замналыг тодорхой харагдуулна.

    Мөн зөвхөн ажлын гүйцэтгэл дээр биш, багийн гишүүд болон удирдлагатайгаа эерэг харилцаа тогтоох тал дээр анхаараарай. Эерэг хандлага, хамт олонтой уялдах чадвар нь зөвхөн таны мэргэжлийн биш, хүний чанарыг ч үнэлэх хэмжүүр болдог. Эцэст нь, бага ч гэсэн санаачилга гаргахыг зорь. Шинэ санаа, илүү үр дүнтэй арга барил санал болгох нь анхлан орсон хүний хувьд болгоомжтой алхам мэт санагдаж болох ч нөгөө талаараа энэ нь удирдлагуудад таны оролцоо, үнэ цэнийг мэдрүүлэх эерэг нөлөөтэй алхам болдог.Хэрвээ та тухайн хугацаанд зөв хандлага, үр дүнтэй ажиллаж чадвал цаашид цалинг нэмэгдүүлэх, шинэ боломж санал болгох, илүү хариуцлагатай албан тушаалд дэвших зэрэг эерэг өөрчлөлтүүдийг хурдасгах суурийг тавьж чадна.

    Ажилд орсон эхний саруудад бид ихэвчлэн “даруухан байх ёстой” гэж өөрийгөө хэт даруусгаж, эрхээ нэхэж чаддаггүй. Гэвч ажилтан гэдэг бол гэрээний үндсэн дээр ажиллаж буй хууль ёсны хөдөлмөр эрхлэгч юм. Тиймээс туршилтын хугацаанд ч өөрийгөө хамгаалж, шударга нөхцөлд ажиллах эрхтэй гэдгээ мартаж болохгүй. Хэрвээ танд дээрх зөвлөмж тус болсон бол lambda.global-аар зочилж бидэнтэй нэгдсэнээр өөрт тохирох ажлын орчныг хэрхэн сонгох талаар карьер зөвлөгөө авч өөрт тохирох ажлаа олоорой.

  • Гэрээний эрх зүйн зөвлөмж: Ажилд орохдоо юуг шалгах вэ?

    Гэрээний эрх зүйн зөвлөмж: Ажилд орохдоо юуг шалгах вэ?

    Сургуулиа төгсөөд ажилд орох анхны алхам нь ихэнх залууст “том хүн” болох эхлэл шиг л санагддаг. Цалинтай болно, нэр дээр чинь албан тушаал бичигдэнэ, эцэг эхийнхээ ачааг жаахан ч атугай нимгэлнэ гэж итгэж ажилд ордог. Гэвч энэ бүгдийг баталгаажуулж байдаг чимээгүй, гэхдээ маш чухал зүйл бол “ажлын гэрээ” юм.

    Өдөр тутмын ажилдаа сэтгэл гарган, хичээнгүй байснаар бүх зүйл сайн явагдана гэж найдах нь ганц талын итгэлцэл юм. Харин гэрээ бол хоёр талын баталгаат ойлголцол. Яг л ханын цаана буй салхи шуурганаас хамгаалах шилэн цонх шиг таныг хүнд нөхцөлөөс хамгаална. Гэтэл бодит байдал дээр залуус гэрээний утга агуулгыг сайн уншилгүйгээр, бүр зарим нь огт бичгээр гэрээ хийлгүйгээр ажилд ордог нь хамгийн том алдаа. Тэгвэл юун дээр анхаарах ёстой вэ?

    1. Гэрээг бичгээр хийх нь таны эрх

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар, ажил олгогч болон ажилтан хоорондын гэрээ заавал бичгээр хийгдэх ёстой. Аман тохиролцоо хэзээ ч баталгаа болохгүй. Тухайн байгууллага амнаасаа “Цалин чинь 2 сая₮” гэж хэлсэн ч, бичгээр 1.2 сая₮ гэж тусгасан бол зөвхөн бичиг баримтыг хууль хүлээн зөвшөөрнө.
    Зөвлөгөө: Хэрвээ гэрээ бичгээр хийгдээгүй бол гарын үсэг зурж, хуулбараа өөр дээрээ хадгалаарай. Танд эрх бий гэдгийг бүү мартаарай.

    2. Гэрээний гол зүйлсийг шалгах жагсаалт

    Хааяа хүн “урьдчилж олдсон ажил чинь аз” гэж бодоод, гэрээг нүдээрээ гүйлгээд л гарын үсэг зурдаг. Гэхдээ доорх зүйлсийг заавал шалгаарай:

    Шалгах зүйл Яагаад хэрэгтэй вэ?
    Цалин болон урамшуулал Тогтмол, цаг хугацаанд олгох үүргийг хүлээсэн эсэх
    Ажлын цаг Илүү цагийн бодлого байгаа эсэх
    Туршилтын хугацаа Хугацаа нь хэт урт байна уу? Шалгуур нь тодорхой юу?
    Нийгмийн даатгалын шимтгэл Төлөх үүрэг хэн дээр байгаа вэ? Бодитоор төлдөг үү?
    Амралт, чөлөө авах журам Амралтын хоног, өвдөх үед хэрхэн зохицуулдаг вэ?
    Гэрээ цуцлах нөхцөл Таныг ажлаас халах үндэслэл, анхааруулгын шатлал бий эсэх

    Зөвлөгөө: Зарим байгууллага “сургалтын гэрээ” гэж нэрлэсэн гэрээгээр таныг 2-3 жил ажиллахыг тулган шаарддаг. Энэ нь хуулийн дагуу ч, зүй бус нөхцөл агуулагдсан байж болох тул хуульчтай зөвлөхөд гэмгүй.

    3. Нийгмийн даатгал төлөгдөж байгаа эсэх

    Цалин буух болгондоо “байгаа дээр нь л аваад байя” гэж бодох нь тухайн үеийн хэрэгцээг хангаж болох ч, урт хугацаанд таныг эрсдэлтэй байдалд оруулж болзошгүй. Нийгмийн даатгал төлөгдөөгүй тохиолдолд:

    • Эмнэлгийн зардал таны карманаас
    • Тэтгэвэр авах эрхгүй
    • Ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болно

    Зөвлөгөө: Та өөрийнхөө нийгмийн даатгалын төлөлтийн байдлыг www.ndaatgal.mn сайтаас шалгаж болно.

    4. Хэт өргөн хүрээтэй “нууцлалын гэрээ”-нд болгоомжтой ханд

    Зарим байгууллагууд ажилтнуудаасаа “та энд ажилласныхаа дараа 2 жилийн турш ижил төрлийн байгууллагад ажиллахгүй” гэх заалт бүхий гэрээ байгуулдаг. Энэ нь таны мэргэжлийн эрх чөлөөг хязгаарлаж болох тул хуульчтай зөвлөх нь зөв.

    5. Гарын үсэг зурхаасаа өмнө заавал асуух

    Та “багасгах, чимээгүй байх тусам ажил олгогчид таалагдана” гэж бодож байж магадгүй. Гэвч яг эсрэгээр — мэргэжлийн хандлагатай, гэрээ уншдаг, ойлголтоо тодорхой болгож чаддаг ажил горилогч илүү итгэл төрүүлдэг.

    Асуух жишээ асуултууд:

    • Энэ гэрээний дагуу хэзээ цалин олгогдох вэ?
    • Туршилтын хугацаанд цалин бүтнээр олгогдох уу?
    • Илүү цагийн урамшуулал хэрхэн тооцогдох вэ?
    • Гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаа соливол ямар үр дагавартай вэ?

    Итгэлцэл бол аман бус, бичгээр баталгаажих ёстой зүйл

    Залуус бид хурдтай, уян хатан, ухаалаг шийдвэр гаргаж чаддаг. Гэхдээ аливаа ажлын эхлэл болгонд “эрх зүйн боловсрол” давхар явах хэрэгтэй. Учир нь, нэг буруу гарын үсэг хэдэн жилийн нойргүй шөнийн эхлэл байж мэднэ. Харин та одоо яг хаанаас эхлэхээ мэдэхгүй, аль байгууллагад ажиллах нь өөрт тань үнэ цэнтэй байх бол гэдэг дээр эргэлзэж байгаа бол lambda.global руу орж, өөрийн үнэ цэнийг ойлгож, зөв хамт олныг олоорой.

  • Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Өөрт тохирсон ажил хайн ажлын зар гүйлгэж байх зуур “Цалин тохиролцоно” гэсэн мөрийг олон удаа харж байсан байх. Миний бодож байгаа цалинг өгч чадах болов уу? Яг хэдэн төгрөгний цалин гэдгийг нь бичээгүй нь сэжигтэй санагдаж эргэлзээд өнгөрөх тохиолдол нэлээдгүй билээ. Энэхүү нийтлэл танд эргэлзээ болж үлдсэн асуулт болгонд хариултаа авахад туслана гэж найдаж байна. 

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг нь:

    Цалин тохиролцоно гэх үг  нь ажил олгогчийн зүгээс цалингийн тодорхой дүнг заахгүйгээр, ирээдүйн ярилцлагаар тохиролцоно гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэхүү хэллэг нь зарим үед тодорхой бус байдал, цалингийн шударга бус тогтолцоог далд хэлбэрээр хадгалсаар байх нэг шалтгаан болдог.

    “Цалин тохиролцоно” гэх үг нь ямар утга агуулдаг вэ?

    1. Ил тод бус байдал – Цалингийн мэдээлэлгүй зар нь ажил горилогчдод харьцуулалт хийх, өөрийн ур чадвартаа тохирсон боломжийг үнэлэх боломжийг хязгаарладаг.
    2. Жендэрийн ялгаа нэмэгдэх эрсдэлтэй – Судалгаагаар, эмэгтэй ажил горилогчид өөрсдийн чадвараа дутуу үнэлэх хандлагатай байдаг тул ижил ажлын байрны цалинг бага санал болгох эсвэл хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байдаг.
    3. Харилцааны тэгш бус байдал – Ажил олгогч нь мэдээллийг нууцалж, харин ажил горилогч өөрийн туршлага, шаардлагыг бүрэн илэрхийлэх ёстой болдог. Энэ нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бий болгодог.

    Яагаад зарим байгууллага цалингийн хэмжээг заадагүй вэ?

    • Шууд өрсөлдөгчиддөө байгууллагын мэдээллээ алдахаас сэргийлдэг.
    • Байгууллагын доторх цалингийн зөрүүгээ нууцлахыг хүсдэг.
    • Боломжит хамгийн бага цалинг өгөхийг илүүд үздэг байна.

    Цалингийн хэмжээг ил тод байлгах нь яагаад чухал вэ?

    • OECD (2023) оны судалгаагаар, цалингаа нууцалдаг болон “тохиролцоно” гэх хэллэг ашигладаг орнуудад эмэгтэйчүүдийн цалин ижил ажлын байранд 13–18% бага байдаг нь тогтоогдсон. Энэ нь эмэгтэйчүүд өөрсдийн цалинг илүү доогуур санал болгодог, эсвэл байгууллагууд “тохиролцох” нэрийн дор хямд үнэлдэгтэй холбоотой.
    • АНУ-ын Калифорни, Нью-Йорк, Вашингтон мужуудын хөдөлмөрийн хуульд 2023 оноос эхлэн “ажлын зар дээр цалингийн доод, дээд хязгаарыг заавал оруулах” шаардлагыг хуульчилжээ. Энэ нь ажил горилогчдын мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжсэн, Цалингийн ялгааг бууруулсан, Байгууллагуудын нэр хүндийг өсгөсөн байна.

    Цалингийн тодорхойгүй байдал нь зөвхөн байгууллагын асуудал биш юм. 

    Энэ нь хөдөлмөрийн зах зээл дэх шударга байдал, тэгш эрх, нийгмийн итгэлцэлд шууд нөлөөлдөг. Шинээр ажилд орж тухайн байгууллагатай цалин тохиролцохдоо “Та ямар хэмжээний цалин хүсэж байна вэ?” гэдэг асуултад бэлэн бай. Мөн өөрийн орохыг хүсэж буй ажлын байрны зах зээл дээрх дундаж цалинг судалж, өөрийн ур чадвар, туршлагыг харгалзан үзэж өөрийн хүсэж буй цалингийн хэмжээгээ хэлэх нь зохимжтой юм. Ингэснээр дийлэнх хүмүүсийн цалин тохиролцохдоо гаргадаг нийтлэг алдаанаас сэргийлэх боломжтой. Энгийнээр хэлэхэд цалин тохиролцох гэдэг нь байгууллага болон ажилчид хоорондын “үнэ цэнэ”-г тэнцүүлж буй хэрэг юм. https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү? 

     

     

  • Цалин ба байгууллагын соёлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

    Цалин ба байгууллагын соёлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

    Санхүүгийн баталгаа ба сэтгэл ханамжийн тэнцвэр

    Өөрт тохирсон ажлын байраа олох үйл явц нь зөвхөн ирээдүйн амьдралын хэв маяг, сэтгэл ханамжид төдийгүй карьерын өсөлт, хөгжлийг тодорхойлох чухал шийдвэр гаргах үе шат юм. Тиймээс таны хувьд цалин өндөр байхад л бүх зүйл сайхан байх уу? Эсвэл найрсаг, урам зоригтой хамт олон, дэмждэг удирдлага чухал уу? гэдгийг эргэцүүлэх нь зүйтэй. Учир нь ажлын амжилт, сэтгэл ханамж нь зөвхөн орлогоос бус, орчин, хүмүүс хоорондын харилцаанаас ч мөн ихээхэн хамаардаг.

    Амьдралын баталгаа ба санхүүгийн эрх чөлөө

    Цалин орлого бол өдөр тутмын амьдрал, ирээдүйн төлөвлөгөө болон санхүүгийн баталгааг хангахад чухал үүрэгтэй билээ. Тогтмол, тогтвортой орлого нь таны гэр бүл, амьдралын хэв маягт тав тухыг авчирдаг. Мөн боловсрол, аялал зэрэг ирээдүйд хийх хөрөнгө оруулалтыг дэмжиж, түүнчлэн санхүүгийн хүндрэлийг даван туулахад ч тусалдаг.

    Гэвч өндөр цалинтай ч ажлын орчин дарамттай, стресс ихтэй бол тухайн ажилтны сэтгэл ханамж буурч, эрүүл мэнд болон бүтээмжид сөргөөр нөлөөлж болно. Тиймээс зөвхөн цалинг чухалчлахаас гадна ажлын орчны талаар ч анхаарах хэрэгтэй юм.

    Байгууллагын соёл ба ажлын сэтгэл ханамж

    Байгууллагын соёл гэдэг нь тухайн компанийн үнэт зүйлс, хамт олны харилцаа, дотоод уур амьсгал, удирдлагын хандлагаас бүрддэг ойлголт юм. Сайн соёлтой байгууллагад ажиллах нь таныг өглөө бүр урам зоригтой, аз жаргалтай ажилдаа очих нөхцлийг бүрдүүлнэ.

    Мөн ийм орчинд та өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах боломжтой. Итгэлцэлтэй баг хамт олон, эерэг уур амьсгал нь урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгодог. Гэхдээ заримдаа найрсаг уур амьсгалтай ч цалин бага, карьерын боломж хязгаарлагдмал байх магадлалтайг анхаараарай.

    Ямар үед хэрхэн эрэмбэлэх вэ?

    Дээрх ойлголтуудын тэнцвэрийг хадгалахад тухайн хүний амьдралын нөхцөл байдал, зорилго, урт болон богино хугацааны төлөвлөгөө зэрэг нь нөлөөлдөг.

    Хэрэв таныг санхүүгийн дарамт нухалж байвал хамгийн түрүүнд тогтмол өндөр цалин, урамшуулал, эрүүл мэндийн даатгал зэрэг эдийн засгийн баталгааг хангасан ажлыг сонгох нь зүйтэй. Харин таны ажил мэргэжилтэй холбоотой стресс өндөр байвал хамт олны уур амьсгал, байгууллагын соёл, сэтгэлзүйн дэмжлэг чухал болдог. Мөн хэрвээ та ур чадвараа хөгжүүлж, шат ахих хүсэлтэй бол сургалт, менторшип, дэвших боломжийг санал болгодог байгууллагыг эрэлхийлэх хэрэгтэй. Түүнчлэн гэр бүлийн нөхцөл байдал, хүүхэд асрах шаардлагатай бол уян хатан ажлын цаг, алсын зайн ажил, ойлгомжтой, дэмжигч удирдлага бүхий орчинг сонгох нь ухаалаг алхам болно.

    Ийм учраас та яг одоо юунд хамгийн их ач холбогдол өгч байгаагаа тодорхойлж, “Надад одоохондоо тогтмол орлого чухал уу, эсвэл мэргэжлийн өсөлт үү?” гэж өөрөөсөө асуугаад хариултад нь үндэслэн сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ хувийн болон ажил мэргэжлийн амьдралынхаа тэнцвэрийг олохын тулд энэхүү эрэмбэ байнга өөрчлөгдөж болохыг анхаараарай. Нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр таны хэрэгцээ, зорилго, эрэмбэлэлт ч мөн адил шинэчлэгдэх нь хэвийн зүйл юм.

    Ажлын байр сонгохдоо анхаарах зөвлөмжүүд

    • Өөрийн үнэт зүйл, зорилгоо тодорхойлоорой

    • Одоогийн хамгийн чухал шаардлага тань цалин уу, тайван орчин уу, эсвэл карьер уу?

    • Компанийн талаар сошиал сувгууд дээрх сэтгэгдэл, өмнөх эсвэл одоо байгаа ажилчдаас мэдээлэл цуглуулах

    • Ярилцлагын үеэр “Танай байгууллагын багийн уур амьсгал ямар вэ?”, “Ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ?”, “Карьерын өсөлтийн боломжууд юу вэ?” гэж асуугаарай.

    Өөрийн үнэ цэнэ, амьдралын зорилгод нийцсэн цалин, байгууллагын соёлын тэнцвэрийг олох нь хамгийн зөв шийдвэр болно.

    Таны шийдвэр ирээдүйг тодорхойлно

    Цалин ба байгууллагын соёл хоёулаа чухал хэдий ч таны амьдралын үе шат, зорилгоос хамааран аль нэгийг илүү чухалчлах шаардлагатай болж магадгүй юм. Хэрэв санхүүгийн баталгаа илүү чухал байвал цалин дээр төвлөрч, харин хувь хүний өсөлт, сэтгэл ханамжийг эрхэмлэх үед байгууллагын соёлыг илүү анхаараарай.

    Өөрийн үнэт зүйлс, зорилгоо тодорхой ойлгож, түр зуурын ашиг сонирхол бус урт хугацааны тогтвортой өсөлт, урам зоригтой ажиллах тэр аз жаргалыг эрхэмлэх нь амжилтын эхлэл болох юм.

    Таны одоогийн авч буй цалин хэр шударга вэ?

    LAMBDA AI цалин тооцоологч Бид таны ур чадвар, боловсрол, ажлын туршлага, амжилт ололт дээр суурилан тооцоолол хийж ямар мэргэжлээр, хэдэн төгрөгний цалинтай ажиллавал зохимжтойг тооцоолно.

    Унших нийтлэл: Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

  • Цалингийн менежмент: Санхүүгээ хэрхэн ухаалгаар удирдах вэ?

    Цалингийн менежмент: Санхүүгээ хэрхэн ухаалгаар удирдах вэ?

    Цалин буусан өдөр лавтайяа баярлана. Харин сарын сүүлчээр ахиад л тооцоо бодож сууна…
    Ийм мэдрэмж танд ч бас танил санагдаж байна уу?

    Үнэндээ бидний олонх цалингаа авсан даруйд төлбөр тооцоондоо тарааж, үлдсэнээр нь амьдралаа залгуулдаг. Гэхдээ мөнгөний хэмжээ биш, түүнийг хэрхэн удирдаж чадаж байгаа нь санхүүгийн эрх чөлөөнд хамгийн чухал нөлөөтэй гэдгийг санаарай. Санхүүгээ зөв удирдана гэдэг бол зөвхөн тоо бодох бус, сэтгэл хангалуун, тогтвортой амьдралын хэв маяг бүтээх урлаг билээ.

        1. Орлого, зарлагынхаа “нүүрийг харах” нь эхлэл

    Цалингаа авмагцаа юунд хэр их зарцуулдгаа бодоод үзээрэй. Заримдаа “хаашаа алга болчихов?” гэж өөрөөсөө асуух үе гардаг уу?
    Энэ нь ихэвчлэн бид орлого, зарлагаа яг таг мэдэхгүйгээс болдог. Хамгийн энгийн аргаар тэмдэглэлийн дэвтэрт ч хамаагүй, эсвэл санхүүгийн аппликейшн ашиглан орлого, зарлагын бүртгэл хөтлөхөөс эхэлнэ. Өөрийн санхүүгийн зургаа бодитоор харж чадвал дараагийн алхамууд илүү амар болно.

         2. 50/30/20 дүрмийг хэрэглээд үзээрэй

    50% — амьдралд зайлшгүй хэрэгтэй зардалд (төлбөр, байр, хүнс, унаа гэх мэт)
    30% — өөрийгөө баярлуулах, амьдралдаа өнгө нэмэх зүйлд (аялал, хобби, гоо сайхан г.м)
    20% — хуримтлал болон ирээдүйн зорилгодоо (хадгаламж, хөрөнгө оруулалт)

    Заримдаа энэ дүрмийг яг таг баримтлахад амаргүй санагдаж магадгүй. Гэхдээ 20%-ийн хуримтлал хийж хэвших нь таны ирээдүйн сэтгэл тайван амьдралын суурь болно.

         3. Хуримтлал бол ирээдүйн өөртөө өгөх бэлэг

    Ихэнх хүн “их мөнгөтэй болчихоод хуримтлуулъя” гэж боддог. Гэтэл харин ч эсрэгээрээ хуримтлуулж эхэлсэн хүн л их мөнгөтэй болдог гэдгийг та мэдэх үү? Цалин буусан даруйд, түрүүлж өөртөө хуримтлал хийх зуршил бий болгоорой. Жилийн дараа та өөрийнхөө амжилтад өөрөө гайхна шүү. Ингэхдээ заа тэгж байгаад хуримтлал руугаа хийнээ гэж хойшлуулах биш сар бүр яг энэ өдөр энэ хэмжээний мөнгийг хадгаламжийн дансандаа хийнэ гэсэн бат бөх хариуцлагыг өөртөө өгөөрэй.

          4. Импульсээр худалдан авалтаас болгоомжил

    Та хэзээ нэгэн цагт дэлгүүр орчихоод, яг”юу бодож байсан юм болоо” гэж харамссан худалдан авалт хийж байсан уу? Хэрэв тийм бол 24 цагийн дүрэмийг хэрэгжүүлээд үзээрэй. Авах гэж байгаа зүйлээ яг одоо биш, 1-2 өдөр бодож байгаад шийд. Ихэнх худалдан авалтыг ингэж “шүүж” чадвал таны санхүү илүү тогтвортой болно.

         5. Цалингаа зөв тооцоолж, ирээдүйгээ төлөвлөж сураарай

    Цалингийн менежментэд бид ихэвчлэн “гар дээр яг хэд үлдэх вэ?”, “ямар ажилд орох боломжтой вэ?”, “миний туршлага, ур чадварт тохирсон цалин ямар байх вэ?” гэсэн асуулттай тулгардаг. Бидний зарим нь цалин орох бүрт за орж л байвал болоо гэсэн хандлагатай байдаг. Тийм болохоор яг сууж байгаад би чинь хэдэн төгрөгний цалин авдаг билээ, энэ сард хэдэн цагийн илүүтэй ажиллаа гэх мэт чухал дүгнэлтүүдийг хийчихсэн байх хэрэгтээй. Хэрэв тэгж чадвал цалин буусны дараа нягтландаа хэдий хэмжээний зөрүү байгааг хэлж, бодуулж авч чадах итгэлтэй байх болно.

    Энд хамгийн онцгой тус болох зүйл бол lambda.global-ийн AI суурилсан Цалингийн Тооцоологч юм. Энэхүү тооцоологч нь таны оруулсан CV дээр үндэслэн, таны туршлага, ур чадвар, боловсрол зэрэг мэдээлэлд тулгуурлан тухайн зах зээлийн нөхцөлд та ямар ажил хийх боломжтой бөгөөд ямар хэмжээний цалин авах боломжтой вэ гэдгийг тооцоолж зөвлөмж өгдөг.

    Өөрөөр хэлбэл энэ бол:

    • “та ямар ажилд орох боломжтой вэ?”,
    • “ямар цалингийн хүрээнд өөрийгөө үнэлэх боломжтой вэ?” гэсэн карьерийн урт хугацааны төлөвлөгөө гаргахад туслах хэрэгсэл юм.

    Дүгнэж хэлэхэд, санхүүгээ зөв удирдана гэдэг нь заавал их мөнгө олох тухай биш. Харин орлогоо ухаалгаар төлөвлөж, зарцуулалтаа хяналттай байлгаж, ирээдүйдээ бодлоготой хөрөнгө оруулалт хийж сурах явдал юм. Дээрх зөвлөмжийг алхам алхмаар хэрэгжүүлж чадвал:

    • сард мөнгө дуусчих вий гэсэн санаа зовнил багасна,
    • хуримтлалтай болох итгэл нэмэгдэнэ,
    • гэнэтийн зардалыг сандралгүй хүлээж авах чадвартай болно,
    • ирээдүйн зорилго, мөрөөдлөө бодитой төлөвлөж эхэлнэ.

    Эцсийн дүндээ та зөвхөн өнөөдрийн бус, маргаашийн илүү тогтвортой, эрх чөлөөтэй, санхүүгийн хувьд бие даасан амьдрал руугаа итгэлтэйгээр алхаж чадна. Санхүүгийн сахилга бат бол таны мөрөөдөлд хүрэх хамгийн бат бөх хөрс юм.

  • Цалингаа нуух уу, ил тод байлгах уу?

    Цалингаа нуух уу, ил тод байлгах уу?

    Сарын цалин чинь хэд вэ? гэдэг асуулт олон хүнд хувийн амьдрал руу нь халдаж байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Манай улсад үйл ажиллагаа явуудж буй дийлэнх байгууллагын ажилчид цалингаа бие биедээ хэлдэггүй, удирдлагууд ч энэ талын мэдээллийг хаалттай байлгахыг илүүд үздэг. Гэтэл энэхүү “цалингийн нууцлал” нь үнэндээ шударга бус байдлыг далдлах, нэгэндээ үл итгэх уур амьсгалыг бүрдүүлэхийн эхлэл юм.

    Яагаад хүмүүс цалингаа нууцалдаг вэ?

    “Миний цалин бусдаас зөрүүтэй байх вий гэх айдас , цалингаа нууцалж бусдад хэлэхгүй байх нь “ёс суртахуун” гэх мэт түгээмэл ойлголт нь цалингаа нууцлах шалтгааны нэгээхэн хэсэг. Мөн доорх хэдэн шалтгаантай ч холбоотой:

    • Цалин бусдаас ялгарах вий гэх айдас

    • Цалингаа нууцлахыг ёс суртахуун гэж үзэх

    • Ажилчдын хоорондын атаархал, үл ойлголцол үүсэхээс сэргийлэх

    • Удирдлагуудын дарамтыг бууруулах гэсэн шалтгаанууд голлодог

    Зарим тохиолдолд цалинг ил тод зарласнаар ажилчид хоорондын үл ойлголцол, нэгэндээ атаархах, удирдах албан тушаалтанд дарамт үүсэх гэх мэт эрсдэл үүсдэг байна. Гэвч эдгээрийг ажилчидтай харилцан тохиролцож, ярилцсанаар зохицуулагдах боломжтой гэдгийг хэд хэдэн улс орнууд батлан харуулсаар байна.

    Манай улсад цалингийн ил тод байдал 

    • Ихэвчлэн хаалттай байгууллагын дотоод мэдээлэл гэж үздэг.
    • Хуульчлагдаагүй ч байгууллагын дүрмээр хязгаарлагддаг.

    Ийм хаалттай соёл нь шударга бус байдал, ялгаварлал үүсэх нөхцөл болдог. Судлаачдын үзэж буйгаар, цалинг нууцалсан орчинд илүү олон зөрчил, итгэлцлийн хомсдол үүсдэг.

    Дэлхий дахинд ямар жишиг байна вэ?

    • АНУ, Канад, Их Британи зэрэг улсуудад ажилчид цалингаа хуваалцах эрхтэй. Энэ эрхийг хязгаарлахыг хууль бус гэж үздэг.
    • Скандинавын орнууд (Норвеги, Швед, Финланд)-д цалингийн мэдээлэл төрийн бүртгэлээр дамжуулан олон нийтэд нээлттэй байдаг.

    Цалингийн ил тод байдлын үр нөлөө

    1. Шударга ёс ба итгэлцлийг нэмэгдүүлдэг
    • Korn Ferry-ийн судалгаагаар цалингийн ил тод байдал нь байгууллагын дотоод шударга ёсыг дэмжиж, ажилчдын итгэлцлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
    1. Жендерийн цалингийн зөрүүг бууруулдаг
    • Их Британид 2018 оноос эхлэн 250-аас дээш ажилтантай компаниуд жендерийн цалингийн зөрүүг ил тод мэдээлэхийг хуульчилснаар, цалингийн зөрүү 18%-иар буурсан байна.
    1. Ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг

    Workable-ийн мэдээлснээр, цалингийн ил тод байдал нь ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, байгууллагад үлдэх хандлагыг сайжруулдаг.

    Цалин бол хүний хөдөлмөрийн үнэлгээ төдийгүй байгууллага дахь итгэлцэл, нийгмийн шударга ёсны хэмжүүр юм. Цалингаа нуух соёл нь нэг талаас хувийн нууцыг хамгаалж буй мэт боловч нөгөө талаас шударга бус хуваарилалтыг далд хэлбэрээр дэмжих, үл итгэлцэл үүсгэх, ялгаварлал бий болгох үндэс болдог. Цалингаа нуух биш, шударга, ойлгомжтой системийг дэмжих нь илүү олон эерэг үр дагавар авчирдаг гэдгийг дээрх олон судалгаагаар нотлогдсон байна.

    https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг шүү.

  • Ээлжийн амралтын мөнгөө хэрхэн бодуулах вэ?

    Ээлжийн амралтын мөнгөө хэрхэн бодуулах вэ?

    Амралт гэдэг бол зөвхөн амсхийх цаг биш, та бүтэн жилийн турш цаг наргүй хөдөлмөрлөсөн хөдөлмөрийнхөө үр шимийг бодитоор мэдрэх өдрүүд юм. Тиймээс та хөдөлмөрийн гэрээгээр баталгаажсан ээлжийн амралтын мөнгөө хэрхэн зөв тооцуулах, гарт авах ёстой дүнгээ хэрхэн зөв тооцоолж, авах талаар дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү нийтлэлээс  уншаарай.

    Ээлжийн амралтын эрх үүсэх нөхцөлөөс эхэлье.

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 99 дүгээр зүйлд зааснаар:

    • Ажилд орсноос хойш 6 сарын дараа ээлжийн амралт авах эрх үүснэ
    • Үндсэн амралтын хугацаа: Ажлын 15 өдөр
    • 18 нас хүрээгүй болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд: Ажлын 20 өдөр ажилласан бол ээжлийн амралт авах эрх үүснэ гэж заасан байдаг.

     Ээлжийн амралтын мөнгийг хэрхэн тооцох вэ?

    Ээлжийн амралтын цалинг тооцохдоо өмнө эдэлсэн ээлжийн амралтаас хойш ажилласан саруудын цалин хөлсний нийлбэрийг, тухайн саруудад ажилласан ажлын өдрийн нийлбэр тоонд хуваан ажлын нэг өдрийн дундаж цалин хөлсийг гаргаж, ээлжийн амралтын өдрөөр үржүүлж бодно. Ингээд бяцхаан тооцоолол хийцгээе. 

    Та сард 2,100,000 мянган төгрөгийн цалин авдаг гэж бодъё. Өмнөх ээлжийн амралтаас хойш 6 сарын дараа дараагийн ээлжийн амралтаа авах гэж байгаа бол:

    • Нийт цалин хөлс: 12,600,000 төгрөг (6 сар)
    • Ажилласан ажлын өдрийн тоо: 132 өдөр
    • Нэг өдрийн дундаж цалин хөлс: 12,125,000 ÷ 132 = 92,454 төгрөг
    • Ээлжийн амралтын өдрийн тоо: 15 өдөр
    • Ээлжийн амралтын мөнгө: 92,454 × 15 = 1,431,800 төгрөг

    Товчхон хэлбэл:
    Ажилласан өдрүүдийн тоо, цалингаа мэддэг байхад амралтын мөнгөө гаргахад амархан. Өдрийн дундаж цалингаа амралтын өдөртэй үржүүлэхэд л хангалттай.

    Татвар, шимтгэлүүдийн суутгал:

    Ээлжийн амралтын мөнгөнөөс дараах суутгалууд хийгдэнэ. Үүнд:

    • Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ)
    • Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)

    Гарт олгох мөнгөн дүн: Ээлжийн амралтын мөнгө- (НДШ+ХХОАТ)

    Ингээд танд хэрэгтэй ерөнхий  мэдээллээс гадна хэрэг болохуйц нэмэлт мэдээллийг багцлан хүргэж байна.

    Ээлжийн амралтын нэмэгдэл:

    Ажилласан жилээс хамаарч дараах нэмэгдлийг амралтад нэмж олгодог гэдгийг та мэдэх үү?

    Ажилласан жил Хэвийн нөхцөл (өдөр) Хүнд нөхцөл (өдөр)
    6–10 жил +3 +5
    11–15 жил +5 +7
    16–20 жил +7 +9
    21–25 жил +9 +12
    26–31 жил +11 +15
    32-с дээш +14 +18

    Хэсэгчлэн амрах боломж ч бий.

    • Амралтаа хэсэгчлэн эдлэх боломжтой буюу та ээлжийн амралтын 15 хоногийг 2 хувааж амарч болно гэсэн үг.
    • Гэхдээ нэг удаагийн амралт нь ажлын 10 өдрөөс багагүй байх ёстойг битгий мартаарай.

    Ажил олгогч амралтын мөнгийг хэзээ олгох вэ?

    Ажилтан амралтад гарахаас өмнө, амралтын мөнгийг бүрэн олгох үүрэгтэй. Хэрэв олгоогүй бол та Хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллагад гомдол гаргах эрхтэй.

    Дүгнэлт

    • Ээлжийн амралтын мөнгө нь ажилтны хууль ёсны эрх бөгөөд тухайн ажилтны ажилласан хугацаа, цалин хөлс, амралтын өдрийн тоог үндэслэн тооцогдоно.
    • Татвар, шимтгэлүүдийг суутгасны дараа ажилтанд олгогдох гарт олгох дүн тодорхойлогдоно.
    • Ээлжийн амралтын мөнгийг амралтад гарахаас өмнө олгох ёстой бөгөөд хэрэв олгоогүй тохиолдолд холбогдох байгууллагад хандах эрхтэй.

    Ээлжийн амралтаа урьдчилан төлөвлөх нь таны болон багийн ажлыг хүндрэлгүй явуулахад тустай гэдгийг бүү мартаарай. Илүү олон сонирхолтой, танд хэрэгтэй нийтлэлийг https://lambda.global/blog  -оос уншаарай.

  • Цалингаа нэмүүлэх арга: Үнэлэмжээ өсгөх нь

    Цалингаа нэмүүлэх арга: Үнэлэмжээ өсгөх нь

    Бид өглөө бүр замын түгжрэлд бухимдан, ажилдаа яардаг ч бидний цөөнхөн нь л өөрийн хийж буй ажлынхаа үнэлэмжийн талаар бодитой яриа өрнүүлж чаддаг. Монголын ажлын зах зээл дээр олон хүн “дуугүй байвал дарга өөрөө мэдээд цалин нэмнэ биз” гэж итгэдэг ч, энэ хүлээлт нь орчин үеийн бодит байдал дээр төдийлөн биелдэггүй. Асуудал нь мөнгөнд бус — өөрийн үнэ цэнийг хэрхэн ойлгуулж, яаж тохиролцож чаддаг вэ гэдэгт л оршдог.

    Тохиролцоо хийх нь зүгээр нэг хүсэлт биш. Энэ бол бидэнд байж болох хамгийн чухал зөөлөн ур чадваруудын нэг болох хувь хүний хөгжил, харилцааны соёл, итгэлцэл дээр үндэслэсэн чадвар юм.

    Soft skill гэдэг бол чимээгүйхэн үнэлэгдэх хүч

    Тохиролцоо хийх чадвар буюу negotiation бол зөвхөн менежерүүд, борлуулалтын хүмүүсийн чадвар биш. Энэ бол ажилтан бүрт хэрэгтэй soft skill — зөөлөн чадвар юм. Өөрийгөө ухаалагаар илэрхийлэх, хийсэн ажлаа баримттай танилцуулах, нөгөө талын байр суурийг ойлгож зөв өнцгөөс харилцах ур чадвар — энэ бүхнийг бид өдөр тутамдаа хэрэгжүүлэх боломжтой.

    Бидний олонх нь “ажлаа л сайн хийж байвал үнэлэгдэнэ” гэж боддог. Гэвч өнөө цагт ажлаа сайн хийхээс гадна, хийсэн зүйлээ ойлгуулж чаддаг байх нь өөрөө амжилтын үндэс болж байна.

    Монголын орчинд тохиролцоо яаж өрнөдөг вэ?

    Манай ажил олгогчдын олонх нь тохиролцоо хийх соёлд бүрэн дасч амжаагүй байгаа ч, мэргэжлийн түвшинд өөрийн үүрэг, үр дүн, нэмэр оруулсан үнэ цэнээ харуулж ярьж чаддаг хүн итгэл төрүүлдэг. Хэзээ, хэрхэн, ямар өнгө аясаар ярих вэ гэдэг нь бүх зүйлийг тодорхойлно.

    Хамгийн тохиромжтой цаг нь:

    • Та шинэ төсөл амжилттай дуусгасаны дараа
    • Байгууллагын улирлын үр дүн сайнаар гарсан үед
    • Гүйцэтгэлийн үнэлгээ хийгдэх мөчид
    • Зарим байгууллагууд ажилд орсны дараа 1-3 сарын хугацаанг дадлагажих хугацаа гэж нэрлэдэг. Энэ хугацаанд та өөрийн үнэ цэнээ харуулж чадсан тохиолдолд цалингаа нэмүүлэх тохиролцоо хийж болдог.

    Энэ яриаг “мөнгө нэм” гэсэн хүсэлт бус, “миний хийсэн ажил ийм нөлөө үзүүлсэн” гэсэн бодит үнэлгээ дээр үндэслэсэн харилцан ойлголцлын яриа болгоорой.

    Цалин нэмэхээс илүү, хөгжих нөхцөлийг хамт ярилц

    Монголд байгууллагууд цалингийн боломжийг шууд нэмэхэд хязгаар байж болох ч, бусад нөхцөлийг тохирох боломж их байдаг. Та зөвхөн мөнгө бус дараах боломжийг ч мөн хамтад нь ярьж болно:

    • Илүү уян хатан цагийн хуваарь
    • Албан тушаалын өсөлт
    • Мэргэжлийн сургалт, хөгжлийн төлөвлөгөө
    • Нэмэлт амралтын хоног
    • Урамшуулал эсвэл бонус

    Хэрэв та тухайн байгууллагадаа олон жил ажииласан бол урамшуулал, нэмэлт бонус ч авах боломжтой. Жишээлбэл, Google 5 жил ажилласан хүмүүст бүтэн сарын цалинтай амралт өгдөг бол, Unilever гэх мэт байгууллагууд ажилтныхаа 10 жилийн ойнд дурсгалын тэмдэг, гадаад аяллын эрх, CEO-ийн талархлын захиа илгээдэг уламжлалтай. Amazon, Microsoft зэрэг байгууллагууд удаан ажилласан ажилтнуудаа магистрын сургалт эсвэл мэргэжлийн сертификат авахад дэмжлэг үзүүлдэг.

    Монголын байгууллагууд ч энэ жишгийг өөрийн онцлогт нийцүүлэн хэрэгжүүлж эхлэх боломжтой.
    Тухайлбал:

    • 5 жил ажилласан ажилтанд 1 долоо хоногийн цалинтай чөлөө,
    • удаан хугацааны гүйцэтгэлийн дараа сургалтын тэтгэлэг,
    • эсвэл гэр бүлийн амралтын эрх гэх мэт соёлын урамшуулал нь зөвхөн ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлээд зогсохгүй, байгууллагын үнэт хүнийг тогтоон барих чухал хөрөнгө оруулалт болдог.

    Тохиролцоо гэдэг бол хоёр талын хэрэгцээ, боломжийг уялдуулах ухаан юм.

    Бидний үнэ цэнийг хэн үнэлэх вэ?

    Үнэндээ бид өөрсдийн дуу хоолойгоо гаргаж, ажил үүргийнхээ цаана байгаа үнэ цэнийг мэдрүүлэхгүй л бол хэн нэгэн шууд ирээд “Чи их сайн ажилласан, цалинг чинь нэмье” гэж хэлэхгүй л болов уу.

    Тиймээс бидэнд soft skill, өөрийн үнэ цэнийг хамгаалах харилцааны ур чадвар зайлшгүй хэрэгтэй. Энэ бол ирээдүйн карьерийн алхмуудын суурь. Энэ бол ажилтан байхаа зогсоож, өөрийгөө мэргэжилтэн гэж тодорхойлж эхлэх мөч юм.

    Lambda.global – Хувь хүний хөгжилд хөтлөх гарц

    Ийм soft skill-үүдийг нэг бүрчлэн зааж, хөгжүүлж, бодит жишээн дээр тулгуурлан дасгалжуулдаг орчин бол lambda.global юм. Энэхүү платформ нь монгол залуусын хувийн ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн, дэлхийн жишигт нийцсэн хөтөлбөр, аргачлалуудыг багтаасан байдаг.

    Хэрэв та “яаж зөв тохиролцоо хийж сурах вэ?”, “өөрийгөө хэрхэн үнэ цэнтэйгээр илэрхийлэх вэ?” гэдгээ тодорхой болгохыг хүсэж байвал lambda.global таны дараагийн алхам байж чадна.

    Энд зөвхөн мэдлэг биш — дадлага, дэмжлэг, урам зориг хамт байна.

    Тохиролцоо бол зоригийн хэрэг биш — ур чадварын хэрэг

    Өөрийнхөө төлөө дуугарах нь ичгүүр биш, харин ч итгэлтэй хүний шинж юм. Хүн бүрт тохиролцох чадвар заяагдаагүй байж болох ч, хүн бүр энэ чадварыг сурах боломжтой. Өөрийн үнэ цэнийг ойлгуулж чаддаг хүн л маргаашийн шийдвэр гаргагч, удирдагч байж чадна.

    Харин өнөөдөр эхний үгээ хэлж, өөрийнхөө төлөө алхам хийж сурах нь таны амжилтын эхлэл юм.