Category: Ур Чадвар

  • Хэрхэн гадаадад амжилттай ажиллах вэ?

    Хэрхэн гадаадад амжилттай ажиллах вэ?

    Гадаадад мэргэжлийн карьераа эхлүүлж, ажиллах нь хувь хүний ур чадварыг хөгжүүлэх, дэлхийн зах зээлд өөрийгөө батлах гайхалтай боломж билээ. Гэвч өөр улсад, хоёрдох хэлээр ажиллана гэдэг амаргүй сорилт бөгөөд зөв бэлтгэл, зөв хандлага хэрэгтэй. Тэгвэл хэрхэн гадаадад амжилттай ажиллах вэ?

    Энэ нийтлэлд судалгаанд суурилсан, практикт хэрэгжих боломжтой зөвлөмжүүдийг танд хүргэж байна.

    1. Хэлний бэлтгэл – Амжилтын үндэс

    Гадаад хэлний мэдлэг бол гадаадад ажиллах гол түлхүүр.
    Expat Insider-ийн 2023 оны судалгаагаар гадаад ажилчдын 62% нь хэлний саадтай тулгардаг гэжээ. Хэлний бэрхшээлийг давсан хүмүүс ажлын орчиндоо илүү хурдан дасан зохицдог бөгөөд амжилттай урт хугацаанд ажиллах магадлал өндөр байдаг. Тиймээс эхний алхам бол ус цас мэт гадаад хэл сурах

    FYI:

    • Хэлний түвшин тогтоох олон улсын шалгалтад (IELTS, TOEFL, HSK гэх мэт) эртнээс бэлдэж, цагаа урьдчилан тооцоолж оноотой болох. 
    • Ажлын орчинд хэрэглэгддэг мэргэжлийн үг хэллэг, гадаад хүмүүстэй харилцах харилцааны онцлогийг урьдчилан судлаарай. 
    • Өдөр тутмын ярианы чадвараа давхар хөгжүүлж, өөртөө итгэлтэйгээр хүмүүстэй харилцаж сурах. 

    2. Соёлын ялгааг ойлгож, дасан зохицох

    Гадаад оронд ажиллахад соёлын ялгаа хамгийн том сорилт болдог. Дассан газрын даавуу зөөлөн тухтай мэдрэмжээс тэс өөр мэдрэмж мэдрэх үед ганцаардах, шантрах, уйлмаар үе бишгүй л тохиолддог. Нэмээд соёл ялгаатай байдалд таны бие болон сэтгэл зүй дасахад хугацаа хэрэгтэй байдаг шүү. 
    Hofstede Insights-ийн судалгаагаар ажлын соёлын ялгаа нь хамт олны харилцаа, удирдлагын арга барилд шууд нөлөөлдөг болохыг онцолсон байдаг. Тиймээс доорх зөвлөмжүүдийг хадгалаад аваарай. 

    • Ажлын байрны болон тухайн улсын соёл, ёс заншлыг урьдчилан судалж, төсөөлөлтэй очих
    • Хамт олонтойгоо илүү нээлттэй, уян хатан, хүндлэлтэй харилцахыг хичээгээрэй. Биеээ барьж тухгүй мэдрэмжтэй явбал танд л хэцүү.
    • Соёлын ялгааг шүүмжлэхээс илүү ойлгож, суралцах хандлагатай байх. Дасан зохицох хугацааг өөртөө олгож, тухайн соёлыг хүндэлж, өөр өнцгөөс харахыг хичээгээд үзээрэй. 

    3. Тухайн улсын хууль, хөдөлмөрийн орчныг сайтар судлах

    Гадаадад ажиллахын өмнө тухайн улсын хөдөлмөрийн хууль, ажлын эрх зүйн орчныг мэдэх зайлшгүй шаардлагатай. Хууль, гэрээ, татварын нөхөлөө ойлгоогүйгээс болж олон хүн хожим нь эрсдэлд ордог. Тиймээс цаг хугацаагаа зарцуулж, хөдөлмөрийн гэрээ, төлөх ёстой татваруудын мэдээллээ судлаарай. 

    FYI: 

    • Ажлын гэрээгээ сайтар уншиж, эргэлзээтэй зүйлээ мэргэжлийн хүнээр заавал шалгуулах. Эргэлзээтэй, ойлгомжгүй зүйл байвал гадаад найз нөхөд, AI хэнээс ч хамаагүй лавлаж асуугаарай. Ирээдүйд хохирохгүйн тулд шүүдээ. 
    • Цалин, татвар, даатгал, виз, оршин суух зөвшөөрлийн нөхцлийг тодорхой болгож, судлах.
    • Хөдөлмөрийн эрх зүйн үндсэн ойлголтуудыг тухайн улсын эх сурвалжаас авч судлах.

    4. Сэтгэлзүйн бэлтгэлтэй байх

    Шинэ орчин, шинэ хүмүүс дунд ажиллахад ганцаардал, стресс үүсэх нь хэвийн үзэгдэл шүү. Шантрах гээд байвал яагаад ирсэн зорилгоо дахин нэг бодоод үзээрэй. Дэлхийн өнцөг булан бүрд таньтай адил мэдрэмж мэдэрч байгаа элэг нэгт ахан дүүс, үеийн залуус хөдөлмөрлөж байгаа шүү. 
    InterNationsийн судалгаагаар гадаад ажилчдын 45% нь эхний гурван сард сэтгэлзүйн бэрхшээлтэй тулгардаг ажээ.

    FYI: 

    • Гэр бүл, ойр дотныхонтойгоо тогтмол харилцах, тэдний дэмжлэгийг авах. Өдөр болгон ярих зав байдаггүй бол ядаж долоо хоногт нэг удаа хайртай хүмүүстэйгээ элгээ дэвтээж нэг ярьж байгаарай. 
    • Хобби, спорт, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, нийгмийн харилцаагаа тэлэх. Өөрийгөө завгүй байлга нь эморол, сэтгэл зүйн тухгүй байдлаас сэргийлэх шилдэг арга шүү. 
    • Гадаадад амьдарч буй Монголчуудын болон гадаад ажилчидтайгаа харилцах сүлжээнд орох. Мэдрэмжийг чинь ойлгох тэр нэгэн холбоог өөрөө бүтээгээрэй. 

    5. Ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх

    Гадаадад ажиллаж эхэлсний дараа тасралтгүй суралцах нь таны урт хугацааны амжилтыг бататгана. Дэлхий даяар мэргэжлийн чиг хандлага маш хурдан өөрчлөгдөж байна. Тавхан жилийн өмнө хамгийн эрэлт ихтэй байсан мэргэжил байхгүй ч болох эрсдэлтэй цаг үед амьдарч байна шүүдээ. 

    FYI: 

    • Олон улсын түвшний мэргэжлийн сертификатууд (Project Management, Digital Marketing, Programming гэх мэт) авах.
    • Ажлын байртай холбоотой сүүлийн үеийн технологи, чиг хандлагыг тогтмол судалч өөрийгөө хөгжүүлэх. 
    • Байгууллага дотоод сургалт, хөгжлийн боломжийг бүрэн ашиглах. 

    Гадаадад амжилттай ажиллах нь хэлний мэдлэгээс гадна сэтгэлзүйн бэлтгэл, соёлын мэдрэмж, хууль эрх зүйн ойлголт, тасралтгүй хөгжлөөс хамаардаг. Та дээрх зөвлөмжүүдийг хэрэгжүүлж чадвал дэлхийд өрсөлдөх чадвартай, мэргэжлээрээ амжилттай ажиллах боломжоо илүү баталгаажуулах болно.

    Ирээдүйнхээ төлөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт болох өөрийгөө нээж, өөрчлөлт хийх чухал аяллаа  lambda.global-тай хамт эхлүүлээрэй.

     

  • Алдаа гаргахаас айдаг үе ард хоцорсон

    Алдаа гаргахаас айдаг үе ард хоцорсон

    Алдаа гаргачихаад “Би ч бүтэлгүй юм даа?” гэж өөрийгөө зүхэх нь олонтаа. Гэвч амьдралд, ажил дээр, тэр ч байтугай харилцаанд ч хамгийн их алдаа гаргадаг цаг мөч бол шинэ зүйлд суралцаж, туршлага хуримтлуулж байгаа үе юм. Амьдарч, оршиж байгаа хүн бүхэн алдаа гаргаж, үүнээсээ суралцаж туршлага хуримтлуулах замаар урагшладаг. Өөрөөр хэлбэл хүн бүхэн мэргэжлийнхээ гарааг “төгс” эхлүүлдэггүй гэсэн үг. Тодруулбал LinkedIn Learning Report  судалгаагаар шинэ ажилтнуудын 94% нь эхний 6 сарын хугацаанд “өөрийгөө хангалттай бэлтгэгдээгүй” гэж мэдэрдэг нь нотлогдожээ.  Тэгэхээр шинэ ажил эхлүүлж байгаа хэн бүхэн:

    • Мэдэхгүй, чадахгүй зүйл олон байгааг ойлгох
    • Бүтэлгүйтэж, шүүмжлэл сонсох
    • Бусдын хүлээлтэд нийцэхгүй байхаасаа айж алдаа гаргадаг.

    Мөн Harvard Business Review-ийн 2023 оны судалгаагаар:

    • Шинэ ажилтнууд эхний 6 сард хамгийн их алдаа гаргадаг

    • Алдаа гаргахад үүрэгтээ дасан зохицох хугацаа, ажлын орчин, соёлын ялгаа, айдас, хэт хичээх зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг гэжээ

    Хамгийн сонирхолтой нь, судалгаанд оролцсон менежерүүдийн 84% нь шинэ ажилтны алдааг “эрүүл үзэгдэл” гэж үздэг байна.

    Алдаа – Үнэ төлбөргүй багш

    Алдаа бол таныг өөрчлөх хамгийн том боломж гэдэг үгийг сонсоогүй хүн ховор байх. Бас алдаа гаргах нь асуудалд биш гаргасан алдаагаа давтах нь хамгийн том асуудал гэдэг үг ч байдаг. Жишээ нь чи тайлангаа буруу боловсруулсан бол
    Тэр үеийн датагаа яаж уншсан, юунд анхаараагүйгээ эргэн хар. Дараа нь өөрөө өөртөө нэг сургалт хий.  Хэрвээ та нэг үйлчлүүлэгчийг бухимдуулсан бол  ямар үг сэтгэлд нь хүрээгүйг тунгааж бод. Эелдэг харилцаа гэдэг жижиг мэт атлаа том ялгаа гаргадаг.

    Өөрийгөө уучилж сурах нь хөгжлийн эхлэл

    Гаргасан алдаанаас болоод толгойгоо гудайлгах биш, нуруу цэх алхахыг хичээгээрэй. Хэцүү сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ өөрийгөө уучилж, ухаарал болгон шингээж л сурах хэрэгтэй юм. Өөртөө гутарч сэтгэлээр унаж суух биш алдаагаа хүлээн зөвшөөрч асуудлыг хэрхэн өөрт ашигтайгаар гэдгийг бодвол ажил, карьерт чинь ахиц гарна шүү дээ. Дэлхийн томоохон корпорациуд шинэ ажилтныг үнэлэхдээ “алдаа гаргасан уу?” гэж биш, харин “алдаагаа яаж зассан бэ?” гэж асуудаг гэнэ. Үүгээрээ Алдаа гаргаж байгаагаа биш, сурч хөгжиж байгаагаа бүү март гэдгийг ажилчидаа сануулдаг байх.

    Хамгийн их алдаа гаргасан үедээ л хамгийн их зүйлийг сурсан байдаг.

    Тиймээс карьерийн эхлэл, шинэ төсөл, шинэ орчны эхний үедээ алдаа гаргавал өөрийгөө гололгүй би яг одоо туршлага хуримтлуулж байна” гэж бодох нь чухал шүү. Ингэсээр сэтгэл зүй болоод ажлын карьерт чинь ч эерэг нөлөөг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

    Та Lambda-д талентаар бүртгүүлээд өөрийн ур чадвараа бодитоор үнэлүүлж, карьерын шинэ аяллаа бидэнтэй хамт эхлүүлээрэй. 

  • Хамгийн өндөр цалинтай ажлын байр юу вэ?

    Хамгийн өндөр цалинтай ажлын байр юу вэ?

    Бид ямар шалгуураар мэргэжлээ сонгодог вэ? Энэ асуултад хариулахын тулд юуны түрүүнд өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй технологийн хөгжил, нийгмийн хандлагыг харж ойлгох хэрэгтэй. Технологи хурдацтай ахиж, олон ажлын байрыг автоматжуулж байгаа нь биднээс байнга шинэ ур чадвар эзэмшихийг шаардаж байна. Мөн цахим ертөнц, фриланс, онлайн зах зээл хүчтэй хөгжсөнөөр нэг л мэргэжил эзэмшээд өөр олон чиглэлд хөндлөн шилжих боломж улам бүр нээгдэж байгаа. Өмнө нь нэг мэргэжлээр насан турш ажиллана гэж боддог байсан бол өнөөдөр энэ хандлага эрс өөрчлөгдөж, хүмүүс илүү уян хатан, олон сонголттой замыг эрэлхийлэх болжээ.

    Тэгвэл ийм үед хамгийн эрэлттэй, өндөр цалинтай ажлын байрууд ямар салбарт төвлөрч байна вэ?

    Сүүлийн үеийн хамгийн эрэлттэй, өндөр цалинтай ажлын байрууд

    1. Программ хангамж ба мэдээллийн технологи

    Программ хөгжүүлэгчид (web, mobile) нь вэб сайт, мобайл аппликейшн болон төрөл бүрийн программ хангамж зохиож бүтээдэг бөгөөд энэ нь өнөө үед дэлхий даяар хамгийн эрэлттэй, өндөр цалинтай мэргэжлүүдийн нэг болж, Монголд ч гадаад зах зээл рүү шууд холбогдож ажиллах томоохон боломжийг олгож байна. Түүнчлэн хиймэл оюун (AI) ухаан, дата аналитик, машин сургалтын инженерүүд асар их хэмжээний өгөгдөл дээр ажиллаж, ухаалаг шийдэл, автомат системүүдийг бий болгодог тул компаниуд шийдвэрээ илүү шинжлэх ухаанч үндэслэлтэй гаргахын тулд эдгээр мэргэжилтнүүдийг өндөр цалингаар ажилд авах сонирхолтой байдаг. Үүний зэрэгцээ кибер аюулгүй байдлын мэргэжилтнүүд (Cybersecurity) байгууллагуудын мэдээлэл, сүлжээ, системийг цахим халдлагаас хамгаалж, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй бөгөөд цахим орчинд тулгуурласан үйлчилгээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа энэ үед тэдний үнэ цэнэ улам бүр нэмэгдэж, өндөр орлоготой ажиллах нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

    2. Санхүү ба хөрөнгө оруулалт

    Санхүү ба хөрөнгө оруулалтын салбар нь өнөө үед эдийн засгийн хөгжлийн гол хөдөлгөгч хүчдийн нэг болж байгаа бөгөөд энэ чиглэлд ажилладаг санхүүгийн шинжээчид, хөрөнгө удирдах мэргэжилтнүүд, аудит болон олон улсын татварын зөвлөхүүд нь байгууллагын санхүүгийн урсгалыг нарийвчлан судалж, ирээдүйн эрсдэлийг тооцоолж, тогтвортой өсөлтийг хангахын тулд тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийж, стратегийн төлөвлөгөө боловсруулдаг онцгой чухал үүрэгтэй хүмүүс юм. Энэ салбарын онцлог нь зөвхөн санхүүгийн тайлан тооцоо гаргахаас илүүтэй, хөрөнгө оруулалтыг хэрхэн зөв чиглүүлэх, зардал болон ашигт ажиллагааны харьцааг сайжруулах, зах зээлийн хандлагыг урьдчилан таамаглах зэрэг өндөр түвшний аналитик болон шийдвэр гаргах чадварыг шаарддагт оршдог.
    Иймд компанийн урт хугацааны амжилтыг баталгаажуулахын тулд тус мэргэжилтнүүдийн оруулж буй оюуны хөрөнгө оруулалт маш өндөр үнэлэгддэг бөгөөд үүнтэй уялдан энэ чиглэлийн ажлын байрууд дэлхий даяар тогтмол өндөр цалин хөлстэйд тооцогдож, Монголд ч мөн олон улсын байгууллагууд болон банк, санхүүгийн томоохон тоглогчид энэ чиглэлийн мэргэжилтнүүдэд өрсөлдөөнтэй нөхцөл санал болгож байна.

    3. Эрүүл мэнд ба гоо заслын салбар

    Эрүүл мэнд ба гоо заслын салбар нь хүний хамгийн үнэт баялаг болох эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл ханамжийг хамгаалж, сайжруулах онцгой үүрэгтэй учраас үргэлж өндөр эрэлттэй байсаар ирсэн бөгөөд энэ салбарт ажилладаг мэс заслын эмч, шүдний эмч, арьс гоо заслын эмч нар нь хүний биеийн эрүүл үйл ажиллагааг сэргээх, өвчнийг оношилж эмчлэх, мөн гоо сайхны жижиг мэс засал, арьсны эмчилгээ зэргээр дамжуулан хүмүүсийн гадаад төрх, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулдаг. Энэ төрлийн ажил мэргэжил нь хүний амь нас, сэтгэлзүйн байдалтай шууд холбоотой, өндөр хариуцлага шаарддаг учраас зөвхөн мэргэжлийн мэдлэг, ур чадвар төдийгүй тэвчээр, хүнлэг сэтгэл, сэтгэл зүйн тогтвортой байдлыг ч шаарддаг онцлогтой. Иймээс эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүд дэлхий даяар хамгийн тогтвортой, өндөр цалинтайд тооцогдож, Монголд ч эмнэлэг, хувийн клиник, гоо заслын төвүүдийн өргөжин тэлж байгаа энэ үед ур чадвартай, туршлагатай эмч нарыг өндөр цалин хөлс, сайн нөхцөлөөр урьж ажиллуулах нь улам бүр түгээмэл болж байна.

    4. Уул уурхай ба инженерийн салбар

    Уул уурхай ба инженерийн салбар нь Монголын эдийн засгийн хамгийн том тулгуур багана хэвээр байгаа бөгөөд улсын нийт экспортын орлогын ихэнхийг бүрдүүлдэг онцгой ач холбогдолтой учраас энэ чиглэлд ажиллаж буй уул уурхайн инженер, геологич, техникийн хяналтын зөвлөхүүд үргэлж хамгийн өндөр цалинтайд тооцогддог.
    Эдгээр мэргэжилтнүүд нь газрын хэвлий дэх ашигт малтмалыг илрүүлж, олборлох ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, аюулгүй, үр ашигтай зохион байгуулахын зэрэгцээ байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг хянах, бууруулах чухал үүргийг хүлээдэг. Түүнчлэн энэ салбар нь асар их хөрөнгө оруулалт, олон улсын хамтын ажиллагаа шаарддаг онцлогтой тул инженерүүд, техникийн зөвлөхүүд нь зөвхөн өндөр мэргэжлийн чадвараар зогсохгүй олон улсын стандартыг мөрдөх, технологийн шинэчлэлд түрүүлж хөл нийлүүлэх шаардлагатай байдаг бөгөөд ингэснээр тэдний хөдөлмөрийн үнэ цэнэ нэмэгдэж, өндөр цалин, давуу нөхцлөөр үнэлэгдэх шалтгаан болдог.

    5. Гадаад хэл дээр тулгуурласан ажил

    Гадаад хэлний өндөр мэдлэг шаардсан ажил мэргэжлүүд нь өнөө үед олон улсын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж буй энэ цаг үед онцгой үнэ цэнтэйд тооцогдох болсон бөгөөд хэлний багш, орчуулагч, төслийн гадаад менежер, олон улсын худалдаа хариуцсан ажилтнууд нь хоёр орны хоорондын бизнес, боловсрол, соёлын солилцоог үр дүнтэй гүүрээр холбож өгдөг маш чухал үүрэгтэй хүмүүс юм. Англи, солонгос, япон, хятад хэл зэрэг олон улсад түгээмэл хэрэглэгддэг хэлнүүдийг өндөр төвшинд эзэмшсэнээр та зөвхөн эх орондоо төдийгүй, гадаадын байгууллагуудад ажиллаж, цалин хөлс, карьераа үлэмж ахиулах илүү их боломжийг өөртөө нээж өгдөг. Мөн олон улсын төслүүд дээр ажиллах, гадаад түншүүдтэй шууд харилцаж гэрээ хэлэлцээр хийх зэрэг ажлууд нь хэлний чадвартай мэргэжилтнүүдэд илүү тогтвортой, өндөр орлого олох боломжийг байнга бий болгож байдаг.

    Иимээс мэргэжил сонгоно гэдэг бол зүгээр нэг өнөөдрийн хэрэгцээнд тулгуурлах бус, ирээдүйд өөрийгөө хаана, ямар түвшинд, хэрхэн ажиллаж байхыг төсөөлөн урт хугацааны зорилгоо тодорхойлох хамгийн том алхам билээ.
    Өнөөдөр дэлхий даяар болон Монголд өндөр цалинтайд тооцогддог чиглэлүүд бүгд ирээдүйд ч үнэ цэнээ алдахгүй, өсөн нэмэгдэх хандлагатай учраас ур чадвараа тасралтгүй хөгжүүлэхэд хэзээ ч оройтохгүй гэдгийг санаарай. Хэрэв та яг одоо өөртөө тохирсон, илүү өндөр орлого, илүү том боломжуудыг хайж байгаа бол олон улсын болон дотоодын шилдэг ажлын байр, карьер хөгжүүлэх саналуудыг нэг дороос харах боломжийг lambda.global-оос хайгаарай. Тэнд таны ирээдүй нээлттэй байх ч юм билүү!

  • Хамгийн өндөр цалинтай ажлын байрууд

    Хамгийн өндөр цалинтай ажлын байрууд

    Шинэ ажилд орохоор зорьж буй хүн бүр, эсвэл ажлын байраа солих гэж буй хэн боловч хамгийн түрүүнд анхаардаг зүйл бол цалин байдаг гэхэд хилсдэхгүй. Гэсэн хэдий ч цалин өндөр байх нь тухайн мэргэжлийн хариуцлага, шаардагдах ур чадвар, эрэлт хэрэгцээнээс шалтгаалан ихээхэн ялгаатай байдаг.  Энэхүү нийтлэлээр дэлхий дахин болон Монгол Улсад хамгийн өндөр цалинтай ажлын байрууд ямар байдаг талаар судалгаа, статистик мэдээлэлд үндэслэн танд танилцуулъя.

    Дэлхийд хамгийн өндөр цалинтай 7 мэргэжил

    2024 оны GlassdoorIndeed, World Economic Forum судалгаагаар дэлхий даяар хамгийн өндөр цалинтайд тооцогдож буй мэргэжлүүдээр: 

    Мэргэжил олон улсын нэршлээр Дундаж жилийн цалин (2024)
    Эмч (Мэс засалч, Анагаахын чиглэл) $210,000 – $500,000
    Мэдээллийн технологийн захирал (CTO) $180,000 – $350,000
    Програм хангамжийн архитектор $140,000 – $250,000
    Хуульч, компанийн өмгөөлөгч $130,000 – $250,000
    Нислэгийн ахмад нисгэгч $120,000 – $200,000
    Өндөр түвшний санхүүгийн менежер $150,000 – $300,000
    Өгөгдлийн шинжээч, AI инженер $130,000 – $220,000
     

    Монголд хамгийн өндөр цалинтай ажлын байрууд салбараар: 

    2025 оны байдлаар дараах 5 салбар нь Монголд хамгийн өндөр цалинтай салбаруудад орж байна.Үүнд: 

     

    1. Түүхий эдийн олборлолт (Уул уурхайн салбар). Дундаж цалин: 3-10 сая 
    2. Мэдээллийн технологи, програм хангамжийн хөгжүүлэлт. Тэдний цалин 2-5 сая төгрөгөөс эхэлдэг бөгөөд өндөр туршлагатай мэргэжилтнүүд 6-10 сая төгрөг хүртэл авдаг.
    3.  Банк, санхүүгийн салбар. Дундаж цалин: 3-8 сая 
    4.  Эрүүл мэндийн салбар. Эмч нарын цалин нь 3-6 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг бөгөөд мэргэжил өндөртэй, мэргэшсэн эмч нар 8-10 сая төгрөг хүртэл авдаг. 
    5.  Томоохон компанийн удирдлагын түвшин (CEO, CFO, менежерүүд). CEO буюу гүйцэтгэх захирлын цалин нь 10 сая төгрөгөөс эхлэн 20 сая төгрөг хүртэл байх боломжтой. 

    Яагаад эдгээр ажил өндөр цалинтай байдаг вэ?

    Эдгээр ажлын байрнууд өндөр цалинтай байх нь хэд хэдэн шалтгаантай. 

    • Хариуцлага өндөр түвшин шаарддаг
    • Тусгай ур чадвар, олон жилийн туршлага шаарддаг
    • Олон улсын зах зээл дээр өрсөлдөхүйц чадварууд
    • Эрсдэлтэй, нарийн орчинд ажиллах шаардлага (уул уурхай, нислэг, анагаах ухаан)
    • Шинэ технологи, инновацтай шууд холбогддог (AI, IT, өгөгдөл)

    Ирээдүйн хамгийн өндөр цалинтай байх хандлагатай мэргэжлүүд

    World Economic Forum (2024) тайланд 2025 оноос хойш хамгийн эрэлттэй, өндөр орлоготой байх магадлалтай дараах ажлын байруудыг онцолжээ. 

    • Хиймэл оюун ухаан, өгөгдлийн шинжээч
    • Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн
    • Тогтвортой хөгжлийн инженер
    • Биотехнологи, генетикийн инженер
    • Ногоон эрчим хүчний шинжээч

    Дүгнэлт

    Цалин өндөртэй ажлын байр сонгоно гэдэг нь зөвхөн орлогоо нэмэгдүүлэх асуудал биш, харин тухайн мэргэжлийн ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, хариуцлагаа ухамсарлах, шинэчлэлд дасан зохицох чадвар шаардах томоохон алхам юм.

    Танд санал болгох зөвлөмж:

    • Салбарын судалгаа, хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлтийг тогтмол дагах
    • Ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх, олон улсын сертификат авах
    • Англи хэл, технологийн мэдлэгээ сайжруулах

    https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү?

  • Хэрхэн олон ажил зэрэг хийх вэ?

    Хэрхэн олон ажил зэрэг хийх вэ?

    Орчин үеийн хурдтай, цаг тутам хөгжингүй амьдралд олон ажил зэрэг хийх чадвар буюу мултитаскинг нь үр дүнтэй, цагийн зөв хуваарилах боломжийг бидэнд өгч байна. Гэвч судалгаануудын үр дүнгээс харахад олон ажил зэрэг хийх нь анхаарал сарних, бүтээмж буурах эрсдэлтэй байдаг гэнэ. Тиймээс эдгээр эрсдэлд орохгүйгээр хэрхэн олон ажлыг зэрэг амжилттай хийх вэ гэдэгт зөв аргачлал, шинжлэх ухаанд суурилсан шийдлүүдийг бэлтгэлээ. 

    Юун түрүүнд олон ажил зэрэг хийхийн ашиг тусаас: 

    • Цагийг илүү үр дүнтэй ашиглах
    • Хоёр болон түүнээс дээш ажлыг зэрэг урагшлуулах боломж
    • Түргэн шийдвэр гаргах чадвар хөгжих

    Гэхдээ зөв менежментгүй бол эдгээр давуу талууд сөрөг үр дагавартай болж хувирдаг.

    Олон ажил зэрэг хийхэд гаргадаг нийтлэг алдаа:

    • Бүх ажлыг нэгэн зэрэг эхлүүлэх
    • Анхаарлаа олон зүйлд сатааруулах
    • Амралтгүй удаан хугацаанд ажиллах
    • Чухал, яаралтай ажлыг ялгахгүй байх

    Stanford University-ийн судалгаагаар олон ажил зэрэг хийх нь хүний бүтээмжийг 40% хүртэл бууруулдаг. Судлаачид нэг ажлаас нөгөө ажил руу шилжих бүрд тархинд “switching cost” буюу шилжилтийн зардал үүсдэг бөгөөд энэ нь анхаарлыг сулруулж, алдаа гаргах магадлалыг нэмэгдүүлдэг гэжээ. Тэгвэл:

    Хэрхэн олон ажил зэрэг амжилттай хийх вэ?

    1. Чухал ажлуудаа тодорхойлоод, ач холбогдлоор нь эрэмбэл

    Олон ажил зэрэг хийх үед ажлуудаа ач холбогдлоор нь эрэмблээд хамгийн чухлаасаа эхлэхийг зөвлөж байна. BetterUp байгууллагын судалгаагаар нэгэн зэрэг олон ажил хийх үед хүмүүс нийт ажлын 50% орчимд алдаа гаргах магадлалтай болохыг тогтоожээ.

    2. Ажилдаа зарцуулах хугацаагаа тодорхойл

    Тухайн ажлыг тодорхой хугацаанд хийж дуусгах төлөвлөгөөтэй ажиллах нь анхаарлыг төвлөрүүлж, нэг ажил дээр гацахаас сэргийлнэ. Pomodoro техник буюу 25 минут ажиллаад, 5 минут амрах арга нь хамгийн үр дүнтэй аргуудын нэг юм. Энэхүү техникээр ажлаа хийдэг хүмүүсийн стрессийн түвшин мэдэгдэхүйц  буурсан судалгаа байна шүү. Нэг туршаад үзээрэй. 

    3. Холбоотой ажлуудыг зэрэг хийх

    Ойролцоо, уялдаа холбоотой, хамааралтай ажлуудыг зэрэг хийх нь тархины ачааллыг багасгадаг. Жишээ нь, ижил төрлийн бичвэр боловсруулах, эсвэл ижил платформ дээр ажиллах гэх мэт. “University of London”-ийн судалгаагаар ойролцоо төрлийн ажлуудыг зэрэг хийх үед productivity буюу бүтээлч байдал 30%-аар нэмэгддэг болохыг баталжээ.

    4. Дижитал хэрэгсэл ашиглах

    Олон ажил зэрэг хийхэд ажлын явцаа хянах давхардал үүсгэхгүй байх нь маш чухал. Trello, Notion, Google Calendar зэрэг хэрэгслүүд танд ажлынхаа дарааллыг хялбар удирдах боломж олгоно.Slack-ийн судалгаагаар ажлаа төлөвлөж, хянадаг хүмүүс 20%-аар бүтээмж өндөр байдаг гэж дүгнэжээ. Тэгэхээр өөрт тохирсон дижитал хэрэгслүүд ашиглаж, ажлаа хянаарай. 

    5. Анхаарлын хуваарилалт, амралт чухал

    Олон ажил зэрэг хийх үед анхаарлаа зөв удирдаж, богино хугацаанд тасралтгүй төвлөрөх нь амжилттай болох түлхүүр юм. Гэхдээ амрахгүй удаан ажиллах нь бүтээмжийг эрс бууруулдаг. Яг энийг л дуусгачихвал гэж өөрийгөө хүчлэн суух үед ажил тийм ч урагштай явдаггүй гэдгийг та анзаарч байсан уу? Стэнфорд сургуулийн судалгаагаар амралтгүй удаан хугацаанд олон ажил зэрэг хийх нь анхаарал сарних, сэтгэх чадвар муудах, стресс нэмэгдэхэд хүргэдэг гэж үзжээ.

    Дүгнэлт: 

    Олон ажил зэрэг хийх нь зөв менежменттэй, зөв аргаар хэрэгжүүлбэл бүтээмжийг нэмэгдүүлж чадна. Гэвч олон ажлыг буруугаар зэрэг хийх нь бүтээмжийг 40% хүртэл бууруулж, анхаарлыг сарниулж, алдаа нэмэгдүүлдэг эрсдэлтэй байна. 

    Доорх 5  зөвлөмжүүдийг хэрэгжүүлснээр та олон ажил зэрэг хийсэн ч өндөр үр дүнд хүрэх боломжтой.

    1. Ажлаа ач холбогдлоор нь эрэмбэлэх
    2. Pomodoro техник ашиглах
    3. Холбоотой ажлуудыг зэрэг хийх
    4. Дижитал хэрэгслүүд ашиглах
    5. Амралтыг заавал төлөвлөх

    Эдгээр аргуудыг тууштай хэрэгжүүлснээр таны бүтээмжтэй ажиллах чадвар нэмэгдэж, хэсэг хугацааны дараа мэдэгдэхүйц үр дүн харагдах болно гэдэгт итгээрэй. Олон ажлыг зэрэг үр бүтээмжтэй хийж, амьдралдаа эерэг өөрчлөлтүүдийг авчрах аялалд тань амжилт хүсье.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

     

  • Remote, Hybrid, Office ажиллах орчны хэлбэрүүдээс аль нь танд илүү тохирох вэ?

    Remote, Hybrid, Office ажиллах орчны хэлбэрүүдээс аль нь танд илүү тохирох вэ?

    Дэлхий даяар ажиллах орчны хэлбэрүүд хурдтай өөрчлөгдөж байна. Байгууллага болон ажилчид remote (алсаас), hybrid (хосолмол), office (оффисоос) гэсэн гурван гол сонголтоос илүү уян хатан сонголт хийх боломжтой болжээ.Гэвч хүн бүрт тохирох нэг л загвар гэж байдаггүй. Та өөрийн ур чадвар, мэргэжил, ажлын хэв маягтаа тулгуурлан аль орчин танд хамгийн сайн тохирохыг энэ нийтлэлээс олж мэдээрэй.

    1. Remote work — Алсаас ажиллах хэлбэр

    Сүүлийн жилүүдэд алсаас ажиллах хэлбэр (remote work) дэлхий даяар эрчимтэй хөгжиж, олон байгууллага, ажилчдын дунд түгээмэл сонголт болж байна. Stanford их сургуулийн профессор “Nicholas Bloom”-ийн судалгаагаар алсаас ажилладаг хүмүүс дунджаар 35-40 хувиар илүү бүтээмжтэй байдаг нь нэг онцлох давуу тал юм. Мөн remote орчинд ажилладаг ажилтнууд ажлын даалгаврыг 12%-аар илүү хурдан гүйцэтгэх хандлагатай байдаг нь илүү үр дүнтэй, бүтээлч ажиллах нөхцлийг бүрдүүлж байгааг харуулж байна.Gallup-ийн 2024 оны судалгаагаар алсаас ажилладаг ажилтнуудын ажлаас гарах магадлал харьцангуй бага байгаа нь ажилчдын сэтгэл ханамж, ажлын тогтвортой байдал өндөр байгааг илтгэжээ.Эдгээр судалгаанаас харахад remote ажиллах хэлбэр нь зөв менежменттэй үед үр бүтээлтэй, сэтгэл ханамжтай ажиллах боломжийг олгож чаддаг байна.

    Гэсэн хэдий ч алсаас ажиллах үед:

    • Сэтгэл гутрал, ганцаардал үүсэх
    • Багийн уялдаа холбоо, шууд харилцах энгийн харилцаа багасах хандлагатай байдаг байна.

    2.Hybrid work — Хосолмол орчин

    Нэрнээсээ л ойлгомжтой hybrid буюу хосолмол ажиллах хэлбэр нь алсаас болон оффисоос ажиллах хоёрын давуу талыг хослуулдгаараа онцлог. Энэ талаар маш сонирхолтой судалгаанууд хийгдсэн байдаг. Тухайлбал, McKinsey компанийн 2023 оны судалгаагаар hybrid горимд шилжсэн ажилтнуудын 87 хувь нь ажлын сэтгэл ханамж өндөртэй байгааг харуулжээ. Судалгаанд оролцсон хүмүүс энэ хэлбэрээр ажилласнаар стресс багасч, ажил болон хувийн амьдралын тэнцвэр сайжирч байгааг онцолсон байна.

    Нэг талаас ажилчдын амьдралд эерэг өөрчлөлт авчирч байгаа энэ ажиллах орчинг амжилттай хэрэгжүүлэхийн тулд байгууллага талаас зарим зүйлийг анхаарах шаардлагатай. Тухайлбал, технологийн бэлэн байдал, шударга цагийн менежмент, ажиллах өдрүүдийн зохицуулалтыг сайн төлөвлөх нь hybrid загварыг тогтвортой, үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал нөлөөтэй. Хэрэв дээрх нөхцлүүдийг сайтар хангаж чадвал hybrid ажиллах хэлбэр нь ажилчдад хамгийн тохиромжтой, уян хатан орчин болж чадна.

    3. Office work — Оффисоос ажиллах орчин

    Оффисоос ажиллах нь багийн уялдаа, хамт олны уур амьсгалыг сайжруулах давуу талтай хэн ч маргахгүй бизээ. Баг хамтдаа нэг дор ажиллах нь хурдан шийдвэр гаргах, хамтын ажиллагааг сайжруулахад тустай.  Time сэтгүүлд дурдсанаар зөвхөн оффист ажилласнаар бүтээмж нэмэгддэггүй  бөгөөд зарим тохиолдолд ажилчдын ажлаас гарах магадлал өсөх эрсдэлтэй байдаг гэнэшүү. Мөн зарим компаниудын туршлагаас харахад удирдлагууд ажилчдаа оффист ирэхийг шаарддаг ч өөрсдөө алсаас ажилладаг нь  шударга бус мэт санагдаж, ажилчдын сэтгэл дундуур байдлыг үүсгэх шалтгаан болдог гэж MarketWatch онцолжээ. Тиймээс оффисын орчны давуу талыг бүрэн ашиглахын тулд байгууллага шударга, уян хатан бодлого, зөв менежмент баримтлах нь чухал.

    Аль ажиллах орчны хэлбэр танд илүү тохирох вэ?

    Олон улсын судалгаануудын дүгнэлтээр нийт ажилчдын productivity болон well-being хамгийн сайн хадгалагддаг загвар нь hybrid горим гэж үзжээ.

    Хувь хүнд тохирсон зөв сонголт хийхэд дараах зөвлөмжийг баримтлаарай. Үүнд:

    • Хэрэв та бие даан ажиллах дуртай, цагийн уян хатан байдал чухал бол remote буюу алсаас ажиллах танд илүү тохирно.

    • Хэрэв та багаар ажиллах дуртай, шууд нээлттэй харилцаа чухал бол оффисоос ажиллах танд илүү үр дүнтэй.

    • Хэрэв та уян хатан, хоёр талын тэнцвэрийг хүсч байвал hybrid буюу хосолсон ажлын байр хамгийн зөв сонголт болно.

    Дүгнээд үзвэл:

    Өнөө үед “нэг загвар бүхэнд тохирно” гэсэн ойлголт бараг л үгүй болжээ. Байгууллага бүр өөрийн онцлог, ажилтан бүр өөрийн хэрэгцээ, хүсэл сонирхолтой. Тиймээс уян хатан, хувь хүнд тохирсон шийдэл хамгийн зөв сонголт болоод байна.

    Та өөрийн ажиллах орчноо сонгохдоо дараах зүйлсийг сайн бодож, өөртөө тохирох ажиллах орчноо сонгоорой.

    • Амьдралын хэв маяг: Та өдрийн аль цагт хамгийн үр бүтээлтэй байдаг вэ? Гэр бүлийн нөхцөл байдал, эрүүл мэнд, өдөр тутмын амьдралын хэв маягт аль орчин илүү тохирох вэ гэдгийг бодож үзээрэй
    • Мэргэжлийн ур чадвар: Таны мэргэжил, ажлын онцлог remote, hybrid, эсвэл оффисын орчинд аль нь илүү үр дүнтэй байхыг талаар бодож үзээрэй. Зарим ажлыг алсын зайнаас гүйцэтгэх боломжтой байдаг бол зарим нь заавал багаар ажиллахыг шаарддаг.
    • Байгууллагын дэмжлэг, дотоод бүтэц: Байгууллага тань remote болон hybrid хэлбэрийг хэрхэн дэмждэг вэ? Технологи, менежмент, багийн зохион байгуулалтад хэр бэлэн байгааг сайтар судлаарай.
    • Хувийн давуу болон сул талууд: Та өөрийгөө хэр сайн мэдэх вэ? Бие даан, өөрийгөө хянаж ажиллахдаа хэр үр дүнтэй вэ? Багийн уур амьсгал танд хэр чухал вэ? Эдгээр асуултад үнэнчээр хариулж өөрт тохирох ажлын хэлбэрээ сонгоорой.

    Ажиллах орчноо зөв сонгоно гэдэг бол зөвхөн тухайн байгууллагад тохирох биш, таны амьдралын чанарт шууд нөлөөлөх чухал шийдвэр юм. Өөрт тохирсон орчныг олох нь таны ажлын амжилт, урам зориг, сэтгэл ханамжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх болно. Тиймээс та бусдын сонголтыг дагах биш, өөрийнхөө хэрэгцээ, амьдралын хэв маягт тохирсон шийдлийг өөртөө хайж, итгэлтэй сонголт хийгээрэй.

    УНШИХ: ДАВХАР АЖИЛ ЭРХЛЭЛТ: БОЛОМЖ УУ, БЭРХШЭЭЛ ҮҮ

    https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү?

  • Шинэ салбарт хэрхэн карьераа эхлүүлэх вэ?

    Шинэ салбарт хэрхэн карьераа эхлүүлэх вэ?

    Дэлхий даяар хөдөлмөрийн зах зээл асар хурдацтай өөрчлөгдөж байна. Технологийн дэвшил, автоматжуулалт, хиймэл оюун ухааны нөлөөгөөр олон хүмүүс өөр салбарт шилжих, шинэ мэргэжил эзэмших шаардлагатай болж байгааг та дуулсан бизээ. LinkedIn-ийн 2024 оны тайланд дурдсанаар, ажил эрхэлж буй хүмүүсийн 60% нь карьерын шилжилт хийхийг эрэлхийлж байгаа гэнэ шүү. “Шинэ салбарт би хэрхэн амжилттай байх вэ?” гэдэг асуултаас эхлээд л хариулт нь үл мэдэгдэм олон асуулттай тулгарч байгаа бол энэ нийтлэл танд туслах болно.

    1. Зах зээлийн судалгаа хийхээс эхлээрэй

    Шинэ салбарт орохын өмнө дараах 3 зүйлийг заавал судлаарай. Үүнд:

    • Тухайн салбарын өсөлтийн хурдац
      (Жишээ: Дэлхийн эдийн засгийн форумаас (2024) гаргасан судалгаагаар мэдээллийн технологи, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэндийн салбар хамгийн эрэлттэй хэвээр байна.)
    • Ажил олгогчдын шаардлага
    • Ирээдүйн ажлын ур чадварууд

    Дээрх 3 судалгааг цаг гарган хийснээр түрхэн зуурын сэтгэл хөдлөлөөс үүдэн өөрт тохирсон ажил мэргэжлээ солихоос сэргийлнэ гэж хэлж болно.

    2. Хамгийн эрэлттэй ур чадваруудыг эзэмших

    Шинэ салбарт орж буй хүмүүс дараах ур чадваруудыг түлхүү эзэмших хэрэгтэй гэж судалгаанд дурджээ.

    Техник (Hard Skills):

    • Data analysis
    • Project management
    • AI, Machine Learning
    • Digital marketing

    Зөөлөн ур чадвар (Soft Skills):

    • Харилцаа, хандлага
    • Багаар ажиллах
    • Шийдвэр гаргах чадвар

    LinkedIn-ийн 2024 онцлох дүгнэлтээс үзэхэд багаар ажиллах, шүүмжлэлтэй сэтгэх, манлайлах чадвар нь ажил олгогчдын хамгийн өндөр үнэлдэг ур чадварууд хэвээр байна.

    3. Боловсрол ба сургалтад хөрөнгө оруулаарай

    Технологийн хурдацтай хөгжил дэлхийн хаанаас ч суралцах боломжийг нээж байна. Энэ боломжийг бүү алдаарай.

    Онлайн сургалтын платформууд:

    • Coursera, Udemy, edX зэрэг платформ дээр богино хугацааны сертификаттай сургалтууд байдаг. Тэдгээр сургалтаас өөрийн шинэ ажлын байранд хамгийн хэрэгтэй ур чадварыг сурах боломж бий. Дэлхийн эдийн засгийн форумаас: Карьераа амжилттай шилжүүлсэн хүмүүсийн 94% нь онлайн сургалтаар дамжуулан шинэ ур чадвараа хөгжүүлсэн байдаг гэдэг судалгаа гарсан байна шүү.

    4. Танилын хүрээгээ нэмээрэй

    Шинэ салбартаа танилыг хүрээгээ нэмснээр:

    • Шинэ боломжуудын талаар хамгийн түрүүнд мэдэх
    • Мэргэжлийн зөвлөгөө авах
    • Бодит төслүүдэд оролцох гээд олон боломжууд бидэнд нээлттэй байдаг шүү.

    Яаж танилыг хүрээгээ нэмэх вэ?

    • LinkedIn-ээр мэргэжлийн, салбартаа тэргүүлэгч хүмүүсийг дагах
    • Салбарын эвент, вебинар, уулзалтанд оролцох
    • Facebook, Telegram-ийн салбарын группт идэвхтэй байх

    5. Багаас эхэлж туршлага хуримтлуулах

    Шинэ салбарт орж байгаа бол:

    • Дадлага хийх
    • Гэрээт болон түр хугацааны ажил хийх
    • Төслийн багт сайн дураараа оролцохыг хичээгээрэй.

    6. Туршлагаа шинэ салбартаа хэрхэн холбож харуулах вэ?

    Өмнөх ажлын туршлага тань шинэ салбарт шууд хамаарахгүй байж болох ч, шилжүүлж болох ур чадварууд (transferable skills)-ыг онцлохыг хичээх. Жишээ нь:

    • Харилцаа
    • Хариуцлага
    • Төслийн менежмент зэрэг өмнө нь хуримтлуулж, сурсан мэдлэг чадвараа шинэ салбартаа ч ашиглахыг эрмэлзээрэй.

    7. Тууштай байж, бие даан хөгжөөрэй

    Шинэ салбарт орно гэдэг ганц алхам биш, тасралтгүй хөгжих урт хугацааны аялал юм. Тиймээс:

    •  Өөртөө алдах боломжийг олго
    • Өөртөө шинэ зүйл сурах цаг өг
    • Болсон гэж бодолгүйгээр байнгын суралц

    Дүгнэлт: Шинэ салбар таны шинэ боломж

    Шинэ салбарт карьераа эхлүүлэх гэдэг анхандаа  хэцүү мэт санагдавч таны хувьд амьдралын тань шинэ эхлэл, боломж юмшүү.

    1. Судалгаа хийх
    2. Ур чадвар хөгжүүлэх
    3. Танилыг хүрээгээ бий болгох
    4. Багаас эхлэх
    5. Өмнөх туршлагаа зөв харуулах гэсэн алхмуудыг тууштай хийх юм бол шинэ салбарт амжилтад хүрэх бүрэн боломж бий.

    Ирээдүйнхээ төлөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт болох өөрийгөө нээж, өөрчлөлт хийх чухал аяллаа  lambda.global-тай хамт эхлүүлээрэй.

  • Карьерын амжилтын нууц — Сахилга бат

    Карьерын амжилтын нууц — Сахилга бат

    Өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд өндөр боловсрол, туршлага, чадвараас гадна хамгийн их эрэлттэй ур чадваруудын нэг бол сахилга бат юм. Аливаа ажилтны ур чадвар ямар ч өндөр байлаа гэсэн сахилга батгүй бол үр дүн гаргах боломжгүй гэдэг нь олон судалгаагаар батлагджээ.

    Сахилга бат гэж юу вэ?

    Өөрийн хүсэл, сэтгэл хөдлөлөөс хамаарахгүйгээр зөв гэж үзсэн зүйлийг тууштай хийх чадвар юм. Сайн CV, гоё диплом, ухаалаг санаа байлаа ч сахилга батгүй бол амжилтад хүрэх нь юу л бол. Харин сахилга баттай байвал хэн ч, хаана ч, ямар ч нөхцөлд өсөж дэвших боломж нээлттэй хэвээр байна.

    Ажлын байранд сахилга бат яагаад чухал вэ?

    Шинэ ажилд орсон 1000 гаруй хүн оролцсон SHRM (2023)-ийн судалгаагаар ажилд тогтвор суурьшилтай үлддэг хүмүүсийн 87% нь “цаг баримтлах, хариуцлагаа ухамсарлах” зуршилтай байдаг гэжээ. Ийм жижигхэн үйлдлээс л сахилга бат харагддаг гэж хэлж болно. Мөн сахилга баттай ажилтан удирдлага, хамт олныхоо дунд найдвартай, хариуцлагатай, итгэл хүлээлгэх хүнээр үнэлэгддэг. Энэ нь карьер ахих, илүү том үүрэг хүлээх суурь болдог гэнэ шүү.

     Карьерын өсөлтөд сахилга бат

    Harvard Business Review (2022) нийтлэлд дурдсанаар сахилга бат сайтай ажилтнууд удирдах түвшинд дэвших магадлал 52%-иар өндөр байдаг. Тогтмол сургалт, өөрийгөө хөгжүүлэх дадал сахилга баттай хүмүүст илүү тогтвортой тогтдог байна.  Өдөр тутмын төлөвлөгөөтэй, сахилга баттай хүн ажлын хэт ачааллаас сэргийлж, тайван байдлаа хадгалдж чаддаг нь судалгаагаар нотлогдсон. (American Psychological Association, 2023).

     Монголд сахилга бат хэр үнэлэгдэж байна вэ?

    Монголын ажил олгогчдын холбооны 2023 оны судалгаагаар:

    • Байгууллагууд шинэ ажилтан авахдаа “мэргэжлийн ур чадвар”-аас илүү “хувийн сахилга бат, үнэнч шударга байдал”-ыг тэргүүнд тавьдаг гэжээ.
    • Сахилга баттай ажилтан тогтвор суурьшилтай ажиллах, байгууллагын соёлыг дагаж мөрдөх магадлал 2 дахин өндөр гэж 350 гаруй HR мэргэжилтэн үзсэн байна. Итгэмээргүй үр дүн байна шүү.

    Сахилга баттай байх практик 5 зөвлөмжийг танд хүргье. 

    1. Өдөр тутмын зорилгоо бичиж тэмдэглэх

    Тодорхой зорилгогүй өдөр бол хий дэмий өнгөрөх өдөр. “Тодорхой зорилт бичдэг хүмүүс зорилгодоо хүрэх магадлал 42%-иар илүү байдаг” гэж Dominican University-ийн судалгаа баталжээ.Тиймээс өдөр тутамдаа хийх зүйлсээ жагсааж бичиж тэмдэглэхээс эхлээрэй.

    2. Цаг баримтлах

    Уулзалт, ажил эхлэхэд үргэлж цагтаа байх. Ач холбогдол өндөр биш жижиг уулзалт байсан ч та цагаа баримталж очихыг хичээгээрэй.

    3. Бага багаар сурах зуршилтай болох

    Өдөр бүр 20-30 минут шинэ зүйл сурч, хөгжүүлж, хэрэгжүүлэхэд оройтоогүй шүү.

    4. Түр зуурын сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахаас зайлсхийх

    5. Өдөр бүр өөртөө үнэнч байх

    Амласан бол хий. Хийж дуусгаж бол амар. Өнөөдөр таны сахилга баттай байх эсэх ирээдүйн цалин, тушаал дэвших, амьдралын амжилтад шууд нөлөөлнө. Тиймээс өөртөө үнэнч хандаж, сахилга баттай нэгэн болоорой.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

  • Ажилд орсон л бол болсон гэж бодож болохгүй

    Ажилд орсон л бол болсон гэж бодож болохгүй

    Ажилд орсон л бол бүх зүйл болж өнгөрлөө гэж бодох нь хамгийн түгээмэл бөгөөд хамгийн том эндүүрэл юм. Ажлын байр бол төгсгөл бус  харин таны жинхэнэ хөгжлийн гараа юм. Шинэ орчин, шинэ шаардлага, шинэ ур чадвар шаардсан сорилтууд таныг өдөр бүр угтаж байдаг. Энэ сорилтуудыг давахын тулд ажилд орсон цагаасаа эхлэн суралцахаа хэзээ ч зогсоож болохгүй.

    Ажилд орох бол эцэс биш — эхлэл юм

    Шинэ ажилтнуудын 70% нь эхний 6 сарын дотор “Ажилд орсон, одоо тайван байна” гэж бодож, суралцах эрмэлзлээ алддаг гэж Gallup-ийн 2023 оны судалгаанд дурджээ. Гэтэл ажилд орсны дараах хөгжлийн эхний жил нь ирээдүйн карьерын үндэс, итгэлцэл, дэвших боломжийг шийддэг. Учир нь

    • Байгууллагын соёлд дасан зохицох
    • Хувийн чадвараа байгууллагын хэрэгцээнд нийцүүлэх
    • Шинэ ур чадвар эзэмших
    • Итгэл олж, үүрэг хариуцлага нэмэх гэсэн дараалсан асуудлууд хүлээж байдаг.

    Ажилд орсон даруйд суралцахаа зогсоовол юу болох вэ?

    • LinkedIn-ийн 2023 оны тайланд дурдсанаар ажлын эхний 2 жил тасралтгүй чадвараа хөгжүүлээгүй ажилтнуудын 67% нь 5 жилийн дотор ахих боломжоо алддаг.
    • World Economic Forum–ийн судалгаагаар ирээдүйн 5 жилд дэлхийн ажлын байруудын 44%-д шинэ чадвар шаардагдана. Хэрэв өөрийгөө хөгжүүлэхгүй бол зах зээлээс шахагдах эрсдэлтэй гэжээ. 
    • Шинээр ажилд орсон 60% хүн байгууллагын дотоод соёлыг ойлгоогүйгээс болж ажлаасаа гардаг (SHRM, 2022)

    Хувь хүний ур чадвараа хөгжүүлэх

    Шинэ ажилтны soft skills (харилцаа, асуудал шийдэх, бүтээлч сэтгэлгээ) ажлын эхний 3 жилд хамгийн их анхаарал тавьж хөгжүүлэх боломжтой үе юм. Дотоод сургалт, мэргэжлийн чиглэлээр сертификат авах, мэргэжил дээшлүүлэх зэрэгт идэвхтэй хамрагдаж 

    Үргэлж хөгжиж байх нь ямар үр дүн авчирдаг вэ?

    Ажилд орох бол зөвхөн эхлэл. Хэрэв та хөгжихгүй, суралцахгүй бол зогсонги байдалд орж, карьерын боломжоо алддаг. Харин тасралтгүй суралцаж чадвал шинэ боломж, өндөр цалин, карьерын өсөлт таныг угтах болно. Иймээс та шинэ ажилд орсон бол санаа амрах бус өөрийгөө таньж мэдэх,  ур чадвараа тэлэх, байгууллагадаа үнэ цэн нэмэх талаар бодох хэрэгтэй. Шинэ мэдлэг, шинэ ур чадвар танд цаашдын амжилтын гол түлхүүр байх болно.

    Түүнчлэн тасралтгүй өөрийгөө хөгжүүлдэг хүн л карьертаа амжилт гаргадаг болохыг олон улсын судалгаанууд давтан баталж байна. Жишээлбэл, McKinsey, LinkedIn, Harvard зэрэг байгууллагын судалгаанууд шинэ технологи, шинэ мэдлэг эзэмшихгүй бол ажилтан зах зээлийн хэрэгцээнээс хоцордог гэдгийг онцолжээ. Харин тасралтгүй сурдаг хүмүүс байгууллагын дотоод өсөлт, цалин нэмэгдэлт, удирдах албан тушаалд хүрэх магадлалаар үргэлж өндөр байдаг.

     

     

     

     

  • Шүүмжлэлийг зөвөөр хүлээж авах чадвар — Хувь хүний хөгжлийн шинэ шат

    Шүүмжлэлийг зөвөөр хүлээж авах чадвар — Хувь хүний хөгжлийн шинэ шат

    Өнөөдөр амжилтад хүрсэн хүмүүсийн нэгэн нийтлэг чанар бол шүүмжлэлийг зөвөөр хүлээж авах чадвар гэдэгтэй маргах хүн байхгүй бизээ. Хувь хүн хөгжих, багаар ажиллах, карьер ахих, илүү үр бүтээлтэй байх зэрэгт энэ чадвар үнэлж баршгүй үүрэгтэй. Гэвч Монголд ч, дэлхийд ч шүүмжлэлийг сонсоод гомдох, хамгаалах, эсэргүүцэх үзэгдэл элбэг хэвээр байна. 

    Шүүмжлэлийн утга учир юу вэ?

    Шүүмжлэл гэдэг нь алдаа, сул тал, сайжруулах боломжийг олж харуулж буй зүг чиглүүлэгч дохио юм. Тиймээс шүүмжлэлийг зөвөөр хүлээн авснаар дараах маш олон боломжууд нээгдэнэ. Мөн шүүмжлэлийг эерэгээр хүлээн авдаг хүмүүс хамт олондоо илүү ойлгомжтой, итгэл төрүүлсэн, хамтын ажиллагааны чадвартай гэж үздэг байна. Ингээд хэд хэдэн томоохон судалгаатай танилцая. 

    • Harvard Business Review (2023):
      Шүүмжлэлийг тогтмол хүлээж авдаг ажилтнуудын бүтээмж 39%-иар, багийн оролцоо 22%-иар өсдөг.
    • Gallup (2023):
      Шүүмжлэлийг зөвөөр хүлээж авдаг хүмүүс баг хамт олондоо 36%-иар илүү эерэг сэтгэгдэл төрүүлдэг. Ийм өндөр хувь гэж та бодоогүй байх тийм үү?
    • LinkedIn Learning (2024):
      Бүтээлч шүүмжлэлийг хүлээж авах чадвар нь карьер ахих 35%-ийн магадлалыг нэмэгдүүлдэг.

    Амжилт, кареерийн ахиц дэвшилд ийм хүчтэй нөлөөлдөг шүүмжлэлийг бид хэрхэн зөвөөр хүлээн авах хэрэгтэй юм бол?

    Шүүмжлэлийг зөв хүлээн авах 7 алхам

    1.  Сэтгэл хөдлөлөө хянах 

      Эхлээд сонс. Шууд хариу барих, тайлбарлахгүйгээр чимээгүй байж, бүх мэдээллийг ав. 

    2. Шүүмжийн зорилгыг ялгаж ойлгох Хувийн дайралт уу? Эсвэл ажил сайжруулах зөвлөгөө юу? Үүнийг ялгах нь хамгийн чухал алхам. 
    3.  Бүтээлч асуулт асуух“Юу илүү сайжруулах вэ?”, “Яг аль хэсэгт анхаарвал дээр вэ?” гэх мэт асуулт шүүмжлэлийн бодит утгыг олж өгдөг. 
    4. Хүлээн зөвшөөрөх ба залруулах Аливаа алдааг үнэнээр хүлээн зөвшөөрч, дараагийн алхамд ямар өөрчлөлт хийхээ төлөвлө. 
    5. Талархах “Баярлалаа. Үнэтэй санал байна” гэж хэлэх нь энгийн боловч эерэг сэтгэгдэл үлдээнэ. 
    6.  Шинэ арга хэрэгжүүлэх Шүүмжлэлийг хэрэгжүүлж, үр дүнг бусдад харуулах. Энэ нь итгэлийг өсгөдөг. 
    7. Өөрийн үнэлгээг хадгалах Шүүмжлэлийг хүлээн авч байгаа ч өөрийгөө хэт шүүмжилж, өөрийн үнэ цэнийг бууруулахгүй байх нь чухал.  

    Эцэст нь:

    Шүүмжлэлийг хүлээн авч байгаа ч өөрийгөө хэт шүүмжилж, өөрийн үнэ цэнийг бууруулахгүй байх нь чухал гэдгийг битгий мартаарай. Шүүмжлэл бол дайсагнал биш. Энэ бол таныг сайжруулах хамгийн том тусламж юм. Хүлээж авах тусам карьер тань өснө, удирдлага, ажилчдын итгэл, талархалыг хүлээнэ, та ч өөртөө илүү итгэлтэй болно. Өнөөдрөөс эхэл, өөрт тань ирэх шүүмжлэлийг эерэгээр хүлээж аваарай. Тэгвэл ирээдүйд таны боломж, үнэлэмж хэд дахин өснө. 

    Төстэй нийтлэл унших: Эрүүл харилцаа, эерэг хамт олон

    Та Lambda-д талентаар бүртгүүлээд өөрийн ур чадвараа бодитоор үнэлүүлж, карьерын шинэ аяллаа бидэнтэй хамт эхлүүлээрэй.