Category: Компанийн соёл

  • Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Анхны өдөр гэгээлэг орчин, найрсаг инээмсэглэл дунд угтан авсан шинэ ажил тань хэдхэн долоо хоногийн дараа сэтгэл зовоосон, дарамттай санагдаж эхэлсэн бол яах вэ? Хэрэв та өөрийгөө буруу газар ирчихсэн мэт мэдэрч, саяхан ажилд орсон ч хаа нэг тийш зугтмаар санагдаж байвал — асуудлыг зөвхөн өөрөөсөө бус, харин ажлын орчноосоо нэг сайн харж дүгнэх хэрэгтэй.             

    LinkedIn-ийн 2024 оны “Workplace Trends” судалгаагаар мэргэжилтнүүдийн 63% нь “red flag” буюу анхааруулах дохио мэдрэгдэх үед шинэ ажлын байр хайж эхэлдэг гэжээ.

    Таны ажиллаж буй байгууллагад дараах 7 анхааруулах дохио ажиглагдаж байна уу?

    1.  Ажлын үүрэг тодорхойгүй, байнга өөрчлөгддөг

    Анкет илгээхэд бичсэн ажил үүргээс тэс өөр зүйл хийж байвал, эсвэл өдөр бүр шинэ даалгавар өгч, хариуцлага, чиглэл нь тодорхойгүй байвал энэ нь удирдлагын менежментийн сул тал, ажилтны эрхийг үл хүндэлж буйн хамгийн том илрэл юм.

    2. Илүү цагаар ажиллуулдаг ч нөхөн олговоргүй

    Зарим үед илүү цагаар ажиллах шаардлагатай байж болно. Гэвч энэ нь тогтмол, нөхөн төлбөргүй, зохион байгуулалтгүй бол таны ажил амьдралын тэнцвэр алдагдаж байна гэсэн үг.

    3. Хов жив, дарамт, ялгаварлал давамгайлсан орчин

    Хов жив, ялгаварлал, дарамт шахалт мэдрэгддэг бол энэ нь хортой соёл тогтсоны илрэл. Ийм орчинд бүтээлч байдал, итгэлцэл, хамтын ажиллагаа хөгждөггүй.

    4.  Хүний нөөцийн бодлого сул, ажилтнаа үл ойшоодог

    Гомдол гаргах боломжгүй, санал санаачилга сонсогддоггүй, дүрэм журам ойлгомжгүй бол байгууллага таныг хүн биш “нөөц” гэж үзэж байгаагийн дохио юм.

    5. Шүүмжлэлээр удирдаж “айдас дээр суурилсан” соёл

    Хүн бүр алдаанаасаа суралцаж, илүү сайжирдаг. Алдаанаас суралцах орчин байх ёстой атал ажилтнууд буруудах вий, алдчихвий гэж айж, илүү их стресстэй ажилладаг бол энэ нь урам зориг, бүтээмжид ноцтой сөргөөр нөлөөлдөг.

    6. Байнга шинэ хүмүүс ирж, тогтвортой ажилтан байдаггүй

    Шинэ хүн ирээд удахгүй ажлаа орхидог бол энэ нь байгууллагын соёл, удирдлагын арга барилд ноцтой асуудал байгааг илтгэнэ.

    7.  Таны үнэ цэнийг үгүйсгэж, хөгжих орон зай үгүйсгэдэг

    Хичнээн сайн ажилласан ч үнэлэгддэггүй, итгэл хүлээлгэдэггүй, өсөх боломжгүй бол энэ орчинд таны ирээдүй гэрэлтэй байх магадлал багатай.

    Хэрэв дараах шинжүүдээс 2 буюу түүнээс олон нь танд танил санагдаж байвал та асуудлыг үл тоох бус, өөрийгөө хамгаалах цаг иржээ.

    Тэгвэл одоо би юу хийх хэрэгтэй вэ? 

    • Цалин, туршлагад хууртах бус бодит нөхцөл байдлаа үнэлээрэй.

    • Найдвартай хүний нөөцийн мэргэжилтэн, эсвэл итгэлтэй нэгэнтэй нээлттэй ярилц.

    • Өөрийгөө буруутгах бус, зорилгоо санаж шийдвэр гарга.

    Таныг үнэлдэггүй, байнгын стресс, дарамт үүсгэдэг орчноос холдох зоригтой байгаарай. Та найрсаг, тогтвортой, хөгжих боломжтой орчинд ажиллах боломжтой, үнэ цэнтэй мэргэжилтэн юм шүү.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

     

  • Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын зар харангуутаа “За, ийшээ шууд анкет илгээе” гэж боддог уу? Гэхдээ түр азнаарай… доорх чухал 10 асуултуудыг өөрөөсөө асуусны дараа анкет илгээвэл  илүү оновчтой, өөрт тохирсон урт хугацааны зөв сонголт хийж чадах болно шүү.

    1. Би энэ ажилд үнэхээр дуртай юу?

    • Та энэ ажлыг хийхдээ сэтгэл ханамжтай байж чадах уу?
    • Эсвэл зүгээр л орлогын хэрэгцээнээс үүдэн анкетаа илгээж байна уу? гэдгийг заавал өөрөөсөө асуугаарай.

    Судалгаагаар  дуртай ажлаа хийдэг хүмүүсийн бүтээмж 33%-иар өндөр, ажлын байрандаа тогтвор суурьшилтай байх нь 2 дахин илүү байдаг.

    2. Ажлын байрны шаардлага миний ур чадвар хэр нийцэж байна вэ?

    • Ажлын байранд дурдсан шаардлагуудтай та нийцэж байна уу?
    • Ур чадварынхаа түвшинг бодитоор дүгнэж чадсан уу?

              Санамж: Таарахгүй ажлын байранд анкет илгээх нь таны өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.

    3. Байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлтэй би нийцэж чадах уу?

    • Ямар байгууллагад анкетаа илгээж байгаагаа судалж үзсэн үү?
    • Тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс таатай санагдаж байна уу?

    Жишээ: Та бүтээлч, уян хатан орчинд ажиллах дуртай бол, хэт их шат дамжлага бүхий байгууллагад дасан зохицох хэцүү байж мэднэ.

    4. Энэхүү ажлын байр ирээдүйд карьерын өсөлт хийх боломжтой юу?

    “Ямар ч ажил байхад болно” гэж яарах биш, “энэ ажилд орсноор ирээдүйд карьерын хувьд өсөн дэвших боломжтой юу?” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зүгээр л ажилтай болохоос илүү, энэ сонголт таны кареерийн замд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тунгаах хэрэгтэй.

    5. Миний CV тухайн ажлын шаардлагад нийцэж байна уу?

    Хэт ерөнхий, эсвэл нэг загварын хэдэн жилийн турш ашиглаж байгаа CV нь HR-ийн анхаарлыг татах магадлалыг бууруулдаг. Тухайн зарын шаардлагад нийцүүлэн CV-гээ өөрчилсөн үү? ЭНД ДАРЖ тухайн ажлын байранд таны CV хэдэн хувь тохирч байгааг ганц товшилтоор мэдээрэй.

    6. Би яагаад энэ ажилд орохыг хүсэж байна вэ?

    • Яагаад энэ байгууллага?
    • Яагаад энэ албан тушаал?

    Энгийн мэт боловч энэ асуултад хариулахдаа өөртөө үнэнч хандаж, өөрийн зорилго, сонирхлыг тодорхойлж чадвал та бусдаас ялгарч чадах болно.

    7. Миний давуу ба сул тал энэ ажилд хэрхэн нөлөөлөх вэ?

    • Аль чадвараа бүрэн ашиглаж чадах вэ?
    • Ямар сул тал дээрээ анхаарах хэрэгтэй вэ?                                                                                                                                                                                                                                                                  Бие даан, бодитоор өөрийгөө дүгнэх цаг иржээ. Аль давуу талаа илүү ашиглаж, ямар сул талаа сайжруулах шаардлагатай вэ гэдгээ ойлгож байж анкет илгээх нь ажилд орох дараа дараагийн алхмуудыг илүү хөнгөвчилж өгнө.

    8. Өмнөх ажлын туршлагаасаа ямар ур чадварыг энэ ажилд ашиглаж чадах вэ?

    • Сургалт, клуб, сайн дурын ажил — бүгдийг тооцоорой.
    • Ямар чадваруудыг шууд ашиглаж болох вэ?

    Жишээ: Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан бол бичгийн болон судалгааны чадвараа тодотгох дасгал ажлуудыг хийж үзээрэй.

    9. Би энэ байгууллагад ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

    Таныг ажилд авах хамгийн том шалтгааныг өөрөөсөө асуугаарай: “Би юу хийж чадах вэ?”

    10. Анкет илгээсний дараа би юу хийх вэ?

    • Хариу хүлээгээд суух уу, эсвэл өөр ажил судлах уу ?
    • Тухайн ажлын байртай холбогдох дугаар луу залгаад өөрийгөө танилцуулж, анкет илгээснээ мэдэгдэхэд буруудах зүйл байхгүй шүү.

    Анкет бол зүгээр нэг файл биш. Энэ бол таныг танилцуулах, үнэлүүлэх, мөрөөдлийн ажилд хүрэх гүүр юм. Тиймээс анкет илгээх бүрдээ өөрөөсөө эдгээр 10 асуултыг асууж, үнэхээр таны хүсэн хүлээж буй, үнэ цэнийг тань ойлгож үнэлэх газар мөн эсэхийг шалгаарай.

    Дараагийн алхам: Та эдгээр асуултад хариулж дууссан бол, одоо CV болон анкетынхаа чанарыг ЭНД ДАРЖ сайжруулаарай.

  • Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадад олон жил ажиллаж, сурч, амьдарч байгаад Монголдоо буцаж ирэхэд олон төрлийн мэдрэмж төрдөг. Зарим зүйлс танил санагдах ч, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн орчин тийм ч их тодорхой, ойлгомжтой санагдахгүй байж мэднэ.

    Гадаадад хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эх орондоо хэрэгжүүлнэ гэсэн хүсэлтэй эргэн ирж буй хүмүүс олон бий. Гэвч Монголын өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хэрхэн дахин нэвтрэх вэ гэдэг нь тодорхой бус байдаг. Хэрэв та яг одоо ийм асуудалтай тулсан байгаа бол дараах хэрэгцээт, бодит зөвлөмжүүд танд тус болно.

     1. Боловсрол, туршлагаа зөв “илэрхийлж” ойлгуулах 

    Гадаадад сурсан, ажилласан туршлагынхаа үнэ цэнийг харуулахын тулд тэдгээрийг Монголын нөхцөлд тохируулан тайлбарлах хэрэгтэй.

    🎓 Хэрэв та гадаадад сурсан бол:

    Мэргэжлээ Монголын ямар салбаруудад хэрхэн ашиглаж болохыг товч тодорхой тайлбарла. Дипломын ажил, судалгаа, төслүүдээс практик жишээ оруул. Сурсан программ, ур чадваруудаа тодорхой бичиж болно.

    💼 Хэрэв та гадаадад ажилласан бол:

    Албан тушаал, үүргээ Монголын байгууллагуудад ойлгомжтой хэлбэрээр тайлбарла. Үр дүнгээ тодорхой  илэрхийл (ж. “Хэрэглэгчийн гомдлыг 40%-ар бууруулсан”). Ажилласан аргачлал, системүүдээ (CRM, Agile, Notion гэх мэт) дурдаад, хэт их гадаад үг хэллэг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

    Зөвлөмж: Гадаадад байсан гэж өөрийгөө хэт үнэлэхээс илүү, ямар асуудлыг хэрхэн шийдсэнээ ойлгомжтойгоор илэрхийлж чадвал таны туршлага илүү үнэлэгдэнэ.

    2. Одоогийн хөдөлмөрийн зах зээлийг судал

    Магадгүй, та сүүлд Монголд ажилласнаас хойш олон зүйл өөрчлөгдсөн байж мэднэ. Старт-ап орчин илүү идэвхтэй хөгжиж, гадаадын компаниуд илүү олон Монгол ажилтантай болж, олон улсын жишгийг даган дижитал ур чадвар эрэлттэй болсон. Гэвч ажил олох нь одоог хүртэл танил талаараа шийдэгддэг байдал хэвээр байх магадлал өндөр гэдгийг ойлгох нь чухал.

    Зөвлөмж: Lambda Global, Zangia,Worki, LinkedIn зэрэг платформоос ажлын зар харахтай зэрэгцэн тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй холбогдоорой. Найз нөхөд, хуучин хамтран ажиллагсадтайгаа холбогдох нь мөн чухал.

     3. Танилын хүрээгээ дахин босгох(networking)

    Хэрэв та олон жил гадаадад байсан бол таны хуучин танилууд өөр салбар луу орсон, эсвэл бүр холбоо тасарсан байх магадлалтай. Тэглээ гээд та санаа зовох хэрэггүй. Жаахан цаг орох ч, шинээр танилын хүрээгээ бий болгоход л болно. Арван жил, их сургуулийн ангийнхан, хамтран ажиллаж байсан хүмүүс, багш нар зэрэг ойрын хүрээллээсээ эхлээрэй. Тухайн салбарын арга хэмжээнд оролцож, сургалт, сайн дурын ажилд нэгдэх боломжуудыг ашиглаарай.

    Зөвлөмж: Танил талаараа ажил хайхыг буруугаар бодох хэрэггүй. Монгол гэлтгүй, дэлхийн хаана ч “networking”- хийнгээ ажил хайх нь хэвийн зүйл байдаг. Танилын хүрээгээ тэлж, олон нийтийн дунд байж чадвал боломж өөрөө ирэх магадлалтай.

     4. “Reserve Culture Shock” -д орох магадлалтайг санах

    Мэргэжлийн орчны Монгол соёлд дахин дасан зохицох хэрэгтэйг та сайн ойлгож байсан ч, сэтгэлзүйн хувьд хүнд сорилтуудтай тулгарч мэднэ. Удирдлагын хэв маяг, удаан шийдвэр гаргалт, эсвэл хэт илэн далангүй шүүмжлэл гэх мэт зүйлс танд бухимдал төрүүлэхээр санагдаж болох талтай. Эхэндээ танд эх орондоо эргэн ирсэн ч гадны хүн мэт мэдрэмж төрөх болно. 

    Зөвлөмж: Монголд эргэн ирэх энэ үеэ шинэ соёлд дасан зохицох үйл явц мэтээр хүлээж аваарай. Монголын бодит нөхцөл байдлыг хэт их шүүмжлэлтэй хүлээн авалгүй, өөртөө дасан зохицох хугацааг харамгүй өгөөрэй. 

    5. Гадаадын туршлагаа даруугаар ашиглах

    Та зөвхөн гадаадад эзэмшсэн боловсрол, туршлагаасаа гадна, гадаад хэлний өндөр мэдлэг, олон улсын орчинд ажиллах арга барил, асуудлыг шийдвэрлэх уян хатан байдал, ёс зүйн арай өөр ойлголтыг ч авч ирж буй юм. Энэ бол асар их давуу тал. Гэхдээ эдгээр давуу талаа зөв цагт, зөв байдлаар хуваалцах хэрэгтэй.

    Дотоодын байгууллагын хэв маягийг хэт их шүүмжилж, “гадаадад ингэдэг” гэж яривал бусдын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Харин “Бид ийм асуудалтай тулгарч байхад тэгж шийдэж байсан, Монголд ингэж туршиж үзэж болох болов уу?” гэх байдлаар хандвал илүү үр дүнтэй.

    Эцэст нь:

    Эх орондоо эргэн ирж байгааг “бүхнийг тэгээс эхэлж байна” гэж хэт хүндээр хүлээн авах хэрэггүй. Та амьдралынхаа нэлээд том бэрхшээл, дамжлагыг туулж, өөрийгөө хөгжүүлээд ирж байгаа. Хамгийн чухал нь энэхүү туршлагаа Монголын нөхцөлд ухаалгаар, уян хатан байдлаар хэрэгжүүлэх явдал юм.

    Lambda Global таныг дэмжихэд бэлэн байна. Бид гадаадад амьдарч, ажиллаж байгаад эх орондоо ирсэн олон залуустай хамтарч ажилладаг. Хэрвээ та одоо энэ замыг туулж яваа бол ганцаараа биш гэдгээ санаарай. Монголд таны туршлага, таны дуу хоолой, таны хувь нэмэр хамгийн их хэрэгтэй.

  • Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Өглөө бүр өнөөх л нэгэн хэвийн уйтгартай, залхсан янзаар ажилдаа арай гэж очиж, өдрийг ямар ч үр бүтээмжгүй өнгөрүүлж байгаа юм биш биз? Бүтэн цагийн ажилтай, орлоготой ч нэг л зүйл болж өгөхгүй, цаанаасаа л ядраад, урам зориг үгүйлэгдээд сэтгэл дундуур байна уу?  

    Хэрвээ та энэ мэдрэмжтэй өдөр бүр нүүр тулж байгаа бол дараах нийтлэлийг анхааралтай уншаарай. Танд хэрэгтэй үнэт зөвлөгөөнүүд энд байна.

    Gallup-ийн 2023 оны олон улсын судалгаагаар дэлхийн хэмжээнд ажилтнуудын зөвхөн 23% нь ажлын байрандаа бүрэн сэтгэл хангалуун байдаг гэж хариулжээ. Харин үлдсэн 77% нь “зүгээр л цалингаа аваад ажиллаж байна” эсвэл бүр “сөрөг сэтгэлтэй ажиллаж байна” гэжээ. 

    ❓ Яагаад ажилдаа сэтгэл ханамжгүй болдог вэ?

    1. Өсөлтгүй орчин

    Нэгэн хэвийн, давтагддаг ажил нь таны бүтээлч сэтгэлгээг бууруулж, улмаар өсөн дэвших боломжгүй мэт мэдрэмж төрүүлдэг.

    2. Удирдлагын арга барил

    Таны гаргасан шинэ санаа, шийдлийг байнга үгүйсгэх, хийж бүтээж байгаа ажлыг тань үнэлдэггүй удирдлагатай бол сэтгэл ханамж буурдаг байна.

    3. Ажлын ачаалал ба цалин

    Хэт их үүрэг хариуцлагатай, олон цаг ажиллаж байгаа ч цалингийн үнэлгээ бага бол сэтгэл ханамжийг үгүй хийдэг.

    4. Зорилгын зөрүү

    Та өөрийн хүсэл, үнэт зүйл, чадварт нийцэхгүй ажил хийж яваа бол ажилдаа ямар ч сэтгэл ханамжгүй, гацсан мэдрэмжтэй, эрч хүчгүй болдог.

    Энэ байдлаас хэрхэн гарах вэ?

    1.  Өөрөөсөө асуу

    • Энэ ажлын юу нь надад таалагддаггүй вэ?
    • Юуг өөрчилбөл илүү сэтгэл ханамжтай байж чадах вэ?

    2. Ажлын орчноо анхааралтай ажигла

    Асуудал ганц танд биш байж мэднэ. Багийн уур амьсгал, удирдлагын хандлага, ажлын зохион байгуулалтыг нэг сайн ажигла.

    3.  Бага багаар өөрчлөлт хий

    Шинэ ур чадвар эзэмших, өөр салбарт судалгаа хийх, эсвэл дотоод шилжилтэд оролцох зэрэг алхамууд таны урам зоригийг сэргээж чадна.

    4. Мэргэжлийн зөвлөгөө аваарай

    Карьер коуч эсвэл HR мэргэжилтэнтэй ярилц. Тэд танд шинэ өнцөг, гарц харуулж чадна.

    5. Гарах шийдвэрийг айдсаар биш, зорилгоор удирдуулах

    Заримдаа ажил солих нь таны эрүүл мэнд, урам зориг, цаашдын амьдралын чанарт хамгийн зөв шийдвэр байх тохиолдол бий.

    Ажилдаа сэтгэл хангалуун байх гэдэг нь цалин, албан тушаалын тухай биш. Энэ нь:

    • Хувь хүний хөгжил
    • Үнэлэмж
    • Харилцаа
    • Орчин
    • Зорилготой ажиллах мэдрэмж гэсэн олон хүчин зүйлтэй гүн холбоотой.

    Хэрэв та  ажилдаа сэтгэл хангалуун бус байвал энэ бол таны сул тал биш харин өөрчлөлтийн цаг ирснийг илтгэх дохио байж мэднэ. Ирээдүйнхээ төлөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт болох өөрийгөө нээж, өөрчлөлт хийх чухал аяллаа  lambda.global-тай хамт эхлүүлээрэй.

  • Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага: Байгууллагын соёл

    Бид ажил дээрээ хоногийн 24 цагийнхаа дор хаяж 8 цаг, хамгийн ихдээ 12 цагийг зарцуулдаг. Ийм ч учраас хэнтэй ажиллаж байгаа, удирдагч нь ямар хүн болох гээд эдгээр зүйлсүүд хамгийн их ажил сонголтод нөлөөлдөг. Таны шинэ ажил сонгохдоо хамгийн түрүүнд тавьдаг шаардлага юу вэ?
    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны судалгаагаар, ажилтнуудын 64% нь ажлын байраа солих шийдвэр гаргахдаа цалингаас илүүгээр удирдлагын харилцаабайгууллагын соёл зэрэг орчны хүчин зүйлсийг илүү чухалчилдаг хандлага илэрсэн байна.

    Соёлтой байгууллага ямар байдаг вэ?

    • Итгэлцэлтэй удирдлага: Асуулт асуухад дарамт биш, боломж мэт хүлээж авдаг
    • Урам өгдөг хамт олон: Алдааг шүүмжлэх биш, сурч хөгжих боломж болгодог
    • Зорилгоо хамтдаа ойлгодог баг: “Чиний үүрэг” биш, “Бидний зорилго” гэсэн хандлагатай

    Харин эсрэгээрээ:

    • Хэт захиран тушаах удирдлага
    • Өрсөлдөөнт, эрс шүүмжлэлтэй орчин
    • Харилцаа дутмаг, багийн дэмжлэггүй орчин

    Эдгээр нь ажилтны бие сэтгэлд стресс үүсгэж, ажлын үр дүн буурахад болон цаашлаад ажлаас халшрах хам шинжид хүрэхэд нөлөөлдөг

    Ажил сонгохдоо өөрөөсөө асуух 3 асуулт:

    1. Энэ орчинд би санаа зовохгүйгээр өөрийгөө илэрхийлж чадах уу?
    2. Би зөвхөн ажлаа гүйцэтгэгч биш, багийн нэгэн гишүүн мэт мэдрэмж авах уу?
    3. Энд би зөвхөн ажиллах биш, хөгжих боломжтой юу?

    Одоо харин дээрх асуултууд таны компаний хараа зорилго, хувь хүний үнэ цэнтэй таарч байна уу шалгаад үзэцгээе.

    Байгууллагын соёлоо хэрхэн сайжруулах вэ?

    1. Үнэ цэн, зорилгоо тодорхой болго
    “Манай байгууллага юуны төлөө оршдог вэ?” гэдэг асуултанд ажилтан бүр нэг ижил хариулт өгч чадах уу?

    • Компанийн үнэт зүйл, эрхэм зорилго ханан дээр биш өдөр тутмын шийдвэрт тусгагдсан байх хэрэгтэй.
    • Үнэт зүйлсийг ажилтан бүртэй хуваалцдаг 15–30 минутын шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөр (onboiarding) хийх.

    2. Удирдлагын харилцаа соёлыг тодорхойлдог
    Удирдлагын ганц удаагийн “сайн ажиллалаа” гэдэг үг бүх багийн уур амьсгалыг өөрчилдөг.

    • Ажилтнуудын ажилд хэт хяналт тавихгүйгээр (micromanage) итгэл үзүүлэх
    • Шүүмжлэхээсээ өмнө сонсдог байдалыг тогтоох.

    3. Сонсоод өнгөрөх бус — сонсоод хэрэгжүүлдэг байх
    Ажилтнуудын саналын хайрцагтай ч хэн ч уншдаггүй бол соёлд сөрөг нөлөө үзүүлдэг.

    • Ажилтны санал асуулгын хариу арга хэмжээг нийтэд ил тод хуваалцах
    • “Саналын дагуу хийсэн өөрчлөлтүүд” гэх булан бий болгох

    4. Зөв хүн — Зөв орчин
    Соёл гэдэг бол зөв хүнээс эхэлдэг. Чадвараас гадна зан төлөв, багт тохирох байдал маш чухал.

    • Шинэ ажилтны сонгон шалгаруулалтанд зөөлөн чадвар-т (soft skill) суурилсан зан төлөвт суурилсан ярилцлага нэмэх. Энэ нь ажилтны өмнөх туршлагуудлыг таньж мэдэх болон танай байгууллагын соёлд хэр нийцтэйг шалгах зорилготой.

    5. Баяр хөөртэй амьд уур амьсгал
    Соёл гэдэг бол зөвхөн дүрэм, процесс биш. Хүмүүсийн баяр баясал, хоорондын холбоо юм.

    • Тэмдэглэлт өдрүүдийг албан ёсны байдлаар биш, багаар тэмдэглэх боломж олго
    • Ажилтныг таньж хүлээн зөвшөөрдөг дотоод “талархлын соёл” бий болго

    Эцэст нь..
    Байгууллагын соёл бол бичигдсэн уриа биш, өдөр бүр ажилтнуудын мэдэрдэг орчин юм. Итгэлцэл, харилцаа, дэмжлэгтэй уур амьсгал нь хүмүүсийг үлдээж, хөгжүүлдэг. Харин захиран тушаах, үл ойшоох хандлага нь байгууллагын үнэ цэнийг бууруулдаг.
    Соёлыг сайжруулахын тулд том өөрчлөлт биш — жижиг бөгөөд бодит алхмууд тогтмол шаардлагатай.

    Lambda.Global бол зөв хүн, зөв орчин, зөв соёлыг холбох гүүр юм.

    Зөв орчин — илүү бүтээмж — илүү тогтвортой хамт олон бий болдог.

    .

  • Ажил хүлээлцэх акт гэж юу вэ?

    Ажил хүлээлцэх акт гэж юу вэ?

    Ажил хүлээлцэх акт нь байгууллагын нэг ажилтан нөгөөдөө ажлаа шилжүүлэх, хүлээлцэх үед албан ёсоор зохион байгуулдаг баримт бичиг юм. Энэ баримт бичиг нь ажлын үүрэг, хариуцлага, орчин нөхцлийг тодорхойлсон гэрээний хэлбэртэй байдаг бөгөөд ажилтнуудын хооронд хариуцлагын хуваарилалтыг баталгаажуулдаг чухал баримт бичиг юм. Ажил хүлээлцэх акт нь байгууллагын үйл ажиллагааны үр ашигтай байдал, хариуцлагын хуваарилалтыг хангах зорилготой.

    Унших: Ажлаас гарах өргөдлийг хэрхэн бичих вэ?

    1. Ажил хүлээлцэх актын зорилго:

    Ажил хүлээлцэх акт нь хэд хэдэн чухал зорилготой:

    • Ажлын хариуцлага хуваарилах: Хэрэв ажилтан ажлаас гарах эсвэл шилжүүлэх шаардлагатай бол, ажил хүлээлцэх акт нь тухайн ажлын үүрэг хариуцлагыг шилжүүлэх, шинэ ажилтан хүлээж авах үед юу хийх шаардлагатайг нарийвчлан зааж өгдөг.
    • Шинэ ажилтанд чиглүүлэх: Шинэ ажилтан тухайн ажлын байрны үүрэг, хариуцлага, өдөр тутмын үйл ажиллагааг мэдэх боломжтой болох тул ажил үүргийн шилжилт хийхэд хялбар болдог.
    • Мэдээллийн хуваарилалт: Ажил хүлээлцэх акт нь байгууллагын дотоод ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд шаардлагатай бүх мэдээллийг ажлыг хүлээн авч буй шинэ ажилтанд дамжуулах боломжийг олгодог.
    • Шилжилтийн явцад үүсэх асуудлаас зайлсхийх: Ажил хүлээлцэх акт нь шилжилтийн үед үүсэх зөрчил, маргааныг багасгах, тэдгээрийг хууль ёсны дагуу зохицуулахад тусалдаг.

    2. Ажил хүлээлцэх актыг хэрхэн зохиох вэ?

    Ажил хүлээлцэх акт нь тодорхой бүтэц, агуулгатай байх шаардлагатай. Энэ нь дараах үндсэн хэсгүүдийг багтаасан байдаг:

    • Гүйцэтгэх үүрэг: Тухайн ажилтан ямар үүрэг хариуцлага хүлээн авч байсныг тодорхой зааж өгнө. Мөн энэ үүргийн хүрээнд хийсэн ажлууд, тохирсон стандарт, арга хэмжээ зэрэг нь ч тодорхой байх ёстой.
    • Ажил шилжүүлсэн хугацаа: Ажил үүргийн шилжилтийн огноо, хугацаа, хамтран ажиллах хүмүүсийн мэдээллийг тусгаж өгнө. Ажил шилжүүлэх өдөр болон цагийг нарийн тодорхойлсноор хоёр талын хүлээлт болон үүрэг, хариуцлага заагддаг.
    • Шилжүүлж буй материал, баримт бичиг: Хэрэв ажлын байрны үүрэгтэй холбоотой материал, баримт бичиг (жишээ нь, төслийн тайлан, техник хэрэгсэл, материал гэх мэт) шилжиж байгаа бол үүнийг заавал жагсаан оруулах хэрэгтэй.
    • Харилцаа холбоо: Шилжүүлж буй ажлын талаар мэдээлэл солилцох, асуулт тавих, тодруулга хийх аль аль талдаа зөвшөөрөгдсөн байх шаардлагатай.
    • Гэрээний хүчинтэй байдал: Ажил хүлээлцэх акт нь гэрээний зохицуулалттай холбоотой байдаг тул хүлээлцэх хугацаа дууссаны дараа гэрээний хүчинтэй байдал, хариуцлагын хуваарилалт тодорхой байх ёстой.

    3. Ажил хүлээлцэх актын ач холбогдол:

    • Тодорхой байдал: Ажил хүлээлцэх акт нь аль аль талдаа ажилтнуудад үүрэг, хариуцлагыг тодорхой болгодог. Энэ нь ажилтнуудад хувийн болон хамт олны үүрэг хариуцлагыг ойлгуулахад тусалдаг.
    • Албан ёсны гэрээ: Энэ нь зөвхөн албан ёсны баримт бичиг биш, энэ нь байгууллага дахь ажилчдын харилцааг зохицуулах, шаардлагатай мэдээллүүдийг шилжүүлэх үйл явцыг хөнгөвчлөх үйл явц юм.
    • Бүтээмж, тасралтгүй байдал: Ажлын хүлээлцэх актыг хэрэгжүүлэх нь байгууллагын дотоод үйл ажиллагааг тасралтгүй, үр ашигтай явуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрэв ажилтнууд хооронд ажлын шилжилт зөв зохион байгуулагдсан бол бүтээмж буурах эрсдэл бага болно.
    • Эрсдлийг бууруулах: Ажлыг шилжүүлж буй ажилтан нь өмнө нь хийсэн ажлынхаа талаар мэдээллийг нөгөөдөө өгч, ажлыг гүйцэтгэх явцад учирч болзошгүй эрсдлийг багасгана.

    4. Ажил хүлээлцэх акт хийх үеийн анхаарах зүйлс:

    • Давхар хяналт: Ажил үүргийг шилжүүлэх явцад бүх талаас мэдээлэл дамжуулах, нягтлах шаардлагатай. Мөн шилжүүлсэн бүх материал, хариуцлагуудыг хоёр талын баталгаажуулалт хийх нь чухал.
    • Зарчимч хандлага: Ажил хүлээлцэх процесс нь бүх талд шударга, энгийн байх ёстой. Энэ нь ажилчдыг өөр хоорондоо ойлголцох, хамтран ажиллахад шаардлагатай нөхцлийг бүрдүүлнэ.
    • Хөдөлмөрийн гэрээтэй уялдах: Ажил хүлээлцэх акт нь тухайн байгууллагын хөдөлмөрийн гэрээтэй уялдаатай байж, ажилчдын эрх, үүрэг, үүдэл бүхий шалгуурыг нэг мөр тодорхойлсон байх ёстой.

    Дүгнэлт:

    Ажил хүлээлцэх акт нь ажилтнуудын хоорондын шилжилт, хариуцлагыг тодорхой болгох, байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь зөв зохион байгуулалттай, албан ёсны баримт бичиг байж, байгууллагын дотоод үйл ажиллагаа болон ажилтнуудын харилцааг хариуцлагатай, тодорхой болгож өгдөг. Хэрэв ажилтан хооронд ажил үүргийн шилжилт сайн зохион байгуулагдсан бол байгууллагын бүтээмж, үр ашиг цаашид үргэлжлэн нэмэгдэх болно.

    ЭНД ДАРЖ ажлаас гарах өргөдлөө AI-аар бичүүлээрэй.

  • Ажлаас Гарах Өргөдлөө Өгсөний Дараа Яах Ёстой Вэ?

    Ажлаас Гарах Өргөдлөө Өгсөний Дараа Яах Ёстой Вэ?

    Унших: Ажлаас гарах өргөдлийг хэрхэн бичих вэ?

    Ажлаас гарах шийдвэр нь дараагийн карьер шат ахих, амралт авах гээд ямар ч шалтгаантай байж болох ч энэ нь зөвхөн өргөдлөө өгснөөр шийдэгддэг зүйл биш юм. Учир нь ажлаас гарах шийдвэрийг гаргасан бол, та байгууллагадаа өргөдлөө өгсний дараа хийх зүйлс бас бий. Хэрэв энэ үеийг зөв зохион байгуулж чадвал, энэ нь таны дараагийн карьер өсөлтөд таатай үр дүн авчрах юм. Харин яаж энэ алхмыг хийх, таны ирээдүйн ажилд хэрхэн нөлөөлөхийг ойлгох нь чухал. Тиймээс, бид энэхүү нийтлэлдээ ажлаас гарах өргөдлөө өгсний дараа хийх ёстой зүйлсийг танд танилцуулж байна.

    1. Өргөдлөө Албан Ёсоор Удирлагадаа Хүлээлгэн Өгөх

    Ажлаас гарах шийдвэрээ гаргаснаас хойш хамгийн эхний хийх алхам бол албан ёсоор өргөдлөө хүлээлгэн өгөх юм. Өргөдөл нь таны ажлаас гарах хүсэлтийг тодорхой заасан бичиг баримт байх бөгөөд үүнийг таны удирдлага эсвэл хүний нөөцийн алба хүлээн авах болно.

    • Өргөдөл бичихдээ анхаарах зүйлс:
      • Өргөдлөө бичихдээ эелдэг, мэргэжлийн байдлаар хандах хэрэгтэй.
      • Ажлаас гарах шийдвэрийнхээ шалтгааныг тодорхой өгч, ажлын байр болон хамт олон руу хүндэтгэлтэй үгсийг хэрэглэж, сайн харилцааг хадгалахыг зорь.
      • “Баярлалаа” гэдэг үгсийг оруулах нь маш чухал, учир нь энэ нь таны ажилласан байгууллагынхаа тусламж, боломжийг үнэлж байгааг харуулна.

    Жишээ өргөдөл:

    Ажлаас гарах өргөдлийн нийтлэг загварыг доор үзүүлж байна. Та энэ загварыг өөрийн хэрэгцээнд тохируулан өөрчлөн ашиглаж болно.

    [Огноо]

    [Ажил олгогчийн нэр]

    [Албан тушаал]

    [Компанийн нэр]

    [Компанийн хаяг]

    [Ажил олгогчийн нэр] Хүсэлт гаргах нь,

    Ажлаас чөлөөлөгдөх тухай

    Миний бие [Таны нэр] нь, [Компанийн нэр]-д, [Таны хэлтэс]-д ][Таны албан тушаал]-д [Ажилласан хугацаа] хугацаанд ажилласан. Миний бие [Ажлаас гарах шалтгаан, хэрэв хүсвэл] шалтгаанаар [Ажлаас гарах огноо]-ны өдрөөс эхлэн ажлаас гарах хүсэлтээ гаргаж байна.

    Ажлаа хүлээлгэн өгөх хугацаа [30 хоногийн дараа] байх бөгөөд энэ хугацаанд ажлын үүргээ хариуцлагатай гүйцэтгэж, хүлээлгэн өгөхөд бэлэн байна.

    [Компанийн нэр] болон хамт олондоо хамтран ажиллах боломж олгосонд талархал илэрхийлье.

    Өргөдлөө хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авна уу.

    Хүсэлт гаргасан

    [Таны нэр]

    [Таны гарын үсэг]

    ЭНД ДАРЖ ажлаас гарах өргөдлөө AI-аар бичүүлээрэй.

    2. Өргөдлөө Өгөхөд Тохиромжтой Хугацааг Сонгох

    Өргөдлөө өгснөөр таны ажлаас гарах хугацаа эхэлдэг бөгөөд үүнийгээ тодорхой болгох нь чухал. Ихэнх тохиолдолд Хөдөлмөрийн хуулиар ажлаас гарах хугацаа нь 30 хоног байдаг бөгөөд энэ хугацаанд өөрийн ажлыг бүрэн дүүрэн хүлээлгэн өгч дараагийн орлох хүнийг байгууллага хайдаг. Тиймээс энэ хугацаанд та ажил, үүргээ шилжүүлэн өгөх, хамтран ажиллагсаддаа өөрийг тань орлох шинэ хүн олж ирэхэд туслах боломжтой.

    Хугацаа сонгохдоо анхаарах зүйлс:

    • Компани тань хэр хурдан шинэ ажилтныг олж авах боломжтой эсэхийг харгалзан үзээрэй.
    • Хэрэв компанидаа гүйцэтгэж байсан ажил үүрэг тань чухал бол, та ажлаа шилжүүлж өгөх хугацааг урт байлгахыг зориорой.
    • Таны ажлыг хүлээн авч буй хүнд ажлаа амжилттай шилжүүлж өгсний дараа ч хариуцлагаа сайтар хүлээх нь таны мэргэжлийн нэр хүндийг нэмэгдүүлэхэд тустай.

    3. Хариуцсан Ажил Үүргээ Бүрэн Дуусгах

    Ажлаас гарах өргөдлөө өгснөөр та тухайн ажлыг бүрэн хариуцах шаардлагагүй ч гэсэн үүний дараах хугацаанд ч мэргэжлийн ёс зүйг хадгалж ажлаа бүрэн дүүрэн хүлээлгэн өгөх дээр анхаараарай. Та ажлаас гарч байгаа ч таны нэр хүнд, харилцаа, ажлын ур чадвар тухайн байгууллагад чухал хэвээр үлдэнэ.

    Юу анхаарах хэрэгтэй вэ?

    • Ажлаасаа гарсны дараа ч, та цаг алдалгүй үүрэг, хариуцлагаа бүрэн дуусгах хэрэгтэй.
    • Өөрийн хариуцсан төслүүд, удирдаж байсан үйл ажиллагаа, харилцаагаа зохих хүмүүст шилжүүлж өгөх.
    • Ажлын үед болсон эерэг харилцаа, хамтран ажилласан хүмүүсийн сэтгэл санааг хадгалж үлдэхийг хичээгээрэй. Хамт олондоо талархал илэрхийлж, ажилд нь амжилт хүсэх нь сайн харилцааг үргэлжлүүлэхэд тусална.

    4. Талархал Илэрхийлэх

    Ажлаас гарах шийдвэрээ гаргасны дараа, хамт олон, удирдлагад талархал илэрхийлэх нь таны мэргэжлийн нэр хүндэд маш сайн нөлөөтэй. Хэдийгээр та гарч байгаа ч, хамтран ажилласан бүх хүмүүст талархаж, тэдний хувь нэмэрт хүндэтгэл үзүүлэх нь чухал.

    Жишээ талархал илэрхийлэх үгс:

    • “Энэ компанид ажиллах нь миний хувьд үнэхээр сайхан туршлага байсан. Хамт олныхоо хамтын ажиллагаа, дэмжлэгт ямагт маш их талархаж байх болно.”
    • “Би энэ хамт олны нэг хэсэг байхдаа үүрэгт ажлаа амжилттай гүйцэтгэхэд шаардлагатай олон зүйлээс суралцсан. Тусламж, дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүст талархал илэрхийлье.”

    5. Шинэ Үүрэгт Шилжихэд Бэлтгэх

    Ажлаас гарах шийдвэр нь таны дараагийн карьерийн шинэ замд шилжих эхлэл. Өргөдлөө өгсний дараа шинэ ажлынхаа талаар бэлтгэлээ сайн хийж, аль болох хурдан шилжих шаардлагатай.

    • Танд шинэ ажил, амьдралын шинэ сорилт ирэх учир түүнд бэлэн байх хэрэгтэй.
    • Шинэ ажлын орчинд хэрхэн амжилттай ажиллах, таны эзэмшиж буй ур чадварыг шинэ нөхцөлд хэрхэн ашиглах талаар бодож, бэлтгэл хийх нь чухал.

    Ажлаас гарах шийдвэр гаргасан нь амаргүй байж болох ч зөв хандлага, зохион байгуулалттай хандах нь энэ үйл явцыг зөөлрүүлж, таны ирээдүйн амжилттай карьер өсөлтөд тусална. Өргөдлөө өгсний дараах хугацаанд мэргэжлийн ёс зүйгээ хадгалахын зэрэгцээ, хамт олондоо талархаж, шинэ боломж руу чиглэн алхах нь чухал.

  • Ажлын байран дээрх бүтээмжээ нэмэгдүүлэх аргууд

    Ажлын байран дээрх бүтээмжээ нэмэгдүүлэх аргууд

    Бүтээмж гэдэг нь тухайн ажилтаны байгууллагадаа оноогдсон ажил үүргээ ямар хурдтайгаар, чанартай үр дүнд хүрч байгааг илэрхийлэх үзүүлэлт юм. Бүтээмжийг нэмэгдүүлэх нь зөвхөн хувь хүний хувьд гэлтгүй таны ажиллаж байгууллагын түвшинд ч чухал ач холбогдолтой. Ажилтан бүрийн бүтээмж нэмэгдэх тусам, байгууллагын амжилт ч нэмэгдэж, нийгэм эдийн засагт ч эерэг нөлөө үзүүлдэг. Тиймээс өнөөдрийн нөхцөл байдалд хэрхэн бүтээмжээ нэмэгдүүлэх хэд хэдэн аргыг авч үзье.

    1. Зорилго тодорхойлох ба төлөвлөгөө гаргах

    Ажилдаа амжилттай хандах үндсэн арга нь тодорхой зорилго тавьж, түүнд хүрэх төлөвлөгөө гаргах юм. Зорилго тодорхой байх нь ажлын явцыг чиглүүлж, илүү төвлөрсөн байдлаар ажиллах боломжийг олгодог. Зорилгоо эерэг, тодорхой, хэмжигдэхүйц (SMART) байх хэрэгтэй. Мөн өөртөө богино болон урт хугацааны зорилгуудыг тавьж, шаардлагатай алхам тус бүрийг төлөвлөснөөр бүтээмжийг нэмэгдүүлэх боломжтой.

    2. Үр ашигтай цагийн удирдлага

    Цагийн менежмент нь бүтээмжийг нэмэгдүүлэх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм. Ажилтнууд үр дүнтэй, зохион байгуулалттай ажиллахын тулд цагийн менежментэд анхаарал хандуулах хэрэгтэй. Зорилгоо бүртгэж, тэргүүлэх ач холбогдолтой ажлуудаа хамгийн эхэнд гүйцэтгэх, цаг заваа зөв хуваарилах нь бүтээмжийг нэмэгдүүлдэг. Мөн ажлын завсарлага, амралтыг зөв тооцоолох нь сэтгэл санааны хувьд ч, эрүүл мэндийн хувьд ч чухал юм.

    3. Шинэ технологиудыг ашиглах

    Технологийн хөгжил нь бүтээмжийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болсон. Өнөө үед автоматжуулалт, хиймэл оюун ухаан (AI), програм хангамжийн тусламжтайгаар ажлыг хурдасгах боломжууд нэмэгдсэн. Ажилтнууд илүү хялбар, хурдан шийдлүүдийг ашиглан өдөр тутмын ажлаа амжилттай гүйцэтгэж чадна. Жишээлбэл, төлөвлөлтийн системүүд, ажлын даалгавар хуваарилах платформууд нь ажлын бүтээмжийг хэд дахин нэмэгдүүлж чадна.

    4. Эрүүл мэнд ба сэтгэл санааг дэмжих

    Ажилтнуудын эрүүл мэнд болон сэтгэл санаа нь бүтээмжид шууд нөлөөлдөг. Эрүүл мэндийн асуудлууд болон стресс нь хүний бүтээмжийг муутгах гол хүчин зүйлсийн нэг юм. Тиймээс, ажилтнуудын сэтгэл санааг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих үйл явцуудыг байгууллагууд анхаарах хэрэгтэй. Амралт, дасгал хөдөлгөөн, эрүүл хооллолт зэрэг нь бүтээмжийг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

    5. Хамтын ажиллагаа

    Бүтээмжийг нэмэгдүүлэх нь зөвхөн хувь хүний сайн гүйцэтгэл хурдаас гадна хамт олны оролцоо чухал нөлөөлдөг. Үндсэн зорилгоо биелүүлэхэд ажилтнууд хоорондоо харилцан ойлголцох, туслалцаа үзүүлэх, нээлттэй харилцах нь чухал юм. Хамтын ажиллагаа, мэдлэг хуваалцах, багийн уур амьсгал сайн байх нь бүтээмжийг ихээр нэмэгдүүлдэг. Хамтарч ажиллах үед бүтээмжийн өсөлт зөвхөн хувь хүнээс хамаарахгүй, харин нийт багийн хичээл зүтгэлээс хамаардаг.

    6. Үнэлгээ, сайжруулалт

    Тогтмол үнэлгээ хийх, өөрчлөлт, сайжруулалтыг хүлээн авч хэрэгжүүлэх нь үр дүнд хүрэх нэгэн ач холбогдолтой арга юм. Хамтран ажилладаг хүмүүс болон менежерүүд тодорхой хугацааны дараа ажилтан болон багийн гүйцэтгэлийг үнэлэх хэрэгтэй. Үнэлгээ нь зөвхөн амжилт, давуу талуудаас гадна сайжруулах шаардлагатай талуудыг илрүүлж, дээр нь ажиллах боломжийг олгодог.

    7. Суралцах, хөгжих

    Өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх нь бүтээмжийн нэг том үндэс юм. Шинэ ур чадвар эзэмших, мэдлэгийн хүрээгээ тэлэх нь ажлын бүтээмжид эерэгээр нөлөөлнө. Хүний чадвар болон ур чадварыг сайжруулах нь илүү өндөр гүйцэтгэлтэй, бүтээмжтэй ажиллахад туслах болно. Үүний тулд олон төрлийн сургалт, семинар, хуралд оролцох хэрэгтэй.

    8. Эерэг хандлага

    Эерэг хандлага нь хүний бүтээмжид хамгийн том нөлөө үзүүлдэг хүчин зүйлсийн нэг юм. Тиймээс амжилт гаргах хүсэл эрмэлзэлтэй байж, хүндрэлийг даван туулах, бэрхшээлээс суралцах хандлага бүтээмжийг өсгөдөг. Эерэг хандлагатай хүн хэзээд шинэ санаа, шинэ шийдлүүдийг хайж, бүтээлчээр ажиллахад бэлэн байдаг.

    Дүгнэлт

    Ажлын байран дээр бүтээмжийг нэмэгдүүлэх нь зөвхөн цаг хугацаа, хүчин чармайлт шаарддаг зүйл биш, харин зохион байгуулалт, зорилго тодорхойлох, эрүүл мэндийг дэмжих, технологийг ашиглах зэрэг олон талын хүчин зүйлсээс хамаардаг. Тиймээс хүн бүр бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд өөрийн үйл ажиллагаагаа сайжруулж, багаас эхлэн өөрчлөлтүүдийг хүлээн зөвшөөрч, хөгжих хэрэгтэй. Ажилтан бүр энэ алхмуудыг амжилттай хэрэгжүүлж чадвал, бүтээмж нь өсөн нэмэгдэж, ажлын орчин сайжирч, байгууллага амжилтад хүрэх боломжтой.