Category: Компанийн соёл

  • Залуусыг татах шинэ үеийн ажлын байрны нөхцлүүд

    Залуусыг татах шинэ үеийн ажлын байрны нөхцлүүд

    Өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд шинэ үеийн залуус (Миллениал болон Z үе) улам хүчтэй оролцох болжээ. Тэд өмнөх үеийнхнээс ялгаатай сэтгэлгээ, хандлагатай, илүү уян хатан, утга учиртай, өөрийгөө хөгжүүлэх боломжтой ажлын байрыг эрэлхийлж байгаа гэнэ шүү. Байгууллагууд залуу үеийнхний энэ шинэ хандлагыг ойлгож, сонирхлыг нь татахуйц ажлын орчныг бүрдүүлэх шаардлагатай болжээ. Ингээд залуусыг хамгийн их татдаг ажлын байрны нөхцөлүүдийг судалгаанд тулгуурлан танилцуулж байна.

    1. Уян хатан цаг

    LinkedIn (2024) судалгаагаар : Залуусын 87% нь уян хатан цагтай ажлыг илүүд үздэг гэжээ. Харин Монголд Career.mn 2024 оны судалгаагаар ажлын цаг уян хатан байх нь 10 хүн тутмын 7-д ажлын байр сонгох хамгийн чухал шалгуур гэсэн дүгнэлт гарчээ. Тэгэхээр дэлхий даяарх залуу үеийнхэн уян хатан цагтай ажлын байрыг хамгийн ихээр хайж байгаа гэхэд хилсдэхгүй.

    Яагаад уян хатан цагийн хуваарь чухал вэ?
    Залуус ажлын цагт хязгаарлагдахыг хүсдэггүй. Тэд бүтээмж хамгийн чухал гэж үздэг бөгөөд заавал оффист 8 цаг суух шаардлагагүй гэж боддог. Зарим залуус 8 цагт хийх ажлыг 4 цагт илүү үр бүтээлтэй гүйцэтгээд, үлдсэн цагтаа өөрт хэрэгтэй зүйлсэд анхаарах сонирхолтой байдаг. Тэдний хувьд ‘ажил, амьдралын тэнцвэр’ бол хамгийн чухал үнэт зүйл бөгөөд ажлын цаг биш, үр дүнг үнэлэх нь зүйтэй гэж үздэг.”

    2. Remote ба Hybrid ажиллах боломж

    Microsoft Work Trend Index (2024) судалгаагаар залуусын 73% нь гэрээсээ эсвэл hybrid горимоор ажиллахыг хүсдэг байна. Харин монголд remote ажиллах боломж олгодог байгууллагад орох залуусын сонирхол  1.6 дахин их байдаг байна. Залуусын хувьд hybrid горим нь байршлын хязгаарлалтад баригдалгүй, өөрийн амьдралын хэв маягт тохируулан ажиллах боломжийг олгодог хамгийн чухал нөхцлүүдийн нэг юм. Тэд оффист заавал өдөр бүр суух шаардлагагүй гэж үзэж, чөлөөтэй сонголт, уян хатан орчинг эрхэмлэдэг. Ийнхүү залуус өөрт тохирсон орчинд үр бүтээлтэй ажиллахыг илүүд үзэж байна.

    3. Карьер өсөх боломж

    LinkedIn Talent Report (2024) судалгаагаар залуусын 76% нь карьер өсөх боломжийг чухалчилдаг байна.  Залуусын хувьд ажил гэдэг зөвхөн өглөө ирж, орой тарах хэвшмэл үйлдэл биш, харин өглөө бүр ирэхдээ өөрийгөө хөгжүүлэх, суралцах, ур чадвараа ахиулах орон зай байх ёстой гэнэ шүү. Тэд ажлын байранд байнга өсч, өөрчлөгдөж, шинэ сорилтод бэлэн байх боломжийг эрхэмлэдэг. Хэрвээ тухайн байгууллага залууст энэ хөгжлийн орчныг бүрдүүлж чадахгүй бол тэд удаан тогтож, үнэнчээр ажиллах магадлал багасдаг. Учир нь залуусын хувьд ахиж дэвших тодорхой зам, тасралтгүй суралцах боломж бол карьер сонголтдоохийх хамгийн чухал хүчин зүйлсийн нэг юм.

    4. Цалингаас илүү байгууллагын соёл чухал

    Glassdoor (2024) судалгаанаас үзэхэд залуусын 79% нь байгууллагын соёл өөрийн үнэт зүйлтэй нийцэх ёстой гэж үздэг. Монголд career.mn хийсэн судалгаагаар ажил сонгохдоо тавьдаг чухал шалгуурын 2-р байранд ажлын уур амьсгал,байгууллагын соёл нэрлэгджээ. Үүнээс үзэхэд цалин өндөр байх нь чухал хэдий ч залуус зөвхөн цалингаас болж шийдвэрээ гаргадаггүй. Тэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх, хамт олонтойгоо ойлголцож, хөгжих, тав тухтай ажиллах орчин ч мөн адил чухал гэж үздэг. Өөрийн үнэт зүйлд нийцсэн, эерэг соёлтой байгууллагад залуус илүү сэтгэл хангалуун, удаан хугацаанд ажиллах хүсэлтэй байдаг.

    5. Шинэ санаа, санаачилгыг дэмждэг байгууллага хамгаас чухал

    Forbes Gen Z Research (2024) судалгаагаар залуусын 68% нь “Миний санал, санаачлага оролцоог байгууллага хэр хүлээж авдаг вэ?” гэдгийг ажил сонгох хамгийн чухал шалгуурын нэг гэж үзжээ. Орчин үеийн залуус зөвхөн ажлаас үүрэгдсэн буюу өгөгдсөн үүргийг гүйцэтгэгч байхыг хүсдэггүй. Харин ч тэд байгууллагынхаа шийдвэр гаргах үйл явцад оролцох, өөрийн санаа, дуу хоолойг чөлөөтэй илэрхийлэх боломжтой байхыг эрхэмлэдэг. Тэдний хувьд шинэ санаа дэвшүүлэх, хамтдаа шийдэл олох, байгууллагын ирээдүйд хувь нэмрээ оруулах мэдрэмж хамгийн чухал. Хэрэв тэдний оролцоог үнэлдэг, санаачлагыг нь дэмждэг нээлттэй соёл байвал залуус илүү урам зоригтой, сэтгэл хангалуун, тогтвортой, ажилладаг байна.

    Дүгнэвэл:  

    Байгууллага шинэ үеийн чадварлаг залуусыг татахыг хүсэж байвал дараах таван зүйлийг бодитой хэрэгжүүлэх хэрэгтэй. Үүнд:

    • Уян хатан ажлын цаг
    • Remote болон Hybrid ажиллах боломж
    • Карьер өсөх тодорхой зам
    • Эерэг, нээлттэй, итгэлцэлтэй соёл
    • Шинэ санаа, оролцоог хүлээж авдаг менежмент

    Ингэж чадвал байгууллага залууст итгэл төрүүлж, урт хугацаанд хамтдаа өсөн дэвших, үнэ цэнтэй хамтын ажиллагааг бий болгох боломжтой. Залуус ажил хийхгүй байна гэж гомдоллохын оронд тэднийг татахуйц орчин, нөхцлийг санал болгож, илүү нээлттэй, уян хатан байж үзээрэй. Таны төсөөлөөгүй шинэ боломж, амжилт, сэтгэл хангалуун залуус танай байгууллагыг зорин ирэх нь дамжиггүй. Заримдаа жижиг өөрчлөлт маш том эерэг үр дүнд хүргэдэг шүү.

    УНШИХ: Ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх эерэг ажлын орчин

    Илүү олон зөвлөгөө мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

  • Ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс

    Ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг хүчин зүйлс

    Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд байгууллагууд ашигт ажиллагаа, өндөр гүйцэтгэлд анхаарахаас гадна ажилтны сэтгэл ханамж, урам зориг, ажлын орчны эерэг уур амьсгал зэрэг хүний нөөцийн зөөлөн хүчин зүйлсэд анхаарч байна. Учир нь илүү тогтвортой, бүтээлч хандлагатай, үр дүн өндөртэй байхын тулд ажилчид сэтгэл хангалуун байх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Тиймээс ажилтны сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг хүчин зүйлсийг дор жагсаавал:

    1. Харилцаа, итгэлцэлтэй удирдлага

    Ажилтан өөрийн санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүнийг нь дээд шатны удирдлагууд түүнийг сонсож, үнэлдэг бол тухайн ажилтны ажлын сэтгэл ханамж мэдэгдэхүйц нэмэгддэг. Нээлттэй харилцаа бол хамт олны дунд итгэлцлийг бий болгож, ажлыг урамтай хийх нөхцөлийг бүрдүүлдэг.

    2. Шударга, ойлгомжтой цалин урамшуулал

    Хөдөлмөрийн үнэлэмж тодорхой, шударга байдал хангагдсан тохиолдолд ажилтны сэтгэл ханамж өндөр байдаг. 
    Тодорхой урамшууллын систем, зорилтот нэмэгдэл, шинэ санаачилгыг үнэлэх бодлого нь ажилтны идэвхийг дэмждэг юм.

    3. Ажлын ачаалал ба уян хатан байдал

    Ажил амьдралын тэнцвэрийг дэмжсэн уян хатан цагийн хуваарь, зайнаас ажиллах боломж, илүү цагаар ажиллах шаардлагагүй байдал нь ажилтны стрессийг бууруулж, ажлаа удаан хугацаанд үр дүнтэй хийх боломжийг олгодог. Зарим байгууллагууд хугацаанд суурилсан гүйцэтгэлийн систем нэвтрүүлснээр энэ тал дээр ахиц гарч байна.

    4. Хувь хүний хөгжил, дэмжлэг

    Ажилтныг мэргэжлийн болон хувийн түвшинд хөгжих боломжоор тогтмол хангаж буй байгууллагуудын ажилтнууд илүү удаан хугацаанд тогтвортой ажиллах хандлагатай байдаг. Үүнд дотоод сургалт, менторшип хөтөлбөрүүд, гадаад сургалтад хамруулах боломж, албан тушаалын өсөлтийн тодорхой зам зэрэг нь ажилтны ур чадварыг сайжруулж, байгууллагад үнэ цэнээ мэдрэхэд түлхэц өгдөг байна.

    5. Танигдах, үнэлэгдэх мэдрэмж

    Аливаа ажлыг сайн хийсэн хүнийг цаг тухайд нь магтаж урамшуулах нь маш чухал. Ажилтан өөрийгөө үнэлэгдэж, байгууллагад үнэ цэнтэй гишүүн гэж мэдэрвэл тэр илүү их хүчин чармайлт гаргах болно. Үүний тулд  тухайн сарын шилдэг ажилтан, нийтэд талархал илэрхийлэх үйл ажиллагаа, урамшууллын хуудас зэргйиг хэрэгжүүлэх нь энгийн хэдий ч үр нөлөө өндөртэй байдаг.

    6. Тайван, эерэг ажлын орчин

    Ажлын байрны физик болон сэтгэлзүйн орчин ажилтны сэтгэл ханамжид ихээхэн нөлөөлдөг. Гэрэлтэй, цэвэрхэн, дуу чимээ багатай орчинд ажиллах, мөн хамт олны уур амьсгал эерэг байх нь ажлын бүтээмжийг дээшлүүлэх үндэс болох юм.

    Сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд байгууллага дараах зүйлсэд анхаарах шаардлагатай:

    Ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд байгууллага нь эерэг ажлын орчин бүрдүүлж, шударга, нээлттэй удирдлагын соёлыг төлөвшүүлэх шаардлагатай. Итгэлцэлтэй харилцаа, урамшуулал хүлээн зөвшөөрөлт, бодит ачаалалтай ажлын нөхцөл, уян хатан хуваарь зэрэг нь ажилтны сэтгэл ханамжид шууд нөлөөлдөг. Үүнээс гадна мэргэжлийн хөгжил, карьер ахих боломжийг хангах нь урт хугацаанд ажилтны үнэнч байдал, бүтээмжийг дэмжих сайн талтай.

    Мөн ажилтны хийж буй ажлын утга учир, байгууллагын зорилго, үнэт зүйлтэй уялдаа холбоотой байх нь тэдний урам зоригийг нэмэгдүүлдэг. Тиймээс байгууллагууд зөвхөн гүйцэтгэлд анхаарахаас гадна ажилтнуудын сэтгэл зүйн хэрэгцээ, нийгмийн үнэлэмжийг ойлгож, бүтээлч, дэмжлэгтэй соёлыг бий болгох нь чухал юм.

    Ажилтны сэтгэл ханамж нь зөвхөн цалин, ажлын байрны нэр хүндээр хязгаарлагдахгүй. Харин ч илүү өргөн хүрээтэй удирдлагын харилцаа, орчны уур амьсгал, хувь хүний хөгжлийн дэмжлэг гэх мэт олон талт хүчин зүйлээс хамаардаг. Сэтгэл ханамжтай ажилтнуудын тогтвор суурьшил өндөр, бүтээмж сайтай, хамт олны уур амьсгал ч эерэг байдаг нь олон судалгаагаар батлагдсан байдаг.

    Мөн түүнчлэн ажилтнуудын сэтгэл ханамж нь байгууллагын тогтвортой өсөлт, бүтээмжтэй шууд холбоотой. Харилцан ойлголцол, шударга урамшуулал, уян хатан байдал, хөгжлийн боломж зэргийг зохистой хослуулсан орчинд ажилтнууд хамгийн сайн үр дүн гаргадаг.

    https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тусална.

    Унших: Ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх эерэг ажлын орчин

  • Ажлын байрны уур амьсгалд яагаад анхаарах ёстой вэ?

    Ажлын байрны уур амьсгалд яагаад анхаарах ёстой вэ?

    Та өглөө ажилдаа явахдаа сэтгэл хангалуун, урам зоригтой байдаг уу? Эсвэл өдөр бүрийн эхлэл танд тухтай биш санагдаж байна уу?

    Энэ асуултын хариулт таны ажиллаж буй орчны уур амьсгалтай салшгүй холбоотой билээ. Яг л байгалийн уур амьсгал улирлаар өөрчлөгддөг шиг, ажлын орчинд ч дулаахан, ажилчдаа дэмжсэн уур амьсгалтай байж болно, эсвэл хүйтэн, дарамттай байдал ч ноёрхож болох юм.

    Ажлын уур амьсгал гэж яг юу вэ?

    Ажлын уур амьсгал гэдэг нь байгууллагын дотоод соёл, хамт олны харилцаа, удирдлагын арга барил, ажлын орчны нөхцөл зэрэг нийтлэг хүчин зүйлсийн нийлбэрийг хэлдэг. Энэ нь ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмж, ажлын байрандаа үлдэх эсэх шийдвэрт шууд нөлөөлдөг чухал ойлголт. Товчхондоо бол таны ажиллах орчны ая тух, сэтгэл ханамж юм.

    Ажлын уур амьсгалын гол бүрдэл хэсгүүд

    1. Хамт олны харилцаа – Бие биенээ хүндэлдэг, тусалдаг хамт олон ажлыг илүү бүтээмжтэй болгодог.

    2. Удирдлагын арга барил – Удирдлагын шударга хандлага, ойлгомжтой чиглэл өгөх байдал нь итгэлцэл төрүүлдэг.

    3. Ажлын орчин, тав тух – Аюулгүй, цэвэрхэн, бүтээлч уур амьсгалтай орчин төвлөрлийг нэмэгдүүлдэг.

    4. Хөдөлмөрийн үнэлэмж – Сайн ажлыг үнэлж, урамшуулдаг тогтолцоо урам өгдөг.

    5. Хувь хүний хөгжлийн боломж – Сурч хөгжих, шат ахих боломж нь карьерын өсөлтөд чухал байдаг.

    Яагаад чухал вэ?

    Ажлын таатай уур амьсгал нь сэтгэл ханамжтай ажиллах үндэс болдог. Өдөр бүр дуртай ажлаа хийх нь амьдралынхаа хагасыг баяр баясгалантай өнгөрөөж буйтай утга нэг. Ийм орчинд багийн бүтээмж эрс нэмэгдэж, ажилтнууд тогтвортой байдалтай, сэтгэлзүйн хувьд эерэг хандлагатайгаар ажилладаг нь судалгаагаар батлагдсан юм. Сайн хамт олон, ойлгож дэмждэг удирдлага нь стрессийг бууруулж, ажилтны сэтгэлзүйн эрүүл мэндийг дэмжих эерэг нөлөөтэй.

    Ажил хайж буй хүмүүст зориулсан зөвлөмж

    Хөдөлмөрийн зах зээлд ажлын байрны уур амьсгалыг урьдчилан мэдэхэд хүндрэлтэй байдаг ч дараах аргуудаар өөрт тохирох орчинг таньж, зөв шийдвэр гаргах боломжтой:

    Ярилцлагын үеэр зоригтой асуулт асуух
    Ажил олгогчоос “Танай хамт олны уур амьсгал ямар вэ?”, “Шинэ ажилтнууд хэрхэн дасан зохицдог вэ?” зэрэг асуултыг асууснаар тухайн байгууллагын дотоод соёл, хамт олны харилцааны талаар тодорхой ойлголт авч болно. Энэ нь зөвхөн таны сонирхлыг илтгээд зогсохгүй, байгууллагад хэр нийцтэй хүн бэ гэдгийг харуулдаг.

    Өмнөх ажилтнуудын санал бодлыг судал
    LinkedIn байгууллагын профайл, Facebook-ийн хуудас болон ажил хайдаг бүлгүүд, салбарын хүрээлэл, танил найзуудаасаа тухайн байгууллагын соёл, уур амьсгалын талаар асууж, бодит туршлагад суурилсан мэдээлэл аваарай. Бусдын туулсан туршлагаас суралцах нь эрсдэлээс сэргийлэх ухаалаг алхам болдог.

    Өөрийн үнэт зүйлтэй уялдуулах
    Таны хувьд ямар орчинд ажиллах нь хамгийн тохиромжтой вэ? Та бие даан шийдвэр гаргах боломжтой, уян хатан орчинд дуртай юу? Эсвэл багийн уур амьсгал, хамтын ажиллагаанд урам авдаг уу? Үнэт зүйлсээ тодорхойлж, тухайн байгууллагын соёлтой уялдуулах нь урт хугацаанд сэтгэл ханамжтай, тогтвортой ажиллах үндэс болдог.

    Ажлын санал хүлээн авахаасаа өмнө эдгээр зүйлсийг нягталснаар та зөвхөн ажлын байр бус, өөрт тохирсон амьдралын хэв маягийг сонгож чадна.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

  • Тууштай ажиллахын үр нөлөө

    Тууштай ажиллахын үр нөлөө

    Олон хүн шинэ боломж, өндөр цалин, уян хатан нөхцөл хайж ажлаа ойр ойрхон сольдог. Гэхдээ нэг салбар, нэг байгууллагад тууштай ажиллах нь хувь хүнд болон байгууллагад маш олон эерэг үр дагавартай юм. Ингээд тууштай ажиллахын үр нөлөөг хамтдаа мэдэж авъя. 

     Хувь хүнд үзүүлэх давуу тал

    1. Мэргэжлийн ур чадвар гүнзгийрнэ

    Нэг салбарт урт хугацаанд ажилласнаар тухайн чиглэлд гүн мэдлэг, баялаг туршлага хуримтлуулдаг. Ингэснээр таны үнэ цэнэ хөдөлмөрийн зах зээлд өсдөг.

    Судалгаагаар Америкийн Gallup судалгааны байгууллагын 2023 оны тайланд дурдсанаар 5-аас дээш жил нэг салбарт ажилласан хүмүүсийн 78% нь “ажлын гүн мэдлэг, туршлагатай” гэж үнэлсэн байна.

    2. Албан тушаал ахих, цалин нэмэгдэх боломж 

    Тууштай ажилласнаар байгууллагын соёл, дотоод бүтэц, бодлогыг бүрэн ойлгож, удирдлагын итгэлийг олж авдаг. Энэ нь албан тушаал дэвших, илүү хариуцлагатай ажил хүлээх, улмаар цалин өсөх үндэс болноLinkedIn-ийн 2022 оны судалгаагаар нэг байгууллагад 3-5 жил тогтвортой ажилласан хүмүүсийн 45% нь албан тушаал ахисан байна.

    3. Сэтгэл ханамж, ажилдаа дурлах мэдрэмж нэмэгдэнэ

    Тууштай ажилласан хүмүүсийн хувьд ажлын байр нь аюулгүй, итгэл төрүүлсэн орчин болдог. Үүнээс үүдэн сэтгэлзүйн тогтвортой байдал, ажлын амжилт ч өсдөг.  McKinsey & Company-ийн судалгаагаар тогтвор суурьшилтай ажилтнуудын 63% нь “ажилдаа дуртай” гэж хариулжээ. 

    Байгууллагад үзүүлэх нөлөө:

    1. Хүний нөөцийн тогтвортой байдал нэмэгдэнэ

    Тууштай ажилтнуудын ачаар сургалт, ажилтны эргэлтийн зардал буурч, туршлагатай багийн бүтээмж нэмэгддэг.

    2. Байгууллагын нэр хүнд өсдөг

    Тогтвортой ажиллах орчин бүрдүүлсэн байгууллагууд ажил хайгчдын сонирхлыг татаж, хамтрагч талуудад найдвартай байдлаа харуулдаг итгэмээргүй давуу тал ч бий.

    3. Инноваци, сайжруулалт эрчимждэг

    Удаан ажилласан ажилтнууд байгууллагын сул болон давуу талыг илүү сайн мэддэг тул бүтээлч санал, үр ашигтай шийдлүүд гаргах магадлал өндөр байдаг.

    Анхаарах зүйлс:

    Тууштай ажиллахын зэрэгцээ дараах зүйлсийг байнга анхаараарай:

    • Хувийн хөгжил, ур чадвараа тасралтгүй хөгжүүлэх
    • Өөр салбар, шинэ орчинд ажиллах боломжийг нээлттэй хүлээж авах
    • Байгууллагын соёл, бодлого хэт сөрөг болсон тохиолдолд дахин үнэлгээ хийх

    Эцэст нь:

    Нэг салбар, нэг байгууллагад тууштай ажиллах нь зөвхөн хувь хүний биш, байгууллагын хөгжилд чухал хувь нэмэр оруулдаг. Амжилттай, үнэ цэнтэй карьерт хүрэхийн тулд тасралтгүй суралцаж, шинэ сорилтод бэлэн байх хэрэгтэй. Өнөө цагийн хөдөлмөрийн зах зээлд тууштай байдал бол сул тал биш, харин таны хамгийн үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт юмшүү.

    Илүү олон танд хэрэгтэй зөвлөгөө мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.   

  • Амжилтанд хүрэхэд амбиц хэр чухал чухал вэ?

    Амжилтанд хүрэхэд амбиц хэр чухал чухал вэ?

    Ажлын байрны амбиц гэж юу вэ?

    Ажлын байрны амбиц нь ажилтнуудын карьерийн зорилго, хүсэл эрмэлзэл, өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй холбоотой сэтгэл зүйн хүчин зүйл юм. Энэ нь зөвхөн хувь хүний амжилт төдийгүй, байгууллагын бүтээмж, тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

    Судалгаагаар ажлын байрны амбиц нь ажилтнуудын гүйцэтгэл, байгууллагын үнэнч байдал, сэтгэл ханамжтай холбоотой гэдгийг харуулж байна.

    Амбиц ба гүйцэтгэл

    Амбицтай ажилтнууд илүү идэвхтэй, бүтээлч байдаг. Тэд зорилгодоо хүрэхийн тулд илүү их хүчин чармайлт гаргадаг. Шинэ санаа, шийдэл гаргах, өөрчлөлтөд дасан зохицох зэрэг чадваруудаа хөгжүүлдэг байна. Жишээлбэл: Бельгийн Брюссель хотод хийсэн судалгаагаар, амбицтай ажилтнуудын гүйцэтгэл нь удирдлагуудад өндөр үнэлэгддэг болохыг тогтоосон байна.

    Амбиц ба байгууллагын үнэнч байдал

    Амбиц нь байгууллагын үнэнч байдалтай холбоотой. Амбицтай ажилтнууд өөрийн карьерийн боломжийг байгууллагатай холбож үздэг. Энэ нь тэдний байгууллагад үлдэх, урт хугацаанд хамтран ажиллах хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлдэг.Тэд байгууллагын үнэт зүйлсийг хүндэтгэж, зорилго, үнэт зүйлстэй нь нийцэхийг эрмэлздэг байна.  Сонирхолтой биш гэж үү?

    Амбиц ба сэтгэл ханамж

    Амбиц нь ажилтнуудын сэтгэл ханамжтай холбоотой. Ажлын зорилго, амжилт, карьерийн хөгжил нь ажилтнуудын сэтгэл санааг сайжруулж, тэдний ажилдаа сэтгэл ханамжтай байх нөхцөлийг бүрдүүлдэг.Амбицтай ажилтнууд өөрийн амжилтаа үнэлж, өөртөө итгэлтэй байж, ажлын орчинд эерэг хандлагатай байдаг.

    Амбиц ба ажлын орчны нөлөө

    Ажлын орчин нь амбицтай ажилтнуудын хөгжлийг дэмжих ёстой. Удирдлагууд ажилтнуудын амбицыг ойлгож, тэдэнд карьерийн хөгжлийн боломжийг олгох хэрэгтэй.

    • Урамшуулал
    • Хүлээн зөвшөөрөлт
    • Дэмжлэг үзүүлэх

    Судалгаагаар, эерэг ажлын орчин нь ажилтнуудын амбицыг нэмэгдүүлж, бүтээмжийг сайжруулдаг байна.

    Амбицын эрсдэл ба тогтвортой байдал

    Амбиц нь зөвхөн эерэг нөлөөтэй биш. Зарим тохиолдолд хэт өндөр амбиц нь дараах эрсдлийг дагуулж болзошгүйг анхаараарай. 

    • Ажлын хэт ачаалал
    • Стресс
    • Шаталт (burnout)

    Тиймээс амбицын түвшинг зохистой хэмжээнд хадгалах, түүний илрэлтийг зөв удирдах нь чухал юм.

    Ажлын байрны амбиц нь хувь хүний амжилт, байгууллагын бүтээмж, сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл юм. Гэвч энэ нь зарим эрсдлийг дагуулж болох тул түүнийг зохистой удирдах шаардлагатай. Удирдлагууд ажилтнуудын амбицыг ойлгож, карьерийн хөгжлийн боломжийг олгож, урамшуулал, хүлээн зөвшөөрөлт үзүүлэх замаар тэднийг дэмжих хэрэгтэй. Ингэснээр байгууллага амжилттай, бүтээмжтэй, сэтгэл ханамжтай хамт олныг бүрдүүлэх боломжтой болно.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/feed платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

  • Эрүүл харилцаа, эерэг хамт олон

    Эрүүл харилцаа, эерэг хамт олон

    Эерэг уур амьсгалтай хамт олон нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, сэтгэл ханамж нь ажилчдын бүтээмж, ажлын амжилттай шууд холбоотой байдаг бөгөөд энэ нь удирдлага, харилцан хүндэтгэлтэй орчинд л бий болно. Ажилтнууд өөрсдийгөө үнэлэгдэж, тэдний хүчин чармайлтыг хүлээн зөвшөөрч байгаа үед сэтгэл зүйн хувьд дэмжлэг авч, илүү идэвхтэй ажиллах хүсэл эрмэлзлэлтэй болдог.

    Бүтээмжийг нэмэгдүүлэх, инноваци дэмжих

    Эерэг уур амьсгал нь хамт олны бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг. Хүмүүс ажлын орчинд бүтээлч байдлаа илэрхийлэх, шинэ санаа, санаачлагуудыг гаргах боломжтой байх үедээ хамгийн өндөр үр дүнг гаргадаг. Ажилчид хоорондоо нээлттэй харилцаж, зөвшилцөж, асуудалд шинэ хандлагуудыг авчрах боломжтой болдог. Эерэг уур амьсгалтай орчин нь инноваци, шинэ санаа гаргалтанд чухал нөлөө үзүүлдэг.

    Харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа

    Эерэг уур амьсгал нь харилцан итгэлцлийг үүсгэдэг. Ажилтнууд бие биедээ итгэж, эргэлзээтэй асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд хялбар байдаг. Харилцан итгэлцэл нь хүн бүрийн оруулсан хувь нэмэр, санаа бодлыг үнэлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хоорондоо ойлголцсон, туслалцаа авч чаддаг, санаачилгатай хүмүүсийн орчин нь бүтээлч байдлыг нэмэгдүүлдэг. Ийм орчинд ажиллах нь тухайн хүний хувьд өдөр тутмын амьдралыг илүү аз жаргалтай, эрүүл болгож, үүний үр дүнд бүтээмж нэмэгддэг.

    Судалгааны баримтууд

    • 2017 онд Gallup компанийн явуулсан судалгаагаар, ажилчдын сэтгэл ханамж өндөр байх нь ажлын бүтээмжийг 21%-иар нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ.
    • “American Psychological Association”-ийн 2016 оны судалгаагаар, эерэг уур амьсгалтай орчин нь ажилчдын сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг бөгөөд ажлын стрессийг 40%-иар бууруулдаг гэсэн дүн гарчээ.
    • Харвардын их сургуулийн судлаачид 2014 онд гаргасан судалгаагаараа, харилцан итгэлцэлтэй, эерэг уур амьсгалтай хамт олонд ажиллах нь бүтээлч байдлыг 30%-иар нэмэгдүүлдэг гэдгийг тогтоожээ.

    Хувь хүний хөгжил ба байгууллагын өсөлт

    Түүнчлэн ажилчид өөрсдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, шинэ зүйл сурах, өөрийгөө хөгжүүлэхэд урам зоригтой болдог. Энэ нь зөвхөн хувь хүний төдийгүй, байгууллагын хөгжлийн суурь болж чаддаг. Мөн ажилчид хоорондоо хамтран ажиллах, шинэ санаа гаргах, технологи, ур чадварын хувьд сэргийлэх, шинэчлэлд анхаарах зэрэгт илүү амжилттай байдаг. Эерэг уур амьсгал нь суралцах хүсэл эрмэлзлэлийг нэмэгдүүлж, зөвхөн байгууллагын ачааллыг бууруулах төдийгүй, ажилчдын ур чадварыг дээшлүүлэх, зөв зүйтэй шийдвэр гаргахад ч орон зай нээдэг.

    Сонирхолтой, танд тус болохуйц зөвлөгөөг зөвхөн LAMBDA-с. 

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

  • Ажлаа солих эсэхээ шийдэхэд анхаарах 5 асуулт

    Ажлаа солих эсэхээ шийдэхэд анхаарах 5 асуулт

    Ажлын байр гэдэг бол бидний амьдралын маш том хэсэг. Өдөр тутамдаа цаг, эрч хүч, чадвараа зориулдаг энэ орчин маань сэтгэл ханамж, ур чадварын өсөлт, амьдралын хэмнэлийг тодорхойлдог. Гэвч заримдаа бид ажилдаа дасаагүй мэт мэдрэмж төрж, шинийг эрэлхийлэх хэрэгтэй болов уу гэж эргэцүүлдэг үе гардаг.
    Ажлаа солих уу, эсвэл дахиад хүлээх үү? гэдэг асуултад хариулах амаргүй. Тиймээс дараах 5 асуултад үнэнчээр хариулснаар та шийдвэрээ илүү зорилготойгоор гаргаж чадна.

    1. Энэ ажил миний урт хугацааны зорилготой нийцэж байна уу?

    Ажлын байр таны ур чадварыг сайжруулаад зогсохгүй, ирээдүйн зорилго, үнэ цэнтэй тань нийцэж байх ёстой. Хэрэв хийж буй ажил тань таны мөрөөдөлтэй зөрчилдөж байвал өөр гарц эрэлхийлэх нь зөв алхам байж магадгүй.

    2. Би энэ ажлаас суралцаж, хөгжиж байна уу?

    Хийж буй ажилдаа өсөлт мэдрэхгүй, нэгэн хэвийн хэмнэлд орсон мэт санагдаж байвал энэ бол анхаарах дохио. Ажил гэдэг бол зүгээр нэг цалин биш , хувь хүний хөгжлийн орчин байх ёстой.

    3. Надад ажлын сэтгэл ханамж хэр байна вэ?

    Ажлын орчин, хамт олон, удирдлагын хандлага зэрэг нь сэтгэл зүйн эрүүл мэндэд шууд нөлөөлдөг.
    Gallup-ийн 2022 оны судалгаагаар дэлхийн ажилчдын ердөө 21% нь л ажилдаа бүрэн сэтгэл хангалуун байдаг гэж хариулсан нь хүмүүс зөвхөн орлого биш — утга учиртай, урамтай ажиллах орчныг эрэлхийлж буйг харуулж байна.

    4. Би энэ ажлын цалин, урамшууллыг шударга гэж үзэж байна уу?

    Санхүү бол олон хүний хувьд ажил солих шийдвэр гаргахад хамгийн нөлөө бүхий хүчин зүйлсийн нэг байдаг. Цалин, урамшуулал, ажлын үр өгөөжийн тэнцвэр алдагдсан үед хүмүүс өөрийгөө илүү үнэлэгдэх орчинд очих хэрэгтэй гэж үздэг. Хөдөлмөрийн үнэлэмж зөвхөн мөнгөн дүн биш ч, санхүүгийн тогтвортой байдал бол хүн өөртөө итгэх итгэл, амьдралын чанарт шууд нөлөөлдөг гол суурь юм.
    Lambda.Global-ийн LinkedIn хуудсаар явуулсан 2025 оны санал асуулгад оролцсон 356 хүний:

    • 41% нь “цалингаа нэмүүлэхийн тулд”
    • 24% нь “удирдлагын асуудлаас”
    • 20% нь “зорилгогүй байдал”
    • 15% нь “тушаал ахих боломжгүйн улмаас”
      ажлаа солиход бэлэн гэж хариулсан байна. Энэ нь бидний карьерын шийдвэрт зөвхөн нэг шалтгаан бус, олон давхар хүчин зүйлс нөлөөлдөг гэдгийг харуулж байна.

    5. Би энэ шийдвэрийг түр зуурын сэтгэл хөдлөл дээр үндэслэж байна уу?

    Нэг удаагийн стресс, маргаан, бухимдал дээр үндэслэн шийдвэр гаргах нь эрсдэлтэй. Тиймээс өөртөө цаг өгч, хөндлөнгөөс эргэцүүлж, сэтгэл хөдлөл дээр биш — бодит шалтгааны дээрүндэслэсэн шийдвэр гаргах нь хамгийн ухаалаг алхам.

    Ажил солих гэдэг бол зөвхөн шинэ газар очих тухай биш — өөрийгөө дахин нээж, дараагийн шат руу алхахшийдвэр юм. Энэ шийдвэрийг та түр зуурын мэдрэмж дээр биш, зорилго, үнэ цэн, хөгжлийн замтайгаа уялдуулан гаргаж чадвал — зөвхөн ажлаа биш, амьдралынхаа чиглэлийг илүү тодоор тодорхойлж чадна. Хэрвээ та одоо яг энэ эргэлзээтэй үе дээр зогсож байгаа бол, өөрт тохирох дараагийн алхмаа AI-ийн тусламжтайгаар илүү ухаалгаар гаргах боломж нээлттэй байна.

    lambda.global-ийн Career Path платформ дээр та:

    AI бол таны оронд шийдвэр гаргах биш, харин таны шийдвэрийг илүү тод, зорилготой болгоход туслах хэрэгсэл.
    Та зүгээр л lambda-г туршаад үз, дараагийн алхам танд улам ойлгомжтой болно

  • Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Өөрт тохирсон ажил хайн ажлын зар гүйлгэж байх зуур “Цалин тохиролцоно” гэсэн мөрийг олон удаа харж байсан байх. Миний бодож байгаа цалинг өгч чадах болов уу? Яг хэдэн төгрөгний цалин гэдгийг нь бичээгүй нь сэжигтэй санагдаж эргэлзээд өнгөрөх тохиолдол нэлээдгүй билээ. Энэхүү нийтлэл танд эргэлзээ болж үлдсэн асуулт болгонд хариултаа авахад туслана гэж найдаж байна. 

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг нь:

    Цалин тохиролцоно гэх үг  нь ажил олгогчийн зүгээс цалингийн тодорхой дүнг заахгүйгээр, ирээдүйн ярилцлагаар тохиролцоно гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэхүү хэллэг нь зарим үед тодорхой бус байдал, цалингийн шударга бус тогтолцоог далд хэлбэрээр хадгалсаар байх нэг шалтгаан болдог.

    “Цалин тохиролцоно” гэх үг нь ямар утга агуулдаг вэ?

    1. Ил тод бус байдал – Цалингийн мэдээлэлгүй зар нь ажил горилогчдод харьцуулалт хийх, өөрийн ур чадвартаа тохирсон боломжийг үнэлэх боломжийг хязгаарладаг.
    2. Жендэрийн ялгаа нэмэгдэх эрсдэлтэй – Судалгаагаар, эмэгтэй ажил горилогчид өөрсдийн чадвараа дутуу үнэлэх хандлагатай байдаг тул ижил ажлын байрны цалинг бага санал болгох эсвэл хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байдаг.
    3. Харилцааны тэгш бус байдал – Ажил олгогч нь мэдээллийг нууцалж, харин ажил горилогч өөрийн туршлага, шаардлагыг бүрэн илэрхийлэх ёстой болдог. Энэ нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бий болгодог.

    Яагаад зарим байгууллага цалингийн хэмжээг заадагүй вэ?

    • Шууд өрсөлдөгчиддөө байгууллагын мэдээллээ алдахаас сэргийлдэг.
    • Байгууллагын доторх цалингийн зөрүүгээ нууцлахыг хүсдэг.
    • Боломжит хамгийн бага цалинг өгөхийг илүүд үздэг байна.

    Цалингийн хэмжээг ил тод байлгах нь яагаад чухал вэ?

    • OECD (2023) оны судалгаагаар, цалингаа нууцалдаг болон “тохиролцоно” гэх хэллэг ашигладаг орнуудад эмэгтэйчүүдийн цалин ижил ажлын байранд 13–18% бага байдаг нь тогтоогдсон. Энэ нь эмэгтэйчүүд өөрсдийн цалинг илүү доогуур санал болгодог, эсвэл байгууллагууд “тохиролцох” нэрийн дор хямд үнэлдэгтэй холбоотой.
    • АНУ-ын Калифорни, Нью-Йорк, Вашингтон мужуудын хөдөлмөрийн хуульд 2023 оноос эхлэн “ажлын зар дээр цалингийн доод, дээд хязгаарыг заавал оруулах” шаардлагыг хуульчилжээ. Энэ нь ажил горилогчдын мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжсэн, Цалингийн ялгааг бууруулсан, Байгууллагуудын нэр хүндийг өсгөсөн байна.

    Цалингийн тодорхойгүй байдал нь зөвхөн байгууллагын асуудал биш юм. 

    Энэ нь хөдөлмөрийн зах зээл дэх шударга байдал, тэгш эрх, нийгмийн итгэлцэлд шууд нөлөөлдөг. Шинээр ажилд орж тухайн байгууллагатай цалин тохиролцохдоо “Та ямар хэмжээний цалин хүсэж байна вэ?” гэдэг асуултад бэлэн бай. Мөн өөрийн орохыг хүсэж буй ажлын байрны зах зээл дээрх дундаж цалинг судалж, өөрийн ур чадвар, туршлагыг харгалзан үзэж өөрийн хүсэж буй цалингийн хэмжээгээ хэлэх нь зохимжтой юм. Ингэснээр дийлэнх хүмүүсийн цалин тохиролцохдоо гаргадаг нийтлэг алдаанаас сэргийлэх боломжтой. Энгийнээр хэлэхэд цалин тохиролцох гэдэг нь байгууллага болон ажилчид хоорондын “үнэ цэнэ”-г тэнцүүлж буй хэрэг юм. https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү? 

     

     

  • Ажлын сэтгэл ханамжийг тодорхойлох үзүүлэлтүүд

    Ажлын сэтгэл ханамжийг тодорхойлох үзүүлэлтүүд

    Ажилдаа сэтгэл ханамжтай байх нь зөвхөн ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлөөд зогсохгүй, ажилтны сэтгэл зүй, амьдралын чанарт эерэг өөрчлөлт авчирдаг. Ажилдаа дуртай хүн илүү санаачилгатай, бүтээлч байдаг бөгөөд энэ нь багийн уур амьсгал, байгууллагын нийт үр дүнд эергээр нөлөөлдөг. Тиймээс ажилтнуудын сэтгэл ханамжийг тогтмол хэмжих, үнэлэх нь байгууллагын амжилтын түлхүүр юм. Энэ нь зөвхөн хүний нөөцийн бодлого боловсруулахад төдийгүй, удирдлагын стратегийн шийдвэр гаргалтад чухал суурь болж өгдөг.

    Ажлын сэтгэл ханамжийн тухай

    Ажлын сэтгэл ханамж гэдэг нь ажилтан өөрийн ажлыг хэрхэн мэдэрч, түүндээ хэр таатай, үнэ цэнтэй, урам зоригтой байгааг илэрхийлэх сэтгэлзүйн төлөв юм. Энэ мэдрэмж нь зөвхөн тухайн хүний хувийн үнэлэмж бус, байгууллагын дотоод орчин, удирдлагын арга барил, байгууллагын соёл зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг. Үүнд:

    • Цалин, урамшууллын шударга ил тод байдал,

    • Ажлын байрны орчин,

    • Ажлын ачаалал ба хувийн амьдралын тэнцвэр,

    • Удирдлагын харилцаа ба дэмжлэг,

    • Ажлын агуулга, зорилгын ач холбогдол,

    • Хамт олны уур амьсгал ба хамтын ажиллагаа зэрэг багтана.

    Эдгээр хүчин зүйлс нь цогцоороо ажилтны сэтгэл ханамжид нөлөөлж, улмаар түүний урам зориг, байгууллагад үлдэх хүсэл, ажлын бүтээмж болон байгууллагын амжилтад хувь нэмэр оруулах хандлагыг илэрхийлдэг.

    Сэтгэл ханамжийг тодорхойлох вэ?

    Ажилтны сэтгэл ханамжийг хэмжихдээ нийтлэгээр судалгаа, асуулга ашиглан тэдний ажлын орчин, харилцаа, цалин урамшуулал, ажил үүргийн тодорхой байдал, хөгжих боломж зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үздэг. Үүнээс гадна ажилтны сэтгэл ханамжид нөлөөлдөг гол хүчин зүйлс нь цалин хөлс, удирдлага болон хамт олонтой харилцах харилцаа, ажлын утга учир, карьерын хөгжил, ажлын ба амьдралын тэнцвэр зэрэг багтдаг. Эдгээр хүчин зүйлийг тогтмол үнэлж, сайжруулснаар ажилтны сэтгэл ханамжийг дээшлүүлэх боломжтой юм.

    Асуулгын судалгаа

    Ажилтнуудын дунд нарийн боловсруулсан асуулга судалгаа авч, тэдний ажлаасаа авдаг сэтгэл ханамжийг хэмжих боломжтой.

    Бие даасан үнэлгээ

    Ажилтан өөрөөсөө дараах асуултыг асуух:

    • Ажлын өдөр дуусахад би сэтгэл хангалуун байдаг уу?

    • Миний хийж буй ажил надад утга учиртай санагддаг уу?

    • Би ажлын орчиндоо тайван, нээлттэй харилцаатай байдаг уу?

    Гүйцэтгэлийн үнэлгээтэй харьцуулах

    Сэтгэл ханамж өндөртэй ажилтнууд ихэвчлэн ажлын гүйцэтгэлээрээ бусдыг хөтөлдөг. Ажлын үр дүнгээс тэдний урам зоригийг тодорхойлж болдог.

    Ажилтны сэтгэл ханамжид нөлөөлдөг гол хүчин зүйлс

    Сэтгэл ханамжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ?

    Ажлын сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхийн тулд ажил олгогчдын зүгээс хэд хэдэн чухал арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай.

    Ажилтны санал хүсэлтийг тогтмол сонсож, үнэлдэг ил тод тогтолцоо нь хамтын ажиллагааг сайжруулж, итгэлийг нэмэгдүүлдэг. Мөн шударга, зах зээлийн түвшинд нийцсэн цалин урамшууллын бодлого баримтлах нь ажилтны үнэлэгдэж буй мэдрэмжийг төрүүлдэг. Ажилтны ур чадвар, мэргэжлийн өсөлтийг дэмжих сургалт, хөгжлийн хөтөлбөрүүд нь сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг бол харин аюулгүй, эрүүл орчинд ажиллах боломж нь тэдний тав тух, ажлын үр бүтээмжид шууд нөлөөлдөг байна.

    Харин ажилтнууд өөрсдөө ч сэтгэл ханамжтай, идэвхтэй оролцоотой ажиллахын тулд хувь хүний зүгээс тодорхой алхам хийх хэрэгтэй. 

    Хувийн зорилгоо байгууллагын зорилготой уялдуулж, ажлын утга учрыг ойлгосноор өөрийн ажилдаа илүү үнэ цэнтэйгээр хандах боломжтой. Мөн шинэ мэдлэг, ур чадварыг эзэмшихэд анхаарч, тасралтгүй өөрийгөө хөгжүүлэх нь сэтгэл ханамжийг дэмждэг. Ажлын байрны стрессийг зөв зохицуулах арга барил эзэмших, багаар ажиллах харилцаагаа сайжруулах нь зөвхөн өөрийнх нь төдийгүй хамт олны уур амьсгалд эерэг нөлөө үзүүлдэг.

    Ийм байдлаар ажил олгогч болон ажилтан хоёулаа харилцан оролцоотой байснаар ажлын сэтгэл ханамжийг тогтвортой нэмэгдүүлэх боломжтой юм.

    Ажилтны сэтгэл ханамж нь байгууллагын тогтвортой өсөлт, ажлын уур амьсгалын үндэс суурь болдог. Үүнийг тодорхойлж, улмаар тогтмол сайжруулан, хамтын оролцоотой, хөгжлийг эрхэмлэсэн бодлого хэрэгжүүлснээр ажилтнуудын сэтгэл ханамж нэмэгдэж, бүтээмж өсөх юм.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

  • Цалин ба байгууллагын соёлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

    Цалин ба байгууллагын соёлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

    Санхүүгийн баталгаа ба сэтгэл ханамжийн тэнцвэр

    Өөрт тохирсон ажлын байраа олох үйл явц нь зөвхөн ирээдүйн амьдралын хэв маяг, сэтгэл ханамжид төдийгүй карьерын өсөлт, хөгжлийг тодорхойлох чухал шийдвэр гаргах үе шат юм. Тиймээс таны хувьд цалин өндөр байхад л бүх зүйл сайхан байх уу? Эсвэл найрсаг, урам зоригтой хамт олон, дэмждэг удирдлага чухал уу? гэдгийг эргэцүүлэх нь зүйтэй. Учир нь ажлын амжилт, сэтгэл ханамж нь зөвхөн орлогоос бус, орчин, хүмүүс хоорондын харилцаанаас ч мөн ихээхэн хамаардаг.

    Амьдралын баталгаа ба санхүүгийн эрх чөлөө

    Цалин орлого бол өдөр тутмын амьдрал, ирээдүйн төлөвлөгөө болон санхүүгийн баталгааг хангахад чухал үүрэгтэй билээ. Тогтмол, тогтвортой орлого нь таны гэр бүл, амьдралын хэв маягт тав тухыг авчирдаг. Мөн боловсрол, аялал зэрэг ирээдүйд хийх хөрөнгө оруулалтыг дэмжиж, түүнчлэн санхүүгийн хүндрэлийг даван туулахад ч тусалдаг.

    Гэвч өндөр цалинтай ч ажлын орчин дарамттай, стресс ихтэй бол тухайн ажилтны сэтгэл ханамж буурч, эрүүл мэнд болон бүтээмжид сөргөөр нөлөөлж болно. Тиймээс зөвхөн цалинг чухалчлахаас гадна ажлын орчны талаар ч анхаарах хэрэгтэй юм.

    Байгууллагын соёл ба ажлын сэтгэл ханамж

    Байгууллагын соёл гэдэг нь тухайн компанийн үнэт зүйлс, хамт олны харилцаа, дотоод уур амьсгал, удирдлагын хандлагаас бүрддэг ойлголт юм. Сайн соёлтой байгууллагад ажиллах нь таныг өглөө бүр урам зоригтой, аз жаргалтай ажилдаа очих нөхцлийг бүрдүүлнэ.

    Мөн ийм орчинд та өөрийгөө хөгжүүлэх, шинэ зүйл сурах боломжтой. Итгэлцэлтэй баг хамт олон, эерэг уур амьсгал нь урт хугацааны тогтвортой амжилтыг бий болгодог. Гэхдээ заримдаа найрсаг уур амьсгалтай ч цалин бага, карьерын боломж хязгаарлагдмал байх магадлалтайг анхаараарай.

    Ямар үед хэрхэн эрэмбэлэх вэ?

    Дээрх ойлголтуудын тэнцвэрийг хадгалахад тухайн хүний амьдралын нөхцөл байдал, зорилго, урт болон богино хугацааны төлөвлөгөө зэрэг нь нөлөөлдөг.

    Хэрэв таныг санхүүгийн дарамт нухалж байвал хамгийн түрүүнд тогтмол өндөр цалин, урамшуулал, эрүүл мэндийн даатгал зэрэг эдийн засгийн баталгааг хангасан ажлыг сонгох нь зүйтэй. Харин таны ажил мэргэжилтэй холбоотой стресс өндөр байвал хамт олны уур амьсгал, байгууллагын соёл, сэтгэлзүйн дэмжлэг чухал болдог. Мөн хэрвээ та ур чадвараа хөгжүүлж, шат ахих хүсэлтэй бол сургалт, менторшип, дэвших боломжийг санал болгодог байгууллагыг эрэлхийлэх хэрэгтэй. Түүнчлэн гэр бүлийн нөхцөл байдал, хүүхэд асрах шаардлагатай бол уян хатан ажлын цаг, алсын зайн ажил, ойлгомжтой, дэмжигч удирдлага бүхий орчинг сонгох нь ухаалаг алхам болно.

    Ийм учраас та яг одоо юунд хамгийн их ач холбогдол өгч байгаагаа тодорхойлж, “Надад одоохондоо тогтмол орлого чухал уу, эсвэл мэргэжлийн өсөлт үү?” гэж өөрөөсөө асуугаад хариултад нь үндэслэн сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ хувийн болон ажил мэргэжлийн амьдралынхаа тэнцвэрийг олохын тулд энэхүү эрэмбэ байнга өөрчлөгдөж болохыг анхаараарай. Нөхцөл байдал өөрчлөгдөхийн хэрээр таны хэрэгцээ, зорилго, эрэмбэлэлт ч мөн адил шинэчлэгдэх нь хэвийн зүйл юм.

    Ажлын байр сонгохдоо анхаарах зөвлөмжүүд

    • Өөрийн үнэт зүйл, зорилгоо тодорхойлоорой

    • Одоогийн хамгийн чухал шаардлага тань цалин уу, тайван орчин уу, эсвэл карьер уу?

    • Компанийн талаар сошиал сувгууд дээрх сэтгэгдэл, өмнөх эсвэл одоо байгаа ажилчдаас мэдээлэл цуглуулах

    • Ярилцлагын үеэр “Танай байгууллагын багийн уур амьсгал ямар вэ?”, “Ажлын өдөр хэрхэн өрнөдөг вэ?”, “Карьерын өсөлтийн боломжууд юу вэ?” гэж асуугаарай.

    Өөрийн үнэ цэнэ, амьдралын зорилгод нийцсэн цалин, байгууллагын соёлын тэнцвэрийг олох нь хамгийн зөв шийдвэр болно.

    Таны шийдвэр ирээдүйг тодорхойлно

    Цалин ба байгууллагын соёл хоёулаа чухал хэдий ч таны амьдралын үе шат, зорилгоос хамааран аль нэгийг илүү чухалчлах шаардлагатай болж магадгүй юм. Хэрэв санхүүгийн баталгаа илүү чухал байвал цалин дээр төвлөрч, харин хувь хүний өсөлт, сэтгэл ханамжийг эрхэмлэх үед байгууллагын соёлыг илүү анхаараарай.

    Өөрийн үнэт зүйлс, зорилгоо тодорхой ойлгож, түр зуурын ашиг сонирхол бус урт хугацааны тогтвортой өсөлт, урам зоригтой ажиллах тэр аз жаргалыг эрхэмлэх нь амжилтын эхлэл болох юм.

    Таны одоогийн авч буй цалин хэр шударга вэ?

    LAMBDA AI цалин тооцоологч Бид таны ур чадвар, боловсрол, ажлын туршлага, амжилт ололт дээр суурилан тооцоолол хийж ямар мэргэжлээр, хэдэн төгрөгний цалинтай ажиллавал зохимжтойг тооцоолно.

    Унших нийтлэл: Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам