Category: Карьер Хөгжил

  • Хүүхэд төрүүлсний дараа ажилдаа хэзээ эргэн орох вэ?

    Хүүхэд төрүүлсний дараа ажилдаа хэзээ эргэн орох вэ?

    Хүүхэд төрүүлэх нь эмэгтэй хүн бүрийн амьдралд тохиох хамгийн гайхамшигтай, үнэ цэнтэй мөчүүдийн нэг билээ. Гэвч энэ шинэ амьдралын хэмнэлийн хажуугаар ажил мэргэжлээ хадгалах, орлого олох, өөрийн гэсэн орон зайгаа эргүүлэн олох хүсэл бүгдэд нь байдаг. 

    Тэгвэл хүүхдээ төрүүлсний дараа яг хэзээ ажилдаа эргэн орох нь хамгийн оновчтой шийдвэр байх вэ? Хэт эрт ажил хөдөлмөр эрхэлбэл хүүхдээ асрах асуудалд хүндрэх үүсэх эрсдэлтэй, харин хэт оройтвол санхүү болон карьерын хувьд боломжоо алдах эрсдэл үүснэ. Тэр утгаараа энэ нь зүгээр ч нэг ажилдаа эргэн орно гэдэг бодлоор хязгаарлагдахгүй бөгөөд өөрийн эрүүл мэнд, сэтгэл зүйн бэлэн байдал, гэр бүл, хүүхэд, санхүүгийн боломж, цаашдын карьер гээд олон хүчин зүйлийг зэрэг тооцоолсон чухал шийдвэр болох учиртай.

    “Хэзээ ажилдаа буцаж орвол зүгээр бол?”, “Хүүхдээ хэнээр харуулах уу?”, “Өмнөх ажлаасаа татгалзаж, өөр шинэ боломж эрэлхийлэх үү?” зэрэг асуултууд олон ээжүүдийн толгойд өдөр бүр эргэлдэж, шөнө орондоо хөрвөөн боддог бодит асуудлууд гэдэгтэй та санал нийлэх биз ээ.

    Хүүхдээ өсгөж хүмүүжүүлэх, эрүүл мэндэд нь анхаарал тавих нь ээж, аавуудын хувьд хамгийн том хариуцлага. Гэхдээ орлогоо нөхөх, мэргэжлийн ур чадвараа мартахгүй байх, ирээдүйн карьераа тасалдуулахгүй байх нь ч мөн адил чухал. Тиймээс та ажилдаа эргэн орох шийдвэрийг гаргахдаа өөрийн амьдралын нөхцөл байдал, дотоод мэдрэмж, ирээдүйн зорилгоо ухаалгаар нягтлан үзэж, өөрт хамгийн зөв хувилбарыг сонгох нь хамгаас чухал гэдгийг онцолмоор байна.


    Ээж бүр өөр, шийдвэр ч ялгаатай

    Та яг одоо юу мэдэрч байна? Хүүхдээ хараад баяр жаргалаар дүүрэн ч заримдаа өөрийгөө бага зэрэг орхигдуулж эхэлж байна уу? Эдгээр нь яг л тантай адил бусад ээжүүдийн ч мэдэрдэг мэдрэмж юм. Та ганцаараа биш шүү.

    1. Та сэтгэл зүй болон биеийн эрүүл мэндийн хувьд ажлын ачааллыг даахад бэлэн үү?

    2. Таны хүүхдийг хэн харж, асрах боломжтой вэ?

    3. Гэр бүлийн санхүүгийн бодит байдал, нэмэлт орлого хэрэгтэй байна уу?

    4. Өмнөх ажлын байр таныг буцаан хүлээж авах уу?

    Эдгээр асуултад хариулахад та өөртөө хамгийн зөв хугацааг тодорхойлох боломжтой болох юм.

    Тэгэхээр Хэзээ ажилдаа эргэж орох вэ? гэдэг бол цаг хугацааны асуудал гэхээс илүү таны бэлэн байдал, амьдралын нөхцөл, зорилгын тухай асуулт байх нь.


     Хамгийн түгээмэл хугацаа: 6 сар – 1.5 жил

    Монголд олон ээжүүд дунджаар хүүхдээ 6–аас 12 сар хүрэхэд ажилдаа эргэн ордог.

    6 сар: Зарим ээжүүд энэ үеэс ажилдаа эргэн ордог. Хүүхэд нэмэлт хоол идэж эхэлдэг.

    12 сар: Энэ үеэс ихэвчлэн хүүхдээ цэцэрлэгт өгч эхэлдэг учраас гэрээсээ буюу зайнаас ажил хийх боломж хайж, зарим нь бүтэн цагаар ч ажиллах боломжтой болдог.

    1.5 жил: Ээжүүдийн ихэнх нь энэ үед карьертаа эргэн анхаарах хэрэгтэй болдог. Санхүүгийн хувьд тогтмол орлого хэрэгтэй болж ирнэ.


    Ажлын байранд бэлтгэх 5 алхамыг танд хүргэе

    1. CV танилцуулгаа шинэчлэх

    – Хүүхдээ асарч байх хугацаанд эзэмшсэн зарим чухал чадвар (төлөвлөлт, тэвчээр, цагийн менежмент) эдгээр нь ажлын чухал soft skill болох давуу талтай.

    2. Ажил хайх стратегиа тодорхойлох

    – Уян хатан цагийн хуваарьтай ажил
    – Хагас цагаар ажиллах боломж
    – Гэрээс ажиллах (remote job)
    – Цахимаар хийгддэг freelancing ажлууд

    3. Хэрвээ ажил хийвэл хүүхдээ хэнтэй үлдээх вэ?

    – Хамгийн том асуулт. Эмээ, өвөө, асрагч, ойр цэцэрлэг гээд бүгдийг эртнээс судалж, сэтгэл амар байхаар зохицуулаарай.

    4. Өөрийгөө бэлтгэх чухал мөч

    – Цагийн менежментээ шинэ нөхцөлд тааруулан сайжруулах
    – Сэтгэл зүйн хувьд ажилдаа эргэн ороход бэлдэх, дасах
    – Сургалт, семинар, хэлний хичээлүүдэд хамрагдаж мэдлэгээ сэргээх

    Ажилд орсон ч, хэрэгтэй чадварууд эзэмшиж орвол илүү амжилттай байх болно.

    5. Цаг үеэ зөв үнэлэх

    – Тухайн үеийн хөдөлмөрийн зах зээлд таны мэргэжлийн эрэлт байгаа эсэхийг судлах
    Ажил хайх вэбсайтад тогтмол хандаж, шинэ ажлын байруудаас хайлт хийх


    Хаанаас тохиромжтой ажил олох вэ?

    Та өөрийн боловсрол, ажлын туршлага, сонирхсон чиглэлийн тухай мэдээллээ lambda -д оруулахад л хангалттай. LAMBDA хиймэл оюун ухаан буюу AI технологиор таны мэдээллийг нарийн уншиж, CV-г ухаалгаар шинэчлэн, хамгийн тохирох ажлын заруудыг танд санал болгох болно.

    Ажилдаа эргэн орох шийдвэр нь бүх эмэгтэйчүүдэд ижил байдаггүй. Хамгийн гол нь өөрийн бие махбод, сэтгэл санаа, гэр бүлийн нөхцөл байдал, мөн ажлын орчиндоо тулгуурлан хамгийн зөв цагийг олж шийдвэр гаргах хэрэгтэй юм. Таны болон гэр бүлийн нөхцөл байдал, сэтгэлзүй, зорилгоос хамаарах билээ. Гэсэн хэдий ч та:

    • Өөртөө итгэж, алхам алхмаар урагшлан

    • Хүүхэдтэйгээ өнгөрөөх цагийг зөв зохицуулаарай

    Хүүхдээ хайрлаж халамжлахын зэрэгцээ өөрийн орон зайг хадгалах, орлогоо нэмэгдүүлэх нь хоёрын аль нэгийг золиослох ёстой гэсэн үг биш. Та аль алиныг нь тэнцвэртэйгээр авч явах боломжтой төдийгүй өөрийн болон хүүхдийнхээ сайн сайхны төлөө ухаалаг шийдвэр гаргаарай.

    Өнөөдөр ажил хайж буй ээж байж болох ч маргааш амжилттай карьертэй мэргэжилтэн болж чадна. LAMBDA таныг хэзээд дэмжинэ. Өөрт тохирсон ажлаа эндээс сонгоорой.


    Төстэй нийтлэл унших: Хүүхдээ харж буй ээжүүдэд: Орлого олох боломж 

  • Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

    Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

    Шинэ ажил хайж буй хэн бүхэнд зориулав. 

    Сүүлийн жилүүдэд хөдөлмөрийн зах зээлийн хөдөлгөөн эрчимжиж, ажиллах хүчний шилжилт, мэргэжлийн ур чадварт тавигдах шаардлага тасралтгүй өөрчлөгдөж байна. Үүний зэрэгцээ хүмүүс ажлын байр болон салбараа солих хандлагатай болж, шинэ боломж, илүү утга учиртай карьерын замналыг эрэлхийлэх нь нэмэгдсээр.

    Үүнд нөлөөлж буй гол хүчин зүйлүүд нь: хэт ачаалалтай ажиллах орчин, хангалтгүй цалин, карьерын зогсонги байдал, мөн байгууллагын соёл, үнэт зүйлсийн зөрчилдөөн гэх мэт болно.

    Хүн бүр эдгээр саадтай ялгаатай байдлаар тулгарч байгаа ч, нийтлэг нэг хандлага ажиглагдаж байгаа нь тухайн нөхцөл байдалд өөрийгөө шүүмжлэх, буруутгах, оновчтой шийдвэр гаргах итгэлгүй байх явдал юм.

    📌Ажил хайх, ажлаа солих үедээ өөрийгөө хайрлаж сурах нь

    Ажил хайх эсвэл тохиромжгүй ажлаа солих нь өөрийнхөө үнэ цэнийг илрүүлж, амьдралын дараагийн шатанд бэлдэх чухал үе юм. Энэ тохиолдолд заримдаа бид өөртөө хэт хатуу хандаж, сэтгэлээр унах, өөрийгөө голох мэдрэмж төрөх нь түгээмэл. Гэвч энэ үе шат бол өсөлт, өөрчлөлтийн нэг хэсэг бөгөөд та өөртөө итгэж, өөрийгөө хайрлахад суралцан, итгэлтэйгээр үргэлжлүүлэх нь амжилтын түлхүүр болдог.

    Ажлаа солих, эсвэл шинээр ажил хайх тухай шийдвэр гаргах үед “Ажил олдохгүй бол яах вэ?”, “Шинэ хамт олон намайг хүлээж авах болов уу?”, “Шинэ ажилд амжилттай ажиллаж чадах уу?” гэх мэт эргэлзээ төрж, сэтгэлийн түгшүүр бий болох нь хэвийн зүйл. Эдгээр мэдрэмж нь магадгүй одоогийн ажилдаа сэтгэл ханамжгүй байгаагийн шинж байж болох бөгөөд илүү сайхан амьдрал, карьерын өсөлтийг хүсэж байгаагийн илрэл юм. Та 5 жилийн өмнөхөөсөө эерэгээр өөрчлөгдөж, илүүг хүсэж, үнэ цэнээ ойлгож эхэлж байж ч болно.


    Ажил хайх нь өөрчлөлтийн эхлэл 

    Залуусын дунд “Ажлаасаа гарсан эсвэл сольж байгаа хүн бол бүтэлгүйтсэн хүн” гэсэн түгээмэл ойлголт олонтаа ажиглагддаг.  
    Үнэн хэрэгтээ энэ үе бол өөрийгөө эрэлхийлж, үнэ цэнээ мэдэрсэн хэн бүхний карьерийнхаа хувьд ухаалаг алхам хийж буй эерэг үйл явц юм.

    Та бүтэлгүйтээгүй, харин боломжоо хайж байна

    Сонгон шалгаруулалт амжилтгүй болсон үед “Би хангалтгүй юм байна” гэж өөрийгөө буруутгах хэрэггүй. Үүний оронд та зөв бөгөөд өөрт тохирсон боломжоо хайж байгаа гэдгээ ойлгоорой. Амжилт хүн бүрт өөр өөр цагт ирдэг бөгөөд таны амжилт ойрхон байгаа.

    Ажил солих нь айдас биш, өсөлтийн эхлэл юм

    Шинэ орчин, шинэ хамт олон, шинэ даалгавар нь эхэндээ айдас төрүүлэх мэт боловч таны дараагийн шатны өсөлтөд түлхэц өгдөг. Хэрэв одоогийн ажил таны үнэт зүйлс, эрүүл мэнд, сэтгэл зүйг золиосолж байвал өөрчлөлт хийх нь зоригтой, зөв шийдвэр юм. Харин та өөрийгөө сорьж, суралцаж, хөгжихэд бэлэн байх хэрэгтэй.

    Амжилт гэдэг зөвхөн албан тушаал биш 

    Ажлын санал хүлээж авахгүй, хүссэн ажилдаа хараахан ороогүй байх нь таны үнэ цэнийг бууруулахгүй. Та гэр бүлдээ илүү чанартай цаг гаргаж, өөрийгөө хөгжүүлж, тэвчээртэйгээр ажил хайж, олон шалгуурыг даван туулж байгаа нь ч амжилт билээ . Эдгээр өдрүүдэд өдөр бүр ажил хайж, хүсэлт илгээж буй бол таны хичээл зүтгэл, өсөлтийн илэрхийлэл гэдэгт итгээрэй.

    Өөртөө дараах үгсийг хэлж, сэтгэлзүйн дархлаагаа дэмжээрэй

    • Би хичээж байна.
    • Би үнэ цэнтэй.
    • Би боломжоо олох болно.

    Өөрийгөө хайрлаж, дэмжиж урам өгч, өдөр бүр та нэг алхам урагшилж байгаа гэдэгтээ итгээрэй.

    📝 Өөрийгөө бодитоор үнэлж CV-гээ шинэчилж илүү мэргэжлийн болго

    Мэргэшсэн туршлага, чадвараа бичихээс гадна өөрийн үнэт зүйлс, зорилгоо тусгах нь чухал.

    💻 Ажлын санал хүлээж байх хугацаандаа өөрийгөө хөгжүүл 

    Хэл сурах, онлайн курс зэрэг нь таны ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэлбэр юм.

    Өөртөө хатуу хандахаас хэрхэн сэргийлэх вэ?

    • Бусдын амжилттай өөрийгөө бүү харьцуулаарай. Таны аялал өөрийн гэсэн хурдаар өрнөж байгаа үнэ цэнтэй түүх юм.

    • CV дээрээ “би чадна” гэдгээ нотлоорой. Өмнөх ажлын амжилт, төслүүд тань дараагийн боломжийг бий болгоно.

    • Завсарлага авсан ч сэтгэлээр бүү унаарай. Энэ хугацааг өөрийгөө хөгжүүлэх боломж болгон ашигла.

    💬 Одоогийн ажлаа солих шийдвэр гаргахдаа анхаарах зүйлс

    1. Таны үнэт зүйлс байгууллагын соёлтой таарч байгаа юу?

    2. Ур чадвараа хөгжүүлэх боломж бий юу?

    3. Санхүүгийн одоогийн нөхцөл таны амьдралд эерэг нөлөө үзүүлж байна уу?

    4. Өглөө ажилдаа урамтай очиж байна уу?

    Хэрвээ та эдгээр асуултад “Үгүй” гэж хариулж байгаа бол, магадгүй шинэ ажлын талаар бодож эхлэхэд яг тохирсон цаг.

    Таны сэтгэл зүйн тогтвортой байдал бол тохиромжтой ажил олох хамгийн хүчтэй зэвсэг юм.

    • Өөрийгөө дэмждэг орчинг бүрдүүл — найз нөхөд, ментор, мэргэжлийн хүрээлэлтэй болох
    • Юу хүсэж байгаагаа тодорхойл — санхүү, амьдралын хэв маяг, карьерын зорилго гэх мэт
    • Өнөөдрөөс эхэл — нэг анкет илгээх, нэг ярилцлагад оролцох нь ч таны урагшлах алхам юм
    • Өөрийгөө гололгүй, давуу талуудаа тодорхойлоорой

    Та CV-гээ lambda -гын AI-р шинэчилж, талентаар бүртгүүлээрэй. Дараагийн ажлаа амжилттай олоход тань бид тусална.

    💡 Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Өөртөө итгэж, урагшилцгаая! 

  • Ээлжийн амралтаа хэрхэн авах вэ?

    Ээлжийн амралтаа хэрхэн авах вэ?

    Цонхоор нар мандахыг ажин, өглөөг дэрэн дээр арай удаан угтмаар үе танд байдаг уу? Хэдийгээр ажил амьдралын хэмнэл хурдтай эргэдэг ч — бид ч гэсэн хүн. Бидэнд амсхийх, эрч хүчээ нөхөх, өөрийгөө эргэн харах хугацаа хэрэгтэй. Тиймээс л ээлжийн амралт бол зүгээр нэг хуулийн заалт биш, өөрийгөө нөхөн сэргээх, амьдралаа эргэн харах, зүг чигээ засах чимээгүй зогсоол юм.

    Ээлжийн амралт гэж юу вэ? — Хуулийн үндэслэл

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын ерөнхий хууль-д ээлжийн амралтын талаар дараах байдлаар заасан байдаг:

    Ерөнхий ажилтнуудад:

    • 15 хоногийн цалинтай ээлжийн амралт жил бүр эдлэх эрхтэй.
    • Амралт эдлэх эрх нь тухайн байгууллагад 6 сараас дээш ажилласан тохиолдолд үүснэ.
    • Амралтыг ажлын жил-ээр тооцдог.

    Багш нарын тусгай зохицуулалт:

    • 33 хоногийн нэмэгдэл амралт эдлэх эрхтэй (Боловсролын тухай хууль, 13.7).
    • Ингэснээр нийт 48 хоногийн амралт багш нарт ногдоно.
    • Эдгээр хоног нь цалинтай, хууль ёсны эрх юм.

    Амралтын бусад онцлог:

    • Амралтыг хэсэгчлэн эдлэх боломжтой. Гэхдээ тасралтгүй 10 ажлын өдрөөс доошгүй байх ёстой.
    • Ээлжийн амралтын цалинг амралтад гарахаас өмнө олгох ёстой бөгөөд тухайн ажилтны ажлын жилийн дундаж цалингаар тооцогдоно.
    • Байгууллага бүрийн дотоод журам өөр байх боломжтой учраас анх ажилд орохдоо тодорхой асуугаарай.

    Хэрхэн цалингаа бодуулж авах вэ?

    1. Төлөвлө — өөртөө зориулах хугацааг товло.
      Амралтын хүсэлтээ бичгээр болон цахимаар гаргахдаа хэдий хугацаанд, хэзээ амрахаа тодорхой хэлж өгөөрэй.
    2. Хүндэтгэлтэйгээр мэдэгд — хамт олонтойгоо харилц.
      Менежер, хамт ажиллагсадтайгаа ярилцаж, ажлын ачаалалд нөлөөлөхгүй байдлаар зохицуулах нь хамтын харилцааг улам бэхжүүлдэг, ингэхдээ зөвхөн хугацаагаа тусгахаас гадна цалингаа бодуулж авна гэдэгээ заавал тусгах ёстой.
    3. Хүлээлгэж өг — ажлаа цэгцтэй үлдээгээрэй.
      Амралтын өмнө үүргээ шилжүүлж, бусдад төвөг учруулахгүй байхаа хичээгээрэй. Үүнээс таны хариуцлага болон соёл илэрдэг.

    Судалгаанаас харахад, Монгол Улсад ажилтнуудын 60% нь ээлжийн амралтаа бүрэн ашиглаж чаддаггүй байна. Үүний гол шалтгаан нь ажлын ачаалал, орлогын бууралт, байгууллагын дотоод журам зэрэгтэй холбоотой байдаг. Энэ нь ажилтны сэтгэлзүй, бүтээмжид сөргөөр нөлөөлдөг тул амралтаа зөв зохион байгуулах нь чухал юм. Амралтыг зүгээр л аялал, хэвтэх хормоор ойлгож болох ч үнэн хэрэгтээ энэ бол сэргэх, өсөх, суралцах боломж юм.

    • Өөрийгөө таньж, дахин эхлэхэд амралт хэрэгтэй.
    • Суралцахдаа хүн илүү зорилготой болдог.
    • Чөлөөтэй байхад бүтээлч байдал дэлбээлдэг.

    Хэрэв та амралтаа илүү ухаалгаар өнгөрүүлэхийг хүсэж байвал lambda.global-ийг туршаад үзээрэй.
    Энэ бол ажил мэргэжлийнхээ хүрээнд шинэ ур чадвар эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой олон улсын дижитал сургалтын орчин юм.

    lambda.global нь хүн бүрд зориулсан:

    • Онлайн сургалтууд
    • Ур чадвар хөгжүүлэлт
    • Карьер зөвлөгөө
    • Шилдэг CV бичих аргачлал гэх мэт контентуудыг санал болгодог.

    Ээлжийн амралт бол хууль ёсны эрх төдийгүй хүний хувьд өөртөө үзүүлэх анхаарал болон хүндэтгэл юм. Ажлын амьдралын дарамт дунд мартагдаж болох ч — Амралт бол өөртөө дахин итгэх, өөрийгөө шинээр харж таних боломж. Амралтаа зүгээр л ав, харин түүнийг утгатай учиртай болгох эсэх нь таны сонголт.

    Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар
    Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

  • Шинэ ажилтны чиглүүлэх хөтөлбөр гэж юу вэ?

    Шинэ ажилтны чиглүүлэх хөтөлбөр гэж юу вэ?

    Унших: Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага

    “Ажлаас гарах шалтгаан нь цалин биш, ажилд орсон анхны өдрүүд байдаг” гэж та сонсож байсан уу?

    Монголын Хүний Нөөцийн Холбооны 2021 оны судалгаагаар, шинэ ажилтнуудын 40% нь анхны 90 хоногт ажлаасаа гардаг нь тогтоогджээ. Гол шалтгаан нь цалин, ажлын ачаалал бус  харин чиглэл, ойлголт, дэмжлэг дутагдсан байдал аж.

    Тэдэнд юу хийхээ мэдэхгүй, хэнтэй ярих, хаанаас эхлэхээ ойлгоогүй, удирдамжгүй орчинд орж “хаягдсан мэт” мэдрэмж төрсөн байна. Үр дүнд нь байгууллага авьяастай боловсон хүчнээ алдаж, ажилтнууд сэтгэл ханамжгүй болж, бүтээмж унаж эхэлдэг.

    Энэ асуудлыг шийдэх хамгийн энгийн атлаа хамгийн хүчтэй арга бол шинэ ажилтныг чиглүүлэх системтэй хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь шинэ ажилтныг байгууллагын соёл, бүтэц, үүрэг, хамт олонтой нь системтэйгээр танилцуулж, хурдан дасан зохицох орчин бүрдүүлдэг. Олон улсын нэр хүндтэй байгууллагууд үүнийг “Onboarding Program” хэмээн нэрлэж, заавал хэрэгжүүлэх менежментийн стандарт гэж үздэг.

    Судалгаанаас иш татвал:

    • Gallup (2022) судалгаагаар:

      Onboarding хөтөлбөрт сэтгэл хангалуун ажилтнуудын 70% нь 3 жилээс дээш хугацаанд байгууллагад үлддэг.

    • Glassdoor судалгаа (2023):

      Сайн онбординг хөтөлбөр хэрэгжүүлсэн байгууллагууд шинэ ажилтны бүтээмжийг 54%-иар нэмэгдүүлсэн.

    • Монголын хүний нөөцийн холбоо (2021):

                “Анхны 90 хоногт чиглэлгүй үлдсэн ажилтнуудын 40% нь ажлаа орхих хандлагатай байдаг.

    Яагаад энэ хөтөлбөр шаардлагатай вэ?

    1. Ажилтны бүтээмжийг түргэсгэнэ
      – Ажилтныг орчиндоо дасгаж, үүрэг, зорилгоо тодорхой ойлгосноор эртнээс үр дүнтэй ажиллаж эхэлдэг.

    2. Ажлаас гарах эрсдэлийг бууруулна
      – Анхны 3 сарын дотор ажилтны 30–50% нь орхих магадлалтай байдаг. Зохион байгуулалттай чиглүүлэгтэй байснаар энэ эрсдэл буурдаг.

    3. Сэтгэл ханамж, сэтгэл зүйг дэмжинэ
      – Өөрийгөө үнэлэгдэж, дэмжигдэж байна гэж мэдрэх нь ажилтны урам зоригийг нэмэгдүүлдэг.

    4. Байгууллагын соёлд хурдан уусна
      – Байгууллагын үнэт зүйлс, харилцааны хэв маягийг ойлгосноор зөрчил багасна.

    Хөтөлбөрт багтдаг ерөнхий агуулга:

    1. Нээлтийн уулзалт ба танилцуулга

    • Байгууллагын түүх, бүтэц, эрхэм зорилго, үнэт зүйлс
    • Захиргааны мэдээлэл (ажлын цаг, дүрэм журам, цалин, урамшуулал)

    2. Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл

    • Албан тушаалын тодорхойлолт, хүлээлт
    • Шаардлагатай систем, программ, багаж хэрэгслийн сургалт

    3. Багийн гишүүд, удирдлагуудтай уулзах

    • Хамтран ажиллах хүмүүс, хэлтэс нэгжүүдтэй танилцах
    • Ментор, зөвлөх томилох

    4. Сургалт ба системийн нэвтрүүлэг

    • Дотоод систем, хэрэгсэл, хэрэглэгдэхүүнд сургах

    5. Сорил, үнэлгээ (хэрэв байвал)

    • Сургалтын дараах шалгалт, үнэлгээ
    • Эхний 1–3 сарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ

    6. Дүгнэлт ярилцлага

    • Хөтөлбөр нь удирдлагын дүгнэлт, ярилцлага, үнэлгээний хуудас бүрдсэний дараа дууссан гэж тооцно. Хэрэв шаардлагатай бол аль нэг талын санаачилгаар хугацааг сунгаж болно.

    Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

    • Товч хугацаа: 1–3 өдөр (ерөнхий чиглүүлэх)
    • Сунгасан хөтөлбөр: 1–3 сар (системтэй сорил, үнэлгээтэй)

    Амжилттай хэрэгжүүлэх зөвлөмж

    • Нэг ажилтанд нэг ментор: Асуух, ойлгох, дасах орчин бүрдэнэ.
    • Алхамтай хөтөлбөртэй байх: PDF, гарын авлага, цахим сургалт ашиглах.
    • Сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх: Утгагүй даалгавар биш, ойлгомжтой зорилт өгөх.
    • Хоёр талын үнэлгээ хийх: Ажилтны зүгээс санал хүсэлт авах нь хөтөлбөрийг хөгжүүлэх түлхүүр болно.

    Шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөр бол байгууллагын соёл, үнэт зүйлсийг дамжуулах стратегийн хөрөнгө оруулалт бөгөөд зөв системтэй чиглэл нь ажилтны урам зориг, үнэнч байдал, бүтээмжийг нэмэгдүүлдэг. Ажилд орсон анхны өдрөөс нь ажилтнаа чухал гишүүн гэж хүндэлж чадвал тэр ч мөн байгууллагын үнэ цэнийг хамтдаа бүтээлцэнэ. Lambda.Global танд зөвхөн ажил санал болгохоос гадна, AI – Карьерээ Төлөвлөгч зэрэг ухаалаг шийдлээр ажилтны дасан зохицлыг бодитоор дэмжин хамт хөгжихийг зорьдог.

  • Freelance буюу гэрээсээ ажиллах боломж Монголд

    Freelance буюу гэрээсээ ажиллах боломж Монголд

    Сүүлийн жилүүдэд дэлхий даяар бүхий л салбарт хөдөлмөрийн зах зээл эрчимтэй өөрчлөгдөж, уламжлалт 9-18 цагийн ажлын байрыг халсан, уян хатан цагийн хуваарьтай, цахим орчинд дэлхийн хаанаас ч, хэзээ ч ажиллах боломжийг олгодог “freelance” буюу чөлөөт гэрээт ажлын байр эрчимтэй хөгжиж, Монголын хөдөлмөрийн зах зээлд ч хүчтэй нэвтэрч эхэллээ. Хэрвээ гэрээсээ ажиллах ажлын талаар бодож, судалж байгаа бол энэхүү нийтлэл танд зориулагдсан юм.

    Фриланс гэж юу вэ? 🤔

    Ямар нэг компани, ажил олгогчоос үл хамааран бие даан, чөлөөт байдлаар ажиллахыг фриланс, ингэж ажилладаг хүмүүсийг фрилансер гэж нэрлэдэг. Ихэвчлэн цахимаар ажилладаг ба гүйцэтгэлд суурилсан үнэлгээтэй, уян хатан цагийн хуваарьтай байдгаараа онцлог. Нас, хүйс үл харгалзан хэн ч фрилансер болж болно.

    Гол шаардлага бол:Мэдлэг, ур чадвар, хариуцлага.

    Хүмүүс яагаад фриланс ажилд татагдаж байна вэ? 💡

    • Уян хатан цагийн хуваарь – Өдөр, орой, шөнийн аль ч цагт ажиллах боломж. ⏰
    • Байршлын хязгаарлалтгүй – Гэрээсээ, кофе шопоос, эсвэл хөдөө орон нутаг, дэлхийн хаанаас ч ажиллаж болно. 🌍
    • Орлогын олон эх үүсвэр – Нэг байгууллагад хамаарахгүй, олон байгууллагатай зэрэг ажиллах боломж. 💸
    • Өөрийгөө цаг үргэлж хөгжүүлэх – Төсөл бүр өөр шинэ сорилт, шинэ ур чадвар эзэмших боломж. 📚 Өөр өөрийнхөө багш нь болж, өөрийгөө цаг тутамд хөгжүүлэх шаардлагатай.

    Монгол дахь фриланс ажлын бодит байдал ямар байгаа вэ?

    “Монголын Залуучуудын Холбоо”-ны 2023 оны судалгаагаар 📊 18–35 насны залуусын 32% нь фриланс ажил хийж байсан гэж хариулжээ. Энэхүү судалгаа нь  Монголд фриланс ажлын байр эрчимтэй хөгжиж байгааг илтгэж байгаа юм. Ингээд 2025 оны байдлаар Монголд хөгжиж буй хамгийн түгээмэл фриланс ажилтай танилцацгаая.

    • Дижитал маркетинг, сошиал медиа менежмент 📱
    • График дизайн, UX/UI 🎨
    • Вэб сайт, апп хөгжүүлэлт
    • Орчуулга, контент бичих
    • Онлайн сургалт, зөвлөх үйлчилгээ

    Тулгарч буй саад бэрхшээл:

    • Нийгмийн хамгаалалт дутмаг – Freelance ажилчид хөдөлмөрийн гэрээний хамгаалалт, тэтгэвэр, эмнэлгийн үйлчилгээ авах боломж компани, ямар нэгэн газрын гэрээт ажилтныг бодоход бага байдаг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг хуваариа сар бүр өөрөө төлөх ёстой гэсэн үг.
    • Орлогын тогтворгүй байдал – Ажлын тасралтгүй байдал, орлогын тогтвортой байдал нь одоо ч энэ салбарын сорилт хэвээр байна.
    • Платформын хомсдол – Гадаад сайтууд (Upwork, Fiverr гэх мэт) англи хэл шаарддаг бол Монголд энэ төрлийн платформ хараахан хангалттай хөгжөөгүй.
    • Нийгмийн буруу ойлголт – “Гэрээсээ ажилладаг” = “Ажилгүй” гэх хандлага одоо ч байдаг.

    Ирээдүй ямар байх вэ?

    • Монголд зориулсан freelance платформууд бий болсноор энэ ажлын байрны эрэлт улам нэмэгдэнэ.
    • НДШ, хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэх шаардлага бий.
    • Орон нутгийн залуусыг чиглэсэн сургалт, менторшип хөтөлбөрүүд улам нэмэгдэнэ.
    • Компаниуд freelance мэргэжилтнүүдтэй илүү нээлттэй хамтарч ажиллахад бэлэн болно.

    Freelance ажил бол зөвхөн гэрээсээ тухтай ажиллах тухай биш, харин хувь хүний бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөө, олон улсын түвшинд өрсөлдөх боломж юм. Монголд энэ чиглэл өнөөдрийн байдлаар хангалттай хөгжөөгүй байгаа ч ирээдүйд ажлын байрны нэгэн төрөл болон байр сууриа бататгах нь гарцаагүй болжээ.

    Эцэст нь хэлэхэд — фриланс бол ирээдүй биш, аль хэдийнээ эхэлчихсэн одоо цаг. Харин энэ боломжийг ашиглах эсэх нь таны гарт байна.

  • Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын зар харангуутаа “За, ийшээ шууд анкет илгээе” гэж боддог уу? Гэхдээ түр азнаарай… доорх чухал 10 асуултуудыг өөрөөсөө асуусны дараа анкет илгээвэл  илүү оновчтой, өөрт тохирсон урт хугацааны зөв сонголт хийж чадах болно шүү.

    1. Би энэ ажилд үнэхээр дуртай юу?

    • Та энэ ажлыг хийхдээ сэтгэл ханамжтай байж чадах уу?
    • Эсвэл зүгээр л орлогын хэрэгцээнээс үүдэн анкетаа илгээж байна уу? гэдгийг заавал өөрөөсөө асуугаарай.

    Судалгаагаар  дуртай ажлаа хийдэг хүмүүсийн бүтээмж 33%-иар өндөр, ажлын байрандаа тогтвор суурьшилтай байх нь 2 дахин илүү байдаг.

    2. Ажлын байрны шаардлага миний ур чадвар хэр нийцэж байна вэ?

    • Ажлын байранд дурдсан шаардлагуудтай та нийцэж байна уу?
    • Ур чадварынхаа түвшинг бодитоор дүгнэж чадсан уу?

              Санамж: Таарахгүй ажлын байранд анкет илгээх нь таны өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.

    3. Байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлтэй би нийцэж чадах уу?

    • Ямар байгууллагад анкетаа илгээж байгаагаа судалж үзсэн үү?
    • Тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс таатай санагдаж байна уу?

    Жишээ: Та бүтээлч, уян хатан орчинд ажиллах дуртай бол, хэт их шат дамжлага бүхий байгууллагад дасан зохицох хэцүү байж мэднэ.

    4. Энэхүү ажлын байр ирээдүйд карьерын өсөлт хийх боломжтой юу?

    “Ямар ч ажил байхад болно” гэж яарах биш, “энэ ажилд орсноор ирээдүйд карьерын хувьд өсөн дэвших боломжтой юу?” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зүгээр л ажилтай болохоос илүү, энэ сонголт таны кареерийн замд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тунгаах хэрэгтэй.

    5. Миний CV тухайн ажлын шаардлагад нийцэж байна уу?

    Хэт ерөнхий, эсвэл нэг загварын хэдэн жилийн турш ашиглаж байгаа CV нь HR-ийн анхаарлыг татах магадлалыг бууруулдаг. Тухайн зарын шаардлагад нийцүүлэн CV-гээ өөрчилсөн үү? ЭНД ДАРЖ тухайн ажлын байранд таны CV хэдэн хувь тохирч байгааг ганц товшилтоор мэдээрэй.

    6. Би яагаад энэ ажилд орохыг хүсэж байна вэ?

    • Яагаад энэ байгууллага?
    • Яагаад энэ албан тушаал?

    Энгийн мэт боловч энэ асуултад хариулахдаа өөртөө үнэнч хандаж, өөрийн зорилго, сонирхлыг тодорхойлж чадвал та бусдаас ялгарч чадах болно.

    7. Миний давуу ба сул тал энэ ажилд хэрхэн нөлөөлөх вэ?

    • Аль чадвараа бүрэн ашиглаж чадах вэ?
    • Ямар сул тал дээрээ анхаарах хэрэгтэй вэ?                                                                                                                                                                                                                                                                  Бие даан, бодитоор өөрийгөө дүгнэх цаг иржээ. Аль давуу талаа илүү ашиглаж, ямар сул талаа сайжруулах шаардлагатай вэ гэдгээ ойлгож байж анкет илгээх нь ажилд орох дараа дараагийн алхмуудыг илүү хөнгөвчилж өгнө.

    8. Өмнөх ажлын туршлагаасаа ямар ур чадварыг энэ ажилд ашиглаж чадах вэ?

    • Сургалт, клуб, сайн дурын ажил — бүгдийг тооцоорой.
    • Ямар чадваруудыг шууд ашиглаж болох вэ?

    Жишээ: Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан бол бичгийн болон судалгааны чадвараа тодотгох дасгал ажлуудыг хийж үзээрэй.

    9. Би энэ байгууллагад ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

    Таныг ажилд авах хамгийн том шалтгааныг өөрөөсөө асуугаарай: “Би юу хийж чадах вэ?”

    10. Анкет илгээсний дараа би юу хийх вэ?

    • Хариу хүлээгээд суух уу, эсвэл өөр ажил судлах уу ?
    • Тухайн ажлын байртай холбогдох дугаар луу залгаад өөрийгөө танилцуулж, анкет илгээснээ мэдэгдэхэд буруудах зүйл байхгүй шүү.

    Анкет бол зүгээр нэг файл биш. Энэ бол таныг танилцуулах, үнэлүүлэх, мөрөөдлийн ажилд хүрэх гүүр юм. Тиймээс анкет илгээх бүрдээ өөрөөсөө эдгээр 10 асуултыг асууж, үнэхээр таны хүсэн хүлээж буй, үнэ цэнийг тань ойлгож үнэлэх газар мөн эсэхийг шалгаарай.

    Дараагийн алхам: Та эдгээр асуултад хариулж дууссан бол, одоо CV болон анкетынхаа чанарыг ЭНД ДАРЖ сайжруулаарай.

  • Хэрхэн өөрт тохирсон утга учиртай ажлыг олох вэ?

    Хэрхэн өөрт тохирсон утга учиртай ажлыг олох вэ?

    Өндөр цалин, тогтвортой ажлын байр чухал ч, ихэнх хүмүүс өөрт тохирсон,  зөв зүйл хийж байгаа мэт мэдрэмжийг өгөх, утга учир, хүсэл тэмүүллийг нь өдөөх ажлыг  илүүд үздэг. Гэхдээ яг яаж өөрт тохирсон, утга учиртай санагдах ажил олох вэ?

    Юуны түрүүнд дотоод дуудлага, үнэт зүйл, хүсэл тэмүүллээ ойлгох нь чухал бас түүндээ тулгуурлан ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс өөрийн хүсэл тэмүүллээ тодорхой хэмжээнд анзаардаг боловч бодит байдал дээр нөхцөл байдал, цалин хөлс, цаг үеийн тренд зэрэг гадаад хүчин зүйлсээс хамаарч ажлаа сонгодог тул утга учир, хүсэл тэмүүллийг ажлаасаа мэдэрдэггүй. Тэгэхээр өөрт тохирсон, утга учиртай санагдах ажлыг олохын тулд доорх энгийн хэдэн асуултуудын хариултыг өөрөөсөө асууж мэдээд- тухайн хариултуудтай  нийцэх ажил, байгууллагыг хайж олоорой. 

    Юу танд хамгийн чухал вэ гэдгийг мэдэх

    Өөрийн үнэт зүйлсийг ойлгохын тулд  дараах асуултыг өөрөөсөө асуугаарай:

       Би ажил, амьдралдаа юунд хамгийн их үнэ цэн өгдөг вэ?

    Жишээ нь:

    • Эрх чөлөө ба уян хатан байдал
    • Бүтээлч байдал ба өсөн дэвших боломж
    • Тогтвортой байдал, аюулгүй байдал
    • Бусдад туслах, нийгэмд  хувь нэмэр оруулах

    Өөрт хамгийн чухал хүчин зүйлсээ тодорхой мэдэж авснаар цаашид  тохирох ажлаа олох таны “чиглүүлэгч”  болно.

    Хүсэл тэмүүлэл, дотоод дуудлагаа ойлгох

    Хүсэл тэмүүлэл(Passion)-ээ дагах гэдэг нь  үргэлж догдлолтой, амар зүйлийг хийх биш байдаг. Заримдаа, зөвхөн таны хувьд л гүн утга учиртай зүйлийг хэцүү байсан ч хамаагүй хийхийг хэлдэг. 

    Өөрөөсөө дараах асуултуудыг  асуугаарай:

    • Би ямар төрлийн асуудлыг шийдэх дуртай вэ?
    • Ямар ажлыг хийхэд цаг хугацаа нисэн одох мэт санагддаг вэ?
    • Хүүхэд байхдаа хэн ч зааж, зөвлөөгүй байхад юу хийх дуртай байсан бэ?

    Таны хүсэл тэмүүлэл тань анир чимээгүйн дунд өөрийн дотоод хүнээ сонсох үед ирэх болно. Та юуг сайн хийж чаддаг, юунд амжилт гаргаж байгаагаас тань ирэхгүй байж болно. Мэдээж таны чадвар маш чухал ч энэ нь таны хүсэл тэмүүллийг бий болгож ч болно, үгүй ч байж болно. Мөн хүсэл тэмүүлэл гэдэг заавал “нэр үгээр” тодорхойлогдох ажил, зорилго байх ёсгүй ба таны амьдрал, ажилдаа хандах “хандлага” эсвэл “утга учир” өгдөг өдөр тутмын жижиг “үйлдэл” ч байж болно. 

    Байгууллага, ажлын байрыг үнэт зүйл, хүсэлт тэмүүлэлтэй холбох

    Дотоод хүсэл тэмүүллээ ойлгож байгаа бол та ажил хайхдаа өөрөөсөө дараах зүйлсийг асуугаарай:

    •    Энэ байгууллага миний үнэт зүйлсийг дэмжих үү?
    •    Энэ ажил намайг урам зоригтой байлгаж чадах уу?

    Ажил хайж байхдаа, зөвхөн ажлын байрны тодорхойлолтыг бүү хараарай. Тухайн байгууллагын соёл, дотоод уур амьсгал зэргийг ярилцлагын үеэр болон тухайн газарт ажилладаг хүмүүсээс асууж судал. Зөвхөн өндөр цалинд хөтлөгдөлгүй, өөрийн дотоод “хөдөлгөгч хүч”-ийг сонсоорой. 

    Өөрийгөө үнэн бодитоор илэрхийлэх

    Өөрийн түүхийг үнэн бодитоор илэрхийлсэн CV , Сover Letter-тэй байх. Яагаад тэр ажлыг хийхийг хүсэж байгаагаа чинь үнэнээр нь өөрийн үгээр өгүүлэх хэрэгтэй. 

    • Юу таны хөдөлгөх хүч болдог талаар
    • Ямар төрлийн ажил танд амьдарч байгаа мэт мэдрэмж өгдөг талаар
    • Яагаад тухайн байгууллага, ажлын байр танд утга учиртай санагдаж буй талаар

    Ажил олгогчид жинхэнэ “хүсэл тэмүүлэл”-ийг таньж үнэлж чаддаг.

    Эцэст нь:

    Зөв ажил олоход бүх зүйлийг бүрэн ойлгосон байх шаардлагагүй.Өөрийгөө таньж мэдэх, дотоод дуудлагаа сонсох нь цахим ертөнцөөс хэт хамааралтай өнөө үед амаргүй  тул хичээл зүтгэл, цаг хугацаа шаарддаг.

    Олон төрлийн ажлыг туршиж үзэн, өөрийгөө бага багаар таньж мэд. Бүх зүйл тодорхой байх албагүй — гол нь энгийнээр бодож, сэтгэл зүйн хувьд бэлэн, нээлттэй байх нь л чухал.

  • Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадаас ирээд Монголд хэрхэн карьераа шинээр эхлүүлэх вэ?

    Гадаадад олон жил ажиллаж, сурч, амьдарч байгаад Монголдоо буцаж ирэхэд олон төрлийн мэдрэмж төрдөг. Зарим зүйлс танил санагдах ч, хөдөлмөрийн зах зээл, мэргэжлийн орчин тийм ч их тодорхой, ойлгомжтой санагдахгүй байж мэднэ.

    Гадаадад хуримтлуулсан мэдлэг, туршлагаа эх орондоо хэрэгжүүлнэ гэсэн хүсэлтэй эргэн ирж буй хүмүүс олон бий. Гэвч Монголын өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хэрхэн дахин нэвтрэх вэ гэдэг нь тодорхой бус байдаг. Хэрэв та яг одоо ийм асуудалтай тулсан байгаа бол дараах хэрэгцээт, бодит зөвлөмжүүд танд тус болно.

     1. Боловсрол, туршлагаа зөв “илэрхийлж” ойлгуулах 

    Гадаадад сурсан, ажилласан туршлагынхаа үнэ цэнийг харуулахын тулд тэдгээрийг Монголын нөхцөлд тохируулан тайлбарлах хэрэгтэй.

    🎓 Хэрэв та гадаадад сурсан бол:

    Мэргэжлээ Монголын ямар салбаруудад хэрхэн ашиглаж болохыг товч тодорхой тайлбарла. Дипломын ажил, судалгаа, төслүүдээс практик жишээ оруул. Сурсан программ, ур чадваруудаа тодорхой бичиж болно.

    💼 Хэрэв та гадаадад ажилласан бол:

    Албан тушаал, үүргээ Монголын байгууллагуудад ойлгомжтой хэлбэрээр тайлбарла. Үр дүнгээ тодорхой  илэрхийл (ж. “Хэрэглэгчийн гомдлыг 40%-ар бууруулсан”). Ажилласан аргачлал, системүүдээ (CRM, Agile, Notion гэх мэт) дурдаад, хэт их гадаад үг хэллэг ашиглахаас зайлсхийх хэрэгтэй.

    Зөвлөмж: Гадаадад байсан гэж өөрийгөө хэт үнэлэхээс илүү, ямар асуудлыг хэрхэн шийдсэнээ ойлгомжтойгоор илэрхийлж чадвал таны туршлага илүү үнэлэгдэнэ.

    2. Одоогийн хөдөлмөрийн зах зээлийг судал

    Магадгүй, та сүүлд Монголд ажилласнаас хойш олон зүйл өөрчлөгдсөн байж мэднэ. Старт-ап орчин илүү идэвхтэй хөгжиж, гадаадын компаниуд илүү олон Монгол ажилтантай болж, олон улсын жишгийг даган дижитал ур чадвар эрэлттэй болсон. Гэвч ажил олох нь одоог хүртэл танил талаараа шийдэгддэг байдал хэвээр байх магадлал өндөр гэдгийг ойлгох нь чухал.

    Зөвлөмж: Lambda Global, Zangia,Worki, LinkedIn зэрэг платформоос ажлын зар харахтай зэрэгцэн тухайн салбарт ажиллаж байгаа хүмүүстэй холбогдоорой. Найз нөхөд, хуучин хамтран ажиллагсадтайгаа холбогдох нь мөн чухал.

     3. Танилын хүрээгээ дахин босгох(networking)

    Хэрэв та олон жил гадаадад байсан бол таны хуучин танилууд өөр салбар луу орсон, эсвэл бүр холбоо тасарсан байх магадлалтай. Тэглээ гээд та санаа зовох хэрэггүй. Жаахан цаг орох ч, шинээр танилын хүрээгээ бий болгоход л болно. Арван жил, их сургуулийн ангийнхан, хамтран ажиллаж байсан хүмүүс, багш нар зэрэг ойрын хүрээллээсээ эхлээрэй. Тухайн салбарын арга хэмжээнд оролцож, сургалт, сайн дурын ажилд нэгдэх боломжуудыг ашиглаарай.

    Зөвлөмж: Танил талаараа ажил хайхыг буруугаар бодох хэрэггүй. Монгол гэлтгүй, дэлхийн хаана ч “networking”- хийнгээ ажил хайх нь хэвийн зүйл байдаг. Танилын хүрээгээ тэлж, олон нийтийн дунд байж чадвал боломж өөрөө ирэх магадлалтай.

     4. “Reserve Culture Shock” -д орох магадлалтайг санах

    Мэргэжлийн орчны Монгол соёлд дахин дасан зохицох хэрэгтэйг та сайн ойлгож байсан ч, сэтгэлзүйн хувьд хүнд сорилтуудтай тулгарч мэднэ. Удирдлагын хэв маяг, удаан шийдвэр гаргалт, эсвэл хэт илэн далангүй шүүмжлэл гэх мэт зүйлс танд бухимдал төрүүлэхээр санагдаж болох талтай. Эхэндээ танд эх орондоо эргэн ирсэн ч гадны хүн мэт мэдрэмж төрөх болно. 

    Зөвлөмж: Монголд эргэн ирэх энэ үеэ шинэ соёлд дасан зохицох үйл явц мэтээр хүлээж аваарай. Монголын бодит нөхцөл байдлыг хэт их шүүмжлэлтэй хүлээн авалгүй, өөртөө дасан зохицох хугацааг харамгүй өгөөрэй. 

    5. Гадаадын туршлагаа даруугаар ашиглах

    Та зөвхөн гадаадад эзэмшсэн боловсрол, туршлагаасаа гадна, гадаад хэлний өндөр мэдлэг, олон улсын орчинд ажиллах арга барил, асуудлыг шийдвэрлэх уян хатан байдал, ёс зүйн арай өөр ойлголтыг ч авч ирж буй юм. Энэ бол асар их давуу тал. Гэхдээ эдгээр давуу талаа зөв цагт, зөв байдлаар хуваалцах хэрэгтэй.

    Дотоодын байгууллагын хэв маягийг хэт их шүүмжилж, “гадаадад ингэдэг” гэж яривал бусдын эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай. Харин “Бид ийм асуудалтай тулгарч байхад тэгж шийдэж байсан, Монголд ингэж туршиж үзэж болох болов уу?” гэх байдлаар хандвал илүү үр дүнтэй.

    Эцэст нь:

    Эх орондоо эргэн ирж байгааг “бүхнийг тэгээс эхэлж байна” гэж хэт хүндээр хүлээн авах хэрэггүй. Та амьдралынхаа нэлээд том бэрхшээл, дамжлагыг туулж, өөрийгөө хөгжүүлээд ирж байгаа. Хамгийн чухал нь энэхүү туршлагаа Монголын нөхцөлд ухаалгаар, уян хатан байдлаар хэрэгжүүлэх явдал юм.

    Lambda Global таныг дэмжихэд бэлэн байна. Бид гадаадад амьдарч, ажиллаж байгаад эх орондоо ирсэн олон залуустай хамтарч ажилладаг. Хэрвээ та одоо энэ замыг туулж яваа бол ганцаараа биш гэдгээ санаарай. Монголд таны туршлага, таны дуу хоолой, таны хувь нэмэр хамгийн их хэрэгтэй.

  • Яагаад цалингаас илүү карьерын өсөлт чухал вэ?

    Яагаад цалингаас илүү карьерын өсөлт чухал вэ?

           Шинэ ажлын зар харангуутаа хүмүүс хамгийн түрүүнд “Цалин хэд вэ?” гэж асуудаг. Мэдээж орлого бол амьдралын чухал хэсэг. Гэхдээ цалин өндөр байна гэдэг нь урт хугацаанд сэтгэл ханамжтай ажиллах баталгаа болж чаддаггүй байна.

    Gallup-ийн 2023 оны судалгаагаар, тасралтгүй хөгжих боломжгүй орчинд ажиллаж буй хүмүүсийн ажлын сэтгэл ханамж 63%-иар буурдаг бөгөөд тэд илүү хурдан ядарч, бүтээмж багатай болдог байна. Энэхүү нийтлэлээр яагаад  цалингаас илүү кареьрын өсөлт  чухал болохыг товч бөгөөд тодорхой хүүрнэлээ. 

    1. Цалин бол өнөөдөр, карьер бол ирээдүй

    Сар бүрийн орлого түр зуур таныг сэтгэл хангалуун байлгаж мэднэ. Гэхдээ нэг байрандаа удаан “гацаад” байвал хэдэн жилийн дараа:

    • Өөрийгөө хөгжүүлээгүй
    • Цалин өсөөгүй
    • Шинэ боломжууд хаалттай болох эрсдэлтэй.

    Харин карьерын өсөлттэй ажил гэдэг нь:

    • Албан тушаалын шат ахих боломжоор дүүрэн
    • Илүү хариуцлагатай, үнэ цэнтэй үүрэг гүйцэтгэх
    • Өөртөө итгэлтэй, бие даасан мэргэжилтэн болох боломжийг өгдөг.
    1. Карьерын өсөлт таныг тасралтгүй хөгжүүлдэг гэдгийг санах хэрэгтэй.

    Тасралтгүй сурч, шинэ ур чадвар эзэмших нь цалингаа нэмэх хамгийн ухаалаг зам.
    Харин карьертаа өсөлт хийх боломжгүй ажлын байранд:

    • Сурах зүйл хязгаарлагдмар
    • Бүтээлч байдал унтардаг
    • Ажлаасаа уйдах хандлага үүсдэг
    1. Ирээдүйд юу бүтээх вэ гэдэг хамгийн чухал

    Өнөөдрөөс 5 жилийн дараа өөрийгөө хэрхэн харж байна вэ?

    • Удирдах албан тушаал?
    • Мэргэжлийн эксперт?
    • Хувийн брэнд, хүндлэл?

    Эдгээрийг бодож сонголтоо хийхгүй бол цалин сайн ч гэлээ “орлого-зарлага”-ын мөчлөгөөс хэзээ ч гарч чадахгүй.

    1. Карьер өссөнөөр цалин аяндаа дагаад өсдөг

    Хамгийн амжилттай явж байгаа хүмүүс бүгд анхны ажлаа “цалингийн хэмжээгээр” бус, суралцах орчин, өсөлтийн замнараал нь сонгосон байдаг.
    Тэд дараагийн шатанд очих тусам:

    • Цалин дагаад өсдөг
    • Сонголтууд нэмэгддэг
    • Зах зээл дээр үнэ цэн нь өндөр болдог

     Эцэст нь:

    Цалин таныг 1 сарын турш урамшуулдаг бол карьерын өсөлт таныг амьдралын турш урамшуулдаг.  Тиймээс дараагийн ажлаа сонгохдоо “Эндээс би юу сурч, хэрхэн өсөн дэвжих вэ?” гэж өөрөөсөө асуугаарай.
    Магадгүй цалин бага байж болох ч, энэ сонголт таны мөрөөдлийн карьерт хүрэх эхлэл байж ч мэднэ шүү. Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

  • Ажилгүйдлийн тэтгэмж: Түр амсхийх үү, эсвэл дараагийн алхам уу?

    Ажилгүйдлийн тэтгэмж: Түр амсхийх үү, эсвэл дараагийн алхам уу?

    Ажилгүй болсон тэр мөчид олон хүний толгойд “Одоо яах вэ?” гэсэн бодол хамгийн түрүүнд орж ирдэг. Үнэндээ энэ асуулт зөвхөн санхүүгийн асуудлаар хязгаарлагдахгүй. Хүн бүр өөрийн амьдралын дараагийн шат руу шилжих үүдэнд ирж, цааш хэрхэн алхахаа тунгаах мөч юм.
    Гэхдээ энэ шилжилтийн үеийг зөв ашиглаж чадвал шинэ боломжийн эхлэл байж чадна. Монгол Улсад ажилгүйдлийн тэтгэмж гэж юу байдаг вэ, хэрхэн авах вэ, түүнийг яаж ухаалгаар ашиглах вэ гэдэгт энэ удаагийн нийтлэлээр хариу өгөхийг зорилоо.
    Хамгийн түрүүнд хүндрэлтэй санагддаг зүйл бол тогтмол орлогогүй болох. Гэхдээ энэ үеийг зөв төлөвлөвөл, бид дахин эхлэх алтан боломж болгож ч чадна.

    Яагаад энэ үе чухал вэ?

    Ажилгүй болсон үед ихэнх хүн сандарч, ойрын орлоготой ямар ч ажилд орохыг урьтал болгодог. Гэвч энэ шийдвэр таны ирээдүйн 1-2 жил, бүр цаашдын 5 жилийг тодорхойлох ч эрсдэлтэй. Тиймээс ажилгүйдлийн тэтгэмж бол зөвхөн санхүүгийн дэмжлэг биш — эргэн харах, дахин чиглэлээ тодорхойлох боломж.

    Тэтгэмж авах үеэрээ юу хийх вэ?

    • Өмнөх нийтлэлдээ дурдсанчлан, та өөрийгөө үнэлүүлэхийн тулд “түр алга болох” хэрэгтэй байж мэднэ.
    • Ажилгүй байх хугацаанд хийх чадамжтай ч гэсэн хүсээгүй ажлаас түр холдох нь дараагийн “үнэтэй алхам”-д хөтөлдөг.
    • Энэ үед карьерынхаа чиглэлийг шинээр тодорхойлох, эсвэл lambda.global гэх мэт платформ ашиглан зан төлөв, хэлний чадвар дээр суурилсан ажлын санал хүлээн авах бүрэн боломжтой.

    Ажилгүйдлийн тэтгэмж гэж юу вэ, хэрхэн авах вэ?

    Ажилгүйдлийн тэтгэмж гэдэг нь өмнө нь Нийгмийн даатгал төлж байсан иргэн ажилгүй болсон тохиолдолд төрөөс сар бүр өгдөг санхүүгийн дэмжлэг юм. Үүнийг авахын тулд тодорхой нөхцөлүүдийг хангах шаардлагатай.Ажилгүй болсон үед хүнд хамгийн эхэнд тулгардаг зүйл бол тогтмол орлогогүй болох явдал. Гэхдээ Монгол Улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан иргэн тодорхой нөхцөлүүдийг хангаж байвал Ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй.

    Тэгвэл яг ямар үед, ямар бичиг баримт бүрдүүлж, хаана хандаж, хэр хугацаанд, ямар хэмжээгээр тэтгэмж авах боломжтой вэ? Энэ бүгдийг шат дараатай тайлбарлая.

         1. Хэн авах эрхтэй вэ? Тавигдах шаардлага

    • Сүүлийн 24 сар болон түүнээс дээш хугацаанд Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байх тэгэхдээ сүүлийн 9 сар тасралтгүй төлсөн байх
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайгч иргэнээр бүртгүүлсэн байх
    • Эрүүл мэндээр хөдөлмөр эрхлэх бүрэн чадвартай байх

    Санамж: Хувиараа хөдөлмөр эрхлэгчид, нөхөрлөл, хоршооны гишүүд, фрилансерууд ч НДШ-ээ төлсөн байвал тэтгэмж авах боломжтой.

         2. Хаана хандах вэ?

    • Нийгмийн даатгалын хэлтэс (аймаг/дүүргийн түвшинд)
    • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар (таны оршин суугаа газрын дагуу)
      Хоёуланд нь хандаж, тус тусын бүртгэлд хамрагдах шаардлагатай байдаг.

        3. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

    Бичиг баримт Хаанаас авах
    Иргэний үнэмлэх Өөрөө авчирна
    Нийгмийн даатгалын дэвтэр (эсвэл баталгаа) Хуучин ажил олгогч/НД
    Ажил олгогчоос олгосон ажлаас чөлөөлөгдсөн тухай албан бичиг
    ажлын гэрээний хамт
    Ажил олгогчоос
    Өргөдөл (тусгай маягтаар бөглөнө) НД хэлтсээс авна
    Ажилгүйдлийн тэтгэмжийн маягт НД хэлтэс дээр бөглөнө

        4. Хэдий хэр хэмжээний тэтгэмж хэр хугацаанд авах вэ?

    Ажилгүй болохын өмнөх шимтгэл төлсөн сүүлийн дараалсан 9 сарын дундаж цалин, орлогоос дараах хувь, хэмжээгээр тооцож олгоно.

    • 5 хүртэл жил шимтгэл төлсөн бол 45% ийг 76 хоног
    • 5-10 хүртэл жил шимтгэл төлсөн бол 50% ийг 88 хоног
    • 10-15 жил төлсөн бол 60% ийг 100 хоног
    • 15 ба түүнээс дээш жил төлсөн бол 70%-иар 112 хоног тус тус бодож өгдөг.

        5. Тэтгэмжийн мөнгө хэрхэн ордог вэ?

    1. Та бүртгүүлж, бүх бичиг баримтаа өгсний дараа
    2. Хяналтын хугацаа: 7–10 ажлын өдөр
    3. Шийдвэр гарвал таны бүртгүүлсэн банкны данс руу мөнгө шилжинэ
    4. Тэтгэмжийг сард нэг удаа олгодог

        6. Тэтгэмж авч байх хугацаанд юуг анхаарах вэ?

    • Та ажил хайгчийн бүртгэлээс гараагүй байх
    • Хэрвээ ажилд орвол НД хэлтэст мэдэгдэнэ
    • Худлаа мэдүүлэг өгвөл тэтгэмж буцаан төлөх хариуцлага хүлээнэ
    • Сургалт, хөдөлмөр зуучлалд хамрагдахыг зоригтой зөвшөөр

    Ажилгүйдлийн тэтгэмж бол зүгээр нэг түр зуурын мөнгөн дэмжлэг биш — энэ бол өөрийгөө дахин нээх, шинэ зам руу шилжих бэлтгэлийн үе юм.

    Харамсалтай нь өнөөдөр маш олон залуус энэ боломжийг мэдэлгүй өнгөрүүлдэг. Ажлаасаа гарсан даруйдаа “орлогогүй боллоо” гэж сандран, түр зуурын ажилд орж, ирээдүйн үнэ цэнтэй боломжоо алддаг.

    Гэтэл үнэн хэрэгтээ:

    • Нийгмийн даатгалаа тогтмол төлсөн хүн бүр тэтгэмж авах эрхтэй
    • Тэр хугацаанд шинэ зүйл сурч, шинэ мэргэжил эзэмшиж, карьерын дараагийн шатанд бэлтгэх бүрэн боломжтой
    • lambda.global шиг платформ ашиглан өөрийн зан чанар, ур чадварт тохирсон шинэ ажил, шинэ замыг нээж болно

    Тиймээс та энэ үеийг зүгээр өнгөрөөх биш — өөртөө үнэнчээр, зорилготойгоор ашиглаарай.

    Бидний бэлтгэсэн карьерийн завсардалтай холбоотой нийтлэлийг уншихыг хүсвэл: Ажлын завсарлага авах нь айх зүйл биш, харин ч шинээр эхлэх боломж

    Эх бэлтгэл:
    Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам
    Нийгмийн даатгалын ерөнхий газар
     ndportal