Category: Карьер Хөгжил

  • Давхар ажил эрхлэлт: Боломж уу, бэрхшээл үү?

    Давхар ажил эрхлэлт: Боломж уу, бэрхшээл үү?

    Хөдөлмөрийн зах зээлд нэг ажлын цалингаар амьдралаа хангахад улам бүр бэрх болж байна. Үүний үр дүнд олон хүн үндсэн ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох арга зам хайж, давхар ажил эрхэлж байгаа юм. Давхар ажил эрхлэлт нь хүн нэгэн зэрэг хоёр буюу түүнээс дээш ажил хийхийг хэлдэг. 2023 оны байдлаар Монголд нийт ажиллагсдын 12.4% нь давхар ажил эрхэлдэг ба энэ тоо жилээс жилд нэмэгдэж байна.

    Яагаад хүмүүс давхар ажил хийдэг вэ?

    • Санхүүгийн шаардлага

    Өрхийн орлогын хүрэлцээ муу, инфляцийн өсөлт, зээлийн дарамт зэргээс үүдэн олон хүн үндсэн орлогоороо амьдралаа хангаж чадахгүй байгаа нь давхар ажил хийх нэг гол шалтгаан болдог.

    • Хобби, ур чадвараа ашиглах

    Хүн бүрт дуртай, чөлөөт цагаа зориулдаг хобби бий. Түүгээрээ орлого олох нь давхар ажил хийхийг урамшуулдаг нэг шалтгаан юм. Жишээ нь: дизайнер өдөрт оффист ажилладаг бол орой нь хувиараа график дизайн хийдэг.

    • Карьер, ирээдүйн зорилго

    Ирээдүйд бие даасан бизнес эхлүүлэх, туршлага хуримтлуулах зорилгоор давхар ажил эрхлэх нь залуусын дунд түгээмэл хандлага болж байна.

    Хууль зүйн зохицуулалтын талаар:

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд ажилтан нь хоёрдогч ажил эрхлэхийг шууд хориглосон заалт байхгүй. Гэсэн хэдий ч:

    • Ажил олгогчтой байгуулсан гэрээнд давхар ажил эрхлэхийг хязгаарласан тусгай заалт байвал зөрчилд тооцогдох боломжтой.
    • Нууцлал, өрсөлдөөн: Ажилтны ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц давхар ажил хийх нь хөдөлмөрийн гэрээний зөрчил болж болзошгүй.
    • Цагийн хуваарь, аюулгүй байдал: Хэт ачаалалтай ажиллах нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Энэ тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээх үндэслэлтэй болдог.

    Ажил олгогчдын байр суурь:

    • Дэмждэг байгууллага:
      Зарим байгууллага давхар ажил эрхлэлтийг уян хатан байдлаар дэмжиж, ажилтнуудаа хөгжих, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Тухайлбал, технологийн салбарын компаниуд ажилтнуудаа side-project хийхийг зөвшөөрдөг.
    • Сөрөг хандлагатай ажил олгогчид
      Гэвч олон байгууллага давхар ажил эрхлэлтийг эрс эсэргүүцдэг. Учир нь:
    • Хариуцлага алдагдах магадлал
    • Ажлын гүйцэтгэл буурах
    • Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал алдагдах

    Сэтгэлзүйн болон нийгмийн нөлөө

    Судалгаагаар давхар ажил хийдэг хүмүүсийн 45% нь архаг стресс, 33% нь уур уцаартай болж буйгаа илэрхийлсэн байдаг. Ялангуяа ажлын болон амьдралын тэнцвэрийг алдагдуулах хандлагатай. Үүнээс сэргийлэхийн тулд:

    • Цагийн менежмент сайн байх
    • Ачааллаа зөв хуваарилах
    • Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай.

    Давхар ажил эрхлэлт нь зөвхөн орлого нэмэгдүүлэх шийдэл биш. Энэ нь хууль эрх зүйн зохицуулалт, ажил олгогчийн итгэлцэл, хувь хүний эрүүл мэнд, амьдралын чанарт ч нөлөөлдөг. Тиймээс давхар ажил эрхлэхийн өмнө эрүүл мэнд, сэтгэл зүй болон эрх зүйн болон бодит нөхцөл байдлаа сайтар ойлгох нь шаардлагатай юм. https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү?

  • Гэрээний эрх зүйн зөвлөмж: Ажилд орохдоо юуг шалгах вэ?

    Гэрээний эрх зүйн зөвлөмж: Ажилд орохдоо юуг шалгах вэ?

    Сургуулиа төгсөөд ажилд орох анхны алхам нь ихэнх залууст “том хүн” болох эхлэл шиг л санагддаг. Цалинтай болно, нэр дээр чинь албан тушаал бичигдэнэ, эцэг эхийнхээ ачааг жаахан ч атугай нимгэлнэ гэж итгэж ажилд ордог. Гэвч энэ бүгдийг баталгаажуулж байдаг чимээгүй, гэхдээ маш чухал зүйл бол “ажлын гэрээ” юм.

    Өдөр тутмын ажилдаа сэтгэл гарган, хичээнгүй байснаар бүх зүйл сайн явагдана гэж найдах нь ганц талын итгэлцэл юм. Харин гэрээ бол хоёр талын баталгаат ойлголцол. Яг л ханын цаана буй салхи шуурганаас хамгаалах шилэн цонх шиг таныг хүнд нөхцөлөөс хамгаална. Гэтэл бодит байдал дээр залуус гэрээний утга агуулгыг сайн уншилгүйгээр, бүр зарим нь огт бичгээр гэрээ хийлгүйгээр ажилд ордог нь хамгийн том алдаа. Тэгвэл юун дээр анхаарах ёстой вэ?

    1. Гэрээг бичгээр хийх нь таны эрх

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар, ажил олгогч болон ажилтан хоорондын гэрээ заавал бичгээр хийгдэх ёстой. Аман тохиролцоо хэзээ ч баталгаа болохгүй. Тухайн байгууллага амнаасаа “Цалин чинь 2 сая₮” гэж хэлсэн ч, бичгээр 1.2 сая₮ гэж тусгасан бол зөвхөн бичиг баримтыг хууль хүлээн зөвшөөрнө.
    Зөвлөгөө: Хэрвээ гэрээ бичгээр хийгдээгүй бол гарын үсэг зурж, хуулбараа өөр дээрээ хадгалаарай. Танд эрх бий гэдгийг бүү мартаарай.

    2. Гэрээний гол зүйлсийг шалгах жагсаалт

    Хааяа хүн “урьдчилж олдсон ажил чинь аз” гэж бодоод, гэрээг нүдээрээ гүйлгээд л гарын үсэг зурдаг. Гэхдээ доорх зүйлсийг заавал шалгаарай:

    Шалгах зүйл Яагаад хэрэгтэй вэ?
    Цалин болон урамшуулал Тогтмол, цаг хугацаанд олгох үүргийг хүлээсэн эсэх
    Ажлын цаг Илүү цагийн бодлого байгаа эсэх
    Туршилтын хугацаа Хугацаа нь хэт урт байна уу? Шалгуур нь тодорхой юу?
    Нийгмийн даатгалын шимтгэл Төлөх үүрэг хэн дээр байгаа вэ? Бодитоор төлдөг үү?
    Амралт, чөлөө авах журам Амралтын хоног, өвдөх үед хэрхэн зохицуулдаг вэ?
    Гэрээ цуцлах нөхцөл Таныг ажлаас халах үндэслэл, анхааруулгын шатлал бий эсэх

    Зөвлөгөө: Зарим байгууллага “сургалтын гэрээ” гэж нэрлэсэн гэрээгээр таныг 2-3 жил ажиллахыг тулган шаарддаг. Энэ нь хуулийн дагуу ч, зүй бус нөхцөл агуулагдсан байж болох тул хуульчтай зөвлөхөд гэмгүй.

    3. Нийгмийн даатгал төлөгдөж байгаа эсэх

    Цалин буух болгондоо “байгаа дээр нь л аваад байя” гэж бодох нь тухайн үеийн хэрэгцээг хангаж болох ч, урт хугацаанд таныг эрсдэлтэй байдалд оруулж болзошгүй. Нийгмийн даатгал төлөгдөөгүй тохиолдолд:

    • Эмнэлгийн зардал таны карманаас
    • Тэтгэвэр авах эрхгүй
    • Ажилгүйдлийн тэтгэмж авах боломжгүй болно

    Зөвлөгөө: Та өөрийнхөө нийгмийн даатгалын төлөлтийн байдлыг www.ndaatgal.mn сайтаас шалгаж болно.

    4. Хэт өргөн хүрээтэй “нууцлалын гэрээ”-нд болгоомжтой ханд

    Зарим байгууллагууд ажилтнуудаасаа “та энд ажилласныхаа дараа 2 жилийн турш ижил төрлийн байгууллагад ажиллахгүй” гэх заалт бүхий гэрээ байгуулдаг. Энэ нь таны мэргэжлийн эрх чөлөөг хязгаарлаж болох тул хуульчтай зөвлөх нь зөв.

    5. Гарын үсэг зурхаасаа өмнө заавал асуух

    Та “багасгах, чимээгүй байх тусам ажил олгогчид таалагдана” гэж бодож байж магадгүй. Гэвч яг эсрэгээр — мэргэжлийн хандлагатай, гэрээ уншдаг, ойлголтоо тодорхой болгож чаддаг ажил горилогч илүү итгэл төрүүлдэг.

    Асуух жишээ асуултууд:

    • Энэ гэрээний дагуу хэзээ цалин олгогдох вэ?
    • Туршилтын хугацаанд цалин бүтнээр олгогдох уу?
    • Илүү цагийн урамшуулал хэрхэн тооцогдох вэ?
    • Гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаа соливол ямар үр дагавартай вэ?

    Итгэлцэл бол аман бус, бичгээр баталгаажих ёстой зүйл

    Залуус бид хурдтай, уян хатан, ухаалаг шийдвэр гаргаж чаддаг. Гэхдээ аливаа ажлын эхлэл болгонд “эрх зүйн боловсрол” давхар явах хэрэгтэй. Учир нь, нэг буруу гарын үсэг хэдэн жилийн нойргүй шөнийн эхлэл байж мэднэ. Харин та одоо яг хаанаас эхлэхээ мэдэхгүй, аль байгууллагад ажиллах нь өөрт тань үнэ цэнтэй байх бол гэдэг дээр эргэлзэж байгаа бол lambda.global руу орж, өөрийн үнэ цэнийг ойлгож, зөв хамт олныг олоорой.

  • Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь

    Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь

    Өглөө бүр ажилдаа явахдаа бид зөвхөн цалин авах гэж явдаг уу? Эсвэл илүү гүн утга агуулгатай зүйл хайж явдаг уу?Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандах гэдэг нь тухайн ажил ямар ч байсан хамаагүй, түүнийг хариуцлагатай, сэтгэл гарган, бүтээлчээр хийх гэсэн ёс зүйн хандлага юм.

    Чин сэтгэл гэж юу вэ?

    Чин сэтгэл гэдэг нь зөвхөн ажлыг гүйцэтгэх буюу хийх биш өөрийн үүргээ ухамсарлан биелүүлэх, үр дүнд нь бусдад нөлөөлж, өөрийгөө хөгжүүлэх сэтгэл зүрхнээс гарсан эерэг хандлага юм.“Энэ миний хийх ажил мөн үү?” гэхээс илүүтэй “Энэ ажлыг яаж хамгийн сайн хийж болох вэ?” гэж асуухаас чин сэтгэл эхэлдэг гэж хэлж болно. 

    Судалгаа, баримтуудаас үзэхэд: 

    • Harvard Business Review (2022)
      Ажилтнуудын 85% нь ажлаасаа сэтгэл ханамж авах гол шалтгаан нь утга учир мэдрэх, сэтгэлээсээ хандахтай холбоотой гэжээ.
    • Gallup Global Workplace Report (2023)
      Ажилдаа сэтгэлээсээ ханддаг ажилтнуудын бүтээмж 23%-аар илүү байдаг байна.
    • HR Mongolia (2023)
      Монголын ажил олгогчдын 72% нь “ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүнтэй хамтарч ажиллах нь ур чадвар өндөртэй хүнтэй ажиллахаас илүү чухал” гэж үздэг байна.

    Чин сэтгэлийн нөлөөний талаар хамтдаа мэдэж авцгаая. 

    Ажилтан талаас:

    • Өөрийн ажлаараа бахархах мэдрэмж төрж, урам зоригтой ажилладаг. 
    • Шинэ санаа, бүтээлч хандлага бий болдог.
    • Карьерийн өсөлт хурдан явагддаг.

    Байгууллага талаас:

    • Харилцагчийн сэтгэл ханамж нэмэгддэг.
    • Хариуцлага, хүндлэл бүхий ажлын орчин бүрддэг.
    • Бүтээмж, ашиг орлого өсдөг.

    Хэрхэн ажилдаа чин сэтгэлээсээ хандах вэ?

    1. Өөрийн ажлын үнэ цэнийг ойлгох
      “Би хийж буй ажлаараа хэнд, юунд тусалж байна вэ?” гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. 
    2. Хэрэглэгч, хамт олноо анзаарах
      Хийж буй зүйлс бусдад хэрхэн нөлөөлж байгааг ойлгох нь урам өгдөг.
    3. Суралцсаар байх
      Ажлыг сайн хийж, улам сайжруулахын тулд шинэ зүйл турших, өөрийгөө хөгжүүлэх нь чухал.
    4. Байнга өөрийгөө үнэлэх
      “Би өнөөдөр хамгийн сайн байдлаараа ажилласан уу?” гэж өөрөөсөө асуух нь энгийн боловч итгэмээргүй үр дүнг авчрах болно.

    Дүгнээд хэлэхэд:

    “Чин сэтгэлтэй ажиллана” гэдэг нь зөвхөн ажлын байрны асуудал биш, амьдралдаа хандах хандлагын илэрхийлэл юм.Өнөөдөр чи ямар ажил хийж байгаагаас үл хамааран, ажлаа хэрхэн хийж байгаа нь таны үнэт чанарыг тодорхойлж чадна. Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь хувь хүний урт хугацааны карьерын өсөлт, өөрийгөө нээх, хөгжих гол үндэс болдог. LAMBDA танд ур чадвар, мэдлэгээ бодитоор үнэлүүлэн, хамгийн тохирсон ажлыг олох боломжийг олгодог шүү. 

  • “Skilling Up” буюу тасралтгүй суралцах нь

    “Skilling Up” буюу тасралтгүй суралцах нь

    21-р зууны ажлын байр, карьерын орчин хурдтай хувьсаж байна. Хөгжлийн хурдаас хоцрохгүйн тулд ажил мэргэжил, ур чадвараа тасралтгүй шинэчилж, өөрийгөө хөгжүүлж байх шаардлагатай. Үүнийг л олон улсад “Skilling Up” гэж нэрлэдэг. Энэ нь “нэг мэргэжилтэй байхад хангалттай” гэсэн хуучин ойлголтыг үгүйсгэж, насан турш суралцах, өөрчлөлтөд дасан зохицох чадвар нь “ажлын байрны баталгаа” болж байгааг баталдаг.

    Судалгаа: Шинэ ур чадвар – шинэ амьдрал 

    Дэлхий дахинд: WEF-ийн Future of Jobs Report 2023-т дурдсанаар

    • 2027 он гэхэд дэлхийн ажилчдын 44% нь шинэ ур чадвар эзэмших шаардлагатай болно.
    • Хиймэл оюун ухаан, автоматжуулалт, дижитал шилжилт уламжлалт ажлын байрны бүтцийг өөрчилж байна.

    McKinsey Global Institute-ийн тооцоогоор2030 он гэхэд 375 сая хүн өөр чиглэлд дахин мэргэших шаардлагатай болно.

    Монгол Улсад:

    • ХНХЯ-ны 2024 оны судалгаагаар Монголд ажилгүй иргэдийн 60% нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ур чадвар эзэмшээгүй байна.
    • HR Mongolia-ийн ажлын зарын шинжилгээгээр компаниудын 68% нь тухайн албан тушаалд туршлагаас гадна тодорхой ур чадвар шаардаж байгааг онцолсон.

    Skilling Up гэж яг юу вэ?

    “Skilling Up” гэдэг нь:

    • Шинэ мэдлэг, ур чадвар эзэмших
    • Өмнөх чадвараа шинэчлэн сайжруулах
    • Зах зээлд эрэлттэй компетенц бий болгох үйл явц юм.

    Энэ нь зөвхөн мэргэжлийн сургалт, дипломтой холбоотой биш. Харин хувь хүний хөгжлийн амьд процесс юм.

    Тасралтгүй суралцах нь ямар ашигтай вэ?

    1. Карьерын баталгаа
      – Мэргэжлийн чиглэл өөрчлөгдөх үед ажилгүй болохоос сэргийлнэ.
      – Өөрийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
    2. Орлогын өсөлт
      Skills-based hiring буюу ур чадвар дээр суурилсан цалин тогтоох хэлбэр түгээмэл болж байна.
    3. Өөртөө итгэх итгэл
      – Өөрийгөө хөгжүүлэх нь хувь хүний үнэлэмжийг өсгөж, сэтгэл ханамж нэмэгдүүлдэг.
    4. Шинэ салбарт орох боломж
      Data analyst, UX дизайнер, AI судлаач гэх мэт шинэ ажлуудад орох боломж нээгдэнэ.

    Skilling Up хийх 5 алхам

    1. Өөрийгөө үнэл
      – Би юу мэдэх вэ? Юу сурах хэрэгтэй вэ?
      MBTI, Career Personality Test, Skills Audit хийх
    2.  Зорилгоо тодорхой болго
      – “Юуны төлөө сурах вэ?”
      – 6 сарын, 1 жилийн карьер төлөвлөгөө гаргах
    3. Нөөцөө зөв ашигла
      – Онлайн платформ: Coursera, EdX, Udemy, Khan Academy, 
      Монголд: Nomad School, Nest Academy, Lambda global
    4. Сурсан зүйлээ хэрэгжүүл
    5. Давтан, гүнзгийрүүл
      – унших, бичих, заах, турших замаар жинхэнэ чадварыг бий болго

    Эцэст нь:

    Skilling Up бол сонголт биш — шаардлага юм. Ирээдүйн ажил мэргэжил гэдэг тодорхой биш болсон энэ үед ур чадваргүй бол боломж хаагдана. Харин тасралтгүй суралцаж буй хэн бүхэнд ямар ч боломж нээлттэй байх болно. https://lambda.global таны мэргэжлийн хөгжлийн замд хамтдаа урагшлах үнэнч зөвлөх байх болно. 

  •  Санхүүгээ залгуулах уу, карьераа бэлдэх үү?

     Санхүүгээ залгуулах уу, карьераа бэлдэх үү?

    “Их сургуульд орж л чадвал, амьдрал сайхан болно” — гэдэг бодлоор олон оюутан их сургуулийн босгыг алхдаг.  Гэвч сургалтын төлбөр, түрээс, хоол унд, унаа-эдгээр зардал оюутны мөрөөдлийг бодит амьдралтай огтлолцуулахад хүргэдэг. Үр дүнд нь тэдний дийлэнх нь цагийн ажил хийх гарц руу чиглэдэг гэхэд хилсдэхгүй. Харин энэ шийдвэр зөвхөн мөнгө олох тухай биш, ирээдүйн амьдралын замд ихээхэн нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү?

    Судалгаануудаас үзэхэд:

    • Монгол Улсад 2023 оны байдлаар оюутнуудын 38% нь ямар нэг хэлбэрээр цагийн болон түр ажил эрхэлдэг гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Харин ХНХЯ-ны судалгаагаар, “сургуулиа орхихоор бодож байсан” оюутнуудын 65% нь шалтгаан нь санхүүгийн хүндрэл гэж хариулсан байна.

    Дэлхий нийтэд ч мөн адил:

    • АНУ: Оюутнуудын 43% нь хичээлийн хажуугаар ажил хийдэг (NCES, 2022)
    • Япон: 80% нь цагийн ажил хийдэг бөгөөд ихэнх нь өөрийгөө хөгжүүлэх зорилготой (Benesse Research, 2023)
    • Герман: Ихэнх их сургуулиуд уян хатан хуваарь санал болгодог бөгөөд оюутнуудын 2/3 нь ажил эрхэлдэг (DAAD, 2023)

    Цагийн ажил оюутны амьдралд эерэгээр хэрхэн нөлөөлдөг вэ?

    1.  Санхүүгийн ачааллыг бууруулна
    2. Амьдралын ухаан, хариуцлага суулгаж өгдөг
    3. Зөөлөн ур чадварууд хөгждөг- Харилцаа багийн ажиллагаа, үйлчилгээний соёл зэрэг чадварууд нь ирээдүйн аливаа ажилд үнэлэгддэг.
    4. Ажлын анхны туршлага болж өгдөг- Дипломоос илүү туршлага үнэлэгддэг болсон өнөө цагт, анхнаасаа ажил хийж эхэлсэн оюутан хөдөлмөрийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай байдаг. Түүнчлэн HR Mongolia-ийн 2024 оны ажлын зарын дүн шинжилгээгээр, ажлын байрны 63% нь “туршлага шаардана” гэсэн нөхцөлтэй байжээ.

     Эрсдэл, сорилтууд:

    • Сурлагад сөргөөр нөлөөлж болзошгүй – Deakin University (Австрали)-ийн судалгаагаар 7 хоногт 20 цагаас дээш ажил хийдэг оюутнуудын 70% нь дүнгээ алдаж байсан байна.
    • Эрүүл мэнд, стресс – Ажил + хичээл = ядралт, стресс, төвлөрөл бууралт
    • Мэргэжлийн  бус ажил сонгох – Түр хугацааны орлого авч, чиглэлээсээ хөндийрөх, ирээдүйд чиглүүлэх карьерын итгэл буурах эрсдэлтэй байдаг. 

     Зөв тэнцвэр олох 3 асуулт буюу цагийн ажил хийхээр төлөвлөж байгаа оюутан та өөрөөсөө доорх 3 асуултыг асуугаад үзээрэй. 

    1. Энэ ажил надад ур чадвар өгч байна уу?
    2. Энэ ажил миний мэргэжилтэй уялдаж байна уу?
    3. Би сурлагаа хохироохгүйгээр зохицуулж чадаж байна уу?

     Боловсрол ба ажил — зөрчил биш, зохицол байж болно. 

    Монголд ажил олгогчдын зүгээс дадлагажсан, “бэлэн хүн” хайдаг болсон. Энэ нь оюутнуудыг сургалтын хажуугаар ажил хийхийг шаардах бодит нийгмийн дарамт болж байна. Гэхдээ үүнд “өөрийгөө үнэгүй ашиглуулж болохгүй” гэдэг зарчим мөн хамаарна.Таны цаг бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө. Оюутан байхдаа цагийн ажил хийх нь зөв сонголт байж болно. Гэхдээ зөвхөн өнөөдрийн орлогоос илүүтэй, маргаашийн амьдралд хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг өнцгөөс харах нь хамгийн чухал. Ямар ч ажил хийж байсан бай, сурлагаа, зорилгоо, мэргэжлээ мартахгүй байх нь оюутны ирээдүйн амжилтын үндэс юм. Илүү олон сонирхолтой, танд хэрэгтэй нийтлэлийг https://lambda.global/blog  -оос уншаарай.

     

     

  • Карьерын амжилтаас хойш татдаг 5 алдаа

    Карьерын амжилтаас хойш татдаг 5 алдаа

    Карьертаа дэвшил гаргахыг хүсэж байгаа ч нэг л ахицгүй мэт санагдаж байна уу?

    Ихэнх залуус боломжгүй нөхцөлд биш, харин анзаарагддаггүй жижиг боловч чухал алдаа дутагдлаас болж бүдэрсэн байх нь олон. Тиймээс юун түрүүнд ямар алдаа гаргаж байгаагаа мэдэх нь карьерын өсөлтөд нөлөөлөх хамгийн зөв алхам болдог.

    Харин тэдгээр алдааг ойлгож, өөртөө шударга хандан, засаж чадвал таны мэргэжлийн амжилтад хүрэх хурд үлэмж нэмэгдэнэ гэдэгт итгээрэй. Залуусын карьер төлөвлөлтийн хувьд гаргадаг түгээмэл алдаанууд болон тэдгээрийн шийдлүүдийг хамтдаа харцгаая.

    1. Зорилгогүй ажил хайх

    Түр зуурын орлого олох хэрэгцээ, өөрийгөө бүрэн таниагүй байх, хүлээлтийн зөрүү, нийгмийн нөхцөл байдал зэрэг нь зорилгогүйгээр ажил хайж, оновчтой бус шийдвэр гаргахад хүргэдэг. Тэр ч утгаараа зорилгогүй эхэлсэн ажлаас амархан уйдаж, таны мэргэжлийн түүх дээр тасралттай, чиглэлгүй зам үлдээнэ.

    2. CV-гээ бүх ажлын байранд ижил илгээх

    Нэг сайн анкет бичээд бүх газар явуулчихъя гэж боддог бол олдох боломжоо өөрөө хааж буй үйлдэл юм. Ажил олгогчид таны CV-г хараад “Энэ хүн яг манай ажлын байрны шаардлагыг уншсан уу?” гэж бодох вий.

    Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой.  

    3. Харилцааны ур чадвартаа анхаардаггүй

    Монголын ихэнх залуус техникийн мэдлэг, сургалтын гэрчилгээ сайтай ч soft skill буюу зөөлөн чадвараа орхигдуулдаг. Ялангуяа багийн ажиллагаа, шүүмж хүлээн авах чадвар, өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах, бусадтай хамран ажиллах чадварууд дутмаг байх нь цөөнгүй.

    4. Байгууллагаа цалингаар нь сонгох

    Өндөр цалин санал болгож байгаа байгууллагыг аз мэтээр хүлээж авдаг ч, дотоод соёл, эсвэл удирдлага нь урам хугалахад хүргэж болзошгүй. Ямар ч цалинтай байсан, өдөр бүрийн ажлын орчин таны сэтгэл зүйн тогтвортой байдал төдийгүй ажлын бүтээмжид чухал нөлөөтэй байдаг.

    5. Тууштай биш байдал

    “3 газар анкет явуулсан ч хариу ирэхгүй байна. Ажлын байр олдохгүй юм байна” гэж та бодож байсан уу? Өнөөдрийн хөдөлмөрийн зах зээлд ажил хайгч талентууд  10–20 газар CV илгээх нь хэвийн үзэгдэл болсон байна. Гэхдээ илгээж буй мэдээллээ сайжруулахаа мартаж болохгүй. Та шантрах бүртээ боломжийг өөрт ойртуулж байгаа гэдгээ мартуузай.

    Ажил хайж буй танд өгөх зөвлөгөө

    Зорилгоо тодорхой болгох
    Хаашаа хүрэхээ мэдэхгүй хүн амжилтад хүрэх нь ховор. Тиймээс жилийн дараа та яг ямар ажил эрхэлж, ямар орчинд, хэр орлоготой байхаа тодорхой бичиж, өөртөө төлөвлөлт хийх зуршил бий болгоорой. Тухайн гаргасан зорилгод хүрэхийн тулд ямар ур чадвар, ажлын туршлага хэрэгтэйг жагсаах нь таныг чиглүүлэх зам болох болно.

    CV-гээ ажил бүрд тохируулж боловсруулах
    Нэг загварын CV-гээ бүх байгууллагад илгээх нь үр дүн багатай байдаг. Тиймээс ажлын зар бүрийн шаардлагад нийцүүлэн CV-гээ тохируулж сайжруулаарай. Мөн өмнөх ажлууд дээр гаргасан амжилт, үр дүнг тоон үзүүлэлттэй хамт онцолж бичих нь анхаарал татах том давуу тал болно.

    Soft skill буюу зөөлөн ур чадвараа хөгжүүлэх
    Ажилд ороход зөвхөн мэргэжлийн мэдлэг хангалтгүй байдаг. Харилцааны чадвар, илтгэл тавих чадвар, багаар ажиллах арга барил, хувь хүний хандлага зэрэг нь шийдвэр гаргахад нөлөөлдөг чухал хүчин зүйлс юм.

    Ажлын байр, байгууллагын орчныг урьдчилан судлах
    Сонгох гэж буй ажлын байр танд сайхан санагдсан ч тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс танд тохирохгүй байж болно. Тиймээс боломжтой бол танилын сүлжээгээр дамжуулан тухайн байгууллагын орчны талаар мэдээлэл аваарай. Мөн ярилцлагын үеэр байгууллагын хөгжил, сургах бодлогын талаар асууж, зөвхөн та сонгогдох бус, та ч бас байгууллагыг сонгож буйгаа мэдрүүлэх нь чухал.

    Тууштай бай, итгэлээ бүү алд
    CV илгээсэн байгууллагуудаа тэмдэглэж, хяналттай хандаарай. Хэрвээ татгалзсан бол юуг илүү сайн болгох ёстойг дүгнэж, дараагийн боломждоо илүү бэлтгэлтэй байх нь чухал. Тууштай, зорилготой хүн карьерынхаа хамгийн чухал хөрөнгө оруулагч нь байдаг юм.

    Карьерын зам бол туулж өнгөрүүлэх нэгэн аялал юм. Энэхүү аялалд гарахын өмнө эхний алхмуудаа зөв хийснээр та зөвхөн сайн ажил олох бус, өөртөө итгэх итгэлээ олж авч, зорилгодоо тууштай хүрэхэд бэлэн болно.

    Та өөрт тохирох ажлаа хайж байна уу?

    https://lambda.global/ хаягаар зочлон, платформ дээр өөрийн мэдээллийг оруулж, бүртгүүлээрэй. Lambda таны цагийг хэмнэж, амжилтад хөтөлнө. Мөн энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулах боломжтой.

  • Өөрийгөө шинээр нээх карьерын шилжилтийн алхмууд

    Өөрийгөө шинээр нээх карьерын шилжилтийн алхмууд

    Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа ч сэтгэлд тань өөрчлөлт хийх хүсэл байна уу? 

    Өглөө бүр ажилдаа явахдаа урам зориггүй, өдрүүд нэгэн хэвийн хэмнэлд эргэлдэж, сэтгэл тань дундуур байгаа бол магадгүй таны дотоод ертөнц өөрчлөгдөх цаг болжээ гэж хэлж буй дохио юм. Хийж буй ажилдаа дургүй болсондоо биш харин өөр зам, өөр өсөлт чамайг хүлээж байгаа болохоор л тэр. Энэ нь магадгүй карьерын дараагийн алхам руу шилжих чухал мөч байж мэднэ.

    Карьерын шилжилт гэдэг нь өөрийн амьдрал, ажил, зорилгынхоо утга учрыг дахин эргэцүүлж, өөрийгөө шинээр танин мэдэх аялал юм. Шинэ мэргэжил сонгох уу, ур чадвараа өөрчлөх үү, эсвэл огт өөр салбарт хүч үзэх эдгээрийн аль нь ч бай, энэ шийдвэр таны дотоод хүсэл, зорилгоос урган гарч байвал л жинхэнэ утгаараа өөрчлөлт болж чадна.

    Хүмүүс янз бүрийн шалтгаанаар карьерын шинэ замыг сонгодог. Зарим нь илүү утга учиртай, сэтгэл ханамжтай ажил хийхийг хүсдэг бол, зарим нь уян хатан цагийн хуваарь, гэртээ ойр ажил хайдаг. Бас карьерын өсөлт зогссон мэдрэмж, орлогын шинэ эх үүсвэр хайх, эсвэл ажилгүй болох зэрэг нөхцөл ч нөлөөлж болно.

    Тийм учраас энэ нь өөрийн амьдралын утга учрыг шинэ өнцгөөс харах, өөрийгөө дахин нээх тухай чухал сэдэв юм.

    Өөрийн үнэ цэнийг эргэцүүл

    Цөөнгүй хүн олдож байгаа ажлаа л хийж байна гэсэн зарчмаар ажиллаж амьдардаг. Ийм учраас илүү сэтгэл хангалуун ажиллахын тулд таны хувийн үнэ цэнэ, сонирхол, амьдралын зорилготой хэр нийцэж байгааг бодолцох нь чухал. Ингэхийн тулд юуны түрүүнд тайван орчинд өөртөө 30 минут зарцуулан “Би ямар үед хамгийн амьд, эрч хүчтэй байдаг вэ?”, “Би юунд хамгийн их урам зориг авдаг вэ?”, “Би ямар асуудлыг шийдэхийг хүсдэг вэ?” зэрэг асуултад үнэн сэтгэлээсээ хариулаад үзээрэй. Энэ төрлийн хичээл зүтгэл нь таныг үнэхээр өөртөө тохирсон, сэтгэл ханамж өгөх ажил руу хөтлөх анхны алхам болох болно.

    Одоогийн ур чадварууддаа дүгнэлт хийх

    Карьерын чиглэлээ өөрчлөхөд одоогийн байгаа ур чадварууддаа эргэлзэх нь хэвийн мэдрэмж юм. Гэхдээ та өмнөх ажлын туршлагаараа дамжуулан олон зөөлөн болон хатуу ур чадваруудыг аль хэдийн эзэмшсэн байдаг. Жишээлбэл, төсөв төлөвлөх, баг удирдах, харилцаа үүсгэх, тайлагнах, олны өмнө ярих зэрэг нь шинэ салбарт ч үр дүнтэйгээр хэрэглэгддэг чадварууд юм.

    Өөрийн өмнөх 2 ажлын байран дээр хийж байсан үндсэн ажлуудаа эргэн санаж, тэндээс сурсан ур чадваруудаа жагсаагаарай. Дараа нь эдгээр чадваруудыг шинэ чиглэлд хэрхэн ашиглаж болох талаар бодож үзэх нь өөртөө итгэх итгэлийг нэмэхээс гадна CV-гээ оновчтой бичихэд ч мөн тусална.

    Сонирхсон салбараа судлах

    Хэрвээ та өөр салбар руу шилжих гэж буй бол бүх талаас нь үр дүнтэй судалгаа хийх нь чухал. Эхлээд хөдөлмөрийн зах зээл дээр тухайн салбарын ажлын байрны тоо ямар байгаа, эргэлт хэр байна вэ гэдгийг судлаарай. 

    Дараа нь ямар ур чадвар, диплом, сертификат шаарддагт анхаарлаа хандуулаарай. Техник мэргэжлийн боловсрол, мэргэжлийн сертификатууд ихэнхдээ өрсөлдөх давуу тал болдог. 

    Мөн тухайн чиглэлийн мэргэжлийн хүмүүсийн ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг зэргийг YouTube эсвэл блог дээрээс үзэж, бага ч гэсэн туршлага судлах нь зүйтэй. 

    Шинэ чадвар эзэмших

    Алхам алхмаар урагшилъя. Карьерын шилжилт нь өөрийгөө шинээр нээж, шинэ зүйлийг сурч мэдэх сонирхолтой аялал юм. Зарим тохиолдолд энэ аялалд заавал олон жил сурч, их хэмжээний хөрөнгө оруулах шаардлагагүй байж болох бөгөөд богино хугацааны онлайн курс, мэргэжлийн гэрчилгээ эсвэл туршилтын жижиг төсөлд хамрагдаж, дэргэдэх боломжуудаа ашиглаж болно.

    Зорилготой суралцахын тулд дараах зөвлөмжүүдийг дагаарай:

    Сар бүр шинэ чадвар эзэмших зорилт тавих. Жишээлбэл, энэ сард Excel-ийн дата анализ сурах, дараагийн сард Canva ашиглан загвар дизайн гаргаж сурах гэх мэт тодорхой, хэрэгцээтэй чадварыг сонгоорой.

    Бага багаар тогтмол суралц. Өдөрт 20–30 минутыг тогтмол хуваарилбал, урт хугацаандаа том ахиц гаргана.

    Суралцсан зүйлсээ практикт ашигла. Сурсан чадвараа жижиг төсөл дээр хэрэгжүүлж, бодитоор туршиж үзэх нь мэдлэгийг гүнзгийрүүлж, итгэл нэмнэ.

    Өөрлчлөлтөө хянаж, тэмдэглэж яваарай. Хөтөлбөрийн явц, сурсан зүйлсээ тэмдэглэх нь урам зориг өгч, зорилгоо биелүүлэхэд тусална.

    Суралцах явц бол таны ирээдүйн ажлын амжилтын хөрөнгө оруулалт юм. Тиймээс зорилгоо тодорхой байлгаж, алхам алхмаар урагшилсаар байгаарай.

    Туршлага хуримтлуулах

    Та карьерын шинэ чиглэл рүү шууд орох боломжгүй байж болох ч, туршлага хуримтлуулах олон арга бий. Тухайлбал, сайн дурын ажил, фрийланс төслүүдэд оролцох зэрэг боломжуудыг ашиглаарай.

    Үүнд, сайн дурын ажил, фрийланс төсөл, дадлага зэрэг туршлага хуримтлуулах арга нь маш үр дүнтэй байдаг. Эдгээр нь CV-г баяжуулж, давуу тал, чадвараа харуулах боломжийг олгох төдийгүй, бодитоор ажиллах замаар өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, эргэлзээг багасгадаг. Мөн шинэ салбарын хүрээлэлд орж, тухайн салбарын мэргэжилтнүүд, байгууллагатай харилцаа холбоо тогтоосноор цаашдын ажилд орох гарцыг нээдэг тул карьерын шилжилтийг амжилттай хийхэд чухал түлхэц болох юм.

    Хэрхэн эхлэх вэ?

    • Lambda дээр өөрийн талент профайлаа үүсгэж, боломжит ажлын байрны мэдээллийг и-мэйл болон notification-р тогтмол авах.

    • Сошиал группүүдэд нэгдэх – Жишээ нь: “Зайнаас ажиллах ажлын байр”, “Маркетинг сонирхогчид” зэрэг холбогдох бүлгэмүүдээс шинэ боломж, мэдээлэл авах

    Туршлага хуримтлуулах жижиг алхмууд нь цаашдын томоохон өөрчлөлтийн үндэс болдог гэдгийг санаарай. Бүтээлч сэтгэлгээгээ ашиглаж, өөртөө итгээрэй.

    Өөрийгөө онцолж, CV-гээ сайжруулах

    Карьерын шилжилт хийх гэж байгаа бол өмнөх CV-гээ шинэ салбарт тохируулан шинэчлэн бичих нь маш чухал алхам. Таны өмнөх туршлага шинэ чиглэлд шууд хамааралгүй байж болох ч одоогийн эзэмшсэн ур чадварууд, шинэ мэдлэг, зорилго зэрэг нь таны давуу тал болж чадна.

    Дараах зүйлсийг CV-нд заавал тусгаарай:

    Зорилго хэсэг
    Тухайн чиглэлд хэрхэн өсөж хөгжих хүсэлтэй байгаагаа тодорхой, урам зоригтой байдлаар илэрхийлээрэй.

    Богино хугацааны сертификатууд, сургалтууд
    Coursera, Udemy, LinkedIn Learning гэх мэт платформоос авсан сургалтын гэрчилгээ, бусад танхимын сургалтууд ч CV-д үнэ цэнтэй.

    Энд дарж хуучин анкетаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. 

    Төслүүд, фрийланс ажлын жишээ
    Албан ёсны ажлын туршлагагүй байсан ч, хийгдсэн фрийланс ажил, дадлагын төсөл, сайн дурын оролцоогоо богино тайлбартайгаар жагсаа.

    CV шинэчлэхдээ тухайн чиглэлд чиглэлд хамаарах нэр томьёо, түлхүүр үгсийг ашиглан товч тодорхой, нэг хуудаст багтаах төдийгүй бүтээлч, итгэл төрүүлэхээр өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлээрэй.

    Сэтгэл зүйгээ бэлэн байлгах

    Өөрчлөлт бол өсөлт учраас бага багаар урагшлаарай. Эхэндээ эргэлзээ, айдас байж болох ч жижиг амжилтууд, өөрийгөө даван туулах сэтгэлийн тэнхээ таныг шинэ түвшинд аваачна. Карьерын шилжилт нь өөрийн хүсэл сонирхол, ур чадвар, үнэ цэнийг таньж, илүү утга учиртай, сэтгэл ханамжтай амьдрал руу дөхөх чухал мөч юм. Хүсэл мөрөөдөл, дотоод зөн совин, бодол эргэцүүллийн цаана таны жинхэнэ зөв зам байдаг.

    Алхам бүр таныг илүү өөртөө ойртуулж, илүү хүчирхэг нэгэн болгоно. Харин өөрийгөө бусадтай харьцуулах хэрэггүй. Хүн бүрд хоёр дахь эхлэл гэж бий. Гагцхүү зоригтой эхлэх л чухал билээ.

    LAMBDA танд тохирсон ажлын байраа олоход тусална. Өөртөө итгээд, эхний алхмаа яг одоо хийгээрэй.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

    Төстэй нийтлэл унших: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

  • Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Өөрт тохирсон ажил хайн ажлын зар гүйлгэж байх зуур “Цалин тохиролцоно” гэсэн мөрийг олон удаа харж байсан байх. Миний бодож байгаа цалинг өгч чадах болов уу? Яг хэдэн төгрөгний цалин гэдгийг нь бичээгүй нь сэжигтэй санагдаж эргэлзээд өнгөрөх тохиолдол нэлээдгүй билээ. Энэхүү нийтлэл танд эргэлзээ болж үлдсэн асуулт болгонд хариултаа авахад туслана гэж найдаж байна. 

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг нь:

    Цалин тохиролцоно гэх үг  нь ажил олгогчийн зүгээс цалингийн тодорхой дүнг заахгүйгээр, ирээдүйн ярилцлагаар тохиролцоно гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэхүү хэллэг нь зарим үед тодорхой бус байдал, цалингийн шударга бус тогтолцоог далд хэлбэрээр хадгалсаар байх нэг шалтгаан болдог.

    “Цалин тохиролцоно” гэх үг нь ямар утга агуулдаг вэ?

    1. Ил тод бус байдал – Цалингийн мэдээлэлгүй зар нь ажил горилогчдод харьцуулалт хийх, өөрийн ур чадвартаа тохирсон боломжийг үнэлэх боломжийг хязгаарладаг.
    2. Жендэрийн ялгаа нэмэгдэх эрсдэлтэй – Судалгаагаар, эмэгтэй ажил горилогчид өөрсдийн чадвараа дутуу үнэлэх хандлагатай байдаг тул ижил ажлын байрны цалинг бага санал болгох эсвэл хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байдаг.
    3. Харилцааны тэгш бус байдал – Ажил олгогч нь мэдээллийг нууцалж, харин ажил горилогч өөрийн туршлага, шаардлагыг бүрэн илэрхийлэх ёстой болдог. Энэ нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бий болгодог.

    Яагаад зарим байгууллага цалингийн хэмжээг заадагүй вэ?

    • Шууд өрсөлдөгчиддөө байгууллагын мэдээллээ алдахаас сэргийлдэг.
    • Байгууллагын доторх цалингийн зөрүүгээ нууцлахыг хүсдэг.
    • Боломжит хамгийн бага цалинг өгөхийг илүүд үздэг байна.

    Цалингийн хэмжээг ил тод байлгах нь яагаад чухал вэ?

    • OECD (2023) оны судалгаагаар, цалингаа нууцалдаг болон “тохиролцоно” гэх хэллэг ашигладаг орнуудад эмэгтэйчүүдийн цалин ижил ажлын байранд 13–18% бага байдаг нь тогтоогдсон. Энэ нь эмэгтэйчүүд өөрсдийн цалинг илүү доогуур санал болгодог, эсвэл байгууллагууд “тохиролцох” нэрийн дор хямд үнэлдэгтэй холбоотой.
    • АНУ-ын Калифорни, Нью-Йорк, Вашингтон мужуудын хөдөлмөрийн хуульд 2023 оноос эхлэн “ажлын зар дээр цалингийн доод, дээд хязгаарыг заавал оруулах” шаардлагыг хуульчилжээ. Энэ нь ажил горилогчдын мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжсэн, Цалингийн ялгааг бууруулсан, Байгууллагуудын нэр хүндийг өсгөсөн байна.

    Цалингийн тодорхойгүй байдал нь зөвхөн байгууллагын асуудал биш юм. 

    Энэ нь хөдөлмөрийн зах зээл дэх шударга байдал, тэгш эрх, нийгмийн итгэлцэлд шууд нөлөөлдөг. Шинээр ажилд орж тухайн байгууллагатай цалин тохиролцохдоо “Та ямар хэмжээний цалин хүсэж байна вэ?” гэдэг асуултад бэлэн бай. Мөн өөрийн орохыг хүсэж буй ажлын байрны зах зээл дээрх дундаж цалинг судалж, өөрийн ур чадвар, туршлагыг харгалзан үзэж өөрийн хүсэж буй цалингийн хэмжээгээ хэлэх нь зохимжтой юм. Ингэснээр дийлэнх хүмүүсийн цалин тохиролцохдоо гаргадаг нийтлэг алдаанаас сэргийлэх боломжтой. Энгийнээр хэлэхэд цалин тохиролцох гэдэг нь байгууллага болон ажилчид хоорондын “үнэ цэнэ”-г тэнцүүлж буй хэрэг юм. https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү? 

     

     

  • Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

    Карьераа хөгжүүлэх 5 чухал алхам

    Карьер төлөвлөлт нь амжилтын замыг тодорхойлдог чухал зүйл юм. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээл дээр бусад талентаас онцгойрон харагдахын тулд шинэ ур чадвар эзэмших зайлшгүй шаардлагатай болсон. Ажлын байрны өрсөлдөөн нэмэгдэж, ажил олгогчдын тавьж буй шаардлага улам нарийсч буй энэ үед хувь хүний хөгжлийг орхигдуулах нь дэргэдэх боломжоо алдахтай адил билээ. Та шинэ ажил хайж байна уу? Эсвэл одоо байгаа карьераа шат ахиулахыг хүсэж байна уу? Хэрэв тийм бол яг одооноос өөртэйгөө тулж ажиллаж, өөрчлөлтийг эхлүүлээрэй.

    Зорилгоо тодорхойлно гэдэг нь карьерын луужин юм

    Юу хүсэж байгаагаа мэдэхгүй үед амжилт гэдэг зүйл хүрэхэд амаргүй санагддаг. Үнэхээр ч зорилгогүйгээр зөв замаа олох хэцүү шүү дээ. Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд хамгийн их эрэлттэй байгаа ур чадварууд тухайлбал дижитал маркетинг, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, удирдах арга барил, хэлэлцээр харилцааны ур чадвар гэх зэрэг чиглэл рүү тодорхой зорилготойгоор тэмүүлэх нь таныг өрсөлдөөнд илүү тод ялгаруулах стратеги юм. Мөн түүнчлэн Жилийн дараа өөрийгөө ямар ажил эрхэлж байгаагаар төсөөлж байна вэ? Хэр хэмжээний орлого олохыг хүсэж байгаа вэ? Ямар байгууллагад ажилламаар байна вэ? гэсэн эдгээр асуултад өөртөө итгэлтэй, зоримог хариулт өгч, зорилгоо тодорхойлж бичихийг танд зөвлөж байна. Ингэснээр урам зориг, чиглэлээ алдахгүй байхад тань дэм болох юм.

    Тасралтгүй суралцах нь өөрийгөө үнэлүүлэх хамгийн хүчтэй арга

    Мэдээж хэрэг хөдөлмөрийн зах зээлд ур чадвар сул, шинэ зүйл сурах сонирхолгүй хүмүүсийг эерэгээр хүлээж авахгүй. Тиймээс яг одоо та өөрөөсөө дараах зорилготой асуултуудыг асуугаарай.

    • Би салбарынхаа сүүлийн үеийн чиг хандлагаас хоцорчихоогүй биз?

    • Миний анкет бусдаас ялгарах онцлогтой юу?

    • Ямар ур чадварыг нэмээд эзэмшвэл дараагийн түвшинд хүрч чадах вэ?

    Өнөө үед мэргэжлийн чиглэлээс үл хамааран дижитал эрин зуунд амжилттай өрсөлдөхийн тулд мэдлэг, ур чадвараа тасралтгүй шинэчилж байх шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлэхэд Google, HubSpot, Udemy, Coursera, LinkedIn Learning зэрэг олон улсын үнэгүй болон төлбөртэй сургалтын платформууд нь хувь хүний хөгжилд хийх хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт болж чадна.

    Өнөөдрөөс эхлэн өөртөө хөрөнгө оруулалт хийж, ирээдүйнхээ төлөө мэдлэг, чадвараа тэлэх шийдвэр гаргаарай.

    Цагаа зөв удирдах буюу зорилгоо хэрэгжүүлэх

    Залуусын дунд “завгүй байна, цаг хүрэлцэхгүй байна” гэх нийтлэг хандлага түгээмэл ажиглагддаг. Гэвч үнэндээ асуудал нь цаг хугацаанд бус, харин үр дүнтэй төлөвлөлт, зөв дадал зуршилд оршдог. Карьерын өсөлтийг хурдасгах гол түлхүүр нь ухаалаг төлөвлөлт, тогтмол, зорилготой дадал юм.

    Өдөрт 30–40 минутыг CV, resume-ээ сайжруулж бичих эсвэл ажил хайх сайтуудыг шалгахад зориулахад л та нэг алхмаар урагшилж чадна. Facebook, Instagram reels, TikTok зэрэгт өнгөрөөдөг 2 цагийг 1 цаг болгон багасгаж, үлдсэн хугацааг өөрийн ур чадвар, карьерын хөгжилд зориулах бүрэн боломж танд бий.

    Өөрийн ирээдүйн боломжийг хойш нь тавилгүй, яг одооноос шийдэл хайж сурах, зорилгодоо хүрэх алхмуудаа бодитоор эхлүүлэх цаг иржээ. Та өөрийн ирээдүйн хамгийн чухал хөрөнгө оруулагч юм.

    Өөртэйгөө шударгаар харьцах

    Хэрэв та шинэ ажилд орж чадахгүй, эсвэл тушаал дэвшихгүй эсвэл нэг байрандаа удаан хугацаанд гацсан мэт мэдрэгдэж байвал нэг алхам ухарч, нөхцөл байдлаа шударгаар дүгнэх хэрэгтэй. Магадгүй танд шаардлагатай мэдлэг, ур чадвар эсвэл хамт олонтойгоо зөв, ухаалаг харилцах харилцааны чадвар, аливаад хариуцлагатай, тууштай хандах зарчим дутуу байж мэднэ. Эдгээрийг өөртөө үнэнчээр хүлээн зөвшөөрч, бодитоор дүгнэж чадвал карьерын дараагийн шат руу ахих бодит боломж үүсэх юм.

    Түүнчлэн шүүмжлэлийг эерэгээр хүлээж авах чадвар нь өөрийгөө хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай. Гэвч энэ чадвар залуусын дунд хамгийн их дутагдаж буй ур чадваруудын нэг хэвээр байна. Шүүмжлэлийг сайжрах боломж хэмээн хүлээн зөвшөөрч чадсан хүн л бусдаас нэг алхам түрүүлж, хүссэн амжилтдаа илүү хурдан хүрч чаддаг.

    Боломжийн төлөө тууштай бай

    Ихэнх хүмүүс ердөө хоёр, гуравхан ажилд CV-гээ илгээсний дараа хариу ирэхгүй бол “надад тохирсон ажил алга” хэмээн бууж өгөх хандлагатай байдаг. Гэвч өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд 10, бүр түүнээс олон байгууллагад материалаа илгээх нь хэвийн төдийгүй, шаардлагатай алхам болсон байна.

    Ажил хайна гэдэг нь зорилготой, төлөвлөгөөтэй хандвал амжилтад хөтлөх чухал процесс юм. Энэхүү үйл явцад таны хичээл зүтгэл, тэвчээрийн нийлбэр эцэстээ эерэг үр дүн авчрахыг мартаж болохгүй. Сайн чадвартай, англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй залуус ч хэдэн сарын турш тууштай ажил хайсны эцэст хүссэн байгууллагадаа амжилттай орсон жишээ олон бий. Тиймээс та ч мөн өөртөө итгэж, тууштай байж чадвал таныг үнэлэх тэр боломж заавал ирнэ. Харин тэр боломжийн өмнө өөрийгөө бэлэн байлгах нь хамгийн чухал юм.

    Хувь хүний хөгжил, карьерын өсөлт бол нэг өдрийн дотор үр дүн нь гарах зүйл биш бөгөөд зорилго, мэдлэг, цагийн зөв менежмент, өөрийгөө бодитоор үнэлэх чадвар, тууштай байдлын үндсэн дээр тогтдог урт хугацааны замнал билээ. Хэрэв та өнөөдрөөс эхэлбэл хагас жилийн дараа гэхэд мэдэгдэхүйц өсөлт, эерэг өөрчлөлтөд хүрэх боломжтой.

    LAMBDA танд тохирсон ажлын байраа олоход тусална. Өөртөө итгээд, эхний алхмаа яг одоо хийгээрэй.

    Энд дарж Lambda-гаар карьер замналаа тодорхойлуулаарай.

    Унших нийтлэл: Карьер төлөвлөлтийн зөвлөгөө: Маркетингийн салбар 

  • Олон компанид нэгэн зэрэг өргөдөл өгөхдөө юуг анхаарах вэ?

    Олон компанид нэгэн зэрэг өргөдөл өгөхдөө юуг анхаарах вэ?

    Ажил хайх гэдэг бол ихэвчлэн тэвчээр, төлөвлөгөө, мэдрэмж шаардсан үйл явц байдаг. Өнөөдөр ажлын зах зээл маш өрсөлдөөнтэй болсон учраас ганц компанид хүсэлт илгээж хариу хүлээгээд суух нь хангалтгүй алхам болжээ. Харин эсрэгээрээ олон байгууллагад зэрэг өргөдөл илгээж, боломжийн хүрээгээ тэлэх нь илүү ухаалаг арга болсон.

    Ингэхдээ тодорхой зүйлсэд анхаарахгүй бол эсрэгээрээ сөрөг үр дагавар үүсэх магадлалтай байдаг. Тиймээс олон компанид зэрэг өргөдөл өгөхдөө юуг заавал анхаарч, хэрхэн мэргэжлийн түвшинд хандах талаар энэхүү нийтлэлээр зөвлөмж бэлдлээ.

    1. Хувьчилсан CV ба cover letter-ийн ач холбогдол

    Олон хүнд нэг загварын CV болон cover letter бэлдээд бүгдэд нь хуулж илгээх нь түгээмэл алдаа байдаг. Гэвч аливаа байгууллага бүрийн соёл, шаардлага, үнэлдэг чадвар өөр байдаг тул өөрийн материалыг тухайн байгууллагад зориулж бэлдэх хэрэгтэй.

    Санамж:

    • Ажлын зарын онцлогийг сайтар уншиж, шаардлагад нийцсэн чадвараа онцлох
    • Тухайн компанийн салбар, үнэт зүйлсийг судлах
    • Cover letter-ийг тухайн байгууллагад зориулагдсан байдлаар бичих (хэт ерөнхий байдлаас зайлсхийх)

    2. Ажлын байрны шаардлагыг сайн унших

    Өнөөдрийн ажил хайх орчинд боломжууд олон харагдах ч, тэр бүр бодлогогүйгээр өргөдөл илгээх нь зөв санаа биш юм. Зарим хүмүүс шаардлага хангахгүй ажлын зар руу автоматаар олон өргөдөл явуулах нь элбэг тохиолддог. Ингэх нь тухайн компанийн хүний нөөцөд “анхааралгүй, зорилгогүй хүн” мэтээр сөрөг сэтгэгдэл төрүүлэхээс гадна, таны ч гэсэн үнэт цаг хугацаа, эрч хүчийг дэмий үрэхэд хүргэнэ. Түүнчлэн ирээдүйд тухайн байгууллагад дахин өргөдөл өгөх үед ч өмнөх хийсэн “тоомжиргүй” оролдлого сөргөөр нөлөөлж болохыг мартаж болохгүй. Иймээс аливаа ажлын зар дээр та нухацтай хандаж, шаардлагыг анхааралтай унших хэрэгтэй.

    Юунд анхаарах вэ?

    • Шаардлагад нийцэх эсэхээ үнэн зөвөөр үнэлэх
    • Өөрийн туршлага, ур чадвар, боловсролын түвшин тухайн ажлын байрны шаардлагад хэрхэн нийцэж буйг бодитоор дүгнэх.
    • Хэрэв тухайн ажлын байранд дутуу зүйл байгаа бол хөгжүүлэх шаардлагатай ур чадварыг урьдчилан тодорхойлох
    • Шаардлагатай тохиолдолд сургалтад хамрагдах, нэмэлт судалгаа хийх, ур чадвараа ахиулах төлөвлөгөө гаргах.

    Хэрвээ та өөрийн одоогийн ур чадвар, ирээдүйн карьерын чиглэл дээрээ тодорхой бус байвал lambda.global-ийн Career Path хуудас-аар орж үзэхийг зөвлөж байна. Тэндээс та өөрийн сонирхол, ур чадварт тохирсон чиглэл, шаардлагатай чадварууд, хөгжих боломжууд-ын талаар тодорхой мэдээлэл авах боломжтой. Ингэснээр зөв ажлын байр сонгох, карьерын зорилгоо илүү ухаалагаар төлөвлөх алхам хийхэд тус болно.

    3. Application tracking буюу өргөдлийн явцыг хянах

    Олон газар зэрэг өргөдөл илгээж эхлэхэд аль компанид ямар шатанд явж байгаа, хэзээ өргөдөл илгээсэн, хариу ирсэн эсэх зэргийг мартчихдаг нь ажил хайгчдын дунд түгээмэл тохиолддог. Эхэндээ нэг, хоёр компанид өргөдөл өгч байхад амархан санагдавч, тоо нь нэмэгдэхийн хэрээр мэдээллээ хянахад хүндрэлтэй болж эхэлнэ. Иймээс системтэйгээр өргөдлийн явцыг бүртгэж, хянах зуршил суулгах нь ажил хайх үйл явцыг илүү мэргэжлийн түвшинд авч үзэж буйг харуулна. Мөн ингэснээр та аливаа компанийн хариуг хүлээлгүй өнгөрөөх, эсвэл давхар ярилцлагын тов давхцахаас сэргийлэх боломжтой болно.

    Шийдэл: Excel эсвэл Notion ашиглан дараах мэдээллийг хөтлөх:

    • Компанийн нэр, ажиллах албан тушаал
    • Өргөдөл өгсөн огноо
    • Хариу хүлээн авсан эсэх
    • Ярилцлагын шат, товлосон огноо
    • Дараагийн үйлдэл (follow-up хийх үү, хариу илгээх үү гэх мэт)

    4. Хариу авах үед мэргэжлийн түвшинд хандах

    Олон компанид зэрэг өргөдөл илгээсэн тохиолдолд ярилцлагын урилга нэгэн зэрэг ирэх, тов давхцах магадлал ихэсдэг. Яг ийм үед ажил хайгч хүнээс зохион байгуулалттай байдал, мэргэжлийн харилцаа илүү их шаардагддаг. Хэрэв та хуваарийг урьдчилан сайн төлөвлөөгүй бол ярилцлага хооронд давхцал үүсэх, товоо буруу ойлгож орхих, эсвэл нэг компанид хэт удаан хариу өгч сөрөг сэтгэгдэл төрүүлэх эрсдэлтэй.

    Иймд ярилцлагын урилга хүлээн авмагц:

    • Товыг тэмдэглэлийн дэвтэр, онлайн календарьт заавал бүртгэж, бусад товтойгоо давхцуулахгүйгээр оновчтой төлөвлөх
    • Хариуг шуурхай бөгөөд соёлтой байдлаар өгөх
    • Хэрэв нэг компанид саналаа хүлээн авсан тохиолдолд бусад компанид талархсан, мэргэжлийн хандлагатайгаар мэдэгдэж татгалзах

    Ийм байдлаар харилцаагаа мэргэжлийн түвшинд барьж чадвал, та зөвхөн ажлын байр олох бус, урт хугацааны харилцааны сайн сэтгэгдэл үлдээж чадна.

    Дүгнэж хэлэхэд олон компанид зэрэг өргөдөл өгөх нь өнөө цагийн ажил хайлтын хамгийн зөв стратегийн нэг болжээ. Гэхдээ энэ үйл явцыг ухаалаг, төлөвлөгөөтэй гүйцэтгэснээр та зөвхөн сайн ажил олоод зогсохгүй, өөрийгөө мэргэжлийн түвшинд харуулах боломжтой. Өөртөө итгэлтэйгээр алхаж, хүссэн ажлынхаа зүг итгэлтэйгээр хөдөл!

    Амжилт хүсье!