Category: Ажлын Стресс

  • Ажил амьдралын тэнцвэр: Амжилтаас илүү үнэ цэнтэй зүйлс

    Ажил амьдралын тэнцвэр: Амжилтаас илүү үнэ цэнтэй зүйлс

    Орчин үеийн амьдралын хурдтай хэмнэл, үүрэг хариуцлагын дунд бид үргэлж урагш тэмүүлж, амжилт, зорилгодоо төвлөрсөөр байна. Гэвч хамгийн үнэ цэнтэй зүйлс бол өөртөө болон хайртай хүмүүсээ, гэр бүлдээ зориулах цаг юм. Заримдаа ажлын ачаалал, олон үүрэг даалгавар дунд нэг орой хамтдаа хооллох, дотнын хүмүүстэйгээ уулзах нэг цаг ч үнэтэй, ховордсон мэт санагдах үе олонтаа тохиолддог. Бид нэгэнтэйгээ таархаараа хамгийн түрүүнд Амьдрал сайн уу? биш харин Ажил сайн уу? гэж асуудаг.

    Гэвч бодож үзвэл, амьдралын жинхэнэ утга учир нь албан тушаал, цалин хөлсөөс илүүтэй биднийг ойлгож, дэмжиж, хайрлаж буй хүмүүсийн дэргэд байдаг. Тиймээс амьдралын хэмнэлээ зөөллөн, гэр бүлдээ, өөртөө илүү цаг зарцуулахыг хичээнэ гэдэг нь зүгээр нэг чөлөө авах биш, харин өөрийгөө дахин олж, сэтгэлээ амар амгалан болгож, жинхэнэ аз жаргалыг бүтээх урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Эцсийн эцэст амьдралын үнэ цэнэ бол бидний хажууд үргэлж байдаг хүмүүсийн анхаарал халамж, дулаан харцанд оршдог гэдгийг мартаж болохгүй билээ.

    Цагийн менежмент буюу бүх зүйл төлөвлөлтөөс эхэлнэ 

    Өдөр тутмын ажлаа ухаалгаар төлөвлөж, тэнцвэртэй хуваарилж сурах нь амьдралыг хөнгөвчилж, стрессийг бууруулахад чухал нөлөөтэй. Өдрийг тодорхой төлөвлөгөөтэй угтсанаар юу хийх вэ хэмээн санаа зовохгүйгээр үр дүнтэй эхлүүлж чадна. Мөн гэр бүлдээ зориулах цагийг тогтмол гаргах нь амьдралд дулаан уур амьсгал нэмнэ. Тухайлбал, оройн 7-9 цагийг утсаа хол тавиад, зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх гэр бүлийн цаг болгоорой.

    Харин амралтын өдрүүдийг бүр ажлаас ангид байлгаж, ажилдаа санаа зовж, и-мэйлээ шалгахын оронд байгальд зугаалах, гэр бүлийн хамт ямар үйл ажиллагаа төлөвлөн жинхэнэ утгаар нь амрахыг хичээх хэрэгтэй юм.

    Өөрийгөө марталгүй хайрлаж байх нь бас чухал

    Өөрийгөө анхаарч, сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах нь бүх зүйлд эерэгээр нөлөөлдөг. Ингэхийн тулд та дараах бяцхан зөвлөгөөтэй танилцаарай.

    • Өдөрт хамгийн багадаа 30 минутыг зөвхөн өөртөө зориулах: Ном унших, кофе ууж суух, дуртай дуугаа сонсох гэх мэт.

    • Энгийн мэт боловч эрүүл амьдралын үндэс нь чанартай нойр авах, эрүүл хооллох зуршлууд байдаг.

    • Хобби, сонирхлоо хөгжүүлэх замаар стрессээ бууруулж, сэтгэл санаагаа сэргээгээрэй.

    Харилцан ойлголцол болон дэмжлэг 

    Гэр бүл гэдэг хамтын аялал бөгөөд энэ замд учрах ачаалал, урам хугаралт, баяр баяслыг хамтдаа туулж, хуваалцаж чадвал харилцаа улам бат бөх болдог. Хариуцлагыг тэнцвэртэй хуваах, жишээлбэл хоол хийх, хүүхэд асрах, санхүүгийн шийдвэр гаргах зэрэгт хамтдаа оролцох нь бие биенээ ойлгож, дэмжих сэтгэлийг нэмэгдүүлдэг. Мөн нээлттэй ярилцаж сурах нь сэтгэлээ хуваалцах үндэс болдог учиртай.

    “Юу мэдэрч байна?”, “Яаж туслах вэ?” гэх энгийн асуултууд ч тухайн хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чухал түлхүүр байж чадна. Үүнээс гадна өдөр тутмын амьдралд “баярлалаа” гэх талархлын үгийг байнга хэрэглэж хэвших нь жижиг зүйлсийг ч үнэ цэнтэй болгож, хайр, хүндлэлийг улам бэхжүүлдэг.

    Танд амралтаас илүү өөрчлөлт хэрэгтэй

    Сүүлийн үед ажил тань урамгүй санагдаж, өглөө сэрэхэд ч таатай биш санагдаж байна уу? Тэгвэл энэ нь “burnout” буюу ажлаас халшрах хам шинж/мэргэжлийн ядаргааны нэг дохио байж магадгүй.

    Burnout нь зөвхөн биеийн ядаргаа төдий биш бөгөөд сэтгэл зүй, оюун санааны ядаргаа юм. Burnout-ын үед хүн бие махбодь туйлдаж, хийж буй бүхэн утгагүй мэт санагдан, сэтгэл санаа тогтворгүй болж, бүтээлч байдал нь буурч мөн хүмүүстэй харилцахаас зайлсхийдэг. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилвэл сэтгэл гутрал, нойрны хэм алдагдах, тогтворгүй сэтгэл зүй, цаашлаад бие махбодын өвчлөл ч бий болох аюултай юм.

    Тэгвэл яах хэрэгтэй вэ? 

    1. Түр зуур ажлаа хойш тавь. 1-2 хоног өөрийгөө тусгаарлаж, юу ч хийхгүй байхыг өөртөө зөвшөөр.

    2. Хуваалц, бүү дотроо хадгал. Найз нөхөд, гэр бүлдээ мэдрэмжээ ярь. Ядарч байгаагаа хэлж илэрхийлэх нь заримдаа өөрчлөлтийн эхлэл болдог.

    3. Шинэ хобби эхлүүлэх, буюу өөр ур чадварууд сурах нь сэтгэл санааг сэргээнэ.

    4. Иог, алхалт, амьсгалын дасгал зэрэг нь бие махбодоор дамжуулж сэтгэл зүйг мөн тайвшруулдаг.

    5. Шинэ замналыг тунгаах мөч. Заримдаа ажлаас халшрах хам шинж нь амьдралын дараагийн шат руу шилжих цаг болжээ гэсэн дохио байдаг. Ажлаа солих, чиглэлээ өөрчлөх, эсвэл түр завсарлага авах нь зугтах биш өөрийгөө хайрлах төдийгүй эерэг өөрчлөлт хийх алхам болохыг үгүйсгэхгүй юм.

    Монголын залуусын дунд “burnout” нэмэгдсээр байна. Сэтгэл зүйн эрүүл мэндээ тэнцвэртэй байлгахын тулд түр ч гэсэн амсхийж, өөртөө анхаарах нь сул дорой байдал биш харин ч ухаалаг, зоримог шийдвэр байх болно. Амрах эрх, өөрийгөө эргэн таних боломж, амьдралынхаа утга учрыг шинээр тодорхойлох боломжийг өөртөө олгоорой.

    Ажил амьдралын тэнцвэр гэдэг нь зөвхөн карьерт амжилт гаргах биш, эрүүл бие, тогтвортой сэтгэл зүй, аз жаргалтай амьдралын үндэс билээ.

     LAMBDA Burnout-ын тест    та өөрийгөө шалгаж үзээд, одоогийн мэдрэмждээ дүгнэлт хийгээрэй. 

  • Burnout-ыг таньж өөрийгөө эргүүлэн авах нь

    Burnout-ыг таньж өөрийгөө эргүүлэн авах нь

    Гадна талаасаа бүх зүйл зүгээр. Цалин орж л байна. Хийх ёстой ажлаа хийж, хүмүүстэй харьцаж, хуралд сууж, амьдралын “зөв” дүр төрхийг барьсаар… Гэвч дотроо нэг л биш. Ямар ч утгагүй хоосон мэдрэмж. Хийж байгаа зүйлдээ сэтгэл хөдлөхөө ч болиод таны амьдрал таных биш юм шиг мэдрэмж төрж байна уу?

    Энэ бол ядаргаа биш. Энэ бол burnout — өөрийгөө гээж, аажмаар дотроо унтарч байгаа мэдрэмж.

    Burnout буюу ажлаас халшрах хам шинж гэж юу вэ?

    Ажлаас халшрах хам шинж буюу burnout бол удаан хугацаанд хуримтлагдсан стрессийн үр дүнд сэтгэл зүй, бие махбод, оюун санааны туйлдалт юм.Энэ нь ганц шөнийн дотор болдоггүй. Хүчээр инээх, автомат хөдөлгөөнөөр ажиллах, хийх зүйлсээ дуусгаад ч баярлахгүй байх зэрэг нь анхны шинж тэмдгүүд нь.

    2020 онд ДЭМБ burnout-ыг албан ёсоор “ажлын орчинд үүсдэг архаг стрессийн үр дүн” гэж тодорхойлсон бөгөөд эмчилгээ шаардлагатай сэтгэлзүйн байдал гэдгийг баталгаажуулсан.

    Танихгүй мэт болсон өөртэйгөө нүүр тулах мөч

    Зарим өглөө сэрэхэд ажилдаа очих тухай бодох ч хүсэл төрөхгүй байж мэднэ. Цээжинд ямар ч үггүй, чимээгүй эсэргүүцэл үүсч, хөдлөх хүч үлдэхгүй мэт мэдрэмж төрдөг. Хэн нэгэн заавал зовоогоогүй ч, яг үнэндээ өөрийгөө л алгуур шахаж, чимээгүйхэн мартаж эхэлсэн байж болох.

    Тийм мэдрэмж төрсөн үед гадагшаа биш, дотогшоо нэг харж үзэх хэрэгтэй. lambda.global-ийн burnout тестийг бөглөж үзсэнээр зарим уншигчид анх удаа өөрийгөө гаднаас нь тайван ажиглаж, бодит үнэлгээ өгж эхэлдэг. Ингэснээр
    “Энэ зүгээр нэг ядаргаа биш, би үнэхээр унтарч байсан юм байна” гэж өөртэйгөө нүүр тулах боломж бүрддэг байна. Ингэж хүлээн зөвшөөрөх нь сэргэлтийн эхний алхам юм. Учир нь юу болж байгааг нэрлэж, ойлгож чадсан хүн л дараагийн алхмаа зоригтой хийж чадна.

    Сэргэлтийн эхлэл

    Burnout-оос гарах эхлэл нь заавал том шийдвэр байх албагүй. Заримдаа зүгээр л нэг өдрийг өөртөө зориулах, хэсэг хугацаанд чимээгүй суух сонголт хийхээс эхэлнэ. Цонхны дэргэд суугаад, “Юунаас залхаж байна вэ?”, “Хэзээ хамгийн сүүлд сэтгэл хөдөлсөн бэ?” гэдэг асуултад үнэнээр нь хариулж үзэхэд, дотоод дуу хоолой тань аажмаар эргэн ирж эхэлдэг.

    Хамгийн чухал нь — энэ аялалд ганцаараа явах албагүй. Хуваалцах, сонсох, ойлголцох орон зайг өөртөө нээж өгч чадвал сэргэлтийн хүч хэд дахин нэмэгддэг. Заримдаа зүгээр л нэг урмын үг, хэн нэгэн таныг чимээгүй сонсох байдал ч сэтгэлд тань гэрэл асааж мэднэ.

    Дэлхий хэрхэн хариу үйлдэл үзүүлж байна вэ?

    Burnout зөвхөн хувь хүнд хамаарах зүйл биш. Хэт өндөр ачаалал, өрсөлдөөн, үргэлжийн тасралтгүй бүтээх хүлээлт зэрэг нь нийгмийн бүтэц дэх эмзэг цэгийн илрэл болдог.

    Япон улс ажлын ачааллаас үүдэн үхэлд хүрэх тохиолдлуудыг “karoshi” хэмээн нэрлэж, асуудлыг нийгмийн хэмжээнд хүлээн зөвшөөрсөн байдаг. Засгийн газар ажлын цагийг хуульчилж, компаниудад ажилчдын стрессийг жил бүр хэмжих үүрэг хүлээлгэжээ.

    Исланд улс төрийн албан хаагчдын дунд 4 хоногийн ажлын туршилт явуулж, стресс мэдэгдэхүйц буурч, бүтээмж харин ч өссөн гэдгийг баталсан. Үүний дараа ажилчдын 80 гаруй хувь уян хатан хуваарийг хууль ёсоор шаардах эрхтэй болсон.

    Герман, Швейцарь зэрэг улс burnout-ыг сэтгэлзүйн оношийн нэг хэлбэр гэж үздэг бөгөөд жилд 1–2 удаа “ментал эрүүл мэндийн амралтын өдөр” олгодог. Томоохон байгууллагуудад сэтгэлзүйч ажиллуулж, ажилчдыг нөхөн сэргээх амралтаар цалинтай хангах журам үйлчилдэг.

    Эдгээр жишээ нь “burnout-ыг өөрөө л зохицуул” гэсэн дарангуй хандлагын эсрэг хариу үйлдэл болж байна. Энэ нь системийн асуудал бөгөөд нийгмээрээ хариуцах ёстойг илтгэж байгаа юм.

    lambda.global юу санал болгож байна вэ?

    Энэ бүхэнтэй тэмцэхэд бидэнд өөрийгөө таних эрх, орон зай, нөхөрлөл хэрэгтэй. lambda.global нь танд:

    • Burnout-ын үнэгүй тест
    • Менторшип, бясалгал, бичгийн дасгал зэрэг сэргэлтийн практикууд
    • Зөвхөн ойлгогдох биш, оюун санаагаараа холбогдох боломжуудыг санал болгож байна.

    Burnout бол төгсгөл биш. Энэ бол “анхаар” гэж бие чинь чимээгүйхэн илгээж буй дохио. Бид амьдралаа амжуулж яваа нэрийн дор өөрийгөө аажмаар гээх үе бий. Зогсолгүй урагшилж, завгүй байх тусмаа өөрийгөө сонсох завгүй болдог.

    Гэхдээ яг энэ мөчид өөртөө богинохон ч болтугай эрх чөлөөг өгөөрэй — зогсох, амьсгалах, чимээгүйхэн өөрийгөө эргүүлэн дуудах эрх. Таны дуу хоолой чимээгүй байсан ч оршсоор байдаг.

  • Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Та өглөө сэрээд ажилдаа явах тухай бодох төдийд ходоод тань базалж, амьсгаа давчдаж, зүрх чинь хурдан цохилдог уу? 
    Гэсэн ч  та энэ мэдрэмжийг тоохгүйгээр, “тэвч тэвч” гээд өөрийгөө хүчээр ажил руугаа чирч яваа юм биш биз?  Ихэнх хүмүүс ийм мэдрэмжийг “ажлын стресс”, “залхуурал” эсвэл “ядарсандаа болоод мэдрэмтгий болчихлоо” гэж ойлгодог. Гэвч үнэндээ энэ бол таны бие болон сэтгэл зүй хамтдаа “Туслаач” гэж дотроос тань дуудлага өгч байгаа дохио юм. Энгийнээр хэлбэл, та ажлаас халшрах хам шинжид өртжээ.
    Энэ нь сэтгэл зүйгээр биш, бие махбодоор түрүүлж илэрдэг үе ч бий. Тэгэхээр өнөөдөр бид танд ийм мэдрэмж хаанаас үүдэлтэй вэ, хэрхэн таних вэ гэдгийг хуваалцъя.

    Ажилдаа дургүй болох нь “залхуурал” огтхон ч биш.

    Ажлаа хийх хүсэлгүй болох нь сахилга бат муу, сэтгэлгээ сул гэсэн үг огтхон ч биш. Сэтгэл зүйчдийн тайлбарласнаар, ажлаас халшрах хам шинж (job aversion syndrome) нь зөвхөн сэтгэл зүйд бус, бие махбодод ч шууд илэрдэг хариу урвал гэжээ.  Хүмүүс ихэнхдээ тухайн нөхцөл байдалд сэтгэлзүйн хувьд дасан зохицохоос өмнө бие махбод аль хэдийн хариу үзүүлчихсэн байдаг гэдгийг анзаардаггүй.

     Таны биед илэрч болох түгээмэл шинж тэмдгүүд:

    • Ходоод базлах
    • Амьсгал давчдах
    • Толгой хөндүүрлэх
    • Бие сулрах, хүнд мэдрэгдэх
    • Сэрсэн ч амраагүй мэт өдөржин ядрах

    Эдгээр нь бүгд таны биеийн зүгээс ирж буй нэг төрлийн дохио юм.
    Товчхондоо: “Би энэ орчинд дахин ормооргүй байна” гэж хэлж байна гэсэн үг.

    Хүнд чулууг удаан тээгээд байвал?

    Сэтгэлдээ дарамт, зовуурийг удаан тээж явах нь хүнд чулуу тээж яваатай адил. Эхэндээ даах мэт санагдавч, нэг мэдэхэд хүч хүрэхээ больж, ядаргаа, туйлдалт, гүн уналтад хүргэдэг.

    Сэтгэл зүйн аливаа асуудлыг “жижиг зүйл” гээд үл тоомсорлох нь хожим илүү том, шийдвэрлэхэд төвөгтэй сөрөг үр дагавар авчрах магадлалтай байдаг шүүдээ.

    Яагаад эдгээр дохиог зайлшгүй анхаарах хэрэгтэй вэ?

    Халшралын анхны шинж тэмдгийг анзааралгүй удах нь дараах эрсдэлүүдийг дагуулж болзошгүй. Үүнд:

    • Сэтгэл гутрал
    • Хамт олон, гэр бүлийн харилцаанд сэв суух
    • Ажлын бүтээмж эрс буурах
    • Burnout буюу сэтгэл зүйн туйлдлын хам шинжид хүрэх

    Хэрвээ та ийм нөхцөлд орвол зөвхөн ажилдаа дургүй байхаас гадна, амьдралд ч дургүй мэт мэдрэмж төрж эхэлдэг аюултай.

     Юу хийх хэрэгтэй вэ?

    Хэрвээ таны бие ийм дохиог өгч эхэлсэн бол, дараах алхмуудыг туршиж үзэхийг танд зөвлөж байна.

    • Мэдрэмжээ хүлээн зөвшөөр
      “Би сул дорой байна” гэж өөрийгөө буруутгахын оронд, энэ бол миний биеийн хариу үйлдэл гэж ойлгож арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Шалтгааныг тунгаан бод
      Таныг энэ мэдрэмж рүү түлхэж буй хамгийн том хүчин зүйл юу вэ? Ажлын ачаалал уу, дотоод зөрчил үү, эсвэл ажлын орчин уу?
    • Өөртөө амьсгаа авч амсхийх хугацаа олго
      Жижигхэн завсарлага, өдөр тутмын өөрийгөө дэмжих дадал зуршлаас эхлээд өөрийгөө жаахан ч гэсэн амрааж, уртаар цээж дүүрэн амьсгал аваад үзээрэй.
    • Хэн нэгэнтэй мэдрэмжээ хуваалц
      Боломжтой бол сэтгэлзүйч, найз, эсвэл найдвартай хүнтэй энэ тухайгаа ярилцаж, мэдрэмжээ гадагшлуулах нь танд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчрах болно.

    Хэрвээ та сүүлийн үед ядраад, бүх зүйлээс залхаж, ажил руугаа явах тухай бодоход л бие чинь эсэргүүцээд байгаа бол…
    Санаа зоволтгүй — та ганцаараа биш юмшүү. Burnout эсвэл ажлаас халшрах мэдрэмж гэдэг олон хүнд тохиолддог зүйл. Гэхдээ хамгийн чухал нь  та үүнийг анзаарч, өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй юмшүү. Хэрвээ “надад яг юу болоод байна вэ?” гэж өөрөөсөө асууж байгаа бол Lambda танд зориулж BURN OUT  тестийн булантай болсон шүү. Танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна.

  • Ажлаас халшрах хам шинж танд байна уу?

    Ажлаас халшрах хам шинж танд байна уу?

    Бүтэн цагаар ажиллаж байгаа хүн болгон л өдрийн 2/3 цагийг ажилдаа зарцуулж байгаагийн хувьд ажлын орчин, хамт олон, компанийн соёл, ажлын ачаалал зэрэг хүчин зүйлс амьдралын чанарт маань шууд нөлөөлж байдаг.

    Мэдээж хүн болгон л ажилдаа дуртай, хийж байгаа зүйлсээсээ үнэ цэн мэдэрч, компанидаа хувь нэмрээ оруулж, хамт олондоо үнэлэгдэхийг хүсдэг байх. Гэтэл эсрэгээрээ байх тохиолдол цөөнгүй. Яагаад хичээгээд байхад хүссэнээр болдоггүй юм бол? Асуудал компани, удирдлагад тань байна уу аль эсвэл танд өөрт тань байна уу?

    Асуудал аль ч талд байх боломжтой. Компани эсвэл удирдлагын зүгээс ажиллах тэгш боломж олгохгүй, хэт их ажлаар шахах, цалин хөлс урамшууллыг гүйцэтгэсэн байдлаар нь олгохгүй, өсөж хөгжих потенциал байхад дардаг, ажил хуваариладаг хэрнээ хэт үгүйсгэсэн сөрөг хандлагаар харьцдаг зэрэг чамайг зүгээр л нэг ажил гүйцэтгэгч машин гэж харж байгаа бол та ажлын орчиноо солих талаар бодох цаг нь болжээ. Lambda дээр нийтлэгдсэн ажлын байрнуудыг сонирхоод үзээрэй. https://www.lambda.global/

    Аан харин дээрх зүйлс тулгараагүй байхад ажлаа өмнөх шигээ гүйцэтгэж чадахаа больсон, ажлаасаа болон хамт олноосоо урам зориг авахаа больсон, эрч хүч буурч ажлаа арай гэж хийж байгаа бол та өөрөөсөө асуудлыг хайх нь зүйтэй болов уу. Учир нь ажил дээр ч тэр, амьдрал дээр ч тэр тодорхой хугацааны дараа бид хийж чаддаг эсвэл хийх дуртай байсан зүйлсээсээ залхах нь энгийн л нэг үзэгдэл. Харин үүнийг хэвийн гэж үргэлжлүүлэх нь л өөрт болон ойр тойронд маань хамгийн хортой(toxic) юм шүү. Магадгүй бид хийдэг зүйлсээ арай өөр өнцгөөс харж, түүнийг дур булаам болгох арга барил хэрэгтэй болсныг илтгэж байгаа байх. Өөр өнцгөөс үнэхээр харж чадахгүй байгаа бол ажлаасаа түр pause аваад өөртөө цаг гаргаж дараах зүйлсийг туршаад үзээрэй.

    • Юу ч бодолгүй, ямар ч зорилго, зорилт тавилгүй амрах,
    • Хийх дуртай зүйлс, хоббиндоо цаг зарцуулах,
    • Агаарт гарах, бясалгах,
    • Найзуудтайгаа уулзах,
    • Спортоор хичээллэх,
    • Хөгжим сонсох,
    • Өөрт тулгарсан төстэй асуудлыг хэрхэн давж туулсан талаарх ном унших эсвэл кино үзэх.

    Lambda нь энэ асуудлын хариултыг олоход тань туслахаар Ажлаас халшрах хам шинж (burnout test)-ийг бэлдсэн байгаа. https://lambda.global/talent/burnout линкээр ороод дараах асуудлууд танд хэр их байгааг мэдэж аваарай.

    • Сэтгэл санааны хувьд хэр ачаалалтай байгаа,
    • Ажил тань ядарсан мэдрэмж төрүүлж байгаа эсэх,
    • Ажлаа хэр сайн хийж чадаж байгаа,
    • Урам зориг авдаг зүйлсэд тань өөрчлөлт орсон эсэх,
    • Ажлын үр бүтээмж өөрчлөгдсөн үү,
    • Хийж байгаа зүйлсийнхээ ач холбогдолд эргэлзээ байна уу,
    • Ажиллах сонирхол буурсан эсэх,
    • Хийж байгаа зүйлс нь өөрт тань болоод бусдад ямар үр дүн авч ирэх нь хамаагүй болсон уу,
    • Ажил болон хамт олны харилцаанд тулгарч буй асуудлыг үр дүнтэй шийдэж чадаж байна уу…

    Эцэст нь хүн болгон л өдөр тутам их бага хэмжээний асуудалтай тулгарч байгаа. Хамгийн чухал нь асуудлаасаа халширч зугталгүй аль болох бага дээр нь нүүр тулж шийдлээ олоорой. Амжилт хүсье. 🙂

  • Шинэ ажилтны чиглүүлэх хөтөлбөр гэж юу вэ?

    Шинэ ажилтны чиглүүлэх хөтөлбөр гэж юу вэ?

    Унших: Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд тавих шаардлага

    “Ажлаас гарах шалтгаан нь цалин биш, ажилд орсон анхны өдрүүд байдаг” гэж та сонсож байсан уу?

    Монголын Хүний Нөөцийн Холбооны 2021 оны судалгаагаар, шинэ ажилтнуудын 40% нь анхны 90 хоногт ажлаасаа гардаг нь тогтоогджээ. Гол шалтгаан нь цалин, ажлын ачаалал бус  харин чиглэл, ойлголт, дэмжлэг дутагдсан байдал аж.

    Тэдэнд юу хийхээ мэдэхгүй, хэнтэй ярих, хаанаас эхлэхээ ойлгоогүй, удирдамжгүй орчинд орж “хаягдсан мэт” мэдрэмж төрсөн байна. Үр дүнд нь байгууллага авьяастай боловсон хүчнээ алдаж, ажилтнууд сэтгэл ханамжгүй болж, бүтээмж унаж эхэлдэг.

    Энэ асуудлыг шийдэх хамгийн энгийн атлаа хамгийн хүчтэй арга бол шинэ ажилтныг чиглүүлэх системтэй хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь шинэ ажилтныг байгууллагын соёл, бүтэц, үүрэг, хамт олонтой нь системтэйгээр танилцуулж, хурдан дасан зохицох орчин бүрдүүлдэг. Олон улсын нэр хүндтэй байгууллагууд үүнийг “Onboarding Program” хэмээн нэрлэж, заавал хэрэгжүүлэх менежментийн стандарт гэж үздэг.

    Судалгаанаас иш татвал:

    • Gallup (2022) судалгаагаар:

      Onboarding хөтөлбөрт сэтгэл хангалуун ажилтнуудын 70% нь 3 жилээс дээш хугацаанд байгууллагад үлддэг.

    • Glassdoor судалгаа (2023):

      Сайн онбординг хөтөлбөр хэрэгжүүлсэн байгууллагууд шинэ ажилтны бүтээмжийг 54%-иар нэмэгдүүлсэн.

    • Монголын хүний нөөцийн холбоо (2021):

                “Анхны 90 хоногт чиглэлгүй үлдсэн ажилтнуудын 40% нь ажлаа орхих хандлагатай байдаг.

    Яагаад энэ хөтөлбөр шаардлагатай вэ?

    1. Ажилтны бүтээмжийг түргэсгэнэ
      – Ажилтныг орчиндоо дасгаж, үүрэг, зорилгоо тодорхой ойлгосноор эртнээс үр дүнтэй ажиллаж эхэлдэг.

    2. Ажлаас гарах эрсдэлийг бууруулна
      – Анхны 3 сарын дотор ажилтны 30–50% нь орхих магадлалтай байдаг. Зохион байгуулалттай чиглүүлэгтэй байснаар энэ эрсдэл буурдаг.

    3. Сэтгэл ханамж, сэтгэл зүйг дэмжинэ
      – Өөрийгөө үнэлэгдэж, дэмжигдэж байна гэж мэдрэх нь ажилтны урам зоригийг нэмэгдүүлдэг.

    4. Байгууллагын соёлд хурдан уусна
      – Байгууллагын үнэт зүйлс, харилцааны хэв маягийг ойлгосноор зөрчил багасна.

    Хөтөлбөрт багтдаг ерөнхий агуулга:

    1. Нээлтийн уулзалт ба танилцуулга

    • Байгууллагын түүх, бүтэц, эрхэм зорилго, үнэт зүйлс
    • Захиргааны мэдээлэл (ажлын цаг, дүрэм журам, цалин, урамшуулал)

    2. Ажлын байрны талаар дэлгэрэнгүй мэдээлэл

    • Албан тушаалын тодорхойлолт, хүлээлт
    • Шаардлагатай систем, программ, багаж хэрэгслийн сургалт

    3. Багийн гишүүд, удирдлагуудтай уулзах

    • Хамтран ажиллах хүмүүс, хэлтэс нэгжүүдтэй танилцах
    • Ментор, зөвлөх томилох

    4. Сургалт ба системийн нэвтрүүлэг

    • Дотоод систем, хэрэгсэл, хэрэглэгдэхүүнд сургах

    5. Сорил, үнэлгээ (хэрэв байвал)

    • Сургалтын дараах шалгалт, үнэлгээ
    • Эхний 1–3 сарын ажлын гүйцэтгэлийн үнэлгээ

    6. Дүгнэлт ярилцлага

    • Хөтөлбөр нь удирдлагын дүгнэлт, ярилцлага, үнэлгээний хуудас бүрдсэний дараа дууссан гэж тооцно. Хэрэв шаардлагатай бол аль нэг талын санаачилгаар хугацааг сунгаж болно.

    Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа

    • Товч хугацаа: 1–3 өдөр (ерөнхий чиглүүлэх)
    • Сунгасан хөтөлбөр: 1–3 сар (системтэй сорил, үнэлгээтэй)

    Амжилттай хэрэгжүүлэх зөвлөмж

    • Нэг ажилтанд нэг ментор: Асуух, ойлгох, дасах орчин бүрдэнэ.
    • Алхамтай хөтөлбөртэй байх: PDF, гарын авлага, цахим сургалт ашиглах.
    • Сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх: Утгагүй даалгавар биш, ойлгомжтой зорилт өгөх.
    • Хоёр талын үнэлгээ хийх: Ажилтны зүгээс санал хүсэлт авах нь хөтөлбөрийг хөгжүүлэх түлхүүр болно.

    Шинэ ажилтныг чиглүүлэх хөтөлбөр бол байгууллагын соёл, үнэт зүйлсийг дамжуулах стратегийн хөрөнгө оруулалт бөгөөд зөв системтэй чиглэл нь ажилтны урам зориг, үнэнч байдал, бүтээмжийг нэмэгдүүлдэг. Ажилд орсон анхны өдрөөс нь ажилтнаа чухал гишүүн гэж хүндэлж чадвал тэр ч мөн байгууллагын үнэ цэнийг хамтдаа бүтээлцэнэ. Lambda.Global танд зөвхөн ажил санал болгохоос гадна, AI – Карьерээ Төлөвлөгч зэрэг ухаалаг шийдлээр ажилтны дасан зохицлыг бодитоор дэмжин хамт хөгжихийг зорьдог.

  • Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Анхны өдөр гэгээлэг орчин, найрсаг инээмсэглэл дунд угтан авсан шинэ ажил тань хэдхэн долоо хоногийн дараа сэтгэл зовоосон, дарамттай санагдаж эхэлсэн бол яах вэ? Хэрэв та өөрийгөө буруу газар ирчихсэн мэт мэдэрч, саяхан ажилд орсон ч хаа нэг тийш зугтмаар санагдаж байвал — асуудлыг зөвхөн өөрөөсөө бус, харин ажлын орчноосоо нэг сайн харж дүгнэх хэрэгтэй.             

    LinkedIn-ийн 2024 оны “Workplace Trends” судалгаагаар мэргэжилтнүүдийн 63% нь “red flag” буюу анхааруулах дохио мэдрэгдэх үед шинэ ажлын байр хайж эхэлдэг гэжээ.

    Таны ажиллаж буй байгууллагад дараах 7 анхааруулах дохио ажиглагдаж байна уу?

    1.  Ажлын үүрэг тодорхойгүй, байнга өөрчлөгддөг

    Анкет илгээхэд бичсэн ажил үүргээс тэс өөр зүйл хийж байвал, эсвэл өдөр бүр шинэ даалгавар өгч, хариуцлага, чиглэл нь тодорхойгүй байвал энэ нь удирдлагын менежментийн сул тал, ажилтны эрхийг үл хүндэлж буйн хамгийн том илрэл юм.

    2. Илүү цагаар ажиллуулдаг ч нөхөн олговоргүй

    Зарим үед илүү цагаар ажиллах шаардлагатай байж болно. Гэвч энэ нь тогтмол, нөхөн төлбөргүй, зохион байгуулалтгүй бол таны ажил амьдралын тэнцвэр алдагдаж байна гэсэн үг.

    3. Хов жив, дарамт, ялгаварлал давамгайлсан орчин

    Хов жив, ялгаварлал, дарамт шахалт мэдрэгддэг бол энэ нь хортой соёл тогтсоны илрэл. Ийм орчинд бүтээлч байдал, итгэлцэл, хамтын ажиллагаа хөгждөггүй.

    4.  Хүний нөөцийн бодлого сул, ажилтнаа үл ойшоодог

    Гомдол гаргах боломжгүй, санал санаачилга сонсогддоггүй, дүрэм журам ойлгомжгүй бол байгууллага таныг хүн биш “нөөц” гэж үзэж байгаагийн дохио юм.

    5. Шүүмжлэлээр удирдаж “айдас дээр суурилсан” соёл

    Хүн бүр алдаанаасаа суралцаж, илүү сайжирдаг. Алдаанаас суралцах орчин байх ёстой атал ажилтнууд буруудах вий, алдчихвий гэж айж, илүү их стресстэй ажилладаг бол энэ нь урам зориг, бүтээмжид ноцтой сөргөөр нөлөөлдөг.

    6. Байнга шинэ хүмүүс ирж, тогтвортой ажилтан байдаггүй

    Шинэ хүн ирээд удахгүй ажлаа орхидог бол энэ нь байгууллагын соёл, удирдлагын арга барилд ноцтой асуудал байгааг илтгэнэ.

    7.  Таны үнэ цэнийг үгүйсгэж, хөгжих орон зай үгүйсгэдэг

    Хичнээн сайн ажилласан ч үнэлэгддэггүй, итгэл хүлээлгэдэггүй, өсөх боломжгүй бол энэ орчинд таны ирээдүй гэрэлтэй байх магадлал багатай.

    Хэрэв дараах шинжүүдээс 2 буюу түүнээс олон нь танд танил санагдаж байвал та асуудлыг үл тоох бус, өөрийгөө хамгаалах цаг иржээ.

    Тэгвэл одоо би юу хийх хэрэгтэй вэ? 

    • Цалин, туршлагад хууртах бус бодит нөхцөл байдлаа үнэлээрэй.

    • Найдвартай хүний нөөцийн мэргэжилтэн, эсвэл итгэлтэй нэгэнтэй нээлттэй ярилц.

    • Өөрийгөө буруутгах бус, зорилгоо санаж шийдвэр гарга.

    Таныг үнэлдэггүй, байнгын стресс, дарамт үүсгэдэг орчноос холдох зоригтой байгаарай. Та найрсаг, тогтвортой, хөгжих боломжтой орчинд ажиллах боломжтой, үнэ цэнтэй мэргэжилтэн юм шүү.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

     

  • Гэрээсээ ажиллахын сайн, мууг сонжих нь

    Гэрээсээ ажиллахын сайн, мууг сонжих нь

     

    Ковидын үеэс хойш гэрээсээ ажиллах соёл дэлгэрч, сүүлдээ гэрээсээ ажилладгаараа хүмүүс “flex”-ддэг болжээ. Ялангуяа Gen Z үеийнхний хувьд уян хатан ажлын хуваарь нэмэлт давуу тал биш бүр үндсэн шалгуурын нэг болсон гэхэд хилсдэхгүй. Тухайлбал Microsoft-ийн “Work Trend Index” тайланд дурдсанаар Gen Z-ийн 73 хувь нь “hybrid” хэлбэрийн ажиллах зарчмыг илүүд үздэг гэжээ. Мөн Gallup-ийн 2023 оны судалгаагаар Gen Z-ийн 60 хувь нь хаанаас ажиллах нь бус ямар үнэ цэн бүтээх нь илүү чухал хэмээн хариулжээ. Гэхдээ үнэхээр гэрээсээ ажиллах нь тийм таатай нөхцөл мөн үү?

    1. Гэрээсээ ажиллахын гэгээлэг тал

    Өмнө дурдсанчлан уян хатан буюу hybrid байдлаар ажиллах нь ихэнх ажилчдын хүсэмжит ажиллах хэлбэр. Үүнийг батлах өөр нэг судалгаа бол McKinsey-ийн 2023 оны судалгаа. Тодруулбал уян хатан ажиллах нөхцөл бүхий ажлын санал авсан ажилчдын 87 хувь нь гэрээсээ ажиллахыг сонгодог байна. Түүнчлэн 18–34 насны залуусын 71 хувь нь уян хатан ажиллах нөхцөл нь тухайн ажлыг сонгох гол шалтгаан нь болдог гэсэн бол судалгаанд оролцсон хүмүүсийн 30 хувь нь хэрвээ компани нь алсаас ажиллуулах нөхцөлөө өөрчилбөл ажлаа орхиход бэлэн гэж мэдэгдсэн байгаа юм. Тэгэхээр маргаангүй гэрээсээ ажиллах нь “тренд” болжээ.

    2. Будилаантай бүтээмж

    Гэрээсээ ажиллах нь бүтээмжийг нэмэгдүүлнэ хэмээн ойлгодог нь бодит байдал дээр эсрэгээрээ эргэж байх шиг. АНУ-ын Эдийн засгийн судалгааны товчооны (NBER) 2023 оны судалгаагаар, гэрээсээ ажиллах үед ажилчдын ажлын бүтээмж нь 8-19 хувиар буурсан хэмээх дүгнэлт гарчээ. Жишээлбэл Microsoft компани хоёр жилийн турш инженерүүд дээрээ ажиглал хийхэд, тэдний код бичилт, санаачилга нэмэгдсэн ч баг хоорондын харилцан уялдаа, холбоо удааширсан байна.

    IBM 2017 онд алсын ажлыг цуцалж, олон мянган ажилтныг оффис руу дуудаж байсан. Учир нь алсаас ажилласнаар шинэ санаа, инновац буурсан гэж үзжээ. Харин GitLab (бүрэн алсын компанитай, 2000+ ажилтантай) ажилчдын бүтээмжийг баримтаар хэмждэг, сайн тогтолцоотой компани юм.

    Зөвлөмж:

    Алсаас ажиллах нь бие дааж, даалгавар гүйцэтгэх суурьтай ажлуудад тохиромжтой хэв маяг (жишээ нь: бичээч, программист, өгөгдлийн шинжээч). Харин хамтарч ажиллах, олноороо санаагаа солилцдог төрлийн ажилтнуудад сул тал болох нь бий. Тиймээс та үнэхээр гэртээ байхаараа илүү бүтээмжтэй байна уу? Оффис дээрээ илүү бүтээмжтэй байна уу? гэдгээ өөрөө сайтар ажиглаарай.

    3. Алсаас ажиллах нөхцөл рүү шуурах ажлын анкетууд

    Indeed Hiring Lab 2025” тайланд, нийт ажлын байрны зөвхөн 11 хувь нь бүрэн алсаас ажиллах нөхцөлтэй байсан бол, эдгээр ажлын зарууд нийт анкетын 50 хувийг хүлээн авчээ. Тэр дундаа маркетингийн салбарт гэрээс ажиллах нөхцөлтэй ажлын зар нийтлэгдмэгц, оффисын үүрэгтэй ажилтай харьцуулахад 6 дахин их өргөдөл ирдэг байх жишээтэй. АНУ-д төвтэй Salesforce компанид 2025 оны 1-р сард өгөгдлийн шинжээчийн гэрээс ажиллах нөхцөлтэй ажлын зар 72 цагийн дотор 1,000 гаруй өргөдөл авсан бол ижил албан тушаалтай ч оффисоос ажиллах нөхцөлтэй зар 180 өргөдөл л авсан байна.

    ✅ Зөвлөмж:

    Хэрэв та олон улсын байгууллагуудад гэрээсээ ажиллах нөхцөлтэйгөөр анкетаа явуулах гэж байгаа бол дэлхий даяарх мянга мянган ажил горилогчидтой өрсөлдөх хэрэгтэй нь ойлгомжтой. Тиймээс хувь хүний онцлогийг тодотгосон CV, LinkedIn профайл, гэрээсээ ажиллах туршлагыг илтгэх ур чадвар (цагийн менежмент, бичгээр харилцах чадвар,өөр олон улсад дадлага хийж байсан туршлага) нэлээд чухал болсон.

    4. Үзэгдэхгүй бол мартагдах уу?

    Алсаас ажиллаж буй ажилтнууд ажлын байран дээр өсөж дэвших боломж эрсдэлд орох хандлагатай байж болно. Тухайлбал, MIT Sloan-ийн судалгаагаар, гэрээсээ ажилладаг хүмүүс оффисоос ажилладаг ажилчидтай ижил гүйцэтгэлтэй байсан ч тэднээс 31 хувиар бага тушаал дэвшдэг нь тогтоогдсон. Харин нөгөөтээгүүр, Automattic (WordPress-ийг эзэмшигч компани), 77 улс дахь ажилчдынхаа гүйцэтгэлийг нээлттэй, баримтжуулсан системээр дүгнэдэг.

    ✅ Зөвлөмж:
    Хэрэв та гэрээсээ ажиллахыг илүүд үздэг бол өөрийгөө сайн илэрхийлэх, ажил олгогчийн платформ дээр оролцоогоо нэмэгдүүлэх, дотоод үнэлгээний систем сайтай компанийг сонгох нь зүйтэй.

    Өргөдөлөө явуулахаас өмнө өөрөөсөө дараах асуултыг асуугаарай:

    1. Таны өргөдлөө явуулах гэж буй байгууллага бүрэн гэрээсээ ажиллах хэв маягтай юу? Аль эсвэл зүгээр л ингэж ажиллахыг “зөвшөөрдөг” газар уу? Учир нь ийм ажиллах хэв маяг бүрэн тогтоогүй газар хэдхэн хүн ингэж ажилладаг бол хоорондын мэдээлэл солилцох байдал ойлгомжгүй байж магадгүй юм.
    2. Тухайн байгууллага ажлын гүйцэтгэлийг хэрхэн үнэлдэг вэ? Тушаал дэвших боломж бий юу? Гүйцэтгэсэн ажлуудаа цаг тухайд нь та өөрөө хадгалж, баримтжуулж байгаарай.
    3. Баг хамт олон хоорондоо яаж харилцаж, санаа бодлоо солилцдог вэ?
  • Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Өглөө бүр өнөөх л нэгэн хэвийн уйтгартай, залхсан янзаар ажилдаа арай гэж очиж, өдрийг ямар ч үр бүтээмжгүй өнгөрүүлж байгаа юм биш биз? Бүтэн цагийн ажилтай, орлоготой ч нэг л зүйл болж өгөхгүй, цаанаасаа л ядраад, урам зориг үгүйлэгдээд сэтгэл дундуур байна уу?  

    Хэрвээ та энэ мэдрэмжтэй өдөр бүр нүүр тулж байгаа бол дараах нийтлэлийг анхааралтай уншаарай. Танд хэрэгтэй үнэт зөвлөгөөнүүд энд байна.

    Gallup-ийн 2023 оны олон улсын судалгаагаар дэлхийн хэмжээнд ажилтнуудын зөвхөн 23% нь ажлын байрандаа бүрэн сэтгэл хангалуун байдаг гэж хариулжээ. Харин үлдсэн 77% нь “зүгээр л цалингаа аваад ажиллаж байна” эсвэл бүр “сөрөг сэтгэлтэй ажиллаж байна” гэжээ. 

    ❓ Яагаад ажилдаа сэтгэл ханамжгүй болдог вэ?

    1. Өсөлтгүй орчин

    Нэгэн хэвийн, давтагддаг ажил нь таны бүтээлч сэтгэлгээг бууруулж, улмаар өсөн дэвших боломжгүй мэт мэдрэмж төрүүлдэг.

    2. Удирдлагын арга барил

    Таны гаргасан шинэ санаа, шийдлийг байнга үгүйсгэх, хийж бүтээж байгаа ажлыг тань үнэлдэггүй удирдлагатай бол сэтгэл ханамж буурдаг байна.

    3. Ажлын ачаалал ба цалин

    Хэт их үүрэг хариуцлагатай, олон цаг ажиллаж байгаа ч цалингийн үнэлгээ бага бол сэтгэл ханамжийг үгүй хийдэг.

    4. Зорилгын зөрүү

    Та өөрийн хүсэл, үнэт зүйл, чадварт нийцэхгүй ажил хийж яваа бол ажилдаа ямар ч сэтгэл ханамжгүй, гацсан мэдрэмжтэй, эрч хүчгүй болдог.

    Энэ байдлаас хэрхэн гарах вэ?

    1.  Өөрөөсөө асуу

    • Энэ ажлын юу нь надад таалагддаггүй вэ?
    • Юуг өөрчилбөл илүү сэтгэл ханамжтай байж чадах вэ?

    2. Ажлын орчноо анхааралтай ажигла

    Асуудал ганц танд биш байж мэднэ. Багийн уур амьсгал, удирдлагын хандлага, ажлын зохион байгуулалтыг нэг сайн ажигла.

    3.  Бага багаар өөрчлөлт хий

    Шинэ ур чадвар эзэмших, өөр салбарт судалгаа хийх, эсвэл дотоод шилжилтэд оролцох зэрэг алхамууд таны урам зоригийг сэргээж чадна.

    4. Мэргэжлийн зөвлөгөө аваарай

    Карьер коуч эсвэл HR мэргэжилтэнтэй ярилц. Тэд танд шинэ өнцөг, гарц харуулж чадна.

    5. Гарах шийдвэрийг айдсаар биш, зорилгоор удирдуулах

    Заримдаа ажил солих нь таны эрүүл мэнд, урам зориг, цаашдын амьдралын чанарт хамгийн зөв шийдвэр байх тохиолдол бий.

    Ажилдаа сэтгэл хангалуун байх гэдэг нь цалин, албан тушаалын тухай биш. Энэ нь:

    • Хувь хүний хөгжил
    • Үнэлэмж
    • Харилцаа
    • Орчин
    • Зорилготой ажиллах мэдрэмж гэсэн олон хүчин зүйлтэй гүн холбоотой.

    Хэрэв та  ажилдаа сэтгэл хангалуун бус байвал энэ бол таны сул тал биш харин өөрчлөлтийн цаг ирснийг илтгэх дохио байж мэднэ. Ирээдүйнхээ төлөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт болох өөрийгөө нээж, өөрчлөлт хийх чухал аяллаа  lambda.global-тай хамт эхлүүлээрэй.

  • Монголчууд жилд бүх нийтээрээ 9 баярыг 16 хоног амарч тэмдэглэдэг.

    Монголчууд жилд бүх нийтээрээ 9 баярыг 16 хоног амарч тэмдэглэдэг.

    Хамгийн их амардаг улсууд:

    Непал: өнгөрсөн жил гэхэд 42 хоногийг олон янзын баяр тэмдэглэн амарч өнгөрөөжээ. Хамгийн олон удаа бүх нийтээрээ амардаг өдөртэй улсуудын жагсаалтыг ТОП-10 байрын 9-ийг нь Азийн улс орнууд эзэлдэг байна.

    Хамгийн бага амардаг улсууд:

    Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр багатай улсуудад Европын орнууд багтдаг байна. Тухайлбал, Нидерланд, Их Британи зэрэг улсууд жилд 10 хүрэхгүй хоног л бүх нийтээрээ амардаг байна.

  • Мэргэжлээсээ өөр салбар руу шилжих нь яагаад эрсдэл биш боломж вэ?

    Мэргэжлээсээ өөр салбар руу шилжих нь яагаад эрсдэл биш боломж вэ?

    Би энэ мэргэжлээр л ажиллах ёстой, шинэ салбарт орвол бүгдийг тэгээс эхлэх шаардлагатай. Хэдэн хүн ингэж бодсоноосоо болоод өөрийн өсөлт болон чадваруудаа хязгаарлаж байгаа бол оо?

    Өнөө цагт олон мянган хүн өөр салбар руу зоригтой шилжиж, илүү утастай биш, утгатай ажилд орж, өөрт тохирох орчноо нээж байна. Та ч мөн тэдний нэг байж болно.

    1. Мэргэжлийн шилжилт бол дэлхийн тренд

    LinkedIn-ийн 2023 оны судалгаагаар, хэрэглэгчдийн 32% нь сүүлийн 5 жилд мэргэжлээ өөрчилсөн байна.
    2020 оны COVID-ийн дараа энэ тоо огцом өссөн ба хүмүүст “би өөр зүйл хийж чадна” гэдгийг ойлгох боломж олдсон.
    Тэр дундаа хэрэглэгчийн үйлчилгээ → технологи эсвэл сургалтын салбар → хүний нөөц → захиргааны чиглэл рүү → ложистикийн салбарт шилжих зэрэг чиглэлүүд хамгийн их шилжилттэй байжээ.

    2. Туршлагаас ч илүү үнэт зүйл бол “дасан зохицох чадвар”

    Орчин үеийн ажил олгогч нар шинэ орчинд түргэн дасах, сурч хөгжих чадварыг илүү үнэлдэг болсон. Шинэ салбарт орохын тулд төгс мэргэжилтэн байх албагүй — нээлттэй сэтгэлгээ, тууштай байдал, харилцаа илүү чухал. Бид олон жил “мэргэжилтэй хүн” гэж ойлгож ирсэн ч, өнөө үед “чадварлаг хүн” гээдэг илүү үнэ цэнтэй болоод байна.
    Жишээ нь:

    • Багш байсан хүн харилцааны өндөр ур чадвараа ашиглаад хүний нөөц, сургалтын зохицуулагч, боловсролын зөвлөх болон хөтөлбөр сайжруулагч болж хөрвөж  болно.

    • Үйлдвэрийн ажилтан байсан хүн чанарын хяналт руу, улмаар материалын техник хангамж буюу logistics чиглэл рүү өсөж чадна.

    • Компютерийн шинжлэх ухааны/CS ажилтан өөрийн хэрэглэгч ойлгох чадвараа ашиглаад UX дизайнер, дата аналист болох боломжтой.

    Туршлагаа “чадварт хөрвүүлж” хардаг хүн амжилтад ойртоно.

    3. Шинэ салбарт орж буй хүмүүс юунд бэлдэх ёстой вэ?

    • Өөрийгөө таних: Та юунд дуртай вэ? Ямар орчин танд таалагддаг вэ? Хэнтэй хамт ажилламаар байна вэ?

    • Чадвараа жагсаах: Танилцуулгадаа зөвхөн өмнөх ажлаа бус, хийж байсан том жижиг гэлтгүй төслүүдээ дурдаж үүнээс олж авсан чадваруудаа (шийдвэр гаргах, баг удирдах, цаг зохицуулах гэх мэт) гаргаж ирэх

    • Жижигээс эхлэлээс бүү ай: Цалингүй дадлага, анхан шатны гэх мэт үгс таныг “доош нь” хийж байгаа хэрэг биш харин ч энэ бол шинэ салбарыг таньд нээж буй” хаалга” гэж хүлээж авах хэрэгтэй.

    4. Монголд мэргэжилээ сольсон хүмүүсийн зарим жишээ:

    • Сараа (29 настай): Банкны теллер байсан ч, хүмүүстэй харилцах чадвараа ашиглан хүний нөөцийн мэргэжилтэн болсон.

    • Төмөрөө (32 настай): Үйлдвэрийн шугамын ажилтан байсан ч, логистикийн курст суралцаж, агуулах зохицуулагч менежэр болсон.

    • Гэрэлмаа (24 настай): Хэрэглэгчийн үйлчилгээний салбарт ажиллаж байсан ч, англи хэлний мэдлэг дээрээ тулгуурлан олон улсын компанид алсаас ажиллаж орлогоо сайжруулсан.
      Эдгээр хүмүүс бүгд нэг зүйлээр ялгарч чадсан нь зоригтой эхэлсэн.

    Дүгнэлт
    Мэргэжлээ өөрчлөх нь айдас биш — өөрийгөө шинээр таних боломж юм.
    Өнөөдөр олон компани “диплом биш, чадвар”-ыг чухалчилдаг болсон нь шинэ зам хайж буй хүмүүст хаалга нээж өгч байна. Танд тохирох салбар байж л байгаа — зүгээр л эхэл. Хэрвээ та мэргэжлээ солих тухай бодож байгаа бол энэ бол анхаарал хандуулах дохио. Бага багаар бэлд. Өөртөө итгэ. Боломж ирэхэд нь зөв цагт хүлээж авч чаддаг бай.  Шинэ боомжоо www.lambda.global дээр бүртгүүлээд өөрт тохирсон салбарыг AI тусламжтай олоорой.

    Чи бол мэргэжил биш — чи бол чадвар, сэтгэлгээ, ирээдүй.