Category: Ажил ба Амьдрал

  • Ээлжийн амралтаа сэтгэл ханамжтай өнгөрүүлэх зөвлөмж

    Ээлжийн амралтаа сэтгэл ханамжтай өнгөрүүлэх зөвлөмж

    Амралтаа үр дүнтэй, сэтгэл ханамжтай өнгөрүүлэх зөвлөмж

    Ажил амьдралын хэмнэл дунд бид амралтаа зөв төлөвлөн, бие болон сэтгэлээ сэргээж чадвал илүү эрч хүчтэй, бүтээлч нэгэн болж чадна. Тэр тусмаа зуны улирал бол өөртөө болон хайртай хүмүүстээ цаг гаргах, амьдралын хэмнэлээ эргэн харж, урам зориг авах хамгийн тохиромжтой мөч юм. Монголчууд бидний хувьд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дараалан олон хоног нийтээр амардаг болохоор ээлжийн амралтаа энэ үетэй давхцуулан авах нь түгээмэл. Зарим нь энэ хугацааг зүгээр л гэртээ амарч өнгөрөөдөг бол, харин нөгөө хэсэг нь энэ боломжийг ашиглан өөрийгөө цэнэглэж, амьдралаа шинэ өнцгөөс харах урам зориг авч чаддаг.

    Тэр ч утгаараа ажлын ачаалал, стресс, амралтгүй удаан ажиллах зэрэг нь сэтгэл зүй болоод бие махбодод ч тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг тул амралтаа зөв өнгөрүүлэх нь чухал юм. Хэрвээ ойрын үед амрахаар төлөвлөж байгаа бол танд дараах бяцхан зөвлөгөөг хүргэе.

    Амралтаа төлөвлөх нь сэтгэл ханамжийн үндэс 

    Ерөнхийдөө амралт эхлэхээс өмнө товчхон төлөвлөгөө гаргавал тайван, санаа зовох зүйлгүй, жинхэнэ утгаар нь амарч чадна. Хэрвээ та гадаад улс руу аялах гэж байгаа бол зочид буудал, нислэгийн тийз, үзвэр үйлчилгээний тасалбаруудаа урьдчилан захиалах нь зүйтэй /мөн энэ нь зардлыг хэмнэх давуу талтай/. Харин дотоодын аяллыг сонирхож, хөдөө явахаар бодож байгаа бол маршрут, замын нөхцөл, цаг агаарын мэдээллийг шалгаж, гэр бүл, найзуудтайгаа хамт төлөвлөх нь илүү дурсамжтай аялал болох болно.

    Байгальтай ойр амралтаа өнгөрүүлээрэй 

    Байгальтай ойр цагаа өнгөрүүлэх нь бидний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг. Голын эрэг, ой мод, эсвэл рашаан сувиллын тайван орчинд хэдхэн хоногийг өнгөрүүлснээр стресс тайлагдаж, сэтгэл зүй амар тайван болох болно. Зуслангын байшинд байрлах, ууланд алхаж, цэвэр агаар амьсгалах зэргээр бие сэтгэлээ тайвшруулах тэр аяллыг сонгоорой.

    Өөрийгөө хөгжүүлэхээ бүү мартаарай

    Амралт гэдэг зөвхөн унтах, амрах бус өөрийгөө хөгжүүлэх гайхалтай боломж юм. Хэрвээ таны амралт урт хугацаагаар үргэлжлэх бол богино хугацааны онлайн сургалтад хамрагдах, гадаад хэл, санхүү, маркетинг зэрэг өөрт хэрэгтэй чадваруудаа ахиулах, мэргэжлийн сертификатаа нэмэхэд тухайн цагаа бүтээлчээр ашиглаж болох юм. Мөн сошиал медиа, карьер профайлаа шинэчилж, Lambda-р CV-гээ сайжруулж өөрийгөө цоо шинэ өнцгөөс харах боломжийг бүү алдаарай.

    Гэр бүлтэйгээ чанартай цагийг өнгөрүүл

    Заримдаа бид ажлын ачааллаас болоод хайртай хүмүүстээ тэр бүр хангалттай цаг гаргаж чаддаггүй билээ. Харин амралт бол энэ орон зайг нөхөх сайхан боломж юм. Хүүхдүүдтэйгээ аялал төлөвлөх, гэр бүлээрээ кино үзэх, хамтдаа тоглох, ярилцах, хоол хийх зэрэг энгийн мөртлөө үнэ цэнтэй мөчүүдийг хамтдаа өнгөрүүлэхээр төлөвлөөрэй.

    Ажлаасаа түр холдож, жинхнээсээ амрах

    Амралт авсан ч ажлаа бодоод, и-мэйлээ шалгаад байвал амралтын утга учир алдагдана. Иймд ажлын и-мэйл, мэдэгдлүүдээ түр хааж, гар утас төхөөрөмжөөс холдон өөртөө болон хайртай хүмүүстээ бүрэн анхаарал хандуулахыг хичээгээрэй.

    Санхүүгээ ухаалгаар төлөвлөх нь мөн чухал

    Сэтгэл ханамжтай амралтын нэг үндэс бол санхүүгийн зөв төлөвлөлт юм. Урьдчилан төсөв гаргаж, зардлаа хянах нь таны сэтгэл амар аялж амрахад тусална. Мөн хөнгөлөлт, хямдралтай аялал, амралтын багцуудаас судалж, ухаалаг сонголт хийхийг зөвлөж байна.

    Амралтаа дурсамж болго

    Энгийн зүйлсээс аз жаргалыг мэдрэх нь амралтын бас нэг чухал хэсэг юм. Тухайлбал ном унших, тэмдэглэл хөтлөх, зураг дарж, дүрс бичлэг хийж дурсамж бүтээх, шинээр хоббитой болох зэрэг нь таны сэтгэл ханамжийг илүү нэмэгдүүлэх болно.

    Амралт бол зүгээр л түр амсхийх цаг биш, харин өөрийгөө шинээр нээх гайхалтай боломж юм.
    Зуны өдрүүдийг урам зориг, аз жаргалаар дүүрэн, сэтгэл ханамжтай өнгөрүүлцгээе. Тэгвэл та амралтаа дуусгаад, ажилдаа эрч хүчтэй, бүтээлч байдлаар эргэн орох болно.

  • Ажил хийх үү, хүүхдээ өсгөх үү?

    Ажил хийх үү, хүүхдээ өсгөх үү?

    Монголын олон мянган эмэгтэйчүүд бусдын адилаар ээж болж хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн амьдралдаа санхүүгийн хариуцлагыг ч мөн үүрдэг. Хүүхдээ асарч халамжлан, хүмүүжүүлэх гэдэг бол цаг хугацаа, анхаарал, хичээл зүтгэл шаардсан бүтэн цагийн ажил юм. Гэсэн ч амьжиргааны өртөг нэмэгдсэн энэ үед “ажил хийх үү, эсвэл хүүхдээ гэртээ харах уу?” гэсэн асуулт бүхий л ээжүүдийн өмнө тулгарч байна. Мэдээж мөн хүүхдээ асрангаа ажил хөдөлмөр эрхэлж, гэр бүлээ авч яваа олон аавууд бий. Тэдний зарим нь эхнэрийнхээ ажиллах боломжийг дэмжиж, гэртээ үлдэн хүүхдээ хардаг бол зарим нь уян хатан цагийн ажил эсвэл гэрээсээ ажиллах боломжийг ашиглаж байгаа ч тохиолдол байна.

    Хүүхдээ нялх байхад нь гэрт нь харж, анхны үг, анхны алхам бүрийг нь мэдрэхийг хүсдэггүй эх хүн гэж үгүй. Гэвч өнөө цагийн амьдралын эрч, эдийн засгийн нөхцөл байдал олон эхийг “зүгээр сууж болохгүй” гэж бодоход хүргэж байна. Цэцэрлэг хүрэлцээгүй, хүүхэд харах хүнгүй, эсвэл ажилдаа эргэж ороогүйгээс болоод туршлагатай болох, тушаал дэвших боломжуудаа алддаг зэргээр олон хүн хоёрын аль нэгийг сонгох болдог.

    Яагаад ээжүүд ажил хийхийг хүсдэг вэ?

    Ээжүүд ажил хийхийг хүсдэг олон шалтгаан бий. Тэдгээрээс хамгийн нийтлэг, чухал шалтгаануудыг дурдвал:

    Санхүүгийн хараат бус байдал
    Ээжүүд өөрийн орлоготой болсноор амьдралынхаа зарим шийдвэрийг өөрөө гаргах, хүүхдээ илүү сайн халамжлах, санхүүгийн хувьд хэн нэгнээс хамааралгүй байх боломжтой болдог.

    Гэр бүлийн амьжиргаанд дэмжлэг болох
    Нэмэлт орлого нь өрхийн санхүүд эерэг нөлөө үзүүлж, хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, өдөр тутмын хэрэгцээг хангахад тус болно.

    Хувь хүний үнэ цэнэ, өсөлт хөгжил
    Ажил хөдөлмөр нь зөвхөн орлого мөнгөний эх үүсвэр биш өөрийгөө хөгжүүлэх, чадвараа ашиглах, бусдад хэрэгтэй гэдгээ мэдрэх боломж болдог.

    Хүүхдэдээ үлгэр дууриал үзүүлэх
    Хөдөлмөрч, хичээнгүй, өөртөө итгэлтэй ээж бол хүүхдийн хувьд хүчирхэг үлгэр дууриал болдог. Ингэснээр хүүхэд ч ирээдүйдээ амьдралын төлөө хичээх урам зориг авах юм.

    Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцох
    Зарим ээжүүд зөвхөн гэрийн хүрээнд биш, олон нийтийн амьдралд оролцох, хамт олон, найз нөхөдтэй болох, харилцаагаа өргөжүүлэхийг хүсдэг.

    Сэтгэл зүйн эрүүл мэндийн тэнцвэрийг хадгалах
    Ажил хийх нь сэтгэл гутрал, түгшүүр зэргээс сэргийлэх, өөрийгөө илэрхийлэх нэг хэлбэр болж өгдөг.

    Товчоор хэлбэл, ээжүүд амьдралын чанараа сайжруулах, өөрийн үнэ цэнийг мэдрэх, гэр бүлдээ илүү их хувь нэмэр оруулахын тулд тогтсон ажилтай, тодорхой амжилтад хүрэхийг зорьдог байна.

    Ажил хийхийн үнэ цэнэ

    Ажил хийнэ гэдэг зөвхөн орлого олох бус, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмтэй холбогдсон байх, ирээдүйд хүүхдийнхээ төлөө илүү боломж бүрдүүлэх чухал алхам юм. Зарим ээжүүд ажлаа орхиод хэдэн жил болсон ч эргэж ажилд орохдоо амаргүй нөхцөлтэй тулгардаг билээ. Энэ нь зөвхөн мэргэжлийн асуудал биш, бас өөртөө итгэх итгэлтэй ч мөн холбоотой байдаг.

    Хүүхдээ гэртээ өсгөхийн үнэ цэнэ

    Нөгөө талаар хүүхдээ өөрөө өсгөнө гэдэг амьдралын хамгийн үнэ цэнтэй, хэзээ ч дахин давтагдахгүй мөчүүдийг бүрэн мэдрэх боломж юм. Хүүхдийнхээ анхны инээмсэглэл, “ээжээ” гэж хэлэх мөчид хажууд нь байна гэдэг юугаар ч үнэлэхийн аргагүй баяр жаргал билээ. Гэхдээ гэртээ олон жил байх тусам олон эхчүүд сэтгэл зүйн хямралд орж, ганцаардал мэдэрч, нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмжтэй болдог нь үнэн.

    Хөдөлмөрийн зах зээл дэх боломжууд

    Өмнө нь ажил олоход “ажлын туршлага”, “ажлын цаг” зэрэг хязгаарлалт тулгардаг байсан бол өнөөдөр цахим шилжилт, ажлын байрны нөхцөл, орчин, зайнаас ажиллах хэлбэр зэрэг хүчин зүйлсийн ачаар тохирсон ажил олох боломж тасралтгүй нэмэгдсээр байна. Тухайлбал,

    • Гэрээсээ ажиллах боломжтой ажлын байр: орчуулагч, чат оператор, онлайн багш, редактор

    • Цагийн ажил: хагас цагаар оффист ажиллах, богино хугацааны төслүүд

    • Онлайн орлого олох сувгууд: сошиал хуудас хөтлөх, TikTok, Instagram контент бүтээгч, YouTube суваг нээх гэх мэт

    Бага насны хүүхэдтэй ээжүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүд:

    • Хүүхэд харах хүнгүй байх

    • Ажлын цаг уян хатан биш байх

    • Нийгмийн хандлага – “гэртээ хүүхдээ харах ёстой” гэх хүлээлт

    • Өөртөө итгэх итгэл сул байх – ур чадвараа дутуу үнэлэх

    Эдгээр асуудлыг шийдэхэд нийгмийн бодлого, гэр бүлийн ойлголцол, хувь хүний зорилго, хүсэл, мэргэжлийн чадвар туршлага мөн уян хатан ажлын байр зэрэг нь чухал нөлөөтэй юм.

    Хүүхдээ өсгөхийн зэрэгцээ орлого олох тухай

    Өнөөгийн нийгэмд өөрийн үнэ цэнийг илэрхийлэх, өөрийгөө хөгжүүлэх, чадваржуулах улмаар өндөр цалин орлоготой болох хүсэлтэй хүчтэй эмэгтэйчүүд маш олон байна. Хэрвээ та ажил хайж байгаа бол өөрийн чадвар, сонирхол, нөхцөл байдалдаа тохирсон ажил олж чадна гэдэгтээ эргэлзэх хэрэггүй.

    Эцэст нь энэхүү нийтлэлд хөндсөн хоёр сонголтын аль аль нь буруу биш юм. Харин боломжит ажил, амьдралын тэнцвэрийг олох нь хамгийн чухал алхам билээ. Хүүхдээ сургуульд орох хүртэлх хугацаанд цагийн ажил, гэрээсээ ажиллах боломж, онлайн орлого олох замаар эхчүүд хүүхдээ ч өсгөж, ажил ч хийж чадна.

    Ерөнхийдөө “ажил хийх үү, хүүхдээ өсгөх үү?” гэдэг асуултанд зөвхөн танд тохирсон хариулт л хамгийн зөв. Нийгэм, сошиал медиа, хамаатнууд юу гэж хэлэхээс илүүтэй, өөрийнхөө амьдралын хэв маяг, хүүхдийнхээ хэрэгцээ, ирээдүйн зорилго дээрээ тулгуурлан шийдвэр гаргах нь ухаалаг сонголт болох юм.

    Санал болгох нийтлэл: Хэрхэн ажлын байрны зараас өөрт тохирсон эсэхийг таньж мэдэх вэ?

  • Ажлаасаа хэрхэн зөв гарах вэ?

    Ажлаасаа хэрхэн зөв гарах вэ?

    Өөр ажилд орж, шинэ сорилтод хүч үзэх гэж байна уу? Эсвэл илүү өндөр цалин, ирээдүйтэй санал ирээд ажиллах орчноо солих бодол төрсөн үү? Аль н ч байсан энэ шийдвэрээ удирдлагадаа хэрхэн яаж хэлэхээ мэдэхгүй, эргэлзэж байна уу?

    Хэрэв тийм бол анхаарлаа хандуулаарай. Ажлаас гарах гэдэг нь хүний мэргэжлийн амьдрал дах чухал үе шатны нэг хэсэг. Энэ нь таныг шинэ боломж руу хөтлөх анхны алхам ч байх тохиолдол бий. Одоо ажиллаж буй байгууллага, хамт олноо хүндэтгэн хүнлэг ёс зүйтэй, зөв арга барилаар ажлаасаа гарах нь таны мэргэжлийн нэр хүнд, ирээдүйн харилцаанд чухал нөлөөтэй байдаг юм шүү. Ингээд энэ үйл явцыг хэрхэн ёс зүйтэй, зөв зохион байгуулах талаар дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

    1. Юуны өмнө шийдвэрээ нухацтай эргэцүүлээрэй

    Ажлаас гарах шийдвэрийг түр зуурын бухимдал, мэдрэмж дээр тулгуурлан гаргах нь тохиромжгүй байдаг. Харин бодит нөхцөл байдал, зорилго, ирээдүйн төлөвлөгөөнд суурилан ухаалаг байдлаар шийдвэрээ гаргах хэрэгтэй. Иймээс шийдвэрээ гаргахаасаа өмнө өөрөөсөө дараах асуултуудыг асууж үзээрэй.

    • Би яг ямар шалтгаанаар ажлаасаа гарах гэж байна вэ?
    • Шинэ санал, шинэ ажил миний урт хугацааны зорилготой нийцэж байна уу?
    • Би энэ шийдвэрт хожим харамсахгүй байж чадах уу?

    2. Шууд удирдлагатайгаа нээлттэй, хүндэтгэлтэй ярилц

    Ажлаасаа гарахаар шийдсэн бол эхлээд шууд удирдлагатайгаа хувийн уулзалт хийж, шалтгаанаа ойлгомжтой, эелдэгээр тайлбарлах нь зүйтэй. “Илүү сайжрах боломж хайж байна”, “Өөр чиглэлд хөгжих сонирхолтой байна”, “Миний хийж туршиж үзэхийг хүсдэг ажил болохоор боломж олдсон дээр нь өөрийгөө дайчилмаар байна” гэх зэрэг эерэг хандлагаар яагаад өөр ажилд орох гэж байгаагаа хуваалцаарай.

    ☝️ Зөвлөмж: Та тухайн байгууллагаас олон зүйлийг сурсан, өөртөө итгэх итгэл, туршлагыг олсон бол энэ талаараа талархал заавал илэрхийлээрэй. Харин шүүмжлэл, гомдлыг энэ ярианд багтаахгүй байх нь зүгээр байдаг шүү. 

    3. Албан ёсны өргөдлөө бэлдээрэй

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтан нь ажлаас гарах бол дор хаяж 14 хоногийн өмнө бичгээр өргөдөл бичиж мэдэгдэх ёстой. Тиймээс таны гаргах өргөдөл нь хугацааны хувьд ч, найруулгын хувьд ч бүрэн, тодорхой байх шаардлагатайг анхаараарай. 

    4. Ажлаа хариуцлагатай хүлээлгэн өг

    Та ямар ч шалтгаанаар ажлаасаа гарч байсан,  ажил үүргийн тайлангаа гаргаж, зохих журмын дагуу хүлээлгэн өгөх нь чухал. Мөн таны ажлыг үргэлжлүүлэх шинэ ажилтанд шаардлагатай мэдээлэл, үүрэг хариуцлагыг ойлгомжтой, дэлгэрэнгүй байдлаар дамжуулах хэрэгтэй. Хэдий энэ нь энгийн мэт боловч, таны ажилдаа хандах хандлага, хэр хариуцлагатай, мэргэжлийн ханддагийг илтгэх чухал шалгуур болдог.

    Нэмж хэлэхэд, ирээдүйн ажил олгогч тань таны талаар өмнөх байгууллагаас лавлагаа авах магадлалтай тул мэргэжлийн харилцаагаа эерэгээр үлдээх нь чухал юмшүү.

    5. Хамт олонтойгоо үдэлтийн баяраа хийгээрэй

    Хамт олондоо сэтгэл гаргаж, эелдэгээр салах ёс хийж, ирээдүйд ч энэ нандин харилцаагаа хадгалахыг эрмэлзээрэй. Нэг үгээр хэлбэл, “bye party- гаа гоё хийгээрэй.”

    • Талархлын зурвас бичих
    • Багахан уулзалт хийж сэтгэгдлээ хуваалцах
    • LinkedIn болон имэйл хаягаараа холбогдож байхаа мэдэгдэх

    “Bye party”-г зүгээр нэг баяр биш, харин дурсамж дүүрэн мэргэжлийн салах ёс гэж хүлээж авч сэтгэлээсээ хандаарай. 

    6. Эцэст нь ирээдүйгээ төлөвлө

    Ажлаас гарах нь төгсгөл биш, харин шинэ эхлэл юм. Тиймээс санхүү, цаг хугацаа, хөгжлийн төлөвлөгөөгөө тодорхой гаргаж, дараагийн алхмаа эртнээс бэлтгээрэй. Шинэ ажил хайх, хувийн бизнес эхлүүлэх эсвэл сурч боловсроход зориулах цаг хугацааг зөв тооцоолох хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. 

    Дүгнэж хэлэхэд:

    Ажлаас гарах нь бүхний төгсгөл биш юмшүү, харин таны амьдралын шинэ эхлэл юм. Гэхдээ нэг хаалга хаахдаа хаалганы цаадах хүмүүсийг хүндэтгэж, харилцаагаа тэнцвэртэй авч гарах нь таны мэргэжлийн нэр хүндэд үнэтэй хөрөнгө оруулалт болно. Хэрвээ та дараагийн хөгжлийн шат руу дэвшихээр төлөвлөж байгаа бол https://lambda.global/ платформоор зочлоорой. Монголын хамгийн шилдэг, ажиллахад таатай байгууллагууд таны ур чадвар, туршлагыг үнэлж, шинэ боломжийн хаалгыг нээхэд бэлэн байна.

  • Хүүхдээ харж буй ээжүүдэд: Орлого олох боломж

    Хүүхдээ харж буй ээжүүдэд: Орлого олох боломж

    Эмэгтэй та гэртээ хүүхдүүдээ асарч, хүмүүжүүлэн, тэдний эрүүл мэнд, боловсролд нь анхаарал тавьж, хайр халамжаа харамгүй зориулж суугаа нэгэн эрхэм ээж бол энэ хариуцлагатай үүргийг биелүүлэхийн зэрэгцээ өөртөө цаг гаргаж, тогтмол нэмэлт орлоготой болохыг хүсэх нь мэдээж. 

    “Гэртээ хүүхдээ харж байгаа болохоор ажиллах боломжгүй” гэж өөрийгөө хязгаарлах шаардлагагүй болсон цаг үе хэдийн иржээ. Орчин үеийн технологи, дижитал шилжилт ээжүүдэд гэрээсээ, уян хатан цагаар ажиллах, орлого олох боломжийг бодитоор нээж өгч байна. Монголд ч энэ боломж сүүлийн жилүүдэд улам бүр нээлттэй болж байгаа юм. Гэсэн хэдий ч зарим ээжүүдэд орлого олох боломжийн тухай мэдээлэл дутмаг, арга замаа хараахан олоогүй байх, хаанаас, хэрхэн эхлэхээ мэдэхгүй байх тохиолдол байна. 

    Баримт ба нөхцөл байдал: 0–5 настай хүүхдээ харж буй эмэгтэйчүүдийн талаас илүү хувь нь албан ёсны хөдөлмөр эрхэлдэггүй гэсэн судалгаа бий. 2024–2025 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 264,818 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан бөгөөд ээжүүд гэрийн ажил болон хүүхдээ асрахад эрэгтэйчүүдээс хоёр дахин их хугацаа зарцуулж байна. Тиймээс энэхүү нөхцөл байдал нь хөдөлмөрийн зах зээлийн оролцоо болон орлого олох боломжийг тодорхой хэмжээнд хязгаарлаж байгаа юм. 

    Бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг бууруулж буй гол хүчин зүйлс: 

    • Хүүхэд асрах үйлчилгээний хүртээмж: Цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний хүртээмж хязгаарлагдмал
    • Нийгмийн хандлага: Эмэгтэйчүүдийг гэртээ хүүхдээ асрах үүрэгтэй гэж үзэх уламжлалт хандлага нь хөдөлмөр эрхлэлтийг бууруулах нэг шалтгаан болж байна
    • Ажлын байрны уян хатан бус нөхцөл: Хүүхэдтэй эмэгтэйчүүдэд зориулсан уян хатан ажлын цаг, алсын зайнаас ажиллах боломж хомс

    Гэхдээ өнөөдөр энэ нөхцөл байдал зарим талаар өөрчлөгдөж эхэлжээ. Хамгийн гол нь боломж бий гэдгийг мэдэх, түүнийгээ хэрхэн ашиглах арга замыг олох нь чухал юм. Тиймээс энэхүү нийтлэлээрээ ээжүүддээ гэртээ хүүхдээ харж байхдаа орлого олох боломжууд, тэдгээрийг хэрхэн эхлүүлж болох тухай мэдээллийг хуваалцаж байгаа юм. 


    1. Ээж бүрийн шинэ “супер чадвар” – Уян хатан цагаар ажиллах 👩‍👧

    Хүүхдээ унтаж, тоглож байхад эсвэл цэцэрлэг дээрээ байх тэр цөөхөн хэдэн цагийг ашиглан бага багаар тогтмол бүтээмжтэй ажиллах боломж ээж бүрд бий. Та өдөрт ердөө 1–2 цагийг өөртөө зориулаад эхэлбэл, 3 сарын дараа тогтмол орлоготой болох суурь тавигдана. Тиймээс бага багаар бүтээлч, үр дүнтэй ажиллах нь ямар ч ээжийн хийж чадах зүйл юм.

    Тухайлбал, өдөрт 2 цагийг орчуулга хийхэд зарцуулбал, сард 200,000–500,000 төгрөгийн нэмэлт орлого олох бүрэн боломжтой. Энэ нь гэр бүлдээ нэмэр болоод зогсохгүй, таны өөрийгөө хөгжүүлэх, амьдралын хэтийн зорилгоо шинэчлэн тодорхойлоход дэмжлэг болох болно. 

    2. Гэрээсээ ажиллах боломжтой ажлууд санал болгоё

    /Мэдээж эдгээрийн зарим нь таны сонирхол, мэргэжил, чадвараас хамаарна/

    • Хэрэглэгчийн үйлчилгээний ажилтан – Чат, утасны дуудлага, цахим шуудангаар хэрэглэгчдэд мэдээлэл өгөх
    • Сошиал медиа хуудас хөтлөх – Жижиг бизнесүүдийн Facebook, Instagram гэх мэт хаяг хөтлөх
    • Гэрээт орчуулагч, редактор 
    • Контент бүтээгч (блог, видео, подкаст гэх мэт)
    • График дизайнер
    • Програм хангамж хөгжүүлэлтийн ажил
    • Онлайнаар хичээл заах (гадаад хэл, математикийн сургалт гэх мэт)
    • Дижитал маркетинг гэх зэрэг ажлууд байж болох юм. 

    3.  Хаанаас эхлэх вэ? 🌐

    Ажил бол зөвхөн орлого олох хэрэгсэл төдий биш таны өөрийгөө илэрхийлэх, хөгжих, бусдад үлгэрлэх хүч билээ. Хүүхдээ асарч, гэр бүлээ дэмжингээ, өөрийгөө орхигдуулалгүй амжилттай ажиллах боломж хүн бүрд бий. Та өөрийн боловсрол, ажлын туршлага, сонирхсон чиглэлийн тухай мэдээллээ lambda -д оруулахад л хангалттай. LAMBDA хиймэл оюун ухаан буюу AI технологиор таны мэдээллийг нарийн уншиж, CV-г ухаалгаар шинэчлэн, хамгийн тохирох ажлын заруудыг танд санал болгох болно.

    Хүүхдээ халамжилж байхдаа ч өөрийгөө хаяж болохгүй. Учир нь ээж байгаад зогсохгүй, хүссэн л бол боломжоо та өөрөө бүтээж чадна. Ингэхийн тулд мэдээлэлтэй, зоригтой, тууштай байхад л хангалттай юм.

    Өөртөө итгэж, өөртөө цаг гарга. Харин LAMBDA таныг дэмжинэ. 

    4. “Би чадна” гэдэг хамгийн чухал алхам

    Аливаа өөрчлөлт, шинэ зүйлийг эхлүүлэхэд эргэлзээ төрж, өөртөө итгэхгүй байх нь хэвийн мэдрэмж юм. Гэхдээ хамгийн чухал нь та өөрийн орлого, карьер өсөлтийн төлөө эерэг алхам хийж буй ээж гэдгээ санаарай. Эхний орлого, талархсан хэрэглэгч, сэтгэл ханамжтай сурагч – энэ бүхэн таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно.

    5. Ирээдүйгээ өөрөө бүтээх боломжийг ашигла 

    Хүүхдээ асарч байх хугацаа бол зөвхөн “гэрт түгжигдэх” үе биш, харин шинэ чадвар эзэмших боломж юм. Түүнчлэн та цахим орчинд бүтээмжтэй ажиллах дадалтай болсноор, хүүхэд тань цэцэрлэг, сургуульд явах тэр үед бүтэн цагаар ажиллах таатай ажлын санал хүлээн авах карьерын шинэ зам нээгдэнэ гэдэгт итгээрэй.

    🟣  Хамгийн үнэ цэнтэй хөрөнгө бол таны ур чадвар, зориг, итгэл юм.


    Онлайн орчинд төвлөрч ажиллах, захиалагчтай зайнаас цахимаар харилцах, ажлынхаа цагийг өөрөө зохицуулдаг ажлууд нь хүүхэдтэйгээ хамт байх төдийгүй гэр бүлдээ гаргах чанартай цагаа хэвээр хадгалах боломжийг танд олгох билээ. 

     Харин “бяцхан төлөвлөгөө” гаргахдаа дараах зүйлсийг анхаараарай:

    • Хүүхэд тань ямар насных вэ? (Хөхүүл, мөлхдөг, тоглодог гээд наснаас хамаарна)
    • Таны мэргэжил, ур чадвар юу вэ?
    • Хүүхдээ харангаа ажиллах үед танд дэмжлэг (гэр бүлийн бусад гишүүдийн туслалцаа) байна уу? гэдгийг харгалзан үзээрэй. 

    Эцэст нь өнөө цагийн ээжүүд зөвхөн гэртээ хүүхдээ харж суух биш, амьдралаа өөрчлөх боломжтой болсон шинэ үе ирсэн байна. Гэрээсээ ажиллах, орлого олох, хувь хүний хөгжлөө дэмжих ухаалаг аргуудыг туршиж эхэлснээр ирээдүйгээ бүтээлчээр өөрчлөх алхамыг та тавьж чадна. Яг одооноос эхэлж, боломжоо эрэлхийлээрэй. 

    Та ажил хайж байгаа бол https://lambda.global/ хаягаар зочлон, талентаар бүртгүүлээд, өөрт тохирох ажлыг олоорой. lambda таны цаг хэмнэн, урам зориг өгөх болно.

    Унших: Та ажил хайж байна уу? Тэгвэл өөртөө итгэхээс эхлээрэй 

    Зарим мэдээллийн сурвалж: 

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт – Хөдөлмөрийн зах зээлийн тойм 2024

    Боловсрол, шинжлэх ухааны яам – Сургуулийн өмнөх боловсролын 2024–2025 оны хичээлийн жилийн статистик тайлан

    mfcc.mn,   cge.gov.mn 

  • Ээлжийн амралтаа хэрхэн авах вэ?

    Ээлжийн амралтаа хэрхэн авах вэ?

    Цонхоор нар мандахыг ажин, өглөөг дэрэн дээр арай удаан угтмаар үе танд байдаг уу? Хэдийгээр ажил амьдралын хэмнэл хурдтай эргэдэг ч — бид ч гэсэн хүн. Бидэнд амсхийх, эрч хүчээ нөхөх, өөрийгөө эргэн харах хугацаа хэрэгтэй. Тиймээс л ээлжийн амралт бол зүгээр нэг хуулийн заалт биш, өөрийгөө нөхөн сэргээх, амьдралаа эргэн харах, зүг чигээ засах чимээгүй зогсоол юм.

    Ээлжийн амралт гэж юу вэ? — Хуулийн үндэслэл

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хууль болон Боловсролын ерөнхий хууль-д ээлжийн амралтын талаар дараах байдлаар заасан байдаг:

    Ерөнхий ажилтнуудад:

    • 15 хоногийн цалинтай ээлжийн амралт жил бүр эдлэх эрхтэй.
    • Амралт эдлэх эрх нь тухайн байгууллагад 6 сараас дээш ажилласан тохиолдолд үүснэ.
    • Амралтыг ажлын жил-ээр тооцдог.

    Багш нарын тусгай зохицуулалт:

    • 33 хоногийн нэмэгдэл амралт эдлэх эрхтэй (Боловсролын тухай хууль, 13.7).
    • Ингэснээр нийт 48 хоногийн амралт багш нарт ногдоно.
    • Эдгээр хоног нь цалинтай, хууль ёсны эрх юм.

    Амралтын бусад онцлог:

    • Амралтыг хэсэгчлэн эдлэх боломжтой. Гэхдээ тасралтгүй 10 ажлын өдрөөс доошгүй байх ёстой.
    • Ээлжийн амралтын цалинг амралтад гарахаас өмнө олгох ёстой бөгөөд тухайн ажилтны ажлын жилийн дундаж цалингаар тооцогдоно.
    • Байгууллага бүрийн дотоод журам өөр байх боломжтой учраас анх ажилд орохдоо тодорхой асуугаарай.

    Хэрхэн цалингаа бодуулж авах вэ?

    1. Төлөвлө — өөртөө зориулах хугацааг товло.
      Амралтын хүсэлтээ бичгээр болон цахимаар гаргахдаа хэдий хугацаанд, хэзээ амрахаа тодорхой хэлж өгөөрэй.
    2. Хүндэтгэлтэйгээр мэдэгд — хамт олонтойгоо харилц.
      Менежер, хамт ажиллагсадтайгаа ярилцаж, ажлын ачаалалд нөлөөлөхгүй байдлаар зохицуулах нь хамтын харилцааг улам бэхжүүлдэг, ингэхдээ зөвхөн хугацаагаа тусгахаас гадна цалингаа бодуулж авна гэдэгээ заавал тусгах ёстой.
    3. Хүлээлгэж өг — ажлаа цэгцтэй үлдээгээрэй.
      Амралтын өмнө үүргээ шилжүүлж, бусдад төвөг учруулахгүй байхаа хичээгээрэй. Үүнээс таны хариуцлага болон соёл илэрдэг.

    Судалгаанаас харахад, Монгол Улсад ажилтнуудын 60% нь ээлжийн амралтаа бүрэн ашиглаж чаддаггүй байна. Үүний гол шалтгаан нь ажлын ачаалал, орлогын бууралт, байгууллагын дотоод журам зэрэгтэй холбоотой байдаг. Энэ нь ажилтны сэтгэлзүй, бүтээмжид сөргөөр нөлөөлдөг тул амралтаа зөв зохион байгуулах нь чухал юм. Амралтыг зүгээр л аялал, хэвтэх хормоор ойлгож болох ч үнэн хэрэгтээ энэ бол сэргэх, өсөх, суралцах боломж юм.

    • Өөрийгөө таньж, дахин эхлэхэд амралт хэрэгтэй.
    • Суралцахдаа хүн илүү зорилготой болдог.
    • Чөлөөтэй байхад бүтээлч байдал дэлбээлдэг.

    Хэрэв та амралтаа илүү ухаалгаар өнгөрүүлэхийг хүсэж байвал lambda.global-ийг туршаад үзээрэй.
    Энэ бол ажил мэргэжлийнхээ хүрээнд шинэ ур чадвар эзэмшиж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой олон улсын дижитал сургалтын орчин юм.

    lambda.global нь хүн бүрд зориулсан:

    • Онлайн сургалтууд
    • Ур чадвар хөгжүүлэлт
    • Карьер зөвлөгөө
    • Шилдэг CV бичих аргачлал гэх мэт контентуудыг санал болгодог.

    Ээлжийн амралт бол хууль ёсны эрх төдийгүй хүний хувьд өөртөө үзүүлэх анхаарал болон хүндэтгэл юм. Ажлын амьдралын дарамт дунд мартагдаж болох ч — Амралт бол өөртөө дахин итгэх, өөрийгөө шинээр харж таних боломж. Амралтаа зүгээр л ав, харин түүнийг утгатай учиртай болгох эсэх нь таны сонголт.

    Эх сурвалж: Боловсролын Ерөнхий Газар
    Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем

  • Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Анхны өдөр гэгээлэг орчин, найрсаг инээмсэглэл дунд угтан авсан шинэ ажил тань хэдхэн долоо хоногийн дараа сэтгэл зовоосон, дарамттай санагдаж эхэлсэн бол яах вэ? Хэрэв та өөрийгөө буруу газар ирчихсэн мэт мэдэрч, саяхан ажилд орсон ч хаа нэг тийш зугтмаар санагдаж байвал — асуудлыг зөвхөн өөрөөсөө бус, харин ажлын орчноосоо нэг сайн харж дүгнэх хэрэгтэй.             

    LinkedIn-ийн 2024 оны “Workplace Trends” судалгаагаар мэргэжилтнүүдийн 63% нь “red flag” буюу анхааруулах дохио мэдрэгдэх үед шинэ ажлын байр хайж эхэлдэг гэжээ.

    Таны ажиллаж буй байгууллагад дараах 7 анхааруулах дохио ажиглагдаж байна уу?

    1.  Ажлын үүрэг тодорхойгүй, байнга өөрчлөгддөг

    Анкет илгээхэд бичсэн ажил үүргээс тэс өөр зүйл хийж байвал, эсвэл өдөр бүр шинэ даалгавар өгч, хариуцлага, чиглэл нь тодорхойгүй байвал энэ нь удирдлагын менежментийн сул тал, ажилтны эрхийг үл хүндэлж буйн хамгийн том илрэл юм.

    2. Илүү цагаар ажиллуулдаг ч нөхөн олговоргүй

    Зарим үед илүү цагаар ажиллах шаардлагатай байж болно. Гэвч энэ нь тогтмол, нөхөн төлбөргүй, зохион байгуулалтгүй бол таны ажил амьдралын тэнцвэр алдагдаж байна гэсэн үг.

    3. Хов жив, дарамт, ялгаварлал давамгайлсан орчин

    Хов жив, ялгаварлал, дарамт шахалт мэдрэгддэг бол энэ нь хортой соёл тогтсоны илрэл. Ийм орчинд бүтээлч байдал, итгэлцэл, хамтын ажиллагаа хөгждөггүй.

    4.  Хүний нөөцийн бодлого сул, ажилтнаа үл ойшоодог

    Гомдол гаргах боломжгүй, санал санаачилга сонсогддоггүй, дүрэм журам ойлгомжгүй бол байгууллага таныг хүн биш “нөөц” гэж үзэж байгаагийн дохио юм.

    5. Шүүмжлэлээр удирдаж “айдас дээр суурилсан” соёл

    Хүн бүр алдаанаасаа суралцаж, илүү сайжирдаг. Алдаанаас суралцах орчин байх ёстой атал ажилтнууд буруудах вий, алдчихвий гэж айж, илүү их стресстэй ажилладаг бол энэ нь урам зориг, бүтээмжид ноцтой сөргөөр нөлөөлдөг.

    6. Байнга шинэ хүмүүс ирж, тогтвортой ажилтан байдаггүй

    Шинэ хүн ирээд удахгүй ажлаа орхидог бол энэ нь байгууллагын соёл, удирдлагын арга барилд ноцтой асуудал байгааг илтгэнэ.

    7.  Таны үнэ цэнийг үгүйсгэж, хөгжих орон зай үгүйсгэдэг

    Хичнээн сайн ажилласан ч үнэлэгддэггүй, итгэл хүлээлгэдэггүй, өсөх боломжгүй бол энэ орчинд таны ирээдүй гэрэлтэй байх магадлал багатай.

    Хэрэв дараах шинжүүдээс 2 буюу түүнээс олон нь танд танил санагдаж байвал та асуудлыг үл тоох бус, өөрийгөө хамгаалах цаг иржээ.

    Тэгвэл одоо би юу хийх хэрэгтэй вэ? 

    • Цалин, туршлагад хууртах бус бодит нөхцөл байдлаа үнэлээрэй.

    • Найдвартай хүний нөөцийн мэргэжилтэн, эсвэл итгэлтэй нэгэнтэй нээлттэй ярилц.

    • Өөрийгөө буруутгах бус, зорилгоо санаж шийдвэр гарга.

    Таныг үнэлдэггүй, байнгын стресс, дарамт үүсгэдэг орчноос холдох зоригтой байгаарай. Та найрсаг, тогтвортой, хөгжих боломжтой орчинд ажиллах боломжтой, үнэ цэнтэй мэргэжилтэн юм шүү.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

     

  • Хэрхэн өөрт тохирсон утга учиртай ажлыг олох вэ?

    Хэрхэн өөрт тохирсон утга учиртай ажлыг олох вэ?

    Өндөр цалин, тогтвортой ажлын байр чухал ч, ихэнх хүмүүс өөрт тохирсон,  зөв зүйл хийж байгаа мэт мэдрэмжийг өгөх, утга учир, хүсэл тэмүүллийг нь өдөөх ажлыг  илүүд үздэг. Гэхдээ яг яаж өөрт тохирсон, утга учиртай санагдах ажил олох вэ?

    Юуны түрүүнд дотоод дуудлага, үнэт зүйл, хүсэл тэмүүллээ ойлгох нь чухал бас түүндээ тулгуурлан ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Ихэнх хүмүүс өөрийн хүсэл тэмүүллээ тодорхой хэмжээнд анзаардаг боловч бодит байдал дээр нөхцөл байдал, цалин хөлс, цаг үеийн тренд зэрэг гадаад хүчин зүйлсээс хамаарч ажлаа сонгодог тул утга учир, хүсэл тэмүүллийг ажлаасаа мэдэрдэггүй. Тэгэхээр өөрт тохирсон, утга учиртай санагдах ажлыг олохын тулд доорх энгийн хэдэн асуултуудын хариултыг өөрөөсөө асууж мэдээд- тухайн хариултуудтай  нийцэх ажил, байгууллагыг хайж олоорой. 

    Юу танд хамгийн чухал вэ гэдгийг мэдэх

    Өөрийн үнэт зүйлсийг ойлгохын тулд  дараах асуултыг өөрөөсөө асуугаарай:

       Би ажил, амьдралдаа юунд хамгийн их үнэ цэн өгдөг вэ?

    Жишээ нь:

    • Эрх чөлөө ба уян хатан байдал
    • Бүтээлч байдал ба өсөн дэвших боломж
    • Тогтвортой байдал, аюулгүй байдал
    • Бусдад туслах, нийгэмд  хувь нэмэр оруулах

    Өөрт хамгийн чухал хүчин зүйлсээ тодорхой мэдэж авснаар цаашид  тохирох ажлаа олох таны “чиглүүлэгч”  болно.

    Хүсэл тэмүүлэл, дотоод дуудлагаа ойлгох

    Хүсэл тэмүүлэл(Passion)-ээ дагах гэдэг нь  үргэлж догдлолтой, амар зүйлийг хийх биш байдаг. Заримдаа, зөвхөн таны хувьд л гүн утга учиртай зүйлийг хэцүү байсан ч хамаагүй хийхийг хэлдэг. 

    Өөрөөсөө дараах асуултуудыг  асуугаарай:

    • Би ямар төрлийн асуудлыг шийдэх дуртай вэ?
    • Ямар ажлыг хийхэд цаг хугацаа нисэн одох мэт санагддаг вэ?
    • Хүүхэд байхдаа хэн ч зааж, зөвлөөгүй байхад юу хийх дуртай байсан бэ?

    Таны хүсэл тэмүүлэл тань анир чимээгүйн дунд өөрийн дотоод хүнээ сонсох үед ирэх болно. Та юуг сайн хийж чаддаг, юунд амжилт гаргаж байгаагаас тань ирэхгүй байж болно. Мэдээж таны чадвар маш чухал ч энэ нь таны хүсэл тэмүүллийг бий болгож ч болно, үгүй ч байж болно. Мөн хүсэл тэмүүлэл гэдэг заавал “нэр үгээр” тодорхойлогдох ажил, зорилго байх ёсгүй ба таны амьдрал, ажилдаа хандах “хандлага” эсвэл “утга учир” өгдөг өдөр тутмын жижиг “үйлдэл” ч байж болно. 

    Байгууллага, ажлын байрыг үнэт зүйл, хүсэлт тэмүүлэлтэй холбох

    Дотоод хүсэл тэмүүллээ ойлгож байгаа бол та ажил хайхдаа өөрөөсөө дараах зүйлсийг асуугаарай:

    •    Энэ байгууллага миний үнэт зүйлсийг дэмжих үү?
    •    Энэ ажил намайг урам зоригтой байлгаж чадах уу?

    Ажил хайж байхдаа, зөвхөн ажлын байрны тодорхойлолтыг бүү хараарай. Тухайн байгууллагын соёл, дотоод уур амьсгал зэргийг ярилцлагын үеэр болон тухайн газарт ажилладаг хүмүүсээс асууж судал. Зөвхөн өндөр цалинд хөтлөгдөлгүй, өөрийн дотоод “хөдөлгөгч хүч”-ийг сонсоорой. 

    Өөрийгөө үнэн бодитоор илэрхийлэх

    Өөрийн түүхийг үнэн бодитоор илэрхийлсэн CV , Сover Letter-тэй байх. Яагаад тэр ажлыг хийхийг хүсэж байгаагаа чинь үнэнээр нь өөрийн үгээр өгүүлэх хэрэгтэй. 

    • Юу таны хөдөлгөх хүч болдог талаар
    • Ямар төрлийн ажил танд амьдарч байгаа мэт мэдрэмж өгдөг талаар
    • Яагаад тухайн байгууллага, ажлын байр танд утга учиртай санагдаж буй талаар

    Ажил олгогчид жинхэнэ “хүсэл тэмүүлэл”-ийг таньж үнэлж чаддаг.

    Эцэст нь:

    Зөв ажил олоход бүх зүйлийг бүрэн ойлгосон байх шаардлагагүй.Өөрийгөө таньж мэдэх, дотоод дуудлагаа сонсох нь цахим ертөнцөөс хэт хамааралтай өнөө үед амаргүй  тул хичээл зүтгэл, цаг хугацаа шаарддаг.

    Олон төрлийн ажлыг туршиж үзэн, өөрийгөө бага багаар таньж мэд. Бүх зүйл тодорхой байх албагүй — гол нь энгийнээр бодож, сэтгэл зүйн хувьд бэлэн, нээлттэй байх нь л чухал.

  • Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Өглөө бүр өнөөх л нэгэн хэвийн уйтгартай, залхсан янзаар ажилдаа арай гэж очиж, өдрийг ямар ч үр бүтээмжгүй өнгөрүүлж байгаа юм биш биз? Бүтэн цагийн ажилтай, орлоготой ч нэг л зүйл болж өгөхгүй, цаанаасаа л ядраад, урам зориг үгүйлэгдээд сэтгэл дундуур байна уу?  

    Хэрвээ та энэ мэдрэмжтэй өдөр бүр нүүр тулж байгаа бол дараах нийтлэлийг анхааралтай уншаарай. Танд хэрэгтэй үнэт зөвлөгөөнүүд энд байна.

    Gallup-ийн 2023 оны олон улсын судалгаагаар дэлхийн хэмжээнд ажилтнуудын зөвхөн 23% нь ажлын байрандаа бүрэн сэтгэл хангалуун байдаг гэж хариулжээ. Харин үлдсэн 77% нь “зүгээр л цалингаа аваад ажиллаж байна” эсвэл бүр “сөрөг сэтгэлтэй ажиллаж байна” гэжээ. 

    ❓ Яагаад ажилдаа сэтгэл ханамжгүй болдог вэ?

    1. Өсөлтгүй орчин

    Нэгэн хэвийн, давтагддаг ажил нь таны бүтээлч сэтгэлгээг бууруулж, улмаар өсөн дэвших боломжгүй мэт мэдрэмж төрүүлдэг.

    2. Удирдлагын арга барил

    Таны гаргасан шинэ санаа, шийдлийг байнга үгүйсгэх, хийж бүтээж байгаа ажлыг тань үнэлдэггүй удирдлагатай бол сэтгэл ханамж буурдаг байна.

    3. Ажлын ачаалал ба цалин

    Хэт их үүрэг хариуцлагатай, олон цаг ажиллаж байгаа ч цалингийн үнэлгээ бага бол сэтгэл ханамжийг үгүй хийдэг.

    4. Зорилгын зөрүү

    Та өөрийн хүсэл, үнэт зүйл, чадварт нийцэхгүй ажил хийж яваа бол ажилдаа ямар ч сэтгэл ханамжгүй, гацсан мэдрэмжтэй, эрч хүчгүй болдог.

    Энэ байдлаас хэрхэн гарах вэ?

    1.  Өөрөөсөө асуу

    • Энэ ажлын юу нь надад таалагддаггүй вэ?
    • Юуг өөрчилбөл илүү сэтгэл ханамжтай байж чадах вэ?

    2. Ажлын орчноо анхааралтай ажигла

    Асуудал ганц танд биш байж мэднэ. Багийн уур амьсгал, удирдлагын хандлага, ажлын зохион байгуулалтыг нэг сайн ажигла.

    3.  Бага багаар өөрчлөлт хий

    Шинэ ур чадвар эзэмших, өөр салбарт судалгаа хийх, эсвэл дотоод шилжилтэд оролцох зэрэг алхамууд таны урам зоригийг сэргээж чадна.

    4. Мэргэжлийн зөвлөгөө аваарай

    Карьер коуч эсвэл HR мэргэжилтэнтэй ярилц. Тэд танд шинэ өнцөг, гарц харуулж чадна.

    5. Гарах шийдвэрийг айдсаар биш, зорилгоор удирдуулах

    Заримдаа ажил солих нь таны эрүүл мэнд, урам зориг, цаашдын амьдралын чанарт хамгийн зөв шийдвэр байх тохиолдол бий.

    Ажилдаа сэтгэл хангалуун байх гэдэг нь цалин, албан тушаалын тухай биш. Энэ нь:

    • Хувь хүний хөгжил
    • Үнэлэмж
    • Харилцаа
    • Орчин
    • Зорилготой ажиллах мэдрэмж гэсэн олон хүчин зүйлтэй гүн холбоотой.

    Хэрэв та  ажилдаа сэтгэл хангалуун бус байвал энэ бол таны сул тал биш харин өөрчлөлтийн цаг ирснийг илтгэх дохио байж мэднэ. Ирээдүйнхээ төлөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт болох өөрийгөө нээж, өөрчлөлт хийх чухал аяллаа  lambda.global-тай хамт эхлүүлээрэй.

  • Карьер завсарлага авах нь айх зүйл биш, харин ч шинээр эхлэх боломж

    Карьер завсарлага авах нь айх зүйл биш, харин ч шинээр эхлэх боломж

    Монголд ажлаас гарна, эсвэл хэсэг хугацаанд “ажилгүй” байна гэдэг нь олон хүний хувьд айдас, ичиж нуух сэдэв шиг санагддаг. “Карьер тасалдах”, “gap гарах” гэдэг үгсийг бид ихэнхдээ сөрөг утгаар ойлгож, нийгмийн зүгээс ч “яасан бэ, ажлаасаа халагдчихсан юм уу?”, “ачааллаа дийлээгүй юм уу?” гэх мэт таамаглал, шүүмжлэл дагуулдаг.

    Гэхдээ дэлхийн карьерын чиг хандлага болон бидний амьдралын эрүүл төлөвшлийг харах өнцөг аль хэдийн өөрчлөгдсөн. Ажлаас түр завсарлах, салбар солих, эрүүл мэнд, амьдралын зорилгоор түр зогсолт хийх нь — ялагдал биш, харин ухамсартай шийдвэр бөгөөд шинэ эхлэлийн эхлэл байж болно. Ахлах сургуулиа төгссөн хүүхдүүд хүртэл жилийн завсарлага авч яг юу хиймээр байгаа дээрээ төвлөрч ирээдүйгээ тайван төлөвлөдөг.

    Бид яагаад ажлын завсарлага (career gap) авдаг вэ?

    • Сэтгэлзүйн ядаргаа (burnout)
    • Гэр бүлийн гэнэтийн асуудал, асаргаа
    • Гадаадад суралцах, амрах
    • Ажлаас халагдах, ажлын байрандаа сэтгэл ханамжгүй болох
    • Шинэ салбарт шилжих шийдвэр гаргах

    Танд чөлөө хэрэгтэй байсан. Та өөрийгөө хамгаалсан. Энэ бол буруу зүйл биш.

    Монголд карьер тасалдах нь яагаад айдас төрүүлэм зүйл вэ?

    • Нийгмийн шахалт: “Ажилгүй хүн гэж юу гэсэн үг вэ?”, “Нас чинь явж байхад…”
    • CV gap-д дүн тавьдаг зарим HR-ууд: “Сүүлд 6 сар ажил хийгээгүй байна?”
    • Өөрийгөө буруутгах хандлага: “Би тийм сайн ажилтан байсан бол өнөөдөр ингэж суугаагүй л байх…”Гэвч энэ хандлага аажмаар өөрчлөгдөж байна.

    2024 онд LinkedIn дэлхийн карьерын трендийг задлан тайлбарлахдаа “Career Break” гэдэг тусдаа салбар нэмсэн. Энэ нь карьерын завсарлагыг ичих биш, тайлбарлаж ойлголцох шаардлагатай зүйл гэдгийг хүлээн зөвшөөрсөн явдал юм.

    Завсарлага авахын эерэг талууд

    1. Сэтгэлзүйн эрүүл мэндийг сэргээдэг
      Өдөр бүр дутуу унтаж, дарамтад ажиллах нь хүнийг ажилтай хэр нь хийсэн ч утга учиргүй мэт мэдрэмж авч эхэлдэг. Завсарлага авах нь таны ачааллыг зохицуулах цорын ганц арга байж мэднэ.
    2. Шинээр сэтгэх, чиглэлээ эргэцүүлэх боломж
      Хүмүүс ихэвчлэн завсарлага авсны дараа л “Би энэ ажлыг анх яагаад хийдэг байлаа?”, “Юунд дуртай билээ?” гэж өөрийгөө шинээр нээдэг.
    3. Ажилдаа сэтгэлтэй буцаж ирдэг
      Хөдөлмөрөө үнэлүүлэхийн тулд заримдаа түр завсарлах хэрэгтэй болдог. Та буцаж ирэхдээ дөвийлгөсөн магтаал биш, харин бодит итгэл, шинэ урам зориг авч ирдэг.

    Хүний нөөцийн менежэрүүд удаан хугацаанд карьер тасалдахад хэрхэн хүлээж авдаг вэ?

    Хэрвээ та ажлын тасалдалаа нуух гэж оролдвол та буруутай мэт сэтгэгдэл төрүүлнэ. Харин үүний оронд дараах байдлаар хандах нь илүү эерэг:

    • CV дээрээ: “2023.08 – 2024.01 – Career Break (Сэтгэлзүйн эрүүл мэндээ дэмжих, өөрийн зорилгоо тодорхойлох хугацаа)”
    • Ярилцлага дээр: “Би тухайн үед ажлын ачаалал, хувийн амьдралын балансаа алдаж байлаа. Тиймээс тодорхой хугацаанд өөрийгөө дэмжиж, дараагийн алхмаа төлөвлөхөөр шийдсэн.”

    Хүний нөөцийн менежэрүүд “юу ч хийгээгүй” хүнийг бус, өөрийгөө таньж, суралцаж, эргэн ирэх зоригтой хүнийг илүү өндөр үнэлдэг болсон.

    Ажил хийгээгүй тасалдсан хугацаагаа эерэг түүх болгон хувиргах 3 алхам

    1. Завсарлага авсан шалтгаанаа ойлгож бич
      “Ядаргаа байсан”, “Буруу салбарт ажилласан”, “Сурах хэрэгтэй байсныг ойлгосон”

    2. Хамгийн их сурсан зүйлээ тодорхойл
      “Удирдлагын ур чадвар”, “Тайван байх арга”, “Сэтгэл зүйгээ хянах чадвар”

    3. Дараагийн алхамдаа ашиглах зорилгоо тодорхойл
      “Миний дараагийн ажил илүү уян хатан, баг дотор ил тод харилцаатай байх хэрэгтэй гэдгийг ойлгосон.”

    Эцэст нь…

    Карьер тасалдах нь амьдрал тасалдаж байна гэсэн үг биш.

    Энэ бол танд өөрийгөө эргээд харах боломж,
    Өөрөөсөө дахин асуух мөч:
    “Би яг юунд дуртай вэ?”
    “Би дараагийн 5 жилийг юу хийж өнгөрөөхийг хүсэж байна вэ?”

    Карьер гэдэг зам шулуун байдаггүй. Заримдаа бид замаасаа гарч байж л өөрийгөө олдог. Тиймээс карьерын завсарлага авч байгаа бол та үүнийгээ гэмшил биш — ялалтаар дүгнэх эрхтэй.

    Хэрвээ та одоогоор дараагийн алхмаа тодорхойлоогүй байгаа бол lambda.global -оор зочлоод, өөрт тохирсон ажлын байр, хөгжих боломжоо олж хараарай. Энэ удаа нухацтай бодож Lambda-тай хамт эхэлье.

     

  • Цалингаас илүү 4 өдөр ажиллах, гэрээсээ ажиллахыг эрхэмлэж байна

    Цалингаас илүү 4 өдөр ажиллах, гэрээсээ ажиллахыг эрхэмлэж байна

    Lambda.Global дээр бид саяхан сонирхолтой судалгаа явуулж, ажил горилогчид болон мэргэжилтнүүд ажилд орохдоо хамгийн их чухалчилдаг ажилчдад зориулсан хангамж болон урамшуулал (employee benefits) юу болохыг тодрууллаа.

    Бидний тавьсан асуулт бол:

    “Та доорх 4 хангамжаас алиныг нь илүүтэй үзэх вэ?”

    Нийт 4900+ хариулт ирсэн. Хариултууд дараах байдлаар байлаа:

    • Цалингаа 20%-аар нэмүүлэх

    • 7 хоногт 4 өдөр ажиллах

    • Чадварлаг удирдлагатай байх

    • Алсаас/гэрээсээ ажиллах

    Судалгааны үр дүн (LinkedIn + Facebook нийлбэрээр):

    • 7 хоногт 4 өдөр ажиллах — 36% (LinkedIn 38%, Facebook 34%)

    • Алсаас/гэрээсээ ажиллах — 30% (LinkedIn 25%, Facebook 35%)

    • Цалингаа 20%-аар нэмүүлэх — 20% (LinkedIn 18%, Facebook 22%)

    • Чадварлаг удирдлагатай болох — 14% (LinkedIn 19%, Facebook 9%)

    Гол дүгнэлт:

    Эдгээр үр дүнгээс харахад ажлын уян хатан байдал хамгийн чухал хангамж болж байна. Цалингийн нэмэгдлээс илүүтэйгээр, хүмүүс ажлын цагийн хуваарь болон ажиллах орчны уян хатан байдалд илүү анхаарч байгаа нь тодорхой байна.

    • 4 өдөр ажиллах хүсэл: Монголын залуус ажлын ба амралтын тэнцвэрийг эрхэмлэх болсон байна.

    • Алсаас ажиллах хүсэл: Гэрээсээ эсвэл дурын газраас ажиллах боломж нь ажилтнуудын хувьд маш том давуу тал болж байна.

    • Цалин: Мэдээж цалин өсөх нь чухал ч, амьдралын чанарыг сайжруулах боломжуудыг мөн өндөр үнэлж байна.

    • Удирдлагын чанар: Чадварлаг удирдагчтай хамтран ажиллах хүсэл бага хувийг эзэлсэн ч, энэ нь байгууллагын соёл болон хөгжлийн хувьд орхигдуулж болохгүй зүйл юм.

    Яагаад энэ мэдээлэл чухал вэ?

    Компаниуд хүний нөөцийн бодлогоо шинэчлэхдээ зөвхөн цалин нэмэхэд анхаарах бус, уян хатан ажлын нөхцөл бий болгох хэрэгтэй болжээ. Remote work, hybrid work, 4-day work week зэрэг загварууд Монголын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй болж эхэлж байна.

    Мөн шинэ үеийн мэргэжилтнүүдийн хувьд амьдрал-ажлын баланс, сэтгэл ханамж нь цалингийн нэмэгдлээс ч илүү чухалд тооцогдож байна.