Author: Unuruu Ts

  • Төрсний дараах сэтгэлзүй ба ажил эрхлэлт

    Төрсний дараах сэтгэлзүй ба ажил эрхлэлт

    Төрсний дараах сэтгэлзүй ба ажил эрхлэлт

    Хүүхэд төрсний дараа эмэгтэйчүүд зөвхөн бие махбодийн төдийгүй сэтгэл зүйн хувьд ч томоохон сорилтуудтай тулгарч эхэлдэг. Энэ шинэ амьдралтай зэрэгцэн төрсний дараах сэтгэл зүйн хямрал, гэр бүлийн дэмжлэг, санхүүгийн байдал, хүүхдийн эрүүл мэнд, ажил эрхлэлт, тогтмол орлого тасалдах гэх мэт нь сэтгэл зүйн эрүүл мэндэд нөлөөлдөг билээ.

    Төрсний дараах сэтгэл зүйн хямрал гэж юу вэ? 

    Төрсний дараах сэтгэл зүйн хямрал нь хүүхэд төрсний дараа эмэгтэйчүүдэд тохиолддог сэтгэл зүйн эмгэгийн нэг төрөл юм. Гол шинжүүд: гуниглах, сэтгэлээр унах, нойргүйдэл эсвэл хэт их унтах, хоолны дуршил алдагдах, ядрах, өөрийгөө буруутгах мэдрэмж төрөх, анхаарлаа төвлөрүүлэхэд хүндрэлтэй байх, уйлах, сэтгэл түгших зэрэг багтана.

    Энэ хямралын гол шалтгаан нь:

    • Гормоны эрс өөрчлөлт

    • Нойргүйдэл, ядаргаа

    • Орлогогүй байдал

    • Хүүхэд асрах зардлын нэмэгдэл

    • Өөртөө итгэлгүй байдал

    • Нийгмийн шүүмжлэл, ганцаардал

    Тухайлбал, ганц бие болон бага орлоготой эхчүүд сэтгэлзүйн хямралд өртөх магадлал өндөртэй байдаг.

    Ээжүүдэд тулгардаг нийтлэг бэрхшээлүүдийг дурдвал:

    Хүүхдээ харах хүнгүй байх
    Цэцэрлэг, ясли хүрэлцээгүй, эсвэл хувийн асаргааны төлбөр өндөр байх.

    Өөрийгөө үнэлэх үнэлэмж буурах
    Карьер, ажил мэргэжлээс хоцорч байгаа мэт мэдрэмж төрөх.

    Уян хатан бус ажлын цагийн хуваарь
    09:00–18:00 ажлын цаг нь бага насны хүүхэдтэй ээжүүдэд тохиромжгүй байдаг.

    Нийгмийн хандлага, шүүмжлэл
    Хүүхдээ орхиод ажилд явахдаа гэмших мэдрэмж төрөх.

    Мөн түүнчлэн ээжүүдэд нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмж төрөх нь элбэг бөгөөд ядаргаа, анхаарал төвлөрөхгүй байх зэрэг шинж тэмдгүүд нь ажлын бүтээмжийг бууруулдаг талтай. Зарим эхчүүд хүүхдээ гэртээ орхиод ажил дээрээ байх хугацаандаа хүүхдэдээ санаа зовж улмаар энэ нь сэтгэл зүйн тогтворгүй байдлыг улам нэмэгдүүлдэг.

    Ээжүүд энэ байдлыг хэрхэн даван туулж болох вэ?

    Юуны түрүүнд гэр бүлийн бусад гишүүд болон найз нөхөдтэйгээ нээлттэй ярилцах, боломжтой бол мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө авах нь сэтгэл заслын хувьд болон зөв шийдвэр гаргахад чухал алхам болох юм. Мөн гэрээсээ уян хатан цагийн хуваарьтай ажил хийх боломжууд (график дизайн, контент бүтээх, онлайн багш, онлайн худалдаа, орчуулга зэрэг) нь эхчүүдэд сэтгэлзүйн тайвшрал, тодорхой хэмжээний орлого олох боломжийг олгох юм.

    Гэр бүлийн дэмжлэг нь ээжүүдийн хамгийн чухал тулгуур

    Гэр бүлийн дэмжлэг нь хүүхэд асрах цагийг хуваах, туслах хүн хөлслөх, ажил эхлэхээс өмнө үүрэг хариуцлагаа ойлголцох зэргээр ажлын болон гэр бүлийн амьдралын тэнцвэрийг хадгалахад тустай. Мөн богино хугацааны онлайн сургалтууд, хэлний курс, фриланс платформ ашиглалт зэргээр мэдлэг чадвар, мэргэжлээ сэргээж, дээшлүүлснээр өөртөө итгэх итгэл нэмэгдэж, цалин болон ажлын нөхцөлөө илүү үр дүнтэйгээр хэлэлцэх боломжтой болдог.

    Төрсний дараах сэтгэлзүйн хямрал бол нийтлэг тулгардаг асуудал бөгөөд ажилдаа эргэн орох шийдвэр нь ээж бүрээс зориг, итгэл, эргэн тойрны хүмүүсийн дэмжлэг зэргийг шаарддаг. Сүүлийн жилүүдэд уян хатан ажлын байрууд нэмэгдэж, олон ээж онлайн орлого олох боломжуудыг ашиглаж эхэлж байна. Та өөртөө итгэлтэйгээр шинэ алхам хийж, сэтгэлзүй, санхүүгийн тэнцвэрийг бий болгож чадна.

    Та ажил хайж байна уу?

    https://lambda.global/ хаягаар зочлон, Talent платформ дээр өөрийн мэдээллийг бүртгүүлээрэй. Танд тохирсон уян хатан ажлын байруудыг хайж, гэрээсээ ажиллах боломж бүрдүүлээрэй. Lambda таны цагийг хэмнэж, урам зориг өгнө.

    Төстэй нийтлэл: 

    Хүүхдээ харж буй ээжүүдэд: Орлого олох боломж

  • Компаниуд яагаад амлалтдаа хүрдэггүй вэ?

    Компаниуд яагаад амлалтдаа хүрдэггүй вэ?

    Сургуулиа төгсөөд мэргэжлээрээ ажил хайж эхэлсэн залуу мэргэжилтний анхаарлыг ажлын зар дээр тавигдсан “Цалин өндөр, ажлын орчин таатай, өсөн дэвжих боломжтой” гэсэн мэдээлэл илүүтэй татжээ. Танилцуулгаа илгээн улмаар ярилцлага ч амжилттай болж, хүний нөөцийн ажилтан нь: “Манайд залуу хүмүүсийн карьер хурдан өсдөг,  уян хатан цагийн хуваарьтай. Бид 6 сарын дараа цалинг чинь нэмнэ” гэж анх хэлжээ. Гэвч гурван сар хүрэхэд л урам хугарч, сэтгэлээр унаж эхэлсэн бөгөөд хагас жил болоод цалин нэмэгдээгүйгээр барахгүй илүү цагаар ажиллах нь хэвийн зүйл мэт байв. Мөн ажлын орчин нь мөн хэл ам, дарамт ихтэй байлаа. Ажилд орох үед амласан бүхэн алга болчихсон мэт л. Танил дүр зураг биш гэж үү? 

    Ажил горилогчийн хувьд найдвартай байдал, шударга харилцаа, бодит боломж хамгийн чухал байдаг. Гэвч амлалтад нь итгээд ажилд орсон олон хүн үүний дараа бодит байдалтай тулгарч, сэтгэл гонсгор үлддэг нь нууц биш. Ер нь “Анх бол тэгж амлаагүй дээ…” гэж хэлдэг газрууд цөөнгүй. Энэ мэтчилэн зарим байгууллагууд ажилтан татахын тулд амлалт өгдөг ч, түүнийгээ бодит байдалд хэрэгжүүлэхэд бэлэн биш байдгийн учир юу вэ?

    Амлалт өгсөн ч хэрэгжүүлдэггүй зарим шалтгаанууд: 

    1. Хэт гоё сурталчилгаатай зар 

    Ажлын байрны зар заримдаа “хөөрөгдөж” бичигддэг. “Уян хатан цагийн хуваарь, найрсаг хамт олон, карьер өсөлт” гэх мэт уриа үгс үнэнд нийцэхгүй байж болно.

    2. Дунд шатны удирдлагын үл ойлголцол

    Хүний нөөцийн амлалт бодит амьдралд хэрэгжихгүй байх нь олонтоо. Шууд удирдлага амлалтыг дэмжихгүй тохиолдол байдаг учраас ажилтнууд сэтгэл дундуур болдог.

    3. Тодорхой бус ажлын зар

    “Идэвхтэй хүн хайж байна” гэхээс илүүтэй, тодорхой ажлын цар хүрээ, нарийн шаардлагууд, зорилго, KPI зэрэг мэдээлэлтэй зар илүү шударга, ойлгомжтой байдаг.

    4. Түр зуурын хэрэгцээ, тогтворгүй бодлого

    Зарим байгууллага яаралтай ажилтан авах шаардлага үүссэн үедээ сайхан амлалт өгч, дараа нь мартдаг. “Түр л ингэж ажиллаарай” гэдэг үгс цаашдаа тогтмол ачаалал болоход хүргэнэ.

    5. Ажил горилогчийн зүгээс хэт өндөр хүлээлт

    Хувь хүний хүлээлт хэтэрхий өөдрөг байх тохиолдол ч бий. Заримдаа “карьер өснө” гэдэг нь шууд өсөж дэвшинэ гэсэн үг биш. Ярилцлагын үеийн үгсийг бодитоор ойлгох хэрэгтэй болдог.

    Та дараах асуултуудыг юун түрүүнд байгууллагаас асуугаарай

    • Амласан зүйлс бичгээр баталгаажих уу?

    • Цалин, урамшуулал ямар шалгуураар, хэдийд нэмэгддэг вэ?

    • Тухайн албан тушаалд өмнө нь ажиллаж байсан хүн яагаад гарсан бэ?

    • KPI болон амжилтыг хэрхэн хэмждэг вэ?

    Мэдээлэлтэй бай

    Google, Facebook, LinkedIn зэрэг платформ дээр тухайн байгууллагын талаарх мэдээлэл үнэлгээ, сэтгэгдлийг унших буюу аль болох ажлын орчин, хамт олны хандлага, бодит байдлыг урьдчилан олж мэдэхийг хичээгээрэй. Хэрвээ бүр боломжтой бол тухайн байгууллагад ажиллаж буй хүнээс сэтгэгдэл, туршлагыг нь сонс.

    Цалин, урамшуулал, карьерийн өсөлтийн талаар бичгээр баталгаажуулах нь таны эрх бөгөөд компанийг төлөөлсөн ажилтны хэлж буй үгнээс илүү хэрэгжүүлж буй үйлдэл нь бодит үнэлгээ болно. Ажлын байраа сонгохдоо сэтгэл хөдлөл, сайхан амлалтад бус, бодит мэдээлэлд тулгуурлаж шийдвэр гаргах нь хамгийн ухаалаг алхам юм.

    Тиймээс LAMBDA танд бодит мэдээлэлтэй, итгэл даах байгууллагын ажлын заруудыг нэг дороос санал болгож, өөрийн эрх ашгаа хамгаалж, үнэ цэнтэй сонголт хийхэд тань тусална.

  • Ажил амьдралын тэнцвэр: Амжилтаас илүү үнэ цэнтэй зүйлс

    Ажил амьдралын тэнцвэр: Амжилтаас илүү үнэ цэнтэй зүйлс

    Орчин үеийн амьдралын хурдтай хэмнэл, үүрэг хариуцлагын дунд бид үргэлж урагш тэмүүлж, амжилт, зорилгодоо төвлөрсөөр байна. Гэвч хамгийн үнэ цэнтэй зүйлс бол өөртөө болон хайртай хүмүүсээ, гэр бүлдээ зориулах цаг юм. Заримдаа ажлын ачаалал, олон үүрэг даалгавар дунд нэг орой хамтдаа хооллох, дотнын хүмүүстэйгээ уулзах нэг цаг ч үнэтэй, ховордсон мэт санагдах үе олонтаа тохиолддог. Бид нэгэнтэйгээ таархаараа хамгийн түрүүнд Амьдрал сайн уу? биш харин Ажил сайн уу? гэж асуудаг.

    Гэвч бодож үзвэл, амьдралын жинхэнэ утга учир нь албан тушаал, цалин хөлсөөс илүүтэй биднийг ойлгож, дэмжиж, хайрлаж буй хүмүүсийн дэргэд байдаг. Тиймээс амьдралын хэмнэлээ зөөллөн, гэр бүлдээ, өөртөө илүү цаг зарцуулахыг хичээнэ гэдэг нь зүгээр нэг чөлөө авах биш, харин өөрийгөө дахин олж, сэтгэлээ амар амгалан болгож, жинхэнэ аз жаргалыг бүтээх урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Эцсийн эцэст амьдралын үнэ цэнэ бол бидний хажууд үргэлж байдаг хүмүүсийн анхаарал халамж, дулаан харцанд оршдог гэдгийг мартаж болохгүй билээ.

    Цагийн менежмент буюу бүх зүйл төлөвлөлтөөс эхэлнэ 

    Өдөр тутмын ажлаа ухаалгаар төлөвлөж, тэнцвэртэй хуваарилж сурах нь амьдралыг хөнгөвчилж, стрессийг бууруулахад чухал нөлөөтэй. Өдрийг тодорхой төлөвлөгөөтэй угтсанаар юу хийх вэ хэмээн санаа зовохгүйгээр үр дүнтэй эхлүүлж чадна. Мөн гэр бүлдээ зориулах цагийг тогтмол гаргах нь амьдралд дулаан уур амьсгал нэмнэ. Тухайлбал, оройн 7-9 цагийг утсаа хол тавиад, зөвхөн гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлэх гэр бүлийн цаг болгоорой.

    Харин амралтын өдрүүдийг бүр ажлаас ангид байлгаж, ажилдаа санаа зовж, и-мэйлээ шалгахын оронд байгальд зугаалах, гэр бүлийн хамт ямар үйл ажиллагаа төлөвлөн жинхэнэ утгаар нь амрахыг хичээх хэрэгтэй юм.

    Өөрийгөө марталгүй хайрлаж байх нь бас чухал

    Өөрийгөө анхаарч, сэтгэл зүйн тэнцвэрээ хадгалах нь бүх зүйлд эерэгээр нөлөөлдөг. Ингэхийн тулд та дараах бяцхан зөвлөгөөтэй танилцаарай.

    • Өдөрт хамгийн багадаа 30 минутыг зөвхөн өөртөө зориулах: Ном унших, кофе ууж суух, дуртай дуугаа сонсох гэх мэт.

    • Энгийн мэт боловч эрүүл амьдралын үндэс нь чанартай нойр авах, эрүүл хооллох зуршлууд байдаг.

    • Хобби, сонирхлоо хөгжүүлэх замаар стрессээ бууруулж, сэтгэл санаагаа сэргээгээрэй.

    Харилцан ойлголцол болон дэмжлэг 

    Гэр бүл гэдэг хамтын аялал бөгөөд энэ замд учрах ачаалал, урам хугаралт, баяр баяслыг хамтдаа туулж, хуваалцаж чадвал харилцаа улам бат бөх болдог. Хариуцлагыг тэнцвэртэй хуваах, жишээлбэл хоол хийх, хүүхэд асрах, санхүүгийн шийдвэр гаргах зэрэгт хамтдаа оролцох нь бие биенээ ойлгож, дэмжих сэтгэлийг нэмэгдүүлдэг. Мөн нээлттэй ярилцаж сурах нь сэтгэлээ хуваалцах үндэс болдог учиртай.

    “Юу мэдэрч байна?”, “Яаж туслах вэ?” гэх энгийн асуултууд ч тухайн хүний сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих чухал түлхүүр байж чадна. Үүнээс гадна өдөр тутмын амьдралд “баярлалаа” гэх талархлын үгийг байнга хэрэглэж хэвших нь жижиг зүйлсийг ч үнэ цэнтэй болгож, хайр, хүндлэлийг улам бэхжүүлдэг.

    Танд амралтаас илүү өөрчлөлт хэрэгтэй

    Сүүлийн үед ажил тань урамгүй санагдаж, өглөө сэрэхэд ч таатай биш санагдаж байна уу? Тэгвэл энэ нь “burnout” буюу ажлаас халшрах хам шинж/мэргэжлийн ядаргааны нэг дохио байж магадгүй.

    Burnout нь зөвхөн биеийн ядаргаа төдий биш бөгөөд сэтгэл зүй, оюун санааны ядаргаа юм. Burnout-ын үед хүн бие махбодь туйлдаж, хийж буй бүхэн утгагүй мэт санагдан, сэтгэл санаа тогтворгүй болж, бүтээлч байдал нь буурч мөн хүмүүстэй харилцахаас зайлсхийдэг. Хэрвээ энэ байдал удаан үргэлжилвэл сэтгэл гутрал, нойрны хэм алдагдах, тогтворгүй сэтгэл зүй, цаашлаад бие махбодын өвчлөл ч бий болох аюултай юм.

    Тэгвэл яах хэрэгтэй вэ? 

    1. Түр зуур ажлаа хойш тавь. 1-2 хоног өөрийгөө тусгаарлаж, юу ч хийхгүй байхыг өөртөө зөвшөөр.

    2. Хуваалц, бүү дотроо хадгал. Найз нөхөд, гэр бүлдээ мэдрэмжээ ярь. Ядарч байгаагаа хэлж илэрхийлэх нь заримдаа өөрчлөлтийн эхлэл болдог.

    3. Шинэ хобби эхлүүлэх, буюу өөр ур чадварууд сурах нь сэтгэл санааг сэргээнэ.

    4. Иог, алхалт, амьсгалын дасгал зэрэг нь бие махбодоор дамжуулж сэтгэл зүйг мөн тайвшруулдаг.

    5. Шинэ замналыг тунгаах мөч. Заримдаа ажлаас халшрах хам шинж нь амьдралын дараагийн шат руу шилжих цаг болжээ гэсэн дохио байдаг. Ажлаа солих, чиглэлээ өөрчлөх, эсвэл түр завсарлага авах нь зугтах биш өөрийгөө хайрлах төдийгүй эерэг өөрчлөлт хийх алхам болохыг үгүйсгэхгүй юм.

    Монголын залуусын дунд “burnout” нэмэгдсээр байна. Сэтгэл зүйн эрүүл мэндээ тэнцвэртэй байлгахын тулд түр ч гэсэн амсхийж, өөртөө анхаарах нь сул дорой байдал биш харин ч ухаалаг, зоримог шийдвэр байх болно. Амрах эрх, өөрийгөө эргэн таних боломж, амьдралынхаа утга учрыг шинээр тодорхойлох боломжийг өөртөө олгоорой.

    Ажил амьдралын тэнцвэр гэдэг нь зөвхөн карьерт амжилт гаргах биш, эрүүл бие, тогтвортой сэтгэл зүй, аз жаргалтай амьдралын үндэс билээ.

     LAMBDA Burnout-ын тест    та өөрийгөө шалгаж үзээд, одоогийн мэдрэмждээ дүгнэлт хийгээрэй. 

  • Сайн менежмент ба тогтвортой ажлын байр

    Сайн менежмент ба тогтвортой ажлын байр

    Сүүлийн үед хөдөлмөрийн зах зээл дээр ажил идэвхтэй хайж буй залуучууд зөвхөн цалин, албан тушаалаар бус, тухайн байгууллагын ажиллах орчин, карьерийн өсөлтийн боломж, удирдлагын хандлага зэрэгт илүү их анхаарал хандуулдаг болжээ. Энэхүү өөрчлөлт нь ажил олгогчдод өөрсдийн компанийн ажлын орчны чанарыг дахин нэг удаа эргэцүүлэн харж, сайжруулах шаардлагыг бий болгож байна. Учир нь эдгээр хүчин зүйлс нь ажилтан тухайн байгууллагад удаан хугацаанд тогтвортой ажиллах эсэхэд хамгийн гол нөлөө үзүүлдэг болсон юм.

    Ажлын орчны уур амьсгал яагаад чухал вэ?

    Ажил хайж эхлэх үед “Ямар ажлын байр вэ?”, “Цалин нь хэд бол?” гэж асуудаг ч бүгд л тухтай уур амьсгал, харилцан ойлголцол, өсөж хөгжих боломжийг чухалчилдаг билээ. Энэ нь зөвхөн ажилтны хичээл зүтгэлээр бус, компанийн удирдлага, менежментийн соёлоос шууд хамаардаг.

    Шинэ ажилд ороход хамгийн түрүүнд мэдрэгддэг зүйл бол шууд удирдлагын хандлага байдаг. Таны удирдлага танд итгэдэг үү? Алдаа гаргавал уурлахын оронд чиглүүлж чадаж байна уу? Сайн ажилласныг тань сэтгэлээсээ үнэлж хэлдэг үү? Хэрэв эдгээр асуултын хариулт “тийм” бол та сэтгэл хангалуун ажиллах орчинд байна гэсэн үг. Харин “үгүй” бол яаж ч хичээгээд нэг л дутуу, сэтгэл дундуур мэдрэмж авсаар яваандаа урам зориггүй болдог.

    Сайн менежментийн гол шинжүүд

    Сайн менежмент гэдэг нь зөвхөн ажлыг төлөвлөх чадвар төдий биш харин итгэлцэл бий болгож, тухайн хүнээ ойлгож, хүндэтгэх ур чадвар юм. Ил тод, шударга байдал, ойлгомжтой үүрэг даалгавар өгөх, асуудал тулгарвал буруутгах бус хамтдаа шийдвэрлэх, ажилтныг “ажилтан” гэхээс илүү хүн талаас нь хүндэтгэх хандлага зэрэг нь сайн менежментийн үндэс суурь болдог. Ийм орчинд ажиллаж байгаа хүн өглөө сэрээд “Өнөөдөр бас л ажил…” гэж бухимдах бус, “Өнөөдөр нэг шинэ зүйл сурна даа” хэмээн урам зоригтойгоор өдрийг эхлүүлдэг байна.

    Ажлын уур амьсгал ч бас чухал

    Зарим хүн өндөр цалинтай ч ажлаа дургүй, стресстэй хийдэг бол, зарим нь арай бага цалинтай ч сэтгэл хангалуун, урам зоригтой бүтээмжтэй ажилладаг. Үүний үндсэн шалтгаан нь ажлын орчны уур амьсгалтай шууд холбоотой юм. Та ажил дээрээ санаа бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаг уу? Алдаа гаргавал буруутгах бус, хамтдаа засч залруулдаг уу? Өөрийнхөөрөө байж, тайван тогтвортой сэтгэл зүйтэйгээр ажиллах боломж танд бий юу? Иймээс ажлын уур амьсгал хамгийн үнэ цэнтэй зүйл байж мэднэ.

    Ажилтны тогтвортой байдалд дараах зүйлс нөлөөлдөг 

    Сайн менежменттэй байгууллага
    Ажилтнууд удирдлагын хандлагыг хамгийн их үнэлдэг. Ил тод, шударга, дэмждэг удирдлага нь ажилтанд өөрийгөө үнэлэгдэж байна гэж мэдрүүлдэг. Энэ мэдрэмж нь ажлаа удаан хугацаанд хийхэд чухал нөлөөтэй.

    Карьер хөгжлийн бодит боломж
    Хүмүүс урт хугацаанд ажиллахдаа ур чадвараа хөгжүүлж, тушаал дэвшихийг хүсдэг. Энэ нь зөвхөн сургалт семинартай хязгаарлагдахгүй. Дотоод шат ахих боломж, менторшип, дасан зохицох хөтөлбөр гэх мэт олон хэлбэртэй байж болно.

    Тав тухтай, уян хатан ажлын нөхцөл
    Орчин үеийн ажилтнууд уян хатан цагийн хуваарь, алсын зайнаас ажиллах боломж, эрүүл аюулгүй орчин зэрэгт илүү ач холбогдол өгдөг болсон. Энэ нь ажил, амьдралын тэнцвэрийг хадгалахад чухал нөлөөтэй.

    Карьер хөгжил бол тухайн ажилтны үндсэн хэрэгцээ

    Илүү ихийг хийж чадна гэсэн дуу хоолой хүн бүрийн дотор бий. Байгууллага энэ дотоод итгэлд итгэж, хөгжих боломж олговол Би энд үнэлэгдэж байна, өсөж дэвшинэ гэж бодогддог. Харин тийм мэдрэмж төрүүлэхгүй бол ямар ч өндөр цалинтай байлаа ч хүн удаан тогтохгүй байх магадлалтай.

    Ажил хайгчдад зориулсан зөвлөмж: Ажлаа зөв сонгох асуултууд

    Ажил хайж байх үед та дараах асуултыг өөрөөсөө асууж үзээрэй. – Шууд удирдлага ямар хүн бэ? Ажлын уур амьсгал таалагдаж байна уу? Өөрийгөө хөгжүүлэх, ур чадвараа нэмэгдүүлэх боломжтой юу? мөн энэ байгууллагад ажиллахдаа өөрийгөө үнэ цэнтэй, үнэлэгдэж буй мэт мэдэрч чадах уу?.  Эдгээр асуултын хариулт бол таны ажлын сэтгэл ханамж, урт хугацаанд тогтвортой ажиллах шийдвэрт шууд нөлөөлдөг хамгийн чухал хүчин зүйлс юм. Цалин хангамж бол түр хугацааны урамшуулал байж болох ч, тухайн орчинд өөрийгөө хөгжүүлж, үнэлэгдэж, итгэлтэйгээр ажиллах мэдрэмж нь илүү удаан хугацааны үнэ цэнэ бий болгодог.

    Ажилтнууд яагаад ажлаасаа гардаг вэ?

    Хүнийн нөөцийн зарим судалгаанаас харахад, ажилтнуудын 70%-иас дээш хувь нь удирдлагатай холбоотой асуудлаас болж ажлаасаа гарах шийдвэр гаргадаг байна. Хэт их ачаалал, тодорхойгүй үүрэг даалгавар, байнгын дарамт, хувь хүний хөгжлийг үл тоомсорлох, харилцааны доголдол зэрэг нь ажилтны сэтгэл зүйд хүчтэй нөлөөлдөг. Харин эсрэгээрээ, сайн менежменттэй байгууллагууд ил тод, шударга харилцаж, ажлыг зөв хуваарилж, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэхээс гадна амжилтыг хамтдаа тэмдэглэж, алдааг шийтгэх бус, хамтдаа засах хандлагатай байдаг. Ийм орчинд ажиллаж буй хүн өөрийгөө үнэлэгдэж, ойлгогдож байгаа мэт мэдэрч, ажлын байрандаа сэтгэл ханамжтайгаар, урт хугацаанд үлдэх хүсэл төрдөг. Ажлын орчны уур амьсгал зөвхөн ажлын бүтээмжид биш, хүний сэтгэл зүй, өдөр тутмын амьдралд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг гэдгийг ойлгох нь чухал юм.

    Төгсгөлд нь хэлэхэд сайн менежмент гэдэг нь хамтдаа шийдэл хайдаг, амжилтыг хамтдаа хуваалцдаг хандлага юм. Ийм орчинд ажиллаж байгаа хүмүүс өглөө бүрийг урамтай эхлүүлдэг. Ажил бол бидний амьдралын ихэнх цагаа өнгөрүүлдэг газар. Тиймээс зөвхөн байгууллагын нэр хүнд, цалин хангамжаас гадна “Би энэ газар урам зоригтой ажиллаж чадах уу?” гэж өөрөөсөө асуух хэрэгтэй.

    Хэрвээ та ажил хайж байгаа бол өөрийн үнэ цэнийг мэдэрч, таныг дэмжих менежменттэй байгууллагыг олох болно гэдэгт итгэж байна. Өөрт тохирсон ажлаа эндээс сонгоорой.

    Харин та ажил олгогч бол сайн ажилтныг тогтоон барих хамгийн том нууц бол сайн менежмент гэдгийг санаарай.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай. 

  • Ажилтнаа үнэлдэггүй байгууллагын нийтлэг шинж

    Ажилтнаа үнэлдэггүй байгууллагын нийтлэг шинж

    Бүтээмжтэй ажиллана гэдэг тухайн ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндтэй шууд холбоотой байдаг. Тэгэхээр ажил хайж буй талентуудын хувьд хамгийн чухал асуулт бол “Би энэ газар үнэлэгдэх үү?” гэдэг асуулт байх ёстой юм. Харин хэрхэн үнэлэгдэх тухайд цалин цорын ганц шалгуур нь биш бөгөөд Миний чадвар, оролцоо үнэлэгдэж байна уу? Би сонсогдож байна уу? Намайг хүндэлж байна уу? гэдэг л бодит байдалд ажилтны сэтгэл ханамжийг тодорхойлдог билээ.

    Харамсалтай нь, зарим байгууллага эдгээр асуултад эерэгээр хариулж чадахгүй хэвээр байна.Тиймээс та дараах шинжүүдийг анзаарч, ирээдүйн ажил олгогчоо ухаалгаар зөв сонгоорой.

    Ажлын зар нь бүдэг бадаг, мэдээлэл дутмаг байдаг

    Та “Цалин тохиролцоно” гэдэг үгтэй байнга таардаг уу? “Карьер өсөлттэй” гэж биччихээд яг юу гэсэн үг болохыг нь танд тайлбарлахгүй байна уу? Энэ бол тухайн байгууллагын ил тод байдал сул, ажилтнаа татах биш, зүгээр л цоорхой нөхөх ажилтан хайж буй дохио гэдгийг санаарай.

    Ярилцлагад орох үед та хүндлэгдэж байгаа эсэх?

    Та цагтаа очсон ч тэд 20 минут хүлээлгэдэг үү? Таны ур чадварыг сонирхохоос илүү, өмнөх ажлаасаа яагаад гарсныг, хувийн амьдрал, илүү цагаар ажиллах боломжтой эсэх төдийгүй цалингийн түүхийг чинь илүү асууж байна уу? Хэрвээ ярилцлагын эхний 10 минутад танд таатай мэдрэмж төрөөгүй бол энэ бол ирээдүйн харилцааны эхлэл л гэсэн үг.

    Цалингийн мэдээлэл тодорхой бус, өндөр амлалттай

    “Хөдөлмөрийг тань үнэлнэ ээ, даанч эхлээд үр дүн үзүүлээрэй, өөрийгөө харуулаарай” гэж байна уу?”, “Цалин бага ч гэсэн баг гайхалтай” гэж тайвшруулж байна уу? Хэрвээ амлалт нь бодит баримтаар баталгаажаагүй, харин үгээр аргадсан мэт бол цаана нь тогтсон үнэлгээний тогтолцоо байхгүй гэж ойлгоход буруудахгүй.

    Илүү цаг бол дүрэм, харин урамшуулал бол аз 

    Хааяа та ажлын байрнаасаа 21:00 цагт гарч, зарим өдөр үдийн цай ч уух завгүй байдаг уу? Илүү цагаа бүртгүүлж, мөн хуулийн дагуу нэмэгдэл хөлсөө тогтмол авч чаддаггүй юу? Энэ бол ажилтны цаг хугацааг хүндэтгэхгүй байгаагийн шууд илрэл юм. Ажил гэдэг бол амьдралын нэг хэсэг болохоос бүхэлдээ биш билээ.

    Багийн уур амьсгал хүйтэн бас урам зориггүй

    Ажлын эхний өдөртөө хүмүүсийн харцнаас та “Бүү найдаарай” гэж байгаа мэт дохио уншиж байсан уу? Асуух зүйлээ асуухаар очиход “надаас л биш шүү” гэж байгаа мэт мэдрэмж өгдөг үү? Удирдлага нь хэт төвлөрсөн, ажилтнууд хоорондоо үл ойлголцсон байдалтай, байгууллагын соёл байхгүй бол тогтвортой карьерын хөрс биш байх нь. 

    Карьер өсөлт зөвхөн “захиралдаа таалагдвал” гэдэг нөхцөлтэй

    Сургалт, мэргэжлийн хөгжлийн тухай яриа тэр бүр гардаггүй, шинэ санаа гаргасан ч “наадхыг чинь захирал л шийдэх байх” гээд зогсдог уу? Ур чадварын хөгжил, мэргэжлийн өсөлт нь жинхэнэ сайн ажил олгогчийн хариуцлага байдаг. Харин нэг хүний дураар карьер тогтоогдож байвал та ирээдүйд өсөж чадахгүй билээ.

    Ажилтнууд тогтдоггүй, байнга солигддог 

    Ажлын зар сар бүр харагддаг уу? Та хамт олонтойгоо анх танилцах үеэр “өнгөрсөн сард л ирсэн” гэсэн хүмүүс их байсан уу? Энэ нь тухайн байгууллагын ажилтны тогтвор суурьшлын бодлого тааруу, ажлын нөхцөл хүнд эсвэл уур амьсгал ”токсик”, сөрөг хандлагаараа ажилчдаа түлхдэгийг илтгэж байгаа юм.

    Та ийм орчинд ажиллаж байна уу?

    Эсвэл ийм газрыг сонгох гэж байгаа юм биш биз? Ирээдүйгээ үнэлдэг бол өөрийнхөө төлөө эдгээрээс зайлсхийгээрэй.

    Таны хөдөлмөр болон цаг хугацаа хамгийн үнэ цэнтэй зүйл.

    Харин та өөрийгөө хэрхэн үнэлж байна вэ?

    Бид бүгд л тогтмол орлоготой, сурсан зүйлтэй, эрч хүчтэй, идэвхтэй бас жаргалтай амьдрахын тулд өдөр бүр ажилладаг. Ийм учраас ажил нь таныг мохоох биш, харин дэмжиж, урам зориг өгдөг газар байх ёстой. Хэрвээ таны ирээдүйн болон одоогийн ажлын байранд эдгээр шинжүүд давамгайлж байгаа бол дахин бодоорой. Хүндлэлгүй газар хөдөлмөр цэцэглэдэггүй. Тиймээс та л өөрийгөө хайрлаж чадвал эргэн тойрны дотнын хүмүүс тань ч илүү жаргалтай байх болно.  

    Ийм учраас талент та ажлын ярилцлагын өмнө тухайн байгууллагын сошиал хуудсыг шалгаж, ажилтны сэтгэгдлийг Facebook пост, группуудээс боломжоороо хайх хэрэгтэй. Ярилцлагын үеэр “Компанийн карьер хөгжлийн бодлого юу вэ?” гэх мэт асуух асуултуудыг урьдчилан бэлдэхийг мөн зөвлөж байна.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай! 

    Холбоотой нийтлэл унших бол: Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

  • Тушаал дэвших цаг болсны 7 шинж

    Тушаал дэвших цаг болсны 7 шинж

    Та ажлаа чин сэтгэлээсээ хийж, үнэнчээр зүтгэж байгаа ч танд одоо нэг л гацсан, зогсонги байдалд орсон мэт мэдрэмж төрж байна уу? Хичээж зүтгэсэн жилүүд ард үлдсэн ч, та хуучин байр суурь, ижил хэмжээний цалин, давтагдсан өдөр тутмын ажлынхаа хүрээнд эргэлдсээр байна уу? Хэрэв тийм бол таны дараагийн алхмаа хийх цаг аль хэдийн ирсэн байж мэднэ.

    Карьерын өсөлт гэдэг зүгээр нэг аз таарсан үед тохиолддог зүйл биш. Энэ бол өөрийгөө сонсож, дотоод мэдрэмжээ ойлгож, зоригтой шийдвэр гаргахын нэр юм. Хэрэв доорх шинж тэмдгүүд танд танил санагдаж байвал шинэ ажлын эрэлд гарах эсвэл тушаал дэвших шат руу тэмүүлэхэд хамгийн тохиромжтой үе иржээ гэсэн үг.

    1. Ажилдаа шинэ урам зориг мэдрэхээ больсон уу? 

    Өглөө бүр ажил руугаа очиход сэтгэл тань догдолдог байсан үе ард үлдэж, бүх зүйл нэгэн хэвийн давтагддаг, сэтгэлд хүрэхээ больсон мэт санагдаж байна уу? Энэ бол таны ур чадвар одоогийн албан тушаалдаа хангалттай хүрсэн, цааш ахих шаардлагатай болсны анхны дохио юм.

    2. Таны санал санаачилга үнэлэгддэггүй

    Хурал дээр гаргасан санаа тань хариу дуулаагүй мэт замхарч, бусад нь ч анзаарахгүй өнгөрч байна уу? Ийм орчинд бүтээлч байдал дарагдаж, таныг ахиж хөгжих боломжгүй мэт мэдрэмж төрөх нь хэвийн. Таны үнэ цэнийг мэдэрч, урам өгдөг байгууллага хаа нэгтээ заавал бий гэдэгт эргэлзэх хэрэггүй.

    3. Цалин нэмэх тухай яриа хойшлогдсоор

    Та ажлаа үнэнчээр, үр дүнтэй хийж байхад тань жил бүрийн үнэлгээ амлалтаар өндөрлөөд, цалингийн нэмэгдэл болон урамшуулал хүлээлт болон үлддэг үү? Энэ бол таны хөдөлмөр хангалттай үнэлэгдэхгүй байгаагийн нэг илрэл юм.

    4. Хэт их ачаалал, бага үнэлгээ

    Бараг бүх ажлыг та гүйцэтгэсэн ч, талархал болон амжилтын эзэн нь өөр хүн болдог уу? Энэ тохиолдолд орчин, удирдлага хоёр таны манлайллын үнэ цэнийг анзаарахгүй байж мэднэ.

    5. Хамт ажиллагсад дэвшиж, та л үлдэж байна уу? 

    Хамт олон тань дэвшиж, шинэ боломжууд руу урагшилж байхад таны нэр ярианд ч орж ирэхгүй байвал энэ нь танд биш, харин байгууллагын үнэлгээний тогтолцоонд асуудал байгаа гэдгийг илтгэж болох юм.

    6. Та ур чадвараа бүрэн ашиглаж чаддаггүй

    Том төсөл удирдах, бусдад заах, манлайлах потенциал тань байсаар байтал ажил үүрэг тань хэвэндээ баригдмал хэвээр байна уу? Хэрвээ тийм бол шинэ ажил, өсөлт танд илүү утга учиртай, сорилт дүүрэн зам нээж өгч чадна.

    7. Таны ур чадварт нийцэх ажлууд зах зээлд олон байна 

    Ажлын байрны заруудыг харах бүрд таньд яг тохирох, илүү өндөр цалинтай, сонирхолтой боломжууд үзэгддэг үү? Энэ бол таныг дуудаж байгаагийн дохио юм.

    Хэрвээ дээрхээс 3 ба түүнээс олон шинжүүд танд хамаарч байвал одооноос өөрийнхөө ирээдүйн төлөө дараах алхмуудыг хийх цаг болжээ. Ингэхийн тулд: 

    CV-гээ сайжруулж, шинэ үеийн талент платформд профайлаа нээгээрэй.

    Одоогийн байгууллагадаа тушаал дэвших боломж байгаа эсэхийг тодорхой асууж, саналаа илэрхийлэх.

    Хөдөлмөрийн зах зээл дээрх ажлын заруудыг тогтмол шалгахын зэрэгцээ ажлын ярилцлагад бэлтгэх ур чадвараа сэргээгээрэй.

    Таны ур чадвар, үнэт зүйлсийг үнэлэх шинэ байгууллагыг зоригтойгоор эрэлхийл.

    Карьерын өсөлт таны зөн совингоос эхэлдэг

    Тушаал дэвших эсвэл тохиромжгүй ажлаа солих шийдвэр гаргах нь мэдээж амаргүй. Гэхдээ таны ирээдүйн амжилт, сэтгэл ханамж, хөгжлийн түлхүүр бол энэхүү алхам юм. Хэрвээ таны дотоод зөн “одоо цаг нь болсон” гэж шивнээд байвал түүнийг анхааралтай сонсоорой.

    Шинэ боломжууд таныг LAMBDA дээр хүлээж байна

    Хэрвээ та ажлын байр хайж буй бол LAMBDA платформ дээр Монголын шилдэг компаниудын ажлын зарууд өдөр бүр байршиж байгааг дуулгая. Салбар бүрийн мэргэшсэн талентуудад зориулсан боломж энд л бий.


    Өөрийгөө илүү үнэ цэнтэйгээр харуулах цаг иржээ. Тиймээс та карьерын дараагийн шат руу зоригтойгоор алхаарай.  

  • Ажил сонгохдоо байгууллагын соёлыг чухалчлах нь

    Ажил сонгохдоо байгууллагын соёлыг чухалчлах нь

    Та ажиллах газраа сонгохдоо байгууллагын соёлыг нь хэр чухалчилдаг вэ? 

    Ажлын байр сонгоход зөвхөн цалингийн хэмжээ, албан тушаал биш харин тухайн байгууллагын соёл танд хэр тохирох вэ гэдэг нь маш чухал үзүүлэлт болдог. Байгууллагын соёл гэдэг нь зөвхөн дүрэм журам төдий зүйл биш, харин ажлын уур амьсгал, хүмүүс хоорондын харилцаа, удирдлагын хандлага, ажилтнуудаа хэрхэн дэмждэг тухай цогц ойлголт билээ. Тэр утгаараа тухайн байгууллагын орчинд та өөрийгөө хэр тухтайгаар мэдрэх вэ, тэнд удаан хугацаанд аз жаргалтай, үр бүтээлтэй ажиллаж чадах уу гэдгээр соёл тодорхойлогдоно.

    Хэрэв тухайн компанийн үнэт зүйлс таны бодолтой нийцэхгүй байвал, анхнаасаа л ойлголцохгүй байдал үүсэж, ажлын сэтгэл ханамж бага байх магадлалтай. Тиймээс байгууллагын соёлыг судлахдаа тэдний вэбсайт, сошиал хуудсыг үзэх, одоогийн болон өмнө нь ажиллаж байсан хүмүүсийн сэтгэгдлийг унших, магадгүй танд таньдаг хүн байвал сэтгэгдэл, туршлагыг нь асууж олж мэдэх нь зүйтэй.

    Мөн ярилцлагын үеэр та сонгон шалгаруулалт хариуцсан ажилтнаас “Танай багийн уур амьсгал ямар вэ?”, “Шинэ санаа гаргасан хүнийг хэрхэн дэмждэг вэ?” зэрэг асуултуудыг асуувал тухайн байгууллага таны хувьд тохирох эсэхийг мэдэхэд бага ч гэсэн нөлөөлөх юм. Бид ажил дээрээ амьдралынхаа ихэнх цагаа өнгөрүүлдэг учраас өөрийгөө тухтай, хөгжиж чадна гэж мэдрэх тэр орчныг сонгох нь хамгийн чухал юм шүү. Тиймээс энэ нийтлэлээрээ та бүхэнд энэ тухай мэдээллийг хүргэхээр зорьсон юм.

    Байгууллагын соёлын тухай

    Байгууллагын соёл гэдэг нь байгууллагын доторх ажиллах арга барил, үнэт зүйлс, итгэл үнэмшил, хандлага, харилцаа, зан төлөвийн тогтолцоог илэрхийлдэг ойлголт юм. Энэ нь тухайн байгууллагын үйл ажиллагааг хэрхэн явуулах, ажилтнууд хоорондоо болон хэрэглэгчидтэй хэрхэн харилцах, шийдвэр гаргалт болон асуудал шийдвэрлэх арга хэлбэрүүдээр тодорхойлдог байна. Энгийнээр хэлбэл, “энэ байгууллагад ажилладаг хүмүүс хэрхэн сэтгэж, шийдвэрийг хэрхэн гаргаж, яаж ажилладаг вэ?” гэдэг асуултын хариу юм.

    Байгууллагын соёлын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд:

    Үнэт зүйлс: Байгууллагын эрхэм зорилго, баримтлах зарчим. Жишээ нь: шударга байдал, хариуцлага, багийн ажиллагаа.

    Зан төлөв, хандлага : Ажилтнуудын өдөр тутмын харилцаа, ажиллах хэв маяг.

    Харилцааны хэв маяг: Дээд, дунд, доод шатны менежерүүд болон ажилтнуудын хоорондын харилцаа.

    Удирдлагын хэв маяг : Ерөнхий захирал болон менежментийн багийн манлайлал.

    Ёс зүй ба дүрэм журам: Дотоод журмууд, зан үйлтэй холбоотой хүлээлт.

    Байгууллагын соёл яагаад хэрэгтэй вэ?

    Сайн соёл нь байгууллагын амжилтын суурь болдог. Нэгдүгээрт, ажилтнууд ажлаа утга учиртай, дуртайгаар хийдэг болж, сэтгэл ханамж нэмэгддэг. Хоёрдугаарт, багийн харилцан ойлголцол, итгэлцэл сайжирснаар илүү үр дүнтэй хамтын ажиллагаа бүрддэг. Гуравдугаарт, тогтвортой, бүтээмж өндөртэй хамт олон төлөвшиж, ажилтнууд байгууллагад удаан хугацаагаар үлдэх хандлагатай болдог. Мөн үнэт зүйл, зорилго нэгтэй орчинд шийдвэр гаргалт хурдан, зөв явагддаг нь байгууллагын үр ашигт эерэгээр нөлөөлдөг давуу талтай.

    Сайн байгууллагын соёлтой компани ямар байдаг вэ?

    Нэг зорилгын төлөө нэгдсэн — Бүгд компанийн алсын хараа, үнэт зүйлсийг ойлгож, дагаж мөрддөг.

    Итгэлцэлтэй харилцаа — Менежмент болон ажилтнуудын хооронд итгэл, нээлттэй байдал ноёлдог.

    Өсөлт, хөгжлийг дэмждэг — Ажилтнуудын сурч хөгжих боломжийг бүрдүүлдэг.

    Шударга, ил тод удирдлага — Шийдвэрүүд ойлгомжтой, үндэслэлтэй.

    Шинийг эрэлхийлэгч, нээлттэй сэтгэлгээтэй — Бүтээлч санаа, шинэ санаачлагыг дэмждэг.

    Ажил, амьдралын тэнцвэрийг эрхэмлэдэг — Ажилтны сэтгэл зүй, сайн сайхныг анхаардаг.

    Дэлхийд байгууллагын соёлоороо үлгэрлэдэг компаниудыг дурдвал: Google нь ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, чөлөөт орчинг дэмждэг соёлоор алдартай. Netflix  илүү гүйцэтгэлд суурилсан, эрх чөлөө ба хариуцлагыг хослуулсан соёлыг хэрэгжүүлдэг байна. Харин Toyota компани нь “Kaizen” буюу тасралтгүй сайжруулалтад тулгуурласан соёлтой юм.

    Байгууллагын соёлыг төлөвшүүлж, тасралтгүй хөгжүүлэх нь ажилтнуудын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, багийн уялдаа холбоог сайжруулахад чухал үүрэгтэй юм. Үүний үр дүнд байгууллагын зорилго, стратегийг үр дүнтэй хэрэгжүүлэх боломж нэмэгдэж, шинэ ажилтнууд илүү хурдан уусаж, хүний нөөцийн тогтвортой байдал бий болно. Мөн байгууллагын соёл нь харилцагч, хэрэглэгч үйлчлүүлэгчдэд эерэг сэтгэгдэл төрүүлэх, байгууллагын нэр хүндийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулдаг байна.

    Хэрэв байгууллага өөрийн өвөрмөц соёлыг бүрдүүлэхийг зорьж байгаа бол юуны түрүүнд үнэт зүйлсээ тодорхойлж, эдгээрт нийцсэн ажиллах зарчим, хандлагыг хөгжүүлэхээс эхлэх нь зүйтэй. Харин аль хэдийн төлөвшсөн соёлыг улам боловсронгуй болгохыг зорьж буй үед ажилтнуудынхаа санал бодлыг сонсож, одоогийн байгууллагын соёлыг бодитойгоор үнэлэх нь чухал байдаг. Үүний дараа сайжруулалтын төлөвлөгөөг боловсруулан, шат дараатай хэрэгжүүлэхдээ менежерүүд манлайллын үүргийг илүү хүлээж, өөрсдийн үйл ажиллагаагаараа үлгэр дуурайл үзүүлэх нь үр нөлөөг улам нэмэгдүүлдэг байна.

    Байгууллагын соёлыг үнэлэх асуултууд 

    • Ажилтнууд байгууллагын үнэт зүйлсийг мэддэг үү?

    • Менежментийн баг ажилтнууддаа итгэдэг үү?

    • Ажилтнууд илэн далангүй санал бодлоо хэлж чаддаг уу?

    • Алдааг суралцах боломж гэж үздэг үү?

    • Шинэ санаачилга гаргахад хэр их дэмжлэг үзүүлдэг вэ?

    Ерөнхийдөө байгууллагын соёл нь тухайн байгууллагын цаашдын амжилт, тогтвортой байдал, ажилтнуудын сэтгэл ханамж, бүтээмжид асар их нөлөөтэй  ойлголт юм. Иймд байгууллагын соёлыг зарчимд суурилан зорилготойгоор бүрдүүлэх, үнэт зүйлсээр удирдах, үргэлж сайжруулах нь ажилтнуудын бүтээлч байдал, идэвх оролцоо, тогтвортой ажиллах үндэс суурь болдог.

    Бид өдөр бүр ихэнх цагаа ажлын байрандаа өнгөрүүлдэг тул тухтай, урамтай, өсөж хөгжих боломжтой орчинд ажиллах нь маш чухал. Тиймээс байгууллагын соёлыг тодорхой хэмжээнд урьдчилан судлан зөв шийдвэр гаргаж, ирээдүйд өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай ажиллах боломжоо нэмэгдүүлээрэй.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай.  

    Холбоотой нийтлэл унших: Зан төлөвтэйгээ таарах карьерын орчинг хэрхэн сонгох вэ?

  • Ээлжийн амралтаа сэтгэл ханамжтай өнгөрүүлэх зөвлөмж

    Ээлжийн амралтаа сэтгэл ханамжтай өнгөрүүлэх зөвлөмж

    Амралтаа үр дүнтэй, сэтгэл ханамжтай өнгөрүүлэх зөвлөмж

    Ажил амьдралын хэмнэл дунд бид амралтаа зөв төлөвлөн, бие болон сэтгэлээ сэргээж чадвал илүү эрч хүчтэй, бүтээлч нэгэн болж чадна. Тэр тусмаа зуны улирал бол өөртөө болон хайртай хүмүүстээ цаг гаргах, амьдралын хэмнэлээ эргэн харж, урам зориг авах хамгийн тохиромжтой мөч юм. Монголчууд бидний хувьд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дараалан олон хоног нийтээр амардаг болохоор ээлжийн амралтаа энэ үетэй давхцуулан авах нь түгээмэл. Зарим нь энэ хугацааг зүгээр л гэртээ амарч өнгөрөөдөг бол, харин нөгөө хэсэг нь энэ боломжийг ашиглан өөрийгөө цэнэглэж, амьдралаа шинэ өнцгөөс харах урам зориг авч чаддаг.

    Тэр ч утгаараа ажлын ачаалал, стресс, амралтгүй удаан ажиллах зэрэг нь сэтгэл зүй болоод бие махбодод ч тодорхой хэмжээгээр сөргөөр нөлөөлдөг тул амралтаа зөв өнгөрүүлэх нь чухал юм. Хэрвээ ойрын үед амрахаар төлөвлөж байгаа бол танд дараах бяцхан зөвлөгөөг хүргэе.

    Амралтаа төлөвлөх нь сэтгэл ханамжийн үндэс 

    Ерөнхийдөө амралт эхлэхээс өмнө товчхон төлөвлөгөө гаргавал тайван, санаа зовох зүйлгүй, жинхэнэ утгаар нь амарч чадна. Хэрвээ та гадаад улс руу аялах гэж байгаа бол зочид буудал, нислэгийн тийз, үзвэр үйлчилгээний тасалбаруудаа урьдчилан захиалах нь зүйтэй /мөн энэ нь зардлыг хэмнэх давуу талтай/. Харин дотоодын аяллыг сонирхож, хөдөө явахаар бодож байгаа бол маршрут, замын нөхцөл, цаг агаарын мэдээллийг шалгаж, гэр бүл, найзуудтайгаа хамт төлөвлөх нь илүү дурсамжтай аялал болох болно.

    Байгальтай ойр амралтаа өнгөрүүлээрэй 

    Байгальтай ойр цагаа өнгөрүүлэх нь бидний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлдэг. Голын эрэг, ой мод, эсвэл рашаан сувиллын тайван орчинд хэдхэн хоногийг өнгөрүүлснээр стресс тайлагдаж, сэтгэл зүй амар тайван болох болно. Зуслангын байшинд байрлах, ууланд алхаж, цэвэр агаар амьсгалах зэргээр бие сэтгэлээ тайвшруулах тэр аяллыг сонгоорой.

    Өөрийгөө хөгжүүлэхээ бүү мартаарай

    Амралт гэдэг зөвхөн унтах, амрах бус өөрийгөө хөгжүүлэх гайхалтай боломж юм. Хэрвээ таны амралт урт хугацаагаар үргэлжлэх бол богино хугацааны онлайн сургалтад хамрагдах, гадаад хэл, санхүү, маркетинг зэрэг өөрт хэрэгтэй чадваруудаа ахиулах, мэргэжлийн сертификатаа нэмэхэд тухайн цагаа бүтээлчээр ашиглаж болох юм. Мөн сошиал медиа, карьер профайлаа шинэчилж, Lambda-р CV-гээ сайжруулж өөрийгөө цоо шинэ өнцгөөс харах боломжийг бүү алдаарай.

    Гэр бүлтэйгээ чанартай цагийг өнгөрүүл

    Заримдаа бид ажлын ачааллаас болоод хайртай хүмүүстээ тэр бүр хангалттай цаг гаргаж чаддаггүй билээ. Харин амралт бол энэ орон зайг нөхөх сайхан боломж юм. Хүүхдүүдтэйгээ аялал төлөвлөх, гэр бүлээрээ кино үзэх, хамтдаа тоглох, ярилцах, хоол хийх зэрэг энгийн мөртлөө үнэ цэнтэй мөчүүдийг хамтдаа өнгөрүүлэхээр төлөвлөөрэй.

    Ажлаасаа түр холдож, жинхнээсээ амрах

    Амралт авсан ч ажлаа бодоод, и-мэйлээ шалгаад байвал амралтын утга учир алдагдана. Иймд ажлын и-мэйл, мэдэгдлүүдээ түр хааж, гар утас төхөөрөмжөөс холдон өөртөө болон хайртай хүмүүстээ бүрэн анхаарал хандуулахыг хичээгээрэй.

    Санхүүгээ ухаалгаар төлөвлөх нь мөн чухал

    Сэтгэл ханамжтай амралтын нэг үндэс бол санхүүгийн зөв төлөвлөлт юм. Урьдчилан төсөв гаргаж, зардлаа хянах нь таны сэтгэл амар аялж амрахад тусална. Мөн хөнгөлөлт, хямдралтай аялал, амралтын багцуудаас судалж, ухаалаг сонголт хийхийг зөвлөж байна.

    Амралтаа дурсамж болго

    Энгийн зүйлсээс аз жаргалыг мэдрэх нь амралтын бас нэг чухал хэсэг юм. Тухайлбал ном унших, тэмдэглэл хөтлөх, зураг дарж, дүрс бичлэг хийж дурсамж бүтээх, шинээр хоббитой болох зэрэг нь таны сэтгэл ханамжийг илүү нэмэгдүүлэх болно.

    Амралт бол зүгээр л түр амсхийх цаг биш, харин өөрийгөө шинээр нээх гайхалтай боломж юм.
    Зуны өдрүүдийг урам зориг, аз жаргалаар дүүрэн, сэтгэл ханамжтай өнгөрүүлцгээе. Тэгвэл та амралтаа дуусгаад, ажилдаа эрч хүчтэй, бүтээлч байдлаар эргэн орох болно.

  • CV-гээрээ ялгарч, ажилд орох боломжоо нэмэгдүүл

    CV-гээрээ ялгарч, ажилд орох боломжоо нэмэгдүүл

    Таны танилцуулгыг ажил олгогч дунджаар 30 секунд л уншдаг…

    Та ажилд орохоор хувийн танилцуулгаа илгээж байхдаа ажил олгогч таны мэдээллийг хэдэн минутын турш анхааралтай уншина гэж боддог уу? Үнэндээ бол ихэнх сонгон шалгаруулагчид 30 секунд хүрэхгүй хугацаанд л CV-гээс тань анхны сэтгэгдлээ авчихдаг.

    Тэгвэл энэ богино хугацаанд тэд таныг хэрхэн хардаг бол? Таны CV хангалттай сайн байж чадаж байгаа юу? CV бол зүгээр нэг танилцуулга төдий текстийн жагсаалт биш харин таны өөрийгөө “брэнд” болгон харуулах том боломж юм. Тиймээс мэргэжлийн, товч бөгөөд нүдэнд тусахуйц, итгэл төрүүлэхүйц байх нь хамгийн чухал.

    Curriculum Vitae нь таны боловсрол, ажлын туршлага, ур чадвар, амжилтыг дэлгэрэнгүй илэрхийлсэн албан баримт юм. Ялангуяа төрийн байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны салбарт ажиллахаар сонирхож буй хүмүүст илүү мэргэжлийн дэлгэрэнгүй танилцуулга шаардлагатай байдаг.

    Харин Resume бол CV-ийн товч, оновчтой хувилбар бөгөөд үүнийг 1-с 2 хуудсанд багтааж гол чадвар, туршлаг зэргээ онцлолж бичдэг. Ерөнхийдөө анхаарал татах зорилготой, таныг товч тодорхой танилцуулдаг хувийн сурталчилгаа гэж ойлгож болно. Resume-г ашиглан та тухайн ажлын байрны шаардлагад нийцэх ур чадваруудаа шууд тодорхой илэрхийлэх боломжтой.

    CV, Resume-д ямар мэдээллүүд байх хэрэгтэй вэ?

    1. Хувийн мэдээлэл: /Овог нэр, холбоо барих утас, и-мэйл хаяг, одоо амьдарч буй хот, сошиал аккаунт холбоос гэх зэрэг мэдээллүүд/

    2. Товч танилцуулга: /Богинохон 2–3 өгүүлбэрээр та хэн бэ, ямар ажил хайж буй зорилгоо тодорхой илэрхийлэх/

    3. Боловсрол: /Сургууль, мэргэжил, сургалт болон тэдгээрийн огноо/

    4. Ажлын туршлага: /Байгууллагын нэр, албан тушаал, ажилласан хугацаа, гүйцэтгэсэн үүрэг, амжилтууд/

    5. Ур чадварууд: /Зөөлөн чадварууд: Багийн ажил, харилцаа, манлайлал.  Мэргэжлийн чадварууд: MS Office, график дизайн, программ хангамж гэх мэт/

    6. Хэлний мэдлэг: /Англи хэл: Дунд, сайн, мэргэшсэн гэх мэт болон бусад хэлний түвшин/

    7. Гэрчилгээ, сургалт: /Хамааралтай сертификат, курсын нэр, олгосон байгууллага/

    Сайн CV-тэй болохын тулд анхаарах зарим зүйлс:

    1. Товч бөгөөд тодорхой бичээрэй. Тухайлбал, “Маркетингийн салбарт 2 жил ажилласан, сошиал медиа стратеги боловсруулах, баг удирдах туршлагатай.”

    2. Мэргэжлийн загвартай байх. Харагдах байдал чухал тул загварт нь анхаарлаа хандуулаарай.

    3. Үр дүнтэй ажлуудаа онцол. Тухайлбал, “3 сарын дотор 20%-ийн борлуулалтын өсөлт бий болгосон” гэх мэт тодорхой үр дүнгээ хуваалцаарай.

    4. Ажлын байр бүрд тохируулан бичих. Таны CV бүх ажилд ижил байх албагүй.
    5. Алдаа шалгах. Үг үсгийн алдаагаа заавал шалгах нь чухал юм.

    Харин ажил хайж буй мэргэжилтнүүдийн дунд нийтлэг гаргадаг зарим алдаануудыг дурдвал: Нэг resume-ээ олон газарт илгээх нь ихэнхдээ тохиромжгүй байдаг учраас байгууллага бүрд зориулж тодорхой хэмжээнд өөрчлөн бэлдэх хэрэгтэй юм. Дараагийх нь хэтрүүлсэн мэдээлэл буюу бүр сайн чаддаггүй зүйлээ бичих нь ярилцлагын үеэр оноо алдах нэг шалтгаан болдог. Мөн зорилго тодорхойгүй байх нь дараа дараагийн шатны сонгон шалгаруулалтад сөргөөр нөлөөлдөг тул  “Би цаашид борлуулалтын салбарт өсөн дэвших зорилготой” гэх мэтээр зорилгоо тодорхой илэрхийлээрэй. Энэ нь таныг ирээдүйд хэрхэн өсөн дэвжихээр зорьж буй хувийн зорилготой тань нийцэх ёстой юм.

    Мөн түүнчлэн ажлын зар дээрх түлхүүр чадваруудыг CV-дээ багтаагаарай. Жишээ нь “контент стратеги”, “дата анализ”, “онлайн сурталчилгаа” гэх мэтээр онцолж бичих нь мэдээллээ тодорхой илэрхийлж, цаг хугацааг ч хэмнэх давуу талтай юм.

    Нэмэлт зөвөлгөө: Онлайн орчинд оролцоо сайжруулах буюу Linkedn, Lambda зэрэг платформ дээр хувийн профайл үүсгэж, идэвхтэй оролцох нь илүү олон ажил олгогчдод таныг таних боломж олгоно.

    CV/Resume бол таныг төлөөлж өмнөөс тань ярьдаг  чухал баримт гэдгийг бүү мартаарай. Иймд өөрийгөө хамгийн сайн хувилбараар харуулсан, онцлог давуу талуудыг тань тодотгосон CV-тэй байх нь таны ирээдүйг тодорхойлоход эерэг нөлөө үзүүлэх болно.

    Энд дарж хуучин танилцуулгаа орчин үеийн форматтай мэргэжлийн CV/Resume болгоорой. lambda AI  технологиор таны CV/Resume-г шинэчилж, дараагийн ажлаа амжилттай олоход тань тусална. 

  • Багаар ажиллах чадвараа сайжруулах 5 арга

    Багаар ажиллах чадвараа сайжруулах 5 арга

    Багаар ажиллах чадвар бол ажил олгогчдын хамгийн өндөр үнэлдэг зөөлөн ур чадвар юм.

    Хэрвээ та ажил хайж байгаа бол “багаар ажиллах чадвар” таны анкет дахь хамгийн үнэ цэнэтэй ур чадваруудын нэг байх болно гэдгийг санаарай. Компанийн соёл, бүтээмж, төслийн амжилт бүгд хамтын ажиллагаанаас эхэлдэг тул ажил олгогчид таны soft skills буюу зөөлөн ур чадварыг илүү өндөр үнэлж байна.

    Зөөлөн ур чадварыг яагаад чухалчлах болсон бэ?

    Сүүлийн жилүүдэд технологи хурдацтай хөгжиж, хиймэл оюун ухаан, автоматжуулалт ажиллах хүчний зах зээлд томоохон өөрчлөлт авчирч байна. Үүний зэрэгцээ зөвхөн мэргэжлийн мэдлэг, техник ур чадвар хангалтгүй болж, хамтран ажиллах, харилцах, асуудал шийдэх зэрэг зөөлөн ур чадвар илүү үнэ цэнтэйд тооцогдох болсон. Ажлын байран дээр бүтээмжтэй, уян хатан, сэтгэл зүйгээр тогтвортой ажиллахын тулд хувь хүний харилцааны болон сэтгэл хөдлөлийн чадамж зайлшгүй шаардлагатай болдог. Тиймээс байгууллагууд ажилтан сонгохдоо зөөлөн ур чадварыг гол шалгуур болгон үнэлж, хөгжүүлэлтэд нь илүү их анхаарах болсон юм.

    Багаар ажиллах ур чадвараа хэрхэн хөгжүүлэх вэ?

     1. Өөрийгөө сонсож, бусдыг ойлгох

    Хамгийн үр дүнтэй багийн гишүүн хэн байдаг вэ? Бусдыг сайн сонсдог хүн. Та бусдын санаа бодлыг үнэлж, хүндэтгэж чадвал итгэлцэл бий болно. Энэ нь ажлын ярилцлага дээр “бусадтай уялдаа холбоотой ажиллах чадвартай” гэдгээ батлах том давуу тал болно.

    • Сайн сонсох дадал хэвшүүлэх (eye contact, дуугүй байх, хариу асуулт асуух)
    • Feedback буюу санал шүүмжийг эерэгээр хүлээн авч сурах
    • Эмпати буюу сэтгэл хөдлөлийг ойлгож хариу үйлдэл үзүүлэх чадвар хөгжүүлэх

    2. Хариуцлагаа ухамсарлах

    Багаар ажиллах чадвар гэдэг нь зөвхөн бусадтай харилцах биш, өөрийн хариуцлагыг ухамсарлаж ажиллахтай ч холбоотой. “Миний үүрэг юу вэ?”, “Хэзээ гүйцэтгэх вэ?” гэдэгт анхаардаг бол та ажил олгогчийн хайж буй хүн мөн.

    • Ажлын хуваарилалт, зорилт тодорхой тэмдэглэж, хяналт тавих
    • Хугацаанд багтаан гүйцэтгэх зуршил төлөвшүүлэх
    • Алдаа гаргасан тохиолдолд хүлээн зөвшөөрч, шийдвэрлэх арга зам санал болгох

     3. Эерэг хандлагыг хэвшүүлээрэй

    Хамт олонд эерэг уур амьсгал үүсгэх нь маш чухал. Эерэг энерги түгээдэг, шүүмжлэлийн оронд шийдэл санал болгодог хүн аль ч багийн амин сүнс байдаг. Энэ төрлийн манлайлах ур чадвар нь таныг илүү их боломжид хүргэх түлхүүр болдог.

    • Багийн хүнд хэцүү нөхцөлд шийдэл санал болгох дадал
    • Сэтгэл санаагаа тогтвортой байлгах, стрессийг удирдах арга эзэмших
    • Бусдад талархал илэрхийлэх, багийн гишүүдээ урамшуулах

    4. Харилцааны ур чадвараа хөгжүүлэх

    Та санаагаа тодорхой, ойлгомжтой илэрхийлж чадаж байна уу? Мэйл, чат, уулзалт зэрэг мэргэжлийн харилцааны үед үл ойлголцол үүсэхээс сэргийлэх чадвар чухал байдаг. Харин сайн багийн гишүүд нээлттэй, шууд харилцаж, асуудлыг хурдан шийдвэрлэдэг.

    • Өдөр тутмын харилцаанд тодорхой, хүндэтгэлтэй үг хэллэг хэрэглэх
    • Бага хурал, уулзалтын үеэр санаагаа товч тодорхой илэрхийлэх дасгал хийх
    • Харилцаж буй хүний өнцгөөс бодож бичих, ярих зуршил хэвшүүлэх

    5. Сургалт, туршлагаар өөрийгөө хөгжүүлээрэй

    Та сайн багийн гишүүн байхыг хүсэж байвал онлайн болон танхимын сургалтуудад хамрагдаж, сайн дурын багийн үйл ажиллагаанд оролцоорой. Энэ нь таны CV-д “багаар ажиллах туршлагатай” гэж бичих бодит үндэслэл болно.

    • Сургалтын платформоос “Teamwork” хичээл судлах
    • Албан бус бүлгүүд, клубүүдэд оролцож хамтын төслүүд дээр ажиллах
    • Ажлын байран дээр шинэ санаа дэвшүүлж, багаараа хамтдаа хэрэгжүүлэх

    Ажлын ярилцлагад хэрхэн өөрийгөө илэрхийлэх тухайд:

    • Асуултад бэлдэх: “Та хэрхэн багаар ажиллахдаа хувь нэмрээ оруулдаг вэ?”, “Өмнөх ажил дээр багийн зорилгоо хангаж, хамт олноо урамшуулж байсан туршлагаа дурдана уу?” эдгээр асуултад тодорхой жишээтэй хариулт хэлэхэд бэлтгээрэй.
    • Өөрөө асуулт асуух: “Танай байгууллагад багийн соёл хэрхэн хөгжсөн байдаг вэ?” гэх мэт асуулт тавьж, ажил олгогчийн соёлыг сонирхож буйгаа харуулах нь мөн чухал юм.

    Багаар ажилласнаар хүмүүс өөрийн үүрэг болон давуу тал дээр төвлөрч, хариуцлагыг үр дүнтэйгээр хуваалцаж чаддаг төдийгүй төрөл бүрийн туршлага, үзэл бодолтой хүмүүс хамтран ажиллах үед асуудлыг олон өнцгөөс харж, илүү бүтээлч шийдэлд хүрэх боломжтой болдог. Харилцан хүндлэл, итгэлцэлд суурилсан хамтын орчин нь ажилтнуудын сэтгэл ханамж, ажлын эрч хүч, байгууллагад үлдэх сонирхолд эерэг нөлөө үзүүлдэг байна. Мөн багаар амжилттай ажиллаж сурсан хүн дараагийн шатны манлайлагч болох чадамжаа давхар хөгжүүлэх давуу талтай юм.

    Өнөөдрийн Монголын хөдөлмөрийн зах зээлд техникийн мэдлэгээс гадна хувь хүний зөөлөн чадварууд тэр дундаа багаар ажиллах чадвар өндөрөөр үнэлэгдэж байна. Тиймээс та зөвхөн өөрийнхөө амжилтаар зогсохгүй, баг хамт олны амжилтыг бүтээх сэтгэлгээтэй байх нь таныг хүссэн ажлын байрандаа илүү хурдан хүрэх түлхүүр болох юм.

    Илүү олон ажилд орох зөвлөгөө, ярилцлагад бэлтгэх арга, карьер хөгжүүлэлтийн мэдээллийг манай LAMBDA платформоос аваарай!