Author: Nandin-Erdene

  • Цалингаас илүү 4 өдөр ажиллах, гэрээсээ ажиллахыг эрхэмлэж байна

    Цалингаас илүү 4 өдөр ажиллах, гэрээсээ ажиллахыг эрхэмлэж байна

    Lambda.Global дээр бид саяхан сонирхолтой судалгаа явуулж, ажил горилогчид болон мэргэжилтнүүд ажилд орохдоо хамгийн их чухалчилдаг ажилчдад зориулсан хангамж болон урамшуулал (employee benefits) юу болохыг тодрууллаа.

    Бидний тавьсан асуулт бол:

    “Та доорх 4 хангамжаас алиныг нь илүүтэй үзэх вэ?”

    Нийт 4900+ хариулт ирсэн. Хариултууд дараах байдлаар байлаа:

    • Цалингаа 20%-аар нэмүүлэх

    • 7 хоногт 4 өдөр ажиллах

    • Чадварлаг удирдлагатай байх

    • Алсаас/гэрээсээ ажиллах

    Судалгааны үр дүн (LinkedIn + Facebook нийлбэрээр):

    • 7 хоногт 4 өдөр ажиллах — 36% (LinkedIn 38%, Facebook 34%)

    • Алсаас/гэрээсээ ажиллах — 30% (LinkedIn 25%, Facebook 35%)

    • Цалингаа 20%-аар нэмүүлэх — 20% (LinkedIn 18%, Facebook 22%)

    • Чадварлаг удирдлагатай болох — 14% (LinkedIn 19%, Facebook 9%)

    Гол дүгнэлт:

    Эдгээр үр дүнгээс харахад ажлын уян хатан байдал хамгийн чухал хангамж болж байна. Цалингийн нэмэгдлээс илүүтэйгээр, хүмүүс ажлын цагийн хуваарь болон ажиллах орчны уян хатан байдалд илүү анхаарч байгаа нь тодорхой байна.

    • 4 өдөр ажиллах хүсэл: Монголын залуус ажлын ба амралтын тэнцвэрийг эрхэмлэх болсон байна.

    • Алсаас ажиллах хүсэл: Гэрээсээ эсвэл дурын газраас ажиллах боломж нь ажилтнуудын хувьд маш том давуу тал болж байна.

    • Цалин: Мэдээж цалин өсөх нь чухал ч, амьдралын чанарыг сайжруулах боломжуудыг мөн өндөр үнэлж байна.

    • Удирдлагын чанар: Чадварлаг удирдагчтай хамтран ажиллах хүсэл бага хувийг эзэлсэн ч, энэ нь байгууллагын соёл болон хөгжлийн хувьд орхигдуулж болохгүй зүйл юм.

    Яагаад энэ мэдээлэл чухал вэ?

    Компаниуд хүний нөөцийн бодлогоо шинэчлэхдээ зөвхөн цалин нэмэхэд анхаарах бус, уян хатан ажлын нөхцөл бий болгох хэрэгтэй болжээ. Remote work, hybrid work, 4-day work week зэрэг загварууд Монголын хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй болж эхэлж байна.

    Мөн шинэ үеийн мэргэжилтнүүдийн хувьд амьдрал-ажлын баланс, сэтгэл ханамж нь цалингийн нэмэгдлээс ч илүү чухалд тооцогдож байна.

  • Цалингаа хэрхэн бодох вэ?

    Цалингаа хэрхэн бодох вэ?

    Энэхүү нийтлэлээрээ Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу цалингаа хэрхэн тооцоолох талаар хуваалцах болно. Энэ мэдээлэл нь ажилчид болон ажил олгогчдод цалин хөлс, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг зөв тооцоолоход тус болох юм.

    Үндсэн цалин

    Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг жил бүр тогтоодог. 2025 оны 4 сарын байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь сарын 792,000 төгрөг байна. 

    Үндсэн цалингийн тооцоолол:

    • Хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин
    • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доошгүй байх

    Нийгмийн даатгалын шимтгэл

    Монгол Улсын Нийгмийн даатгалын тухай хуулийн дагуу, ажил олгогч болон ажилтан дараах шимтгэлийг төлөх үүрэгтэй:

    Ажилтны төлөх шимтгэл (нийт 11.5%):

    • Тэтгэврийн даатгал: 8.5%
    • Тэтгэмжийн даатгал: 0.8%
    • ҮОМШӨДаатгал: 0.0%
    • Ажилгүйдлийн даатгал: 0.2%
    • Эрүүл мэндийн даатгал: 2.0%

    Ажил олгогчийн төлөх шимтгэл (ангиллаас хамаарч нийт 12.5%, 13.5% эсвэл 14.5%):

    • Тэтгэврийн даатгал: 8.5%
    • Тэтгэмжийн даатгал: 1.0%
    • ҮОМШӨДаатгал: 0.5%, 1.5%, эсвэл 2.5% (ажлын нөхцөлөөс хамаарна)
    • Ажилгүйдлийн даатгал: 0.5%
    • Эрүүл мэндийн даатгал: 2.0%

    Өндөр цалинтай ажилчдын онцлог

    Хэрэв таны сарын цалин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 10 дахин их буюу 7,920,000 төгрөгөөс дээш байвал нийгмийн даатгалын шимтгэлийг зөвхөн 7,920,000 төгрөгөөс тооцно. Энэ тохиолдолд төлөх хамгийн их нийгмийн даатгалын шимтгэл нь 910,800 төгрөг (7,920,000 × 11.5%) байна. Энэ нь өндөр орлоготой иргэдэд хэт их татвар ноогдохоос сэргийлэх зорилготой юм.

    Хувь хүний орлогын албан татвар

    Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу цалин хөлснөөс 10%-ийн татвар төлдөг. 2020 оноос эхлэн хөнгөлөлтийн хэмжээ цалингийн хэмжээнээс хамаарч дараах байдлаар тогтоогдсон:

    ХХОАТ хөнгөлөлт 2020 он

    Д/д ОЗЦ-с НДШ 11,5% хассан дүн /төгрөгөөр/ Сарын хөнгөлөлт
    1 0-500,000 20,000
    2 500,001-1,000,000 хүртэл 18,000
    3 1,000,001-1,500,000 хүртэл 16,000
    4 1,500,001-2,000,000 хүртэл 14,000
    5 2,000,001-2,500,000 хүртэл 12,000
    6 2,500,001-3,000,000 хүртэл 10,000
    7 3000,001-3,500,000 хүртэл

    Өндөр цалинтай ажилчдын төлөх хувь

    Хэрэв таны жилийн цалин 120,000,000 төгрөгөөс дээш бол ХХОАТ-г 10 хувиар бодохгүй. 2022 оны шинэчлэн найруулсан “Хувь хүний орлогын албан татварын хууль”-ийн 21.1-д зааснаар  “…120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.” гэсэн байдаг. 

    Цалин тооцоолох жишээ

    Жишээ 1: 1,000,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтан

    1. Нийгмийн даатгалын шимтгэл: 
      • 1,000,000 × 11.5% = 115,000 төгрөг
    2. Татвар ногдох орлого: 
      • 1,000,000 – 115,000 = 885,000 төгрөг
    3. Хувь хүний орлогын албан татвар: 
      • 885,000 × 10% = 88,500 төгрөг
      • Татварын хөнгөлөлт: 18,000 төгрөг (орлого 500,001-1,000,000 төгрөг хооронд)
      • Төлөх татвар: 88,500 – 18,000 = 70,500 төгрөг
    4. Гарт олгох цалин: 
      • 1,000,000 – 115,000 – 70,500 = 814,500 төгрөг

    Жишээ 2: 2,500,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтан

    1. Нийгмийн даатгалын шимтгэл: 
      • 2,500,000 × 11.5% = 287,500 төгрөг
    2. Татвар ногдох орлого: 
      • 2,500,000 – 287,500 = 2,212,500 төгрөг
    3. Хувь хүний орлогын албан татвар: 
      • 2,212,500 × 10% = 221,250 төгрөг
      • Татварын хөнгөлөлт: 12,000 төгрөг (орлого 2,000,001-2,500,000 төгрөг хооронд)
      • Төлөх татвар: 221,250 – 12,000 = 209,250 төгрөг
    4. Гарт олгох цалин: 
      • 2,500,000 – 287,500 – 209,250 = 2,003,250 төгрөг

    Жишээ 3: 2,700,000 төгрөгийн үндсэн цалинтай ажилтан

    1. Нийгмийн даатгалын шимтгэл: 
      • 2,700,000 × 11.5% = 310,500 төгрөг
    2. Татвар ногдох орлого: 
      • 2,700,000 – 310,500 = 2,389,500 төгрөг
    3. Хувь хүний орлогын албан татвар: 
      • 2,389,500 × 10% = 238,950 төгрөг
      • Татварын хөнгөлөлт: 10,000 төгрөг (орлого 2,500,001-3,000,000 төгрөг хооронд)
      • Төлөх татвар: 238,950 – 12,000 = 226,950 төгрөг
    4. Гарт олгох цалин: 
      • 2,700,000 – 310,500 – 226,950 = 2,162,550 төгрөг

    Цалин хөлсний дүнгээс

    Хөдөлмөрийн гэрээний хувьд нийгмийн даатгалын шимтгэлийн нийт хувь 24.0% (ажилтан 11.5% + ажил олгогч 12.5%) болдог бол Ажил гүйцэтгэх, Хөлсөөр ажиллах гэрээний хувьд нийт 18.8% (даатгуулагч 9.3% + ажил олгогч 9.5%) байна. Энэ нь гэрээний төрлөөс хамаарч цалингийн тооцоолол өөр байх болно.

    Нэмэлт төлбөрүүд

    Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн дагуу дараах нэмэлт төлбөрүүд байдаг:

    • Илүү цагийн хөлс: Ердийн ажлын цагаас илүү ажилласан бол ажилтанд ердийн цагийн үнэлгээг 1.5 дахин нэмэгдүүлж тооцно
    • Амралтын өдрийн хөлс: Амралтын өдөр ажилласан бол ажилтанд ердийн цагийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлж тооцно
    • Шөнийн цагийн нэмэгдэл: Шөнийн цагаар (22:00-06:00) ажилласан бол ердийн цагийн үнэлгээг 40%-иар нэмэгдүүлж тооцно

    Урамшуулал ба томилолтын зардал

    • Урамшуулал: Төрөл бүрийн урамшуулал, шагналд мөн хувь хүний орлогын албан татвар ногдуулна
    • Томилолтын зардал: Албан томилолтын хоногийн зардал нь татвар ногдох орлогод тооцогдохгүй, харин зарим хэсэг нь нийгмийн даатгалын шимтгэл төлөх орлогод тооцогдоно

    Дүгнэлт

    Цалин тооцоололд олон хүчин зүйлс нөлөөлдөг бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу зөв тооцоолох нь чухал ач холбогдолтой. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2025 оны байдлаар 792,000 төгрөг байгаа бөгөөд тогтмол хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, татварын хувь хэмжээ, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ өөрчлөгдөж болохыг анхаарах хэрэгтэй. Ажлын туршлага, боловсрол дээрээ үндэслэн та хэдэн төгрөгний цалин авах боломжтойг мэдэхийг хүсвэл ЭНД дарж цалингаа хиймэл оюун ухаанаар тооцоолуулаарай.

  • Цалингийн үнэлгээгээ яаж мэдэх вэ?

    Цалингийн үнэлгээгээ яаж мэдэх вэ?

    Ажил хайх, эсвэл одоогийн ажлын байрандаа цалингийн хэлэлцээр хийх үед олон хүмүүс “Би хэдэн төгрөгийн цалин авах боломжтой вэ?” гэсэн асуултыг өөрөөсөө асуудаг. Өөрийн цалингийн үнэлгээг мэдэх нь ярилцлагын үеэр илүү итгэлтэй байх, шударга хөлс авах, мэргэжлийн өсөлтөө зөв төлөвлөх боломжийг олгодог. Энэхүү нийтлэлд цалингийн үнэлгээгээ яаж зөв тодорхойлох талаар авч үзэх болно.

    ЭНД дарж цалингаа хиймэл оюун ухаанаар тооцоолуулаарай.

     

    1. Зах зээлийн судалгаа хийх

    Цалингийн үнэлгээгээ мэдэхийн тулд хамгийн түрүүнд зах зээлийн нөхцөл байдлыг судлах шаардлагатай:

    • Цалин тооцоологч – Хиймэл оюун ухаанаар та өөрийн мэргэжил, ажлын туршлагад тохирсон цалингийн мэдээллийг ЭНДЭЭС харж болно.
    • Салбарын тайлангууд – Ихэнх салбарын мэргэжлийн холбоонууд эсвэл мэргэжлийн байгууллагууд жил бүр цалингийн судалгаа хийж, тайлан гаргадаг.
    • Ажлын зарууд – Ижил төстэй ажлын байрны зарууд дахь цалингийн санал нь бодит зах зээлийн үнэ цэнийг тань харуулж чадна.

    2. Өөрийн үнэ цэнийг тодорхойлох

    Цалингийн хэмжээг тогтооход дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Эдгээрийг тооцоолж, өөрийн бодит үнэ цэнийг тогтоох нь чухал:

    • Боловсрол ба мэргэжлийн зэрэг – Дээд боловсролын зэрэг, сертификатууд, мэргэжлийн сургалтууд нь таны цалингийн хэмжээнд шууд нөлөөлдөг. Мэргэжлийн сертификаттай байх нь ихэнх салбарт нэмэлт үнэ цэн бий болгодог.
    • Ажлын туршлага – Таны ажилласан жил, гүйцэтгэсэн ажлууд, хүлээсэн үүрэг хариуцлага зэрэг нь цалингийн хэмжээнд хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл юм.
    • Ур чадвар – Техникийн ур чадвар, хэлний мэдлэг, удирдах чадвар зэрэг нь таны зах зээлийн үнэ цэнийг нэмэгдүүлж чадна. Тухайн салбарт эрэлт хэрэгцээтэй, ховор ур чадвартай байх нь илүү өндөр цалин авах боломжийг нээдэг.
    • Салбар ба компанийн хэмжээ – Технологи, санхүү, эрүүл мэнд зэрэг салбарууд ерөнхийдөө илүү өндөр цалин санал болгодог. Мөн том компаниуд жижиг компаниудтай харьцуулахад илүү өндөр цалин төлөх хандлагатай байдаг.

     

    3. Гүйцэтгэл ба амжилтаа тоон үзүүлэлтээр хэмжих

    Өөрийн амжилт, гүйцэтгэлийг тоон үзүүлэлтээр баталгаажуулснаар цалингийн хэлэлцээрт бодит давуу талыг олж авах боломжтой:

    • Борлуулалтын өсөлт – “Борлуулалтыг 20%-иар нэмэгдүүлсэн”
    • Зардал хэмнэлт – “Төслийн зардлыг 15%-иар бууруулсан”
    • Үр бүтээмж – “Үйлдвэрлэлийн хугацааг 30%-иар багасгасан”
    • Хэрэглэгчийн сэтгэл ханамж – “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг 92% хүргэж нэмэгдүүлсэн”

     

    4. Мэргэжилтнүүдтэй холбогдох

    Цалингийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд дараах эх сурвалжуудыг ашиглаарай:

    • Мэргэжлийн сүлжээ – LinkedIn болон бусад мэргэжлийн сүлжээгээр дамжуулан ижил салбарт ажилладаг хүмүүстэй холбогдож, тэдний туршлагаас суралцаарай.
    • Зөвлөх, ментор – Таны карьерт туслах зөвлөх эсвэл ментортой болох нь цалингийн талаар үнэн зөв мэдээлэл авах гарц болж чадна.
    • HR мэргэжилтнүүд – Хэрэв таны компани дотоод HR хэлтэстэй бол тэднээс цалингийн бүтэц, хөгжлийн боломжуудын талаар мэдээлэл авах боломжтой.

     

    5. Цалингийн хэлэлцээрт бэлтгэх

    Өөрийн үнэ цэнийг мэдсэний дараа цалингийн хэлэлцээрт амжилттай оролцохын тулд:

    • Цалингийн хүлээлтээ тодорхойлох – Судалгаан дээрээ үндэслэн доод хязгаар, хүссэн дүн, хамгийн сайн нөхцөл гэсэн гурван түвшинг тодорхойлоорой.
    • Нэмэлт хангамжуудыг харгалзах – Зөвхөн үндсэн цалин биш, эрүүл мэндийн даатгал, нэмэлт амралт, уян хатан цагийн хуваарь зэрэг нэмэлт хангамжуудыг харгалзан үзэх хэрэгтэй.
    • Хэлэлцээрийн стратеги боловсруулах – Компани бүр өөр өөр төсөвтэй байдаг тул уян хатан байж, хэлэлцээрийн бүх боломжуудыг судлаарай.

     

    6. Цалингийн мэдээллээ тогтмол шинэчлэх

    Зах зээлийн нөхцөл байдал, цалингийн түвшин тогтмол өөрчлөгдөж байдаг тул:

    • Жил бүр өөрийн цалингийн үнэлгээг шинэчлээрэй
    • Шинэ ур чадвартай болж, сургалт семинарт идэвхтэй хамрагдаарай
    • Салбарын чиг хандлагыг тогтмол судлаарай

     

    Дүгнэлт

    Өөрийн цалингийн үнэлгээг мэдэх нь зөвхөн илүү их мөнгө олох тухай биш, харин өөрийн мэргэжлийн үнэ цэнийг зөв ойлгох, карьераа зорилготойгоор удирдах, мэргэжлийн хувьд өсөх боломжуудаа нээх тухай юм. Зах зээлийн судалгаа хийж, өөрийн амжилтуудыг тоон үзүүлэлтээр баталгаажуулж, мэргэжлийн сүлжээгээ өргөжүүлснээр та өөрийн үнэ цэнэд тохирсон цалин авах, мэргэжлийн хувьд амжилтанд хүрэх боломжтой болно.

    Унших: Ажлын байран дээрх бүтээмжээ нэмэгдүүлэх аргууд

  • Хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ?

    Хөдөлмөрийн гэрээ гэж юу вэ?

    Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч болон ажилтны хооронд байгуулагдсан, тэдний харилцан эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлсон эрх зүйн баримт бичиг юм. Энэхүү гэрээ нь ажилтан тухайн байгууллагад орж ажиллах, ажил олгогч түүнийг ажиллуулах үндсэн нөхцөлийг тусгаж, хөдөлмөрийн харилцааны хууль ёсны үндэс болдог. Хөдөлмөрийн гэрээ нь талуудыг хамгаалах, тэдний эрх, үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх гол хэрэгсэл юм.

    1. Хөдөлмөрийн гэрээний ач холбогдол

    Хөдөлмөрийн гэрээ нь дараах чухал ач холбогдолтой:

    Хууль эрх зүйн баталгаа: Хөдөлмөрийн гэрээ нь ажилтан, ажил олгогчийн хооронд хууль ёсны харилцаа тогтоож, тэдний эрх, үүргийг баталгаажуулдаг. Энэ нь хөдөлмөрийн маргааны үед нотлох баримт болж үйлчилнэ.

    Ажлын нөхцөл, цалин хөлс: Гэрээнд ажилтны гүйцэтгэх ажил, ажлын цаг, цалин хөлс, нэмэгдэл урамшуулал, ажлын байрны тодорхойлолт зэргийг нарийвчлан тусгадаг нь талуудын харилцан ойлголцлыг дэмждэг.

    Эрх, үүрэг, хариуцлага: Хөдөлмөрийн гэрээнд ажил олгогч, ажилтны үүрэг, хариуцлагыг тодорхой заасан байдаг нь ажилтны хүлээх ёстой үүрэг, ажил олгогчийн хүлээх үүргийг талууд сайтар ойлгоход тусалдаг.

    Хөдөлмөрийн харилцааны тогтвортой байдал: Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч, ажилтны хооронд итгэлцэл бий болгож, ажлын байрны тогтвортой байдлыг хангахад тусална.

    Ажилтны эрхийн хамгаалалт: Хөдөлмөрийн гэрээ нь ажилтны эрхийг хамгаалж, хууль бус ажлын нөхцөл, ажлаас үндэслэлгүй халахаас сэргийлдэг.

    2. Хөдөлмөрийн гэрээний үндсэн агуулга

    Хөдөлмөрийн гэрээнд дараах үндсэн хэсгүүдийг тусгадаг:

    Талуудын мэдээлэл: Ажил олгогч болон ажилтны нэр, хаяг, холбоо барих мэдээлэл, ажил олгогчийн регистрийн дугаар, ажилтны регистрийн дугаар зэрэг суурь мэдээллийг тусгадаг.

    Ажлын байрны тодорхойлолт: Ажилтны гүйцэтгэх ажил үүргийн тодорхойлолт, албан тушаал, ажлын байрны нэр, үндсэн үүрэг, хариуцлагыг тусгасан байна.

    Цалин хөлс, урамшуулал: Ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшуулал, шагнал, бусад төлбөрүүдийн нөхцөл, төлөх хугацаа зэргийг тодорхой тусгадаг.

    Ажлын цаг: Ажлын цагийн горим, өдөр, долоо хоногийн ажлын цаг, илүү цагаар ажиллах нөхцөл, амралтын хуваарь, ээлжийн амралтын нөхцөл зэргийг тусгадаг.

    Ажиллах нөхцөл, байршил: Ажлын байрны байршил, ажлын нөхцөл, аюулгүй байдлын баталгаа, эрүүл ахуйн орчин зэргийг тусгана.

    Гэрээний хугацаа: Хөдөлмөрийн гэрээ хэдий хугацаагаар үйлчлэх, хэзээнээс эхлэх, хэрэв хугацаатай бол хэзээ дуусах, гэрээг сунгах нөхцөл зэргийг тусгадаг.

    Гэрээг цуцлах нөхцөл: Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл, нөхцөл, мэдэгдэх хугацаа, хариуцлага зэргийг тусгана.

    Хууль эрх зүйн нөхцөл: Хөдөлмөрийн хууль, дүрэм журам, байгууллагын дотоод журам, бусад хууль эрх зүйн баримт бичгүүдийг дагаж мөрдөх тухай заалтууд байдаг.

    3. Хөдөлмөрийн гэрээний төрлүүд

    Хөдөлмөрийн гэрээ нь дараах төрлүүдтэй байж болно:

    Хугацаагүй гэрээ: Тодорхой хугацаа заагаагүй, урт хугацааны хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг. Энэ нь ажилтанд илүү баталгаа, тогтвортой байдлыг хангадаг бөгөөд хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол ажил олгогч талаас дангаар цуцлах боломж хязгаарлагдмал байдаг.

    Хугацаатай гэрээ: Тодорхой хугацаагаар байгуулагдах бөгөөд энэ нь улирлын чанартай, түр хугацааны ажил, төсөл, тодорхой үйл ажиллагаанд хэрэглэгддэг. Хугацаа дуусмагц гэрээ дуусгавар болох боловч зарим нөхцөлд сунгаж болно.

    Туршилтын хугацаатай гэрээ: Ажилтанг тухайн ажлын байранд тохирох эсэхийг тодорхойлохын тулд туршилтын хугацаа бүхий гэрээ байгуулдаг. Энэ хугацаанд ажилтанг үнэлж, гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.

    Цагийн гэрээ: Ажилтан тогтмол бус, цагаар ажиллах нөхцөлтэй гэрээ бөгөөд цагийн хөлс, ажиллах нөхцөлийг тусгадаг.

    Зайнаас ажиллах гэрээ: Ажилтан байгууллагын албан газраас гадуур, өөрийн байршлаас ажиллах нөхцөлтэй гэрээ бөгөөд тодорхой ажлын цаг, хяналт, технологийн шаардлагыг тусгадаг.

    4. Хөдөлмөрийн гэрээ байгуулахад анхаарах зүйлс

    Хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй:

    Хуулийн шаардлага хангах: Хөдөлмөрийн гэрээ нь үндэсний хөдөлмөрийн хууль тогтоомжид нийцсэн байх ёстой. Монгол Улсын хөдөлмөрийн хуульд заасан шаардлагуудыг бүрэн хангасан байх шаардлагатай.

    Тодорхой, ойлгомжтой байх: Хөдөлмөрийн гэрээний заалтууд нь тодорхой, ойлгомжтой, дэлгэрэнгүй байх ёстой. Ерөнхий, тодорхойгүй заалтууд нь ирээдүйд маргаан үүсгэх эрсдэлтэй.

    Харилцан зөвшөөрөл: Хөдөлмөрийн гэрээ нь талуудын харилцан зөвшөөрлөөр байгуулагдах ёстой. Аль нэг талыг албадах, шахалт үзүүлэх нь гэрээг хүчингүй болгох үндэслэл болно.

    Гэрээний мөрдөлт: Гэрээний заалтуудыг талууд хэрхэн мөрдөх, хэрхэн хянах, хэрэв зөрчигдвөл ямар арга хэмжээ авах талаар тодорхой тусгах шаардлагатай.

    Нууцлал: Ажил олгогчийн мэдээллийн нууцлал, ажилтны хувийн мэдээллийн хамгаалалтыг хангах заалтууд байх шаардлагатай.

    5. Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, цуцлах

    Хөдөлмөрийн гэрээг дараах нөхцөлд дуусгавар болгож болно:

    Харилцан зөвшөөрлөөр: Хөдөлмөрийн гэрээг талууд харилцан зөвшөөрч цуцалж болно. Энэ тохиолдолд ямар нэг талд хохирол учруулахгүйгээр гэрээг цуцлах хамгийн зөв арга юм.

    Хугацаа дуусах: Хугацаатай гэрээний хувьд заасан хугацаа дуусмагц гэрээ дуусгавар болно. Хэрэв гэрээг сунгахгүй бол ажил олгогч ажилтанд хугацаа дуусахаас өмнө мэдэгдэх ёстой.

    Ажил олгогчийн санаачлагаар: Ажил олгогч ажилтныг халах эрхтэй боловч энэ нь хууль ёсны үндэслэлтэй байх ёстой. Жишээлбэл, ажлын байр хасагдах, ажилтан үүргээ биелүүлээгүй, сахилгын зөрчил гаргасан зэрэг шалтгаанаар халж болно.

    Ажилтны санаачлагаар: Ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас гарах эрхтэй. Энэ тохиолдолд гэрээнд заасан хугацаанд ажил олгогчид мэдэгдэх ёстой.

    Бусад нөхцөл: Талуудын хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдал (давагдашгүй хүчин зүйл, байгууллага татан буугдах, ажилтны эрүүл мэндийн байдал муудах) гэх мэт шалтгаануудаар гэрээ дуусгавар болж болно.

    Дүгнэлт

    Хөдөлмөрийн гэрээ нь ажил олгогч, ажилтны хооронд байгуулагдах чухал эрх зүйн баримт бичиг бөгөөд талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, хөдөлмөрийн харилцааны үндсийг тавьдаг. Зөв, оновчтой боловсруулсан хөдөлмөрийн гэрээ нь ажилтны эрхийг хамгаалах, ажил олгогчийн хууль ёсны эрх ашгийг хангах, маргааныг шийдвэрлэх, хөдөлмөрийн харилцааны тогтвортой байдлыг хангах гол хэрэгсэл юм. Иймд хөдөлмөрийн гэрээг хууль тогтоомжид нийцүүлэн, тодорхой, дэлгэрэнгүй, талуудын харилцан зөвшөөрлөөр байгуулах нь чухал юм.

    Унших: Өөрийн ур чадвараа байгууллагадаа хэрхэн өндөрөөр үнэлүүлэх вэ?


    Ламбда бол байгууллагуудад шилмэл талентуудыг амжилттай, хурдан, үр дүнтэй сонгоход туслах ухаалаг шийдэл юм. Хэрэв та байгууллагадаа зөв хүн сонгохыг хүсч, цаг хугацаа, нөөцөө хэмнэхийг зорьж байгаа бол Ламбда нь таны хамгийн сайн түнш болох болно. Шилмэл талентуудыг сонгох, тэдний ур чадварыг хурдан баталгаажуулахад Ламбда танд туслах болно.

  • Зайнаас ажиллахад хамгийн эрэлттэй ур чадварууд

    Зайнаас ажиллахад хамгийн эрэлттэй ур чадварууд

    Цаг үе өөрчлөгдөж, технологийн хурдацтай хөгжилтэй холбоотойгоор хүмүүс улам бүр зайнаас ажиллах хэлбэрийг сонгох болсон. Үүнийг дагаад remote буюу зайнаас ажиллах боломжтой ажлуудын тоо нэмэгдэж, энэ чиглэлийн ажил горилогчдоос шаардагдах ур чадварууд онцгой ач холбогдолтой болж байна. Хэрэв та зайнаас ажиллах ажлын боломжийг хайж байгаа бол дараах ур чадваруудыг эзэмшсэн эсэхээ шалгаарай.

    ЭНД ДАРЖ зайнаас ажиллах боломжтой ажлын заруудтай танилцаарай.

    1. Харилцааны ур чадвар (Communication skills)

    Зайнаас ажиллах үед нүүр нүүрээ харж уулзах боломж хомс тул цахим харилцаа маш чухал. Ажлын чат, имэйл, видео уулзалтаар өөрийн санаа, үүрэг хариуцлагаа тодорхой илэрхийлэх, бусдын мэдээллийг зөв ойлгох чадвар зайлшгүй шаардлагатай.

    📌 Зөвлөмж:

    • И-мэйл, Slack, Zoom зэргээр мэргэжлийн түвшинд харилцаж сурах
    • Тодорхой, ойлгомжтой байдлаар бичих, хариу өгөх
    • Цаг баримтлах, уулзалтууддаа идэвхтэй оролцох

    2. Өөрийгөө удирдах чадвар (Self-management)

    Remote ажилтнууд ихэнхдээ удирдлагаас хамааралгүйгээр өөрөө зохион байгуулалттай ажиллах шаардлагатай байдаг. Цагийн менежмент, ажлын төлөвлөлт, хариуцлага хүлээх чадвар нь таныг ажлын байран дээр амжилттай байхад тусална.

    📌 Зөвлөмж:

    • Ажлаа урьдчилан төлөвлөж сурах
    • Хийж буй ажлаа цаг хугацаанд нь дуусгах
    • Asana, Trello, Notion зэрэг хэрэгслүүдийг ашиглан ажлаа удирдах

    3. Дижитал ур чадварууд (Digital literacy)

    Зайнаас ажиллахад технологийг бүрэн ашиглаж чадах чадвар маш чухал. Ялангуяа оффисын програмууд, онлайн хамтын ажиллагааны платформууд дээр ажиллах чадвар шаардлагатай.

    📌 Эрэлттэй дижитал ур чадварууд:

    • Microsoft Office, Google Workspace
    • Zoom, Slack, Teams
    • Trello, Notion, ClickUp

    4. Багаар ажиллах чадвар (Team collaboration)

    Хэдий та гэрээсээ ажиллаж байсан ч багаараа хамтран ажиллах чадвар нэн чухал хэвээр байна. Ажлаа бусадтай уялдуулах, хамтран шийдвэр гаргах, санал бодлоо солилцох зэрэг нь төслийн үр дүнд шууд нөлөөлдөг.

    📌 Зөвлөмж:

    • Дижитал хамтын ажиллагааны хэрэгслүүдэд (Google Docs, Miro гэх мэт) сайн ажиллаж сурах
    • Ажлын үр дүн, явцыг тогтмол мэдээллэх
    • Ажлын уулзалтуудад идэвхтэй оролцох

    5. Англи хэлний чадвар

    Олон улсын компаниуд ихэнхдээ зайнаас ажиллах ажлууд санал болгодог. Тиймээс англи хэлний яриа болон бичгийн чадвар нэн шаардлагатай. Сайн англи хэлтэй байснаар та олон ажлын санал хүлээж авах юм.

    📌 Зөвлөмж:

    • CV, портфолио, LinkedIn профайлаа англи хэл дээр бэлдэх
    • Англи хэл дээр мэргэжлийн контент унших, сонсох дадалтай болох
    • Ярилцлагын асуултуудыг англи хэл дээр бэлдэж үзэх

    ЭНД ДАРЖ бүртгэлээ үүсгээд мэргэжлийн CV-тэй болоорой.

    Зайнаас ажиллах нь цаг хугацаа, газарзүйн хувьд уян хатан байхын зэрэгцээ өөрийгөө хөгжүүлэх том боломж болдог. Гэхдээ энэ хэлбэрийн ажилд өөрийн ур чадварыг тасралтгүй хөгжүүлж, шинэ технологид дасан зохицох нь чухал. Дээр дурдсан ур чадваруудыг эзэмшсэн байснаар та олон улсын болон дотоодын remote ажлын байрнуудын хамгийн шилдэг кандидат болж чадна.