Author: Mungun Tuya

  • Хөдөлмөрийн маргаан үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

    Хөдөлмөрийн маргаан үүсэхээс хэрхэн сэргийлэх вэ?

    Ажил олгогч, ажилтны итгэлцэл, бат бөх харилцаа бол аливаа байгууллагын амжилтын гол тулгуур. Гэвч энэ харилцаа ойлголцол, итгэлцэлд суурилаагүй бол хөдөлмөрийн маргаан үүсэх нь цаг хугацааны л асуудал болдог. Хөдөлмөрийн маргааныг ойлгох, түүнээс урьдчилан сэргийлэх нь зөвхөн ажил олгогчид төдийгүй залуу мэргэжилтнүүд, ажил хайгчид, шинэхэн төгсөгчдөд ч маш чухал сэдэв. Энэхүү нийтлэлээр хөдөлмөрийн харилцаа, маргаанаас урьдчилан сэргийлэх зөвлөгөө, танд хэрэг болох зөвлөмжүүдийг бэлтгэлээ.

    📊 Судалгааны тойм: Монгол улс

    Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2022 оны судалгаагаар:

    • Сүүлийн 2 жилийн дотор нийт ААН-үүдийн 42% нь  хөдөлмөрийн маргаантай тулгарч байсан.
    • Тэдгээрийн 60% нь цалин, урамшуулалтай холбоотой, 25% нь ажлын нөхцөл, 15% нь гэрээ, нийгмийн хамгааллын асуудал
    • Маргаан үүссэн тохиолдолд 10 ажилтны 7 нь буюу 70% нь тухайн байгууллагад ажиллах хүсэлгүй болдог гэсэн дүгнэлт гарсан.

    Олон улсын жишээнээс:

    • Gallup-ийн 2023 оны ажилтны оролцооны судалгаагаар ажилтнуудын 85% нь “тэднийг сонсдоггүй, үнэлдэггүй удирдлага”-тай газар ажиллахдаа сэтгэл ханамжгүй байгааг онцолсон.
    • Harvard Business Review-ийн судалгаагаар байгууллага доторх маргааныг цаг тухайд нь шийдвэрлэхгүй бол тухайн байгууллагын ашгийн хэмжээ 18%-аар буурч, ажилтны урсгал 35%-иар нэмэгддэг хандлага ажиглагдсан байна.

    ✅ Хөдөлмөрийн маргаанаас урьдчилан сэргийлэх 5 зөвлөмж

    1. Гэрээ ба дүрмийг ойлгомжтой болгох

    Хөдөлмөрийн гэрээг зүгээр нэг гарын үсэг зурж баталгаажуулах бус, ажилтанд эрх, үүргээ бүрэн ойлгоход туслах энгийн ойлгомжтой  үг хэллэгээр тайлбарлах хэрэгтэй.

    Зөвлөмж:

    • Гэрээний гол заалтуудыг товч тайлбарласан гарын авлага өгөх

    • Шинэ ажилтнуудад дотоод дүрмийн талаарх сургалт явуулах

    2. Ил тод нээлттэй харилцаа, санал солилцох боломж

    Маргааныг “урьдчилан мэдэх” хамгийн сайн арга бол ажилчдын санал гомдлыг тогтмол хүлээн авч шуурхай шийдвэрлэх юм.

    Зөвлөмж:

    • Санал, гомдлын хайрцаг (физик эсвэл цахим)
    • Удирдлагын нээлттэй уулзалт
    • Дотоод санал асуулга (цахим платформууд)

    3. Цалин урамшууллыг шударгаар үнэлэх

    Цалин хөлстэй холбоотой үл ойлголцол хөдөлмөрийн маргааны хамгийн том шалтгаан болдог.
    Gallup-ийн судалгаагаар цалингийн шударга бус байдал нь ажилтны итгэлцлийг 40% хүртэл бууруулдаг байна.

    Зөвлөмж:

    • Урамшууллын шалгуурыг нийтэд ил тод болгох
    • Гүйцэтгэлд суурилсан үнэлгээний системтэй байх

    4. Ажилтан хөгжих боломжтой орчин бүрдүүлэх

    Өөрийгөө хөгжүүлэх, шинэ мэдлэг,  ур чадварыг ажлын орчноосоо авах боломж бололцоог бүрдүүлж өгөх нь маргаанаас сэргийлэх бас нэгэн арга зам юм.

    Зөвлөмж:

    • Дотоод сургалтын систем
    • Карьер өсөлтийн шатлал, төлөвлөгөө, сургалтууд
    • Шагнал урамшуулал зөвхөн удирдлагын түвшинд бус, бүх шатны ажилтанд хамаатай байх

    5. Маргааныг шуурхай, шударгаар шийдэх бүтэцтэй байх

    Дотоод гомдол, зуучлалын тогтолцоогүй байгууллагад маргаан гадагшлах, хуулийн шатанд очих эрсдэл 4 дахин өндөр байдаг.

    Унших: Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Зөвлөмж:

    • Дотоод маргаан шийдвэрлэх комисс байгуулах
    • Үнэнч байдлаар гомдлыг сонсох, шийдвэр гаргах дүрэмтэй байх

    Хөдөлмөрийн маргаан нь хүн хоорондын харилцаанаас үүсдэг учир урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.  Судалгаанаас дүгнэвэл хөдөлмөрийн маргаанаас сэргийлэх хамгийн хүчирхэг арга бол ил тод харилцаа, шударга тогтолцоо, тогтвортой хөгжилд чиглэсэн удирдлагын хандлага юм. Танд хэрэгтэй зөвлөгөө, мэдээллийг Блог хэсэгт тогтмол нийтэлж байгаа тул цаг гарган орж уншаарай.

  • Freelance буюу гэрээсээ ажиллах боломж Монголд

    Freelance буюу гэрээсээ ажиллах боломж Монголд

    Сүүлийн жилүүдэд дэлхий даяар бүхий л салбарт хөдөлмөрийн зах зээл эрчимтэй өөрчлөгдөж, уламжлалт 9-18 цагийн ажлын байрыг халсан, уян хатан цагийн хуваарьтай, цахим орчинд дэлхийн хаанаас ч, хэзээ ч ажиллах боломжийг олгодог “freelance” буюу чөлөөт гэрээт ажлын байр эрчимтэй хөгжиж, Монголын хөдөлмөрийн зах зээлд ч хүчтэй нэвтэрч эхэллээ. Хэрвээ гэрээсээ ажиллах ажлын талаар бодож, судалж байгаа бол энэхүү нийтлэл танд зориулагдсан юм.

    Фриланс гэж юу вэ? 🤔

    Ямар нэг компани, ажил олгогчоос үл хамааран бие даан, чөлөөт байдлаар ажиллахыг фриланс, ингэж ажилладаг хүмүүсийг фрилансер гэж нэрлэдэг. Ихэвчлэн цахимаар ажилладаг ба гүйцэтгэлд суурилсан үнэлгээтэй, уян хатан цагийн хуваарьтай байдгаараа онцлог. Нас, хүйс үл харгалзан хэн ч фрилансер болж болно.

    Гол шаардлага бол:Мэдлэг, ур чадвар, хариуцлага.

    Хүмүүс яагаад фриланс ажилд татагдаж байна вэ? 💡

    • Уян хатан цагийн хуваарь – Өдөр, орой, шөнийн аль ч цагт ажиллах боломж. ⏰
    • Байршлын хязгаарлалтгүй – Гэрээсээ, кофе шопоос, эсвэл хөдөө орон нутаг, дэлхийн хаанаас ч ажиллаж болно. 🌍
    • Орлогын олон эх үүсвэр – Нэг байгууллагад хамаарахгүй, олон байгууллагатай зэрэг ажиллах боломж. 💸
    • Өөрийгөө цаг үргэлж хөгжүүлэх – Төсөл бүр өөр шинэ сорилт, шинэ ур чадвар эзэмших боломж. 📚 Өөр өөрийнхөө багш нь болж, өөрийгөө цаг тутамд хөгжүүлэх шаардлагатай.

    Монгол дахь фриланс ажлын бодит байдал ямар байгаа вэ?

    “Монголын Залуучуудын Холбоо”-ны 2023 оны судалгаагаар 📊 18–35 насны залуусын 32% нь фриланс ажил хийж байсан гэж хариулжээ. Энэхүү судалгаа нь  Монголд фриланс ажлын байр эрчимтэй хөгжиж байгааг илтгэж байгаа юм. Ингээд 2025 оны байдлаар Монголд хөгжиж буй хамгийн түгээмэл фриланс ажилтай танилцацгаая.

    • Дижитал маркетинг, сошиал медиа менежмент 📱
    • График дизайн, UX/UI 🎨
    • Вэб сайт, апп хөгжүүлэлт
    • Орчуулга, контент бичих
    • Онлайн сургалт, зөвлөх үйлчилгээ

    Тулгарч буй саад бэрхшээл:

    • Нийгмийн хамгаалалт дутмаг – Freelance ажилчид хөдөлмөрийн гэрээний хамгаалалт, тэтгэвэр, эмнэлгийн үйлчилгээ авах боломж компани, ямар нэгэн газрын гэрээт ажилтныг бодоход бага байдаг. Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэргийг хуваариа сар бүр өөрөө төлөх ёстой гэсэн үг.
    • Орлогын тогтворгүй байдал – Ажлын тасралтгүй байдал, орлогын тогтвортой байдал нь одоо ч энэ салбарын сорилт хэвээр байна.
    • Платформын хомсдол – Гадаад сайтууд (Upwork, Fiverr гэх мэт) англи хэл шаарддаг бол Монголд энэ төрлийн платформ хараахан хангалттай хөгжөөгүй.
    • Нийгмийн буруу ойлголт – “Гэрээсээ ажилладаг” = “Ажилгүй” гэх хандлага одоо ч байдаг.

    Ирээдүй ямар байх вэ?

    • Монголд зориулсан freelance платформууд бий болсноор энэ ажлын байрны эрэлт улам нэмэгдэнэ.
    • НДШ, хөдөлмөрийн эрх зүйн зохицуулалт шинэчлэгдэх шаардлага бий.
    • Орон нутгийн залуусыг чиглэсэн сургалт, менторшип хөтөлбөрүүд улам нэмэгдэнэ.
    • Компаниуд freelance мэргэжилтнүүдтэй илүү нээлттэй хамтарч ажиллахад бэлэн болно.

    Freelance ажил бол зөвхөн гэрээсээ тухтай ажиллах тухай биш, харин хувь хүний бие даасан байдал, санхүүгийн эрх чөлөө, олон улсын түвшинд өрсөлдөх боломж юм. Монголд энэ чиглэл өнөөдрийн байдлаар хангалттай хөгжөөгүй байгаа ч ирээдүйд ажлын байрны нэгэн төрөл болон байр сууриа бататгах нь гарцаагүй болжээ.

    Эцэст нь хэлэхэд — фриланс бол ирээдүй биш, аль хэдийнээ эхэлчихсэн одоо цаг. Харин энэ боломжийг ашиглах эсэх нь таны гарт байна.

  • Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Ажлын орчинд анхаарах ёстой 7 Red flag

    Анхны өдөр гэгээлэг орчин, найрсаг инээмсэглэл дунд угтан авсан шинэ ажил тань хэдхэн долоо хоногийн дараа сэтгэл зовоосон, дарамттай санагдаж эхэлсэн бол яах вэ? Хэрэв та өөрийгөө буруу газар ирчихсэн мэт мэдэрч, саяхан ажилд орсон ч хаа нэг тийш зугтмаар санагдаж байвал — асуудлыг зөвхөн өөрөөсөө бус, харин ажлын орчноосоо нэг сайн харж дүгнэх хэрэгтэй.             

    LinkedIn-ийн 2024 оны “Workplace Trends” судалгаагаар мэргэжилтнүүдийн 63% нь “red flag” буюу анхааруулах дохио мэдрэгдэх үед шинэ ажлын байр хайж эхэлдэг гэжээ.

    Таны ажиллаж буй байгууллагад дараах 7 анхааруулах дохио ажиглагдаж байна уу?

    1.  Ажлын үүрэг тодорхойгүй, байнга өөрчлөгддөг

    Анкет илгээхэд бичсэн ажил үүргээс тэс өөр зүйл хийж байвал, эсвэл өдөр бүр шинэ даалгавар өгч, хариуцлага, чиглэл нь тодорхойгүй байвал энэ нь удирдлагын менежментийн сул тал, ажилтны эрхийг үл хүндэлж буйн хамгийн том илрэл юм.

    2. Илүү цагаар ажиллуулдаг ч нөхөн олговоргүй

    Зарим үед илүү цагаар ажиллах шаардлагатай байж болно. Гэвч энэ нь тогтмол, нөхөн төлбөргүй, зохион байгуулалтгүй бол таны ажил амьдралын тэнцвэр алдагдаж байна гэсэн үг.

    3. Хов жив, дарамт, ялгаварлал давамгайлсан орчин

    Хов жив, ялгаварлал, дарамт шахалт мэдрэгддэг бол энэ нь хортой соёл тогтсоны илрэл. Ийм орчинд бүтээлч байдал, итгэлцэл, хамтын ажиллагаа хөгждөггүй.

    4.  Хүний нөөцийн бодлого сул, ажилтнаа үл ойшоодог

    Гомдол гаргах боломжгүй, санал санаачилга сонсогддоггүй, дүрэм журам ойлгомжгүй бол байгууллага таныг хүн биш “нөөц” гэж үзэж байгаагийн дохио юм.

    5. Шүүмжлэлээр удирдаж “айдас дээр суурилсан” соёл

    Хүн бүр алдаанаасаа суралцаж, илүү сайжирдаг. Алдаанаас суралцах орчин байх ёстой атал ажилтнууд буруудах вий, алдчихвий гэж айж, илүү их стресстэй ажилладаг бол энэ нь урам зориг, бүтээмжид ноцтой сөргөөр нөлөөлдөг.

    6. Байнга шинэ хүмүүс ирж, тогтвортой ажилтан байдаггүй

    Шинэ хүн ирээд удахгүй ажлаа орхидог бол энэ нь байгууллагын соёл, удирдлагын арга барилд ноцтой асуудал байгааг илтгэнэ.

    7.  Таны үнэ цэнийг үгүйсгэж, хөгжих орон зай үгүйсгэдэг

    Хичнээн сайн ажилласан ч үнэлэгддэггүй, итгэл хүлээлгэдэггүй, өсөх боломжгүй бол энэ орчинд таны ирээдүй гэрэлтэй байх магадлал багатай.

    Хэрэв дараах шинжүүдээс 2 буюу түүнээс олон нь танд танил санагдаж байвал та асуудлыг үл тоох бус, өөрийгөө хамгаалах цаг иржээ.

    Тэгвэл одоо би юу хийх хэрэгтэй вэ? 

    • Цалин, туршлагад хууртах бус бодит нөхцөл байдлаа үнэлээрэй.

    • Найдвартай хүний нөөцийн мэргэжилтэн, эсвэл итгэлтэй нэгэнтэй нээлттэй ярилц.

    • Өөрийгөө буруутгах бус, зорилгоо санаж шийдвэр гарга.

    Таныг үнэлдэггүй, байнгын стресс, дарамт үүсгэдэг орчноос холдох зоригтой байгаарай. Та найрсаг, тогтвортой, хөгжих боломжтой орчинд ажиллах боломжтой, үнэ цэнтэй мэргэжилтэн юм шүү.

    Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

     

     

  • Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын анкет илгээхээс өмнө өөрөөсөө асуух чухал 10 асуулт

    Ажлын зар харангуутаа “За, ийшээ шууд анкет илгээе” гэж боддог уу? Гэхдээ түр азнаарай… доорх чухал 10 асуултуудыг өөрөөсөө асуусны дараа анкет илгээвэл  илүү оновчтой, өөрт тохирсон урт хугацааны зөв сонголт хийж чадах болно шүү.

    1. Би энэ ажилд үнэхээр дуртай юу?

    • Та энэ ажлыг хийхдээ сэтгэл ханамжтай байж чадах уу?
    • Эсвэл зүгээр л орлогын хэрэгцээнээс үүдэн анкетаа илгээж байна уу? гэдгийг заавал өөрөөсөө асуугаарай.

    Судалгаагаар  дуртай ажлаа хийдэг хүмүүсийн бүтээмж 33%-иар өндөр, ажлын байрандаа тогтвор суурьшилтай байх нь 2 дахин илүү байдаг.

    2. Ажлын байрны шаардлага миний ур чадвар хэр нийцэж байна вэ?

    • Ажлын байранд дурдсан шаардлагуудтай та нийцэж байна уу?
    • Ур чадварынхаа түвшинг бодитоор дүгнэж чадсан уу?

              Санамж: Таарахгүй ажлын байранд анкет илгээх нь таны өөртөө итгэх итгэлд сөргөөр нөлөөлж болзошгүй байдаг.

    3. Байгууллагын эрхэм зорилго, үнэт зүйлтэй би нийцэж чадах уу?

    • Ямар байгууллагад анкетаа илгээж байгаагаа судалж үзсэн үү?
    • Тухайн байгууллагын соёл, үнэт зүйлс таатай санагдаж байна уу?

    Жишээ: Та бүтээлч, уян хатан орчинд ажиллах дуртай бол, хэт их шат дамжлага бүхий байгууллагад дасан зохицох хэцүү байж мэднэ.

    4. Энэхүү ажлын байр ирээдүйд карьерын өсөлт хийх боломжтой юу?

    “Ямар ч ажил байхад болно” гэж яарах биш, “энэ ажилд орсноор ирээдүйд карьерын хувьд өсөн дэвших боломжтой юу?” гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зүгээр л ажилтай болохоос илүү, энэ сонголт таны кареерийн замд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг тунгаах хэрэгтэй.

    5. Миний CV тухайн ажлын шаардлагад нийцэж байна уу?

    Хэт ерөнхий, эсвэл нэг загварын хэдэн жилийн турш ашиглаж байгаа CV нь HR-ийн анхаарлыг татах магадлалыг бууруулдаг. Тухайн зарын шаардлагад нийцүүлэн CV-гээ өөрчилсөн үү? ЭНД ДАРЖ тухайн ажлын байранд таны CV хэдэн хувь тохирч байгааг ганц товшилтоор мэдээрэй.

    6. Би яагаад энэ ажилд орохыг хүсэж байна вэ?

    • Яагаад энэ байгууллага?
    • Яагаад энэ албан тушаал?

    Энгийн мэт боловч энэ асуултад хариулахдаа өөртөө үнэнч хандаж, өөрийн зорилго, сонирхлыг тодорхойлж чадвал та бусдаас ялгарч чадах болно.

    7. Миний давуу ба сул тал энэ ажилд хэрхэн нөлөөлөх вэ?

    • Аль чадвараа бүрэн ашиглаж чадах вэ?
    • Ямар сул тал дээрээ анхаарах хэрэгтэй вэ?                                                                                                                                                                                                                                                                  Бие даан, бодитоор өөрийгөө дүгнэх цаг иржээ. Аль давуу талаа илүү ашиглаж, ямар сул талаа сайжруулах шаардлагатай вэ гэдгээ ойлгож байж анкет илгээх нь ажилд орох дараа дараагийн алхмуудыг илүү хөнгөвчилж өгнө.

    8. Өмнөх ажлын туршлагаасаа ямар ур чадварыг энэ ажилд ашиглаж чадах вэ?

    • Сургалт, клуб, сайн дурын ажил — бүгдийг тооцоорой.
    • Ямар чадваруудыг шууд ашиглаж болох вэ?

    Жишээ: Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан бол бичгийн болон судалгааны чадвараа тодотгох дасгал ажлуудыг хийж үзээрэй.

    9. Би энэ байгууллагад ямар хувь нэмэр оруулж чадах вэ?

    Таныг ажилд авах хамгийн том шалтгааныг өөрөөсөө асуугаарай: “Би юу хийж чадах вэ?”

    10. Анкет илгээсний дараа би юу хийх вэ?

    • Хариу хүлээгээд суух уу, эсвэл өөр ажил судлах уу ?
    • Тухайн ажлын байртай холбогдох дугаар луу залгаад өөрийгөө танилцуулж, анкет илгээснээ мэдэгдэхэд буруудах зүйл байхгүй шүү.

    Анкет бол зүгээр нэг файл биш. Энэ бол таныг танилцуулах, үнэлүүлэх, мөрөөдлийн ажилд хүрэх гүүр юм. Тиймээс анкет илгээх бүрдээ өөрөөсөө эдгээр 10 асуултыг асууж, үнэхээр таны хүсэн хүлээж буй, үнэ цэнийг тань ойлгож үнэлэх газар мөн эсэхийг шалгаарай.

    Дараагийн алхам: Та эдгээр асуултад хариулж дууссан бол, одоо CV болон анкетынхаа чанарыг ЭНД ДАРЖ сайжруулаарай.

  • Яагаад цалингаас илүү карьерын өсөлт чухал вэ?

    Яагаад цалингаас илүү карьерын өсөлт чухал вэ?

           Шинэ ажлын зар харангуутаа хүмүүс хамгийн түрүүнд “Цалин хэд вэ?” гэж асуудаг. Мэдээж орлого бол амьдралын чухал хэсэг. Гэхдээ цалин өндөр байна гэдэг нь урт хугацаанд сэтгэл ханамжтай ажиллах баталгаа болж чаддаггүй байна.

    Gallup-ийн 2023 оны судалгаагаар, тасралтгүй хөгжих боломжгүй орчинд ажиллаж буй хүмүүсийн ажлын сэтгэл ханамж 63%-иар буурдаг бөгөөд тэд илүү хурдан ядарч, бүтээмж багатай болдог байна. Энэхүү нийтлэлээр яагаад  цалингаас илүү кареьрын өсөлт  чухал болохыг товч бөгөөд тодорхой хүүрнэлээ. 

    1. Цалин бол өнөөдөр, карьер бол ирээдүй

    Сар бүрийн орлого түр зуур таныг сэтгэл хангалуун байлгаж мэднэ. Гэхдээ нэг байрандаа удаан “гацаад” байвал хэдэн жилийн дараа:

    • Өөрийгөө хөгжүүлээгүй
    • Цалин өсөөгүй
    • Шинэ боломжууд хаалттай болох эрсдэлтэй.

    Харин карьерын өсөлттэй ажил гэдэг нь:

    • Албан тушаалын шат ахих боломжоор дүүрэн
    • Илүү хариуцлагатай, үнэ цэнтэй үүрэг гүйцэтгэх
    • Өөртөө итгэлтэй, бие даасан мэргэжилтэн болох боломжийг өгдөг.
    1. Карьерын өсөлт таныг тасралтгүй хөгжүүлдэг гэдгийг санах хэрэгтэй.

    Тасралтгүй сурч, шинэ ур чадвар эзэмших нь цалингаа нэмэх хамгийн ухаалаг зам.
    Харин карьертаа өсөлт хийх боломжгүй ажлын байранд:

    • Сурах зүйл хязгаарлагдмар
    • Бүтээлч байдал унтардаг
    • Ажлаасаа уйдах хандлага үүсдэг
    1. Ирээдүйд юу бүтээх вэ гэдэг хамгийн чухал

    Өнөөдрөөс 5 жилийн дараа өөрийгөө хэрхэн харж байна вэ?

    • Удирдах албан тушаал?
    • Мэргэжлийн эксперт?
    • Хувийн брэнд, хүндлэл?

    Эдгээрийг бодож сонголтоо хийхгүй бол цалин сайн ч гэлээ “орлого-зарлага”-ын мөчлөгөөс хэзээ ч гарч чадахгүй.

    1. Карьер өссөнөөр цалин аяндаа дагаад өсдөг

    Хамгийн амжилттай явж байгаа хүмүүс бүгд анхны ажлаа “цалингийн хэмжээгээр” бус, суралцах орчин, өсөлтийн замнараал нь сонгосон байдаг.
    Тэд дараагийн шатанд очих тусам:

    • Цалин дагаад өсдөг
    • Сонголтууд нэмэгддэг
    • Зах зээл дээр үнэ цэн нь өндөр болдог

     Эцэст нь:

    Цалин таныг 1 сарын турш урамшуулдаг бол карьерын өсөлт таныг амьдралын турш урамшуулдаг.  Тиймээс дараагийн ажлаа сонгохдоо “Эндээс би юу сурч, хэрхэн өсөн дэвжих вэ?” гэж өөрөөсөө асуугаарай.
    Магадгүй цалин бага байж болох ч, энэ сонголт таны мөрөөдлийн карьерт хүрэх эхлэл байж ч мэднэ шүү. Өөрийн үнэ цэнэ, ур чадвараа нээж, алсын хараагаа бодит болгох алхмуудыг хийхэд тань гүүр болох https://lambda.global/ платформ дээр  Монголын хамгийн шилдэг, таатай орчин нөхцөлтэй байгууллагууд таныг хайж, хүлээж байгаа шүү.

  • Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Ажилтай ч, ажилдаа сэтгэл хангалуун биш байна яах вэ?

    Өглөө бүр өнөөх л нэгэн хэвийн уйтгартай, залхсан янзаар ажилдаа арай гэж очиж, өдрийг ямар ч үр бүтээмжгүй өнгөрүүлж байгаа юм биш биз? Бүтэн цагийн ажилтай, орлоготой ч нэг л зүйл болж өгөхгүй, цаанаасаа л ядраад, урам зориг үгүйлэгдээд сэтгэл дундуур байна уу?  

    Хэрвээ та энэ мэдрэмжтэй өдөр бүр нүүр тулж байгаа бол дараах нийтлэлийг анхааралтай уншаарай. Танд хэрэгтэй үнэт зөвлөгөөнүүд энд байна.

    Gallup-ийн 2023 оны олон улсын судалгаагаар дэлхийн хэмжээнд ажилтнуудын зөвхөн 23% нь ажлын байрандаа бүрэн сэтгэл хангалуун байдаг гэж хариулжээ. Харин үлдсэн 77% нь “зүгээр л цалингаа аваад ажиллаж байна” эсвэл бүр “сөрөг сэтгэлтэй ажиллаж байна” гэжээ. 

    ❓ Яагаад ажилдаа сэтгэл ханамжгүй болдог вэ?

    1. Өсөлтгүй орчин

    Нэгэн хэвийн, давтагддаг ажил нь таны бүтээлч сэтгэлгээг бууруулж, улмаар өсөн дэвших боломжгүй мэт мэдрэмж төрүүлдэг.

    2. Удирдлагын арга барил

    Таны гаргасан шинэ санаа, шийдлийг байнга үгүйсгэх, хийж бүтээж байгаа ажлыг тань үнэлдэггүй удирдлагатай бол сэтгэл ханамж буурдаг байна.

    3. Ажлын ачаалал ба цалин

    Хэт их үүрэг хариуцлагатай, олон цаг ажиллаж байгаа ч цалингийн үнэлгээ бага бол сэтгэл ханамжийг үгүй хийдэг.

    4. Зорилгын зөрүү

    Та өөрийн хүсэл, үнэт зүйл, чадварт нийцэхгүй ажил хийж яваа бол ажилдаа ямар ч сэтгэл ханамжгүй, гацсан мэдрэмжтэй, эрч хүчгүй болдог.

    Энэ байдлаас хэрхэн гарах вэ?

    1.  Өөрөөсөө асуу

    • Энэ ажлын юу нь надад таалагддаггүй вэ?
    • Юуг өөрчилбөл илүү сэтгэл ханамжтай байж чадах вэ?

    2. Ажлын орчноо анхааралтай ажигла

    Асуудал ганц танд биш байж мэднэ. Багийн уур амьсгал, удирдлагын хандлага, ажлын зохион байгуулалтыг нэг сайн ажигла.

    3.  Бага багаар өөрчлөлт хий

    Шинэ ур чадвар эзэмших, өөр салбарт судалгаа хийх, эсвэл дотоод шилжилтэд оролцох зэрэг алхамууд таны урам зоригийг сэргээж чадна.

    4. Мэргэжлийн зөвлөгөө аваарай

    Карьер коуч эсвэл HR мэргэжилтэнтэй ярилц. Тэд танд шинэ өнцөг, гарц харуулж чадна.

    5. Гарах шийдвэрийг айдсаар биш, зорилгоор удирдуулах

    Заримдаа ажил солих нь таны эрүүл мэнд, урам зориг, цаашдын амьдралын чанарт хамгийн зөв шийдвэр байх тохиолдол бий.

    Ажилдаа сэтгэл хангалуун байх гэдэг нь цалин, албан тушаалын тухай биш. Энэ нь:

    • Хувь хүний хөгжил
    • Үнэлэмж
    • Харилцаа
    • Орчин
    • Зорилготой ажиллах мэдрэмж гэсэн олон хүчин зүйлтэй гүн холбоотой.

    Хэрэв та  ажилдаа сэтгэл хангалуун бус байвал энэ бол таны сул тал биш харин өөрчлөлтийн цаг ирснийг илтгэх дохио байж мэднэ. Ирээдүйнхээ төлөө хийж чадах хамгийн чухал хөрөнгө оруулалт болох өөрийгөө нээж, өөрчлөлт хийх чухал аяллаа  lambda.global-тай хамт эхлүүлээрэй.