Author: Mungun Tuya

  • Давхар ажил эрхлэлт: Боломж уу, бэрхшээл үү?

    Давхар ажил эрхлэлт: Боломж уу, бэрхшээл үү?

    Хөдөлмөрийн зах зээлд нэг ажлын цалингаар амьдралаа хангахад улам бүр бэрх болж байна. Үүний үр дүнд олон хүн үндсэн ажлынхаа хажуугаар нэмэлт орлого олох арга зам хайж, давхар ажил эрхэлж байгаа юм. Давхар ажил эрхлэлт нь хүн нэгэн зэрэг хоёр буюу түүнээс дээш ажил хийхийг хэлдэг. 2023 оны байдлаар Монголд нийт ажиллагсдын 12.4% нь давхар ажил эрхэлдэг ба энэ тоо жилээс жилд нэмэгдэж байна.

    Яагаад хүмүүс давхар ажил хийдэг вэ?

    • Санхүүгийн шаардлага

    Өрхийн орлогын хүрэлцээ муу, инфляцийн өсөлт, зээлийн дарамт зэргээс үүдэн олон хүн үндсэн орлогоороо амьдралаа хангаж чадахгүй байгаа нь давхар ажил хийх нэг гол шалтгаан болдог.

    • Хобби, ур чадвараа ашиглах

    Хүн бүрт дуртай, чөлөөт цагаа зориулдаг хобби бий. Түүгээрээ орлого олох нь давхар ажил хийхийг урамшуулдаг нэг шалтгаан юм. Жишээ нь: дизайнер өдөрт оффист ажилладаг бол орой нь хувиараа график дизайн хийдэг.

    • Карьер, ирээдүйн зорилго

    Ирээдүйд бие даасан бизнес эхлүүлэх, туршлага хуримтлуулах зорилгоор давхар ажил эрхлэх нь залуусын дунд түгээмэл хандлага болж байна.

    Хууль зүйн зохицуулалтын талаар:

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1 дүгээр зүйлд ажилтан нь хоёрдогч ажил эрхлэхийг шууд хориглосон заалт байхгүй. Гэсэн хэдий ч:

    • Ажил олгогчтой байгуулсан гэрээнд давхар ажил эрхлэхийг хязгаарласан тусгай заалт байвал зөрчилд тооцогдох боломжтой.
    • Нууцлал, өрсөлдөөн: Ажилтны ажил олгогчийн бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөхүйц давхар ажил хийх нь хөдөлмөрийн гэрээний зөрчил болж болзошгүй.
    • Цагийн хуваарь, аюулгүй байдал: Хэт ачаалалтай ажиллах нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Энэ тохиолдолд ажил олгогч хариуцлага хүлээх үндэслэлтэй болдог.

    Ажил олгогчдын байр суурь:

    • Дэмждэг байгууллага:
      Зарим байгууллага давхар ажил эрхлэлтийг уян хатан байдлаар дэмжиж, ажилтнуудаа хөгжих, туршлага хуримтлуулах боломжийг олгодог. Тухайлбал, технологийн салбарын компаниуд ажилтнуудаа side-project хийхийг зөвшөөрдөг.
    • Сөрөг хандлагатай ажил олгогчид
      Гэвч олон байгууллага давхар ажил эрхлэлтийг эрс эсэргүүцдэг. Учир нь:
    • Хариуцлага алдагдах магадлал
    • Ажлын гүйцэтгэл буурах
    • Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал алдагдах

    Сэтгэлзүйн болон нийгмийн нөлөө

    Судалгаагаар давхар ажил хийдэг хүмүүсийн 45% нь архаг стресс, 33% нь уур уцаартай болж буйгаа илэрхийлсэн байдаг. Ялангуяа ажлын болон амьдралын тэнцвэрийг алдагдуулах хандлагатай. Үүнээс сэргийлэхийн тулд:

    • Цагийн менежмент сайн байх
    • Ачааллаа зөв хуваарилах
    • Эрүүл мэнддээ анхаарах шаардлагатай.

    Давхар ажил эрхлэлт нь зөвхөн орлого нэмэгдүүлэх шийдэл биш. Энэ нь хууль эрх зүйн зохицуулалт, ажил олгогчийн итгэлцэл, хувь хүний эрүүл мэнд, амьдралын чанарт ч нөлөөлдөг. Тиймээс давхар ажил эрхлэхийн өмнө эрүүл мэнд, сэтгэл зүй болон эрх зүйн болон бодит нөхцөл байдлаа сайтар ойлгох нь шаардлагатай юм. https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү?

  • Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь

    Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь

    Өглөө бүр ажилдаа явахдаа бид зөвхөн цалин авах гэж явдаг уу? Эсвэл илүү гүн утга агуулгатай зүйл хайж явдаг уу?Аливаа ажилд чин сэтгэлээсээ хандах гэдэг нь тухайн ажил ямар ч байсан хамаагүй, түүнийг хариуцлагатай, сэтгэл гарган, бүтээлчээр хийх гэсэн ёс зүйн хандлага юм.

    Чин сэтгэл гэж юу вэ?

    Чин сэтгэл гэдэг нь зөвхөн ажлыг гүйцэтгэх буюу хийх биш өөрийн үүргээ ухамсарлан биелүүлэх, үр дүнд нь бусдад нөлөөлж, өөрийгөө хөгжүүлэх сэтгэл зүрхнээс гарсан эерэг хандлага юм.“Энэ миний хийх ажил мөн үү?” гэхээс илүүтэй “Энэ ажлыг яаж хамгийн сайн хийж болох вэ?” гэж асуухаас чин сэтгэл эхэлдэг гэж хэлж болно. 

    Судалгаа, баримтуудаас үзэхэд: 

    • Harvard Business Review (2022)
      Ажилтнуудын 85% нь ажлаасаа сэтгэл ханамж авах гол шалтгаан нь утга учир мэдрэх, сэтгэлээсээ хандахтай холбоотой гэжээ.
    • Gallup Global Workplace Report (2023)
      Ажилдаа сэтгэлээсээ ханддаг ажилтнуудын бүтээмж 23%-аар илүү байдаг байна.
    • HR Mongolia (2023)
      Монголын ажил олгогчдын 72% нь “ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг хүнтэй хамтарч ажиллах нь ур чадвар өндөртэй хүнтэй ажиллахаас илүү чухал” гэж үздэг байна.

    Чин сэтгэлийн нөлөөний талаар хамтдаа мэдэж авцгаая. 

    Ажилтан талаас:

    • Өөрийн ажлаараа бахархах мэдрэмж төрж, урам зоригтой ажилладаг. 
    • Шинэ санаа, бүтээлч хандлага бий болдог.
    • Карьерийн өсөлт хурдан явагддаг.

    Байгууллага талаас:

    • Харилцагчийн сэтгэл ханамж нэмэгддэг.
    • Хариуцлага, хүндлэл бүхий ажлын орчин бүрддэг.
    • Бүтээмж, ашиг орлого өсдөг.

    Хэрхэн ажилдаа чин сэтгэлээсээ хандах вэ?

    1. Өөрийн ажлын үнэ цэнийг ойлгох
      “Би хийж буй ажлаараа хэнд, юунд тусалж байна вэ?” гэж өөрөөсөө асуугаад үзээрэй. 
    2. Хэрэглэгч, хамт олноо анзаарах
      Хийж буй зүйлс бусдад хэрхэн нөлөөлж байгааг ойлгох нь урам өгдөг.
    3. Суралцсаар байх
      Ажлыг сайн хийж, улам сайжруулахын тулд шинэ зүйл турших, өөрийгөө хөгжүүлэх нь чухал.
    4. Байнга өөрийгөө үнэлэх
      “Би өнөөдөр хамгийн сайн байдлаараа ажилласан уу?” гэж өөрөөсөө асуух нь энгийн боловч итгэмээргүй үр дүнг авчрах болно.

    Дүгнээд хэлэхэд:

    “Чин сэтгэлтэй ажиллана” гэдэг нь зөвхөн ажлын байрны асуудал биш, амьдралдаа хандах хандлагын илэрхийлэл юм.Өнөөдөр чи ямар ажил хийж байгаагаас үл хамааран, ажлаа хэрхэн хийж байгаа нь таны үнэт чанарыг тодорхойлж чадна. Ажилдаа чин сэтгэлээсээ хандах нь хувь хүний урт хугацааны карьерын өсөлт, өөрийгөө нээх, хөгжих гол үндэс болдог. LAMBDA танд ур чадвар, мэдлэгээ бодитоор үнэлүүлэн, хамгийн тохирсон ажлыг олох боломжийг олгодог шүү. 

  • “Skilling Up” буюу тасралтгүй суралцах нь

    “Skilling Up” буюу тасралтгүй суралцах нь

    21-р зууны ажлын байр, карьерын орчин хурдтай хувьсаж байна. Хөгжлийн хурдаас хоцрохгүйн тулд ажил мэргэжил, ур чадвараа тасралтгүй шинэчилж, өөрийгөө хөгжүүлж байх шаардлагатай. Үүнийг л олон улсад “Skilling Up” гэж нэрлэдэг. Энэ нь “нэг мэргэжилтэй байхад хангалттай” гэсэн хуучин ойлголтыг үгүйсгэж, насан турш суралцах, өөрчлөлтөд дасан зохицох чадвар нь “ажлын байрны баталгаа” болж байгааг баталдаг.

    Судалгаа: Шинэ ур чадвар – шинэ амьдрал 

    Дэлхий дахинд: WEF-ийн Future of Jobs Report 2023-т дурдсанаар

    • 2027 он гэхэд дэлхийн ажилчдын 44% нь шинэ ур чадвар эзэмших шаардлагатай болно.
    • Хиймэл оюун ухаан, автоматжуулалт, дижитал шилжилт уламжлалт ажлын байрны бүтцийг өөрчилж байна.

    McKinsey Global Institute-ийн тооцоогоор2030 он гэхэд 375 сая хүн өөр чиглэлд дахин мэргэших шаардлагатай болно.

    Монгол Улсад:

    • ХНХЯ-ны 2024 оны судалгаагаар Монголд ажилгүй иргэдийн 60% нь хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа ур чадвар эзэмшээгүй байна.
    • HR Mongolia-ийн ажлын зарын шинжилгээгээр компаниудын 68% нь тухайн албан тушаалд туршлагаас гадна тодорхой ур чадвар шаардаж байгааг онцолсон.

    Skilling Up гэж яг юу вэ?

    “Skilling Up” гэдэг нь:

    • Шинэ мэдлэг, ур чадвар эзэмших
    • Өмнөх чадвараа шинэчлэн сайжруулах
    • Зах зээлд эрэлттэй компетенц бий болгох үйл явц юм.

    Энэ нь зөвхөн мэргэжлийн сургалт, дипломтой холбоотой биш. Харин хувь хүний хөгжлийн амьд процесс юм.

    Тасралтгүй суралцах нь ямар ашигтай вэ?

    1. Карьерын баталгаа
      – Мэргэжлийн чиглэл өөрчлөгдөх үед ажилгүй болохоос сэргийлнэ.
      – Өөрийн үнэ цэнийг нэмэгдүүлнэ.
    2. Орлогын өсөлт
      Skills-based hiring буюу ур чадвар дээр суурилсан цалин тогтоох хэлбэр түгээмэл болж байна.
    3. Өөртөө итгэх итгэл
      – Өөрийгөө хөгжүүлэх нь хувь хүний үнэлэмжийг өсгөж, сэтгэл ханамж нэмэгдүүлдэг.
    4. Шинэ салбарт орох боломж
      Data analyst, UX дизайнер, AI судлаач гэх мэт шинэ ажлуудад орох боломж нээгдэнэ.

    Skilling Up хийх 5 алхам

    1. Өөрийгөө үнэл
      – Би юу мэдэх вэ? Юу сурах хэрэгтэй вэ?
      MBTI, Career Personality Test, Skills Audit хийх
    2.  Зорилгоо тодорхой болго
      – “Юуны төлөө сурах вэ?”
      – 6 сарын, 1 жилийн карьер төлөвлөгөө гаргах
    3. Нөөцөө зөв ашигла
      – Онлайн платформ: Coursera, EdX, Udemy, Khan Academy, 
      Монголд: Nomad School, Nest Academy, Lambda global
    4. Сурсан зүйлээ хэрэгжүүл
    5. Давтан, гүнзгийрүүл
      – унших, бичих, заах, турших замаар жинхэнэ чадварыг бий болго

    Эцэст нь:

    Skilling Up бол сонголт биш — шаардлага юм. Ирээдүйн ажил мэргэжил гэдэг тодорхой биш болсон энэ үед ур чадваргүй бол боломж хаагдана. Харин тасралтгүй суралцаж буй хэн бүхэнд ямар ч боломж нээлттэй байх болно. https://lambda.global таны мэргэжлийн хөгжлийн замд хамтдаа урагшлах үнэнч зөвлөх байх болно. 

  •  Санхүүгээ залгуулах уу, карьераа бэлдэх үү?

     Санхүүгээ залгуулах уу, карьераа бэлдэх үү?

    “Их сургуульд орж л чадвал, амьдрал сайхан болно” — гэдэг бодлоор олон оюутан их сургуулийн босгыг алхдаг.  Гэвч сургалтын төлбөр, түрээс, хоол унд, унаа-эдгээр зардал оюутны мөрөөдлийг бодит амьдралтай огтлолцуулахад хүргэдэг. Үр дүнд нь тэдний дийлэнх нь цагийн ажил хийх гарц руу чиглэдэг гэхэд хилсдэхгүй. Харин энэ шийдвэр зөвхөн мөнгө олох тухай биш, ирээдүйн амьдралын замд ихээхэн нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү?

    Судалгаануудаас үзэхэд:

    • Монгол Улсад 2023 оны байдлаар оюутнуудын 38% нь ямар нэг хэлбэрээр цагийн болон түр ажил эрхэлдэг гэж Үндэсний статистикийн хороо мэдээлжээ. Харин ХНХЯ-ны судалгаагаар, “сургуулиа орхихоор бодож байсан” оюутнуудын 65% нь шалтгаан нь санхүүгийн хүндрэл гэж хариулсан байна.

    Дэлхий нийтэд ч мөн адил:

    • АНУ: Оюутнуудын 43% нь хичээлийн хажуугаар ажил хийдэг (NCES, 2022)
    • Япон: 80% нь цагийн ажил хийдэг бөгөөд ихэнх нь өөрийгөө хөгжүүлэх зорилготой (Benesse Research, 2023)
    • Герман: Ихэнх их сургуулиуд уян хатан хуваарь санал болгодог бөгөөд оюутнуудын 2/3 нь ажил эрхэлдэг (DAAD, 2023)

    Цагийн ажил оюутны амьдралд эерэгээр хэрхэн нөлөөлдөг вэ?

    1.  Санхүүгийн ачааллыг бууруулна
    2. Амьдралын ухаан, хариуцлага суулгаж өгдөг
    3. Зөөлөн ур чадварууд хөгждөг- Харилцаа багийн ажиллагаа, үйлчилгээний соёл зэрэг чадварууд нь ирээдүйн аливаа ажилд үнэлэгддэг.
    4. Ажлын анхны туршлага болж өгдөг- Дипломоос илүү туршлага үнэлэгддэг болсон өнөө цагт, анхнаасаа ажил хийж эхэлсэн оюутан хөдөлмөрийн зах зээлд илүү өрсөлдөх чадвартай байдаг. Түүнчлэн HR Mongolia-ийн 2024 оны ажлын зарын дүн шинжилгээгээр, ажлын байрны 63% нь “туршлага шаардана” гэсэн нөхцөлтэй байжээ.

     Эрсдэл, сорилтууд:

    • Сурлагад сөргөөр нөлөөлж болзошгүй – Deakin University (Австрали)-ийн судалгаагаар 7 хоногт 20 цагаас дээш ажил хийдэг оюутнуудын 70% нь дүнгээ алдаж байсан байна.
    • Эрүүл мэнд, стресс – Ажил + хичээл = ядралт, стресс, төвлөрөл бууралт
    • Мэргэжлийн  бус ажил сонгох – Түр хугацааны орлого авч, чиглэлээсээ хөндийрөх, ирээдүйд чиглүүлэх карьерын итгэл буурах эрсдэлтэй байдаг. 

     Зөв тэнцвэр олох 3 асуулт буюу цагийн ажил хийхээр төлөвлөж байгаа оюутан та өөрөөсөө доорх 3 асуултыг асуугаад үзээрэй. 

    1. Энэ ажил надад ур чадвар өгч байна уу?
    2. Энэ ажил миний мэргэжилтэй уялдаж байна уу?
    3. Би сурлагаа хохироохгүйгээр зохицуулж чадаж байна уу?

     Боловсрол ба ажил — зөрчил биш, зохицол байж болно. 

    Монголд ажил олгогчдын зүгээс дадлагажсан, “бэлэн хүн” хайдаг болсон. Энэ нь оюутнуудыг сургалтын хажуугаар ажил хийхийг шаардах бодит нийгмийн дарамт болж байна. Гэхдээ үүнд “өөрийгөө үнэгүй ашиглуулж болохгүй” гэдэг зарчим мөн хамаарна.Таны цаг бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө. Оюутан байхдаа цагийн ажил хийх нь зөв сонголт байж болно. Гэхдээ зөвхөн өнөөдрийн орлогоос илүүтэй, маргаашийн амьдралд хэрхэн хөрөнгө оруулалт хийх вэ гэдэг өнцгөөс харах нь хамгийн чухал. Ямар ч ажил хийж байсан бай, сурлагаа, зорилгоо, мэргэжлээ мартахгүй байх нь оюутны ирээдүйн амжилтын үндэс юм. Илүү олон сонирхолтой, танд хэрэгтэй нийтлэлийг https://lambda.global/blog  -оос уншаарай.

     

     

  • Ажилтны эрх болон үүргийн талаар бүгдийг

    Ажилтны эрх болон үүргийн талаар бүгдийг

    Ажилтны эрх ба үүрэг Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцаа нарийн зохицуулалт шаардсан түвшинд хүрээд байна. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед зөвхөн ажил гүйцэтгэх бус, эрх, үүргийн тэнцвэртэй байдал маш чухал. Гэвч олон ажилтан өөрийн эрх, үүргийг бүрэн мэдэлгүйгээр хөдөлмөр эрхэлдэг нь эргээд зөрчил, хохиролд хүргэх эрсдэлтэй.

    Ажилтны эрх гэж юу вэ?

    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу ажилтанд дараах үндсэн эрхүүд хамаарна:

    •  Аюулгүй, эрүүл орчинд ажиллах
    •  Цалин хөлс, урамшуулал, нэмэгдэл хөлсөө хугацаанд нь бүрэн авах
    • Амралт, чөлөө авах
    • Хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх
    • Нийгмийн даатгалд хамрагдах
    • Хөдөлмөрийн нөхцөлд өөрчлөлт орсон тохиолдолд мэдээлэл авах
    • Үйлдвэрчний эвлэлд нэгдэн оролцох эрх

    Эдгээр эрх нь ажил олгогчоос шалтгаалалгүйгээр ажилтанд хуулиар олгогдсон баталгаат эрх бөгөөд ямар ч гэрээний хүрээнд хасагдах ёсгүй. Хүний эрхийн үндэсний комиссын 2022 оны тайланд дурдсанаар, хөдөлмөрийн эрхийн талаарх мэдлэг дутмагаас болж 10 ажилтнаас 6 нь эрхээ зөрчүүлсэн тохиолдолд эсэргүүцэж чаддаггүй гэсэн байна.

    Ажилтны үүрэг гэж яг юу вэ?

    Тухайн ажилтан өөрийн ажлын байранд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод журам, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу биелүүлэх ёстой албан ёсны хариуцлагууд юм. Үүрэг гэдэг нь зөвхөн “ажлаа хийх” бус, хэрхэн хийх, ямар хандлагатай байх, байгууллагын соёлд хэрхэн нийцэхийг ч хамардаг.
    Ажилтны үндсэн үүргүүд
    Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 45 дугаар зүйлд зааснаар ажилтны дараах үүрэг хуулиар тогтоогдсон:

    1. Ажил үүргээ үнэнч шударгаар гүйцэтгэх
      Ажлаа хариуцлагатай хийх, хугацаанд нь гүйцэтгэх, чанартай гаргах.
    2.  Хөдөлмөрийн дэг журмыг сахих
      Цаг баримтлах, байгууллагын дүрэм журамд захирагдах.
    3. Аюулгүй ажиллагааны заавар мөрдөх
      Ажлын байрны ослоос сэргийлэх, аюулгүй ажиллагааны сургалтанд хамрагдах, хувийн хамгаалах хэрэгслийг тогтмол хэрэглэх.
    4. Нууц хадгалах үүрэг
      Байгууллагын дотоод мэдээлэл, харилцагчийн мэдээлэл, бизнесийн нууцыг задруулахгүй байх.
    5. Ёс зүйн болон хариуцлагын хэм хэмжээг дагах
      Харилцааны соёл, хүндэтгэлтэй хандлага, багийн уур амьсгалыг бий болгох.
    6. Хохирол учруулсан бол нөхөн төлөх
      Хуулиар тогтоосон нөхцөлд хохирлыг барагдуулах үүрэгтэй.

    Үүргээ биелүүлээгүй тохиолдолд юу болдог вэ?

    Хэрвээ ажилтан үүргээ зөрчвөл дараах хууль ёсны хариуцлагууд хүлээх боломжтой:

    •  Сахилгын шийтгэл (сануулга, цалингийн бууруулалт, ажлаас чөлөөлөх)
    • Гэм хохирол барагдуулах (санхүүгийн хохирол учруулсан бол нөхөн төлөх)
    • Шүүхээр шийдвэрлэгдэх маргаан (Хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх комисс/шүүх)
    • Монгол Улсад 2022 онд шийдвэрлэсэн хөдөлмөрийн маргааны 38% нь ажилтан байгууллагын дотоод журам, хөдөлмөрийн гэрээ зөрчсөнтэй холбоотой байсан (ХНХЯ-ны тайлан).

    Үүргээ биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан хариуцлага тооцогдох боломжтой. Гэхдээ үүрэг хүлээж буй ажилтан заавал ажиллах нөхцөлөө бүрэн ойлгож, түүнийг зөвшөөрсөн байх ёстой.  International Labour Organization (ILO)-ийн тайланд дурдсанаар, дэлхийн хэмжээнд 2 тэрбум хүн албан бус хөдөлмөр эрхэлж, эрхээ хамгаалж чадалгүй хөдөлмөрийн мөлжлөгт өртдөг гэжээ. Монгол дахь жишээ: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 2023 оны судалгаагаар, хөдөлмөрийн маргаан, эрх зөрчлийн шалтгаан 60%-д нь ажилтны эрхээ бүрэн мэдэхгүй байдал нөлөөлдөг гэсэн байна.

    Ажилтны эрх ба үүрэг — Тэнцвэртэй харилцааны үндэс

    Ажилтны эрх, үүрэг хоёр нь хөдөлмөрийн харилцааны хоёр талт, харилцан шүтэлцээтэй ойлголт юм. Ажилтан өөрийн эрхийг мэдэх, хамгаалуулах боломжтой байхын тулд зайлшгүй үүргээ ухамсарлаж, хариуцлагатайгаар хэрэгжүүлэх шаардлагатай.

    Эрх нь ажилтны хөдөлмөрлөх нөхцөл, аюулгүй байдал, шударга цалин хөлс, ялгаварлан гадуурхалтгүй орчинд ажиллах зэрэг амин чухал асуудлыг хамрах бол
    Үүрэг нь түүний ажлаа чанартай, шударгаар хийж гүйцэтгэх, хууль журмыг дагах, байгууллагын дотоод соёлд нийцэх зэрэг хариуцлагын талыг илэрхийлдэг. Хэрэв зөвхөн эрхээ шаардаж, үүргээс зугтвал байгууллагын уур амьсгал доройтож, итгэлцэл алдагдана. Харин зөвхөн үүргээ биелүүлээд эрхээ мэдэхгүй бол хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй. Иймээс ажилтан бүр Хөдөлмөрийн тухай хууль, ажлын байрны тодорхойлолт, гэрээний нөхцөл зэргийг сайн ойлгож, эрхээ нэхэхийн зэрэгцээ үүргээ хариуцлагатайгаар хэрэгжүүлэх нь урт хугацаанд тогтвортой, сэтгэл хангалуун, шударга хөдөлмөрийн орчин бүрдүүлэх гол түлхүүр юм.

     

  • Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг юу гэсэн үг вэ?

    Өөрт тохирсон ажил хайн ажлын зар гүйлгэж байх зуур “Цалин тохиролцоно” гэсэн мөрийг олон удаа харж байсан байх. Миний бодож байгаа цалинг өгч чадах болов уу? Яг хэдэн төгрөгний цалин гэдгийг нь бичээгүй нь сэжигтэй санагдаж эргэлзээд өнгөрөх тохиолдол нэлээдгүй билээ. Энэхүү нийтлэл танд эргэлзээ болж үлдсэн асуулт болгонд хариултаа авахад туслана гэж найдаж байна. 

    Ажлын зар дээрх “цалин тохиролцоно” гэдэг нь:

    Цалин тохиролцоно гэх үг  нь ажил олгогчийн зүгээс цалингийн тодорхой дүнг заахгүйгээр, ирээдүйн ярилцлагаар тохиролцоно гэсэн утгыг илэрхийлдэг. Гэхдээ энэхүү хэллэг нь зарим үед тодорхой бус байдал, цалингийн шударга бус тогтолцоог далд хэлбэрээр хадгалсаар байх нэг шалтгаан болдог.

    “Цалин тохиролцоно” гэх үг нь ямар утга агуулдаг вэ?

    1. Ил тод бус байдал – Цалингийн мэдээлэлгүй зар нь ажил горилогчдод харьцуулалт хийх, өөрийн ур чадвартаа тохирсон боломжийг үнэлэх боломжийг хязгаарладаг.
    2. Жендэрийн ялгаа нэмэгдэх эрсдэлтэй – Судалгаагаар, эмэгтэй ажил горилогчид өөрсдийн чадвараа дутуу үнэлэх хандлагатай байдаг тул ижил ажлын байрны цалинг бага санал болгох эсвэл хүлээн зөвшөөрөх магадлал өндөр байдаг.
    3. Харилцааны тэгш бус байдал – Ажил олгогч нь мэдээллийг нууцалж, харин ажил горилогч өөрийн туршлага, шаардлагыг бүрэн илэрхийлэх ёстой болдог. Энэ нь эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг бий болгодог.

    Яагаад зарим байгууллага цалингийн хэмжээг заадагүй вэ?

    • Шууд өрсөлдөгчиддөө байгууллагын мэдээллээ алдахаас сэргийлдэг.
    • Байгууллагын доторх цалингийн зөрүүгээ нууцлахыг хүсдэг.
    • Боломжит хамгийн бага цалинг өгөхийг илүүд үздэг байна.

    Цалингийн хэмжээг ил тод байлгах нь яагаад чухал вэ?

    • OECD (2023) оны судалгаагаар, цалингаа нууцалдаг болон “тохиролцоно” гэх хэллэг ашигладаг орнуудад эмэгтэйчүүдийн цалин ижил ажлын байранд 13–18% бага байдаг нь тогтоогдсон. Энэ нь эмэгтэйчүүд өөрсдийн цалинг илүү доогуур санал болгодог, эсвэл байгууллагууд “тохиролцох” нэрийн дор хямд үнэлдэгтэй холбоотой.
    • АНУ-ын Калифорни, Нью-Йорк, Вашингтон мужуудын хөдөлмөрийн хуульд 2023 оноос эхлэн “ажлын зар дээр цалингийн доод, дээд хязгаарыг заавал оруулах” шаардлагыг хуульчилжээ. Энэ нь ажил горилогчдын мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжсэн, Цалингийн ялгааг бууруулсан, Байгууллагуудын нэр хүндийг өсгөсөн байна.

    Цалингийн тодорхойгүй байдал нь зөвхөн байгууллагын асуудал биш юм. 

    Энэ нь хөдөлмөрийн зах зээл дэх шударга байдал, тэгш эрх, нийгмийн итгэлцэлд шууд нөлөөлдөг. Шинээр ажилд орж тухайн байгууллагатай цалин тохиролцохдоо “Та ямар хэмжээний цалин хүсэж байна вэ?” гэдэг асуултад бэлэн бай. Мөн өөрийн орохыг хүсэж буй ажлын байрны зах зээл дээрх дундаж цалинг судалж, өөрийн ур чадвар, туршлагыг харгалзан үзэж өөрийн хүсэж буй цалингийн хэмжээгээ хэлэх нь зохимжтой юм. Ингэснээр дийлэнх хүмүүсийн цалин тохиролцохдоо гаргадаг нийтлэг алдаанаас сэргийлэх боломжтой. Энгийнээр хэлэхэд цалин тохиролцох гэдэг нь байгууллага болон ажилчид хоорондын “үнэ цэнэ”-г тэнцүүлж буй хэрэг юм. https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг гэдгийг та мэдсэн үү? 

     

     

  • Хөдөлмөрийн хууль: Таны эрхийг хамгаалах мэдлэгийн үндэс

    Хөдөлмөрийн хууль: Таны эрхийг хамгаалах мэдлэгийн үндэс

    Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцаа улам бүр олон талтай, төвөгтэй болж байна. Энэ орчинд хувь хүн өөрийн эрх ашгаа хамгаалж, шударгаар ажиллахын тулд хөдөлмөрийн хуулийг зайлшгүй мэддэг байх шаардлагатай. Хөдөлмөрийн тухай хууль бол ажилтны эрхийг хамгаалах, хөдөлмөрийн шударга харилцааг хангах үндсэн суурь баримт бичиг юм.

    Яагаад хөдөлмөрийн хуулийг унших зайлшгүй хэрэгтэй вэ?

    1. Эрхээ мэдэх нь хамгаалах эхлэл

    Ажилтан бүр дараах эрхтэй байдгийг мэдэх үү?

    • Ажлын байрны аюулгүй, эрүүл орчинд ажиллах
    • Цалин хөлсөө хугацаанд нь бүрэн авах
    • Илүү цагаар ажилласан бол зохих нөхөн олговор авах
    • Амралт, тэтгэвэрт гарах эрхээ эдлэх

    Хэрэв та эдгээр эрхүүдийн аль нэгийг нь мэдэхгүй байвал, ажил олгогч хууль зөрчиж байгааг ч анзаарахгүй өнгөрөх эрсдэлтэй.
    Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалингийн нөхцөл тохирох, ажлаас чөлөөлөх гэх мэт бүх процесс хуульд үндэслэн явах ёстой. Ажил олгогч хууль зөрчиж, таныг үндэслэлгүй ажлаас халсан тохиолдолд та өөрийгөө хамгаалах мэдлэгтэй байх хэрэгтэй.

    2. Ажилд орохоос эхлээд гарах хүртэл хууль хэрэгтэй

    Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цалинг тохирох, ажлаас чөлөөлөх зэрэг бүхий л үйл явц хуулийн дагуу явагдах ёстой. Хэрэв ажил олгогч үндэслэлгүйгээр таныг ажлаас халсан бол та өөрийгөө хамгаалах мэдлэгтэй байх хэрэгтэй.

    3. Хууль мэдэхгүйгээс болж хохирох эрсдэл өндөр

    Хөдөлмөрийн маргааны олонх нь ажилтнуудын хууль мэдэхгүйгээс үүдэлтэй байдаг. Жишээлбэл, халагдах үедээ нөхөн олговор авах эрхтэй гэдгээ мэдэхгүй өнгөрөх, амралтын мөнгө бодитоор бодогдсон эсэхийг нэхэмжлэхгүй байх зэрэг тохиолдол цөөнгүй.

    4. Эрхээ мэддэг ажилтан бол итгэлтэй, үнэ цэнтэй ажилтан

    Та хөдөлмөрийн хууль мэддэг бол ажил олгогч тань таныг илүү хүндэтгэх, хууль зөрчихгүй байхыг анхаардаг. Мөн та өөрийн эрхийг эвдүүлэхгүйгээр ажиллах ухаалаг, ухамсартай нэгэн гэдгээ харуулна.

    5.Цахим нөөц, гарын авлага олширсон тул сурахад амархан болсон

    Өнөө үед хөдөлмөрийн хуулийн тайлбар, гарын авлага, сургалтын бичлэгүүд цахим орчинд олноор бий. Мэргэжлийн байгууллагууд үнэгүй сургалт, зөвлөгөө өгөх нь ч бий. Хуулийг ойлгох нь одоо тийм ч хэцүү зүйл биш боллоо.

    Мэдлэг бол хамгаалалт

    Хөдөлмөрийн харилцаанд та өөрийн мэдлэг, эрх мэдэл дээрээ тулгуурлан оролцох ёстой. Ажил олгогчийн хэлсэн бүхнийг дагаж мөрдөх биш, харин хуульд нийцэж байгаа эсэхийг мэддэг байх нь танд хүч өгнө. Иймээс өнөөдрөөс эхлэн хөдөлмөрийн хуулийг уншиж эхлэх нь таны ирээдүйн амьдралд том хөрөнгө оруулалт болох юм.
    Хөдөлмөрийн хуулийг мэдэхгүй байх нь ажилчдын эрх зөрчигдөх, хөдөлмөрийн нөхцөл муудах, хууль бус үйлдлүүдийг тэвчих зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Дэлхий дахинд болон Монгол Улсад энэ асуудал хэрхэн илэрч байгааг дараах судалгаа, баримтуудаар харуулж болно.

    Судалгаа, баримтаар нотлогдсон үр дагавар

    Монгол Улс дахь нөхцөл байдал

    Монголд:

    • Хөдөлмөрийн гэрээгүй ажиллах
    • Цалинг хугацаанд нь авахгүй байх
    • Илүү цагийн нөхөн олговоргүй байх зэрэг зөрчил олонтаа. Энэ нь хөдөлмөрийн хуулийн талаарх мэдлэг дутмагтай холбоотой.

    Олон улсын жишээ:

    • Бангладеш: Ажилчдын эрхийн мэдлэг дутмагаас болж хөдөлмөрийн хуулийн зөрчил 70%-д хүрдэг. (Advocacy Unified Network)

    • Япон: Хөдөлмөрийн хууль сайн мэддэг оюутнууд ажлын нөхцөлөө сайжруулах чадвартай байдаг.

    • АНУ: 2019 онд хөдөлмөрийн яам 8,500 ажил олгогчийн 287 сая ам.долларын цалин хулгай илрүүлсэн.

    • Олон улсын хөдөлмөрийн байгууллага: Жил бүр 2.78 сая хүн хөдөлмөрийн осол, өвчлөлөөс болж нас бардаг нь аюулгүй ажиллагааны мэдлэг дутмаг байгааг харуулдаг.

    Дүгнээд харахад: 

    Хөдөлмөрийн хуулийг мэддэг байх нь таны амьдралын баталгаа, эрхийн хамгаалалт юм. Ажил олгогч таны эрхийг зөрчихөөс сэргийлэхийн тулд:

    • Хуулиа унших
    •  Сургалтад хамрагдах
    • Эрхээ хэрэгжүүлэх
    • Мэдлэгээр өөрийгөө хамгаалах хэрэгтэй шүү. 

     

  • Цагийн менежмент гэж юу вэ? Үр ашигтай цаг ашиглалт таны амжилтын үндэс

    Цагийн менежмент гэж юу вэ? Үр ашигтай цаг ашиглалт таны амжилтын үндэс

    Өнөөдөр, өчигдөр болон маргаашийн ялгаа ердөө 24 цагт багтана. Энэ 24 цагийг хэрхэн зарцуулж буйгаас хүний амьдралын чанар, амжилт, сэтгэл ханамж, эрүүл мэнд, харилцаа гээд бүхий л зүйл хамаарна. Цаг бол мөнгө шиг хурдан урсдаг, гэхдээ түүний үнэ цэнэ нөхөгдөшгүй.

    Цагийн менежмент гэж юу вэ?

    Цагийн менежмент гэдэг нь хүн өөрийн өнгөрүүлж буй цаг хугацаагаа зөв төлөвлөж, оновчтой ашиглах чадвар юм. Бид өдөр бүр ижил 24 цагтай ч, энэ цагийг хэрхэн зарцуулж буйгаас хамаарч амжилт, бүтээмж, амьдралын чанар өөр өөр байна.

    Жишээ нь: Хоёр хүн ижил ажил хийдэг гэж бодъё. Нэг нь өглөө босоод ажлаа төлөвлөж, хамгийн чухлаас нь эхэлдэг. Нөгөө нь юу түрүүнд хийхээ мэдэхгүй байсаар өдөржин завгүй хэрнээ бага зүйл амжуулдаг.  Уг жишээнээс үзэхэд ажлын хэмжээ биш, ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа нь чухал болох нь харагдана.

    Цагийн менежментгүй амьдралын сөрөг үр дагавар:

    Сүүлийн жилүүдэд дэлхий даяар цагийн менежментгүй байдлаас үүдэлтэй стресс, сэтгэл гутрал, ажлын ядаргаа эрс нэмэгджээ.

    • Statista (2023): Оффисын ажилчдын 60% нь ажил-амьдралын тэнцвэргүй байдлаас болж сэтгэл гутралд өртдөг.

    • Америкийн Сэтгэл судлалын нийгэмлэг (APA): Ажлын стрессийн 41% нь хугацаанд амжихгүй, ачаалал ихтэй холбоотой.

    • Gallup (2022): Менежментийн асуудалтай ажилчид бүтээмжгүй өдрүүдийн улмаас нийт ажлын бүтээмжээ 20%-иар алддаг.

    Цагаа зөв төлөвлөхийн ач тусыг хамтдаа мэдэцгээе.

    Цагийн менежмент нь зөвхөн ажлын үр дүн бус, амьдралын чанарт ч шууд нөлөөлдөг.

    • Harvard Business Review: Өдөр тутмын төлөвлөгөөтэй ажилчид 25-30%-иар илүү бүтээмжтэй байдаг.

    • Brian Tracy: Өдөрт ердөө 15–20 минут төлөвлөх нь 1–2 цаг хэмнэдэг.

    • Dominican University of California: Зорилгоо бичиж тэмдэглэсэн хүмүүсийн 70% нь зорьсон амжилтдаа хүрдэг. Тэгэхээр одооноос цагаа төлөвлөж, амьдралаа хөнгөвчлөх алхмуудад суралцахыг хичээгээрэй. Танд хэрэг болох хэдэн аргыг хуваалцая.

    Цагийг зөв удирдах шилдэг аргууд:

    1. Eisenhower Matrix — Яаралтай болон чухал ажлыг ялгах

    2. Pomodoro техник — 25 минут ажиллаж, 5 минут амрах алдарт зарчим

    3. Төлөвлөгч ашиглах — Google Calendar, Toodis, Notion зэрэг хялбар платформуудыг ашиглаад үзээрэй.

    4. Өдрийн зорилгоо тодорхойлох — Тодорхой, хэмжигдэхүйц, хугацаатай зорилтууд

    Хөдөлмөрийн зах зээл дэх цагийн менежментийн үнэ цэнэ:

    Өнөөдөр хөдөлмөрийн зах зээлд ажил олгогч, ажилтан хоёрын хоорондын харилцаа зөвхөн гүйцэтгэл бус, цаг ашиглалт, бүтээмж, хариуцлага зэрэг хүчин зүйлд тулгуурлаж байна. Цагийг оновчтой удирдаж чаддаг ажилтан нь итгэл төрүүлж, ажлын үнэлгээ нь өсдөг.

    Цаг бол амжилттай амьдралын үндэс

    Цаг хугацаа бол хүний мэдэлд байдаг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө юм. Түүнийг удирдаж сурна гэдэг нь зөвхөн ажлын үр дүнг нэмэгдүүлэх бус, амьдралын тэнцвэр, сэтгэл ханамж, зорилгын биелэлд хүрэх түлхүүр юм. Хэрвээ та өнөөдрийг хий дэмий өнгөрөөж байвал, маргааш таны хүссэн үр дүн гарахгүй байх нь гарцаагүй. Тиймээс “Би цагийг үр дүнтэйгээр ашиглаж байна уу, эсвэл цаг намайг удирдаж байна уу?” гэдэг асуултыг өөртөө үргэлж тавиарай.

    Цагаа үр дүнтэйгээр ашиглаж, өөрийн ур чадвар, мэдлэг туршлагаа бодитоор харахад тань Lambda.global-д  танд туслана. Яг одоо нэгдэж  шилмэл талентуудын нэг болон шилдэг төслүүдтэй холбогдоорой.

  • Цалингаа нуух уу, ил тод байлгах уу?

    Цалингаа нуух уу, ил тод байлгах уу?

    Сарын цалин чинь хэд вэ? гэдэг асуулт олон хүнд хувийн амьдрал руу нь халдаж байгаа мэт эвгүй сэтгэгдэл төрүүлдэг. Манай улсад үйл ажиллагаа явуудж буй дийлэнх байгууллагын ажилчид цалингаа бие биедээ хэлдэггүй, удирдлагууд ч энэ талын мэдээллийг хаалттай байлгахыг илүүд үздэг. Гэтэл энэхүү “цалингийн нууцлал” нь үнэндээ шударга бус байдлыг далдлах, нэгэндээ үл итгэх уур амьсгалыг бүрдүүлэхийн эхлэл юм.

    Яагаад хүмүүс цалингаа нууцалдаг вэ?

    “Миний цалин бусдаас зөрүүтэй байх вий гэх айдас , цалингаа нууцалж бусдад хэлэхгүй байх нь “ёс суртахуун” гэх мэт түгээмэл ойлголт нь цалингаа нууцлах шалтгааны нэгээхэн хэсэг. Мөн доорх хэдэн шалтгаантай ч холбоотой:

    • Цалин бусдаас ялгарах вий гэх айдас

    • Цалингаа нууцлахыг ёс суртахуун гэж үзэх

    • Ажилчдын хоорондын атаархал, үл ойлголцол үүсэхээс сэргийлэх

    • Удирдлагуудын дарамтыг бууруулах гэсэн шалтгаанууд голлодог

    Зарим тохиолдолд цалинг ил тод зарласнаар ажилчид хоорондын үл ойлголцол, нэгэндээ атаархах, удирдах албан тушаалтанд дарамт үүсэх гэх мэт эрсдэл үүсдэг байна. Гэвч эдгээрийг ажилчидтай харилцан тохиролцож, ярилцсанаар зохицуулагдах боломжтой гэдгийг хэд хэдэн улс орнууд батлан харуулсаар байна.

    Манай улсад цалингийн ил тод байдал 

    • Ихэвчлэн хаалттай байгууллагын дотоод мэдээлэл гэж үздэг.
    • Хуульчлагдаагүй ч байгууллагын дүрмээр хязгаарлагддаг.

    Ийм хаалттай соёл нь шударга бус байдал, ялгаварлал үүсэх нөхцөл болдог. Судлаачдын үзэж буйгаар, цалинг нууцалсан орчинд илүү олон зөрчил, итгэлцлийн хомсдол үүсдэг.

    Дэлхий дахинд ямар жишиг байна вэ?

    • АНУ, Канад, Их Британи зэрэг улсуудад ажилчид цалингаа хуваалцах эрхтэй. Энэ эрхийг хязгаарлахыг хууль бус гэж үздэг.
    • Скандинавын орнууд (Норвеги, Швед, Финланд)-д цалингийн мэдээлэл төрийн бүртгэлээр дамжуулан олон нийтэд нээлттэй байдаг.

    Цалингийн ил тод байдлын үр нөлөө

    1. Шударга ёс ба итгэлцлийг нэмэгдүүлдэг
    • Korn Ferry-ийн судалгаагаар цалингийн ил тод байдал нь байгууллагын дотоод шударга ёсыг дэмжиж, ажилчдын итгэлцлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ.
    1. Жендерийн цалингийн зөрүүг бууруулдаг
    • Их Британид 2018 оноос эхлэн 250-аас дээш ажилтантай компаниуд жендерийн цалингийн зөрүүг ил тод мэдээлэхийг хуульчилснаар, цалингийн зөрүү 18%-иар буурсан байна.
    1. Ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлдэг

    Workable-ийн мэдээлснээр, цалингийн ил тод байдал нь ажилчдын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж, байгууллагад үлдэх хандлагыг сайжруулдаг.

    Цалин бол хүний хөдөлмөрийн үнэлгээ төдийгүй байгууллага дахь итгэлцэл, нийгмийн шударга ёсны хэмжүүр юм. Цалингаа нуух соёл нь нэг талаас хувийн нууцыг хамгаалж буй мэт боловч нөгөө талаас шударга бус хуваарилалтыг далд хэлбэрээр дэмжих, үл итгэлцэл үүсгэх, ялгаварлал бий болгох үндэс болдог. Цалингаа нуух биш, шударга, ойлгомжтой системийг дэмжих нь илүү олон эерэг үр дагавар авчирдаг гэдгийг дээрх олон судалгаагаар нотлогдсон байна.

    https://lambda.global/feed таны ур чадварт нийцсэн, итгэл даах байгууллагуудын ажлын заруудыг нэгтгэн хүргэж, хөдөлмөрийн үнэлэмжээ хамгаалж, үнэ цэнтэй шийдвэр гаргахад тань тусалдаг шүү.

  • Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Ажилдаа очихоос өмнө ходоод зангирах мэдрэмж: Энэ хэвийн үү?

    Та өглөө сэрээд ажилдаа явах тухай бодох төдийд ходоод тань базалж, амьсгаа давчдаж, зүрх чинь хурдан цохилдог уу? 
    Гэсэн ч  та энэ мэдрэмжийг тоохгүйгээр, “тэвч тэвч” гээд өөрийгөө хүчээр ажил руугаа чирч яваа юм биш биз?  Ихэнх хүмүүс ийм мэдрэмжийг “ажлын стресс”, “залхуурал” эсвэл “ядарсандаа болоод мэдрэмтгий болчихлоо” гэж ойлгодог. Гэвч үнэндээ энэ бол таны бие болон сэтгэл зүй хамтдаа “Туслаач” гэж дотроос тань дуудлага өгч байгаа дохио юм. Энгийнээр хэлбэл, та ажлаас халшрах хам шинжид өртжээ.
    Энэ нь сэтгэл зүйгээр биш, бие махбодоор түрүүлж илэрдэг үе ч бий. Тэгэхээр өнөөдөр бид танд ийм мэдрэмж хаанаас үүдэлтэй вэ, хэрхэн таних вэ гэдгийг хуваалцъя.

    Ажилдаа дургүй болох нь “залхуурал” огтхон ч биш.

    Ажлаа хийх хүсэлгүй болох нь сахилга бат муу, сэтгэлгээ сул гэсэн үг огтхон ч биш. Сэтгэл зүйчдийн тайлбарласнаар, ажлаас халшрах хам шинж (job aversion syndrome) нь зөвхөн сэтгэл зүйд бус, бие махбодод ч шууд илэрдэг хариу урвал гэжээ.  Хүмүүс ихэнхдээ тухайн нөхцөл байдалд сэтгэлзүйн хувьд дасан зохицохоос өмнө бие махбод аль хэдийн хариу үзүүлчихсэн байдаг гэдгийг анзаардаггүй.

     Таны биед илэрч болох түгээмэл шинж тэмдгүүд:

    • Ходоод базлах
    • Амьсгал давчдах
    • Толгой хөндүүрлэх
    • Бие сулрах, хүнд мэдрэгдэх
    • Сэрсэн ч амраагүй мэт өдөржин ядрах

    Эдгээр нь бүгд таны биеийн зүгээс ирж буй нэг төрлийн дохио юм.
    Товчхондоо: “Би энэ орчинд дахин ормооргүй байна” гэж хэлж байна гэсэн үг.

    Хүнд чулууг удаан тээгээд байвал?

    Сэтгэлдээ дарамт, зовуурийг удаан тээж явах нь хүнд чулуу тээж яваатай адил. Эхэндээ даах мэт санагдавч, нэг мэдэхэд хүч хүрэхээ больж, ядаргаа, туйлдалт, гүн уналтад хүргэдэг.

    Сэтгэл зүйн аливаа асуудлыг “жижиг зүйл” гээд үл тоомсорлох нь хожим илүү том, шийдвэрлэхэд төвөгтэй сөрөг үр дагавар авчрах магадлалтай байдаг шүүдээ.

    Яагаад эдгээр дохиог зайлшгүй анхаарах хэрэгтэй вэ?

    Халшралын анхны шинж тэмдгийг анзааралгүй удах нь дараах эрсдэлүүдийг дагуулж болзошгүй. Үүнд:

    • Сэтгэл гутрал
    • Хамт олон, гэр бүлийн харилцаанд сэв суух
    • Ажлын бүтээмж эрс буурах
    • Burnout буюу сэтгэл зүйн туйлдлын хам шинжид хүрэх

    Хэрвээ та ийм нөхцөлд орвол зөвхөн ажилдаа дургүй байхаас гадна, амьдралд ч дургүй мэт мэдрэмж төрж эхэлдэг аюултай.

     Юу хийх хэрэгтэй вэ?

    Хэрвээ таны бие ийм дохиог өгч эхэлсэн бол, дараах алхмуудыг туршиж үзэхийг танд зөвлөж байна.

    • Мэдрэмжээ хүлээн зөвшөөр
      “Би сул дорой байна” гэж өөрийгөө буруутгахын оронд, энэ бол миний биеийн хариу үйлдэл гэж ойлгож арга хэмжээ авах хэрэгтэй.
    • Шалтгааныг тунгаан бод
      Таныг энэ мэдрэмж рүү түлхэж буй хамгийн том хүчин зүйл юу вэ? Ажлын ачаалал уу, дотоод зөрчил үү, эсвэл ажлын орчин уу?
    • Өөртөө амьсгаа авч амсхийх хугацаа олго
      Жижигхэн завсарлага, өдөр тутмын өөрийгөө дэмжих дадал зуршлаас эхлээд өөрийгөө жаахан ч гэсэн амрааж, уртаар цээж дүүрэн амьсгал аваад үзээрэй.
    • Хэн нэгэнтэй мэдрэмжээ хуваалц
      Боломжтой бол сэтгэлзүйч, найз, эсвэл найдвартай хүнтэй энэ тухайгаа ярилцаж, мэдрэмжээ гадагшлуулах нь танд төсөөлөөгүй өөрчлөлтийг авчрах болно.

    Хэрвээ та сүүлийн үед ядраад, бүх зүйлээс залхаж, ажил руугаа явах тухай бодоход л бие чинь эсэргүүцээд байгаа бол…
    Санаа зоволтгүй — та ганцаараа биш юмшүү. Burnout эсвэл ажлаас халшрах мэдрэмж гэдэг олон хүнд тохиолддог зүйл. Гэхдээ хамгийн чухал нь  та үүнийг анзаарч, өөртөө анхаарал хандуулах хэрэгтэй юмшүү. Хэрвээ “надад яг юу болоод байна вэ?” гэж өөрөөсөө асууж байгаа бол Lambda танд зориулж BURN OUT  тестийн булантай болсон шүү. Танд тус болно гэдэгт бид итгэлтэй байна.