Алдаа гаргачихаад “Би ч бүтэлгүй юм даа?” гэж өөрийгөө зүхэх нь олонтаа. Гэвч амьдралд, ажил дээр, тэр ч байтугай харилцаанд ч хамгийн их алдаа гаргадаг цаг мөч бол шинэ зүйлд суралцаж, туршлага хуримтлуулж байгаа үе юм. Амьдарч, оршиж байгаа хүн бүхэн алдаа гаргаж, үүнээсээ суралцаж туршлага хуримтлуулах замаар урагшладаг. Өөрөөр хэлбэл хүн бүхэн мэргэжлийнхээ гарааг “төгс” эхлүүлдэггүй гэсэн үг. Тодруулбал LinkedIn Learning Report судалгаагаар шинэ ажилтнуудын 94% нь эхний 6 сарын хугацаанд “өөрийгөө хангалттай бэлтгэгдээгүй” гэж мэдэрдэг нь нотлогдожээ. Тэгэхээр шинэ ажил эхлүүлж байгаа хэн бүхэн:
- Мэдэхгүй, чадахгүй зүйл олон байгааг ойлгох
- Бүтэлгүйтэж, шүүмжлэл сонсох
- Бусдын хүлээлтэд нийцэхгүй байхаасаа айж алдаа гаргадаг.
Мөн Harvard Business Review-ийн 2023 оны судалгаагаар:
-
Шинэ ажилтнууд эхний 6 сард хамгийн их алдаа гаргадаг
-
Алдаа гаргахад үүрэгтээ дасан зохицох хугацаа, ажлын орчин, соёлын ялгаа, айдас, хэт хичээх зэрэг хүчин зүйлс нөлөөлдөг гэжээ
Хамгийн сонирхолтой нь, судалгаанд оролцсон менежерүүдийн 84% нь шинэ ажилтны алдааг “эрүүл үзэгдэл” гэж үздэг байна.
Алдаа – Үнэ төлбөргүй багш
Алдаа бол таныг өөрчлөх хамгийн том боломж гэдэг үгийг сонсоогүй хүн ховор байх. Бас алдаа гаргах нь асуудалд биш гаргасан алдаагаа давтах нь хамгийн том асуудал гэдэг үг ч байдаг. Жишээ нь чи тайлангаа буруу боловсруулсан бол
Тэр үеийн датагаа яаж уншсан, юунд анхаараагүйгээ эргэн хар. Дараа нь өөрөө өөртөө нэг сургалт хий. Хэрвээ та нэг үйлчлүүлэгчийг бухимдуулсан бол ямар үг сэтгэлд нь хүрээгүйг тунгааж бод. Эелдэг харилцаа гэдэг жижиг мэт атлаа том ялгаа гаргадаг.
Өөрийгөө уучилж сурах нь хөгжлийн эхлэл
Гаргасан алдаанаас болоод толгойгоо гудайлгах биш, нуруу цэх алхахыг хичээгээрэй. Хэцүү сонсогдож магадгүй л дээ. Гэхдээ өөрийгөө уучилж, ухаарал болгон шингээж л сурах хэрэгтэй юм. Өөртөө гутарч сэтгэлээр унаж суух биш алдаагаа хүлээн зөвшөөрч асуудлыг хэрхэн өөрт ашигтайгаар гэдгийг бодвол ажил, карьерт чинь ахиц гарна шүү дээ. Дэлхийн томоохон корпорациуд шинэ ажилтныг үнэлэхдээ “алдаа гаргасан уу?” гэж биш, харин “алдаагаа яаж зассан бэ?” гэж асуудаг гэнэ. Үүгээрээ Алдаа гаргаж байгаагаа биш, сурч хөгжиж байгаагаа бүү март гэдгийг ажилчидаа сануулдаг байх.
Хамгийн их алдаа гаргасан үедээ л хамгийн их зүйлийг сурсан байдаг.
Тиймээс карьерийн эхлэл, шинэ төсөл, шинэ орчны эхний үедээ алдаа гаргавал өөрийгөө гололгүй “би яг одоо туршлага хуримтлуулж байна” гэж бодох нь чухал шүү. Ингэсээр сэтгэл зүй болоод ажлын карьерт чинь ч эерэг нөлөөг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.